Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Оюунлаг залуус 2020 эмхэтгэл- abstract book last

Оюунлаг залуус 2020 эмхэтгэл- abstract book last

Published by Azjargal Baatar, 2022-01-02 06:45:19

Description: Оюунлаг залуус 2020 эмхэтгэл- abstract book last

Search

Read the Text Version

хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж чадахгүй байснаар сүүн шүд хорхойтох эрсдэлийг бий болгож бага насны хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн хамгаалж чадахгүй өвчлөлийг нэмэгдүүлсээр байх хандлагатай байна.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ТАМХИДАЛТЫН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА П.Дүүриймаа1, Г. Нямгэрэл2, Глобал удирдагч их сургууль 1, ЧДЭМТ2 Түлхүүр үг: Өсвөр үе, тамхидалт, эрсдэл Үндэслэл. Дэлхий нийтээр ихээр дэлгэрсэн хорт зуршлын нэг нь тамхидалт юм. Тамхи татсанаас болж дэлхий дээр жил тутам 4 сая хүн нас барж байна. Тамхи хэрэглэх нь уушгины өмөнгийн 90%, архаг бронхит, уушги тэлэгдэх өвчний 80%-ын шалтгаан болдгоос гадна, зүрхний цус тасалдах өвчин, тархинд цус тасалдах өвчний нас баралтын 20-25%-ийнх нь шалтгаан болж байна. Тамхины утаа нь гэр, ажлын байр зэрэг орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл юм. Судлаачдын тогтоосноор тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ш тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна. Тамхи татдаггүй эх тамхи татдаг орчинд байснаас үр хөврөлийн өсөлт зогсч, хүүхэд амьгүй төрөх аюултай. Хүүхдүүд насанд хүрэгчдийн тамхидалтаас болж онцгой эрсдэлд өртөж байна. Эх нь тамхи татдаг нярай хүүхдийн гэнэтийн нас баралт 2 дахин их байдаг байна. Эцэг эх нь тамхи татдаг бол тэр орчинд өсч байгаа хүүхдийн ой тогтоолт сэтгэн бодох чадвар нь сулардаг бөгөөд тэд тамхины утаан дунд амьдардгаас болж уушгины үрэвсэл, дунд чихний үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчнөөр өвддөг болохыг эрдэмтэд тогтоосон байна.Манай улсын хүн амын эндэгдлийн шалтгааны эхний 3 байранд тамхитай холбоо бүхий зүрх судасны өвчин /31,3%/, хорт хавдар /19,9%/, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин /12,8%/ орж нас барсан 3 тохиолдол тутмын 2 нь тамхитай холбоотой байна. Манай улсын 5 хүн тутмын 4 нь ажил дээрээ болон гэртээ тамхи татдаг хүнтэй хамт ажиллаж амьдардаг гэсэн судалгаа бий. Иймд өсвөр насны хүүхдийн тамхи таталтыг судлах нь зайлшгүй шаардлагатай юм. Зорилго: Өсвөр насны хүүхдийн тамхи таталтыг судлах Үр дүн:Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар ЧД-ийн 17-р сургуулийн 7- 10-р ангийн 188 сурагчдын дунд энгийн санамсаргүй түүврийн зарчмыг баримтлан хийсэн. Насны ангиллаар авч үзвэл 12-17 насны эрэгтэй-94, эмэгтэй-94 сурагч хамрагдсан. Асуумж судалгааны аргаар судалгааг хийсэн. Боловсруулалтыг Microsoft Excel 2013 программ дээр диаграмм, графикаар дүрслэн харуулав. Дүгнэлт:Өсвөр насны хүүхдийн 79% нь дам тамхидалтанд өртөж байгаагийн 61,9% нь гэр бүлийн орчинд дам тамхидалтанд өртөж байна.Тамхи татдаг болон татдаггүй хүүхдүүдийн дийлэнх хувь нь тамхины хор уршгийн талаар сайн мэдэж байна /тамхи татдаггүй -78,9%, тамхи татдаг-74,2%/.Өсвөр насны хүүхдийн тамхи татахад найз нөхдийн нөлөө, сэтгэл санааны тавгүй байдал, өсвөр насны хүүхдийн сониуч зан байдал зэрэг нөлөөлж байна. Тамхи татаж эхэлсэн нас 11-15 насанд илүү тохиолдож байна /58,3%/. Цаашид тавих санал, хэрэгжүүлэх үйл ажиллагаа: 1. Цэцэрлэгийн ахлах бүлэг, сургуулийн бага ангийн хүүхдүүдэд тамхины хор нөлөөний талаар тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтыг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сургууль, цэцэрлэгийн багш нар, эцэг эхчүүдтэй хамтран хийх 2. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тамхины хор уршгийг сурталчлах

3. Гудамж, талбай, түц, дэлгүүр зэрэг газруудаар насанд хүрээгүй хүүхдүүдэд тамхи ширхэглэн худалдаалахгүй байх. Үүнд иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүд, багш, цагдаа зэрэг хүн бүр хяналт тавьж, зөрчлийг цаг тухайд нь мэдээлдэг байх.

МОНГОЛД АЖИЛЛАЖ БУЙ ХӨДӨЛМӨР ЗАСАЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАЙДЛЫГ СУДЛАХ НЬ Б.Цэрэндулам1, Ц.Эрдэнэцэцэг1 , М.Эрдэнэцэцэг2 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр засалчийн 4-р дамжааны оюутан1 АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ББСТ-ийн багш2 Үндэслэл: Хөдөлмөр засалчдын сэтгэл ханамжийн байдлыг судалсан судалгаа гадаадад их байдаг (Freda, 1992; Moore, Cruickshank, & Haas, 2006). Сэтгэл ханамжинд нөлөөлж буй хүчин зүйлсэд ажлын ачаалал, цалин хөлс, албан тушаалын ахиц дэвшилийн байдал, хамт олны харилцаа хандлага, шагнал урамшуулал, эмчилгээний үр дүн зэрэг нь багтана. Ажилчны сэтгэл ханамжийн талаархи байдал, газар зүйн бүс нутаг, хүйс эсвэл олон жилийн туршилгын хувьд харилцан адилгүй байж болно (Moore et. al, 2006). Хөдөлмөр засалчийн ажлын сэтгэл ханамжийг дээшлүүлэх нь хөдөлмөрийн чадварыг бууруулж, хөдөлмөр засалч нарын ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг олгодог бөгөөд ингэснээр шинэ ажилчдыг сургах зардлыг бууруулж, хөдөлмөр засалчдын орон тоог нөхөж ажиллуулж, хэрэгцээтэй бүх хүмүүст хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно (Bailey,1990). Ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хүчин зүйлийг сайжруулахад анхаарлаа төвлөрүүлснээр хөдөлмөр засалд үзүүлж, үйлчлүүлэгчдэд нь үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад хүргэж болно (Jacobs, 1994). Одоогоор манай Монгол улсад хөдөлмөр засалчийн сэтгэл ханамжийн талаарх судалгаа байдаггүй ба энэхүү судалгаа нь анхдагч болж байгаа юм. Одоогийн хөдөлмөр засалч мэргэжлээр ажиллаж буй хүмүүс нь сэтгэл ханамжтай тав тухтай орчин нөхцөлд ажиллаж чадаж байгаа эсэх, цаашид энэхүү мэргэжлээр ажиллах ирээдүйн хөдөлмөр засалч нар нь ажлын байран дээрээ сэтгэл ханамжтай ажиллах нөхцөл боломжийг бий болгоход нөлөөлөх хүчин зүйлс юу байх вэ гэдгийг гаргаж ирэх нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Монголд ажиллаж буй хөдөлмөр засалч нарын сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлох, сэтгэл ханамжинд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэхэд судалгааны зорилго оршино. Арга зүй: Монголд ажиллаж буй хөдөлмөр засалчдын ажлын сэтгэл ханамжийг шалгах зорилгоор туршилтын бус тоон судалгааны загвар ашиглан судалгаа хийв. Судалгаанд мэргэжлээрээ ажиллаж буй 18 хөдөлмөр засалчийг оролцуулсан. Одоогийн ажлын орчин нөхцөл, цалин хөлс, сэтгэл ханамжийн байдал, хамт олны харилцаа хандлага гэх мэт зүйлсийг Ликерт хэлбэрийн ганц сонголттой асуултууд, мөн олон сонголттой, нээлттэй асуулт хэлбэрээр 42 асуулт бүхий стандарт асуумжийн хуудсыг ашиглав (Reams, 2007). Асуумжийн онооноос хамааран, нас, хүйс, ажилласан жил, ажлын сэтгэл ханамжийн талаархи тодорхой асуултуудын давтамж, хувийг тогтоон гарч ирсэн оноог хувилан дүн шинжилгээ болгон харьцуулалт хийсэн. Асуумжийг цахим хэлбэрээр бөглүүлж MSExcel программ ашиглан боловсруулалт хийсэн

Үр Дүн: Энэхүү судалгаанд Монголын нийт хөдөлмөр засалчдын 90% нь оролцож 17 эмэгтэй, 1 эрэгтэй хөдөлмөр засалч хамрагдсан. Насны хувьд 27.8% нь 22 настай, 61.1% нь 23 настай, 11.1% нь 25 настай байна. Оролцогчид 47.1% нь 1 жил хүртэл ажилласан, 47.1% нь 1-2 жил хүртэл ажилласан, 5.8% нь 2-3 жил ажилласан. Ажиллаж буй байгууллагаас хамааран 750.000- 1.500.000 төгрөгийн хооронд цалинждаг. Оролцогчдын 5.6% нь хотоос гадагш, 27.5% нь хотын захад, 66.7% нь хотын төвд ажилладаг. Ажиллаж буй салбар нь эмнэлгийн сэргээн засах тасагт 58.8%, амбулаторит 11.9%, сургууль болон цэцэрлэгт 17.7%, бусад байгуулгад 11.8% байна. Хөдөлмөр засалчдын 83.3% танин мэдэхүй алдагдалтай хүмүүстэй, 72.2% нь төрөлхийн хөгжлийн бэрхшээл, 66.7% нь мэдрэлийн эмгэгтэй хүмүүстэй, 61.1% нь хооллох залгих эмгэгтэй хүмүүстэй, 55.6% нь аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүстэй, 50% нь оюуны хосдолтой хүмүүстэй, 44.4% нь хөгжлийн эмгэгтэй хүмүүстэй, 22.2% нь мэдэрхүй боловсруулалтын эмгэгтэй хүмүүстэй, 22% нь өвдөлттэй хүмүүстэй, 16.7% нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй, 11.2% нь түлэгдэлт болон тунгалгийн тогтолцооны эмгэгтэй хүмүүстэй, 11.1% нь зүрхний эмгэгтэй хүмүүстэй давхардсан байдлаар ажиллаж байна. Мөн үйлчлүүлэгчдийн насны ангилалаар нь авч үзвэл хөдөлмөр засалчдын 38.9% нь нялх нярай (0-2 нас) хүүхдүүдтэй, 55.6% нь сургуулийн өмнөх (3-5) насны хүүхдүүдтэй, 55.6% нь сургуулийн нас (6-12) насны хүүхдүүдтэй, 44.4% нь өсвөр (13-19) насны хүүхдүүдтэй, 44.4% нь залуу насанд хүрэгчид (20-35)-тэй, 55.6% нь дунд насанд хүрэгчид (36-55)-тэй, 38.9% нь ахмад настан (56-76)-тай, 33.3% нь өндөр настан (76-аас дээш)-тай ажилладаг. Эмчилгээг ганцаарчилсан (77.8%) болон бүлгийн (22.2%) хэлбэрээр явуулдаг. Хөдөлмөр засалч өдөрт дундажаар 6-10 хүнд үйлчилж эмчилгээ үргэлжлэх хугацаа нь 15-45 минут байдаг. Эмчилгээг ихэнх хөдөлмөр засалч 1 долоо хоног хүртэлх хугацаагаар хийдэг байхад зарим нь 1 сар хүртэл, 1 жил хүртэл, жилээс дээш хугацаагаар ч үргэлжлүүлдэг байна. Одоогоор хийгдэж буй эмчилгээнүүдийг авч үзвэл хөдөлмөр засалч нар бүгд өдөр тутмын үйл ажиллагаа сайжруулах, 83.3% нь танин мэдэхүй сайжруулах, 72.2% нь хөдөлгөөний дасгал, 72.2% нь зөвөлгөө өгөх, 66.7% нь туслах хэрэгсэлтэй ажиллах, 44.4% нь хооллох залгих чадварын эмчилгээ, 44.4% нь мэдэрхүйн нийлэмжийн эмчилгээ, 33.3% нь нэмэлт эмчилгээ, 27.8% нь хэрэгсэлтэй өдөр тутмын үйл ажиллагаа, 27.8% нь сплинт хийх, 27.8% нь харааны сэргээн засах болон хорих эмчилгээ, зүрх судасны сэргээн засах, олон нийтийн харилцаа нийгэмшүүлэх, гэр бүлийн боловсрол, хавангийн менежмент, өвдөлтийн менежмент, физик эмчилгээ болон шарлага, ажлыг хүндрүүлэх, шархны арчилгаа гэх мэт олон төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Үйлчлүүлэгчдийн 66.7% нь эрүүл мэндийн даатгалаар, 22.2% нь үйлчлүүлэгч өөрөө, 5.6% нь нийгмийн халамжаар, 22.2% нь бусад байдлаар эмчилгээний төлбөрөө төлдөг. Судалгаанд хамрагдсан хөдөлмөр засалч нар ажлаа чухал ач холбогдолтой, гаргасан дүгнэлтээ ашиглах боломжтой, бичиг баримт хөтлөлтийг ажлынхаа цагт багтаан хийдэг, эмч нартай ажил үүргийн харилцаа сайтай байдаг тухай бүгд

(100%) бүрэн санал нийлж байв. Хөдөлмөр засалч нар манлайлах чадвартай, үйлчлүүлэгч бүрт маш сайн үйлчилгээ үзүүлж, ажлынхаа талаар санал хүсэлт тогтмол авдаг гэдэгт(70%-аас дээш) санал нийлж байсан. Мөн бусад мэргэжилтнүүд хөдөлмөр засал мэргэжлийн талаар ойлголттой байдаг ба байгууллагийн ажилчин, удирдлагуудын харилцаанд сэтгэл хангалуун байдаг. Харин судалгаанд хамрагдсан хүмүүсийн ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмж хангалттай гэдэгтэй 50% нь санал нийлээгүй . Энэ нь тоног төхөөрөмжийн хувьд харилцан адилгүй байгааг илтгэж байна. 61.10% нь авч байгаа цалиндаа сэтгэл ханамжтай байгаа ба 16.70% нь ажлын цагийн ачаалал их байна гэдэгтэй санал нийлж байна. Мөн 77.80% нь үйлчлүүлэгчиддээ илүү их цаг зарцуулахыг хүсч байгаа юм. Нийт төгсөгчид тэтгэвэрт гарах хүртлээ хөдөлмөр засал мэргэжилээр ажилана гэсэн асуултанд 83.3% нь санал нийлээгүй ба 16.70% нь санал нийлж байсан нь ихэд анхаарал татаж байлаа. Яагаад хөдөлмөр засал мэргэжилээрээ удаан хугацаанд ажиллахгүй гэсэнг мэдэхийн тулд чанарын судалгаа хийж ярилцлагын аргаар мэдэх боломжтой. Дүгнэлт: Төгсөгчидөөс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг нэгтгэн харвал хөдөлмөр засалчид нь олон янзын үйлчлүүлэгчтэй ажилладаг, олон янзын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болох нь харагдаж байна. Мөн өөрсдийн эзэмшсэн мэргэжил, үйлчлүүлэгчидэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээ, ажиллаж байгаа газрын хамт олны харилцаа хандлага, цалингийн хэмжээ зэрэг нь сэтгэл ханамжтай байна. Харин сэтгэл ханамжгүй байдалд нөлөөллөх хүчин зүйлүүд нь үйлчлүүлэгчдэд эмчилгээ үзүүлж буй хугацаа нь бага, тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал мөн тэтгэвэрт гарах хүртлээ энэ мэргэжилээрээ ажиллана гэдэгтээ итгэлгүй байна. .

ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНДАХ ҮР ХӨНДӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Д.Баасандолжин1 Б. Бат –өлзий1 Ц.Тэмүүлэн1 Б. Дөлгөөн1 М.Сүрэнхорол1 С.Туяа2 АШУҮИС, Сувилахуйн сургууль Эх барихуй 3-3анги1 НЭМСТ2 E-mail:[email protected] 88215299 Түлхүүр үг: жирэмслэлт , үр хөндөлт , нөхөн үржихүй Үндэслэл:. Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1% үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-ээс гаргажээ. Нийслэлд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг авч үзвэл Ажил эрхэлдэг 49.9%, Оюутан 10.2%, Ажилгүй 35%, Малчин 2%,Бусад 3% тус тус эзэлж байна. Үр хөндүүлж буй 10 эмэгтэй тутмын 1 нь оюутан байгааг анхаарууштай. Тиймэээс үр хөндөлтийн талаарх мэдлэгийг өсвөр насандаа хэрхэн эзэмшиж байгааг илрүүлэх нь чухал асуудал болж байна. Зорилго:Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт болон хүсээгүй жирэмслэлтийн талаарх мэдлэг олгож бууруулахад оршино. Судалгааны арга зүй:ЕБС-ын 11-р анги буюу 17 насны 25 хүүхдэд хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлтийн тухай сургалт зохион байгуулж , мэдлэгийг үнэлэх асуумжийг боловсруулж хүсээгүй жирэмслэлт үр хөндөлтийн мэдлэгийг үнэлсэн. Судалгааны үр дүн: Бидний энэхүү судалгаанд 16-17 насны нийт 25 эмэгтэй сурагчид хамрагдсан . Үүнээс 60% нь үр хөндөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн хамгийн том шалтгаан хүсээгүй жирэмслэлт, 25% гэр бүл салалт, 10% бэлгийн хүчирхийлэл, 5% гэр бүл төлөвлөлт гэж үзэж байна. Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагдсан сурагчдын 30% нь ойр дотны хүнээс, 40% интернетээс, 30% багшаас нөхөн үржихүйн талаарх мэдээллийг авч байна. Сурагчдын 92% нь эрүүл мэндийн хичээл зайлшгүй шаардлагатай хичээл гэж үзэж байгаа нь эрүүл мэндийн хичээлийн чанар, цагийг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байна.

ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУНДАХ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖИЙН ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ НЬ Д.Бямбасүрэн1 Б.Нандинболор1 А.Номинтуяа1 Э.Оюунчимэг1 П.Энхзул1 Э.Нандинцэцэг1 С.Туяа2 НЭМСТ2 Эх барихуй 3-3анги1 E-mail:[email protected] Түлхүүр үг: өрх толгойлсон ээж, жирэмслэлт , үр хөндөлт Үндэслэл: Дэлхийд дунджаар 7,3 сая, МУ-ын хэмжээнд 36000 насанд хүрээгүй ганц бие эх бүртгэгдсэн нь жилээс жилд энэ тоон судалгаа маш хурдацтай өсч байгаа бөгөөд үүнд чиглэгдсэн хууль тогтоомж, төрөөс барих бодлого, авах арга хэмжээ сул байдгаас улбаалан өнөөгийн XXI зуунд насанд хүрээгүй ганц бие ээж гэх ойлголт хэний ч сэтгэлийг эмзэглүүлэхээ больж хариуцлагаас татгалзсан буруутны хэнэггүйхэн шийдвэрийн сүүдрэнд чимээгүйхнээр нулимсаа унагаан нийгмээс тусгаарлагдан өөрийнхөө аз жаргалыг хүүхдийнхээ зовлонгоор сольж амьдарч яваа өсвөр үеийхэн байгаа нь өнөөгийн нийгэм дэх тулгамдсан асуудал гэж харж байна. Зорилго:Манай судалгааны зорилго нь сургалтанд хамрагдсан өсвөр насныханы дунд насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэнээр хэн хохирох вэ? Үүнээс хэрхэн урьдчилан сжргийлэх вэ? Мөн энэ асуудлын талаар мэдлэг хэр байгааг судлахад зорилоо. Арга зүй: тус судалгаа нь Монгол Коосэн технологийн Биогийн 19 оюутнуудад насанд хүрээгүй ганц бие ээжийн тухай мэдлэгийг үнэлэн, сургалт зохион байгуулж, энэ ойлголтийн талаарх мэдлэгийг сургалт зохион байгуулахаас өмнө, дараа асуумжаар үнэлэн хооронд нь харьцуулан судалгааг явуулав. Судалгааны үр дүн: судалгаанд 16настай ( 16 оюутан-72%), 15настай (3 оюутан- 28%) хамрагдсан бөгөөд насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлэх нь буруу-48% зөв-0%, мэдэхгүй-62% гарсан. Дүгнэлт: өсвөр насныхан дунд насанд хүрээгүй ганц бие ээжийн талаархи ойлголт муу,нийгэмд энэ ойлголт байдаг гэдгийг ч сайн мэдэхгүй байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.

ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН МЭДЛЭГТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ Б.Нарангуа1Ц.Нямгэрэл1Б.Баасанням1Б.Сугармаа 1Н.Хулан1Ц.Санжмятав С.Туяа2 Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль Эх барихуй 3-3анги1 НЭМСТ2 E-mail:[email protected] 99929391 Түлхүүр үг: Өсвөр үеийнхэн, бэлгийн боловсрол Үндэслэл: Өсвөр үеийнхэнд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн хүртээмж, чанар хангалтгүй, энэ талын мэргэжлийн хүмүүс хүрэлцээтэй бэлтгэгдээгүй, тэдэнд эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажил эхлэл төдий байгаа нь өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болж байна. Хүсээгүй жирэмслэлт, өсвөр насныхны бэлгийн боловсрол муу байгаагаас бэлгийн замын халдварт өвчин аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн. Бэлгийн харьцаанд орсон 15-19 насны залуучуудын 30% нь гэр бүлийн өсөлтийн үндэсний судалгаанд жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг огт хэрэглэдэггүй гэж мэдээлсэн байдаг. Үүний зэрэгцээ анхаарах нэг асуудал нь тэмбүү өвчний тохиолдол ихэссэн. Тэмбүү өвчин нэг үе нууц, далд байсан бол одоо эргээд жирэмсэн эхчүүд, оюутан залуус, өсвөр насныхны дунд их их илэрдэг болсон. Тиймээс өсвөр үеийхний бэлгийн боловсролын талаарх мэдлэгийг судлах нь нэн шаардлагатай гэж үзлээ. Зорилго: Өсвөр үеийнхэн дундах бэлгийн боловсролын мэдлэгийг судлах Судалгааны арга зүй, аргачлал: Өсвөр үеийнхнээс бэлгийн боловсрол болон БЗДХ өвчний тухай түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хэрэгслийн тухай мэдлэгийг тодорхойлох тэрхүү мэдээллээ хаанаас олж авдаг тухай тест боловсруулан асуумж авах аргаар судалгаагаа явуулсан. Судалгааны үр дүн: Бидний судалгаанд 16 настай нийт 13 коллежийн оюутнууд хамрагдсан бөгөөд 53.8% нь бэлгийн боловсролын мэдлэг хомс. 76.9% бэлгийн боловсролын мэдлэг мэдээллийг интернэт, цахим орчин, тв зэргээс гол төлөв авдаг. Бүгд бэлгийн боловсролын талаар тулгамдсан асуудал гарвал хэнд хандахаа мэдэхгүй, гэр бүлийнхэнтэйгээ энэхүү сэдвээр нээлттэй хэлэлцдэггүй гэсэн хариулт өгсөн. 84.6% нь эрүүл мэндийн хичээлээр бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон бэлгийн боловсролын тухай хичээл ороход үр дүн муутай байсан гэж хариулсан бөгөөд БЗДХ өвчнүүдээс нэрлэнэ үү гэхэд 23% нь ДОХ, ХДХВ, тэмбүү зэргээс бусдыг мэдэхгүй гэсэн үзүүлэлт гарсан. Дүгнэлт: Нийт судалгаанд хамрагдагсдын бэлгийн боловсролын түвшин хангалтгүй. Энэхүү сэдвээр хэн нэгэнтэй ярилцаж хэлэлцэхээс зайлсхийдэг, БЗДХ өвчин түүнээс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл зэргийн мэдлэг дутмаг байгаа нь судалгааны үр дүнгээс ажиглагдаж байна. Тиймээс цаашид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд зайлшгүй хүртээмжтэй чанартай хүргэх чухал байна.

ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ТАРХАЛТ, ТАРХВАР ЗҮЙ Хүсэлхүүхэн Л 1, Алтантуул Д 2 1АШУҮИС- йин Сувилахуйн сургууль СБ 3-2 анги 2АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль НХСТ-ийн багш 3 Эмчийн өргөө эмнэлэг Email а[email protected] Phone 88138403, 70131213 Түлхүүр үг: тэмбүү, нас, тархалт, шинэ тохиолдол Үндэслэл: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны эхний есөн сарын статистик дүнгээр, улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчний 32275 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1168 нэмэгджээ. Тэдгээрийн дотор бэлгийн замын халдвартай 11968 хүн бүртгэгдсэн нь нийт тохиолдлын (37,1%), үүнээс 5517 (40,3%) тохиолдол бүртгэгдсэн байна1. Улаанбаатар хотод тэмбүүгийн тархалт 470 тохиолдлоор нэмэгдсэн төдийгүй Өнгөрсөн оны мөн үед нийслэлд тэмбүүтэй 27 хүүхэд мэндэлсэн бол өнөө жил энэ тоо (12%) өсөж, нийт (39%) хүрчээ. Тэдний (9) нас барсан мэдээ байна2. Тэмбүүгийн өвчлөлийн тархалт Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна3. Зорилго: 2020 оны 03 сараас 4 сар хүртэл нэг байгууллагын 18 наснаас 65 насны 1000 ажилчдад урьдчилан сэргийлэх үзлэгээр тэмбүүгийн илрүүлэлт хийх Материал арга зүй: 2020 оны 3 сараас 4 сар хүртэл нэг байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 1000 хүнээс тэмбүүгийн түргэвчилсэн сорилоор батлагдсан 250 хүнд дахин шинжилгээг ХӨСҮТ- ийн эмнэлэгт сорьцыг дахин баталгаажуулж шинэ тохиолдол болон насны бүлгээр нь ангилж үзсэн. Үр дүн:Түргэвчилсэн сорилоор батлагдсан нийт 250 хүнээс ХӨСҮТ-ийн шинжилгээгээр дахин баталж ирүүлсэн 18-42 насны (20) эрэгтэйчүүдэд (8%) шинэ тохиолдол илэрсэн байна. Асуумж бүртгэлээр эдгээр хүмүүс нь 18- 42 насны эрэгтэйчүүд байсан ба бүс нутгаар авч үзвэл дээр дурьдсан аймаг, хотоос Улаанбаатар хот, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн иргэд зонхилон өвчилсөн байна. Дүгнэлт: Монгол улсад статистик мэдээгээр бэлгийн замаар дамжих халдварт өвчний (42-45%) тэмбүү, нэг байгууллагын хувьд тэмбүүгийн шинэ тохиолдол 20 (8%), насны хувьд нөхөн үржихүйн насны залуучууд байгаа нь монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч болзошгүйг анхааруулж байна.

ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ДАРХЛАА ТОГТООХ ЧАДАМЖ БА В ВИРУСЫН ХАЛДВАРЫН ДАРХЛАА ТОГТОЛТ 1Д. Энхтуяа, 2Н. Лхасүрэн, 2Г. Ууганбаяр 1-2Хаппи веритас оношилгоо, эмчилгээний төв Үндэслэл: 2015 оны байдлаар дэлхийн хүн амын дунд 257 сая хүн элэгний В вирусын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд 887000 хүн жилд элэгний В вирусын гаралтай хатуурал болон хавдрын улмаас нас барж байна.1 Монгол улсын хүн амын дунд элэгний В,С вирусын тархалт2 харьцангуй өндөр буюу 25% тай байгаагаас гадна бас нэг анхаарал татсан асуудал бол элэгний В вирусын дархлаатай гэж оношлогдсон хүмүүс 39,4% тай байгаа нь юм. Монгол улсад 1990 оноос хойш В вирусын эсрэг вакциныг төрсний дараа 24 цагийн дотор хийж байгаа боловч 1990 оноос өмнө төрсөн хүмүүсийн хувьд сайн дурын вакцинд хамрагдаагүй ч В вирусын эсрэг дархлаа тогтсон байх нь элбэг тохиолдолдог бөгөөд энэ дархлаа нь хангалттай байгаа эсэхийг тодорхойлох, 1990 оноос хойш төрсөн хүмүүсийн хувьд вакцины дархлаа нь хангалттай эсэхээ тодорхойлуулж вакцины хугацаа дуусахад дахин вакцинд хамрагдаж байх нь чухал юм. Монгол улсын хувьд элэгний В,С вирусын тархалт нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг бөгөөд В вирусын эсрэг вакцинд хүмүүсийг өргөн хамруулахыг зорьж байгаа орны нэг юм. Зорилго:Элэгний В вирусын эсрэг вакцины хийлгэснээр хангалттай дархлаа тогтож байгаа эсэх, В вирусын халдварын дараах дархлаа хангалттай байгаа эсэхийг тогтоох Арга аргачлал:Хаппи Веритас оношилгоо эмчилгээний төв дээр 2016 оны 9-н сараас В вирусын эсрэг биеийн тоон шинжилгээг Sysmex HISCL -800 бүрэн автомат анализаторт Sysmex qHBsAb урвалжаар хийгдсэн нийт 492 хүний шинжилгээг дата болгон ашигласан болно. Гадаргуугийн эсрэг биеийн тоон шинжилгээ нь >10 бол хангалттай дархлаажсан гэж, <10 бол хангалтгүй гэж тус тус үзнэ.Мөн судалгаанд оролцсон хүмүүсээс амаар мэдээлэл цуглуулж, сайн дурын дархлаажуулалтанд хамрагдсан эсэх, элэгний С вирусын халдвартай эсэх, шприцний гаралтай шарласан эсэх, элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд болох ALT, AST хэмжээг тодруулсан болно. Судалгааны үр дүн: Судалгаанд нийт 492 хүн хамрагдсан ба үүнээс эмэгтэй 313(63%), эрэгтэй 179(37%) байна. Насны бүлгээр ангилж үзэхэд 1990 оноос өмнө төрсөн хүмүүс 471(96%), 1990 оноос хойш төрсөн хүмүүс 21(4%) хамрагдсан байна. Үүнээс 1990 оноос хойш төрсөн буюу төрснөөс хойш 24 цагийн В вирусын эсрэг вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд хангалтгүй 12 (57%), хангалттай 9 (43%), 1990 оноос өмнө төрсөн хүмүүсийн дунд хангалттай 297 (64%), хангалтгүй 166 (36%) байна.Судалгаанд хамрагдсан 1990 оноос өмнө төрсөн хүмүүсийн дунд сайн дурын вакцинд хамрагдсан 99 (21%), вакцинд хамрагдаагүй 372 (79%) байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн дотор хангалттай дархлаатай 74(75%), хангалтгүй дархлаатай 25(25%), харин вакцин хийлгээгүй хүмүүсийн дотор хангалттай дархлаатай 301(81%), хангалтгүй дархлаатай 71(19%) байна.Нийт вакцинд хамрагдсан 99 хүнийг нас хүйсээр нь ангилж үзэхэд эрчүүд 20 (20%), эмэгтэй 79

(80%) байна.Вакцинд хамрагдсан боловч хангалтгүй дархлаатай байгаа 25 хүнийг нас хүйсээр ангилж үзэхэд эр 6 (25%), эм 19 (75%), насаар ангилж үзэхэд 40-45 насны 7 (28%), 50-60 насны 18 (72%) байна. Нийт судалгаанд оролцогчдоос цусаар дамжих халдвараар элэгний хурц үрэвсэл буюу шарласан эсэх талаар тодруулахад тодорхой мэдэхгүй байгаа 322 хүн,элэгний В вирусээр шарласан 52(29%), шарлаагүй 126 (71%) хэлснээс шарлалт явагдаагүй хүмүүсийн дотор хангалттай дархлаа 90(75%), хангалтгүй дархлаа 30(25%), шарласан буюу элэгний хурц үрэвсэл явагдсан хүмүүсийн дотор хангалттай дархлаа 26 (50%), хангалтгүй дархлаатай 26(50%) байна. Дүгнэлт: Элэгний В вирусын дархлаа тогтох шалтгаан нь вакцин хийлгэсэн хүмүүсээс гадна В вирусын сул халдварын дараа тогтож байна. Вакцин хийлгэснээс хойш давтан тун авч хамгаалж байх нь чухал бөгөөд вакцины хугацаа дуусч байгаа эсэхийг шалгуулж байх шаардлагатай байна. Вакцины 3-н тунг 1-2 жилийн өмнө авсан боловч хангалтгүй дархлаатай байгаа хүмүүсийн нас хүйсийн байдалд дүгнэлт хийж үзэхэд 50-60 насны хүмүүсийн дотор хүйс харгалзахгүйгээр дархлаа сул тогтож байгаа нь ажиглагдаж байна. Мөн элэгний В вирусын халдвараар элэгний хурц үрэвсэл явагдсан буюу шарлалт явагдсан хүмүүсийн дотор В вирусын дархлаа болж тогтох боломжтой гэдэг нь харагдаж байна.

ОЮУТНУУДЫН НОЙРНЫ ЧАНАРЫН ИНДЕКСИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Т.Энхжаргал 1 Ө.Мягмарсүрэн1 С.Нандинбилэг1 Л.Уугантуяа1 Т.Сарнай Х..Номиун1 Я.Энхжаргал2 1.АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль СБ 3-2 E-mail: [email protected] Утас:89910134 Түлхүүр үг: Оюутнуудын нойрны чанарын индексийг тодорхойлох. Судалгааны үндэслэл: АНУ-ын доктор Клейтман Чикагогийн Их Сургуулийн оюутан Ю.Азеринскийтэй хамтран унтаж буй хүний нүдний хөдөлгөөнийг судлаж эхэлсэнээр нойр албан ёсоор судлагдах болжээ.1 Нойр нь бие махбодын амин чухал хэрэгцээг хангадаг биохэмнэлт үйл явцын нэг ба үргэлжлэх хугацаа нь тухайн хүний нас, дээд мэдрэлийн үйл ажиллагааны хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Нас ахих тусам хүний нойрсох хугацаа богиносож хоногт 4-5 цаг унтахад физиологийн хэрэгцээгээ хангана хэмээн үздэг. Харин насанд хүрэгчдийн нойрны хэрэгцээ 6-8 цаг байдаг. Гэвч энэ хугацаа хүн бүрт харилцан адилгүй байж болно. Тухайлбал, зарим хүмүүс 6 цагаас бага унтахад хангалттай байдаг бол зарим нь 9 цагаас ч илүү унтаж нойрны хэрэгцээгээ хангадаг байна.2 Судалгааны зорилго: Оюутнуудын нойрны чанарын индексийг судлахад судалгааны зорилго оршино. Судалгааны ажлын арга аргачлал: Бид судалгааг нэг агшингийн загвараар, “АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 3 дамжааны 100 оюутныг нас, хүйс харгалзахгүйгээр, санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулсан. Судалгааны үр дүн: Судалгаанд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулын Сувилахуйн сургуулийн 3 дамжааны оюутнууд хамрагдсан бөгөөд оюутнуудын 43% нь асуудалгүй унтаж чаддаг, 12% нь нойрны чанар муу (нойргүйдэл)- тай байна. Дүгнэлт: Бидний судалгаанд оюутнуудын нойрны чанарын индекс судлахад нойрны асуудал илрээгүй. Судалгаанд хамрагдсан оюутнууд сэтгэл санаа болон , эрүүл мэндийн байдал, харшил, дасаагүй орчин, стресс, зэргээс болж унтаж байгаад сэрдэг.

СУРГУУЛИЙН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ИЛҮҮДЭЛ ЖИНГИЙН ТАРХАЛТ Л.Дашмаа1,Н.ЕсөнЭрдэнэ1,Г.Жавзанпагма1, С.Мөнхцэцэг1,Ц.Мөнхцэцэг1, С. Мөнхтунгалаг,1 Э.Энх-Уянга1, Я.Энхжаргал2 1 АШУҮИС- ийн Сувилахуйн сургууль СБ3-2 2АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, НЭМС Түлхүүр үг: Илүүдэл жин, сургуулийн бага нас, биеийн жингийн индекс Үндэслэл: Илүүдэл жин ба таргалалт гэдэг нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох хэвийн бус эсвэл өөхний хэт их хуримтлал юм. ДЭМБ-аас 6-12 насны хүүхдүүдийг сургуулийн бага нас гэж үздэг. 5-19 насны хүүхдийн БЖИ Насны үзүүлэлт нь ДЭМБ-ын Өсөлтийн лавлагааны дундаж голчоос +1 стандарт хазайлтаар дээгүүр байвал “илүүдэл жин”-тэй гэж үнэлдэг. Дэлхий даяар таргалалт 1975 оноос хойш бараг гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. 6-12 насны хүүхдүүд буюу сургуулийн бага насны хүүхдүүдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт 1975 онд 4% байснаа 2016 он гэхэд 18% болж өссөн байна. 2016 оны энэ статистикаар, дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, буюу таргалалттай гэсэн судалгааны үр дүн байна.1 Манай улсын хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. Хүүхдийн илүүдэл жин, таргалалт нь” Хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дахь удаагийн судалгаагаар” 6-12 насны хүүхдүүдийн дунд 2010 онд 4.2% байсан бол 2017 онд 28.6 хувь болж огцом өссөн байна. Өсвөр үеийн таргалалт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь бидний анхаарлыг хамгийн их татаж буй бөгөөд, цаашид аюул дагуулж болох тулгамдсан асуудал болоод байна. Ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй байдаг байна.2 БЖИ-ийн өсөлт нэмэгдэх тусам эдгээр халдварт бус өвчний эрсдэл нэмэгдэж,байна.3 2010–2015 онд БНХАУ-ын Шанхай хотод сургуулийн насны хүүхдүүд, илүүдэл жин, таргалалтын хамгийн сүүлийн үеийн тархалт, чиг хандлагыг хангах зорилгоор судалгаа хийсэн ба үр дүнд нь хөвгүүдийн дунд илүүдэл жин ба таргалалтын тархалт 21.2% -аас 31.7%, ба охидын дунд 10.6% -аас 16.9% хүртэл өссөн байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт 11 насандаа хамгийн өндөр байжээ. 4 Турк улсын Некметтин Ербакан их сургуульд 2016 онд хийсэн “Сургуулийн бага насны хүүхдүүдийн таргалалт ба илүүдэл жингийн эрсдэлт хүчин зүйл” хэмээх судалгаанд 5-15 насны хүүхдүүд оролцсон бөгөөд хүүхдүүдийн 51.2% нь эрэгтэй, 13.4% нь илүүдэл жинтэй байсан. Зорилго:Сургуулийн бага насны хүүхдүүдийн илүүдэл жингийн тархалтыг судлахад оршино. Арга зүй: Судалгааг эпидемиологийн нэг агшингийн аргаар авах бөгөөд 120-р сургуулийн 1-5 р ангийн 71 сурагч оролцох бөгөөд оролцогчид өөрсдөө бөглөх асуумжийн хэлбэрээр явуулна. Судалгаанд гадаадын бусад [3.4] хийгддэг ижил төстэй асуумж судалгааны загвар хэрэглэв. Судалгааны ажлын үр дүн: Судалгаанд хамрагдагсдын нас хүйс, ам бүл, амьдралын хэв маяг,ерөнхий үзүүлэлтүүд Судалгаанд 8-11 насны 71 хүүхэд

хамрагдсан бөгөөд ДЭМБ-ийн сургуулийн бага насны ангиллын дагуу авч үзсэн. Судалгаанд хамрагдсан сургуулийн сурагчдын 58% эмэгтэй сурагчид 42% нь эрэгтэй сурагчид эзлэж байв. 86% нь 2009 он, 7% нь 2008 он, 3% нь 2010 он 4% нь 2011 онд төрсөн сурагчид судалгаанд хамрагдсан байна. Судалгаанд оролцогчдын 96% нь сургуулийнхаа цайны газраас хоол авч иддэг бөгөөд 3,5% нь гэрээсээ өдөр идэх хоолоо авч ирдэг . 3р ангийн сурагчидын 1% нь 2009 он, 5% нь 2010 он, 44% нь 2011 онд төрсөн сурагчид судалгаанд хамрагдсан. 3р ангийн сурагчидын 1% нь 2009 он, 5% нь 2010 он, 44% нь 2011 онд төрсөн сурагчид судалгаанд хамрагдсан. 3-р ангийн судалгаанд оролцогчдын 58% нь цайны газраас хоол авч иддэг бол 34% нь гэрээсээ бэлдэж ирсэн хоолоо иддэг ба 8% нь түргэн хоол авч иддэг байна. Судалгаанд оролцсон 3, 5-р ангийн сурагчдын хичээлийн бус цагаар авч иддэг бүтээгдэхүүний 25% нь хиам, зайдас, 26% нь наппелон, жигнэмэг, 49% нь чихэр, шоколад эзлэж байна. Судалгаанд оролцогчдын 64% нь гэрийн даалгавараа хийж байхад, 32% нь зурагт үзэж байхад, 4% нь компьютер тоглож байхдаа ямар нэг бүтээгдэхүүн иддэг байна. Судалгаанд оролцогчдын 18,5% нь нийтийн тээврээр зорчдог, 25% нь эцэг эхийн унаагаар явдаг, 56,5% нь явган хичээлдээ явдаг учир таргалалтын тархалт хэвийн байсан. Судалгаанд оролцогчдын 65% нь заримдаа, 35% нь тогтмол өглөөний цайгаа уудаг гэсэн дүн гарсан. Энэ асуумжаас үзэхэд сурагчид өглөөний цайгаа тогтмол ууж чадахгүйгээс болж таргалалт үүсэх эрсдэл өндөр байна. Дүгнэлт: 1. БЗД-ын 120-р сургуулийн 3 ба 5-р ангийн сурагчдын илүүдэл жингийн тархалтын талаар судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн 23,8% нь илүүдэл жинтэй гэсэн үр дүн гарсан. 2. Судалгаанд оролцсон 5-р ангийн хүүхдүүдийн БЖИ-ийг үзэхэд нийт хүүхдийн 44,8% нь илүүдэл жинтэй, 55,2% нь хэвийн байсан. 3.Судалгаанд оролцсон 3-р ангийн хүүхдүүдийн БЖИ-ийг үзэхэд нийт хүүхдийн 7,8% илүүдэл жинтэй, 89,4% нь хэвийн, 2,6% нь туранхай байсан. 4.Үүнээс үзэхэд илүүдэл жингийн тархалт нь 5-р анги буюу 11-12 насныханд харьцангуй өндөр байсан бөгөөд энэ нь 2010–2015 онд БНХАУ-ын Шанхай хотод хийгдсэн сургуулийн насны хүүхдүүд, илүүдэл жин, таргалалтын талаарх судалгаатай адил үр дүнтэй гарсан. 5. Судалгаанд оролцогчдын дасгал хөдөлгөөний идэвхийг үнэлэхэд 37,5% нь хийдэг, 39% нь хааяа хийдэг, 47% нь огт хийдэггүй гэсэн үр дүн гарсан бөгөөд энэ нь эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Иймээс хичээлийн завсарлагааны цагаар хүүхдүүдээр дасгал хөдөлгөөнийг тогтмол хийлгэх нь илүүдэл жингийн эрсдэлийг багасгана.

COVID-19 ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ОЮУТНУУДЫН ХООЛЛОХ ЗУРШИЛ НЬ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ НӨЛӨӨЛЖ БУЙГ СУДАЛСАН ДҮН. А.Даариймаа1, А.Халиун1, Т.Энхжаргал1, Т.Буянжаргал1, Л.Одгэрэл2 СБ 4-2 анги1, АШУҮИС-СС2 Имэйл: [email protected] 1 [email protected] Түлхүүр үгс: Covid-19, хооллолт, хөдөлгөөн, хэв маяг, дэглэм Үндэслэл: 2019 онд анх илэрсэн коронавирус /COVID-19/ өвчин нь нь (SARS-CoV- 2)-аас үүдэлтэй амьсгалын замын цочмог хам шинж юм1. 2020 оны 1-р сарын 30- ны өдөр ДЭМБ-ын Онцгой комиссоос дэлхийн эрүүл мэндийн онцгой байдал зарлав.2 Монгол улс коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор хөл хорионы хатуу дэглэмд 2 удаа шилжээд байна3. Хатуу хөл хорионы улмаас хүн амын амьдралын хэв маягт гэнэтийн өөрчлөлтүүд орж биеийн байдал, өөрийгөө тусгаарлах байдал нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүчтэй нөлөөлж, ялангуяа хооллох зуршил, өдөр тутмын зан үйлд нөлөөлж байна4 Хүнсний дэлгүүр болон бусад үйлчилгээ хаалттайгаас (онлайн сургалт, ухаалаг утасны хэрэглээ ихэсч, дасгал хөдөлгөөн хязгаарлагдах) шалтгаан нь энэхүү амьдралын буруу хэв маягт нөлөөлжээ6. COVID-19-ийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс үргэлж таагүй мэдээ сонсох, унших нь хүмүүсийг стресст оруулснаас хоолыг хэт их идэх, ялангуяа чихэрлэг хоол идэх дуршил нэмэгддэг байна.7,8 Удаан хугацаагаар гэртээ байх нь уйтгартай мэдрэмж төрүүлдэг бөгөөд ихэвчлэн нэг хэвийн байдлаас зугтах арга хэрэгсэл бол хэт их хоол идэхтэй холбоотой зуршил байдаг 17,18 Зорилго: Оюутнуудын хооллох зуршил нь амьдралын хэв маягт нөлөөлж буй эсэхийг үнэлэхэд оршино. Судалгааны хэрэглэгдэхүүн арга зүй: АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн 4-р курсын 63 оюутныг судалгаанд хамруулав. Судалгааг 2020 оны 11 сарын 18 аас 2020 оны 12 дугаар сарын 10-ны хооронд Google meet ашиглан онлайнаар авсан болно. Үр дүн: Бидний судалгаанд АШУҮИС-ийн Сувилахуйн Сургуулийн 4-р дамжааны 19- 23 насны 61 (87.4%) эмэгтэй, 2 (12.6%) эрэгтэй нийт 63 оюутныг хамруулсан бөгөөд судалгаанд хамрагдсан оюутнуудын 58,6% нь 25-29.9 оноо буюу биеийн жингийн илүүдэлтэй, 79% нь нүүрс усаар баялаг хоол тэжээл хэрэглэдэг, 100% ухаалаг утас ашиглаж хөл хорионд хичээллэж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнууд хөл хорионы үед гэртээ дэглэм сахиж 100% ухаалаг гар утас, интернэт ашиглаж байгаа бөгөөд дасгал хөдөлгөөн хийдэггүй 65%, хоолны дуршил ихэссэн 64% байгаа зэргээс харахад хөл хорионы үед оюутнуудын хооллох зуршил амьдралын хэв маягт нөлөөлж байгааг харуулж байна.

“ОЮУНЛАГ ЗАЛУУС - 2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ Аливаа улс орны боловсролын үйлчилгээний үр дүнг эрдэм судлалын үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлснээр оюутан нэг бүрийн мэдлэг, чадвар, ханлагын бүтээлчээр хөгжүүлэн онол болон практикийн үйл ажиллагааг уялдуулан мэргэжлийн чадамжийг баталгаажуулж байдаг. Зорилго: Эрүүл мэндийн чиглэлээр оюутанд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замын талаар хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээл, шинэ санаа, арга зүйг нийтэд таниулан түгээх, хамтын ажиллагааг дэмжихэд оршино. Зохион байгуулагч: - Сувилахуйн сургуулийн эх барихын тэнхмийн дэргэдэх Nursing & IPT клуб Хамрах хүрээ, ангилал: Их, дээд сургуульд суралцаж буй бүх анагаахын болон бусад мэргэжлийн бүх дамжааны оюутнууд оролцоно. Хэзээ: 2021 оны 5 сарын 12-ны өдөр Хаана: Цахим хэлбэрээр зохион байгуулагдана. /Хурлын өдөр цахим хуралд оролцох интернет холбоосыг и-мэйл хаягаар илгээнэ./ Илтгэлийн шалгуур үзүүлэлт: 1-р шат: 1. Шинжлэх ухаанч байдал 2. Судалгааны бүтээлч санаа, шинэлэг тал 3. Судалгааны ач холбогдол 4. Хураангуй бэлтгэсэн байдал 2-р шат: - Үндсэн үзүүлэлт (тус бүр - 10) 1. Шинжлэх ухаанч байдал 2. Шинэлэг тал 3. Ач холбогдол - Нэмэлт үзүүлэлт (тус бүр - 5) 4. Илтгэх чадвар 5. Үзүүлбэр бэлтгэсэн байдал 6. Цаг барилт 7. Асуултанд хариулсан байдал - Нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд үндсэн үзүүлэлтийг баримтлана. Тавигдах шаардлага Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага: 1. Илтгэлийн хураангуйг А4 цаасны 3 нүүрнээс хэтрүүлэлгүй, ARIAL 12 фонтоор: - Үндэслэл - Зорилго - Материал, арга зүй, - Үр дүн,

- Дүгнэлт гэсэн хэсгүүдийг багтаан Windows Word-2010 буюу түүнээс өмнөх программ ашиглан Монгол хэл дээр бэлтгэнэ. Хураангуй нь бүх талаас 2 см зайтай байна; 2. Хураангуйн гарчиг нь Sentence, үсгийн хэмжээ 12, Bold хэлбэрээр бичнэ. 3. Гарчигийн дор судлаачдын нэрс, харъяа байгууллагын нэрсийг үсгийн хэмжээ 9, Italic хэлбэрээр бичнэ; 4. Судлаачдын нэрсийн төгсгөлд харъяа байгууллагыг тодорхойлох зүүлт бичнэ. 5. Харъяа байгууллагын нэрийг бүтэн нэрээр, Italic фонтоор зүүлтний дараалалын дагуу, нэр бүрийг шинэ мөрнөөс бичнэ 6. Илтгэгчийн e-mail хаягийг холбогдох утасны дугаарын хамт бичнэ; 7. Хураангуйн үндсэн тесктийг ARIAL фонтоор, үсгийн хэмжээ 12, Regular, мөр хоорондын зай single, 2 талаасаа тэнцүүлсэн буюу justified загвараар бичнэ; 8. Илтгэлийн хураангуйд хүснэгт, график, зураг оруулахгүй болохыг анхаарна уу! 9. Үгийн тоо заагаагүй ба үндсэн бүтцийн хүрээнд ирүүлэхийг анхаарна уу? Бусад шаардлага: 1. 2-р шатанд шалгарсан илтгэлүүдийн илтгэх хугацаа 7 мин. Илтгэлийг 2021 оны 5-р сарын 10 ны дотор [email protected] хаягаар илгээнэ үү? . Nursing & IPT оюутны клуб 2020. 12.25 Холбоо барих утас: 99102855 School of Nursing, MNUMS, Bayangol district,6th khoroo, Ard Ayush street. P.O.Box- 1124, Ulaanbaatar 15160-0028, Mongolia.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook