Уянгын цэнхэр өөжин буюу миний Дундговь. Дууг өөрөөсөө төрүүлж Дуулах дуучныг өврөөсөө төрүүлсэн Дуу хуурын нутаг гэмээ нь Дундговь оо! Уран тэлмэн хуурын ганган чавхдас доргиулж Уртын сайхан дууны хөнгөн нуглаа шуранхайлж Угшил сайтай хүлгийн алтан жолоо өргүүлсэн Уянгын цэнхэр өөжин гэмээ нь - Аяа миний Дундговь оо! Дээд хөх тэнгэр тэвэртээ энхрийлж бүүвээлсэн Дэлхий эхийн энгэр тээж төрүүлэн хурайлсан Дэлгэр монгол орны элгэн дээр цэцэглэсэн Дээдсийн заяат өлгий гэмээ нь - Энэ миний Дундговь оо! Чухамдаа энэ нутгийн минь Чулуу нь,элс нь, цэцэг нь хүртэл Өөр өөрийн өнгөөр аялгуу хоршин дуулна Өнгөрсөн, одоо, ирээдүйн амин холбоог дуулна Дэлгэрхангай,Адаацаг,Их Угтаалын уулс Дэлхийн цэнхэр зулай оргилын хэлээр дуулна Дэл хөнжил,Өөш манхан,Цагаан суваргын Дэндүү дагшин үзэмж элсээ хөглөж дуулна Дэрэнгийн хайласт,Сөдөтийн хоолой,Цагаан бургас Дэлбээгээ задлан ганхах навчисын хэлээр дуулна Дэлгэрийн чойр, Сангийн далай,Баригрий хамбын хийдүүд Дээдсийн айлдвар буян номын авшигаар дуулна Ерлөг хайрхан,Төгрөг хайрхан, Суман хайрхан Ертөнцийн сонорыг мялааж талаа чимэж дуулна Ерхөг, дэрс, шивээн толгой дохилзон Есөн хэлийн шувууд долоон өнгөөр дуулна Он цагийн саалтыг сөрж зогссон сүмбэр Одот тэнгэр өөд өрж боссон зүмбэр Их,Бага газрын хад чулуун чуулбар Эх сайхан нутгийнхаа салхийг хөглөж хуурдана Эмээлийн мөнгөн хяр мэт Эмжээрийн цэнхэр хоргой мэт Эр халтар говийн онгон хэвлийг дагасан Эрх ганц гүнж Онги биелэж бүжинэ Хан тэнгэрээ тольдсон газрын тунамал мэлмий Хун галуудаа умбуулж Бүрдний зэгэс цоордоно Хэн тэнд шавалсаны нь тайлж үл мэдэх Өнө эртний балгас тууль хайлан хүглийнэ Дээдсээс бидэнд өвлүүлсэн миний нутаг энэ байна Дэлхийд бидний гайхуулах мөнхийн цэнхэр говь байна Тэр их говийн эзэн нь гэвэл бид байна Тэнгэр газраа мөрлөсөн эгэл олон түмэн байна Уяхан замбуу тивээ уртын дуугаар Норовоо бүүвээлж Уулган шар,Хөхөө Намжилаа хуурын эгшигээр Дагий бөмбөрүүлж “Хэнтийн өндөр ууланд”-ыг хийлийн гоцлол дээр Дамиа туурьваж Алтанхуяг, Баттөмөр,Нацагдорж гээд авъяасаараа түрсэн сайчууд дараалж Дооров зохиолч Говийн өндрөөс монголоо дуулж Долгорын Нямаа тэмээний мөрөөр нутгаа таньж Дарамын Батбаяр,Зандраабайды,Надмид Дамбын Төрбат,Чимэддорж, Доржпалам гээд Алдарт гавъяат уран зохиолч Буяннэмэхийнхээ Анх үндэслэсэн өргөөний алтан сэнтийд заларцгааж Ардын жүжигчин Хайдав гуай хорьтой юм шиг гялалзаж Ариунаагаар мөнхөрсөн Цэвэлсүрэн хотол монголоороо шагшуулж
Ах ,дүү гурван гавъяат хоолой нийлүүлэн дуулцгааж Амидаа хоёр Батсүх хошигнол инээд бэлэглэж Хайдавын Төмөрөө,Буурангийн Нандинцэцэг страдад нэрээ дурсгаж Хасар Жагай,Ягаан Гажид,Гомбын Золбоот дэлгэцэнд дүрээ мөнхөлж Тоолоод барашгүй их урлагийн Торгон авъяас энд байна Удам тасрахгүй уянга дууны Уртын урт түүх байна Агваангэндэн,Зава Дамдин,Дамцагдоржийн Гэгээн номын буян хурсан Авъяас билэгт их хүмүүс Гэлэгбалсан, Үржинханд, Цэрэнчимэдийн ерөөл чуулсан Арван наймтай Бор Тугын цохионд мөнхөрч Адуучин баатар Ичинхоролын амгайт хүлэг үүрссэн Давга,Эс,Цэнд, Жагваралын Далай хөдөлмөрийн илч бадарсан Газар, тэнгэр хоёрын уусаж нийлсэн савслага байна Гандирсын хотхон сүндэрлүүлсэн гайхамшгийн дээд цогцлол байна Ая дууныхаа сайханд хоймор нь жаргадаг- миний говийхон Адууныхаа салхинд хийморь нь сэргэдэг -миний говийнхон Айргийн дугараанд уруул чимчигнүүлсэн –миний говийнхон Амьдарлын нугачаанд нуруу бөхийгөөгүй-миний говийнхон Хур харцагын домгоос удам тасрахгүй хүчтэнтэй гэдгийг Хурдан хүлгийн давхилаас угшил тасрахгүй мөчтөнтэй гэдгийг Морьт отрядын жанжин Мижид заанаараа батлана Монгол даяараа цуутай Шанхат хулаараа батлана Шарын Доржтовуу,Цэрэнчимэд, Жавзмаа Шаравын Дорждамба,Цэвэгмидийн Улаанхүү,Пүрэвжав,Олзгэрэл гээд Хав чадлаа гайхуулсан харцага, начинуудаараа бахархана Эртний хурдан хүлгүүд нь Хайнзан,Ёндон Гармаагаар нэрлүүлж Энэхэн цагийн ажнай нь Шаравжамц,Гомбо-Очир,Содномпилээр цоллуулж Ардын сайхан цэнгэлд магнай хагартал баярлуулах Алдарт, манлай уяачдаараа манай нутгийнхан бардамнана Улсын мэргэн Амгаабазарын хасаа өрсөн зурхай дээр Ууган мастер Жамбасамбуугийн хадааж өргөсөн уухайн дунд Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа эвшээлгэж Эрийн гурван надмынхаа эгшиг уянгыг чимдэг ээ Тиймээ-Миний Дундговь тэнгэрийн хээлнээс унасан говь Тиймээ-Миний Дундговь газрын хэвлээс ургасан говь Тиймээ-Миний Дундговь говийн дундаас бүрэлдсэн говь Тиймээ-Миний Дундговь голт зүрхнээс дүрэлзсэн говь оо Ийм нутагт төрсөн хүмүүн мэлмийдээ гуниггүй явалгүй яах вэ? Ийм нутагт унасан хүлэг магнайдаа тоосгүй ирэлгүй яах вэ? Ийм нутагт өдөлсөн жигүүртэн дэндүү өндөрт нисэлгүй яах вэ? Ийм нутагт өссөн бүхэн чинь дэлхийн дэвжээнд өрсөлдөлгүй яах вэ? Дуунаас Дундговь төрж Дундговиос дуу төрсөний үнэнд Дуулахгүй орхиж боломгүй Дурдан шаргал говь минь ээ Тийм ээ! Энэ миний Дундговь оо.
Чиний минь инээмсэглэл Он цагийн салхинд бүдэгрэмгүй Огт миний сэтгэлээс мартагдамгүй Орь ганцхан чиний минь инээмсэглэл Онгод залсан шүлгэн инээмсэглэл Одтой тэнгэрийн үүлс ярагдаж Модтой хөвчийн цэцэгс дэлбээлж Орчлон чив чимээгүй уяран чагнамаар Охин танхил чиний минь инээмсэглэл ээ! Аальгүй нэгний тас тас хийсэн чанга инээд ч биш Алдарт Жокондагийн ёжтойхон инээмсэглэл ч биш Ахийд давтагтахгүй аядуухан инээмсэглэл Аяа ханийн минь инээмсэглэл ээ! Хэнч андуурамгүй өөрийн төрхтэй Хэлж чадмааргүй өвөрмөц аястай Хөг ая найрссан хөөрхөн инээмсэглэл Хөгжмийн эгшиг шиг чиний минь инээмсэглэл Агаар тэнгэрийн цэнхэр зайд дүүлэн нисэхдээ Ардын дуу,ээжийн бүүвээ мэт зүрхэнд уусахдаа Ариухан хайрын ягаахан дэлбээ уруулаас чинь Амьдрал мялаан ямархан эгшгээр уянгалнам бэ? Хонгор чиний минь инээмсэглэл үгүй бол Хорвоо уянгаар дутах байсан Сайхан инээмсэглэлийг нь мэдрээгүй бол Сац бас би нэгээр дутах байсан Инээдийн сайхныг мэдэрсэндээ би бүтэн яваа Ижийн сүү шиг өөртөө шингээн жаргаж яваа Цээжинд хүйт хурган нулимс чамархайд аргалаач Цэвэр тунгалаг инээдэнд чинь л цэлмээд ирж байналээ Хүн хүнийхээс өөр чиний минь инээмсэглэл Хүтэнч биш халуунч биш бүлээхэн юм билээ Хүслийн цэнхэр орчлонд мэндийн хадаг шиг инээмсэглэл Хүмүүний алаг заяаг сүлэх цагаахан юм билээ. 1994.11.12 Дурлал хайрын шинэ жил. Будран хаялах цасан ширхэг Цэцгэн хээгээр дэлхийг чимээд Бундан зүрхний нандин шивнээ Цээжний гүнд уянга нэмнээ Дурлал хайрын шинэ жил ирлээ Дурсамж дэврээх он жил гарлаа Дуулан баясаж найрсан цэнгэе найзуудаа Учран жаргах шинэ жил ирлээ Угтан золгох он жил гарлаа Уяран догдолж наадан цэнгэцээе залуусаа Одод гялалзах тэнгэрийн мандал Олон өнгийн зүүсгэл адилаа
Охидын инээд сэтгэл сүлээд Орчлон хорвоо цав цагаахан Дахилт Эрхэс наадах тэнгэрийн заадал Эднийн гоёмсог гацуур адилаа Энхрий ялдам гоолиг бүсгүйчүүд Энгэр шүргэн цоглог бүжнээ 2015,10,09 ДУУНЫ ЭХ БУРХАД Сүү нэвт үнэртсэн хун танхил цээж Сүүдэр хүртэл бүлээсэм хүмүүн төрөлтний ээж Нар хур ханхалсан эрүүл борхон царайтай Намба донж зохицсон эрхэмсэг ганган алхаатай Мандал говийн бүсгүйчүүд үзэсгэлэн гоогийн цогцлол Марал бугын удам үнэн түүхийн зохицол Ялдам урьханаар мишээсэн зурмал юм шиг төрх Янагийн тэнгэр мялаасан зормол юм шиг галибар Харчууд нүдээ үйсэн тунамал хархан мэлмий Хатуухан газар гишгэмгүй туяхан шилбэт өлмий Дунд л говийн хүүхнүүд халхын цуутай дагинас Дусал үсчүүлэн шуугих Онгийн мөнгөн долгис оо Дуулим энэхэн орчлонгийн дууны эх бурхад Дутуу дурлаж боломгүй дурлалын охь бурхад Дуу хуурын нутгийн дууг та нар төрүүлсэн Дугараан түрлэг таслахгүй дуучны нь ч та нар төрүүлсэн Цуутай зартай дээдэс цуваад уваад одоход Цусан удмын заяаг хэлхэж та нар минь л өгдөг Дуутай найртай өтгөс жамаа дагаад одоход Дутуу үлдсэн заяаг нь дүүргэж та нар минь л нөхдөг өө Урсаад алсраад хулжсан эрхэн хэлхээ хоногуудын Учрал хагцал хосолсон хүний амьдралын цалгиаг Уужуу зөөлөн сэтгэл үнэн дөлгөөн аалиараа Учиг нийтгэн хөвөрдөж үеийн үед чагтгалсан Эглийн эгэл та нартай нэгэн цагт тохиосноо Энэ л яваа насны тавьлан заяа гэж сүслэнэ Эргэж дахин төрөх хувь надад тохиовол Эхийн хэвлийг бараадахдаа унаган говио л зүглэнээ Хатан залуу хус шиг цэх шулуун нуруулаг Харц аргамжин эргэлдэм цэцэг ичээм царайлаг Бадамлаж ассан гал Мандалговийн бүсгүйчүүд Бадаг бадаг шүлгийн эзэн Янжин тэнгэр Торгон элснээ дэлбээлсэн амин хайрын цэцэгс Тольтот зүрхнээ дэлбээлсэн ариухан зүүдний гүнжс Мандаж гарсан нар Дундговийн хүүхнүүд Мартаж огтхонч боломгүй ижий ачлалт энгэр ээ Ангирын бяцхан дэгдээхэй шиг үрсээ тэтгэх -Их хайр Алганаасаа нар мандуулсан өлгийн бүүвэй-Эх хуур Миний л говийн бүсгүүчүүд амилсан гэгээн Дарь-эх Мэргэн ухаанд нэвтэрсэн амьд бурхан Хүн-эх ээ. О.Гончигсүрэн
Төөрөг тавилан Өөр хэний ч биш миний л төөрөг Өнгөлж шунхдаагүй хүний л тавьлан Гуйгаагүй байхад ирсэн минь ч Шулуун үнэн Хөөгөөгүй бахад буцах минь ч Гашуун үнэн Дайраад л алсрах он цаг Даахин сэвлэг,буурал санчиг Хорвоод миний л элээх Хоёр туйл Хотол их амьдралын Эхлэл төгсгөлөө! Араг түшсэн эхээс хүй тасарч унасан минь ч Аргалын галтай голомтонд хүү нь болж ирсэн минь ч Адуут цэнхэр талд хүмүүн заяанд хувилсан минь ч Албадаж оноогоогүй миний л тавьлан. Уруулын бал амтлаж согтсон минь ч Учралын халуун охьнд шартсан минь ч Ураг удмаа хорвоод үлдээсэн минь ч Угаас надад заяасан миний л тавьлан Элэг бүтэн жаргалын гал халуун инээд минь ч Эгшиг яруу шүлгийн час халуун мөрүүд минь ч Эгшиж хатаагүй нулимс цээж өмлөх мөчүүд ч Эгээл надад оногдсон миний л тавьлан Эмээлийн дөрөө элээсээр морин дээр мөнхрөх заяа минь ч Эргэх дөрвөн улиралтай Монголд борлосон царай минь ч Эрдэнэ маргад дээжилсэн эх нутгийн шороо минь ч Энэ л биенд минь оногдсон минии л тавьлан Дуртай ч дургүй ч зөнгөөрөө зовлон жаргалд дөтлөх Дуулсан ч уйлсан ч жамаараа буян нүгэлд хөтлөх Гагцхүү миний тавьланг Гараг эрхэс л мэднэ Төрсөн биений минь заяаг Төөрөг зураг нь л харна Уруудах өгсөх эсэхийг Учир ерөөл л мэднэ Учрах хагацах хоёрыг Урдаас яахан таана Цаг нь болоогүй байхад Цаашаа ч гэсэн явахгүй ээ ! Төөрөг мэднэ Насны минь тоо гүйцэхэд Наашаа ч гэсэн эргэхгүй ээ !
Бид нүүдэлчин. Цал буурал зуунаас Эрин үеийг зорьж нүүсэн Цагийн саалтанд бүдрэлгүй Элдэв саадыг сөрж нүүсэн Цагаан сарын шинэдээр Эцэг эхдээ золгож нүүсэн Цадиг түүхийн улбааг Элж мөлийтөл зүлгэж буусан Бид нүүдэлчин Хөрст дэлхийг бүүвэйлж Хөөгөн хөөгөн алхуулж нүүсэн Хөгжил дэвшлийн зуунд ч Хөсөг хөдөлгөн алсалж нүүсэн Тээхээ тээж, гээхээ гээж Тэнгэрийн дор жаргаж нүүсэн Түшихээ түшиж,түлхэхээ түлхэж Түүхийн хүрдэн эргэж буусан Бид нүүдэлчин Аргал хорголоо түүж Дүгэрэг улаан наран дорч нүүсэн Адуу малаа тууж Дүүрэн тэргэл саран дорч нүүсэн Битүүнэээс шинийн нэгэнд Нас буянаа нэмж нүүсэн Билгийн улирлын хаврын тэргүүүн сараас Хоног өдрүүдийг хасаж буусан Бид нүүдэлчин Амьдрал жаргалаа холбож Ган дөрөө элээж нүүсэн Арга билэг хослуулж Хаан төрөө дээдэлж нүүсэн Урт бурантаг даялж Арван зүгээдээ тарж нүүсэн Уртын дуугаа аялж Арван зүгээсээ хурж буусан Бид нүүдэлчин Түүхтэй хүн чулуутайгаа Зуун зууныг дамжиж нүүсэн Түмэнтэй хүн зонтойгоо Зун өвлийг давж нүүсэн Төрөхөөөс төгсөхөө хүртэл Морин дэл дээр дэргэж нүүсэн Төөрөг заяагаа тэгшилж Монгол голомтоо дархалж буусан Бид нүүдэлчин Бие минь ч,сэтгэл минь ч нүүдэлчин Ядам хуруу Улаан нүцгэн таван хурууны Урд нь ч ороогүй, хойно нь ч гараагүй Уртдаа ч үгүй, богинодоо ч үгүй Ур ч үгүй, авъас ч үгүй Унаган төрхөөрөө Ядмагхан хуруу,ядам хуруу
Эрхий ,долоовор,дунд хуруу шиг Эрдэм номын бийр түшилцэж Эвэр нумын хөвч таталцаж Эрхи эргүүлж буян үйлдэж Элдэвт оролцож эвдрээгүй Ямбатайхан хуруу,ядам хуруу Чин үнэнийг хэлэхэд Чих, хамрын нүх төнхөж Чигжий шиг хар бор ажилд зүтгээгүй ч Нүдэнд торсон өтийг шүлстэй элбэн түүлцэж Нүгэл үйлдэхээс хождоогүй Ярагчин хуруу,ядам хуруу Архи,сархадын дээжээр нанчид өргөж Амраг хайрын бөгжтэй наранд мөргөсөн Аялгуу баян хуурын чавхдасан дээр дуутай бөмбөрч Алт,мөнгө, шүр сувдаар цуутай гангарсан Аяа эрхэмсэгхэн Ялдамхан хуруу, ядам хуруу.
Миний бага нас. Туулайн бүжинтэй талдаа тугал хургахан эргүүлж Туульсын их хаан Гэсэр,Жангарыг сонсож Тулганы галын дэргэд үлгэр домогт умбаж Тугын цохионд мөнхөрсөн Түвдэнгийн Борыг биширсэн Тунгалаг гэгээхэн үе минь миний бага нас аа “Маамуу нааш ир”-ийг аялан дууны сайханд уярч “Миний нутаг”-ыг уншиж яруу найраг шүтсэн Лодойдамбын “Тунгалаг тамир”-ыг элтэл эргүүлээд уйдаагүй Одой бяцхан сэтгэл минь Цахиур Төмөртэй хатирсан Дарьбазартай хамт Дүлзэнг жигшиж зогсоо Дахиж олдохгүй бага нас миний л бага насаа Аргалд явсан ижийнхээ дээлийн хормойноос зүүгдэж Адууны хомоол цуглуулан дэрсэн уургатай гүйсэн Ажнай хүлгийн нуруунаа цамцаа дэрвүүлэн гүүгэлж Азын дөрвөн бэрхтэй ширмэл тойруулага дээр хөллөж Зүлэг ши ргэн дээр сугаа ханзартал барилдсан Зүггүй бага нас минь миний л бага нас аа Наадам,Цагаан сар хоёрыг өдөр хоногоор хүлээсэн Нас нэмэхийн тоогооор өндөр болох гэж яарсан Өнгө өнгийн чулуугаар гэр барин тоглож Өргөн талын солонгыг гараар барина гэж хөөцөлдсөн Бор борхон болжморын өндгийг сүүдэрлэж гэмшсэн Болчимгүй гэнэн үе минь миний л бага нас аа
Хэнз унаганы толгойд уурга тавин гуядуулж Ланз хээтэй майханд наадмын замд хоноглож Сумын заан ахаас илүү хүчтэн үзээгүй Сургууль, дэлгүүр хоёроосоо өндөр байшин хараагүй Ангийн багшаас илүү ухаантан байдгийг мэдэхгүй Алдрай бага нас миний л бага нас аа Байлдаантай кино үзээд бага зэрэг айсан Байчихаад сүүлд нь бүр баатраар нь өөрийгөө төсөөлсөн Орос, Монгол хоёрыг манайх гэж өмөөрсөн Ондоо хэнийгч гэсэн дайсан гэж өширхсөн Дамар малгай өмсөөд Дандарынх гэж хөөрсөн Даанч гэнэн нас миний л бага нас аа Хадны цууриа сонсоод мангаа гэж эндүүрсэн Халгайд гараа түлчхээд зөндөө их уйлсан Хөх усан зэрэглээг нуур гэж андуурсан Хөлдүү төмөр долоочхоод хэлээ сүрхий наалдуулсан Хал ,гал туулсаар хашир ухаан суусан Хамгийн томоогүй нас миний л бага насаа. Ижий монгол аялгуу. Ай ижий монгол аялгуу Агьт талдаа цахилах зээрэн шаргал аялгуу Адуун босоо хийморьтой хээрийн тансаг аялгуу Амин зүрхэнд уяатай хилэн тансар аялгуу Ай ижий монгол аялгуу Тэнгэр баганадсан уулс Монгол алтайн нуруунаас Тэлмэн зэрэглээ тоглох морьд сунгасан талаас Ирмэж дохисон ододтой эрхсийн цэнхэр зайнаас Ижий аав л хоёрын эвсэж нийлсэн хайраас эгшиглэнэ Ай ижий монгол аялгуу Өвгөн шувуутай найрын ухаарал бэлэглэх дугараанаас Өөдөө бадамлах гал удам залгах голомтоос Холдохын аргагүй ижилдсэн ханийн дулаан сэтгэлээс
Мартахын учиргүй сүлэлдсэн янагийн халуун цэнгэлээс эгшиглэнэ Ай ижий монгол аялгуу Судрын чуулган бүтээсэн суут дээдсийн ухаанаас Сураг төдий элэрийн сувд эрдэнэ шиг домгоос Хүннү шанью эзний газар амьтай заяанаас Хүн чулуун дурсгал галавын эртний буйрнаас эгшиглэнэ Ай ижий монгол аялгуу Алагчлалгүй бүхнийг ивээх наран шаргал аялгуу Алд цэнхэр хадаг шиг нанж вандан аялгуу Асан дүрэлзэх голомтын намжир бадман аялгуу Ай ижий монгол аялгуу Зөөлөн өөжин бүүвээгээр зөв мөрийг шившиж Зөн билгийн уянгаар зүрхэн тольтод шингэнэ Үйл заяаны харгуйд зүг чигийг залж Үүдэн хоймор жаргаан зүүдэн учирлана Ай ижий монгол аялгуу Мэлтэн улаан нарыг зүлай дээрээ титэмлэж Мэндийн цагаан хадаг шиг чанадын ерөөл талибан Мөрөөрөө цогцолсон замбуу тивийн оршсон бүхэнд оршино Мөнх тэнгэрийг эрхшээж оргүй хоосонд ч оршино Ай ижий монгол аялгуу Он жил элээгээгүй онгон зэлүүдэд Орчлонг үүсэхэд л үүссэн бүхэнд Одоо, ирээдүй, өнгөрсөний огтлолцолд Олдошгүй ганцхан хувь оршино Цоролзсон галын дөл шиг уулс Цогшсон юм шиг халуун элс Цогисон зэрэглээнд өндөлзөх толгод Цол гуншингүй эгэл бүхэнд оршино Ай ижий монгол аялгуу Ангир уураг шиг чинэсэн сүж шаргал аялгуу Амьдрал мялаан цэлэлзэх сүүн цагаан аялгуу Айзам нэмэн тэгшрэх сүлд хийморь аялгуу Ай ижий монгол аялгуу. Алтан тайзны салхи. Дээд тэнгэрийн үүлс, саринаж хуралдан хөвөлзөх мэт Дэнжийн алаг цэцэгс салхины аясаар дэвэлзэх мэт Дэлт хүлэг морин сайвар жороогоор удгалах мэт Дэлхий тэнхэлгээ эргэж сар жилүүд ээлжлэх мэт Алтан тайзны салхин зөв эргэж гуруйлана Аялгуу эгшгийн тэнгэр зөөлөн илбэж хурайлана Адуучин малчин залуусын дээлийн хормой шүхэрлэнэ Амьдрал тэр чигээрээ дээд тэнгэртэй шүтэлцэнэ Ялгуун хийморлог морьд амгай булаан дэргэх мэт Янаг хосын болзоо амьдрал болоод сэргэх мэт Янгир гөрөөс ууландаа асаг шаргиан цахилах мэт Яруухан орчлон бүхлээрээ “Агсал жороо” биелэх мэт
Халуун залуу насны онгодын гал дүрэлзэнэ Халх,Хотон,Баяд олон ястнаар үелзэнэ Хадаг магнаг адил үегүй юм шиг дэвэлзэнэ Хаа хүмүүний үрсэд ямархан ихийг хүүрнэнэ вэ? Талын тэртэй хаяанд зээрэн сүрэг цахилах мэт Холын цэнхэр уулс зэрэглээн дунд хөвөлзөх мэт Толин нуурын шувууд зэллэн нисээд өнгөрөх мэт Тахь хулангийн сүрэг зэлүүд хээрийг эзэгнэх мэт Үлгэр туульсын баатарын догшин араншин зангирна Үзэсгэлэнт хатад,охидын донж маяг гангарна Үзэх нүдийг баясаан домгийн орчилд чангарна Үелзүүр ,туялзуур, чичиргээ дорнын жаяг учирлана Эгэл хүмүүний заяа эрийн хийморь асаах мэт Элэг зүрхний уяа хайрын хойморт эрхлэх мэт Эрин зууны гайхамшиг энэхэн тайзнаа амьлах мэт Эгнэгт мөнхийн үнэн энгийн амьдрал бүжиг мэт Хосгүй нандин бахархал аюулхай цээжинд огшино Ховор авъяасын бишрэл аархаж нэгэнтээ омогшино Монгол бүжгийн гайхамшиг эрхэсийн зайг дүүргэнэм зэ Би чамд хайртай. /Нэрээр толгойлсон шүлэг/ Ойворгон бага насаа эцгийн гэрт орхиж Орь насны босгоор эгцхэн алхаж орохуй Онож алддаг орчлонгийн эрдэнэ мэт нууцаас Охь хайрын дээжийг эхлэж би хүртэв ээ Юм бүхнийг амтлаагүй эмнэг омголон сэтгэлд минь Юу ч хааж хоримгүй эмзэгхэн хайр соёолохуй Юутай эрхэм ерөөлөөр энэхэн насны минь төөргөнд Юугаарч солишгүй шүлгийн минь эзэн нь чи боловоо Урсаад өнгөрсөн хоногуудыг анзаарч мэдрээгүй зүрх Уураг тархийг сандаан агсан тавих ахуйд Уйлж, дуулдаг хорвоогийн ааш авирыг нь дагаж Уруудаж,өгөсдөг жамаар нь алга хавсран бөхийвөө Нар далласан тоонон дор амьдархуйн заяа нийтгэн Насны ганцхан зөргөөр аяны жолоо нэгтгэн Намайг гэсэн сэтгэлийг амтлан эдлэн жаргахаар Намуун зөөлөн үгийг тань амьсгаа даран чагнаваа Туулаж гарсан амьдралынхаа эрээн барааныг мэдэрч Туг шиг дэрвэсэн сэтгэлийн ээдэж гашлаагүйг ухаарч Туурагт гэрийн голомтоо бадраая хэмээн хүсч Тунгалаг гэгээн оюунд тань барьсан итгэл энээ Урд нь хэнд ч нээгээгүй цэвэр ариун хайраа Улаан шугам алхуулан цэцэг адил өргөсөөр Уруул давуулан алдаж чихэнд чинь би шивнэлээ Учрах хагацах эсэхээ чи л өөрөө мэдээ Нуман хар хөмсөгтэй торомгор алаг мэлмийг тань Нулимсан хөшиг татуулж тортог суулгахгүй л юмсандаа Нууцхан хайрын балыг тун тунгаар амтласаар Нуруу түвшин ханиа тулж түшиж л явахсандаа Ганц олдох амьдралын гараа барианы хооронд
Галавт ч олдомгүй дурлалдаа гал шиг асвал яасан юм бэ Гамшиг зовлонг ч болов хамт л туулах ханьдаа Гайхамшгийн дээд хайраа харамгүй зориулахад ч яадагюм бэ Алаг эрээн хослосон хүний энэхэн хорвоод Алдаж онож явсаар хүсэл минь одоо л биелэхнээ Аархуу насны төгсгөл гүйгүүл морь шиг алсарлаа Амьдрал гэгчийг сая л гүйцэд шахам ухаарлаа Лууны сүүл шарвах мэт хатуугаас хатуу орчлонд Лусын дагина шиг чамаасаа хайрын дарс хүртлээ Луйвар хорлол холилдсон халуухан тавьлангийн дундуур Луужин адил чи минь шулуухан намайг хөтөллөө Ариусан ариуссаар би хайрандаа дүрэлзэн шатлаа Амраг бүсгүй минь наддаа ханийн заяа шагналаа Амин зүрхэнд ассан итгэлийн минь гал дээр Ахиад хэзээ ч дундрахгүй сэтгэлийн тос нэмлээ Гэгээн зүүдний саран үнэний гайхам охь Гэрэлт өдрийн наран үрийн сайхан эх Гэрийн нэгэн багана чандмана эрдэнэ гэлтэй Гэргий хэмээх дагина чамдаа би хайртай- би чамд хайртай. Монголын цагаан сар монголчуудын төрсөн өдөр. Өглөө босуутаа л нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг Өрнөдийнхөн бишээ бид чинь төгөлдөр их дорнынхон Арван хоёр жилийг таван махбодь, тооцоолж Амьдралынхаа мөчлөгийг жаран жарнаар өртөөлж Битүүний шөнө мэндлэгсэдээ ч шинийн нэгний өглөө Билгийн тооллоор нэг настайд тооцдог юм болохоор Цадиг түүхтэй монголчуудын минь төрсөн өдөр Цагаан сарын шинийн нэгэн байдаг аа Тэр л өдрөө хүн бүр насаа нэмэж Тэнгэрт залбиран газар дэлхийдээ мөргөж Өтгөс буурлаа хүндлэж, нялхсаа баярлуулж Өглөөн нарыг хурайлан өндрийн оргилд тосохдоо Сарны тоолол,оддын зурхайг Сайхан хөх тэнгэрийн мандал дээр аргачилж Сая ,живаа он жилүүдийн урсгалд Сансар огторгуйг ,газар дэлхийтэйгээ уялдуулж Хүмүүн заяанд хувилсан их ёсыг үйлдэж Хүйн холбоог,сүүн заяанд баринтаглаж Ухаант дээдсүүдээ хадаг барин хүндэлж Урт наслаж удаан жаргахыг хүсэн Амттан шимтэтнээ гал бурхандаа өргөж Анхилуун үнэртнээрээ орд өргөөгөө ариулж Хаанаасаа харцаа хүртэл хамт тэмдэглэдэг их ёсон Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр л монголчуудын төрсөн өдөр байдаг аа . 2015.04.05
МАНДАЛГОВЬ . Дуун сүлдтэй нутгийн зүмбэр алтан голомтоо Дугараа эргэсэн өргөө шиг гангар цагаан хотоо Цэнхэр говийнхоо тэргүүнд нь титэм болгон залахад Цэцэгт талынхаа энгэрт нь одон болгон зүүхэд Хагас зууныг туулж бяр нь ханасан эр мэт Бүтэн уяа нь ханаж ир нь орсон морь мэт Хас баранзад дээр залсан цалин мөнгөн завьяа шиг Нас буян уртасгасан цаг мөнхийн заяа минь Хавар намрын шувууд шиг ирж буцахын тавьланг ч Хайр хал хосолсон инээд нулимс хоёрыг ч Хан буурал аав шиг энгэр биедээ нөмөрлөдөгөө Хатан бүүвээ ээж шиг элэг зүрхэндээ тэвэрдэг ээ Хонгор насны найзуудаа угтан урин золгосон Хол ойр зорчигсодоо үнсэн үдэн гаргасан Ирээдүйн түмэн үрсийн инээд наргиан цацарсан Ижил хосын заяанд итгэл сэтгэл цалгилсан Жингийн цуваанд үүртэхгүй жаран жарныг өртөөлсөн Тэнгийн ачаанд түүртэхгүй жаргал зовлонг тэнцүүлсэн Аньсага мэлмий баясаасан алаг цэцэгсийн мандал шиг Алсын газраас далласан амин зүрхний аргамжаа минь Дөрөөндөө хүрэхгүй балчирыг өргөж эмээлд нь мордуулсан Дөрвөөр ээлжлэх улиралдаа өргөжин хаяагаа тэлсэн Яруухан орчлонг бүүвэйлсэн дууны хот- Мандалговь Янаг хосыг учруулсан дурлалын хот-Мандалговь Намар цагийн аяс. Бүдэг хонгор аяс намрын зөөлөн сэвшээнд Бүтэн жилийг тойрон наран сульдаж гэлдрэнэ Бүүрэгт эмээлийн дөрөөнд насаа элээсэн буурал шиг Бүүвэй цэнхэр дэлхий намуун дөлгөөн эргэнэ Зэгэс дэрсэн толгой цагийн саалтанд бөхийж Зэрэглээ саарал будангийн цайвар хяруунд мэхийнэ Зэлэндээ номхорсон унаганы цавчил ором хонхойж Зээрэн сүрэг өмнүүүр цахилан цахилан хөндөлсөнө Айл саахалт хотлоороо гүүгээ хэдийн тавьсан ч Адуу нь зэлнийхээ буурин дээр өдөржин ирж хороод л Зайрмагтах нуурын мандалд дахь сүүлчийн хоёр ангир Загал саарал мананг улаан шараар чимээд л Тэрмэн дээлийн өнгө дал мөрөөрөө гандуухан Тэнгэрлэг хүлгийн хүч давхар уяандаа гундуухан Тэртэй алсын уулс зээгэлж хяруутаад цайруухан Тэнгэрийн тасархай шиг тогорууд зэллэж ниссээр цаашлуухан Буцах цагийн нүүдэл будан хаваад алслахад Бууцаа бараадсан айлуудын буурь нь эзгүйрч үлдэнэ л
Ирэх цагийн амьсгал газрын хээлэнд бүрэлдэхэд Ижий дулаахан хэвлий нь тэнгэрийн зарилаг хүлээнэ л. Аргалын гал Асахын заяанд өөдөлсөн аргалын улаан гал Аавын голомтоос тасласан амьд угалзан дөл Чанад холын цаг хугацааны чандмана гурван эрдэнэ болж Чагтагт гэрийн голомтноос чанх дээшээ зүмбэрлэнэм Хээрийн цэлгэр хойморт гурван чулуу тулгалан Хэт цахиулж асаалган хичнээн зууныг туулсан Арц хүжнээс ч илүү ариун дагшин увьдастай Аргалын галдаа бидэн алгаа хөлчиж дулаацнам Хуур хүнгэнэсэн өргөөний тулган дунд улалзан Хурмастын өехийд залбирах хувилгаан буурал гал минь Дуутын цохионд дурайсан Цогтын шүлгээс ч цоролзоно Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-аас ч дүрэлзэнэ Нүнжиг буяныхаа дээдийг өргөж нэгэнтэй залбирахад Нүгэл чивлийг үргээх нүцгэн галын минь дэргэд Тэмүүжин,Жамух хоёр ч хөөрөлдөөд сууж л байсан Тэв тэнгэр бөө ч хэц хэнгэрэгээ дэлдээд бууж л байсан Өнө холоос улбаатай утаат галаа хөөрөгдөж Өндөр гэгээн Занабазар ч ногоон дарь эхээ урласан юм Өнгө гэрлийн чуулбар энэ л галын дэргэд Өүлэн үжиний удам ч бүүвээн дуугаа аялсан юм Өвгөдийн нандин өв эдүүгээг хүрч үлдсэн Өрлөг монгол цадиг “Нууц товчоо”-гоо ч тэрлэсэн юм Өвч амьдралын үнэн үхэх төрөх хоёр ч Өдөр шөнө шиг ээлжлэн өчнөөн зууныг элээсэн юм Харгана зуулгаж асаан аргал зэргэлсэн галыг Хад хайлтал өрдөн алтан очис бутаргаж Хавтай чадалтай баатрууд хаттай илдээ ширээсэн юм Халхын цуутай дархчуул ч хайлуур мөнгөө урсгасан юм Модун шаньюйн үед ч монгол гэрт улалзаж Мохож үзээгүй эрстэй нь морин дэл дээр зуралзсан Илчит галын минь дэргэд хөхүүртэй айраг шуугиж исдэгээ Эцгийнхээ голомтын нөмөрт хөөрхөн үрс ч шулганаж өсдөгөө Хорголын цог үүдсээр орчлонг хуйхалж болох ч Хотол их амьдралд олдошгүй ганц эрдэнэ Хорол тоонот өргөөний голомтонд бадамлах улаан гал- аргалын галаа Хорвоогийн бөөрөн дөх монголын гогдсонч тасрахгүй улаан гол- аргалын галаа. Мөнгөн хонх. Ангийн минь цонхоор нар гийсэн энэ өдөр Андуудын минь харцанд хайр гэрэлтсэн тэр мөчид Өглөөн нарны тунгалагхан туяа тэргүүнд туслаа Өнө ирээдүйн их гал зүрхэнд аслаа Сүүлчийн хонх сэрхүйд уянгатайхан,гунигтайхан цангиналаа Сүүн цагаан сэтгэлт найзуудын инээдтэй хамт хангиналаа Анх орсон хаалгаараа нисэн гарах боллоо
Ариун эрдмийн шим цээжинд ш ингэн үлдлээ Хөдөлмөр сурлагын талбарт амь нэгтэй явж Хөгжим дуутай газар хөл нийлүүлэн бүжиглэсэн Залуу насны энэ л өдрүүд бодолд мөнхрөн Замын уртад учрахын ерөөл тавин одно Амьдралын замд биднийг дуудан хангинаж байгаа энэ хонх Араас минь үдэн даллаад цангаиаж байгаа мөнгөн хонх Төгсөх оюутан бүрийн сэтгэлийн хөгжим юм Төрсөн биенд минь лугших зүрхний нь цохилт юм. See Translation Аав минь Дөрвөн улирлын эргэлтэнд малын бэлчээрт гундавч Дөмөнг дуулах хоолой нь цагийн цагт дундраагүй Дөрөөн дээрээ дарцгалсан малчин буурал ааваа Дөнгөж мэндэлсэн шүлгийнхээ нялх онгодонд дуулнам би Нарнаас хойно адуундаа мордож байгаагүй Наадам дөтлөх өдрүүдээр хусуур бүснээсээ салгаагүй Насаараа мал хариулсан намтрын эгэлхэн хуудастай Намрын сард, айлын найрт ерөөл хэлдэг эрдэмтэй Хоолой мэдэн шуранхайлах уртын дуу намуухан аялдгаас Хонхор нутгийн түмэн уурлахыг нь ер үзээгүй Хошин үг хааяа нэг хэлчихээд инээж суудаг Хорвоогийн гүдэсхэн эрчүүдийн нэгэн Богинохон данзтай цагаан гаансныхаа Бохий нь сэтгүүрдээд улаан тамхиа нэрж суугаа Болох болохгүйн ялгааг та Бодол болсон хонин бор нүдээрээ хэлээд инээмсэглэж суугаа Гадар нь сэмэрсэн хоргой даалин өвдөг дээрээ дэлгээд Гартааман хөөргөө алган дундаа эргэлдүүлж суугаа Радиогоор,, Сүүлийн үеийн мэдээ” дамжуулахад Анхаарлаа төвлөрүүлэн мөлхөж ойртоод чагнаж байгаа Хүү минь хэзээ ирэх бол гэж ижий минь Хүлээж ядан гарч, орж сарвачилахад Ер нь дөхсөн баймаар юм гэж хэлчихээд Есөн зоосоо шившиж суугаа даа ААВ МИНЬ!!! Улаанбаатар хот 1989 он
Төө зайгүй анд минь. Нар хураар ундаалсан нэгэн дэнжийн цэцгэс Нас зүсээр ижилдсэн нэгэн уяаны морьд Амьдралын гэгээн замд нэгэн үзүүрт сэтгэлтэй Атгасан гар шиг эвээр нэгэн үзэл зүтгэлтэй Төгөлдөр орчлонд заяагаар учирсан Төрсөнөөс өөрцгүй ах минь та билээ Төөрөг тавьлангийн моринд сундалсан Төө зайгүй анд минь чи билээ Дуу хуурын өргөлөө хэн хэндээ бэлэглэн Дун цагаахан сэтгэлээр бие биесээ шагнан Ерөөлийн цэнхэр хадганд мөнгөн аягатай ижилдэж Есөн хүсэл бүрдүүлж мөнхийн үерхлээр ихэрлэж Төгөлдөр орчлонд заяагаар учирсан Төрсөнөөс өөрцгүй ах минь билээ та Төөрөг тавьлангийн моринд сундалсан Төө зайгүй анд минь билээ чи Гал бадарсан голомтын тулганы тотго мэт холдоогүй Ганц олдох насандаа нөхөрлөлийн андгай няцаагүй Булиглах зүрхээ ижилсүүлж энэхэн насандаа хамтдаа Буурал орчлонг орхитлоо эгэлхэн заяа минь цугтаа Төгөлдөр орчлонд заяагаар учирсан Төрсөнөөс өөрцгүй ах минь билээ та Төөрөг тавьлангийн моринд сундалсан Төө зайгүй анд минь билээ чи Нурамтын намар. Оюутны намар бодолд ургаастай Охидын инээд зүрхэнд цалгиастай Орон байр минь нүдэнд тодроостой Одоо ч сэтгэлийн гүнээс уяатай Уулсын орой цасан будантай Ургацын талбай цагаан хяруутай Унд хоолноос уур савсаастай Уралдаанд уриалсан туг лоозонтой Өглөөний сэрүүнд хөвөнтэй хүрэмтэй Өдрийн наранд хөнгөн хувцастай Асгарсан төмс хөлөөр бутраастай Ачуулахыг хүлээж тэрэг цуваастай Үтрэмийн талбай тоос босоостой Үеийн залуус тоглоом наадамтай Шөнийн цагаар бүжиг цэнгээнтэй Шөлөн дотор байцаа хөвөөстэй Дуу гитар үргэлж хангинаастай Дурлалт хосууд үдшээр болзоотой Дэнлүүний гэрэлд ар гэртээ захиатай Дэлгэсэн ном нь адал явдалтай Ажлаас зарим нь хойрогших шинжтэй Аав ээжээ санасан нь буцах хүсэлтэй
Багшаасаа нууж тамхи зуулттай Барьдаг авдар нь төмөр цоожтой Хүнс дуусаад хоосон хүүдийтэй Хөзөр тоглоод хураагаагүй тараастай Хөнжил гудас шуудайнд хуулаастай Хүрз малтуур гадуур зэхээстэй Ундны ус хүрэлцээ муутай Угааж арчхад хөл хориотой Урлаг соёлын үйлчилгээ цөөнтэй Улаанбаатараас хааяа шуудантай Төмс ангилах машин залгаастай Төвөөс агорномич, дарга эргээстэй Ургацын комисс үргэлж хянаастай Улсын ажлыг бүтээхийг зориостой.. ...Яг энэ мөч бүхнээс Яруу найраг дуурсаж байсан юм Ангид суухдаа дасалцаж амжаагүй Андын нөхөрлөл бүрэлдэж байсан юм Өдөр шөнийг залуус ялгахгүй Өрнүүн хүсэл цалгиж байсан юм Өглөө оройн сэрүүнээс халгахгүй Өнийн зорилго халгиж байсан юм Нутаг нутгийн аавын хүүхдүүд Нууцхан сэтгэлээ нээлцэж байсанюм Хатуу бэрхийг ялж гарчихаад Хайр сэтгэл өрнөж байсан юм “Оюутны намар”-аа аялан түрээд Оргилуун хүсэлдээ догдолж байсан юм Хөндий цуураиттал шуугилдан хөгжөөд Хөдөлмөрийн талбараас буцаж байсан юм Нурамтын намар залуусын дуугаар Найргийн тэнгэрт ингэж мөнхөрсөн юм Нууцхан сэтгэл залуу насны Хайрын тэнгис хүслээр цэлэлзсэн юм. 1989 он. Санадгаа би санадаг. Санадагаа би санадаг Сайхан юм бүхнийг санадаг Санахгүй байя гэсэн ч санадаг Санчганд хяруу унах тусам улам их санадагаа Өөдөсхөн бага насаа санадаг Өөжин бүүвэй нүүдлээ санадаг Өнгөрсөн бүхнийг эргүүлж санадаг Өвөл болоход зуныг ч санадаг Санадагаа би санадаг
Сүрэг налайсан нутгаа санадаг Сүүн хоймор гэрээ санадаг Тэнгэрийн хаяаны уулсаа санадаг Тэгшийн хонхор Бумбатаа санадаг Санадагаа би санадаг Унасан буйрныхаа шороог санадаг Угаасан худгийн усаа санадаг Хоргол хөглөрсөн бууцаа санадаг Хорвоод мэндлэсэн голомтоо санадаг Санадагаа би санадаг Аргал хормойлсон ижийгээ санадаг Адуунаас айсуй аавыгаа санадаг Чулуугаар өрсөн тоглоомоо санадаг Чухамдаа би хөдөөгөө санадаг Санадагаа би санадаг Санах тусам улам л нялхардаг Сайхан бодолдоо өөрөө уярдаг Уярсандаа нүдэнд нулимс хургадаг Уянгаар цалгиж шүлэг нярайлдагаа Санадагаа би санадаг. Эзэнгүй байна. Аян жин ,ав хомрог Адуу малынхаа аль нэгэнд нь Аав нь явчихаад Алга байхад Аргал түлш,амин зуулга Ингэ ботго, ишиг хургандаа Ижий нь явчихаад Ирээгүй байхад Алиа мэдэхгүй хэдэн жулдрай Хэлээ мэдэхгүй хэлгий дультраа Орд өргөөгөө буулгах нь холгүй Оодонгийн тугал шиг тонгочиж байнаа Айл саахалтынхнаа урьж авчраад Авдар саваа уудалж орхиод Өрөм зөөхийн амтанд умбуулж ӨӨрсдөө хар хусман дээр нь зодолдож байнаа Аавынхаа малгай бүсэн дээгүүр Ажигч үгүй алхаж байнаа Ижийнхээ үйл үртсэн дээгүүр Ичэхч үгүй хөлхөж байнаа Голомтоо самрах гай түйтгэрийг дуудаж байна Голоо гогдуулахад ганцхан хуруу дутуу байнаа Орон гэрээ гэх Оюун санаа нь эзгүй Оч бадамлан асах Ган тулга нь галгүй
Хорол тооноо өргөх Айлын эзэн нь төрөөгүй Хошлон бүслүүрээ чангалах Ачтан буянтан нь ирээгүй Энэ айл эзэнгүй байна Эзэн сэтгэл нь эзгүй байнаа. 2010 он. Гэрчлэхийн шүлэг. Тортоггүй хөх тэнгэр тэргүүн дээр мэлтийж Тод улаан наран зулай дээр мандаж Хангай ,Хөвчийн уулс цэцгэн хүрмээр гангарч Халхын саруул тал цэнхэр униарт хөлбөрч Ан амьтан сүрэг сүргээрээ тогтож налайгаад Араатан жигүүртэн бүл бүлээрээ тоглож наадаад Гурван гол саваа дүүрэн тунарч байсныг Гучин гурван говьд хулан хавтгай туйлж явсаныг Харж л явсан Хамгийн сүүлийн гэрчээ бидэн Бид сайны ч гэрч Бид саарын ч гэрч Шинээр хэн, юу бүтээснийг Ширгээд хэдэн ус, гол үгүй болсоныг Хайрлаад өнөөдөр юутайгаа үлдсэнийг Хагдраад хичнээн цэцэг үрэгдсэнийг Нуур тойром захаасаа хатаж Нуухтсан нүд шиг булингартахыг Эцсийн амьсгалаа булаг, шанд татаж Эх орон минь хэрхэн буртаглагдахыг Үзсээр л суугаа Үйлийн үртэй гэрчээ бидэн Эрхэс тэнгэрийн уудамд монгол хүн аялаж Эврестийн ноён оргилд соёмбот далбаагаа намируулж Сүр хүчээ Сумогийн дэвжээнд гайхуулж Сүлд дуулалаа Олимпын тэнгэрт эгшиглэхийг Баярын магнай тэнийж сонссон Бахархалт гэрчээ бидэн Хан тэнгэр эцгийнхээ хилэнг хөдөлгөж Хатан газар эхийнхээ хэвлийг хөндөж Дээд төрөлт хүн, хүн чанараа гээж Дээдэс заяат монгол, монголоо алдахад Онгон дагшин байгаль,нүүдэлчний хэл, соёлоо Сүүлчийн замд нь үдэлцсэн Гунигт хувь тавьлангийн Гутамшигт гэрчээ бидэн Амьд хүний гэрч болсоноос Үхсэн хүний дэр бол гэдэгч
Үгүй болоочийн сүнс боллоо ч Үнэн худлын дэнс болж Өнгөрч одсон түүхийн өмнөөс Өнө ирээдүйн шүүхийн өмнө Амьдарч яваа энэ үеийнхээ Амьд гэрч нь байнаа бид. Аавын минь нутаг. Аялгуу дугараанд цэцгэс дэлбээлсан Нарангийн гурван овоот минь Аз жаргалаа даллан хурайлах Насны шүтээн хайрхан минь Унаагаа юүлээд цэцэгт талдаа Уургаа суналзуулан хатируулж яваа Ухаант буурал аавын минь нутаг аа Уухайн түрлэгт толгод өндөлзсөн Хөгцтийн шагайн харваа минь Ус голынхоо нэрээр мөнхөрөх Халхын цуутай тойром минь Адуугаа залаад цэлгэр талдаа Амгай шаргиулан дэргүүлж яваа Азай буурал аавын минь нутаг аа Хуурын эгшигэнд бороо зүсэрсэн Дэрэнгийн алтан хоймор минь Хувь заяагаа даатган сүслэх Дэлхийд ганцхан хийморь минь Морио услаад уудам талдаа Мордоод товолзтол алхуулж яваа Миний сайхан аавын минь нутаг аа 2011.04.14. See Translation Өвлийн хайр. Будран хаялах тэнгэрийн цэцгэс Бууж ирэхдээ бүжиг эргэх шиг Булиглах зүрхний лугших аясаар Цалиглах сэтгэлийг хөглөж сэрээх шиг Он солигдох үдшийн тэнгэрт Одод бүхэн дэндүү өнгөлөг Замбуулин хорвоо тэр л аяараа Залуусын инээд мэт хиргүй тунгалаг Цэнгэн баясах охидын уруул Цэцгийн уран дэлбээ задрах шиг Цэнхэрхэн үдшийн хөгжөөн наадам Цээжний гүнд оргилох дарс шиг Он солигдох үдшийн тэнгэрт Одод бүхэн дэндүү өнгөлөг Замбуулин хорвоо тэр л аяараа Залуусын инээд мэт хиргүй тунгалаг Ганган гацуурын чимэг зүүсгэлд
Өнгийн гэрэл гоёлоо нэмэх шиг Ганцхан насны нандин учралд Өнийн хайр өвлөөр цэцэглэх шиг Он солигдох үдшийн тэнгэрт Одод бүхэн дэндүү өнгөлөг Замбуулин хорвоо тэр л аяараа Залуусын инээд мэт хиргүй тунгалаг аа. Бумбат хайрхан уул. Ээжийн минь хөхний товч шиг сүү уул Эцгийн минь хөөргөний толгой шиг шүр уул Эгшиг татан гийнгоо хадаах дуу уул Эзэн заяа гийгүүлэн ачлах сүлд уул Хайрхан Бумбат миний уул Хайрын бурхан монгол уул Ирэх буцахын жамыг дагсан буянт уул Ихийн их учир ерөөлийн билэгт уул Дээдсийн тахилга аравнай оршсон шүншигт уул Дээжээ өргөн залбирч мөргөсөн шүтээн уул Хайрхан Бумбат миний уул Хайрын бурхан монгол уул Амар амгаланаар бүхнийг энэрэх хувраг уул Адислан мутарлаж авшиг хүртээх суврага уул Алсын газраас хүүгээ харуулдсан ижий уул Амьдрал жаргалын хүсэл дагуулсан эгэл уул Хайрхан Бумбат миний уул Хайрын бурхан монгол уул Соёолонгийн тоос шиг хийморь уул Соёмбын гал шиг хоймор уул. Наадмын зам. Өөдөсхөн багадаа анх хүлгийн дөрөө жийсэн Өнжин хонон байж морьны ажлаа хийсэн Өнгийн цэцэгс алаглаж цоморлиг юугаа нээсэн Өдрийн халуунд нозоорч ташуураа замд гээсэн Алдрай балчир насны минь тэр л нэгэн зун Ахиад олон таараагүй наадмын хөгжөөнт зам Аавын минь хусуураа хавчуулсан нэг л сайхан хөрөг Адуу малын үнэр нээрээ сонин зураг Эрт ч уяачид үүр цүүрээр морьдоо барьлан Эгнэсэн уяаг зөв эргэн гаргаж тарлана Эгч, ах нар дөрөө харшин сэтгэл дэлгэж Элдэв марзан үг яриа нь чих дэлсэнэ Аймаг гэдэг хол юмаа гэж би бодно Амьдрал гадаг сонин юмаа гэж бас санана Майхнаа буулгаж босгон наадамчид аажуухан урагшлана Машины цагаан зам толгод ороож алсрана Өглөө үдшийн сэрүүнд талын ихэнхийг үднэ
Өртөө өртөө холд худаг дайрч үдлэнэ Агт морьдынхоо сойлгыг аяны явдалд тааруулана Алс холын харгуй нь алдрай сэтгэл яаруулана Олон түрүү аваад ирээрэй гэсэн ижийгий минь Одох замын өлмий мялааж өргөсөн сүүг Уртын аянд эр хүн анх мордлоодоо гэж Угтах одрийн учрал билэгдэн үнссэн хүүг Алтатын цохио өнгөрмөгц наадамчдын цуваа хөврөв Аривжихын гол өгсмөгц нар даллан тосов Зол баярын талбар аймгийн төвийн дүр Зоогийн овооны энгэрт алдрын одон шиг яралзав Хаа холын аяны алжаал дороо халагдан Хаана бууцгаах вэ? гэсэн хөгжөөн болжсолигдов Майхнаа бушуухан шаагаасай үеийнхэнтэйгээ барилдах юмсан Маргааш хурдхан болоосой үүрээр босоод уралдах юмсан гэж Яаруу сэтгэл дэвэлзсэн эхний наадмын зам минь Яруу найраг дээжилсэн энхийн нартай зун минь Ангаахайн жигүүр сөдлөх анхны аяны нэгэн байж дээ Алсын алсад хөтлөх амьдралын харгуйн эхэн байж дээ. Like Like LoveHahWow
Sad Тэгшийн хонхрынхонд хүргэх шүлэг. Хонин тогоонд хөөрүүлсэн өтгөн шаргал сүү мэт Хонхор нутгаар минь дүүрэн дэвэрч алтарсан нартай Гунан хөхүүрт хөөсөрсөн өсөг цагаан айраг мэт Гурав,Савахын хөндийгөөр дээшилж мэлтийсэн сартай Таанын цагаан замбага намуун сэвшээнд бүжсэн Тарааж хаясан шагай шиг налайж сүрэг билчсэн Тараг бүрээд орхичихсон юм шиг хужир, шүү цавцайсан Тал хээр нутгийг Тэгшийн хонхор гэдгиймаа Угтаал, Ерлөг,Дэрэн уулсын гурван тотгон дунд Угалз дөллөн бадамлах голомтын гал мэт дүрэлзсэн Учир ерөөлийн зангилаа найрын гурван дугараандаа Уртын дууны айзам намба донж бүрэлдсэн Дээдсийн үеээс тахилгатай Бумбат хайрханаа шүтэж Дэлбээ навчин гоёлтой ухаа толгодоо түшиж Дээлийн товчооч тайлалгүй хонон өнжин найрладаг Дэг жаягтай түмнийг Тэгшийн хонхрынхон гэдгиймаа Үйтэн хуарын хээ мэт товгор хогоон буттай Үес үесхэн давлах торгон салмай дэрстэй Өнө холын аргачлал цаг тооны зурлагатай Өнөөгийн бидэнд ацагласан цадиг түүхийн зарлигтай Жаргалтай дэлгэрийн туурьвал гүн ухааны хаялагатай Жаран жарны тунгаамал хүн ухааны уялагатай Тэгш таван хүслийн тэнгийн татлага сунтагласан Тэнгэрлэг заяатай олон Тэгшийн хонхорт л суудгиймаа Нүнжигтэй өтгөсийнхөө нөмөрт үгийн зөвийг сонсож Нүүдлийн бурантаг сунгахдаа зүгийн зөвийг сонгож Хэр баргын юман дээр ханцуй шамлаад босдоггүй Хээр хөдөөгийн замд ханилсан нэгнээ орхидоггүй Эрэл сурлын хүний морий нь услаад өгчих Эцэж цуцсан унаагий нь адуунаасаа юүлээд явуулчих Гүүн зэлэн дээр буугаад унага таталцаад мордох Гүндүүгүй монгол заншил Тэгшийн хонхорт л үлдсиймаа Идээ цагааны амт нь араанд уусаад бурам Инээд цалгисан ааш нь алаг зүрхэнд урам Ижий буурлын самарсан аагтай цай домбонд Ис утаа хавсан хас баранзад тоононд Тэлмэн жороогийн удгал уран зэрэглээ нь гүймэл Тэмээ малын билчээрт ургамал цэцгэс нь зүймэл Тэнэмэл цагаан үүлс угалз хээлсэн хөөмөл Тэнүүн цэнхэр нутгийхныг Тэгш-Бумбатынхан гэдгиймаа Ноён ламынхаа авшигт насан туршдаа мөргөж Номын гэгээн хүрдий нь нар зөв эргэж байхад Тэгш нутгийнхан муруй явах ёсгүй Тэнгэр газрын завсарт зөрүү амьдрах учиргүй Буурлуудынхаа найрын дууг хуурын эгшгээр түрж Бур бурхан шиврээ нь хүүхдийн гийнгоонд зүсэрч байхад Бумбат нутгийнхан буруу явах учиргүй Буяны цагаан замбуулин дээр нүгэл үйлдэх учиргүй ээ.
Монголын цагаан сар.. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хаяанд минь Хамгийн ууган төлийн хөгнө мялаасан заллагатай ирлээ Хадаг дэлгэн золгох эгэл ардын заяан дээр Хан тэнгэртээ өргөсөн сүү шиг цагаан сацалтай ирлээ Тоонон дээр гурван марал цалин мөнгөн өнгөөр гялбаж Тотгон дээр гурван мөсөн Лхам бурханы унааг умдаалж Тоолол зурхайн сүүлчийн өдөр битүү хагарах ёсоо үйлдэж Тосон угтах цагаан сарын шинийн нэгэн морьлон айлчлахад Уул хангайдаа дээжээ өргөн, нарандаа зальбарч Ухаант буурал дээдсээ хүндлэн, настандаа золгож Уран хийцтэй эрднийн чулуун хөөрөг зөрүүлж Урьдын ёс, гал бурхандаа сүслэн мөргөхдөө Урины амьсгалыг арга билгээр даллан наашлуулж Улирсан түүх, алс ирээдүйг учруулсан холбоо минь Улаан залаат монгол түмний хөлгөн туульсыг Удам хойчдоо өвлүүлж үдээсэн хөх толбо минь Таван тамсагийн дээж өнгө нэмэх нь ашидын билэг Таван эрднийн сүрэг өсөж үржих нь амьдын жаргал Тасман зэрэглээнд цас ханзрах барс сарын нэгэн Талын монголд хавар айлчлах шинэ сарын эхэн Дэгэж дэрвэх ачийн дээлэн баривч шинэхэн Дээшээ самрах цайны дээж өргөл шинэхэн Дэлгэж бариад золгох алд хадаг өнгөлөг Дээвэр туургат өргөө айлын гэрүүд мөнгөлөг Бүтэн жилийн туршид хийсэн бүтээл цагаахан Бүүвээ аялсан ижийн хиргүй сэтгэл шиг цагаахан Цагийн амьсгал наашлах тос даасан нүнжигтэй Цалин мөнгөөр судар бүтээсэн их- Монголын хувь сараа Цагаан сарын өглөө тоононы хадагандаа шүншигтэй Цадиг түүхээ алтаар барласан хөх-Монголын шинэ сараа.
Search
Read the Text Version
- 1 - 24
Pages: