МИНИЙ ӨВӨРХАНГАЙ – МИНИЙ ТООНОТ Асар их үнэ цэн нуусан газар шороо. Ганцхан ширхэг тоосноос нь үр болон нахиалсан хүмүүн бид яахын аргагүй газрын бүтээл. Хүй тасарсан тоонот нутгаа их бага Богдынхоо ноён Оргил Мянган ямаатын зулай дээрээс халиах дуртай би уулын хүү. Тиймдээ ч би уул шигээ, оргил шигээ өндөр өөд тэмүүлэн, эгэлхэн хийгээд энгүй мөрөөдлөөрөө өгсөж амьдардаг өөдөө заяат хүмүүн. Би уран онгодын угсаа. Оюун билгээ сэтгэлтэйгээ нийлүүлэн сийлсэн нь хүмүүний сэтгэлийн чандад баясал төрүүлдэг билээ. Сэнгээ агсны гараараа сийлсэн “Баянбайгаль” сийлбэр нь харах ертөнцийн уужмыг ухааруулж, 553 дүрсээр Өвөрхангайгаа илэрхийлсэн нь гайхам. Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билиг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд, хаад жанжинд, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь өврийн сайхан нутгаар минь овоглосон 17 дугаар зууны сүүлийн хагас 18 дугаар зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, төр шашин, урлагийн зүтгэлтэн, олноо “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Занабазар билээ. Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт хааны нутаг одоогийн миний тоонот-өврийн хангайн Есөнзүйлийн хөндийд арван буяныг дэлгэрүүлэхээр ээжийнхээ хэвлээс тасран, эх нутагтаа дуу хадаасан гэдэг. “... Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел анжело” хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дахь эх, язгуурын 5 бурхан, Долоон нандин, Ноёны шүтээний манал, Аюуш зэрэг бурхдыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ.” (С.Чулуун) хэмээн дурдсан ч бий. Иймийн тул бид яахын аргагүй уран онгодын ундарга. Би дээвэрт төрийн дээдсийн удам. Халхын Сайн ноён хан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн, яахын аргагүй монгол түмний дээдэс. 1878 оны бар жилийн бар сарын хаврын нэгэн өдөр “Догшин цоохор ноён” хэмээн алдаршсан Төгс-Очир, Эрдэнэ хатан Хандмаагаас хүй тасран мэндлэхдээ “Хүйсийн Найман нуур”-ынхаа усаар ариусах гэж, Хан Хөгшин хайрханыхаа өвөрт эрхлэх гэж миний сайхан нутагт дуу хадаасан байж.. Тэрээр 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын дөрвөн хааны нэрээр Хаант Оросоос тусламж гуйх бичигт гарын үсэг зурж, 7 дугаар сард Богд гэгээний ордонд болсон нууц хуралдаанд идэвхтэй оролцож, Богд хаант Монгол улс байгуулагдахад “түр ерөнхийлөн шийтгэх газар”-ын шадар сайд, 1912 оны 7 дугаар сард Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар тус тус томилогдож байсан гэдэг. “Иргэн бүр баяжигтүн” хэмээн уриалж, эх орныхоо ирээдүйн төлөө тэмцсэндээ эсэргүү хэмээгдэн, хэлмэгдсэн эр зоригтой, эрдэм чадалтай тэр л хүмүүнийг мэдэхгүй монгол хүн үгүй биз. Тэр эрхэм бол Пэлжидийн Гэндэн сайд. 1895 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн
Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт мэндэлсэн гэдэг..Онги булгийнхаа усаар рашаалж, Ав хайрханыхаа өвөрт өлгийдүүлэх гэсэндээ өврийн сайхан хангайд минь онож мэндэлсэн байж. Булаг бүр нь рашааны шимтэй, судал бүр нь алтны ширхэгтэй учраас миний нутагт дээвэрт төрийн дээдэс мэндлэх нь дамжиггүй ээ. Би авьяас билигтний үргэлжлэл. Жанцанноров нь” Цагаан суварга”-аа эгшиглүүлж, Пүрэвдорж нь “Өвөрхангайн магтаал”-аа тэрлэн, ханат цагаан гэрийнхээ од хийморийн тоонон дээр “Тусгаар тогтнол”-оо тунхаглаж, Ариунаа нь арван тавхан настайдаа “Арванзургаан нас” -аа аялгуулж, Аюуш нь амиа эрслэн эх орноо хамгаалж, бусдын нутагт бүргэд нь хүртэл ясаа тавьдаггүйг Ичинхорлоо нь учирласан болохоор би яахын аргагүй уярал, ухаарлын үргэлжлэл. Би яахын аргагүй лусын хүү. Могойтын рашаанаас хүртэн, Орхон голдоо шумбаж, хорин дөрвөн метрийн өндрөөс хүрхрэн хархиран буух Улаан цутгалангийн нүргэлээг сонсож өссөн болохоор би азтай хүн. Өндөр Гэгээнтний аравнайлж, шүншиглэсэн Могойтын рашаан. Оросын эрдэмтэд ч уг рашааныг арван зургаан ундаргатай, 33-72 градусын халуун гэж тодорхойлсон аж. Ундарга бүр нь анагаан илааршуулах увдис чадалтай гэж нутгийн хөгшчүүл эртнээс хүүрнэдэг. Аргагүй л анагаах эмийн дээд эм, танын дээд тан даа. Үүгээр ч зогсохгүй рашаан сувилалаар зард гарсан Хужиртын рашаан сувилал. Улсын нийслэл Улаанбаатараас ердөө 390 километрт орших энэ газар тослог хүрэн өнгийн лаг шавар, газрын гүний халуун рашаантай гэж та лав сонссон л байх. Дотоодын бүү хэл гадны аялагч амрагчдын хүслэн болсон эгэлгүй газар ус минь. Дэргэдээс ундрах Дэлгэрэх булаг, Дайргын гол, Бурхийн рашаан, олныг ундаалагч Онгийн гол гээд л дурдаад барамгүй рашаан устай миний нутаг аргагүй л лусын орон. Би яахын аргагүй баялгийн хүү. Газар эхийн хэвлийгээр нь алтан утас сүлжилдсэн Уянга нутаг, ховор металийн цогц уурхай , эрт галаваас эдүгээг дамнасан нүүрсний орд Баян тээгтэй болохоороо бид аргагүй л эрдэнэсийн авдрын эзэд гэлтэй. Би хангайн хүү. Хархорин, Өлзийт, Хужирт сумдыг дамнасан хайрхан нь өөрийн энгэртээ 24 овог, 43 төрөлд хамаарах 53 зүйл ургамал, ан амьтныг багтаадаг 133000 орчим га талбайг эзэгнэн оршдог төгөлдөр үзэмж бүрдсэн, түмний мэлмийг баясгасан сүрлэг уулс юм. Хөх чонын улиан Дулаан хайрханаас л хадаадаг. Уулсыг дэрлэх солонгын долоон өнгө хөхүүртээ багтахгүй саган хөөсрөх айргийн амтанд нь сүлэлдсэн нутаг минь.. Хөвд арцан дэвсгэртэй ноёлог уулсаараа хүрээлүүлж, Арц Богд, Авзага хайрхан нь авран нигүүлсдэг болохоор миний тоонот яахын аргагүй авралын орон. Би талын хүү. Таван эрдэнийн сүрэг нь талаа дүүрэн бэлчиж, тансаг цэцгийн үнэр нь хамар цоргих нутаг минь сайхан. Аавын хүүгийн хүлгийн шандсыг сорьж, агаар тэнгэрийн саран туулж баралгүй хоноглодог Арвайн тал
минь миний нутгийнх болохоор ард түмний хийморь нь өөдлөн дэвжиж байдаг аргагүй л бид салхи хөлөглөсөн талын эзэд. Би говийн хүү.Төгрөг, Гучингийн шаргал элс нь нарны алтан илтэстэй сүлэлдэн наадна. Энд ч бас өрнүүн хөгжил цэцэглэж, ирээдүйн алдартан төрнө. Загийн тахиралдсан бие шиг атлаа, хавтгайн аажуу алхаа шиг говийн хангал зэрэглээ, салхины зөөлөн бүүвэйнд өссөн болохоор би говь шигээ уужуу хийгээд уяхан хүү. Бид өрнүүн хөгжилд өсөж буй цэцэгс. Тэнгэр баганадах өндөр барилгууд, өргөн сайхан гудамж, талбай, хүүхэд багачуудын хөгжин боловсрох сургууль, цэцэрлэг олон олноор бий болж байна. Энэ бүхэн өдрөөр бус цаг хормоор өргөжин, өврийн сайхан нутаг минь өнгө нэмсээр, өөдлөн дэвжсээр. Миний нутгаар дэлхийд овоглох суутныг төрүүлэгч Мэргэд сургуулийн хүү би мэдлэгийн их далайгаас сувд тана шүүрдэх гэж сэлүүрээ залан урагшилсаар... Ийм л учраас миний Өвөрхангай, миний тоонот- газрын диваажин. Би газрын хүү. ЕБ-ын лаборатори Мэргэд сургуулийн 12б ангийн сурагч Н.Хажидмаа
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Хүмүүний сэтгэл цаг хугацаа уялдаж хувиран өөрчлөгдхүйеэ өнгөрсөн зүйлийг эс тэмдэглэж хадгалваас өрнөсөн түүхийг мартаж, тасран унах навчис лугаа хөнгөн хөвүүн болдог мэт. Өнөөдрийн Өвөрхангай аймгийн соёл, нийгмийн амьдралыг өгүүлэхийн тулд өнгөрсөн түүхийг тольдон харах ёстой ч манай улсад анхны гэсэн тодотголыг хүртэж байгаа Халхын анхдугаар богд Өндөр гэгээний хүй дарсан нутагт байгуулагдсан уран зургийн галерейгаар зочилсон түүхээ хуваалцъя. Цас хайлан шувууд ганганаад, цаас нухчин хүү зүггүйтээд, модод моддоо түшээд, монгол минь бүйвэйлэгдэж аниртайд л. Тэр гайхамшигтай бүтээлүүдийг магтан бишрэхүй дор Өврийн хангайн байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулж, дөрвөн өнгө, газар нутгийн өвөрмөц содон тогтцыг сэтгэл мэдрэмжийн оргил хүсэлтэй хослуулан, бийрийн хөнгөн хэмнэлээр харуулсан уран зургууд байсан юм. “Улаан гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход цутгасан түүхтэй “Улаан цутгалан” урсах чимээ чихнэ сонсогдох мэт, ан амьтан , анчин гөрөөчид, аж ахуйг голлон дүрслэх “Тэвш” уулын барааг харахад түүхэн цаг хугацаанд очсон мэт бодит төсөөллийг надад өгсөн, цааш алхвал \"Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат УГЗ, Ардын зураач А.Сэнгэцохио гэх эрхэм хүний \"Улиастайн цэргийн бослого\" \"Монголын төлөөлөгчид В.И.Ленинд бараалхсан” зэрэг он цаг, аж байдлын, түүхэн зургууд угтаж сэтгэлд тодоор бичигдэн үлдэж төсөөлөх мэдрэмжийг минь нэгэнтээ эдэлсэн билээ. Учир нь би ...Намрын хүйтэн уулан дунд Найман нуур уйдах цагаар Наран хайлах хонгор говийн Нарийн таана хэнзлэн байдаг... хэмээн нүдээр хараагүй ч зөвхөн бодож төсөөлөн уншдаг байсан. ...Эгнэтийн арга билэг Алтан соёмбын гачил дээр Эх нутгийн шорооны Амиар солих ширхэг дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би... хэмээн үндэсний гэсэн бүхнийг үндсээр нь устгаж байсан саарал ус шиг түүхэн бэрх цагт \"Өвөрхангай аймгийн Бүрд сум\"-ын харьяат Дэндэвийн Пүрэвдорж гуайн бахархан бичсэнийг балчир байхаасаа сонордон, үг бүхнийг ой тоондоо тунгаан сонссон ч энэхүү уран бүтээлүүдийг харснаас хойш нүдээр харах яруу найргийг ойлгон тэвэрт минь үүрд багтаагүй ч цээжинд минь цохилох эх нутгийн үнэ цэнийг ухаархуйн зэрэгцээ хойч үедээ таниулан өвлүүлэх ёстойгоо ойлгосон юм.
Миний төрсөн Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 18ны өдрийн 07 дугаар тогтоолоор Монгол Алтайн нурууны Багабогд, Мянган ямаат, Хангайн нурууны Хятруут, Битүүт зэрэг далайн түвшнээс дээш 2500-3590 метр өндөр өргөгдсөн газар зүйн 3 бүсийг хамарсан байгалийн үлэмж баялаг бүхий газар нутагт бий болсон нь өнөө цагийн ард иргэдийн бахархан хайрлах, хөгжүүлэн дээдлэх томоохон үүрэг хариуцлага болон ирж байгаа юм. Төв Азид НТӨ 209 онд байгуулагдсан нүүдэлчдийн түүхэн дэх анхны төрт улс Хүннү дээдсээс эхлэлтэй эртний Идэрхэг, хүчирхэг дэлхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Сянби, Их Нирун, Түрэг, Их Монгол улс тэргүүтэй эртний улсууд Өвөрхангай аймгийн Орхоны хөндий хэмээх газар байрлан нийслэл болон соёл иргэншлийг цогцлоож байсан нь эртний хот, түүх соёл, идэрхэг аугаа дээдсийн минь онго шүтээн энэ л нутагт оршин буйн баталгаа юм. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн түүхийг ярихыг хүсвэл Монголын түүхийг мэдэх хэрэгтэй. Монголын түүхийг мэдэхийг хүсвэл дэлхийн түүхийг сөхөх хэрэгтэй мэт. Үнэтэй бүхнийг минь дотроо хадгалдаг, үг хэлдэггүй үзэсгэлэнт эх нутаг минь 90 жилийн хугацаанд 116'600 гаруй хүн амтай. Үйлдвэржилтийн бодлого, дэд бүтцийн салбар, Боловсрол ба эрүүл мэнд, хүний хөгжил гэх чиглэлээр олон олон бүтээн байгуулалтыг бий болгосоор байна. Жишээлбэл сайжруулсан түлшний үйлдвэр , сургууль, цэцэрлэг, авто зам, спорт зал, кино театр, хүүхдийн ордон, иргэдийн эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх боломж бүхий бовулинг, фитнесс гэх мэт орчин үеийн үйлчилгээг багтаасан усан спортын цогцолбор зэрэг нь үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна. Мөн Өвөрхангай аймаг нь жил бүр төрийн бодлого шийдвэр дутагдаж буй салбарт үйл ажиллагаагаа чиглүүлж тухайн салбарыг зорилтот жил болгон зарладаг уламжлалтай. Тиймдээ ч миний сэтгэлд тодоор дурсагдан үлдсэн нь 2018 оныг \"Хүүхэд хөгжил хамгааллыг дэмжих жил\" болгон зарлаж, хүүхдүүд биднийг хөхүүлэн дэмжиж, хөгжих, оролцох, хамгаалуулах, эсэн мэнд амьдрах суурь 4 эрхийг баталгаажуулан, төрийн болон ТББ багш эцэг эхчүүдийн хоорондын холбоог бэхжүүлэн олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулснаар барилга байгууламж, бодит бүтээн байгуулалтаас гадна 90 жилийн хугацаанд иргэндээ, ирээдүйдээ ээлтэй аймаг бий болсон гэдгийг илтгэж байгаа юм. Мөн Өвөрхангай аймаг нь аялал жуулчлалын идэвхтэй бүс тул зуны дэлгэр цагт айлчлан ирэх зочдын тоо эрс нэмэгддэг. Энэ нь нэг талаас нүүдэлчдийн соёл уламжлал, зан заншил, эдийн засаг, шинэ тутам хөгжиж байгаа улс орныхоо хөгжлийг, онгон дагшин байгаль, түүхэн дурсгалт соёлтой нь хамт дотооддоо болон дэлхий дахинд сурталчилж байна. Гэвч гаднаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн харлуулж болдгийн адилаар дотоодын аялагчид маань тодорхой хэдэн үзэсгэлэнт газруудыг сонирхон аялснаар хүн, машины талхлалтад өртөж хог хаягдал, хийрхэл, мухар сүсгээс үүдэн идээ ундаа өргөж, амьтдын үүрээ зассан газрын ойролцоо хог хаягдлаа хаян тэднийг хороож, уул уурхайн хөгжил, мод бэлтгэл, самар түүх гээд бусад олборлох үйл ажиллагаанаас үүдэн шууд аюул нүүрлэж, хууль бус худалдааны гайгаар ан амьтад соёлын үнэт зүйлс олноороо алдагдаж,
сүйтгэгдэж байна. Өөрийн эх орондоо гадны сэтгэлээр хандаж өнөөдөр бид тоохгүй орхивч ирээдүйн дүү нарт минь үзэх, харах, бахархах орон зай үлдэх болов уу? Модонд хадаг, сүү, мөнгө өргөхөөс илүүтэй хогоо халаасалж явах нь өлзийтэй үйл мэт. Ан амьтдыг хооллож буян хураахаар зэхэж байгаа бол амьдарч буй байгалиа гэмтээхгүй эко системийг хэвээр үлдээх нь буян мэт. Үзэсгэлэнт байгалийг шагшин магтахаар тэмүүлж байгаа бол үнэт машинаа хол орхих нь ирээдүйнхээ өмнө хүлээж байгаа онцгой үйл хэрэг мэт. Хүн төрөлхтний хөгжил дэвшил дээд түвшинд хүрсэн ч хүн биеийн шинж чанар, хандлагаа хадгалж үлдэх хэрэгтэй мэт. Эцэст нь дүгнэхэд ...Бөхийж үзээгүй тэргүүнийг гутааж болохгүй. Энэ хэний эх орон юм бэ? Эзэд нь хүний эх орон гэж хэлүүлэхийг хүсээ юу? Илүүдсэн эх орон багадсан эх орон гэж байдаггүй юм. Ижилхэн эх орон өөр өөр тавилан Эмгэнэлт төгсгөл үү, эс төгсгөл үү гэсэн сонголт л байдаг юм... хэмээн яруу найрагч Г.Нэргүй \"Дорно зүгийн хавар\" номынхоо тэргүүн бүлэгт өгүүлсэн байдаг. Өвөрхангай аймгаар овоглосон үеийн найз нөхөд, дүү нар, эцэг эх, томчууд минь энэ хэний эх нутаг вэ? гэж бардам асуухад Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэнхэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай... гэж хариулна. Энэ хэний нутаг вэ? гэж бахархан нэг асуухад Л.Аюуш баатраар хамгаалуулж, П.Гэндэн сайдаар тамгалуулж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоор уянгалуулж, эрэмгий хүчтэн Д.Дагвадорж аваргаар омогшдог эрхэм хүмүүсийн өлгий нутаг Монгол улсын төв цэг Өвөрхангай гэж хариулна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Манал
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Өлзийт хайрханы цастай энгэр хажуухандаа хад чулуугаар дүүрэн жижигхэн толгодууд. Өдөр бүр бид хадан дундаас өөр өөрийн ор сандал ширээгээ олоод хөгжилдөн тоглоцгооно. Өвлийн хүйтэнд ус авч хичээл хийхээс залхуурч,өглөөнөөс орой болтол харихыг ч мэдэхгүй уулын цасан дээр гулгаж , хариад хэд сайн гөвүүлж аашлуулсан ч жаргал инээд хоёроор бялхаж өнгөрөөсөн миний бага нас гэр хорооллын эрх чөлөөнд дүүлэн нисэх шувуухай мэт жигүүрээ дэлгэжээ. Хичээлдээ явахдаа замд таарсан чулууг хөлөөрөө өшиглөж хөл бөмбөг тоглож. , үдийн цайгаа амтархан уугаад гэрлүүгээ яаран харьдаг байсан үе минь дурсамж болон үлдэж үдийн цайнаас хасагдаж, явдаг байсан шороон зам засмал болон хувирч , өвөрхангай бид хоёр зэрэг цэцэглэсэн өсвөр нас минь... Амралт бүрийд хөдөөгийн сайханд хонь хариулж эмээдээ хань болдог миний хувьд явсан газар цөөнтэйг ч хэлэх үү Бурхтайн нурууныхаа хэдэн даваанаас өөр мэдэх газар бараг үгүй. Эмээ минь залуу насныхаа хөгтэй явдлыг хууч хөөрөхдөө “Хань минь хааяа сархдад дурладаг ч агсам согтуу тавьсан удаа ганц ч үгүй нэг гэм нь бээлийхэн бэлэрхүү, биендээ тусархуу гээд л моринхуураар шөнөжин тууль хайлна. Тэр моринхуураа өөрөө урладаг сан энэ ч бас их ухаан авьяас байх. Миний охин тэр авьяасыг нь өвлөсөн байхаа” гээд зулайг минь үнэрлэхэд нүдээр үзээгүй ч өвөө гэдэг хүний нөмөр нөөлгийг зөнгөөрөө мэдрэх мэт. Гэвч бээлийнхэн гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүй болохоор эмээгээс асуусанд өвөрхангай аймаг маань дээр үед сайн ноёны хошуу, түшээ гүний хошуу, далай гүний хошуу, илдэн бээлийн хошуу, үүзүү вэнгийн хошуу гэж хуваагддаг байсан ба өвөө минь Илдэн бээлийн хүрээний хүн байсныг мэдэж авлаа. Харин 10-р ангийнхаа зун энэ мэдлэгийнхээ ачаар жаахан ч гэсэн нэрээ аварч чадсан ч ямар ичмээр байдалд орсноо бодоход одоо ч нүүр улайх юм. Хичээл ч амарч өдөр өдрөөр өссөөр байгаа би өөрийн бодолдоо үнэнч байж хөдөө биш хотыг зорьж хийл хөгжим сурахаар шийдэв ээ... Намхавтар нуруутай ахимаг насны эмэгтэйн сургалтанд бүртгүүлснээр мөрөөдөл минь бага багаар биелж байгаад баярлаж маш хурдан сурч цаг гарах төдийд багштайгаа элдвийг ярилцахад багш маань бас Өвөрхангайнх гэнэ ээ. Алс тэртээд бодол нь тэнүүчилж төрсөн гэрээ санасан бололтой шүүрс алдан багш минь ийнхүү өгүүллээ. “ Миний нутаг ч сайхан шүү. Уул хад , ус гол, элсэн цөл, тал хээр гээд хангай говь хосолсон , хан бүргэд, хар хэрээ , бор шувуу ,болжмор , хэрэм зурам, тарвага гээд бүхий л төрлийн ан амьтан цугладаг буянтай газар. Аргалын утаа үнэртсэн саруул талд араг үүрээд явах шиг жаргал хаана байхав. Багш нь Хархоринд төрж өссөнөөрөө их бахархдаг. Яагаад гэвэл Хубилай хаан Хархорумыг бүтээж монголын түүхийн нэгээхэн хэсэг Хархорумын туурин дээр бичигдсэн шүүдээ. Залуу байхдаа ч мэддэггүй санадаггүй байж. Хүн хөгшрөхөөрөө л эх нутаг ээжий аавыгаа санадаг бололтой. Хот газар хөгжиж байгаа ч ардын минь агуу соёл уламжлалыг яаж гүйцэхэв, гадаад улсуудтай хэл, хөлөөрөө зэрэгцэж болох ч монгол гэдэг угсаагаа умартаж болохгүй. Улаанбаатарын зарим хүүхдүүд ширмэн тогоо ч гэж мэдэхгүй байгаа нь яс
хавталзуулах юм.” гээд нулимсаа арчлаа. Яагаад уйлаад байгааг нь сайн ойлгоогүй ч миний ярих ээлж гэдгийг мэдэрлээ. Чи аль нутаг вэ хө. Сайхан сайхан өвөрмөц газар юу байна ? гэхэд эмээгээс сонссон зүйлээс өөр хэлэх үг үнэндээ олдсонгүй. Яагаад гэвэл би өмнө нь хэзээ ч миний нутаг юугаараа өвөрмөц онцлогтой вэ гэдгийг бодож байгаагүй бас мэдэхгүй байлаа. “Би эмээтэйгээ хөдөө хамт амардаг. Гэхдээ би Орхон энэ тэрээр аялаж үзээгүй ээ. Харин манай аймаг хөгжиж байгаа шүү. Шинэ засмал замууд тавигдаж, шинэ газрууд нээгдэж байгаа бас өндөрлөгийн цаана Буга согоот гэдэг уул байдаг гэсэн ...” гэж арай хийн түгдчин байж хэлэхэд багш минь нутгийн минь хүүхэд, монгол хүүхэд ингэж ч ярих гэж гэсээр инээдээ ч барьж дийлсэнгүй. Тэр өдөр их онцгой өдөр байсан. Учир нь хийлээ давтахыг биш төрж өссөн нутгийнхаа талаар мэдээлэл олж уншиж цуглуулаад ярьж өгөөрэй гэсэн даалгавар өгсөн юм. Гэртээ харихдаа бүхэл бүтэн 15 жилийг өнгөрөөж амьдарсан газар нутгийнхаа, өнгө төрх, өвөрмөц соёлын талаар мэдэхгүй байгаа өөрийгөө шоолж ичиж зун бүр аяллаар явдаг найзууддаа атаархаж юу бичих билээ гэж шаналлаа. Гэвч манай гэрийнхэн мал ахуйгаа орхиж яваад аялах боломжгүй. Тийм болохоор аялах ч сонирхол төрдөггүй. Зүгээр л гэр сургууль гэр хөдөө гэсээр ирсэн. Харин боломжтой айлын хүүхдүүд нутгийнхаа талаар илүү мэдлэгийг олж авч байгаа. Яг надтай адилхан аялж үзээгүй. Гэрээсээ гардаггүй хүүхдүүд олон байвал энэ нь жинхэнэ асуудал гэж бодогдлоо. Хэрвээ бидний сурч боловсорч, шинэ зүйлийг мэдэж авдаг сургууль, цэцэрлэгт миний амьдарч буй нутаг түүний гайхамшиг гэсэн тусгай хөтөлбөр эсвэл, завсарлагаа бүрээр эх нутгийнх нь талаар мэдээл өгч бага багаар нутгийнх нь онцлог өвөрмөц байдлыг таниулж , хүүхдүүдэд багаас нь нутгаа хайрлах сэтгэл төлөвшүүлдэг байсан бол би хэний ч өмнө миний эх нутаг төрсөн газар ийм сайхан гээд ярих байсан биз. Даалгавраа хийлээ. Миний Өвөрхангай ямар баялаг бас уудам гайхалтай юм бэ?... 1931 онд байгуулагдаж монгол орны 63500км.кв талбайг эзэлж , мал сүргээрээ улсдаа тэргүүлж, Арц богд уул, Хужирт рашаан, Монгол түмний морины их шүтээн, Хархорум хот, Эрдэнэ-зуу хийд, Төвхөн хийд, Улаан цутгалан гэх мэт олон түмнээ шагшигдаж алдаршсан монголын гайхамшгуудаар хүрээлүүлж зургийг нь харах төдийд очиж үзмээр, ямар нэгэн нууцлаг зүйл байгаа мэт санагдахын зэрэгцээ түрүү үеийн улс төрчид болох Сайн ноён хан Намнансүрэн, Гэндэн, Занабазар , өнөө цагийн урлаг соёл спортын томоохон төлөөллүүд буюу Жанцанноров , Ариунаа, сумогийн их аварга Дагвадорж гэх мэт шилдэг хүмүүс төрж өссөн газар байгаагаараа бахархаж би ч бас удахгүй тэдний нэг болно гэсэн хүсэл минь оргилж энэ бүхнийг өдөөж өгсөн багшдаа туйлын их баярлалаа. Хэрвээ би гадаад улсад суралцвал түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг шиг эх орон, эх нутгийнхаа талаар гайхуулж чадахгүй бол монгол улсын иргэн гэж хэлээд яах юм бэ? Багшаасаа ч их зүйл сурч сургалт ч дуусаж хотод жоохон амрая гэсэн ч хотын үймээн машины түгжрэлд бүр ядрах шиг болж нутгаараа тойрч аялан гэсэн бодол өвөртөлсөөр бушуухан харихын түүс болон гэрийн зүг хөдөллөө. Нээрээ л хүний төрж өссөн
нутаг цаанаа л элгэмсэг зөөлхөн байх, дотно мэдрэгдэнэ.. Сэвэлзүүр салхи нь илбэн таалж чи ирэв үү гэсэн шиг онгийн гол минь шаргал нарны туяанд алт асгарах мэт мяралзан угтлаа. Цагаан хаалгаар орж ирэхэд гэрээ санасан сэтгэл минь надад захирагдалгүй нүднээс нулимс бөмбөрч үгээр хэлэхийн аргагүй догдолж билээ. Одоо л багшийгаа яагаад уйлаад байсныг ойлгож байна. Эмээ дээрээ очиж аавын тоглож өссөн газар болох Эрээн хад гэх өнгө өнгөөр нь давхарлаад тавьсан мэт гоёмсог уран архитектурын шийдэл шиг үнэхээрийн харц булаам хадыг зорилоо. Үүнээс олон хараагүй гайхамшиг үзээгүй нууц байгаа гэж бодохоор бүр цаанаасаа яараад хөөрөөд хөл газар хүрсэнгүй... Хотод хэд хонох гэж гэрээ санаж цонхигор царайлсан би харь газар хүний нутагт ажил хийж яваа ах эгч нарын хажууд юу ч мэдэхгүй бацаан болох оо мэдэрсэн ч том хүн ч бай хүүхэд ч бай хүн л бол хүн. Хүн бүрд ээж аав шиг өсөж төрсөн нутаг бий. Хүн эх орон , эх нутагтаа хайртай байж өв соёлоо мэддэг байх хэрэгтэй. Би оюун ухаан, эрх чөлөөний ундарга болсон унасан газар угаасан усаараа бахархаж байна. Учир нь миний төрсөн нутаг Миний Өвөрхангай. Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12г ангийн сурагч Г.Бэрхшагай
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ-МИНИЙ ТООНОТ НУТАГ Өвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн өндөр уул нурууд, өргөн гол мөрнүүд, өвөрмөц тансаг байгалийн тогтоц өврийн сайхан хангайд минь өнгө будаг хоршуулан, зурсан юм шиг л цогцлон байдаг. Миний төрсөн нутаг бол Өвөрхангай. Хаана ч явсан нутгийн минь уулс түшиж байдаг гэдэгт бат итгэн, сэтгэлдээ “тоонот минь”, нутаг минь” хэмээн сүслэн залбирнам. Манай аймаг 62,895.33 км² нутаг дэвсгэртэй ба 113,157 иргэн (2016 оны байдлаар) энэхүү 3 бүсийг хамарсан нутагт аж төрөн амьдарцгааж байна. Миний тоонот эргэх дөрвөн улиралд өнгө будгаа өөрчлөх ба тэр нэг бүр нь онцлог бас гайхам үзэсгэлэнтэй. Намар навч цэцэгс бага багаар үзэмжээ хувиргаж, алтранхан шаргалтах агаад амьтан хүний сэтгэл ч дагаад элбэг дэлбэгээр бялхаж, Арц Богд уул шигээ амар амгалан налайна. Өвөл Онгийн гол минь дээд зэргийн болор ваар адил гялтагнаж хиргүй тунгалаг цагаан өнгөөр хучигддаг билээ. \"Арвайхээрийн цэнхэр хавар аа, Алдраа насны ариун хайраа” хэмээх аялгуулаг дуу нутгийн минь хаврыг санагдуулах бөгөөд хавар дурсамж бүтээлцэж басхүү дурсамж хөглөнө. Үүлэн завсраар нар шагайлгүй өдөржин шөнөжин бороо орчхоод, цахиртсан цагаан манан намуухан салхинд туугдан замхран одохуй яа алтан наран халуун илчээрээ харамгүй төөнөсөөр миний нутгийн зуны өглөө эхэлдэг. Аяа хангай нутгийн зун цаг аа гэдэг. Ээ мөн дэлгэр сайхан болдог доо. Хангай хангайдаа Өвөрхангай минь хараад хараад ханашгүй, яваад зорчоод барамгүй байгалийн өвөрмөц тогтоцтой учраас бүр ч онцгой сайхан. Өвөрхангай аймагт заавал очиж үзэх ёстой газар гэхэд буруутахгүй үзэсгэлэнт газар маш олон.Үүний нэг нь “Хүйсийн найман нуур” юм. Ширээт, Халиут,Бугат, Хаяа ,Шанаа, Дөрөө, Баян, Хүйс гэсэн нэр бүхий ил харагдах голоор холбогдоогүй ч газар доогуур усны судлаар холбогддог тун сонирхолтой мөн үзэсгэлэнтэй нуур буй. Үүнийг нь загас үржүүлгийн доктор Дулмаа нээсэн гэсэн яриа сонсож байсан юм. Тэрээр Ширээт нууранд загас үржүүлэхээр тавьсан чинь Халиут нуур луу орчихсон байсан гэдэг. Үүнээс үүдэн хоёр нуурын хооронд “туннель” байгааг олж мэдсэн юм гэнэ л дээ. Байгаль эх ийм нарийн зохицолгоотой агаад юм бүхэн холбоотой байдгийн тод жишээ энэ биз ээ. Би ч мөн адил ийм сайхан хангайд мэндэлсэн минь тохиол биш байх гэж боддог. Мөн үүнээс гадна Хангайн нурууны Хятруун, Битүүт Монгол алтайн нурууны Багабогд, Арцбогд, Мянган ямаат зэрэг өндөр сүрлэг уулс байхын сацуу Арвайхээр, Шагж, Долоодой, Хонгор Гучингийн хөндий болон Орхоны хөндий зэрэг тэгш уудам талууд ч манай нутгийг хослон бүрдүүлдэг. Түүнчлэн Өвөрхангай аймгийн нутгаар Орхон, Онги,Таац, Ар агуй зэрэг том голууд урсах бөгөөд Улаан цутгалан Найман нуур Таац Цагаан зэрэг нууруудтай. Мөн эмчилгээний зориулалттай Хужиртын, Могойт, Хятруун, Хүрэмтийн, Таац, Мөстийн, Хүрэн хад, Хорхой түрүү, Тахийн гэхчлэн рашаан ус олон бий. Түүнчлэн бид маш их байгалийн баялагтай бас үйлдвэрлэх боломж бололцоотой. Одоогоор Баруун, Зүүн Сөдтэй, Хуурай сайр, Хөшөөт, Шивээт зэрэг газруудад алтны эрэл, үнэлгээний хайгуулын ажил хийгдэн зарим нь үйл ажиллагаагаа явуулж байгаа юм билээ. Хөдөө аж ахуйн хувьд Өвөрхангай аймаг манай орны хамгийн олон малтай аймаг гэлцдэг. Нутгийн хойд хэсэг газар тариалан ихээр хөгжсөн. Цаашлаад барилгын материалын болон, хүнсний үйлдвэрүүд бий.Бас эрчим хүч, зам тээвэр, харилцаа
холбоо зэрэг дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн бөгөөд Арвайхээр- Улаанбаатар, Хархорин-Улаанбаатар хотын хооронд цардмал зам тавигдсан учраас хот хооронд зорчиход амар мөн шуурхай. Өвөг дээдэс минь бидэнд ийм сайхан газар нутгийг өвлүүлж үлдээсэн бөгөөд нутгийнхаа алтан шороонд мянга мянган жилийн турш шингэж, газар шороо, уул ус болон хувираад бидэнтэйгээ зэрэгцэн оршиж байх шиг.. Энэ нутагт П.Гэндэн(монгол улсын ерөнхий сайд агсан), Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэлцэрэн зэрэг улс төрийн зүтгэлтнүүд хийж бүтээж, бас Д.Пүрэвдорж Б.Ичинхорлоо Н.Жанцанноров, нар аугаа суут бүтээлээ туурвиж байв. З.Ойдов, Ч.Насантогтох М.Хойлогдорж , , Д.Цэрэнтогтох тэргүүтэй, дурдаад байвал дуусашгүй олон сайхан спортын алдартнууд манай нутгаас төрсөн байдаг. Энэ уудам газар нутгийг бидэнд үлдээхийн тулд халуун амиа өргөсөн олон аавын хүү бий. Тэдний нэг нь Л.Аюуш бөгөөд 1945 оны чөлөөлөх дайны үеэр 11удаа шархадсан ч эх орныхоо төлөө баатарлагаар тулалдсаар амь эрсдэж байсан түүхтэй. Үүнийг бид хэзээ ч мартаж үл болно.Аяа аугаа их газар шороо минь! Аугаа их Монголын хєвгvvд минь ! Эдvгээ цєм эх орныхоо алтан хэвлийд нойрсон, эх орон болон биднийгээ юу бүтээн байгуулж, ямар нүгэл хилэнц үйлдэж байгааг харж байгаа биз ээ. Хааяа ийн бодоход сэтгэлд гуниг төрнөм. Хэдий нутаг орон минь дээр өгүүлсэнчлэн баялаг сайхан нутаг, баатарлаг сайхан эрс, хөдөлмөрч зон олонтой ч хүн ам хэт төвлөрч, угаар утаанд идэгдэн, хог хаягдал хөглөрөх нь нэн харамсалтай. Өсөж төрсөн нутгийн минь навчис хүртэл намайг хайрлаач гэж шивнэх шиг санагддаг юм. Эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж бүтээснийг нь хэмхчих, тарьж ургуулж, тордсоныг нь хугачих бидний үе хийгээд хойч үеийнхнээ харахад сэтгэл өвдөх юм. Үе тэнгийнхэндээ болон дүү нартаа хэлэхэд бидэнд хайрлах, дээдлэх, бусдын хийсэн бүтээснийг хүндэтгэх ухаан л дутаад байна. Бид л хичээж чадвал тоонот нутаг минь өөдлөн дэвжих нь дамжиггүй. Би л хувьдаа гадаад улсад орон нутагтаа хамгийн хэрэгтэй тэр мэргэжлээр сурч ирээд жинхэнэ эзэн хүний сэтгэл зүтгэлээр хичээн ажиллаж, нутаг орноо өндөр хөгжилтэй гэж дурлан чихчилдэн амьдардаг, үхэн хатан тийшээ л зүтгэдэг тэр хот тосгод шиг нь болгох сон гэж хүсдэг. Эцэст өгүүлэхэд бид өөрсдийн амьдарч буй нутаг орныхоо түүх соёл, нийгэм, эдийн засаг, хүн ам, түүхэн зүтгэлтэн бахархалт хүмүүс, байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрынхаа тухай сайн мэддэг байж, түүгээрээ үргэлж бахархан хөгжүүлж,, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өндөр их үүрэг хариуцлага гэдгийг ухаарам. “...Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэлгэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай...” ЕБ-ын лаборатори Мэргэд сургуулийн 12б ангийн сурагч Э.Энхчимэг
НАДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ГАЗАР ШОРОО МИНУ “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан, үр хойчдоо хүлээлгэж өгнө” О.Дашбалбар Өвөрхангай аймгийн 19 сумын нэгийг Уянга сум гэдэг. Би Уянга сумын иргэн. Монгол төрийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тууштай тэмцэгч Монгол Улсын анхны ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн төрж өссөн, засаглаж явсан нутаг. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн түүхэн гавьяа зүтгэл Уянгачуудын хамгийн том бахархал болж байдаг. \"Уянгын алт\", \"Уянгын эрээн мод\" ,\"Уянгын сүү цагаан идээ\", \"Уянгын дуу хуур\", \"Уянгын 4, 6 түмэн сарлаг үхэр\", \"Уянгын түмэн тугал\" ,\"Уянгын 3 түмэн адуу\" гээд түүхийн хуудсанд бичигдсээр... Манай сум зах зээлийн өнөөгийн үед хамгийн сайн хөгжиж байгаа сум билээ. Тэр дундаа алт, алтны уурхайгаа түшиглэсэн гэхэд хилсдэхгүй. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 60 км зайтай оршдог, нутаг дэвсгэрийн нийт хэмжээ 319 мянган км.квадрат, үүний 28.8%-ийг ой мод эзэлдэг. Манай сумын Өлт, Бөөрөлжүүт орчимд 1988 оноос хайгуулын ажил, 1992 оноос алт олборлолт эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Уянга суманд уурхайд өртсөн нийт талбай 257,6 га байгаагаас Эрэл ХХК-ний эвдсэн талбай 242,6 га буюу 94% байна. Эрэл ХХК нь Уянга суманд алт олборлох үйлдвэрлэл эхэлсэн анхны том компани юм. 1990 оноос Алт хөтөлбөр хэрэгжих үеэс эхлэн уул уурхайн үйлдвэрлэл ихээр хөгжсөн газар нутаг нь уул уурхайн эдэлбэрт нэлээдгүй өртөж, тогтмол 50 гаруй бичил уурхайн компаниуд, 5000-аас дээш гар аргаар алт олборлогчид нь ашигласан газрынхаа 91 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 0-1 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байдаг гэж барагцаалсаар ирсэн боловч энэ талаар бүрэн гүйцэд судалгаа орон нутгийн түвшинд хийгдээгүй байна. Нэг ёсондоо 1998-2002 оны үед гар аргаар хууль бус олборлолт дээд цэгтээ хүрч, энэ үед экосистемийн тогтолцоо алдагдаж, газрын хөрс их хэмжээгээр эвдрэлд орсон гэх ерөнхий тайлбартай байдаг. Үнэн хэрэгтээ: “Намаг шалбаагтай байсан газар бургилсан улаан тоос болж Булаг шанд урсдаг байсан газар химийн хорт бодистой, шалаамаар урсан Дов толгод байсан газар ухмал, цүнхмэл хоосон нүхээр дүүрэн Хадлангийн талбайтай байсан газар одоо харагдах ургамалгүй болтлоо л сүйтэж гэмтсэн” дүр зураг хажууханд үзэгдэнэ. Бид үр хүүхдүүдээ “Байсан...гэх чихэнд нь хоногшсон үгтэй, нүдэнд нь торсон улаан тоос, шороотой” хамт үлдээх гэж үү !!!
Дэлхийд уул уурхайгаас үүдэлтэй гамшиг бий болж байна. Газрыг доогуур нь ухсанаас болж бүхэл бүтэн хот цөмрөөд орсон тохиолдол ч бий. Амсхийх завгүй хөгжилд тэмүүлсээр байгаа боловч бид арай л буруу замаар будаа тээгээд байх шиг. “Хөгжлийг чирэх хүлээлт дагуулсан уул уурхайн салбар маань одоогоор хөгөө л чирч явна. Буруутан нь мэдээж салбар нь өөрөө биш, түүний засаглал юм.-Баабар” Сүүлийн 15 жил байгалийн нөөц баялагт шунан бие биенээсээ өргөн ашиглах байдал газар авчээ. Мөн Уянга сумын Өлтийн хөндийд алт олборлогч 700 гаруй иргэдийн 27.8% нь Уянга сумын иргэд, 72.2% бусад аймгуудаас ирсэн хүмүүс байна гэх судалгаанаас: Хууль бус уул уурхай нь тэр дундаа албан бус алт олборлох үйл ажиллагаа хөдөөгийн хүн амын орлогын чухал эх үүсвэр болж, хөдөөд орлого олох боломж багассан, ган зудын уршгаар мал сүргээ алдаж орлогын эх үүсвэргүй болж ажилгүйдэл ихэссэнээр, уул уурхайн салбар руу орох нь ерөнхийдөө сайн дурын хэрэг бус зайлшгүй шаардлагын үүднээс хийж байгаа алхам болоод зөвшөөрөлгүй газар авах хэрэгцээ байгаа, зэрэг асуудалд олборлолтын явцад 257.6 га малын бэлчээрийн талбай сүйдсэн нь малчдад төдийгүй сумын төвийн иргэдэд нэлээдгүй нөлөөлсөн юм. Уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлт 2 нэг зоосны хоёр талаас ялгаагүй зүйл. Гэвч орон нутагт уул уурхайг ашиглаж буй компаниуд үүний нэг талыг орхигдуулж тэр ч байтугай “Зоосны нүхээр харах” сэтгэл агуулж буй бодит үнэн юм. Үүний жишээ бол манай сум, дээр дурдсанчлан эцэг эх маань-“Өлтийн хөндий, Бөөрөлжүүтийн хөндий гэдэг чинь өвс ногоо нь халиурсан эмийн ургамлын уурхай, хадлангийн газар байсан шүү дээ. Гэтэл одоо... хэмээн шүүрс алдан хөөрөлдөх нь” энгийн л үзэгдэл. Уул уурхайн нөхөн сэргээлт гэдэг нь уурхайн олборлолтоос үүдэж эвдрэлд орсон газар болон байгалийн онцлог, газар зүйн байршлаас шалтгаалан үржил шимт өнгөн хөрс муутай газрыг нөхөн сэргээх үржил шимтэй болгож байгалийг унаган төрхөнд нь оруулах цогц ажил юм. Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн гэж хоёр үе шаттай хийдэг. “БНСУ-ын хувьд хээрийн судалгааг маш сайн хийсний үндсэн дээр ямар байдлаар нөхөн сэргээлт хийх зураг төслөө гаргаад, ус зайлуулах систем зэрэг бүх зүйлсээ төлөвлөөд нөхөн сэргээлт хийдэг аж”. Энэ жишээгээр алт олборлогчид, ард олноо “Техниктэй нинжа” нэрээрээ алдаршсан бүлэг хүмүүст нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь ухсан нүхээ булаад орхихтой огтхон ч адилгүй гэдгийг үзүүлмээр л байгаа юм.
Манай сумын хувьд жил дамжин нөхөн сэргээлт, алт олборлогчдын техник хэрэгслийг хураах, олборлолтыг зогсоох зэрэг арга хэмжээ сум, аймаг, улс төрийн оролцоотой явагдсан хэдий ч өнөө л дүр зураг үргэлжилсээр... “Эх байгалиа хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал” гэж ам уралдан хэлдэг ч бид уул уурхайн салбарын талаар хангалттай мэдлэггүй нь өнөөг хүртэл “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэдэгчлэн бид эрхзүйн байдлаар ч тэр, өөрсдийн оролцоог цагдаж ирсэн. “Нэр үгүй жагсаал, сүр үгүй дайн” гэж нэрлэж болох юм. Монгол улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх өөрөөр хэлбэл “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” хандлага ноёлсныг засаж залруулах чиглэлээр авч буй хөтөлбөрүүд ар араасаа хэрэгжиж байгаа нь сайшаалтай хэрэг ч ганц удаагийн нарийн системтэй \\аль аль талдаа үр өгөөжтэй, ирээдүйдээ тулгуурласан, тогтвортой цогц төрийн бодлогоор хангах\\ хөдөлгөөнөөр дорвитой хөдөлж чадвал энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. Нутгийн уугуул иргэн миний хувьд хяналт, оролцоогоо ухааран хэрэгжүүлж, засгийн бодлогыг дэмжин, хамтран ажиллаж унаган байгалиа сэргээхэд хувь нэмрээ оруулан “Бурууд нүд хурц” гэхчлэнгээр иргэний үүргээ биелүүлэх болно.Одоо бидэнд ийм дүр төрхтэй газар нутаг хүлээлгэн өгч байна, 50,60,70... жилийн дараа бид үр хойчдоо ямар газар нутаг үлдээх вэ? “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан үр хойчдоо хүлээлгэж өгнө” О.Дашбалбар Уянга сумын ЕБ-ын 1-р сургуулийн 11а ангийн сурагч М.Ангараг
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Эх орны минь төв цэг өврийн сайхан хангай нутгаас 135 км алслагдсан Таацын голын тунгалаг рашаанаас ундаалсан Нарийнтээл сумын охин билээ би. Нэрний минь урд орших эцгийн минь нутаг юм хойно ирээд буцах хүртэл би төрсөн нутгаараа гайхуулна. Эртний түүхт өв соёл, дурсгалт газрууд минь байна. Элэг нэгт нутгийн минь эх орондоо танигдсан алдартнууд байгаа цагт сайн сайхан замыг нь үргэлжлүүлэх гэрэлт ирээдүй нь би байна. Сайн байна уу? Өвөрхангайн 90 жил минь таныг угтаж байгаа энэ цаг үе нижгэр их бүтээл туурвил, хөгжил дэвшилтээр угтан байгаадаа нутгийн иргэн би маш их бахархаж байна. 1931 оны 2 сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ахин дэвшсээр 2021 оны босгон дээр бид хэдийн монгол улсдаа тэргүүлэх аймгуудын эгнээнд багтжээ. Өвөрхангай аймаг гэх үндэснээс салаалсан урган гарч буй амтлаг жимс шиг 19 сумаар хүрээлэгдэж 6,289,533 км квадрат газар нутагт оршин байгаа Монголын томоохон аймаг билээ. Тал хээр говь хангай хосолсон өргөн уудам нутагтаа малчин ард түмний хөдөлмөрийн үр шимээр 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 5сая 625 мянган толгой мал тоолуулж хорин нэгэн аймгаас гутгаар байрт жагссан амжилттай үзүүлэлт байна. Түүнээс хос бөхт тэмээн сүргээр Богд сум, эр цэргийн түүхтэй үргэлж хамт дуурсагдах адуугаар Бүрд сум, байгалийн үзэсгэлэнт газар ихтэй Уянга сум нь үхрийн тоогоор тэргүүлж, сүү цагаан идээний эх ундарга ямаан сүргээр Богд сум гэх тус тус сумууд нь эх орны минь баялаг та. Аймгийн төвд минь хөшөө дурсгал их бий. Түүнээс дурдвал дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг болох СОЁМБО \\өөрөө гарсан гэгээн гэсэн утгатай\\ үсгийг зохиосон Монгол улсын төр нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын хөшөө цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн байх ба Монгол улс манжийн дарлалаас гарахад ихээхэн хувь нэмэр оруулсан Монгол Улсын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн гуайн хөшөө, Анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж явсан Монгол Улсын 9 дэх ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн гуайн хөшөө, 23хан насандаа 1945 оны чөлөөлөх дайнд 11 удаа шархадсан ч баатарлагаар тулалдаж байсан БНМАУ-ын эрэлхэг дайчин Лувсанцэрэнгийн Аюуш баатрын хөшөө сүндэрлэн оршиж мөн 1939,1945 оны дайнуудад оролцсон мөнхөд дуурсагдах баатруудын нэрийг сийлсэн байдаг. Ардын хувьсгалын баяр наадам эрийн гурван наадам жил болгон өрнөдөг наадмын талбайд сур харваач, аргаль янгирын баримал, дэлхий дахины хамарсан 2 урсгал чиглэлийн бэлгэ тэмдэг капитализмыг алгасагч гэх бүтээлүүд байгаа нь нутгийн зон олон энэхүү түүхэн үйл явдлыг танин мэдэх, үр хойчдоо мэдлэг болгон үлдээж байнаа. Мөн түүгээр ч зогсохгүй дэлхийд ганц нүүдэлчин ард түмний гэрийг орчин үеийн арга технологийг монгол арга ухаантай хослуулан сийлж бүтээсэн \"Уянга хийцийн гэр \"-ийг Монголын өнцөг булан бүрийн ард иргэд авах дуртай байдаг билээ. Байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудаас улаан цутгалан, Авзага хайрхан , Морины их шүтээн , хүйсийн найман нуур, Хархорин сумын нутагт байрлах түүхэн барилга байгууламж гэх мэт аялал жуулчлалын сонирхолыг татах газар нутаг их байдаг. Анх би 2013 онд Өвөрхангай аймагтаа шилжиж ирж байхад хаана ч явсан төвөөс бусад газар шороон замтай, гэр хороолол гэрэлгүй, Дэлгэрэх голоос дээш доош чиглэлд битүү шороо бүрхэгдсэн үе саяхан..Харин одоо засмалаар хучигдсан ард иргэдийн амьдрах таатай орчин бүрдсэн төв талбай минь гэрлээр цацарсан түмэн олны нүд баясам гэрэлт гүүр, гудамж барьж нутагтаа өнгө нэмж байгаа зүйл маш их ээ.
Өвөрхангай аймаг нь жил бүр тодорхой нэгэн салбарт зорилго тавьж тухайн зорилгодоо хүүхэд бидний ирээдүй, эко ногоон орчин ба байгаль дэлхий, хүмүүсийн хөгжил боловсрол гээд олон талт үйл ажиллагааг нүдэнд харагдаж гарт баригдахуйц хийдэгт нутгийн удирдлага, хийж бүтээж байгаа олон мянган ажилчин ах эгч нартаа маш их талархдаг. Эцсийн эцэст энэ бүх зүйл нь зөвхөн үр хойч биднийхээ төлөө байгаа нь ирээдүй болсон хүүхдүүд бидэнд сайн хүн болохоос өөр замгүйг үг үйлдэл бүрээр ухамсар суулгаж өгдөг. Сургалтын чанар нь ч хамгийн сайн тиймдээ ч сүүлийн хэдэн жилд боловсролын түвшингээр 1-3-р байруудыг алдалгүй жагсаж байна. Амьдрах орчин нөхцөл таатай байдаг болохоор төрсөн нутагтаа би хайртай. 90 жил гэдэг бол хүн бүхний амьдралын өнгөрсөн одоо ирээдүйг бүтээж байгаа маш урт хугацаа хэдий ч харвасан сум шиг л өнгөрч ерэн жилийг ардаа үдэж цааш үргэлжлэх 100 жилийг угтан авах үед би Өвөрхангай нутгийнхаа хөгжилд маш том тус болох иргэн байх болно. Өвөрхангай аймаг минь \" Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө\" үндэс нэгтэй мод шиг салаа бүр болсон сумдууд минь атгасан гар шиг байж дэлхийн төвшинд гарах боловсролтой хойч үеийг бүтээж ард иргэдийн минь юу санасан есөн хүсэл биелж байхыг ерөөгөөд түүхт 90 жилийн ойн Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 12д ангийн сурагч Б.Баярмаа
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ “ Хөвч ногоон уулын хангай Хөшиг номин талын хангай Уудам цэлгэр говийн хангай Унаган нутаг минь Өвөрхангай” Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн нэг мянга есөн зуун гучин нэгэн оны хоёрдугаар сарын арван наймны өдрийн долдугаар тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан гучин нэгэн сумтай Түйн голын Цагаан Эрэгт төвлөрүүлэх нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй. Төдийгөөс өдий хүртэл ерэн жилийн турш Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж, түүхийг шар хуудаснаа тэмдэглэгдэхүйц орон нутаг болж чадсан байна. Энэхүү нэгэн зууны түүхийг бичилцсэн, энэ цаг хугацаанд Өвөрхангайг маань өндийлгөн босгосон эрхэм хүмүүс өдгөө гавьяаныхаа амралтад сууж, төр түмнийхээ төлөө залбираад л байж байгаа байх. Тэд бидэнд Чингис хаан монгол түмэнд өргөн уудам газар нутгийг өвлүүлсэнтэй нэгэн ижлээр өнөөдрийн Өвөрхангайг үлдээсэн. Төгсгөх учиргүй тэдний үргэлжлэл нь бид. Өвөрхангайгаар овоглосон хүүхэд, залуус бүхэн. Хамаг Монгол улс нэгдэхэд хэдэн зуун дайн тулаан өрнөж, хэдэн мянган хүний амь нас золиослогдсоныг хэн хүнгүй сайн мэднэ. Өнөөдөр дэлхийд энх тайван тогтсон учир бид буу агсаж эх орноо хамгаалах шаардлагагүй болсон. Харин эх нутгийнхаа хойчийн төлөө өөрсдийн хуримтлуулсан эрдэнэ мэт мэдлэг, сэтгэлд ассан оч бүхнээ цацал болгон өргөх учиртай. Ингэхийн тулд бид нутгийнхаа түүх соёлыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Талхны орцыг мэдэхгүй бол хэрхэн амттай талх бүтэх билээ... Монгол гэхэд хүмүүст шууд Чингис хаан бодогддог. Түүн шиг манай нутгийн хувьд бусдад танигдсан тэр хүндэт хүмүн нь хэн бэ? Анхдугаар Богд Жавзандамба хутагт, Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн, Улсын Бага Хурлын анхны дарга Пэлжидийн Гэндэн Монгол улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш нэг мянга есөн зуун дөчин таван оны “Чөлөөлөх дайн” гэгддэг Халх голын дайнд эх орон, элгэн саднаа хамгаалж амь эрсдсэн зоригт эр зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд олон. Монгол улсын соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Ардын жүжигчин, хошой шагналт Нацагийн Жанцанноров, Төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж, Нэгдсэн Үндсэний Байгууллагын элч дуучин Төмөрийн Ариунаа. Олноо алдаршиж онцгойрон тодорсон Их Монгол Шаравжамц, Дархан аварга Зэвэгийн Ойдов, сумогийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж гээд миний нутгийн бахархал болсон эрхмүүд олон. Эдгээрийн залгамж ч тасрахгүй үргэлжилнэ гэдэгт би итгэдэг. Мөн түүх соёлын эртний, дундад зууны үед холбогдох байгалийн болон соёлын дурсгалт газрууд олон бий нь жуулчдын анхаарлыг татагч гол хүчин зүйл болдог. Хоёр мянга арван есөн онд гэхэд гадаадын болон дотоодын тавин мянган жуулчдыг хүлээн авсан байна. Тэдгээрээс дурдвал: Орхоны хөндийн дурсгалт газрууд, Их Монгол улсын нийслэл Хархорум хотын туурь, Монгол улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд болох Эрдэнэ зуу хийд, шарын шашны тэргүүн Занабазарын байгуулсан Төвхөн хийд, Монгол түмний Морины Их Шүтээн гээд нэг бүрчлэн тоочиж бичвэл энэ цаас маань дүүрч, энэ өдөр дуусах бололтой.
Миний үеийн хүүхдүүд ихэнх нь харь оронд сурч боловсрох, амьдрах сонирхолтой болсон мэт санагддаг. Надад мөн ийм бодол бишгүй төрж байсан. Гэхдээ энэ бүх сонирхлын цаана хураасан мэдлэгээ эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө зарцууулах хүсэл бас байдаг нь лавтай. Гэхдээ... Эх орноо, эх нутгаа цэцэгс чимэх шиг чимж явах залуус маань гадаад улс руу нүүдлийн шувуу шиг орхин одоход нутаг нь яг л үнэт баялгаа алдсантай адил хоцордог. Өнөөдөр Өвөрхангай өвөлдөө утаатай, зундаа тоостой, хөгжил буурай мэт санагдаж болно. Энэ мэт асуудлаас бултаад, тохилог байдлыг хүсээд нутгаа орхиод явах нь элбэгшсэн. Бидний өмнө харь орон руу хаяж одох уу? үлдээд хөгжүүлэн цэцэглэх үү? гэдэг хоёрхон сонголт л байдаг. Хаяж одох сонголтыг хийх аваас хэн, хэзээ нутагтаа ирж өргөс бүхнийг нь түүх юм бэ? Өөрсдөө төрж өндийхдөө тулж босчихоод өнөөдөр нутгаа ийм нүдээр харах нь ээжийгээ өвчтэй цагт нь орхиод явахтай адил буюу. Хүн ээжийнхээ нэг шөнө босож хөхүүлсэн ачийг шүүдрийн дусал цуглуулж, цай чанаж байж хариулдаг гэдэг. Тэгэхлээр дааж давшгүй их ач байгаа биз. Ээждээ бид тийм л их, хэмжээлшгүй үнэтэй байдаг. Харин та эх нутгийн тань юу үнэтэйг та ухаарсан уу? Өвөрхангай аймаг нийт нэг зуун арван зургаан мянга есөн зуун хорин хоёр хүн амтай, бүгд манай нутгийн баялаг. Эх нутгийн минь иргэн бүр, элс шороо бүр нь үнэтэй. Ийм үнэ цэнтэй учраас нь бурхнаас хүртэл харамласан юм шүү дээ. Бороо орохгүй бол цэцэг яахын дэлбээлж нахиалах билээ. Эх нутгаа услах залуус үгүй бол нутаг маань яаж хөгжиж цэцэглэх билээ. Орхиод нисэх нь цөөн байж,“Өвөрхангай” гэх нэрийг хүн бүр сонсоод хүндэтгэн мэхийх хүртэл өөрийн мэдлэг ур чадвараа зориулах нь олон байгаасай. Тэр цагт л миний Өвөрхангай, бидний Өвөрхангай Америкийн Лондон хот шиг, Хятадын Жянсү муж шиг хөгжлийн тэргүүнд бичигдэж, манлайд дуудагдаж чадна. Морин хуурын эгшигтэй, уртын сайхан дуу, хөөмэйн өвөрмөц авиатай, яруу сайхан шүлэгтэй, нүүдлийн дахин давтагдашгүй агуу соёл түүхтэй, нүдээр үзээд дуусашгүй байгаль ан амьтантай, хараа хүрч гүйцэмгүй тал хангай хосолсон нутагтай, таван эрдэнэ болсон таван хошуу малтай, танан цагаан гэртээ тааваар амьдран суудаг энгийн гэхэд эгэл, жирийн гэхэд даруу Монгол орон, өврийн сайхан хангай нутаг. Дараа төрлийнхөө заяа тавиланг зурж болдогсон бол эргэлзэлгүйгээр энэ сайхан нутагтаа эргэж төрөхөөр зурахсан.. Төгрөг сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Б.Дашдондов
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Би хөрст алтан дэлхийд хүн болж төрсөндөө тэр дундаа монгол оронд төрсөндөө тэр дундаа монгол оронд Чингисийн үр удам нь хэмээн хүндлэгдэж байдагтаа туйлын азтай хэмээн баярлаж бас бахдаж явдаг билээ. Миний бие 2003 онд Өвөрхангай аймгийн Богд суманд мэндлэж Богд нутгийнхаа агаараар нь амьсгалж, усаар нь ундаалж, нь тоглосоор эдүгээ 18 настай охин төрсөн нутгийнхаа талаар сийрүүлэн сууна. Богд сум нь Алтай таван Богдын үргэлжлэл бөгөөд сүмбэрлэн цэнхэртэх Арцын нуруу, Их, Бага Богд уулын нөмөрт оршино. Анх 1931 оны 2-р сарын 07-ны өдөр Арц уулын сум , Батширээт сумыг нэгтгэж Ховд гэж нэрлэн Ховд голын урд дэнж дээр суурьшуулжээ. Ховд сум нь 1940 онд хоёр сум болж зүүн Богд сум нь бага Богд уулын өвөр Цагаан тоогой гэдэг газар, Ховд сум нь Баянтөхөмд тус тус төвлөрөн ажиллаж байгаад 1957 оны газар хөдлөлтөөр зүүн Богд сумын бүх барилга нурж үгүй болсоны дараа 1962 онд хоёр сумыг дахин нэгтгэн Богд сум гэж нэрлэж, Ховд голын хойд дэнж дээр суурьшсанаар өнөөг хүрчээ. Богд сум нь говь хээрийн бүсэд хамрагддаг, хамгийн алслагдсан, хүн ам олонтой, дэд бүтэц муу хөгжсөн томоохон үйлдвэр үйлчилгээний газар байхгүй зэрэг шалтгааны улмаас хойшид бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Давуу тал нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн тоо толгой жил тутам өсч, түүний дотор тэмээ болон ямаан сүргийн нийт малд эзлэх хувийн жин нэмэгдэж, түүнээс ашиглах ашиг шим, үр өгөөжийг малчид бодитойгоор хүртсэнээр сүүлийн жилүүдэд амьжиргааны түвшин харьцангуй дээшилж байна. Сумын нутаг дэвсгэрт буй байгалийн үзэсгэлэнт газар, монгол ахуй, уламжлалыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн ачлал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барин ажилладаг. Алсын бараа ширтэхүйд давхар давхар уулс нь номин өнгөөр нүд баясган, сэтгэл сэргээх 10155 километр квадрат нутаг дэвсгэрт маань ер бусын бүхэн бүрдсэн юм. Аав шиг түшигтэй, ээж шиг энэрэлтэй. Арц, Богд уулсаас минь эхлээд элэнц хуланцын үеэс улбаатай эртний домогт, түүхийн дурсгалт газрууд үлэмж сайхнаа гайхуулсан уул нурууд, ухаа толгод, нэн ховорт тооцогдох эмийн ургамал, эрдэнийн чулуу, элбэг баян булаг шанд, элдэв шидэт рашаан ус, эрсдэж ховордсон араатан, жигүүртэн гээд цөм бүрдсэн ид шидийн орон билээ. Олон Богдын сав нутаг Арц, Богдын сүрлэг уулс алсаас цэнхэртэн, зэрэглээн дунд жингийн цуваа явж байгаа мэт хөдлөн харагдана. Арц Богдынхоо нурууны оройгоос алсыг ширтэн харахуйд зүүн тийш Гучингийн талын цэнхэр Хонго, Зараа алган дээр мэт, Хүн-Хэрээгийн хөндийн ногоорон, бидний хонь хариулж өссөн Тэвш хэмээх эртний сөнөсөн галт уулын үзүүр Элсэт мухар, Ховдын гол цэнхэрлэн урсаж Тэвшийн үзүүрт шингэх мэт үл үзэгдэх шиг болоод, баруун тийшээ харахад Арцын өврийн говь урагш харахад Сэврээ уул, Өмнөговийн Гурвантэс сумын нутаг, хойш харахад Их, Бага Богд уулс харагддаг нь нүдний өмнө тусаж унасан газар, угаасан уснаасаа олон жил, удаан хугацаагаар холдсон хүмүүн төрсөн гэрийн буурь дээрээ очиж хөрвөөн, хөх тэнгэрээ харах шиг жаргал ховор хэмээнэ. Агь, ерхөг, хазаар, хөмүүл, баглуур, бор, улаан бударгана, таана янз янзын шарилж, хамхуул, дэрс гэх мэт амтлаг ургамал нүдэнд жирэлзэн түүнээс толгойлсон таанын хурц, соргог үнэр анхилуун сайхныг хэлэхийн аргагүй агаад Алтайн нурууны үргэлжлэл, алсаас сүмбэрлэн цэнхэртэх Арц гурван Богд, Бага Богд уулс далайн түвшнээс дээш 2300-3100 метр өргөгдсөн хэмээн сургуульд заалгасан гэнэт санагдан Богд уулын дээвэрт байх Шивээ нуруу, Сэрвэн хашаат, Дулаан Богд, Бага хайрхан, Тоорой, Тэвш, Нарийн хар, Дунд хад, Хуц хайрхан, Өөш Шахлаг гэх мэт өгөөжтэй, ээлтэй сүрлэг, уран баримал мэт уулын нурууд, Хонгор, Хөөвөр, Хар нүдэнгийн ариун тэнүүн ачлаг бэлчээртэй нуруу, талууд Монгол, Шар хөв, Адаг гашуун, Бүрдний урт урт хоолойнууд, эртний домогт Хүн-Хэрээ, Баянтөхөм, Ховд, Тарагт Далангийн цэнгэг устай, тунгалаг голуудтай хэмээн бодохуй бидний тоонотын, бидний унасан газраас үнэтэй, өнөтэй, сайхан нутаг энэ дэлхийд үгүй
ажээ! Тал, хээр хосолсон Баруун, Зүүн Сухайт, Талын сухайт, Шар хулс, Газрын ус, Гөнжлөгийн Сухайт, Шаваг, Бүрд зэрэг заг, сухайн ойтой, Бага Богдын улиасын төгөл, хайлаас, яргуй, бургас, заг, сухай, харганы ягшимаг, буйлс гэх мэт мод, модлог ургамал ургадаг ойтой нутаг. Бидний тоонот ойтой нутаг, сонгино, хүмүүл, гоёо, тошлой, Монгол нутагт ховорт тооцогдох Лидэр, Дэгд, Алтан үс, Бамбай мэт элдэв өвчнийг илаашруулах эмийн ургамал, солонгийн зургаан өнгийн шороон будаг, чулуун нүүрс, шохойн чулуу, эрдэнийн чулуу, билүү, болор, Чүнчигноров, мана, цахиур, өнгөт чулуугаар элбэг баян, дэлхийд хаа ч байдаггүй Чүнчигноров хэмээх эрдэнийн чулуу зөвхөн Арцын нуруунд бий. Энэ эрдэнийн чулуу нь олон улсын эрдэнийн чулууны ангилалд Чүнчигноров нэрээр оржээ. Бидний тоонотод дэлхийд ховордсон хавтгай, хулан, аргал, янгир, ирвэс, үнэг, хадны суусар, хярс, бор зээр, туулай, мануул, тарвага, зурам, дорго, чоно зэрэг ан амьтад Арц Богдын халил өндөрт нисэх хүрэн бүргэд, ёл, тус, хойлог, харцага, хөхөө, ногтруу, ятуу, шар шувуу, сар зэрэг жигүүртэн бүгд цөм бий. Элдэв зовлонгоос ангижруулах Хүрэн хад, Наран саран, Туруухай, Хонгил, Дулаан Богдын сэндэртийн рашаанууд, анагаах чанартай шороо хүртэл бүгд цөм бүрэн, ёстой л их зохиолч Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн бүх юм бүрдэн тохирсон нутаг. Монгол нутагт хүн бий болсон үеэс миний нутагт үлдсэн түүхийн дурсгалт газар, Арцын зүүн мухар булаг дахь эртний чулуун зэвсгийн доод үед хамаарагдах дархны газар Илжгэн чихт хааны шар хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйтай тэрэгтэй хүмүүсийн сүг зураг, бичигт хад зэрэг түүр дурсгалын дурсгалт болон үзэсгэлэн гоёороо гайхуулсан Өөш шахлаг, Дулаан Богд, Буга-Хайрхан, Зост, Богд уулын Шивээ овоо, Сэрвэнгийн Агуй зэрэг нутгийн олны хайрлан шүтдэг газрууд олон бий. Эргэх дөрвөн улиралд элэг зүрхний угаас уяатай энэрэлт энэ нутагтаа би ийм л гэж зүйрлэхийн тийм л гэж тодорхойлохын аргагүй хайртай. Хайртай гэж хэлэхдээ бус хайрлахын утга учрыг ухаж олохдоо цаад учир нь бий гэж боддог. Төрөхөөс үхэх хүртэл зуурхан саатах энэ л эгшинд төрсөн биеэс минь төө ч холдохгүй, нутгийн минь нэр бидний овог. Хазайлгаж болохгүй титэмтэй зүйрлэсэн хан аав, хайрт нутгийнхаа нэр төрийг өргөж явсан үүрэг бидэнд оногдсон. Тийм л учраас зөв бодолтой, зөв сэтгэлтэй, зөв үйлдэлтэй, зөв дуурайлалтай, зөв явж гэмээ нь энэ л бидний нутаг орондоо оруулж буй хамгийн чухал хувь нэмэр биз ээ. Уудам цэлгэр нутагтаа “өөриймсөг” хандаж, онгон дагшин байгалиа хадгалж үлдээхийн төлөө чармайдаг. Зээглэсэн шаргал толгодынх нь алтан наран хормойноос зүүгдэж өссөн нутгийнхаа эс ширхэг бүрийг хайрлан хамгаалж байгаасай гэсэн чин хүслээр энэхүү эссэгээ өндөрлөе. Арвайхээр сумын ЕБ-ын 5-р сургуулийн 12а ангийн сурагч Т.Лхагвасүрэн
ЭЛС МИНЬ, РАШААН МИНЬ, ЭМЧ МИНЬ ЭНЭ БОЛ МИНИЙ НУТГИЙН ГАЙХАМШИГ Эх орныхоо үзэсгэлэнт газар орныг өөрийн нүдээр үзэж мэдрэх боломж хүн болгонд байдаггүй. Тиймээс ч Монголчууд бид байгалийн үзэсгэлэнт газар, төрөн гарсан алдартангуудаар нь аймаг болон сумдын талаар бага зэрэг мэдлэгтэй болж байдаг.Тэгвэл Өвөрхангай гэхэд хүн бүрд хамгийн түрүүнд бодогддог зүйл бол Өвөрхангай аймгийн 8-н гайхамшигт газар болон сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорю Д.Дагвадорж, монгол түмний хайрт аварга Д.Цэрэнтогтох зэрэг монгол болон дэлхийд нэрээ данслуулсан алдартан хүмүүсээр дотоод болон гадаадын аялал жуулчлагч нар андахгүй бизээ. Манай аймагт аялагч, жуулчдын анхаарах хүсэл зоргийг татах олон газар байдаг.Улаан цутгалан,Эрдэнэзуу хийд Хархорум хот гэх мэт тоочоод барамгүй олон газар бий.Эдгээр газруудын талаар болон алдартангуудын талаар олон хүн эсээнийхээ гол санааг болгох болов уу? гэж бодож байгаа болохоор миний хувьд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын талаар бичихээр шийдлээ. Энэ газар нь миний хүүхэд насныхаа ихэнх дурсамж цаг хугацааг өнгөрүүлсэн сайхан нутаг юмаа.Энэ нутагт бага балчраасаа эхлэн 10 жил нэг ангид сурсан сайхан найзууд минь бий. Балчир насанд минь болж өнгөрсөн юм бүхэн сонин содхон дурсамжаар дүүрэн байдаг юм. Энэ дурсамжийн нэг нь манай сургууль жил бүрийн намар анги хамт олноороо Бага Богд уулын зүүн хойд хэсэгт байрлах сумын төвөөс 7км зайд оршдог Элсний эмчилгээ хэмээх шаргалтан бидэрлэх элсэн манхан уулын зүг явган аялал хийдэг.Тэнд очсон хүүхэд бүр л магнай тэнийн баярлан хөөрч тоглож эхэлнэ, элсний зах руу нь ороод л гутлаа тайлан бариад гүйж элсэн уул руу мацан авирч уралдаад л дээр гарсан зарим нэг нь урдаас бөмбөрч орж ирээд л бөөн инээдэм болдогсон.Маш олон уралдаан тэмцээн зохиож нэг өдрийг анги хамт олон, багш нар хамгийн аз жаргалтайгаар өнгөрөөдөг байсан. Бидний тоглодог энэ элс бол Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Энэ элс нь бөөр нурууны өвчинг эмчилж олон хүнийг анагаах увидастай гайхамшигт элс юм. Анх 1980-аад оны дунд үед ардын уламжлалт анагаах чиглэлээр олон хүний амь насыг аварч чадсан алдарт эмч Г.Батсуурь эмч анх нээсэн. Энэ настангийн дурдсанаар: ”1980-аад онд тэр үедээ л аймгийн удирдах ажил хийж явсан нэгэн эрхэм бөөрний хүнд өвчний улмаас хавагнаж анагаахаар яваад эдгэхгүй арга барахдаа өвгөн намайг зорин ирж эмчлүүлж байлаа. Ард анагаах хоёрыг хослуулан хэрэглээд тусыг эс олж байсан.Тиймээс удаан тунгаасны эцэст энэ элсийг ашиглаж үзье хэмээн эмчилгээний минутаар 3-4 хоног суулгасны эцэст нөгөө хүний бие илааршиж хаван нь бууж эхэлснээр манай элс бол жир элс биш эмчилгээний элс юм байна гэдгийг мэдэж нээсэн гэж” ярьсан.Мөн нутгийн уугуул иргэдийн яриагаар Баруунбаян-Улаан сумын элс,рашаан, Г.Батсуурь эмч 3 ын жороор эмчлүүлсэн хүн ямар ч өвчнийг ялан гарч чаддаг байна. Энэ ч утгаараа жил бүр маш олон хүн элс болон Суурь эмчийн эмчилгээг зорин ирж эмчлүүлдэг юм. Маш олон хүнд амьдрал, аз жаргал хайрласан энэ нутаг ус энэ хүнээр бахархахгүй байхын аргагүй. Энэ элсийг зорьж жилдээ 1200-аад хүн зорин ирж эмчлүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ сайхан нутагт минь элсний эмчилгээг гэлтгүй өөр олон сайхан газар байдаг. Дурдвал: Алтайн нурууны салбар болох далайн түвшнээс дээш 3590 метр өндөр оргилтой Арц Богд уул дүнхийн оршдог.Энэ ууланд аргаль, янгир, ирвэс гэх мэт олон төрлийн амьтан байдаг.Мөн амарч зугаалж яваа хүмүүст маш тохиромжтой Хүрэн хадны рашаан бий. Богд уулынхаа зүүн бэл хэсэгт Баруун баян-Улаан сум оршдог.Цэнхэрлэн сүндэрлэх уулаа эмжсэн мэт харагдах алтан шаргал элс , элснийхээ зүүн хэсэгт эдгээрийг толинд тусгасан мэт харагдах Цагаан нуур нь мэлтийж анх зорин очиж байгаа
хүнд өөр оронд очиж байгаа мэт гайхамшигт мэдрэмжийг төрүүлэх тийм сайхан газар энэ нутагт минь буй заа. “Миний Өвөрхангай “ аяны хүрээнд зохион байгуулагдаж буй эсээ бичлэгийн төрөлд өөрийн өсч торниж бага насаа өнгөрөөсөн сайхан нутгийнхаа талаар өөрийн мэдэх зүйлээ болон нутгийнхаа алдарт эмч, элс, хүрэн хадны рашааны талаар бичиж хэн хүн болгоны мэдэхгүй ийм чухал юм энэ нутагт байдаг гэдгийг уншигч та бүхэндээ хүргэхийг зорьж бяцхан судалгаа хийсний үр дүнд түүвэрлэн бичсэнээ хүргэж байна. “Мянга сонсохоор нэг үз гэдэг мэргэн үг” байдаг билээ.Тиймээс уншигч та бүхэн энэ сайхан нутгийг минь зорин ирж Бага Богд уулын тэргүүн оройд залбирч, алтан шаргал элсний ширхэг бүрийг мэдэрч , Хүрэн хадны рашааны ид шидийг хүртэж, нүдээрээ харж биеэрээ мэдэрч сэтгэлээ ариусган, элэгний Суурь хэмээн алдаршсан аугаа хүнээр судсаа бариулж эрүүл мэнддээ хэмжээлшгүй их хөрөнгө оруулалт хийгээрэй! хэмээн урьж байна.Удахгүй энэ сайхан нутгийн минь дахин давтагдашгүй энэ баялгийг улс орон минь хараа хяналтандаа авч улсын чанартай сувилал болгон өргөжүүлсэн сайхан бүтээн байгуулалт болох байхаа гэсэн дэврүүн хүслээр эсээгээ өндөрлөж байна. Эх сурвалжийг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат ардын анагаах ухааны эмч Ард түмний гавьяат эмч цол тэмдэг,Монгол улсын Хөдөлмөрийн хүндэт медаль,Алтангадас одон цол тэмдэг хүртсэн алдарт эмч Д.Батсуурь эмчийн хүүрнэснээр эсээгээ бэлтгэлээ. Арвайхээр сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Н.Баярбаатар Утас:8859487
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Д.Нацагдорж “ Миний нутаг” шүлэгтээ “ЭНЭ БОЛ МИНИЙ ТӨРСӨН НУТАГ МОНГОЛЫН САЙХАН ОРОН” хэмээн бичсэн байдаг. Тиймээ миний төрсөн нутаг бол монголын сайхан сор болсон хангай, говь хосолсон нутагтай, жилийн дөрвөн улиралд нь байгалийн өвөрмөц бүтэц тогтдог, ус агаар байгаль бүхэн нь бүгд сайхан цогц бүрдсэн Өвөрийн сайхан хангайн нутагт төрсөн билээ би. Залуучууд бид бол энэ сайхан нутаг усныхаа эзэд билээ. Бидний хэн нь ч байсан өврийн сайхан хангай нутгийн сайн сайхны төлөө дор бүрнээ хайрлаж хамгаалах хэрэгтэй. Бид үзэг цаас эсвэл индэр дээрээс л нутаг усаа хайрла гэж олон удаа ярьдагч бодит үнэн нь тэр бүхнээ амьдралд хэргэжүүлэхийн төлөө зүтгэдэг нь цөөвтөр юм. Зарим нэг нь өөрт хамаагүй мэт амин хувиа хичээж өөрт аль болох ашигтай талаас нь хардагч муугийн дунд сайн нь олон бий. Эх нутаг ус минь гэж өглөө оройгүй цай сүүгээн дээжлэх буурал өтгөс минь нутаг нугаа гэсэн үзлээсээ хэзээ ч ухран няцаж,мартаж яваагүй. Нялх багаас насан өтөл болтлоо тэд маань дээж өргөж лус савдгаа аргадсаар нутаг ус минь хөгжиж хаяаа нийлүүлж өрсөн олон сайхан байшин, үзэж харах зүйлс түм бум байх болжээ. Гэхдээ би энэ бичвэртээ гоё тансаг байшин барих, хаа сайгүй хар зам зурайх, өнгийн гэрэлт гудамж эко ногоон бүс гэх мэт олон сайхан зүйлийг бичиж болох ч хамгийн чамин зүйл нь онгон дагшин байгаль эх минь билээ. Өвөрхангай нутаг маань нутгийн хойд хэсэгт хангайн нурууны салбар уулс,төв хэсгээр нь хөндий тал,өмнө хэсгээр нь Алтайн салбар уулс, элсэрхэг тал хээрийн бүс нутагтай билээ. Намайг долоодугаар ангид байхад нэг өдөр газарзүйн багш маань надаас миний хүүд манай аймгийн аль газар нь илүү таалагддаг вэ? гэж асууж билээ.Би хариулахдаа аймгийн төв хамгийн гоё нь гэж хариулхад багш маань тиймээ хүү минь аймгийн төв олон сайхан байшинтай хөгжил цэцэглэсэн сайхан газар гэхдээ чиний төрж өссөн нутаг хөдөө хээр, уул толгод, гол мөрөн, ой мод бүгд гайхамшиг тиймээс зөвхөн байшин барилга биш нутаг ус байгаль дэлхийгээ цөмийг нь хайрлаж байгаарай гэж хэлж билээ. Энэ үгнээс нь тэрхэн үедээ би үнэ цэнэ утга учрыг нь ойлгоогүй ч одоо харин ухаарал шингэсэн ямар үнэ цэнэтэй үг болохыг нь ойлгодог юм. Өврийн сайхан хангай нутгийн өргөн тал, хөх саарь, борхон толгод, бурхан уулс, түмэн горхины хөвөөгөөр хөндлөн гүлд аялахдаа “Өвөрхангайн магтаал” хэмээх утга төгөлдөр тэр нэгэн гайхамшигийг амандаа аялан, зүрхэндээ хайлж явдаг минь багшийн маань хэлсэн энгийн хэдий ч эгэлгүй сайхан сургаалын утга учир бүхэн сэтгэлд минь шингэж бодрол төрүүлсэн нь тэр биз.Тэрхүү магтаал энэ хорвоод, энэ л сайхан нутагт минь өнгөт наран лугаа бяцхан дүү нар, булбарай үрсийн сэтгэлд төрийн дуулал мэт өнө мөнх орших болтугай. Зоргоор хөврөх амьдралын гэгээн аялгуут энэ л диваажинд зовж,жаргасан хүмүүний орчлонгийн баяр гуниг бүхэн бидэнтэй хамт өлгийдүүлж ирээд үзэмж төгөлдөр хөрстийн элгэнд нэвчин уусах нь жам хойно.Саарьтай балчир насны минь өвдөг тохойг шалбалсан бүлээн чулуунд уцаарлаж,хөхөмдөг салхины зөөлөн бүүвэйнд үүрэглэж эжийдээ туниж явахдаа эргүүлж өгсөн дэнжийн бор аргал хүртэл диваажин юм. Энэ уудам диваажин маань Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бага хуралын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас одоогын Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт анх төвлөрүүлж
нэг том аймаг байгуулагдаж байсан бол харин 1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж байсан түүхтэй. Өвөрхангай нутгаас минь төрөн гарсан Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн Монгол улсын бага хурлын анхны дарга П.Гэндэн Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбэ Монгол улсын сайд С.Довчин Ч.Чойдогсүрэн Ж.Сэнгэдорж зэрэг олон сайхан аавын хөвгүүд нутаг ус эх орны төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан байдаг Орхоны хөндийн түүх дурсгалт газрууд,үзэсгэлэнт Улаан цутгалан,Хүйсийн найман нуур,эртний түүхт Хархорум Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур зэрэг манай нутаг үзэсгэлэнт байгаль олонтой бөгөөд хангай, говийн үзэсгэлэнт байгалийн цогцолборыг өөртөө шингээсэн Өвөрхангай нутаг минь Улаанбаатар хотоос 430 километр зайд оршдог монгол орны өрцөн тушаа эдүгээс өнөөг хүртэл хөгжиж дэвшиж ирсэн билээ. Энэ сайхан хангайн нутгийн өчүүхэн газарт дуу хадаан хүй тасалсан. Хөлд орж мөрөө гарган гишгэсэн энэ хөрст, хөндий цээж нэвт,хамар цоргин үлээх хээр талын буурал салхи энэхэн бүхний нэгээхэн хэсэг нь бид бас та.Өнгө тансаг тэнэгэр хангай минь нарт тэнгэрийн доорх диваажин.Эрдэнэсийн арвин сан эцэг өвгөдийн үр хойчоо хэмээсэн халуун амь бүлээн цус, он цагийн хүрдээр мөхөөнө үгүй гал голомт минь юм шүү.Хаана ч явсан энэ өргөн диваажингийн гайхамшиг бүхнийг мэдэрч түүгээрээ бахархаж амьдрана гэдэг яахын аргагүй ухаант хүний зан чанар билээ.Нутаг минь үргэлж өр зурхэнд минь уяатай үүгээрээ бахархаж явдагч уул, ус, газар шороог нь сэндийлж баялаг авах гэж улайрч буй мунхаг хүмүүсээс ичдэг бас эмзэглэдэг юм.Эхийн ариун хэвлийгээс тасарч өөрийн бяцхан ертөнцийг нээсэн энэ хөрсөн дээр зөв амьдрах ухаан бидэнд тутах учир үгүй шүү хүмүүс минь. Өвөрхангай гэх гайхамшиг төгс цогцолсон музей, хамаг насаар үзэж дуусамгүй уран зураг хэзээ ч уйдахгүй хөг аялгуу, эгэл бор хөрс ,чимээгүй дүнхийх өндөр уулс, сэвшээ зөөлөн хөх салхи энэ бүгд миний, чиний бас таны эхлэл бөгөөд төгсгөл бусуу. Эр зориг ухаан хоёрыг минь тэлж, эрдэм мэдлэг энэ ертөнцийн оршихуйн мөн чанарыг нээсэн энэ биений нэгээхэн хэсэг эгэл дөлгөөн буурал хангайгаа цөм бүгд хайрлаарай!!! Гучин-ус сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Л.Сайнбаяр
МИНИЙ ӨВӨРХАНГАЙ Холыг ойртуулж хоёрыг учруулдаг, хүрээд ирэхэд алгаа тосон угтах өврийн хангайн нутгийнхан дэндүү найрсаг. Хүний төрсөн нутаг гэдэг хүнтэй эх үрийн адил хүйн холбоотой. Нарт орчлонд мэндлэхэд л найрсаг дотноор намайг угтсан. Усыг нь ууж шимийг нь хүртсээр хүн болсон доо би... Таана хүмүүлийн үнэр малын хамар цоргин тэнгэр согттол анхилдаг, мал ахуй нь тал дүүрэн бэлчдэг, хүн ард нь нээрээ л миний төрөл садан шиг санагдах манай аймгийг зориорой. Өвөрхангай аймаг нь Бүгд найрамдах Монгол ард улсын Тэргүүлэгчдийн мянга есөн зуун гучин нэгэн оны хоёрдугаар сарын арван наймны өдөр гучин нэгэн сумтай Түйн голын цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон байгуулагдсан. Мянга есөн зуун гучин дөрвөн онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ. Өвөрхангай аймгийн ард түмэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн иргэд төрөө дэмжин хүрээлж, аймаг сумаа бэхжүүлж, хөгжүүлэхэд сэтгэл зориг нэгтгэн зүтгэсний үр дүнд орон нутгийн захиргаад богино хугацаанд цэгцрэн, сургууль, хүн малын эмнэлэг, хоршоо худалдаа байгуулагдаж төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлсэн юм. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 63,5 километр квадрат, хойшоо урагшаа 385 километр, зүүнээс баруун хүртэл 310 километр. Тус аймаг нь хангай, тал хээр, говь хосолсон гэдгээрээ маш онцлогтой. Монгол улсаа хөгжүүлэхэд, дэлхийн тавцанд өрсөлдөхөд Өвөрхангай аймгаас төрөн гарсан Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэн, Улсын бага хурлын анхны дарга П.Гэндэн, Монгол ардын хувьсгалт намын намын холбооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбэ, Монгол улсын сайд С.Довчин, П.Даншийцоодол, Ж.Сэнгэдорж нар гэх мэт эх оронч олон залуус амь биеэ үл хайрлан зүтгэж явсан. Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжиж хөдөлгөөн үүсч, хүн амыг соёлжуулж, бүрэн ба бүрэн бус боловролтой болгоход үлэмж амжилт олсон юм. Тухайлбал: Төрийн шагналт дуучин Н.Жанцанноров, яруу найрагч Ц.Гайтав, төрийн шагналт ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, нэгдсэн үндэсний байгууллагын элчин Т.Ариунаа, Нобелийн шагналт эрдэмтэн Жаргал зэрэг маш олон амжилттай яваа хүмүүс энэ нутгаас төрөн гарсан билээ. Спортын тухайд авч үзвэл Их Монгол Шаравжамц, дархан аварга Д.Цэрэнтогтох, дэлхийн жудогийн аварга Д.Ойдов, сумогийн их аварга Д.Давгадорж аймгийн төдийгүй дэлхийн спортод өндөр хувь нэмэр оруулж билээ. Хүн амын тухайд авч үзвэл 2017 онд хүн амын тоо 115684 болж өмнөх оноос 1713 буюу 1,5% өсөж 2020 оны эхний сард 2428 хүүхэд мэндэлж 483 хүн нас баржээ. Өвөрхангай аймаг нь байгалийн дурсгалт, үзэгслэнт түүхэн газруудаар баялаг билээ. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжиж байгаа нь үүнтэй холбоотой. Арц богд уул нь Өвөрхангай аймгийн Богд суманд оршдог. Ноён оргил нь далайн түвшнээс дээш 2477 метр өндөр Их баян уул юм. Хужирт рашаан сувилал нь Хужирт сумын нутагт оршдог. Шивээт уулын дунд оршдог далайн түвшнээс дээш 1680 метрт оршдог. Карбонат, сульфат, натри, кальци найрлагатай мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэдэг.
Хархорум хотын туурь Хархүрэм буюу (Каракорум) хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлж Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл болсон юм. Эрдэнэ зуу хийд нь Хархорум хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй 1580 онд Автайсайн хаан дүү Түмэнхантай уулзаж балгасын сэргээснээр суурь нь тавигдсан бөгөөд 1996 онд анх их засварт орсон юм. Тэвш уул нь Богд сумын нутагт оршдог. Сумын төвөөс зүүн хойш салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэдэг. Төвхөн хийд нь Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг таалж 1651 онд “Дубхан” буюу бүтээх байр гэдэг байсан гээд манай нутгийн сайхныг дурдаад дуусахгүй сайхан нутаг. Миний харж байгаагаар аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ард иргэдийн оролцоо санаачлага чухал гэж боддог манай аймгийн хувьд: Аймгийн хөгжил сумын хөгжлөөс гэдэг дээ аймгийн төвд сүрлэг сайхан барилгууд сүндэрлэж ард иргэд шинийг санаачлан хийж хөгжил нь хурдацтай явагдаж байгаа ч сумын хүүхдүүд бид ч бас хөгжих тэгш боломжоор хангагдаасай л гэж хүсэх юм.”Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэдэг үг байдаг даа Номын сан хүүхдүүдийн хичээл хийх хөгжих таатай нөхцөл ба ном уншина гэдэг ямагт хүүхдүүдэд эерэгээр нөлөөлдөг гэвч зарим сумдуудад хүрэлцээ муугаас болоод төдийлөн чаддаггүй. Сургууль цэцэрлэгийн аюулгүй байдал, халаалт хэзээ мөдгүй хана дээврээсээ унах гэж буй сургуульд суралцдаг сумдын хүүхдүүд олон байна. Халаалт муугаас болоод өвлийн цагт ханиад томуу амьсгалын замын өвчин болох нь элбэг. Сумдын үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага хомс байдгаас болж наад захын хэрэгцээгээ хангаж чадалгүй аймгийн төвийг зорьдог. Аймгийн төвийн гэрэлтүүлэг сайн байдаг ч сумын төвүүд тийм биш шөнийн цагаар явахад золбин нохой, согтуу хүмүүс тааралддаг.Бид ч мөн адил гэрэлтэй гудамж засмал замаар айдасгүй тайван алхаад гэр сургуульдаа хүрмээр л байна шүү дээ. Өглөө оройдоо өдрийн цагаар ч аймгийн төвийн утаа маш их болоод байна. Улсын хэмжээнд Улаанбаатар хотын дараа буюу хоёрдугаарт ордог. Утааг бууруулахад дорвитой, шийдвэр гарц гаргалгаа гаргаагүйгээс болж ийм байдалд хүрч байна. Томоохон сумдууд ч үүний хохирогч болсоор л. Бэлчээрийн даацыг Монголд даруй 5-50% хэтэрсэн байдаг. Энэ дундаа хур тунадас бага орсноос болж цэцэг, ногоо сайн ургаж дэлгэрээгүйгээс болж бас үлийн цагаан огтоно маш их шалтгаалж байна.Энэ бол үнэхээр нүүдэлчин соёл иргэншилтэй манай ард түмний тулгамдсан асуудал болоод байна. Ёс заншлаа соёлын даяаршилд уусгахгүйгээр авч үлдэх. Улс оронд ёс заншил, соёл гэдэг нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Иргэдийн эв нэгдэл, итгэл үнэмшил, ёс суртахуун энэ л зүйлээс эхэлдэг. Соёлоо хэвээр авч үлдэхийн тулд бидний өнөөдрийн үйлдлээс маш их хамаардаг. Өөр нэг өнцгөөс авч үзэхэд бие биедээ аливаа нэг зүйлд хандах хандлагаа өөрчилмөөр байна. Газар нутгаа сэндийчиж ухдаг. Хувь хүний эрх ашгийг илүүд үзэн улс оронд ашиггүй муу гэрээ хэлэлцээр хийдэг гэх мэт. Хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байдаггүй гэж аав минь байнга захидаг хандлагаа жоохон ч гэсэн өөрчилмөөр байна. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зүйр үг ч байдаг.
Би энэ жил төгсөх ангийн сурагч. Төгсөөд багшийн мэргэжлээр сурах сонирхолтой. Тиймдээ ч төгсөж ирээд аймагтаа багшлахыг хүсдэг. Магадгүй хэдэн сар, хэдэн жилийн дараа намайг ирэхэд олон зүйл өөрчлөгдөнө. Эргэн тойрон эко амьдрал, эрүүл саруул хүмүүсийн инээмсэглэл дүүрэн, хэрэгтэй бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг, өөрсдийн гэсэн эзэмшсэн зүйлстэй байгаасай гэж хүсэж байна. Ер нь яагаад бид дотооддоо өөрсдийн гэсэн нэрийн үйлдвэрлэлтэй болж болохгүй гэж? Энэхүү эсээг бичиж суугаа ганц миний бие бус аав ээж ах дүү найз нөхөд маань ч энэ асуудлыг тархиндаа эргэцүүлж байгаа гэдэгт лав эргэлзэхгүй байна. Гэхдээ өөрсдийн хэмжээнд хийж бүтээж буй ах эгч нараа өөлөх гэсэнгүй. Тэдний тус нэмрийг үл мартаж болно шүү дээ. Тиймээс л өөрийн нутаг орондоо олон олон хөгжил цэцэглэлтийг үүрч дүүрч ирэхсэн гэх итгэлтэйгээр өнөөдөр би суралцаж байна. Ирээдүйд олон зүйлийг хйиж бүтээсэн сайн багш болоод нутаг усныхаа нэрийг өндөрт өргөсөн гайхалтай хүмүүсийн адилаар дуурсагдахыг хүснэ... Дассан газрын даавуу зөөлөн. Эргээд зочлоход Өвөрхангай минь намайг элэгсэг дотноор угтана даа... Эцэст нь дүгнэж хэлэхэд: Төрсөн нутаг гэдэг юугаар ч үнэлэшгүй, үнэт эрдэнэ мэт зүйл билээ. Дэлхий ертөнцөөс харахыг хүссэн өөрчлөлтөө өөрөөсөө эхэл Махатма Ганди Ашигласан эх сурвалж: Өвөрхангай аймгийн албан ёсны мэдээний сайт Сант сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Б.Болор-Эрдэнэ
Search
Read the Text Version
- 1 - 27
Pages: