Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Ta okhintoi bol zaaval unshaara - Tsi Sun

Ta okhintoi bol zaaval unshaara - Tsi Sun

Published by monhjargal moogii, 2022-11-18 10:53:17

Description: Ta okhintoi bol zaaval unshaara - Tsi Sun

Search

Read the Text Version

илэрхийлэх эсвэл ямар нэгэн зүйл хийхийг зөвлө. Энэ нь охидын өөртөө итгэх итгэл болон шийдвэр гаргалтын чадварыг ахиулахад маш их нөлөөтэй. Хүүхэд бага болохоор зарим асуудалд өөрийн гэсэн үзэлгүй байгаа гэж битгий бодоорой. Харин бүр эсрэгээр та л түүнийг яриулбал түүний ярьж байгаа болгон нь ёс зүйтэй байдаг. Хэдийгээр бид эмэгтэй морьтон баатар хүмүүжүүлэх албагүй ч, охиныхоо толгойд өөрийн гэсэн үзэл суулгах хэрэгтэй. Тэгж байж л хүсэл мөрөөдлийнхөө хойноос зүтгэх хүчтэй болно. Ийм байж л охид зөвхөн хэн нэгэнд найдсан сул дорой нэгэн болохгүй.

16. Охиныхоо явцуу занг ул мөргүй дар Зожиг, ичимхий охид өнөөдрийн энэ хурц өрсөлдөөнтэй нийгэмд зохицон амьдрахад үнэхээр хэцүү. Охидын чөлөөтэй, хөгжилтэй занг сайшаах нь янз бүрийн нөхцөлд өөрийн чадвараа тодруулж чадахад дөхөмтэй байдаг. Бид охин хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг нь тэднийг их авхай болгохыг хэлэхгүй гэж дахин дахин тодотгож байгаа. Харин эрхэм дээд зан төрхтэй, эелдэг зөөлөн ааш зантай, ёс суртахуунтай, боловсролтой хүн болгон хүмүүжүүлэхийг хэлнэ. Охиддоо өгөөмөр занг илүү суулга. Битгий явцуу сэтгэлгээтэй, бэртэгчин зантай болгоорой. Нүдэнд нь зөвхөн мөнгө л харагддаг их авхай нар бас их бэртэгчин зантай байдаг. Явцуу сэтгэлгээ нь хүний чөлөөтэй үйлдлийг хязгаарладаг. Хүүхдийн чөлөөтэй бус зангийн хамгийн анхны илэрхийлэл нь зожиг, ичимхий болох. Иймээс хүүхдийнхээ явцуу занг нь бүр мөсөн дарснаар хүүхдээ зожиг байхын зовлонгоос ангижруулна. Ичимхий зантай хүүхдүүд ихэвчлэн нийгмийн харилцаанаас зугтдаг. Мөн өөрөө санаачилга гаргаж хүнтэй харьцдаггүй. Ичимхий зан хүүхдийн найзалж нөхөрлөх, сурах, өөрийгөө хүндэтгэхэд саад болдог. Мөн сэтгэлзүйн дасан зохицох чадварыг багасгадаг. Ичимхий хүүхдүүд үргэлж бухимдалтай, тайван бус, ганцаардмал, амьдралын идэвхгүй мөн найз нөхөдгүй байдаг. Өнөөгийн нийгэм бол нээлттэй нийгэм. Мөн хурц өрсөлдөөнтэй нийгэм. Нээлттэй зантай хүүхэд ичимхий бүрэг хүүхэдтэй харьцуулахад байнга өөрчлөгдөж байдаг нийгэмд хурдан дасан зохицдог. Өрсөлдөгч ихтэй зах зээл дээр амь тавих гэж буй хурга шиг амьдрах нь ердөө ч бахдууштай зүйл биш. Иймээс тэдний зожиг занг арилгах хэрэгтэй. Сэтгэл судлаачид болон сурган хүмүүжүүлэгч нарт ирсэн захидалд, хүүхдийнхээ ичимхий занг арилгаж чадахгүй байгаагаас болж зовсон хэсэг бүлэг эцэг эхчүүд байдаг. Доорх жишээ бол нэгэн сэтгэл судлаачид ирсэн захидал. Сургамжит түүх Манай охин энэ жил 5 настай. Тэр ном унших үнэхээр дуртай. Цэцэрлэгийн багш нь түүнийг маш ухаантай, нэг заахад л шууд хийж чаддаг гэж магтдаг. Гэвч миний охинд нэг том дутагдал байгаа нь намайг их зовоож байна. Миний охин чөлөөтэй биш. Хэзээ ч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэггүй. Жишээ нь, багш нь түүнийг хүүхдүүдийн урд гараад удирдаад дасгал хий гэвэл тэр толгой сэгсрээд хийхгүй. Гэтэл бусад хүүхэд бие биентэйгээ уралдаад хийдэг зүйл. Мөн тэр үлгэр ярихдаа маш сайн. Би түүнийг өвөө эмээдээ үлгэр яриад өг гэхээр бас л ярьдаггүй. Ярилаа ч эхлүүлчихээд дуусгана гэж байхгүй. Түүнээс яагаад ийм байдгийг нь асуухаар тэр “эвгүй байна” гэж хариулдаг. Би охиныхоо энэ дутагдлыг яаж хурдан арилгах вэ? Хэдийгээр энэ ээж маш их яарч байгаа ч яарах тусам илүү дорддог. Учир нь хүүхдийнхээ ийм занг хурдхан засахын тулд тэднийг албаддаг. Энэ нь хүүхдийг улам бүрэг зожиг болгодог. Тэгвэл яг яах ёстой гэж?

Сэтгэл судлаачийн өнцгөөс харахад зожиг байх нь нэгэн сэтгэлийн хөдөлгөөн. Дотоод сэтгэлийн гүнд байгаа бүрэг байдал эсвэл өөрийгөө голох сэтгэгдлийг гаргаж байгаа хэлбэр нь. Бүх л хүмүүст амьдралынх нь аль нэг хэсэгт зожиг байх үе байдаг. Цаг хугацааны хувьд өөр өөр байдаг. Ихэнх хүмүүс насанд хүрснийхээ дараа зожиг зан нь алга болдог. Гэхдээ зарим нэг насанд хүрэгчид бас л зожиг зангаа тавьж чаддаггүй. Мөн л нийгмийн харилцаанаас айсаар байдаг. Энэ нь яваандаа нэгэн төрлийн сэтгэлийн эмгэг үүсгэдэг. Ичимхий болох гол шалтгаан нь өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлэх зүрх хүрэхгүй байхаас болдог. Энэ төрлийн өөртөө итгэлгүй байдал охидод маш хүчтэй илэрдэг. Учир нь охидууд илүү мэдрэмтгий байдаг. Зарим хүүхдүүд бие нь маш сул, өвчтэй болохоор эсвэл ямар нэгэн учралаас болон шархалснаас, сэтгэл санааны цочролд орсноос, хүнд дээрэлхүүлснээс, хүнд зодуулж, загнуулснаас болж тэдний өөрийгөө хүндлэх сэтгэл нь багасдаг. Энэ нь хүнийг зориг муутай болгодог. Үүнээс үүдэн ичимхий болдог. Мөн түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хэрэлдэх, салах нь хүүхдэд халуун дулаан байдал, найдвар, харилцаа, дотно байдал, энхрийлэл дутагдахад хүргэдэг тул хүүхэд бусад хүүхдийн чинээнд хүрэхгүй, нэг шат дор мэдрэмж төрж өөрийн эрхгүй зожиг, өөрийгөө голсон сэтгэлзүй бий болдог. Хэрвээ хүүхэд чинь их ичимхий байгаад байвал хүүхдийнхээ арай чөлөөтэй хийсэн үйлдэл бүрийг нь магтаад бай. Хэрвээ өөрийгөө голоод, өөрийгөө дутагдалтай гэдгээ мэдрээд ирвэл зожиг зан нь улам ихсэж, улам бүр өөртөө итгэлгүй болдог. Эцэг эхчүүд маань өөрийнхөө хүүхдийг жаахан дотогшоо хандлагатай байна уу эсвэл нилээн хэрсүү байна уу гэдгийг сайн анзаарч мэдэх хэрэгтэй. Тэднийг ямар ч шалтгаангүйгээр ямар ч шаардлага тавихгүйгээр хайрлаж чадсан уу? Тэдэнд хангалттай аюулгүй мэдрэмжийг төрүүлж чадсан уу? Тэдэнд өөрийгөө илэрхийлэх боломж өгч байсан уу? Эрхийг нь боогдуулсан уу? Хэтэрхий хатуу биш биз? Учир нь хатуу орчинд сэтгэл болон хайр халамжийг орхигдуулдаг тал бий. Сэтгэлийг нь бодохгүй, бүдүүлэг, хариуцлагагүй, татгалзсан байдал хүүхдийг бусдад найдсан үйл хөдлөлтэй болгодог. Бусдад найдсан үйл хөдлөл нь ихэвчлэн зожиг зантай хамааралтай байдаг. Зарим нэгэн эх сурвалжаас харахад нилээд зожиг зантай хүүхдүүдийн аав ээж ч өөр түвшний зожигролтой байдаг. Охид эцэг эхийнхээ нөлөөлөлд орж тэдний үйл хөдлөл нь хүүхдийн үйл хөдлөлийг удирдаж үлгэрлэж байдаг. Хүүхдийнхээ хэрсүү занг өөрчилмөөр байвал эхлээд томчууд өөрсдийнхөө хэрсүү занг өөрчлөх хэрэгтэй. Зожиг охид өөрсдийн шархалсан сэтгэлийг нуухын тулд албаар идэвхгүй аргыг хэрэглэдэг. Таны охин нэгэнт л сэтгэлд нь айдас хурчихвал нийгмийн харилцаанаас айдаг болдог төдийгүй бусдыг сөрөг талаас нь харах элбэг байдаг. Нийгэмд дасан зохицоход их хэцүү болдог. Иймээс охиныхоо ичимхий судсыг эртхэн барих хэрэгтэй. Доор охидын зожиг занг засах үр дүнтэй аргаас дурдлаа. Эцэг эхчүүд туршаад үзэхэд гэмгүй. Жишээ нь: Хэдэн сурагчид хичээл тараад явж шарсан мах идэхээр тохиролцов. Танай хүүхэд бас хамт явахыг үнэхээр хүсч байна. Гэвч тэдэнтэй тийм дотно биш. Үр дүнд нь хамт

явсангүй. Сэтгэл нь маш тавгүй байна. Охинтойгоо хамтдаа түүнийг зожигруулдаг гурав дөрвөн байдлыг жагсаан бич. Жишээ нь ангидаа үг хэлэх, хөвгүүдтэй юм ярих, хамтдаа суугаад асуудал судлах гэх мэт... Зожиг, бүрэг занг үгүй хийх хүснэгт гарга. Жишээ нь: цагдаагаас зам асуу, хичээлийн дараа багшаас асуулт асуу, бусад хүний өмссөн шинэ хувцасыг магт. Хүүхдийнхээ зожиг, бүрэг занг засахын тулд бид юу хийх ёстой вэ? 1. Хүүхдийг бусад хүмүүст итгэдэг болго Энэ төрлийн итгэлийг юуны түрүүнд эцэг эхчүүд олгодог. Ер нь эцэг эхчүүд өөрсдөө охиддоо итгэх хэрэгтэй. Магадгүй түүний зарим нэг үг маш жигтэй байсан ч түүний сэтгэлийг заавал уншиж ойлгож чадлынхаа хэрээр түүнд итгэ. Хэрвээ тэр таны итгэлийг олж чадвал өөр хүнд ч гэсэн итгэдэг болдог. Итгэлцэл бол дотносолын үндэс. Хэрвээ хүүхэд эцэг эхээсээ л итгэлцлийг сурч чадахгүй бол өөр хүнд итгэнэ гэдэг маш хэцүү. Энэ бол зожигролын нэг том шалтгаан. 2. Хүүхдээ бусад хүнтэй харьцаж сурга Маш олон хүүхдийн ичимхий зангийн шалтгаан нь нийгмийн харилцаанд орох боломж байхгүйгээс болдог. Эцэг эхийн хувьд тэднийг нийгмийн харилцаанд хөтлөж оруулах хэрэгтэй. Хүүхдээ дагуулаад харилцах газар их байдаг. Жишээ нь, хүүхэдтэйгээ хамт найзындаа зочилж болно, түүнд өөр хүнтэй ойртож харилцах боломж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь түүнд хүмүүстэй хэрхэн харилцахыг нь зааж өгөх нь чухал. Мэдээж ичимхий хүүхдийн хувьд бол жаахан удаан явц зохино. Эхний үед жаахан аюулгүй орчинд түүнийг бэлтгэ. 3. Хүүхдээ өөртөө итгэлтэй байлгаж сурга Туйлын ичимхий охин юм ярьж байх үед эцэг эх нь аль болох намуухан аястай ярьж бай. Мөн зоригжуулах, сайшаах аргыг хэрэглэх нь зүйтэй. Эцэг эхчүүд хэдий чинээ зоригжуулна хүүхдүүд төдий чинээ бататгал, сайшаалыг хүртдэг. Бүрэг хүүхдэд ч гэсэн энэ аргыг хэрэглэх нь зүйтэй. Хүүхэд өөрөө өөрийгөө голоод, зориг дутаад, ямар нэгэн зүйл хийхийн өмнө үр дүнг нь урьдчилан тооцоолоод өөрийгөө чадахгүй гэсэн бодол төрдөг. Хэрвээ энэ л үед нь түүнийг жаахан зоригжуулаад, жаахан хүч нэмээд өгвөл тэр ажлаа сайн хийж чадна. Бас нэгэн чухал зүйл бол сайшаах. Хэрвээ хүүхэд чинь нэг, хоёр удаа өөрийгөө их нээлттэй илэрхийлээд эхэлбэл, жишээ нь: хүүхдүүдийн урд удирдаж дасгал хийх, хүнд үлгэр ярьж өгөх гэх мэт. Энэ үед нь түүнд дуртай зүйлийг нь ч юмуу эсвэл наадаг цаас таван хошуу өг. Тэгээд тодорхой тоонд хүрсэн тохиолдолд охиноо тоглоомын газарт тоглуулах ч юмуу эсвэл дуртай зүйлийг нь хийлгэж болно. Хэсэг хугацааны дараа хүүхдийн чинь нээлттэй зан хөгжөөд ирвэл наадаг цаасны аргаа болиод амаараа л магтаж болно. “Чи үнэхээр сод юмаа”, ”Чи их агуу юмаа” гэсэн үгс нь барууныхны хүүхдээ магтдаг үг. Тэд

үргэлж хүүхдээ магтдаг. Харин тэдний хүүхдүүд бидний хүүхдүүдээс илүү нээлттэй, өөртөө итгэж, өөртөө эзэн болж чаддаг. Харин Ази хүүхдүүд энэ мэт магтаалыг сонсоод хэтрүүлсэн мэдрэмж төрдөг. Барууны хүмүүс хүүхэд бол бүх талаараа өв тэгш байх албагүй. Хэзээд өөрийн гэсэн давуу талтай байгаа гэсэн үзэлтэй байдаг бол Ази эцэг эхчүүд хүүхдээ төгс төгөлдөр байхыг шаардаж тийм байлгах гэж үздэг. Үр дүн нь ихэвчлэн хүслээр бус байдаг.

17. Охиноо сайхан харилцаагаараа бусдыг татсан хүн болгоорой Бусадтай сайхан харилцаатай биш охид ихэвчлэн ганцаардмал, зожиг байдаг төдийгүй өнөөгийн энэ хурц ширүүн өрсөлдөөнтэй нийгэмд зохицон амьдрах нь их хүнд байдаг. Иймээс охидынхоо харилцаан дээр анхаарахгүй байж болохгүй. Сайхан харилцаа сурахад зөвхөн ярьж, сонсож сурах хангалтгүй. Мөн янз бүрийн харилцааны арга техникүүдийг эзэмших нь чухал. Жишээ нь: баяр хөөртэй байх, шударга байх, тусархаг байх. Энэ бүгд л охин хүүхэд бусад хүмүүстэй харилцахад хамгийн чухал баримтлах зүйл болдог. Охидын харилцааны чадвар бол тэдний нийгэмд бие авч явах хүмүүжлийн маш чухал агуулга. Хамгийн наанадаж түүний найз нөхөдтэй болоход нөлөөлдөг. Цаашлаад түүний ирээдүйн хөгжил дэвшилд нь нөлөөлдөг. Хүнтэй сайхан харилцаж чаддаггүй охид өнөөгийн нийгэмд үргэлж л сул, идэвхгүй байдаг. Үүнийг бүх л эцэг эхчүүд хүлээн зөвшөөрдөг. Эмэгтэй хүүхдийн хэл ярианы чадвар эрэгтэй хүүхдийнхээс илүү байдаг. Эрт үеэс л “гурван эмэгтэй нэг жүжиг” гэдэг хошигнол байдаг. Хэл ярианы чадвар сайтай охидын харилцааны чадвар бас их өндөр байдаг. Эмэгтэй хүүхдэд энгийн бус харилцааны чадвар хэрэгтэй байдаг. Эцэг эхчүүд охидын энэ онцлогийг ойлгож бусдыг татсан сайхан харилцааны чадварт охиноо сургах нь чухал. Хүмүүс хоорондын харилцаа охидын хувьд хөвгүүдээс илүү чухал байдаг. Энэ бол эмэгтэй хүүхэд харилцаа түшиглэж амьдардаг онцлогийн баталгаа юм. Ихэнх охид зөвхөн олон дунд амьдарч байж л аюулгүйн мэдрэмжийг авч, хэн нэгний сайшаал магтаал, хүлээн зөвшөөрлийг мэдэрч өөрийн нийгмийн үнэ цэнийг олж авдаг. Зарим нэг охидууд төрөлхийн дотогшоо, хүмүүстэй харилцах дургүй байдаг. Ийм хүүхдүүдэд эцэг эхчүүд нь олдмол хүмүүжил олгох нь чухал байдаг. Охиноо маш онцгой харилцааны чадвартай болгож байж л ирээдүйн амьдрал нь загас усан дотроо байгаа мэт сайхан байна. Маш олон хүүхдүүд гэртээ нэг өөр, цэцэрлэг, сургууль дээрээ бас нэг өөр байдаг. Энэ бол харилцааны чадвар сул байгаагийн шинж. Гэрт нь дандаа том хүмүүс түүнд анхаарал тавьж байдаг. Харин цэцэрлэг, сургуульд ойролцоо насны бяцхан найзууд болон ангийн хүүхдүүд байдаг. Тэд харилцааны аргаар л өөрсдийн асуудлаа шийдвэрлэдэг. Сургамжит түүх Ээж нь Лин Линд “Чи цэцэрлэг дээрээ жаахан чангахан ярьж бай” гэж хэлэв. “Чанга аа ” гэж Лин Лин ханамжгүй байдлаар шулганав. Өөрийнхөө бачимдлыг дарахын тулд тэр аан аан гэж томоотойхон дуугарав. “Худлаа хэлбэл багш чинь надад хэлнэ шүү”. Ээж нь харваас их зовсон байдалтай байлаа. Охин нь гэртээ их цовоо дуу шуутай байдаг ч ангидаа очоод яагаад тийм дуугүй байдгийг нь ойлгосонгүй. Лин Линий сэтгэл маш хүнд байв. Хэсэг хугацааны дараа үнэнээ хэлэв. “Би чанга дуугаар ярих гэхээр дуу ердөөсөө гардаггүй. Бас хөгжилтэй тоглох гэхээр бас л болж өгдөггүй” Иймэрхүү асуудал багагүй тохиолддог. Маш олон эцэг эхчүүд ийм асуудалд их сэтгэл

зовнидог. Хүүхдүүд цэцэрлэг дээрээ маш сул дорой байдаг ч гэртээ ирэнгүүтээ дуу нь чангараад хөдөлгөөн нь ихсээд ирдэг. Гэртээ нэг л эзэн шиг байдаг мөртлөө цэцэрлэгтээ очоод яагаад гэртээ байдгаасаа тийм өөр байдаг гэж? Мэргэжлийн хүний тайлбараар: Энэ нь хүүхэд нийтийн амьдралд эмзэг байгаагийн шинж. Бүр багаасаа хүүхдүүдтэй тоглодог байсан хүүхэд, аав ээжээсээ гадна бусад хүмүүстэй харилцдаг байсан хүүхдэд ийм асуудал байдаггүй. Охин чинь ямар ч зантай байсан хүнтэй амархан найз болдог хэдхэн энгийн зарчим л охин чинь найзтай болоход тусалж чадна. Эхний ээлжинд эцэг эхчүүд өөрсдийн буруу үзлээ даван гарах хэрэгтэй. Нэгдүгээр буруу үзэл: “Сайн ярьж чадна гэдэг нь чадварт тооцогдохгүй”. Охидын хувьд гарын ур сайтайн адил ярианы чадвар сайтай байх нь хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй. Энэ бол зарим нэг эцэг эхчүүдийн бодол. Өнөөгийн нийгмийн амьдрал 21-р зууны залууст дараах шаардлагыг тавьж байна: Цэцэн цэлмэг үгтэй, боловсролтой, холын хараатай, юмыг олон талаас нь хардаг мөн бодол, сэтгэлээ зөв оновчтой илэрхийлж чаддаг байх, харилцааны өндөр ур чадвартай гэх мэт. Эдгээр шаардлагаас харахад ирээдүйн нийгэмд ярианы чадвар чухал болох нь харагдаж байна. Хоёрдугаар буруу үзэл: “Харилцааны чадвар бол төрөлхийн авъяас”. Ийм бодлын үр дүн нь хүүхдийн харилцааны чадварт суралцахыг чухалчилж үзэхгүй байхад хүргэдэг. Үнэндээ харилцаа гэдэг бол нэг төрлийн чадвар. Хичээл сургуулилтаар бий болдог зүйл. Сурах гол арга нь дадлагаар бий болдог. Иймд охидын харилцааны чадвар муу байх нь эцэг эхийн хүлээх хариуцлага. Гуравдугаар буруу үзэл: Харилцаа нь хүүхдийн сурлаганд нөлөөлнө гэж үзэх. Энэ хамгийн буруу зүйл. Маш олон сургалт харилцаагаар бий болдог. Хэрвээ харилцахгүй гэвэл зөвхөн сурах бичиг сураад ямар ч утгагүй. Мэдээж энд яригдаад байгаа харилцаа гэдэг маань хэрэгтэй, оновчтой харилцаа. Мэдээж муу хүмүүстэй харилцах нь сурлаганд нөлөөлдөг. Энэ тал дээр эцэг эхчүүдийн хийж чадах зүйл нь хүүхдүүддээ тусалж хэн нь танай хүүхэдтэй зорилго нэгтэй, мундаг хүүхэд байна гэдгийг таних хэрэгтэй. Ингэж чадвал харин ч сурлага нь сайжрахад дэм өгч, илүү идэвхтэй сэтгэхэд тус болдог. Цаашлаад харилцаа бол нэгэн төрлийн бодол санаа, үзэл, сэтгэлийн илэрхийлэл. Иймээс тодорхой ур ухаан хэрэгтэй. Харилцааны талаар охиддоо заавал хэлж өгөх зүйлс. 1. Нүүрэндээ баяр хөөртэй байдлыг гаргаж байх хэрэгтэй. Хэн ч өдөржин урвайсан царай гаргадаг найзад дургүй. Нөхөрлөлийн харилцаанд баяр хөөртэй хандлагын үр ашиг нь яг “Чи надад таалагддаг” гэж хэлж байгаа мэт байдаг. Зарим үед бүр юу ч хэлэхгүй байсан ч хамаагүй хүнд ийм ямар нэг сэтгэгдэл төрүүлдэг. Иймээс баяр хөөртэй байдаг хүн маш амархан найзтай болдог. 2. Бусдад тусламтгай, шударга байх. Энэ бол маш чухал хэсэг. Хүнд туслахдаа дуртай байдаг хүн чиний найз болж чаддаг. Иймээс найзтай болох нэг арга бол тусламж хэрэгтэй үед нь

тусалж байх юм. Худлаа ярьдаг охид магадгүй маш олон найзтай байна. Гэвч жинхэнэ найз нэг ч байхгүй байдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ хүмүүстэй харилцахдаа заавал үнэнч шударга байх хэрэгтэй гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Учир нь бидний тааралдаж байгаа хүмүүс дайснууд биш. Одоо эсвэл ирээдүйн чинь анд нөхөд гэдгийг ойлгуулах хэрэгтэй. 3. Цаг гарган хүүхдийнхээ ярих чадварыг дасгалжуул. Хэдийгээр охид төрөлхийн хэл ярианы авъяастай ч, бүх охид ийм байдаггүй. Юм ярих дургүй охидын хувьд хэл ярианы чадвартай болгох их хэцүү харагддаг. За тэгвэл яаж сургах вэ? Гэрийн эзэд байнга хүүхэддээ жаахан эргэлзээтэй сэдэв гаргаж өгч хэлэлцүүлэг хийж байх хэрэгтэй. Эсвэл албаар тодорхой бус, нэг талыг барьсан агуулга гаргаж үндэслэлтэйгээр няцаалгаж бай. Эцэг эхчүүд хүүхдийнхээ яриан дундах алдааг байнга хэлж, охиноо зөв ярихад нь тусалж байх нь зүйтэй. Мөн боломж гарвал охиноо илтгэлийн уралдаанд оруулж, хичээл болон сургуулийн арга хэмжээн дээр идэвхтэй үг хэлж байхыг ятгаж зөвлөж байх хэрэгтэй. 4. Найзтай нөхөдтэй болго. Маш олон хүмүүс хоорондын харилцаагаа зүгээр л байх харилцаа гэж үзэн найз нөхөрлөлийн харилцаа бий болгохоос татгалздаг. Яг үнэндээ хүмүүс хоорондын харилцааны хувьд нөхөрлөл бол маш чухал. Учир нь энгийн 100 найзаас зүрх сэтгэлийн ганц найз илүү байдаг. Энэ маш чухал ёс зүй юм. Хүмүүс ихэнхдээ ойролцоо ааш зантай найзтай болох дуртай байдаг. Зарим хүмүүс өөрийнхөө зан араншингаас эрс өөр ааштай хүнтэй найзлах нь ч бий. Иймээс охиддоо хэрвээ чи л шударга байж чадваас зүрх сэтгэлийн найзтай болох тийм ч хэцүү биш гэдгийг ойлгуулаарай. 5. Анхааралтай сонсож сурга. Охиддоо заавал анхааралтай сонсохыг сургах хэрэгтэй. Сонсож чаддаггүй хүнд өөрийгөө илэрхийлэх боломж маш бага олддог төдийгүй бусад хүний ойлголцол болон тусламжийг авахад их бэрх байдаг. Ярьж чаддаг хүн байхын тулд дан ганц яриад байх төдийгүй бас сонсож чаддаг байх нь маш чухал.

Дөрөвдүгээр бүлэг. Охиндоо өөртөө итгэх итгэлийн хүчийг суулга 18. Охиныхоо өөртөө итгэх итгэлийг нь хангалттай бий болго Эмэгтэй хүүхдийн хувьд амжилтанд хүрэх, аз жаргалтай амьдрахад хамгийн чухал хүчин зүйл бол өөртөө итгэх итгэл юм. Хүний амьдралын өрсөлдөөн тэмцэл нь хамгийн хурц үе шатанд ороход ур чадвар биш харин өөртөө итгэх итгэл л тус болдог гэдгийг бид мэддэг. Өөртөө итгэлгүй хүн бол чухал үед өөрийнхөө хамгийн давуу талаа ч илэрхийлж чаддаггүй. Тийм учраас “охин хүүхдийг элбэг хангалуун өсгөх” ухаанд өөртөө итгэх итгэлийг нь дэмжиж хөгжүүлэх нь чухал болохыг онцолж байна. Өөртөө итгэлтэй бол таны охин ямар ч ирээдүйг сонгосон байлаа өөрийнхөө амьдралын хөлөг онгоцыг зөв замаар удирдан чиглүүлэх чадвартай болдог. Эмэгтэй хүүхдийн сул дорой байдал хаанаас үүдэлтэй вэ? Охин хүүхэд эмзэг зөөлөн байж болох ч сул дорой байж болохгүй. Эмзэг зөөлөн энхрий зангаараа хүний хайрыг татаж болох ч, сул дорой байдал нь охидуудыг нийгэмд байр сууриа олоход нь саад болдог. “Охин хүүхдийг элбэг хангалуун өсгөх”-ийн тулд өөртөө итгэх итгэлийг хангалттай бий болгож, сул дорой байдлыг үр үндэс үлдээлгүй голомтоор нь устгах хэрэгтэй. Охин хүүхэд эрхэмсэг зан чанар төлөвших эсэх нь түүний өөртөө итгэх байдлаас их шалтгаалдаг. Өөртөө итгэлтэй охины хувьд, түүний үг хэл хурц сэргэлэн, тогтвортой, шулуун, эрхэмсэг бардам зэрэг зан төрхтэй байдаг. Энэ нь охидын ирээдүйд эрхэмсэг элбэг хангалуун эмэгтэй болох үндэс суурь болж өгдөг. Хүүхдийнхээ өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүлэхийн тулд бид юуны өмнө охиноо яагаад ийм сул дорой зан чанартай болсныг тогтоох нь чухал. Охидууд төрөлхийн ухаалаг, цоглог сэргэлэн зан ааштай гэдгийг бид бусдаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Гэвч олон эцэг эхчүүд охидын гоо сайхан, оюун ухааныг илүү анзаараад харин түүний зоригтой, эрэлхэг зан чанарыг хөгжүүлэхийг бүр орхигдуулдаг. Энэ нь охидыг өөртөө итгэлгүй сул дорой болгодог. Бидний бяцхан гүнж нар харанхуйгаас, танихгүй хүнээс, салхи

борооноос, аянга цахилгаан, араатан амьтнаас айж, эцэг эх нь минь хажуунаас нь холдох вий .....гэж байнга айж байдаг. Гэвч зарим эцэг эх эдгээрийг нэг их тоож үздэггүй, харин ч эмэгтэй хүүхэд юм чинь ийм л байх ёстой, ингэж хүнээр өрөвдүүлж хайрлуулж эрхлэх ёстой гэж боддог нь өрөөсгөл ойлголт юм. Эмэгтэй хүүхэд аймхай хулчгар, дорой буурай болох эсэх нь гэр бүлийн хүмүүжлээс шууд хамааралтай. Эмэгтэй хүүхэд аймхай, хулчгар зантай болж төлөвшихөд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. 1. Байнга айлгах. Бяцхан хүүхэд дүрсгүйтэж уйлах нь энгийн хэрэг боловч зарим эцэг эхчүүд охиноо дүрсгүйтэх, уйлах, үгэнд орохгүй байх зэрэгт нь том саарал чоно, арслан, бар зэрэг хээрийн зэрлэг араатнаар айлгаж чимээгүй дуугүй байлгахыг оролддог. Зарим эцэг эхчүүд бүр чөтгөр, шулам, аянгын бурхан зэрэг үлгэрийн хийсвэр дүрээр хүүхдүүдээ айлгаж номхруулдаг. Мөн зарим эцэг эхчүүд гэрэл унтраах элдэв хачин дуу авиа гаргах зэргээр харанхуй зэрлэг ой шугуйд буй мэт аймшигтай орчинг бий болгодог. Гэвч эдгээр арга нь хор ууж цангаа тайлах адил тэрхэн үедээ хүүхдийн уйлж дүрсгүйтэхийг зогсоох боловч энэ нь удаан хугацааны туршид хүүхдэд сэтгэлийн шарх үлдээдэг байна. Сургамжит түүх Хуан гү өөрийнхөө зээ дүүг амьтны хүрээлэн үзүүлэхээр дагуулан явжээ. Бяцхан охин олон янзын амьтан шувуудыг хараад хөөрч догдлон, айж жийрхэж байв. Тэр тэдгээр хөөрхөн амьтдыг холоос харах боловч ойртож очихоос айгаад байлаа. Хачирхалтай нь тэрээр огтхон ч айдас хүргэмгүй үзэсгэлэнтэй тогос шувууг хүртэл алсаас ажиглан дөхөж очихгүй байлаа. Эгч нь зээ охиныхоо энэ занг хачирхан, ээж нь байнга л аймхай гэж хэлээд байдаг нь оргүй болохыг мэдэж авав. Амьтны хүрээлэнгээс гарахдаа үүднээс нь зээ охиндоо мөхөөлдөс авч өгсөн ч охин нь огт идсэнгүй, гараараа амаа хаагаад идэхгүй байв. Хуан гү охиноос: “Миний дүү идэхгүй бол эгч нь идлээ шүү” гээд мөхөөлдөснөөсөө хазах гэж байгаа дүр үзүүлэхэд царай нь хувхай цайн яаран сандран “Эгчээ битгий идээрэй, мөхөөлдсөн дотор могой байгаа шүү” гэж орилжээ. Хуан гү ч ихэд цочин түүнээс: “Хэн тэгэж хэлснийг асуухад ”Жинжин: ээж тэгэж хэлсэн гэв. Хуан гү ч учрыг ойлгож: “Ээж нь “чоно ирлээ”, дахиад уйлвал ийм амьтан тийм мангас ирнэ шүү гэж айлгадаг уу гэж асуухад охин тийм гэж толгой дохиж гэнэ. Орой нь эгчийнхээ гэрт ирээд Хуан гу эгчээсээ Жинжинийг дандаа айлгадаг эсэхийг асуухад эгч нь ч үгэнд орохгүй болохоор нь айлгаж байж үгэндээ оруулдаг гэдгээ хэлж, Хуан гу харин эгчийхээ энэ үйлдлийг маш ихээр буруушаан толгой сэгсрэн: “Хэрэв та үргэлж ингэж айлгаад байх юм бол тэр энэ дэлхий ертөнцийн бүх юмнаас айдаг итгэл зориггүй хүн болно тэр үед нь та түүнийг дахин хүмүүжүүлэх гэхэд оройтсон байх болно” гэв. Эцэг эхчүүд дээрх жишээнд гарсантай адил аймшигт амьтдыг санаанаасаа зохион хүүхдээ айлгахад хүүхдүүдэд юмсыг ялган таних чадвар хараахан бүрэлдээгүй байдаг учраас бүгдийг шууд бодитоор хүлээн авч, тэдгээр нь тархинд нь гүн шингэж хэзээ ч арилашгүй хар сүүдэр үлдээдэг. Харанхуй бүрэнхийд эсвэл хажууд нь хүнгүй үед нөгөөх айдсын сүүдэр түүнийг

нөмрөн авдаг. Ингэж айлгасаар удах тусам цөс зориг ихтэй хүүхэд ч аймхай хулчгар,сул дорой болж хувирдаг. 2. Хөдлөх бүрт нь буруушааж зэмлэх Эцэг эх болгон охин хүүхдээ олноос илүү болгох их хүсэлтэй байдаг. Охидын ирээдүйн төлөө эцэг эхчүүд зааж сургах ёстой ч зарим эцэг эхчүүд хэтрүүлж хэтэрхий хатуу өндөр шаардлага тавьж, өчүүхэн алдаа гаргавал эсвэл нүдэнд нь жаахан л эвгүй харагдвал чанга дуугаар хашгирч зандарч хатуугаар зэмлэн загнаж хүүхдэд өчүүхэн ч эрх чөлөө өгдөггүй. Охин хүүхэд бол төрөлхийн энхрий зөөлөн, эрхэм нандин, нэр төрөө эрхэмлэсэн, эмзэг зан чанартай байдаг тул чанга дуугаар хашгирч загнах нь хүүхдийн нэр төрөө эрхэмлэх сэтгэлийг нь үгүй болгохоор барахгүй өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. Ингэж загнаж зандрах арга нь хүүхдийн өөртөө итгэх байдлыг үгүй хийж, гэрэлт сайхан ирээдүйг устгаж баллах аюултай. Тийм учраас эцэг эхчүүд хэт хатуу чанга хандах, учир шалтгаангүйгээр загнаж зандрахаас ямагт зайлсхийх хэрэгтэй. 3. Хэтэрхий эрхлүүлэх. Хэт хатуу чанга хандахтай адилхан хэт эрхлүүлэх нь мөн хүүхдэд сул дорой зан төлвийг бий болгодог. Хэт эрх танхи өссөн хүүхэд ялагдал бэрхшээлтэй учрах боломж байдаггүй, хатуужуулах сорих боломжийг алдаж, ингэснээр хүүхдийг сул дорой болгодог. Бид “Элбэг хангалуунаар охин хүүхдээ өсгөх” ухаан нь эд материалын хувьд биш харин оюун ухааны элбэг хангалуун байдлыг хэлж байгаа гэдгийг мэддэг болсон. Харин энэ ойлголт нь эрхлүүлэх бөөцийлөх гэсэн үгнээс өөр утгатай үг юм. Хүн хичнээн баян байсан ч хүүхдээ эд баялагаар туйлуулдаггүй. Өнгөцхөн харахад энэ ухагдахуун нь “элбэг хангалуунаар охин хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” гэдэг үгтэй эсрэгцэж байгаа мэт боловч дотоод утгаараа нэгэн ижил санааг өөр утгаар илэрхийлсэн ойлголт юм. Энэ номны үндсэн ухагдахуун болох “элбэг хангалуунаар өсгөн хүмүүжүүлэх” гэдэг нь хүүхдийг зөв юман дээр нь дэмжиж урамшуулж, буруу зүйлэнд өөгшүүлэхгүй гэсэн үг. Харин хэт эрхлүүлж бөөцийлж, эд мөнгөнд умбуулахыг элбэг хангалуун өсгөн хүмүүжүүлэх ухаанаар хүүхдээ хүмүүжүүлж байна гэж ойлгож болохгүй. 4. Сул дорой сэтгэлгээтэй болгох. Хэдийгээр нийгэм өөрчлөгдөж, хөгжиж хүмүүс эмэгтэй хүүхдийг эмзэг, сул дорой гэж үзэхээ больсон ч энэ үзэл нь зарим эцэг эхчүүдийн дунд байсаар байгаа төдийгүй хүүхдэд ч энэ нь нөлөөлж өөрийгөө голсон гутранги үзэлтэй болгож байна. Зарим нэг гэр бүл нийгэмд эзлэх байр суурь доогуур, гэр бүлийн эдийн засгийн нөхцөл ядуу зэрэг байдлаас болж өөрсдийгөө дорд үзэж, голдог бөгөөд энэ гутранги үзлээ өөрсдийн үр хүүхэддээ уламжлуулан үлдээдэг байна. Охин хүүхэддээ өөртөө итгэлтэй зан төрхийг төлөвшүүлэхийн тулд юуны өмнө эцэг эхчүүд өөрсдөө өөртөө итгэлтэй байх ёстой. Үүний зэрэгцээ хүүхдийнхээ зориг зүрх, өрсөлдөх чадварыг идэвхтэй дэмжин, нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж

байх нь чухал. Ингэснээр хүүхдийн нүүр хагарч, хатуужиж нийгмийн амьдралд соригдон идэвх санаачлагатай, зоригтой өөртөө итгэлтэй хүн болон төлөвшдөг. Өөртөө итгэх итгэлийг бага наснаас нь эхлэн суулгах хэрэгтэй, ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэснийх нь дараа жижиг гэлтгүй магтан сайшааж, урамшуулан дэмжиж байх нь эмэгтэй хүүхдийн зүрх сэтгэлд нуугдсан өөрийгөө голох, өөртөө итгэхгүй байх сэтгэлийг гадагшлуулж, өөртөө итгэлгүй сул дорой байдлаа даван туулахад тус болдог. Ингэж чадвал шинэ эриний шинэ эмэгтэй хүнийг бий болгож, бидний бяцхан охидууд ч сэтгэл хангалуунаар өөрсдийн амьдралыг бий болгож аз жаргалтай итгэл дүүрэн амьдрах үүд хаалгыг нээж өгч байна гэсэн үг. Элбэг хангалуунаар өсгөж хүмүүжүүлснээр хүүхдийг өөртөө итгэлтэй хүн болгож дараах бэрхшээлийг үүсэхээс сэргийлдэг. Өөрийнхөө үзэл санааг зүй зохистойгоор илэрхийлж чадахгүй байх, өөрийгөө зөв зүйтэй ойлгож танин мэдэж чадахгүй байх, бусад хүний үзэл бодол, зорилго санааг зөв зүйтэйгээр ойлгох чадваргүй байх. Ингэж төлөвшсөн хүүхэд насан туршдаа бусдад хаалттай, зожиг ганцаардмал хүн болдог. Тийм учраас хүүхэдтэйгээ илүү ихээр харилцаж, хүүхдийнхээ бусадтай харьцах харилцааг хөхүүлэн дэмжиж байх хэрэгтэй. Биеэ дорд үзэх үзэл нь сул дорой байдлаар илрэхээс гадна зожиг ганцаардмал байдлаар илэрдэг. Биеэ дорд үзэх сэтгэлтэй эмэгтэй хүүхэд бусадтай харилцах дургүй, дотны найз нөхөдгүй, нийгмийн идэвх муутай, олон нийтийн үйл ажиллагаанаас байнга зайлсхийдэг, хүчин чармайлт муутай, бусдад халуун сэтгэлээр хандаж чаддаггүй, өөрийнхөө тухай хэтэрхий ихийг бодож өөртөө итгэх итгэл дутагддаг. Иймэрхүү биеэ дорд үзэх сэтгэл нь хүүхдийн ирээдүйг амархан баллаж үгүй хийдэг. Тийм учраас “хайр ивээлээр охин хүүхдийг хүмүүжүүлэх” арга нь эмэгтэй хүнийг зожигруулж ганцаардуулахгүй байх нэгэн төрлийн хичээл юм. Том болохын хэрээр эмэгтэй хүүхэд аливаа зүйлийн учир ухааныг өөрийн хэр түвшинд ойлгон таньж, эргэн тойрны зүйлд онцгой эмзэг мэдрэг болдог байна. Энэ үед нь эцэг эхчүүд түүнтэй харилцах, ойлголцох тал дээр илүү их анхаарал тавих хэрэгтэй. Хүүхдийн хувьд тэрээр чухамдаа ямар гэр бүлд амьдарч байгаагаа, гэрт нь байнга ямар үйл явдал болдгийг, ээж аав хоёр нь бие биендээ хайртай эсэхийг мэдэхийг хүсдэг. Эдгээр нь зайлсхийх аргагүй тулгарах асуудал юм. Тийм учраас эцэг эхчүүд гэр бүлийн таатай сайхан уур амьсгалыг бий болгоод зогсохгүй үр хүүхдээ ч тэр уур амьсгалдаа татан оруулах нь чухал. Хүүхдээ ганцаардмал зожиг болгож болохгүй. Тодорхой хэлбэл, охид өөрийнхөө үзэл санааг хэлэхэд түүнийг нь анхааралтай сонсон дэмжиж, хэрэв буруу зүйл ажиглагдвал тухайн зүйлийн тухай асуулт тавин түүний хариултыг анхааралтай сонсох зэргээр түүнийг гэр бүлийн идэвхтэй харилцаанд оруулах хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийн хувьд чухал асуудлыг охиныхоо оролцоотой шийдвэрлэх нь сайн үр дагавартай байдаг. Ингэснээр нэгэн ардчилсан гэр бүлийг бий болгож болох бөгөөд ардчилсан гэр бүлийн давуу тал нь хүүхдэд аюулгүй тайван мэдрэмжийг төрүүлэхээс гадна ганцаардал, айдасгүйгээр бүх талаар хөгжих боломж олгож, зөв бурууг ялган таних, хариуцлага хүлээх чадвар суун, хурдан хугацаанд бурууг ялган мэдэж чаддаг болдог. Охин чинь хэдэн настай байхаас үл хамаарч охинтойгоо харилцахдаа эцэг эхчүүд үзэл бодлоо

шууд тулгаж болохгүй. Охин хүүхэд их эмзэг мэдрэмтгий байдаг учраас тэдний сэтгэл маш амархан шархалдаг. Бодлогогүй хэлсэн нэг л өгүүлбэр, үл тоосон нэг л харц гээд санамсаргүй хийсэн үйлдэл болгон чинь охиныг чинь гомдоож, биеэ дорд үзсэн гутранги сэтгэл төрүүлж, өөрийгөө бусдад хаалттай болгодог. Тийм учраас эцэг эхчүүд охинтойгоо харилцах явцад эрх тэгш байдлыг эрхэмлэн, долоо хэмжиж нэг огтлох мэт дотроо бодолтой хандах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ үйлдлийг хий хоосон сэжиглэж яаран дүгнэлт хийж болохгүй, хүүхдийнхээ өөрийгөө хүндлэх сэтгэл хүсэл эрмэлзлийг нь хүндэтгэж бодолцох хэрэгтэй. Охинтойгоо харилцан ярилцах үед түүнийг гэсэн халамж анхаарлаа илэрхийлэх нь чухал. Байнга түүнийг гэр бүлийн нэгэн гишүүн гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй. Эцэг эхийх нь дуу хоолой хүүхдэд хамгийн их баяр хөөр өгөх дуу хоолой байдаг, цаг хугацаа орон зайг хязгаарлан хүүхэдтэйгээ харилцах харилцааг хайхрахгүй байж болохгүй. Эцэг эхтэйгээ бүрэн харилцаж чаддаг охидууд харилцааг бүрэн дүүрэн ойлгож, бусадтай харилцаж сурч, биеэ дорд үзэх сэтгэл, ганцаардмал зожиг байдлыг таягдан хаядаг байна. Ганцаардмал зожиг хүүхдүүдийн сэтгэл зүрхэнд бухимдал шаналал дүүрэн байдаг ба бусадтай харилцах нь бухимдлаа тайлах хамгийн сайн арга болж өгдөг. Охидын хувьд эцэг эхтэйгээ өөрийнхөө асуудал болон сэтгэгдлийг хуваалцаж ярилцсаны дүнд тэд өөрсдөө өөрсдийнхөө хүсэл сонирхлыг ойлгож, олон зүйл сэтгэлд нь хуримтлагдахгүй, сэтгэл доторх зовиур бухимдлыг шийдвэрлэж чаддаг. Харилцаагаар дамжуулж зөрчлийг шийдвэрлэж, сэтгэл санаагаа тогтуун болгож, сэтгэл санаагаа удирдаж чаддаг болдог. Энэ нь охин хүүхэд өөрт байгаа асуудлыг зөв шийдвэрлэх аргыг бий болгодог байна. Охиноо зожиг ганцаардмал болгохоос сэргийлэх үүднээс бусадтай үерхэж нөхөрлөхийг нь хязгаарлах нь зохисгүй юм. Харилцаа нь эмэгтэй хүүхдийн зан араншин төлөвшиж хүмүүжихэд маш их чухал, гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ гэрээс гаргалгүй ном уншиж, гэрийн даалгавар хийлгэхийг хүсдэг, хүүхдүүдээ нийгмийн бусад харилцаанд орохыг хориглодог. Ингэснээр охин хүүхдийг нийгмийн харилцаанд ороход өөртөө итгэх итгэлгүй болгож, аймтгай зүрх зориггүй хүн болгон төлөвшүүлдэг. Сургамжит түүх Жейн бол эелдэг даруухан хөөрхөн охин бөгөөд хүүхдүүд түүнд их сайн байдаг боловч тэр их зожиг бусадтай нийлдэггүй хүүхэд юм. Ялангуяа ангийн үдэшлэг дээр тэр ганцаараа ямар нэгэн буланд уйтгарлаж залхсан шинжтэй гартаа кола бариад сууж байдаг. Олон хүүхдүүд түүнийг бүжгэнд урих ч тэр хэнтэй ч бүжиглэхгүй татгалзана. Тэрээр зөвхөн уяангалаг намуун хөгжмийн аянд эвлэгхэн бүжиглэж буй хүүхдүүдийг харан суух аж. Үнэндээ дотроо бол Жейн бусадтайгаа нийлэн бүжиглэхийг маш их хүсэж байгаа төдийгүй тэр маш сайн бүжигчин юм. Бүжиглэх дур сонирхолтой, сайхан ч бүжиглэдэг, ээжээрээ үргэлж сайхан бүжиглэж байна хэмээн магтуулдаг байлаа. Гэвч үдэшлэг цэнгүүн дээр хөвгүүд түүнийг бүжгэнд урихад тэр маш их сандарч, бүжгэнд урьсан хөвгүүдтэй бүжиглэхээс татгалздаг ажээ. Зарим үед дүрсгүй жаалууд түүнийг чанга дуугаар бүжгэнд

урихад тэрээр бүр ч сандран ам нь хатаж хэл нь аргаад татгалзаж байгаагаа ч олигтойхон илэрхийлж чаддагүй зүгээр л толгойгоо сэгсэрдэг байна. Эвгүй байдлаас зайлсхийж бүжиг эхлээд удаагүй байхад л Жейн бусад хүмүүст үл анзаарагдам газар чимээгүй очоод суучихдаг байв. Жейнийн багш Жонсон түүний энэ байдлыг ажиглаж мэдээд ээжтэй нь ярилцсан байна. Жонсон ээжтэй нь ярилцах явцдаа Жейнийн ээж нь охиноо бусадтай үерхэж нөхөрлөхийг нь үргэлж хориглож хязгаарладаг бөгөөд тэрээр үзэсгэлэнтэй сайхан охиныхоо зүрх сэтгэлийг бүү шархлаасай гэсэндээ ингэж хязгаарладаг байна. Учир шалтгааныг нь мэдсэн Жонсон багш Жейнийн ээжийг үдэшлэгт урьжээ, гэхдээ мэдээж Жейнийн ээж охиндоо мэдэгдэлгүйгээр түүнийг нууцаар ажиглахаар болжээ. Энэ удаа Жейн урьдын л нэгэн адил буланд бусдаас нуугдан сууж байв, ээж нь охиныгоо зожиг ганцаардмал нэгэн болсныг хараад өөрийнхөө алдааг ухамрсарлан ойлгожээ. Үдэшлэг ид дундаа орж байх үед Жейн мөн л хэнд ч мэдэгдэлгүй зугтах гэж байхад нь Жонсон багш хүрч ирэв. Багшийгаа ирэхийг хараад Жейн маш их сандарч, явах гэсэн ч багшаасаа эмээн арай ч шууд явчихаж чадсангүй зүгээр л толгойгоо гудайлган багшийнхаа хэлэхийг сонслоо. Хэсэг зуурын дараа Жейн эргэж хэвэндээ орж, багш нь их элэгсэг дотно хүн түүнтэй зүгээр л ярилцах гэж байгаа биз, юу гэж л намайг бүжгэнд урих билээ гэж боджээ. Ингэж бодоод тэрээр эргээд хэвийн байдалдаа оржээ. Жонсон багш ч Жейнийг тайвширсныг ажиглаад юу ч анзаараагүй дүр эсгэн: “Чи бүжиглэж чадах уу? ” гэж асууж гэнэ, Жейн ч эргэлзэж тээнэгэлзэлгүй “Бүжиглэж ч чадна л даа гэхдээ ээжтэйгээ л бүжиглэдэг” гэхэд “Ямар сайн юм бэ? Тэгвэл хоёулаа бүжиглэе, болох уу?” гэж гэнэ. Жейн гэнэт нойрноос сэрсэн мэт татгалзахыг хүссэн ч хэлсэн үгээ буцаалтай нь биш зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч бүжиглэхийг зөвшөөрөв. Жонсон багш Жейнийг авч олны дунд уусан бүжиглэхэд хэдийгээр эхлээд бага зэрэг хөл зөрж байсан боловч тун удалгүй хөнгөн хөгжмийн аянд уусан багштайгаа алхаа нийлүүлэн тун аятайхан бүжиглэж байхыг нь найзууд нь хараад Жейн бүжиглэж чаддаг байсан юм байх даа гэж гайхацгааж хоорондоо жиг жуг хийцгээв. Жонсон багш Жейнтэй хоёр ч ая дуустал бүжиглэв. Жейнийг суудалдаа суусны дараа хөвгүүд түүнийг бүжигэнд урихад Жонсон багш түүнийг ятгахад Жейн бага зэрэг эргэлзэж байснаа зоригоо чангалан бүжиглэхийг зөвшөөрөв. Гэртээ харьсны дараа ээж нь түүнийг бусадтай үерхэж нөхөрлөхийг нь хязгаарлаж хориглодог байсандаа уучлалт гуйж буруугаа хүлээхэд Жейн их гайхав. Энэ үед л тэрээр өөрийгөө маш их ганцаардмал зожиг болсноо ухаарч ойлгон, тэр үеэс эхлэн ээж болон багшийнхаа хамтын дэмжлэгтэйгээр Жейн ганцаардмал зожиг байдлаасаа гарч өөртөө итгэлтэй, эрхэмсэг охин болон хувирсан байна. Тэр маш олон сайн найз нөхөдтэй болж, тэд нар нь бүгд түүний өөртөө итгэлтэй, эрхэмсэг байдалд татагддаг байлаа. Энэ жишээ хүүхдийнхээ бусадтай үерхэж нөхөрлөхийг нь хязгаарлах нь хүүхдийнхээ сайн

сайхны төлөө биш харин ч яваандаа эсрэг зүг руу явдгийг харуулж байна. Энэ нь хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь эвдэх хамгийн амархан арга. Эрхэмсэг охидууд үерхэл нөхөрлөлийн явцад яваандаа өөрийгөө хамгаалж сурдаг болохоос биш хайрцган дотор нуугдсанаараа өөрийгөө хамгаална гэсэн үг биш юм. Бусдаас нуугдаж зугтсанаар биеэ голсон өөртөө итгэлгүй зан төлвийг бий болгон ирээдүйн сайн сайханд нь сөргөөр нөлөөлдөг байна. Найдвартай, аз жаргалтай ирээдүйн төлөө охин чинь үерхэл нөхөрлөлийн дундаас өөрийгөө, өөртөө итгэх итгэлээ олж, өөрийнхөө чадварыг нэмэгдүүлнэ гэдгийг ойлгож авдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.

19. Охиндоо бага байхаас нь л “болор шаахай” өмсүүл Өөртөө итгэх итгэл нь хүүхдийн ирээдүйн амьдралыг бүтээх гол цөм, өөрийгөө хөгжүүлэх үндсэн шинж чанар юм. “Элбэг хангалуун хайраар хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх” аргад эцэг эхийн гүйцэтгэх ёстой зайлшгүй үүрэг бол охин хүүхэддээ бидний уламжлалт, соёлт эмэгтэйчүүдэд шаардлагатай зан чанарыг төлөвшүүлж, охиноо өөртөө итгэлтэй, бие даасан эмэгтэй хүн болгох явдал гэж үздэг. “Болор шаахай” бол эмэгтэй хүүхэд бүрийн мөрөөдөл гэж хэлж болно, учир нь хэн ч гэсэн насан туршдаа “үнсгэлжин”-гийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй шүү дээ. Тийм учраас “охин хүүхдийг элбэг хангалуунаар өсгөх” ухааны гол үзэл санаа нь “охин хүүхдээ бага наснаас нь л “болор шаахай” өмсүүлж өсгөх байдаг. Энэхүү “болор шаахай” гэдэг ойлголт нь өөртөө итгэх итгэл юм. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй эмэгтэй хүн насан туршдаа гялалзаж, улам олон хүний харцыг булааж амьдарч чаддаг. Нялх байхаас эхлээд насанд хүртэл нь мөрөөдөл бодит байдлын солбилцол дээр охид бүр өөрийн гэсэн их бага зовнил шаналал бүхий тайван бус амаргүй амьдралыг туулан өсч том болдог. Гайхамшигт мөрөөдлийн ертөнцөөс гүн гүнзгий манан будан, гүн нойрон дунд умбаж зүүдний ертөнцөөр зугаалж байтал гэнэт цочоон сэрээх мэт амар тайван бус байдал үгээр илэрхийлж боломгүй их хүсэл тэмүүллийг устгаж байдаг. Цагаан морьтой ханхүү бол охин бүрийн хувьд тохиолдох хамгийн сайхан мөрөөдөл, болор шаахай нь охин бүрийн хамгийн их хүсч мөрөөддөг бэлэг байдаг. Хэрэв эцэг эхчүүд охиноо өсч том болох явцад энэ бэлгийг бэлдээд өгдөг бол охин тань өөрийнхөө гайхамшигт мөрөөдлийг итгэл төгс биелүүлэх болно. Бидний охид өсч том болсныхаа дараа сэтгүүлийн эрээвэр хураавар зурагнуудыг үзэж хий хоосон мөрөөдөлдөө автаж, хүүхэд насныхаа гайхамшигт мөрөөдлийг биелүүлж чадаагүйдээ насан туршдаа гутрах ёсгүй. Олон эмэгтэйчүүд хүүхэд насныхаа сайхан мөрөөдлийн ертөнцийг эргэн дурсахдаа бүгд л толгойгоо сэгсэрч “тэр бол зүгээр л нэг үлгэр байсан юм” гэх болов уу эсвэл чимээгүйхэн шүүрс алдан “Яаж ч биелэгдэхэв дээ, би ч хүүхэд байждээ ” гэх боловуу. Тэдний мөрөөдөл биелээгүй нь зөвхөн тэдний өөртөө итгэх итгэл дутуугийн шинж тэмдэг төдийгүй мөрөөдөл болон бодит биелэл хоёрын хоорондын шилжилтийг хийх зориг дутаж байгаагийн илрэл юм. Сайхан үлгэр дуусахад солонгын өнгийн тансаг хувцсаа тайлж, үлгэрийн босгыг даван эрээн мяраан бодит ертөнцөд хөл тавьдаг. Эцэг эх болсон бидний хувьд өөрсдийн охидыг урьд өмнө нь тэд хэн нэгэн үнсгэлжин байснаас үл хамаарч өөрсдийнх нь тэгэж их хүсээд байгаа “болор шаахайг” аль хэдийн өмсчихсөн байгааг нь ойлгуулах нь чухал. Үүний тулд охидоо хүүхэд ахуй цагт нь өөртөө итгэх итгэлийг өвлүүлэн төлөвшүүлэх хэрэгтэй. Сургамжит түүх Гэртээ ирмэгцээ 10 настай Яньянь ээждээ: “Ээжээ, багш намайг уран бичлэгийн тэмцээнд бүртгүүл гэсэн” гэв. Ээж нь их баяртайгаар: “Ямар сайн юм бэ, чи тэгээд бүртгүүлэхгүй юм уу? ” гэсэнд охин “Үгүй ээ” гэж хариулав.

Ээж нь Янь янийг гайхан ширтлээ. Охины нүдэнд оролцохыг хүссэн ч эргэлзэж тээнэгэлзсэн айсан шинж илэрнэ. Ээжийгээ ширтэхээс Яньянь бага зэрэг эвгүйцэж тойлгойгоо гудайлган: “Би жаахан айгаад байна л даа, тайзан дээр их олон хүмүүс харна шүү дээ” гэв. “Миний охин уран бичихдээ их сайн шүү дээ, тэгээд ч багш чинь чамайг тэмцээнд ор гэж хэлж байгаа нь миний охины хэр чадвартайг баталж байна шүү дээ тийм учраас ээж нь чамайг заавал тэр тэмцээнд оролцоосой өөрийгөө сорьж үзээсэй гэж бодож байна” хэмээн охиноо зоригжууллаа. Гэвч Яньянь эргэлзсээр л .... Хоёр хоногийн дараа багш нь ээж руу нь утасдаж Яньянийг тэмцээнд оролцуулахаар ятгахыг хүсэв. Яньянь ч тэмцээнд оролцох итгэл алга байлаа. Ээж аав хоёр нь охинтойгоо сайтар ярилцах хэрэгтэй гэж шийдэж, Яньянийг хичээлээ тараад ирэхээр аав нь боломж гаргаж байгаад Яньяньтай ярилцаж үзэв. Аав нь тэмцээний тухай яриа өдөж: “Ямар ч байсан бид чамайг заавал тэмцээнд оролц гэж албадахгүй, чи өөрөө л шийдэх хэрэг, гэхдээ хоёулаа тэмцээнд оролцохын ашиг тустай тал болон муу үр дагаварын тухай ярилцацгаая” гэж гэнэ. Ингэж хэлмэгц Яньянь яаран: “ааваа би уг нь оролцмоор л байна л даа, өөрийгөө сорих боловсруулах сорих боломж гэдгийг ч ойлгож байна, гэхдээ би өөртөө итгэхгүй байна ” гэв. “Яагаад, чи ялагдахаас айгаад байна гэж үү?” “Тийм” “Чи бол ээж аавынхаа сэтгэлд хамгийн чадварлаг хүүхэд, үүнийгээ ч тэмцээний байр эзлэх төдийгөөр батлах шаардлагагүй. Бидний хувьд энэ удаагийн тэмцээн зүгээр л нэг боловсруулах дасгалжуулах боломж гэж л бодож байна” гэж аав нь хэлэв. Ээж нь хажуунаас нь “багш чинь утсаар ярьсан, тэр чиний чадварт маш их итгэж байна лээ. Ээж аав хоёр нь бас багш чинь бүгд чамайг энэ тэмцээнд оролцох эсэхээр чинь шинээр дүгнэх болно. Бидний хамгийн их анхаарч байгаа зүйл бол чи энэ боломжийг ашиглаж өөрийгөө боловсруулж сорьж чадах эсэх нь чухал байгаа юм ” гэхэд Яньянь: “Гэхдээ л тайз руу гарахад маш олон хүн намайг харна шүү дээ” гэж бас л эргэлзэж айсан өнгөөр хэлэв. “Тэр ямар хамаатай юм бэ? Тэд нар чинь бүгд л бид нартай л адилхан чамайг дэмжих гэж ирсэн хүмүүс шүү дээ, чи зөвхөн өөрийнхөө уран бичлэгт л анхаарлаа хандуулахад болно” “Үнэхээр үү? Тэд нар ч гэсэн намайг дэмжих гэж ирнэ гэж үү? ” “Мэдээж шүү дээ” Яньянь бодож бодож сүүлд нь ээждээ: “Би одоохон багш руу утасдаад оролцох болсноо хэлээдэхье” гэж итгэл дүүрэн хэлэв. .... Тэмцээн ч дуусч, Яньянь нэг дүгээр байрыг эзлэн шагнал гардуулах тайзан дээр өөртөө итгэл дүүрэн зогсож байна.

Нийгмийн уламжлалт соёлын улмаас эмэгтэйчүүд эрчүүдийг дэмжигч үүрэг роль гүйцэтгэдэг байсан. Тиймээс эмэгтэйчүүд эрчүүдийг түшиж тулан амьдардаг учраас залуухан байхаасаа л өөрийгөө хүндлэх сэтгэл нь буурдаг. “Охин хүүхдээ элбэг хангалуун өсгөх” гэдэг үзэл бол эцэг эхчүүдээс охиныхоо өөртөө итгэх итгэлийг идэвхтэйгээр хөгжүүлэн зөв төлөвшүүлэхийг шаардаж, аливаа зүйлийг өөрөө шийдэж сурахад чадварыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэйг зааж байна. Эцэг эхийн хувьд охин хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь бий болгохын тулд тэднийг үргэлж зоригжуулж, дэмжиж, магтан сайшаах зэргээр өөртөө итгэлтэйгээр амьдралын их далайд гарах баталгааг бий болгож өгөх хэрэгтэй. Охиныхоо өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд юуны өмнө тодорхой хэмжээний чадвар буюу өөрийгөө танин мэдэх чадварыг суулгах хэрэгтэй. Охиноо өөртөө итгэлтэй болгох дараах зөвлөгөөтэй танилцана уу. 1. Охиноо бие даалгах Бага байхаас нь л өөрийгөө болон гэр бүлээ асрах халамжлах үүрэг хариуцлагыг нь ойлгуулж өгөх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд ч, ажил мэргэжлийн хувьд ч бие даах чадвар сайтай хүүхэд алзахгүй амжилттай явдаг. 2. Охиндоо тодорхой хэмжээний эрх чөлөөг олгох Охин хүүхдийг өсч торних явцад нь эцэг эх нь түүний хүрч чадах амжилтыг нь ухамсарлуулах ёстой байдаг. Хүүхэд өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд эцэг эхийн байнгын хараа хяналт оролцоо байхаас гадна өөрт нь бие даан шийдвэр гаргах сонголт хийх боломж олгох хэрэгтэй. Эцэг эх нь охиндоо хэр их “эрх мэдлийг ” олгоно төдий чинээ охиныхоо шийдвэр гаргах чадварыг дэмжиж байна гэсэн үг. Энэ нь охины чинь ур чадварыг нэмэгдүүлэхэд тустай. Охин чинь өөрийнхөө цагийг хэрхэн зохицуулах, ямар хувцас өмсөх, ямар дугуйланд явах зэргээ өөрөө сонгож шийдсэнээр өөрөө биеэ даасан байдал эрх чөлөөг мэдэрч, яваандаа эцэг эх нь түүнийг зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэдгийг ойлгон ухамсарлах болно. Харин аливаа шийдвэр гаргахад эцэг эх нь болон бусад хүмүүс туслахад бусдын гарыг харсан, идэвхгүй нэгэн болж, өөрсдийн хувь заяаг удирдахад эргэлзэж тээнэгэлзсэн нэгэн болж хувирдаг. Иймд тэдэнд тохирсон эрх чөлөөг өгөх хэрэгтэй. 3. Өрсөлдөх чадвар болон ур чадварыг хөгжүүлэн төлөвшүүлэх Хүүхдийг өсч торниход бидний туслалцаа зайлшгүй хэрэгтэй боловч энэ туслалцаа нь өмнөөс нь юм болгоныг хийж өгөх гэсэн үг биш юм. Бидний үүрэг бол тэдний чадвар, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэхэд туслах болохоос биш түүний өмнөөс түүний үүргийг гүйцэтгэж болохгүй. Эцэг эх, багш болон бусад насанд хүрсэн хүмүүсийн хувьд охин хүүхдэд эрэгтэй хүүхдэд үзүүлдгээс илүү ихээр халамжилж хэт бөөцийлдгөөс болж охидуудад: “Би сул дорой учраас надад илүү их тусламж хэрэгтэй” гэсэн ойлголтыг суулгачихдаг. Иймэрхүү хэт бөөцийлүүлж эрхлүүлсэн хүүхэд өөрийгөө байнга сул дорой гэж бодон бусадтай өрсөлдөх

чадваргүй, бусдын гарыг харсан хүн болж, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлж төлөвшүүлээд ч нэмэр болдоггүй. 4. Охиныхоо хувийн зан чанар болон хүсэл зоригийн хүчийг хөгжүүлэн төлөвшүүлэх Эцэг эхчүүд охиныхоо хувийн зан чанарыг төлөвшүүлж, түүнийг юу хүсч байгаагаа мэддэг болгож, итгэл үнэмшлийг нь төлөвшүүлэх нь чухал. Өөрийн гэсэн хувийн өвөрмөц зан чанартай хүн: “Би тийм юм хүсч байна”, “би тийм юм хиймээр байна”, “надад тийм үзэл бодол таалагдахгүй байна” гэж зоригтойгоор хэлж чаддаг. Уламжлалт нийгмийн үед эмэгтэй хүмүүс бусдын захиргаанд бусдаар захирагдах байр сууринд байдаг байсан ба бусдын дэмжлэгтэйгээр, бусдын хүсэл сонирхолд нийцүүлэн, бусдаас зөвшөөрөл авч амьдардаг байжээ. Жишээлбэл, “Би ингэж хийж болох уу?, чи надаар юу хийлгэмээр байна?, чи юу хүсч байна” гэх мэтчилэн бусдад нийцүүлэн амьдардаг байсан. Иймэрхүү байдал хандлага нь охин хүүхдийг өөрийгөө мэдэх, өөрийгөө удирдах ямар ч эрхгүй болгодог ба энэ нь мөн л адил өөртөө итгэх итгэлгүй болгодог. “Охин хүүхдийг элбэг хангалуун өсгөх” арга ухаан нь охидыг аливаа бэрхшээлийг даван туулах хүч чадалтай, зоригтойгоор сонголт хийж чаддаг, шийдвэр гаргах чадвартай хүн болгон төлөвшүүлэх үүднээс эцэг эхчүүдээс охидын эрэлхэг зоригтой зан чанарыг хөгжүүлэхийг шаарддаг. Охид өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх чадвартай гэдгийг ойлгож ухаарсан цагт түүний өөртөө итгэх итгэл их хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр ирээдүйн их амьдралын замд ямар ч хүнд бэрх сорилттой тулгарсан сорилтыг даван туулах тууштай зан чанартай болж тодорхой амжилтанд хүрч чаддаг. Харин охид өөрийнхөө удирдах хүчийг мэдэрч чадахгүй бол аливаа бэрхшээл тулгарсан үед хурдхан түүнийгээ хаяж өөр шинэ амархан зүйлийг туршиж үзэх сонголт хийж өөрийгөө эрсдэлд оруулдаг. Хэрэв өөртөө итгэх сэтгэлгүй бол охин тань мөрөөдлийнхөө хаалганы өмнө суусаар, мөрөөдлөө биелүүлэх нэг ч алхам хийхгүй, өөрийнхөө гайхамшигт ирээдүйг зүгээр л булшилж орхидог. Өөрийн мөрөөдлөө биелүүлэх чадвартай хүн болгохын тулд эцэг эхийн хувьд охиноо нялх балчир байхаас нь л өөртөө итгэх итгэлийн “болор шаахай”-г бэлэглэж өмсүүлэх хэрэгтэй.

20. Охин хүүхдийн өөдрөг үзлийг хөгжүүлж төлөвшүүл Хүүхдүүдийн ертөнцийн хувьд өөдрөг үзэл гэдэг нь маш олон утга санааг агуулна. Өөдрөг үзэл нь хүүхдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг нь болж, хүүхдэд аливааг хийх бүтээх хүсэл тэмүүлэл урам зориг болж, бэрхшээлийг даван туулах нууцлаг хүчин болж өгдөг. “Элбэг хангалуунаар охин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх” арга ухаан нь охин хүүхэддээ итгэл найдвар, өөдрөг үзлийг бэлэглэн, тэдний мөрөөдлийг биелүүлэхэд нь туслах хэрэгтэй гэж заадаг. Охин гэдэг үг ариун сайхан бүхний дээд, шинэхэн цэцгийн дэлбээ, хамгийн сонсголонтой төлөөний нэр үг билээ. Гэвч хүмүүс хатаж өнгөө алдсан цэцгийг үзэж сонирхохгүй мөн шороо чулуугаар даруулсан үнэт хаш ч хүмүүсийн анхаарлыг татахгүй нь мэдээж. Үүнтэй нэгэн адил охин хүүхэд гунигтай зовлонтой хар бараан сүүдэрт өсөж том болвол амжилтанд хүрэхэд их хэцүү төдийгүй бусдад үнэлэгдэж тоогдоход ч хэцүү болно. “Элбэг хангалуун хайраар өсгөх” ухаанд охин хүүхдийн өөдрөг үзлийг хөгжүүлэн төлөвшүүлэхийг зааж байна. Үнэндээ охидууд баяр хөөртэй байхын тулд төрсөн байдаг тул хүүхдийн аз жаргалтай цангинасан инээд дүүрэн орчинд өсч том болсон хүүхэд насан туршдаа гэрэлтэж сайхан амьдардаг. Нэгэн сурган хүмүүжүүлэгчийн хэлснээр: “Инээмсэглэл нь оюун ухааныг тэтгэдэг. Хүүхдээ аз жаргалтай инээмсэглэлээр дүүрэн хүн болгохын тулд өөдрөг үзэлтэй хүн болгож, өөдрөг үзлээр хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлдэг болгох нь хамгийн чухал юм” гэжээ. Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй цовоо хүн ямар ч бэрхшээлтэй тулгарсан бүхнийг эхнээс нь эхлэх хүчин чадалтай, тамд унасан ч тамаас диваажинд хүрэх хүч чадалтай байдаг. Амьдралын эргэлт болгонд хүүхдийн өөдрөг үзэл нь амжилтанд хүрэх боломжийг бүрдүүлж өгдөг. Хүүхдийн эерэг бодол нь зорилгодоо хүрэхэд тус болдог. Ямар ч хүний хувьд өөдрөг үзэл нь юутай ч харьцуулшгүй чухал баялаг юм. Сургамжит түүх Америкийн алдартай сэтгэлзүйч далд хүч чадлыг нээгч Дивен, тэрээр маш их эрч хүчтэй, бусдад нөлөөлөх хүч ихтэй хүн бөгөөд түүний хичээл лекц нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Тэрээр хүмүүсийн идэвхтэй чанар болон боломжит нөөц чадлыг нээн хөгжүүлэх тал дээр мэргэшсэн хүн бөгөөд урилгаар дэлхийн өнцөг буланд очиж лекц уншдаг байна. Дивен: “Аливаа нэг зовлон бэрхшээл асуудлын ард заавал аз жаргал биднийг хүлээж байдаг” гэж хэлэх дуртай, түүний цорын ганц охин нь хүртэл бүр бага байхаасаа түүний энэ үгийг байнга сонсож хүмүүжжээ. Дивен нэгэн өдөр Солонгост очиж лекц уншихаар бэлтгэж байхад нь Америкаас охинд нь гэнэтийн осол тохиолдож эмнэлэгт яаралтай мэс засал хийлгэж байна, шилбэний ясаа ч авахуулж магадгүй байна” гэсэн цахилгаан ирж, тэрээр хайртай охин нь гэнэтийн осолд орсныг сонсоод цочролд орон сандарч мэгдэн хичээлээ үргэлжлүүлэх боломжгүй болж Америк руу яаралтай буцжээ.

Хоёр хөлөө тайруулчихаад өвчтний орон дээр хэвтэж буй бяцхан охиноо хараад Дивений сэтгэл хутгаар сийчүүлсэн мэт болж, урам зориг нь ч тэрхэн зуур юу ч үгүй хоосон болж орхив. Энэ нөхцөл байдалд түүний хувьд түүний үг хэлний ур чадвар анх удаа алга болсон бөгөөд гүйж харайх дуртай цовоо сэргэлэн бяцхан охиноо хэрхэн тайвшруулах ухаанаа ч олохгүй байв. Харин охин нь юу ч болоогүй юм шиг эцгийнхээ сэтгэлийн зовлонг арилгах мэтээр инээмсэглэн: “Ааваа, та ямар ч зовлон бэрхшээл асуудлын цаана аз жаргал хүлээж байдаг гэж дандаа хэлдэг биз дээ?” битгий сэтгэлээр уна даа, энэ нь магадгүй бурхны надад илгээж буй өөр нэгэн аз жаргал ч байж болох юм.” гэжээ. Дивен арга барагдсан янзтай “Гэхдээ, чиний хөл ........” гэхэд Бяцхан охин ухаалгаар: “Аав минь зүгээр дээ, хөлгүй ч гэсэн надад гар байна шүү дээ” гэлээ. Үүнийг сонсоод Дивен хэдийгээр гунигтай байсан боловч бага ч гэсэн сэтгэл нь уужрах шиг болж. Хиймэл хөлтэй охин нь гүйх ямар ч аргагүй зөвхөн аажуухан алхах боломжтой байлаа. Гэвч хоёр жилийн дараа охин нь дунд сургуульд орж, бүр софтболлын багт орсон төдийгүй багийнхаа хамгийн сайн чадварлаг тоглогч байж багаа амжилтанд хүргэдэг байв. Тэрээр алхаж чадахгүй учраас өдөр бүр гараараа хичээллэж булчингаа хөгжүүлснээр бусад энгийн хүүхдээс илүү чадвартай нэгэн болсон. Энэ бол нэгэн цовоо сэргэлэн амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн бяцхан охины түүх бөгөөд тэрээр хамгийн хэцүү үедээ ч гэсэн хүмүүст инээмсэглэл бэлэглэж байлаа. Учир нь түүний эцгийн хэлдэг тэр үг нь түүний бяцхан зүрх сэтгэлд гүн шингэсэн ажээ. Тэр “Аливаа зовлон бэрхшээл асуудлын цаана заавал аз жаргал хүлээж байдаг” гэдгийг мэддэг учраас гашуун зовлонд сөхөрч уналгүй давж гарч чадсан байна. Мөн тэрээр зоригтойгоор тэр сорилттой нүүр тулж дийлж гарч чаджээ. Зарим хүүхдүүд төрөлхийн өөдрөг үзэлтэй байдаг бол зарим нь эсрэгээрээ гутранги үзэл давамгайлсан байдаг. Сэтгэл зүйчид өөдрөг үзлийг хөгжүүлж бий болгож болдгийг нээсэн байна. Хүүхдэд өөдрөг үзлийг хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Яг л Дивен шиг, учир нь түүний өөдрөг үзлийн ачаар охин нь ч өөдрөг үзэлтэй болж, түүний амьдралын идэвхтэй чанарын ачаар охин нь идэвхтэй амьдрах урам зориг дүүрэн болжээ. Хүүхдүүд өсч том болох явцад эцэг эхийгээ байнга харж дуурайж хүмүүждэг. Хэрэв эцэг эх нь өөртөө тулгарсан асуудал бэрхшээл болон гэр бүлд тулгарсан асуудлыг өөдрөгөөр харж шийдвэрлэж чадвал хүүхэд нь үлгэр дууриал болгон авч аажмаар өөдрөг үзлийг өөртөө бий болгож төлөвшүүлнэ. Хүүхэд таагүй онцгүй зүйлтэй тулгараад түүндээ эмзэглэн гутранги үзлээр хандах юм бол эцэг эхчүүд хүүхдээ тухайн асуудлыг олон талаас нь харах, дүгнэж цэгнэх боломжийг олгох хэрэгтэй. Мөн хүүхэддээ түүний үзэл бодолд нь логик алдаа байгааг ухааруулж ойлгуулахыг хичээх нь зүйтэй. Сургамжит түүх

Тэрээр хөгжилтэй цовоо сэргэлэн бяцхан охин, үсэндээ гүзээлзгэний хэлбэртэй хавчаар зүүсэн, нүүрээрээ дүүрэн сэвхтэй ч түүндээ огт эмзэглэдэггүй, байнга л нээлттэй цовоо цойлгон байдаг юм. Түүнийг харах болгонд л түүний сэтгэл дүүрэн инээмсэглэлтэй тулгарна. Түүний эцэг эх нь ч мөн адил байнга л инээмсэглэж явдаг сайхан сэтгэлтэй хүмүүс, тэрхүү инээмсэглэл нь тэдний үүрд үл хувирах дүр төрх мэт л байдаг байв. Нэг өдөр тэр сайн найз Кэлигийнхээ төрсөн өдрийн үдэшлэгт очихоор их л баяр хөөртэй байлаа. Тэрээр эртлэн босч ээжийнхээ саяхан шинээр авч өгсөн гоёмсог дэгжин ковбой гутлаа өмсч, хар өнгийн жинсэн өмдөө өмслөө. Мөн аавынхаа авч өгсөн ковбой малгайгаа өмсөхөө ч мартсангүй, хамгийн их сэтгэл догдлуулсан зүйл нь тэр төрсөн өдрийн үдэшлэгт жинхэнэ морь унаж очихоор шийджээ. Харин тэр өдөр тэнгэр хангай муухай аашилж 11 цаг хагас гэхэд гэнэт ихээр салхи салхилан аадар бороо оров. Охин цонхоороо ширтэн бороо намдахыг хүлээхээс аргагүй болжээ. Энэ үед ээж нь орж ирээд цаг агаарын байдлаас болж үдэшлэг цуцлагдсаныг хэлэхэд охин гэнэт инээмсэглэхээ больж нулимс нь урсан уйлж гарав. Ээж нь ч бас хэцүү байсан боловч инээмсэглэн: “Охин минь гэхдээ өнөөдөр бид нар байшин дотроо “Гүнжийг хайж олъё” гэдэг тоглоом тоглож болно шүү” дээ гэв. Бяцхан охин дорхноо л сэргэж, дараагийн долоо хоногийн бямба гарагт морь унаж болохоор сайхан өдөр болно тэгээд би морио унаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсээр нулимсаа арчин инээмсэглэв. Энэ бяцхан охин бол Америкийн алдарт бизнес эмэгтэй Ласер Том юм. Өөртөө итгэлтэй өөдрөг үзэлтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ өөдрөг үзлийг төлөвшүүлж чаддаг. Тэд охидоо амьдралын эрч хүчтэй хүсэл тэмүүлэлтэй өөдрөг хүн болгож, тийм уур амьсгалыг бүрдүүлж чаддаг учраас хүүхдэд өөдрөг үзэл өөдрөг зан чанарыг төлөвшүүлж чаддаг. Мөн тэд охиндоо халуун дулаан гэр бүлийн орчныг бий болгож, охиноо баяр хөөртэйгээр сурах, баяр хөөртэйгээр амьдарч сурахад нь тусалдаг. Охиноо сэтгэл гутралд автахгүй өөдрөг сэтгэлтэй хүн болгохын тулд гэр бүлийн гишүүн бүр ярих үг, хийж байгаа үйлдэл бүртээ аядуу зөөлнөөр харьцаж, охинтойгоо ярилцах болгондоо эелдэг зөөлөн байж охиндоо халуун дулаан тайван уур амьсгалыг байнга мэдрүүлэх хэрэгтэй. Харин хүүхэддээ хатуу хандсанаар эцэг эхээсээ байнга айж сандарч мэгддэг зантай болдог. Ийм эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл эрх ашгийг хүндэтгэж, аливаа зүйлийг үлгэрлэх байдлаар ухамсарлуулснаар хүүхдүүд аяндаа идэвхтэй зоригтой цовоо сэргэлэн болж төлөвшдөг. Нэгдүгээрт: Хүүхэд чинь төгөлдөр хуур, шатар, ном, зураг болон бусад төрөл бүрийн урлаг соёл, биеийн тамирын төрөлд дурлаж ямар нэг зүйлийг сонирхдог байх хэрэгтэй. Хоёрдугаарт: Хүүхэддээ өгсөн үүрэг даалгаврыг заавал бүрэн дүүрэн гүйцэтгүүлж, түүнд ажлын “амжилт”-ын амтыг мэдрүүлэх хэрэгтэй. Аливаа үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн сэтгэл ханамж болон өөрөөрөө бахархах сэтгэлийг мэдрэх нь чухал. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ сурах, хөдөлмөрлөх, тоглоом тоглох зэрэгт аливааг бүрэн дүүрэн хийж сурган

“амжилт” хэмээх баяр хөөрийг мэдрүүлж амтлуулах хэрэгтэй. Гуравдугаарт: Хүүхдэд онцгүй зүйл тохиолдоход эцэг эхчүүд түүний гутарсан урам хугарсан сэтгэлийг даруй засаж эргээд баяр хөөртэй болоход нь туслаж байгаарай. Нэрт сурган хүмүүжүүлэгч Селигман: Хүүхдээ зөв хүмүүжүүлсэн эсэх нь хожим нь хүүхэд нь насанд хүрээд өөдрөг үзэлтэй хүн болсон уу эсвэл гутранги үзэлтэй хүн болсон уу гэдгээс харагддаг. Тиймд эцэг эхчүүд өөдрөг үзэлтэй, баяр хөөртэй гэр бүлийн уур амсьгалыг бүрдүүлснээр хүүхдүүд баяр хөөр аз жаргал дунд аяндаа өөртөө итгэлтэй өөдрөг үзэлтэй хүн болж төлөвшдөг гэж хэлжээ.

21. Охин хүүхдийнхээ “гүнж“ нэрийг хамгаал Олон эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх явцад зарим нэг алдааг гаргаж, бодлогогүй буруу үгээрээ хүүхдээ эвгүй байдалд оруулан найз нөхдийх нь өмнө нэр хүндийг нь гутаадаг. “Охин хүүхдийн элбэг хангалуун өсгөн хүмүүжүүлэх” ухаанд эцэг эхчүүд охидоо оюун ухаан, сэтгэл санааны хувьд бүрэн дүүрэн элбэг хангалуун байлгаж, хүүхэд өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг хамгаалж, хүүхдээ үргэлж өөртөө итгэлтэй байлгахыг сурган шаарддаг. Эцэг эхчүүд охин хүүхдийнхээ “гүнж” нэрийг үргэлж хайрлан хамгаалах үүрэгтэй байх ёстой. Нэгэн эцэг эхийн өдрийн тэмдэглэлээс: Сургамжит түүх “Тэр өдөр охины маань ангийн хүүхэд болох насны хувьд ангийхаа хамгийн бага Шонни хэмээх охин манайд ирж охинтой минь хамт зураг зурав. Би тэр хоёрын эрээчиж сараачсан цаасыг хаяхаар эмхэлж цуглуулж байтал Шонни: “Эгчээ та энэ зурагнуудыг хаях хэрэггүй, би гэр лүүгээ аваад явъя, та дургүй байсан ч манай ээж дуртай байх болно. Ээж миний хийсэн юм бүхэнд дуртай байдаг юм. Түүний хувьд би бол хамгийн эрхэм хүн нь” гэв. Надад хэлэх ч үг олдсонгүй. Шоннигийн өөртөө итгэлтэй байдал нь түүний ээж охиноо байнга дэмжиж урам зориг өгдгийн илрэл бөгөөд харин миний хувьд харин ч эсрэгээр хүүхдийнхээ өөртөө итгэлтэй байдлыг үгүйсгэж байхгүй болгодог хүн юм байна гэдгээ тэр өдөр л ухаарсан юм.”гэжээ. Эмэгтэй хүүхдийн сэтгэл оюун их эмзэг нарийн тул тэд өсч том болох явцдаа бусдаас урам зориг, магтаал сайшаалыг хүртэхийг байнга хүсч байдаг. Үүний зэрэгцээ бусдын дорд үзэл дээрэнгүй зангаас байнга айж байдаг. Тийм учраас “охидыг элбэг хангалуун өсгөж хүмүүжүүлэх”-ийн тулд эцэг эхчүүд өөрийн үйл хөдлөл, үг хэлийг байнга анхаарахыг шаардаж, нэг л болгоомжгүй ухаангүй үйлдэл нь хүүхдийн чинь өөрийгөө хүндлэх сэтгэлийг шархлуулж болохыг байнга санах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ яг тохирсон цагт нь хэтрүүлэлгүй шүүмжилж загнаж болох ч хэдэн удаагийн алдааг нь үүрдийнх юм шиг хэтрүүлэн байн байн тэр алдааг нь загнах сэдэв болгох нь туйлын буруу юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдлын шалтгааныг нь тодорхой талбайрлан, хүүхэддээ өөрийнх нь алдаа дутагдлыг учирлан ойлгуулж засах хэрэгтэй ба яаж засах аргыг нь ч чиглүүлж өгөх хэрэгтэй. Сэтгэл судлаачийн хэлснээр: Хүүхдийн өөрийгөө хүндлэх сэтгэл нь өөртөө итгэх итгэлд нь шууд нөлөөлдөг, хэрэв өөрийгөө хүндлэх сэтгэл нь шархалсан бол хүн өөртөө итгэх итгэлтэй болоход их хэцүү. Сургамжит түүх Аавынх нь мужааны өрөөнд багаж хэрэгсэл нь талын нэг таран хөглөрөн хэвтэнэ, хажууд нь бяцхан охины жижигхээн тоглоомууд бас энд тэнд таран хэвтэнэ. Ажлаа тараад ирсэн аав нь

энэ эмх замбараагүй байдлыг хармагцаа тэсэлгүй уурлаж компъютер тоглоод сууж байсан Вивенийг чирж гулдарсаар мужааны өрөөнд авчран:”энэ чинь юу юм бэ аан? чамд хичнээн удаан хэллээ, эднийгээ хураа. Чамд толгой байна уу үгүй юу” гэж чанга дуугаар хашгичин хэллээ. Вивень аавыгаа зодохоос айн чанга дуугаар цурхиран уйлж ээжийгээ дуудлаа, ээж нь гал тогоонд хоол хийж байснаа Вивений орилохыг сонсоод яаран хүрч ирэв. Энэ үед аав нь охиноо яг алгадах гээд гараа сарвайж байв ээж нь аавынх нь гарыг барьж аван: “Юу болоод байгаа юм бэ” гэж асуув. Аав нь уурласан хэвээрээ”чи өөрөөс нь асуу ” гэв. Вивень нам дуугааар ээждээ: ээжээ би тоглоомон машинаа эвдэлчихээд сая аавын мужааны өрөөнд орж засах гэсэн юм. Гэтэл та тэр үеэр намайг утас ав гэж хэлээд би утсаар найзтайгаа яриад, нөгөө машинаа мартчихаж. Тэгээд өрөөндөө ороод компъютер тоглож байсан юм. Ээжээ би дандаа л муу юм хийх юмаа” гэж уйлсаар хэлэв. Аавынхаа уурлаж цухалдсан байдлаас болж тэр үргэлж дотроо өөрийгөө буруушаан зэмлэж явдаг байжээ. Ээж нь тэр дор нь үргэлжлүүлэн:“Үгүй ээ. Чи машинаа л засах гэж байсан шүү дээ?” гэж ээжийгээ огт зэмлэж буруушаасан өнгөгүй хэлэхэд Вивень толгой өндийлгөн ээжийгээ харлаа. “Тэгвэл, одоо аавтайгаа мужааны өрөөнд орж машинаа засъя тэгэх үү? ” гэж ээж нь хэлэв. Вивень ээжийнхээ хэлэхийг сонсоод толгойгоо дохив. Аав нь жаахан гайхсан ч ээжийх нь хэлснээр машиныг нь засахаар мужааны өрөөнд оров. Ээж нь хажуунаас нь зааварлаж зогсоно. Машинаа засчихаад аав нь багажнуудаа хураах гэхэд Вивень: “Ааваа би өөрөө хураачихъя, би хаана байдгийг нь мэднэ“ гэв. Аав нь маш их гайхаж толгой дохилоо.Охин нь багажнуудыг нямбайлан буцааж байранд нь хураав. Аав нь Вивенийн өөрийгөө хүндлэх сэтгэлийг бараг л шархлуулах шахсан байна. Охин нь өөрийгөө юу ч хийж чаддагүй гэж бодоход хүргэсэн боловч ээж нь цагийг нь олж гарч ирэн аавынх нь алдааг засчээ. Хүүхэд юмны учрыг ухаарахгүй учраас алдаа гаргадаг, харин тэр алдааг нь эцэг эхчүүд загнаж зодож хүчирхийллийн аргаар засах гэж оролддог ч энэ нь нөлөөлдөггүй. Харин ч түүний өөрийгөө хүндлэх сэтгэлийг үгүй хийдэг. Зөвхөн хүүхдийнхээ урам зоригийг мохоолгүй, алдааг нь өөрт нь ухамсарлуулж, учирлаж тайлбарласан цагт л хүүхдүүд өөрийнхөө алдаанд гэмшиж, хүлээн зөвшөөрч, цаашид алдаа дахиж гаргахгүй гэдэгтээ итгэлтэй болдог. Эмэгтэй хүүхдийн хувьд гэвэл энэ талаар илүү чухалчилж авч үзэх шаардлагатай. Эцэг эхчүүд охиныхоо жинг нэмэгдэнэ хэмээн санаа зовж идэж уухыг нь хэт их хязгаарладаг. Нэгэн судалгааны дүнгээс үзэхэд энэ арга нь хүүхдийн өөрийгөө хүндлэх сэтгэлийг үгүй хийж, улмаар өөртөө итгэх итгэлд нь ноцтой нөлөөлдөг байна. Энэ судалгаанд 5 настай 197 хүүхэд болон тэдний эцэг эхчүүд оролцжээ.Эрдэмтэд эхлээд

хүүхдүүдийн биеийн жинг хэмжиж, дараа нь тэдний өөрийгөө хүндлэх сэтгэлийг тестээр судлан дүгнэсэн байна. Хамгийн сүүлд нь эцэх эхээс нь тэдний хоол ундны хэвшил болон биеийн жингийн талаар асуулгын судалгаа явуулжээ. Үр дүнд нь эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн жинд хэт анхаарал тавьж, идэж уухыг нь хязгаарлах тусам охидуудын өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг болохыг тогтоожээ. Хүүхдүүд бага учраас өөрийгөө хүндлэх сэтгэл байдаггүй гэж ойлгож болохгүй, харин ч бяцхан хүүхдүүдэд эрээ цээр, ичгүүр сонжуур, өөрийгөө хүндлэх сэтгэл маш их байдаг. Ялангуяа эмэгтэй хүүхдүүд энэ тал дээр маш их санаа тавьдаг. Хэрэв өсч том болох явцдаа өөрийгөө хүндлэх сэтгэл нь шархалж гэмтсэн бол өөртөө итгэх итгэлд нь ч нөлөөлж өөртөө итгэлгүй болдог. Тийм учраас эцэг эхчүүд үг хэл, үйл хөдлөлдөө байнга анхаарч, хүүхдийнхээ өөрийгөө хүндлэх сэтгэлийг байнга анхаарч халамжлах хэрэгтэй.

22. Нүд дүүрэн нулимстай бяцхан охиноо дэмжин зоригжуулцгаая Хүүхдийн хувьд зоригжуулан урамшуулах гэдэг нь маш их хүч чадалтай эн тэнцэхүйц, амжилтын өргөмжлөл гэж хэлж болохуйц юм. Охин хүүхэд энхрий эмзэгхэн боловч энэ нь чадваргүй гэсэн үг биш юм. “Чадах чадахгүй” нь нэг хэрэг, хүүхдийнхээ чадварт “итгэх итгэхгүй нь ” бас өөр асуудал. Бид хүүхдийнхээ чадварт итгэжсбайна гэдэг нь тэдэнд итгэл бэлэглэж байна гэсэн үг. Хүүхэд хэцүү бэрхшээлтэй тулгарсан үед нь, эцэг эхээс тэрхүү нүд дүүрэн нулимстай аврал эрэн зогсох бяцхан амьтанг урамшуулан дэмжиж зоригжуулж байх нь маш чухал. Сургамжит түүх Жухун бол Нанжин хотын энгийн нэг ажилчин бөгөөд түүний охиныг Жоу Тинтин гэдэг хоёр чих нь хоёулаа сонсголгүй юмсанж. Энд өгүүлэх гэж байгаа үйл явдал нь энгийн нэгэн эцэг охин хоёр сурган хүмүүжүүлэх түүхэнд домог болохуйц үйл явдал юм. Зургаахан настай Тинтин 2000 гаруй ханз мэддэг. Тэрээр жирийн хүүхдүүдийн сургуульд элсэн орсноор барахгүй хоёр анги дэвшин суралцжээ. Мөн тэрээр наймхан настайдаа 1000 хүртэлх оронтой тоо бодож чаддаг учраас гиннессийн рекорд амжилтыг хүртэл эвджээ. 10 настайдаа Хятадын 10 гоц хүүхдийн нэг болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үлгэр дууриалал өргөмжлөл хүртжээ. 16 настайдаа Тинтин Хятадын анхны сонсголын бэрхшээлтэй хамгийн залуу их сургуулийн оюутан болсон байна. 20 настайдаа Америкийн Gallaudet их сургуульд аспирантурт суралцаж төгссөнөөр Хятадын анхны сонсголын бэрхшээлтэй аспирант эрдэмтэн болжээ. Мөн тэрээр ардын их хурлын 7000 төлөөлөгчдөд илтгэл тавин олныг шуугиулж байжээ. Эцгийнхээ хүмүүжил заавар сургаалийн нөлөөгөөр Жоу Тинтин олон олон гайхамшгуудыг бүтээж чадсан. Хүн болгон эцэг охин хоёрын түүхийг сонсоод дуу алдан шагширцгаадаг юм. Хүмүүс Жухунийг энгийн нэгэн эцэг хүн охиноо ийм том амжилтанд хүргэсний нууцыг байнга мэдэхийг хүсдэг ба түүний хэрэглэсэн арга нь зүгээр л охиноо магтаж урамшуулж, зоригжуулан дэмжих байсан гэж хариулдаг байна. Тинтин юм ойлгож ухаан орсныхоо дараа бусад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгэн адил биеэ байнга голдог их гутранги хүүхэд болжээ. Гэрт нь зочин ирвэл чимээгүйхэн ширээний доор ороод нуугдчихдаг сул дорой хүүхэд байж. Тэр үед аав нь аргаа бараад яах ухаанаа олохгүй байлаа. Яг энэ үеэр түүний аавыг бүрэн өөрчилсөн зүйл бол “Царцсан цус” хэмээх олон ангит кино гэнэ. Тэр кинонд Ошима Мао гэдэг хүн амьдрах боломж нь 1 хэн хувь болсон охин Шинзигийнхээ төлөө эцгийн хайраар чадах бүхнээ хийж байгаа тухай өгүүлдэг аж. Тинтин хэдийгээр сонсголгүй боловч эцэг хүний хувиар охиныхоо золгүй хувь заяаг өөрчлөх боломжтой юм байна гэж зориг шулуудсан тэр “амьдрал эмзэг хэврэг ч үзэсгэлэнтэй сайхан учраас охиндоо дэлхий ертөнцийн хаалгыг нээж ороход нь туслах ёстой гэж ” шийджээ. Эхлээд тэр охиныхоо чихийг эмчлүүлэх арга хайсан байна. Гэвч Тинтинийн чихэнд 50 000 гаруй удаа зүү тавьсан ч ямар өөрчлөлт орсонгүй. Тийм учраас Жухун охиноо хэлд оруулахаар

шийдэж, цагаан толгойн үсгийг заах тоглоом бодож олжээ. Тэрээр охиныхоо хэлсэн үг болгоныг хана, шал, ширээ, бие, гаран дээрээ бичиж, ажилд явахаас бусад бүх цагаа охиндоо зарцуулж охиныхоо боловсрол, сурган хүмүүжүүлэхэд хандуулах болж. Зүгээр тоглох үедээ ч гэсэн аав охин хоёр биеээрээ дүүрэн үсэг ханз биччихсэн ирдэг байжээ. Тэр хэзээ ч охиноосоо хэдэн үсэг таньдаг болсныг нь асуудаггүй байв. Ийнхүү хэл яриа нь охины далд ухамсарт сууж эхэлсэн байна. Амны хайрцагаар баримжаалан ярих Тинтин жирийн хүнтэй харьцуулахад их сонин ярьдаг байсан ба өөрөө ч тэрийгээ мэдэж ааваасаа их л санаа зовсон шинжтэй: “Миний хоолой гоё сонсогдож байна уу?” гэж асуухад нь Жухунь инээмсэглэн “чиний дуу хоолой яг л бөнжигнөн унах сувд шиг аялгуу сайхан сонсогдож байна” гэж үнэн сэтгэлээсээ магтдаг байв. Тинтин түүнийг нь сонсоод маш их баярлаж улам их ярих дуртай болжээ. Охиндоо урам зориг нэмэхийн тулд Жухун Америкийн гоц авъяастай хүүхдүүдийн хийдэг үйлдлийг жагсаасан жагсаалтыг ханандаа наачихаад, охин нь номоо уншаад хоолоо идэхээ мартах үед нь Жухун охиноо нөгөө хананд наасан жагсаалтын өмнө аваачаад:”охин минь, чи хар даа, гоц авъяастай хүүхдүүдийн хийдэг зүйлсийн эхэнд ном уншаад идэж уухаа хүртэл умартдаг гэсэн байна шүү дээ. Тэгэхээр миний охин л гоц авъяастай биш юм бол өөр хэн гоц авъяастай байх вэ гэж?” хэлдэг байв. Үүнийг нь сонсоод Тинтин маш их баярладаг байжээ. 8 настайдаа Тинтины авсан цээжлэх гоц авъастны тэмцээнээс авсан гэрчилгээг зааж, Жухун: “Миний охин бол гоц авъяастай, энэ бол гэрч” гэж хэлжээ. Өөрийгөө гоц авъяастай гэдэгтээ бүрэн дүүрэн итгэсэн Тинтин урам зориг дүүрэн суралцдаг байж. Гэвч амьдрал дардан шулуун байдаггүй тул нэг удаа Тинтин математикийн хичээл дээрээ муу дүн авчихаад маш их сэтгэлээр унан арайхийж аавдаа хэлжээ. Жухун энэ үед нь инээмсэглэн:”Маш сайн юм болж. Чи далайн хараацай болохыг хүсдэггүй билүү. Энэ чинь ширүүн салхитай аадар бороо ирсэн байна шүү дээ ” гэжээ. Охиндоо урам зориг хайрлах арга үүгээр зогссонгүй, зохион бичлэг бичих бүрт аав нь хамгийн сайхан болсон өгүүлбэрийн доогуур зурж Тинтинд болон бүх гэрийхэндээ чанга дуугаар уншиж өгдөг байв. Тийм болохоор Тинтин хамгийн сайхан өгүүлбэр зохиох гэж их л хүсэж мэрийдэг байлаа. Үнэндээ Тинтиний IQ дөнгөж 105, гоц авъяастай гэж тооцогддог хүүдүүдээс 130 -р бага байв. Гэвч тэр Тинтинд: “Айкү бол зөвхөн ой тогтоомжийг хэмжсэн үзүүлэлт болохоос биш ойлгох чадвар, урам зориг зэргийн үзүүлэлт биш, чиний гоц авъяас бол энэ талын гоц авъяас юм” гэж хэлдэг байв. Ийнхүү эцгийнхээ тусламж дэмжлэгтэйгээр Тинтин амжилтын замд оржээ. Тинтин үнэхээр “ гоц авъяастай онцгой хүүхэд” мөн үү?, Жухун үүнд: “Үнэндээ Тинтин бол жирийн л нэгэн хүүхэд” гэж хариулжээ. Гэвч эцэг эхийн хувьд тэрээр хүүхдийг хэрхэн дэмжих вэ, хэрхэн урамшуулах вэ гэдгийг маш сайн ойлгодог. Тэрээр зөвхөн сурган хүмүүжүүлэх зөв гарцыг л сонгож чадваас бүх хүүхэд Тинтинийн амжилтыг давтаж болно гэжээ. Тийм ээ, энэ дэлхий дээр үнэхээр гоц гойд хүн гэж байдаггүй юм. Зөвхөн хүүхдүүд янз бүрээр дарагдаж шахагдсанаас болж хүрч чадах ёстой өндөр хэмжээнд хүрч чаддаггүй байна.

Олон хүүхдүүд бага сургуулийн 5-6 р ангиас эхлэн сурлагаараа хоцорч эхэлдэг. Хожим нь энэ байдал нь тархинд нь гүн шингэж амжилтанд хүрч чадахгүй гэсэн үзэл нэвт шингэсэн байдаг. Тэдний нөөц боломж, нуугдмал авъяас чадварыг нээж илрүүлэхгүй байх нь бүр бусдаас хоцроож, үүнийг нь эцэг эх, багш нар нь ч хүлээн зөвшөөрч түүний авъяас чадварт хэн ч итгэхээ байж, өөрийгөө хүндлэх сэтгэл нь гэмтэж шархлан, байнга өөрийгөө дарсан, өөртөө итгэлгүй нуугдсан зан чанартай болж төлөвшдөг. Хэн нэгнээс л өөрсдийг нь хүлээн зөвшөөрч баталсан үг сонсохгүй юм бол тэд өөрсдийгөө батлах аргагүй. Тийм учраас эцэг эхийн хувьд үр хүүхдээ байнга урамшуулан дэмжиж, зоригжуулж байх ёстой. Ингэж байж хүүхдүүд өөрийнхөө чадварыг танин мэддэг. Сэтгэлзүйч, судлаачид хүүхэд бүрт нөөц боломж, авъяас чадвар байдгийг баталдаг. Хамгийн гол нь энэ авъяас чадварыг нээн хөгжүүлэх нь чухал. Нэгэн сурган хүмүүжүүлэгчид ийм явдал тохиолджээ. Тэр америкт цирк үзэж байхад толгойгоороо дүүрэн тоглоомтой нэг үхэртэй үзүүлбэр гарч л дээ. Хөтлөгч үзэгч хүүхдүүдэд хандан тайзан дээр гарч үзүүлбэрт оролцох хүүхэд байна уу гэж асуугаад, зөвхөн үхэрний толгойн дээрээс тоглоомыг аваад л болоо, шагналтай гэж зарлав. Хэлж дуусмагч арван хэдэн хүүхэд тайзан дээр гарч ирэв. Эцэг эхчүүд ч тайзан дээр гарсан хүүхдүүдээ хөхүүлэн дэмжиж байв. Нэлээд олон хүүхэд үхрийн биен дээрээс тоглоомыг авч өөрийнхөө ухаалаг эрэлхэг байдлаа гайхуулав. Хүүхдүүд эцэг эхийнхээ уухайн дуу урмын үгэнд өөртөө итгэлтэйгээр зоригтойгоор үүргээ гүйцэтгэж байв. Эцэст нь тэрхүү сурган хүмүүжүүлэгч: энэхүү идэвх чармайлттай, зоригтой зан чанарыг эцэг эхийн хүүхдээ урамшуулан дэмжихээс өдөөгдөн гарч байсан гэж дүгнэн хэлсэн байна. Тиймээ, өнөөг хүртэл хүүхэд хүмүүжүүлэх олон янзын аргуудаас хайрлан халамжлах, магтан сайшааж урам хайрлахаас өөр аргаар хүүхдийн дүрслэн бодох чадвар, зохион бүтээх чадвар болон оюун ухааныг хурдан хөгжүүлэх боломжгүй нь нэгэнт батлагдсан билээ. Сургамжит түүх Германы сэтгэлзүйч Адлерь дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ дандаа муу авдаг байжээ. Учир нь тэрээр өөрийгөө математикийн чадваргүй гэж үздэг байсан байж. Тэгээд ч математикийн хичээлдээ ямар ч сонирхолгүй байлаа. Харин хожмын нэгэн өдөр математикийн маш хэцүү бодлогыг бодож тайлбарлаж чаджээ. Багш нь түүнийг маш их магтаж, ангийхан нь түүнийг биширч гэнэ. Энэ амжилт нь түүний математикт хандах хандлагыг орвонгоор нь өөрчилж “математикт авъяас”-тай гэдгээ нээж илрүүлсэн. Эцэст нь тэр сургуулийнхаа математикийн аварга болжээ. Нэг удаагийн магтаал сайшаал урмын үг Адлерийн нуугдмал авъяасыг нээн илрүүлж чаджээ. Сурган хүмүүжүүлэх ухааны нууц нь хүүхдийг ухааруулах, сэхээрүүлэх явдал бөгөөд өөрийгөө голох, өөртөө итгэхгүй байхын аварга том хаалт чулууг зайлуулж хүүхдийнхээ нуугдмал авъяасыг галт уул дэлбэрэх мэтээр нээн илрүүлэх нь эцэг эхийн гол үүрэг юм. Хүүхэд сурч хөгжихдөө олон янзын саад бэрхшээлтэй тулгарч байдаг.

Хэрэв хүүхдэд аливаа зүйлийг хийж чадна гэсэн итгэл байхгүй бол амжилтанд хүрэх аргагүй гэсэн үг. Тийм учраас барууны нэгэн сурган хүмүүжүүлэгч: “Үнэндээ хүүхэд бүр төрөлхийн авъяастай боловч тэдний амьдралын эхний зургаан жилд тэдгээр авъяасыг эцэг эх нь арчин хаядаг” гэжээ. Хүүхдийнхээ авъяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ авъяас чадварыг танин мэдэж, байнга урамшуулан дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал таны охины авъяас чадвар бүрэн нээгдэж чадвартай мундаг хүн болж төлөвших болно.

23. Охин хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүл Охидод “Зөв хүмүүжил олгох” гэдэг нь охин хүүхдэд хангалттай хэмжээний хайр халамжийг үзүүлснээрээ охиноо өөртөө итгэлтэй болгож байгаа бөгөөд мөн өөрийгөө илэрхийлэх чадварт сургах хамгийн сайн арга юм. Хүүхэд бүрт маш их чадвар байдаг учир эцэг эх нь хүүхэддээ итгэж, түүний авъяас чадварыг байнга сануулж магтаж байвал өөрийгөө таних урам зоригтой болдог. Хүүхэд бүр баримлын шавар шиг аливаа хэвд амархан ордог шинж чанартай. Эцэг эх нь охиндоо байгаа энэхүү чадварыг нь ил гаргаж чадвал нугасны муухай дэгдээхэй үзэсгэлэнт цагаан хун, үнсгэлжин цасан цагаан гүнж ч болон хувирна. Энэ бол үлгэр биш харин хүмүүжил олгох зарчим билээ. Эмэгтэй хүүхдийн чадвар хэмээх үнэт эрдэнийг онголгойх түлхүүр бол мэдээж түүнд өөртөө итгэх итгэлийг л бий болгох байдаг. Охин хүүхдийн өөртөө итгэх итгэл гэдэг нь маш олон талтай. Харин энд хэрхэн өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хөгжүүлэх талаар дурьдаж байна. Хэрвээ хүүхэд өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй байгаа бол энэ нь өөртөө итгэх итгэл бага байгаагаас үүддэг. Хүүхдэд өөрийн үнэ цэнийг мэдрэх сэтгэл, өөртөө итгэлтэй байж өөрийн хийж байгаа аливаа зүйлд сэтгэл ханамжтай байхаас илүү зүйл хэрэггүй. Хэрвээ таны охин өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөртөө итгэх итгэлгүй бол бусад давуу чанар, зарчмын талаар дурсаад ч хэрэггүй. Иймээс эцэг эхчүүд охиныхоо өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Сургамжит түүх Түүний нэр үнэхээр сонсголонтой, түүнийг Жинхуа гэдэг, гэвч түүний гадаад төрх тийм ч хөөрхөн биш, энэ бол ээжийх нь байнга хэлдэг үг. Тиймээс тэр биеэ маш их голдог өөртөө итгэлгүй нэгэн болсон. Бага сургуульд орох үед нь хэсэг дүрсгүй жаалууд түүнийг нугасны муухай дэгдээхэй гэж шоолсонд тэрээр бүтэн өдөржин гомдон уйлж сургуульдаа ч явахыг хүссэнгүй. Гэвч аав нь “Нугасны муухай дэгдээхэй өсч том болоод хун болдог тухай ярьж өгснөөс хойш тэрээр энэ хочоо нэг их юманд бодолгүй бараг л хүлээн зөвшөөрч. Аавынхаа зоригжуулсан үгэнд тэрээр маш их урам зориг авч харин ч их л баяр хөөртэйгээр амьдрах болж. Дунд сургуульд орсон эхний жилдээ ангийх нь хүүхдүүд Жинхуа-г ангийн даргаар томилъё гэж шоолон ярилцсанд аав нь түүнийг ангийн даргын сонгуульд оролцоод үзэхийг зөвлөж. Ээж нь харин эсрэгээрээ түүнийг хийж чадахгүй гэж нэлээд няцаав. Харин аав нь охиндоо ээжийнхээ үгийг сонсолгүй өөрийнхөөрөө хийгээд үзэхийг ятгажээ. Аав нь түүнрүү харан инээмсэглэн: “Чи зүгээр хичээгээд л үз, амжилтанд хүрнээ, энэ чинь магадгүй чиний цагаан хун болон хувирах цаг мөч ч байж болох юм” гэв. Жинхуа ч өөртөө итгэл дүүрнээр өөрийгөө илэрхийлэх ажилдаа идэвхийлэн орж, хагас

жилийн хөдөлмөрийн үр дүнд тэрээр ангийнхаа хүүхдүүдийн дунд өөрийн нэр хүндийг босгож, бусдын итгэлийг даасан ангийн дарга болжээ. Дунд сургуулийн 2-р ангидаа Жинхуа балетийн тэмцээнд оролцжээ. Балет бол түүний багаасаа дурласан бүжгийн төрөл байсан боловч ээж нь түүнийг хичээл сурлагад нь нөлөөлнө гээд хориглоод балетийн дугуйланд явуулдаггүй байв. Харин тэрээр аавынхаа дэмжлэгтэйгээр нууцаар хичээллэдэг байж. Аав нь түүнийг балетийн тэмцээнд орох гэж байгааг мэдээд харин ч их дэмжиж өөрийнхөө дуртай зүйлийг л хий гэж гэнэ. Жинхуа тэмцээнд оролцоод хамгийн сайхан бүжиглээгүй ч шүүгчид түүний өөртөө итгэлтэй байдал болон өөрийгөө илэрхийлэх чадварыг нь үнэлээд түүнд хамгийн өндөр шагналыг өгчээ. Жинхуа дахиад л амжилт гаргав. Юуг буруу хүмүүжил буюу хүмүүжлийн ядуу арга гэх вэ? Жинхуа-гийн ээжийн арга бол туйлын ядуу арга. Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх нь маш чухал байдаг. Охин хүүхэд бүр өөрийн гэсэн давуу талтай, одоохондоо тэр давуу байдал нь илэрч гарч ирээгүй байгаа бол энэ нь түүнийг чадваргүй гэсэн үг огт биш юм. Зүгээр л тэр давуу тал нөөц бололцоо нь илэрч гарч ирээгүй байна л гэсэг үг. Охиныхоо давуу тал, далд авъяасыг илрүүлэхийг тулд эцэг эхчүүд тэднийг байнга дэмжиж урамшуулж, зоригжуулснаар үр дүнд хүрнэ. Охиныхоо өөрийгөө илтгэх чадвар болон далд нуугдмал авъяасыг хэрхэн нээн илрүүлэх вэ? Нэгдүгээрт: Охиндоо итгэ Бид дээрх охины жишээнээс харахад түүний аав охиндоо ямар ч материаллаг бэлэг, туслалцаа үзүүлээгүй ч гэсэн энгийн хэдхэн үгээр л түүнийг ятган сэнхрүүлж чадсаныг ойлгосон. Эдгээр үг нь юутай ч зүйрлэшгүй үнэтэй төдийгүй энэ нь тухайн эцгийн охиноо амжилтанд хүрнэ гэж итгэсэн итгэлийг нь илэрхийлж байна. Үүнд л хүүхдийг амжилтанд хөтлөх гол нууц оршиж байгаа юм. Эцэг эх бид нар хүүхдээ аливаа зүйлийг ингэж хийх ёстойг үлгэрлэн заах албагүй зөвхөн түүнд сэдэл төрүүлж идэвхтэй байдлыг дэмжих хэрэгтэй байдаг. Хийж чадна гэсэн итгэлийг төрүүлэх ёстой. Эцэг эхийн энэхүү итгэл нь охин хүүхдийн авъяас чадварыг нээхэд хамгийн чухал хүчин зүйл юм. Учир нь эмэгтэй хүүхдүүд харилцаан дундаас өөрийгөө үнэлж, олж таньдаг онцлогтой байдаг. Хоёрдугаарт: Охиндоо өөрийгөө илэрхийлэх боломжийг олго Эцэг эхчүүдийн нийгмийн харилцаа харьцангуй өргөн цар хүрээтэй байдаг учраас охидуудаа авч яван илүү олон хүмүүстэй нийгмийн харилцаанд орж өөрийгөө илэрхийлэх чадварыг идэвхийлэн хөгжүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт: Охидоо өөрийгөө бусдад таниулж нээхэд тусал Эцэг эхчүүд хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхийн тулд дур сонирхол, хобби гээд олон төрлийн аргыг ашиглах хэрэгтэй. Хүүхдийн тань өөрийгөө бусдад таниулах боломж хэр их байна төдий чинээ оюун ухаан нь тэлж хөгжих боломж бүрддэг. Мөн хүүхдэд

өөртөө итгэх итгэлийг бий болгоход тусалдаг. Дөрөвдүгээрт: Охидоо өөрсдийгөө зоригтойгоор илэрхийлэхэд сурга Хэлэх гэсэн үгээ цэгцтэй, олон дахин давтаж нуршилгүй бусдад илэрхийлж сургах нь хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй байдаг. Олон эцэг эхчүүд охиныхоо үзэл бодол, сэтгэгдэл, гомдол, санаанд нь нийцэхгүй байгаа зүйлсийн талаар сонсохоос төвөгшөөдөг. Тийм учраас ихэнх эцэг эхчүүд ялангуяа ээж нар охидуудаа эелдэг даруу, бүрэг ноомой дуугүй байхыг шаарддаг. Олон охидууд багаасаа ийм хүмүүжлээр өссөн байдаг. Хэрэв тэд ямар нэгэн шаардлага, гомдол тавихгүй бол бусадтай харилцах харьцаанд нэг их асуудал гарахгүй, олонтой нийцтэй юм шиг харагдаж болох юм. Гэвч тэдний “өөрийн гэсэн үзэл бодол”-ыг эцэг эхчүүд арчиж хаясан гэсэн үг. Тэд нар өөрийгөө бүрэн нээж чадахгүй байснаар, өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл, зүрх зоригоо гээдэг. Энэхүү номонд заан сургаж байгаа бас нэгэн гол санаа бол охин хүүхэд өөрийнхөө үзэл санааг, баярлах, гомдох зэргээ бусдад бүрэн дүүрэн илэрхийлж, хүлээн зөвшөөрөхгүй саналдаа “үгүй” гэж хэлэх чадвартай, өөрийнхөө эрхийг бүрэн дүүрэн хамгаалж, эрх чөлөөт эрхэмсэг хүн болж төлөвших явдал юм. Мэдээж эцэг эхчүүд үр хүүхэддээ бодит үлгэр дуурайл болох хэрэгтэй. Ялангуяа ээжүүд. Ээж хүн өөрийгөө илэрхийлэх чадвартай, өөртөө итгэлтэй, нийгмийн идэвхтэй нэгэн бол хүүхэд нь ч гэсэн ээжээсээ үлгэр аван ээж шигээ хүн болж төлөвшдөг. Үүнээс гадна хүүхдийнхээ үйлдэл болгоныг сайшаан дэмжиж урам өгч байх хэрэгтэй. Хүүхдийг бага байхаасаа л зөв төлөвшүүлэх нь чухал. Эцэг эхийн үг сургаалиар дамжуулж нэгэн чухал мэдээллийг хүүхдийн ой тойнд бат бэх суулгаж өгөх хэрэгтэй. Энэ мэдээлэл нь хүүхдийн өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог. Энэ нь :”Чи чадна” гэсэн ганцхан үг юм. Ирээдүйн их өрсөлдөөнт нийгэмд эцэг эхчүүд хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг бүх талаар нээн хөгжүүлэхэд туслан дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй. Ялангуяа охин хүүхэддээ өөртөө итгэх итгэлийг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Таны охин өөрийнхөө сайхан ертөнцийг өөрөө бүтээж бий болгох чадвартай эрхэмсэг бүсгүй хүн болно гэдэгтээ өөрөө өөртөө зуун хувь итгэлтэй болж хүмүүжих ёстой.

Тавдугаар бүлэг. Хүний зан ааш хувь заяаг шийддэг 24. Төгс төгөлдөр зан төрх Хүний зан араншин гэдэг төрөлхийн зүйл. Гэвч хүмүүжлийн арга барилын нөлөөллөөр маш амархан олдмол зан араншинг бий болгож болдог. Төгс төгөлдөр зан араншинтай бяцхан гүнж хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд эрт хөдлөх хэрэгтэй. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа болон үйл хөдлөл тодорхой хэмжээний түвшинд хүртлээ хөгжиж, өөрийн гэсэн бие даасан байдалтай болж, өөрийн гэсэн үзэлтэй болдог ч хараахан бат бөх, тогтвортой зан араншинтай болж амжаагүй байдаг. Эцэг эхчүүд маань энэ үеийг ашиглаж хүүхдээ энэрэнгүй, элгэмсүү сэтгэлтэй, амгалан, тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Мөн үүний хажуугаар хүүхдийнхээ зан араншингийн дутагдалтай талыг анзаарч үргэлж анхаарал тавьж байх хэрэгтэй. Бүх л охидыг хүмүүжүүлж бойжуулах шаардлагатай байдаг. Хүмүүжүүлэх гэдэг үгийн дотоод утга нь хүүхдийнхээ далд байгаа авъяас чадварыг нээн гаргаж ирэхэд оршино. Тэднийг тайван амгалан сэтгэл хөдлөлтэй болгож далд чадвараа нээхэд нь тусалж өөртөө итгэлтэй, төгс төгөлдөр зан төрхтэй болоход туслах хэрэгтэй. Энэ нь сэтгэлзүйн өндөр үр дүнтэй арга төдийгүй ухаалаг хүмүүжлийн хэлбэр юм. Нэгэн нэрт сэтгэлзүйч “Хэн тайван амгалан сэтгэлзүйтэй, тогтуун сайхан амьдралд дургүй байж чадах юм бэ?” гэсэн байдаг. Үнэхээр охидын хувьд ухаантай биш байж болно, царайлаг сайхан ч биш байж болно. Гэхдээ хэзээ ч дөлгөөн бус байж болохгүй. Дөлгөөхөн зан нь эмэгтэй хүний уяхан зөөлөн болон сэргэлэн зангийн онцлог. Хэзээд эрх мэдэл, эд хөрөнгө, нэр төрөөс илүү байж ирсэн. Иймээс эмэгтэй хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэднийг үргэлжийн тайван дөлгөөн сэтгэл хөдлөлтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Тайван дөлгөөн гэдэг нь ямар нэгэн асуудалтай тулгарахад сэтгэл санаагаа чадлынхаа хирээр тайван байлгаж, хэтэрхий цочирдохгүй байж, алдсан зүйлээ хэт их анхаарахгүй, асуудлыг бүхэлд нь олон талаас хардаг байх хэрэгтэй. Сургамжит түүх

Алдарт эрдэмтэн Ден Ган эрхэм ганц охиноо тайван дөлгөөн болгон хүмүүжүүлсэн түүх. Охин бага ангид оров. Эхний өдөр тэр хичээлээ тараад ирэв. Яг л бяцхан шувуу адил ниссээр гэрийн хаалгаар орж ирэн хашгирав. Ааваа манай сургууль мянга гаран сурагчтай тэднээс хэдэн сурагч сонгож бөмбөр тоглуулна гэсэн. Анхан шатны шалгаруулалтанд намайг сонгосон гэв. Охины нүүрнээс өөртөө итгэх итгэл дүүрэн харагдав. Ээж нь түүнийг хараад маш их баярлан “Манай охин мундаг юм аа” гэж магтав. Охин аавруугаа харав. Дэн Ган мөн л охиноо магтав. Гэвч тэрээр бодов. Өнөөдрийн анхан шатны сонголтоор 22 сурагч шалгарсан гэвч сургууль 12 сурагчийг сонгоно. Гарцаагүй нэг хэсэг нь хасагдана. Охин минь хасагдах магадлал 99%. Одоо яах вэ? Учир нь охин нь тун өндөр нуруутай. Үеийн хүүхдүүд дунд нь түүний өндөртэй хавьцаа өндөртэй хүүхэд байхгүй нь тодорхой. Иймээс 12 сурагч хамт бөмбөр тогловол яг л ямаан сүрэг дунд нэг тэмээ байгаа мэт муухай харагдана. Дэн Ган охиныхоо төлөө санаа нь их зовов. Тэр охиноо ийм зовлонг давж гарж чадахгүй байх вий гэж айв. Дараагийн өдрүүдэд охин нь өдөр бүр чин сэтгэлээсээ бэлтгэл хийж байв. Хоол идэж байхдаа 2 савхаараа, хичээлээ хийхдээ балаараа, алхаж явахдаа хөлөөрөө саваа болгон бэлтгэл хийж байлаа. Тэр аавтайгаа ярихдаа ч хэмнэл уншина. “нэг, хоёр, гурав, дөрөв”. Ден Ган инээмсэглэн охиныхоо яриаг давтана “нэг, хоёр, гурав, дөрөв” . Охинынхоо ийм идэвхтэй байхыг хараад Ден Ган улам их шаналав. Охин нь өдөр бүр хичээл тарсны дараа 2 цагийн бэлтгэл хийгээд гэртээ харьдаг байлаа. Охиноо гэртээ ирэх цаг болох бүрд л аав нь тайван сууж чадахаа болино. Тэр охин нь нэг л өдөр ааваа би хасагдчихлаа гэж хэлэхээс айна. Охин нь урдын адил нисэх мэт гэртээ гүйж орж ирсний дараа л сэтгэл нь жаахан тайвширна. Охин нь өөртөө маш итгэлтэйгээр ааваа би “нэг, хоёр, гурав, дөрөв” гэж сурсан төдийгүй хоёр хоёр гурав гурав гэж сурсан гэв. Ден Ган баяртайгаар “маш сайн байна, маш сайн” гэв. Ден Ган магадгүй миний бодсон шиг муу зүйл болохгүй ч байж мэднэ гэж өөрийгөө тайтгаруулав. Гэвч тэр охиндоо урьдчилан сэтгэл санааны бэлтгэл хийхээр шийдэв. Охиноо сэтгэл нь их өөдрөг үед охинтойгоо ярилцав. “Бөмбөр тоглох сайхан байна уу?” “Маш сайхан”. “Охин минь ийм сайн бөмбөр тоглож байгаа нь манай гэр бүлд аз жаргал нэмлээ. Миний охин сонгогдохгүй байсан ч хамаагүй” Охин нь инээмсэглэн толгой дохив. Аав нь түүний бөмбөр тоглоход дуртай байдгийг сонсоод маш их баярлав. Гэвч эцэст нь аавынх нь зовниж байсан үе ирэв. 4 цагийн үед гэрийн хонх дуугарав. Ден Ганы сэтгэл зовниж эхлэв. Учир нь энэ охиных нь

хичээл тардаг цаг. Тэр хичээлээ тараад шууд гэртээ ирсэн бол сонгогдоогүй гэсэн үг. Ден Ган яаравчлан очиж хаалгаа онгойлговол охин нь уйлчихсан зогсож байв. “Хүрээд ирэв үү” Ден Ган охиндоо аяархан “Эрт хичээл тарна гэдэг чинь сайн шүү дээ. Аав нь жаахан байхдаа үргэлж эрт тардаг байсан. Аав нь 5 цагийн хичээлд суух хэрэгтэй гэхдээ 4 цагт нь суучихаад л гэрлүүгээ гүйчихдэг байсан. Гэртээ хичнээн эрх дураараа гээч” Охин нь үг дуугарсангүй. Гэвч харваас яг л уйлах гэж байв. Ден Ганы сэтгэл нь маш их өвдөв. Одоо яах вэ? Ден Ган охиноо дагуулаад гадагшаа гарч алхахаар болов. Ден Ганы гэр Далианы далайн ойролцоо байдаг. Тэр охиноо дагуулаад далай руу явав. Далайн эргээр намуухан, далайн ус маш дөлгөөхөн байлаа. Ден Ган охиндоо “Аав нь яагаад чамайг далай дээр дагуулж ирсэн гээч?” гэв. Учир нь чи шалгаруулалтанд тэнцээгүй. Аав нь чиний сэтгэл их зовж байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ зовлон бол зовлон. Бид буурь суурьтайхан энэ зовлонг хүлээн авах хэрэгтэй. Охин минь чангахан уйлаад ав гэв. Охин нь дахин сэтгэлээ барьж дийлсэнгүй. Боргилон урсах далайн устай хамт охин нь цурхиран уйлав. Ден Ган охиноо уйлж дуустал нь хүлээв. Тэгээд охиндоо хандаж “Одоо хоёулаа тайвшраад яагаад хасагдсан талаараа бодъё. Тэнцэхгүй байна гэдэг чинь чи муу болохоор тэнцсэнгүй гэсэн үг ердөө ч биш шүү дээ. Аавынх нь бодлоор миний охин их өндөр болохоор багийн хүүхдүүдтэйгээ зогсохоор зохицолгүй харагдах болохоор л тэнцээгүй байх. Миний охин яагаад өндөр гээч? Учир нь охин минь аавтайгаа адилхан өндөр шүү дээ. Үүнд ямар буруу байх вэ дээ. Миний охин ирээдүйд мэдээж янз бүрийн л чиний хүлээн авч чадахгүй, чи өөрчилж чадахгүй зовлон гарч ирэх болно. Тэр үед сайхан уйлчихаж бай. Эмч авга ахын чинь хэлснээр уйлж гаргасан нулимсанд туршилт хийсний дүнд хортой байдгыг нь мэдсэн байна. Эмэгтэй хүн яагаад эрэгтэй хүнээс илүү урт насалдаг учрыг мэдэх үү? Учир нь эмэгтэй хүн хороо гадагшлуулж чаддаг юм. Ямар нэгэн зовлон тохиолдох үед сэтгэлээ онгойтол сайхан уйлчихаж сур. Тэгээд хэсэг хугацааны дараа тайвшраад яг хаана асуудал гарсныг сайн бод. Ямар ч юманд хэзээд сайн тал бас байдаг. Жишээ нь, чи ялагдаж болно. Тэгээд тайвшраад бодоод үзвэл чи өөрийн дутагдалтай талаа олж харж болно шүү дээ. Энэ бол мянган лангийн алтаар ч худалдаж авч болдоггүй зүйл шүү”. Охин нь аавынхаа хэлснийг сонсоод аажим аажмаар тайвшраад ирэв. Аав охин хоёр гэртээ харих үед охин нь баяртайгаар аавдаа хэлэв. “Үгүй ядахдаа энэ хэсэг бөмбөр тоглосон хугацаанд манай гэр бүл илүү чөлөөтэй, аз жаргалтай болж хувирсан тийм үү ааваа?”гэв. Ден Ган маш баяртайгаар толгой дохиод “Тиймээ миний охин бидэнд аз жаргал авчирсан энэ чинь сайн хэрэг шүү дээ”

Хүүхэд л бол хүүхэд. Тэд юманд хандах хандлага нь харьцангуй амархан байдаг. Авбал баярлаж, алдвал уйлж зовдог. Энэ үед нь эцэг эх нь хажууд нь байж зааж сургаж байхгүй бол хүүхдүүдийн сэтгэл зүй тогтворгүй болдог. Том болсны хойно амархан өөрийгөө удирдаж чадахгүй болдог. Охиноо бага байхад эцэг эх нь охиндоо “Бид хүнд байдалтай тулгарч түүнийг өөрчилж чадахгүй, аюулыг зайлуулж чадахгүй үед битгий сэтгэл мохож, гомдож гансарч яваарай. Өөрт учирсан аюул, зовлонг арай өөр өнцгөөс харж, зовлон шаналал чамд авч ирсэн сайн зүйлийг сайн талаас нь олж харах хэрэгтэй ” гэдгийг заавал хэлж өгөөрэй. Хүүхэд чинь ийм үзэл бодолтой үед түүний харах өнцөг нь зөвхөн нүдний өмнөх эрх ашгаар хязгаарлагдахаа больж, сэтгэл санаа нь аажим аажмаар илүү амар амгалан, дөлгөөхөн болох болно. Мэдээж хүүхдийг тайван дөлгөөн зантай болгоно гэдэг нь ганц цагийн асуудал биш. Эцэг эхчүүд маань аажим аажмаар шат дараалалтай охиндоо ийм үзлийг суулгах хэрэгтэй. Үүний хажуугаар дараах гурван зүйлийг анхаарвал зохино. Нэгдүгээрт: Хүүхэд өөрийгөө голох сэтгэлийг үгүй хий. Хэрвээ охин чинь өөрөөрөө хангалттай бахархаж, өөртөө бүрэн итгэлтэй байж чаддаг бол тэдний зан харьцангуй тайван байдаг. Ямар нэгэн асуудал тулгарахад сэтгэл санаа нь амархан хямраад байх нь бага байх болно. Хоёрдугаарт: Амьдралд мухардах дасгал хий. Амьдралд мохох бол хүн бүрийн сурах ёстой хичээл, хүн бүрийн туулж өнгөрүүлдэг зам, хүн төрөлхтний нэгэн эд баялаг юм. Ямар нэгэн мухардал, зовлон шаналгааг давснаар хүн илүү хүчирхэг далавчтай болдог. Үүний адилаар хэцүү бэрхтэй тулалдах зориг, шийдвэртэй хүний сэтгэл илүү тайван болж хувирдаг байна. Гуравдугаарт: Баяр хөөртэй сэтгэл санаатай байх. Нэгэн эрдэмтэн хүний амьдралыг ийнхүү дүрсэлсэн байдаг. Хүний амьдрал яг л нярай хүүхдийн анхны нулимстай адил. Хэдийгээр хичнээн шорвог ч гэсэн үнэхээр шинэ соргог байдаг. Чи ямар ч хүнд бэрх зүйлтэй тулгарсан өөрийгөө л алдахгүй байвал ямар ч зовлон шаналал чамд наалдаж чадахгүй. Баяр баясгалантай сэтгэлзүйтэй байж бүгдийг нээлттэй харж чадваас өөрөө аяндаа тайван дөлгөөн болоод ирнэ. Эцэст нь дүгнэхэд тайван дөлгөөн зан гэдэг бол охин хүүхдийн сэтгэлзүйн чадварын хамгийн гол бүрэлдэхүүн. Дээр дооргүй, хөндлөн гулд нийгмийн өрсөлдөөн, зах замбараагүй хүний амьдралын олон асуудлуудтай тулгарахад охид минь тайван дөлгөөн сэтгэлзүйтэй л байж чадваас хаана ч цочрохгүй хаана ч унахгүй жинхэнэ дагина болох болно.

25. Охиноо аливаа зүйлд тууштай байлгаж сурга Хэзээ ч тууштай байдаггүй. Бүр амжилт яг нүдний өмнө нь байсан ч тууштай байж чаддаггүй хүүхэд хэзээ ч амьдралын үнэ цэнэ түүний ханамжтай байдлыг мэдэрч чаддаггүй. Ийм хүүхэд нэг насаараа аз жаргалгүй амьдардаг. Иймээс охин хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэднийг аливаа зүйлд тууштай байхад сургах хэрэгтэй. Тэдэнд үргэлж итгэл найдвартай байхыг сургахын хажуугаар хүнд бэрх зүйлийг ялан дийлээд даваад гарах итгэлтэй болгох хэрэгтэй. Эрэгтэй хүүхэдтэй харьцуулахад охид илүү зорилгодоо үнэнч, шургуу байдаг. Гэвч бүгд ийм байдаггүй. Маш олон охид замын талаасаа буцдаг зантай байдаг. Иймээс эцэг эхчүүд маань хүүхдээ багаас нь аливаа зүйлд шаргуу байхыг зааж сургах хэрэгтэй. Хүний амьдралын урт аялал дунд бид маш олон сорилттой тулгардаг. Хэрвээ тууштай зүтгээд л байвал үр дүн нь хэзээд амжилт байдаг. Иймээс охидоо тууштай шаргуу зантай болгон хүмүүжүүлэх тун чухал. Сургамжит түүх Энэ бол үнэхээр хүний сэтгэлийг хөдөлгөсөн түүх. 9 настай охин нь аавыгаа аврав. Аав нь баярлалаа гэж хэлтэл охин нь“Энэ бол аав та аливаа хэрэгт битгий цөхөрч бай, үргэлж тууштай хатуу чанга бай гэж сургасны үр дүн” гэв. Аав Кам бол Америкийн Флорида мужийн захиргааны хуулийн зөвлөх. Охины нэрийг Келин гэдэг. Уг хэрэг 2002 оны нэгэн өглөө болсон юм. Тэр өдөр аав охин хоёр морь унан урьд өмнө нь явж байгаагүй ууланд гарав. Замд Кам гэнэт мориныхоо нуруунаас холбироод ирэв. Хамгийн аюултай нь морь нь Камыг тархин дундуур нь өшиглөөд авав. Кам ухаан алдав. Келин аавынхаа толгойг харвал нүүрэн хэсэг нь цусанд булагдсан байлаа. Тэр маш их айн аав үхчихлээ гэж үү гэж бодсоноо үгүй ээ аав үхээгүй гээд би бушуухан явж хүн дуудах хэрэгтэй гэж бодон гүйв. Бяцхан Келин өөрийн айдсаа дарж ядан гуйвж дайвсаар мориндоо мордов. Гэвч тэр уулнаас буух замаа сайн мэдэхгүй. Мөн буулаа ч аав дээрээ буцаж ирж чадах үгүйгээ мэдэхгүй. Келин хоёр ч удаа эргэлзэн морьныхоо амыг эргүүлэв. Гэвч буухаар шийднэ. Тэр үнэхээр эргэлзээд шийдвэр гаргаж чадахгүй байлаа. Уулын уруу 1 алхах бүрд л хэн нэгэн чихэнд нь “Битгий ааваасаа холд” гэх шиг болно. Эцэст нь Келин уулнаас буухаа болихоор шийдэв. Тэрээр одоо би л аавыгаа аврах хэрэгтэй гэж бодов. Тэр өөрийгөө тайвшруулж, сайн гэгч нь өөрийгөө хянаад аавынхаа хажууд суун аавынхаа байдлыг шалгаж эхлэв. Келин эхлээд аавынхаа амьсгалыг шалгав. Байнга суудаг анхны тусламжийн хичээлийн мэдлэгээ ашиглан аавынхаа амьсгалыг чадлынхаа хэрээр хэвийн болгов. Дараа нь цус тогтоох болов. Эвтэйхэн аавынхаа цусыг арчлаа. Тэр аавыгаа сэрээхийг хүсэв. Охин уйлж болохгүй гэж шийдэн өөртөө итгэлтэй хоолойгоор аавынхаа чихэнд “..... хоёулаа бушуухан гэртээ харья, бурхан бидэнд туслахыг би мэдэж байна.”

Камын ухаан балартсан хэвээр. Гэвч охиныхоо дуудахыг сонссоор эцэст нь ухаан оров. Охин нь хажууд нь сөхрөн суусан байхыг хараад аав нь маш их баярлав. Гэвч жаахан охин нь уулнаас ганцаараа буувал төөрч эсвэл элдэв осол аваарт орж магадгүй гэж зовнино. Бяцхан Келин аавыгаа түшиж босгов. Кам эцсийн хүчээ шавхаад ч хамаагүй босож зогсон охиноо дагуулан өөрийнх нь мэдэх газар хүртэл явах ёстой гэж бодож байлаа. Хэсэг хугацааны дараа Кам охиноо түшин суув. Тэр охиноо уулнаас буулгах ёстой. Гэвч түүнд моринд мордох чадал байсангүй. Аав охин хоёр аргагүйн эрхэнд уулнаас явган буух болов. Келин нэг гараараа аавыгаа түшиж нэг гараараа морио хөтлөн уулнаас буулаа. Гэвч Камын нөхцөл байдал үнэхээр муу байлаа. Тэр урагшаа нэг алхах бүртээ бүх хүчээ шавхан амь тэмцэж байлаа. Алхам бүр түүнд тэсэхийн аргагүй зовлон болж байв. Ойролцоогоор 100 инч явсны дараа түүний дотор муухайрч, толгой эргэн өөрийн эрхгүй сөхрөн унав. Бяцхан Келин аавыгаа түшиж “Ааваа та чинь дандаа л надад аливаа асуудалд үргэлж тууштай байх хэрэгтэй гэдэг биздээ. Хэдий чинээ тэсэхийн аргагүй байна төдий чинээ тэсэх хэрэгтэй шүү дээ. Ингэж байж л бид гэртээ харьж чадна” Кам арай уужран толгойгоо дохив. Тэгээд эцэст нь тууштай байх арга оллоо. Эхлээд өмнөө харагдаж байгаа нэгэн газраар зорилгоо болгоно. Тэгээд түүндээ хүрээд дахин нэг шинэ зорилготой болно. Тэрээр сэтгэлдээ заавал ойн гол замруу орох болно гэж үглэж байв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Камын тамир тэнхээ үнэхээр сульдав. Келин тэвчээртэйгээр аавыгаа ятгана. Аав охин хоёр хүчээр бэрхшээл дунд алхам алхмаар урагшилна. Кам охиныхоо ийм шийдэмгий хүчирхэг байгааг хараад гайхшрав. Келин ердөө л есхөн настай бяцхан охин шүү дээ. Кам өөрөө ийм охин хүмүүжүүлсэндээ сэтгэл нь үнэхээр уужирч байлаа. Эцэст нь аав охин хоёр уулын хормойд хүрэв. Келинд ойн зам танил болж эхлэв. Кам ихээр санаа алдаж нэгэн модны дэргэд суув. Гэвч тэр охиныхоо нүдэн дэхь нулимсыг хараад дахин хүч оров. Аав нь охиндоо хандан “Чи үнэхээр сүрхий юмаа гэв. Хоёулаа гэртээ харья” гэж хэлээд ухаан алдав. Келин уйлан ааваасаа та амьдраарай гэж гуйна. Тэр хурдхан мориндоо морьдон нисэх мэт гэрийн зүг давхив. Камын унаж явсан морь аав охин хоёр уулнаас буух үед бас хамт дагасаар буусан. Уулын хормойд ирээд танил замруу орсон тул морь нь гэрлүүгээ давхив. Камын морь Келиний морьноос хурдан байлаа. Камын морь гэртээ очих үед гэрийнхэн нь морины эзэн байхгүйг мэдэн яаралтай машинаа асаан Кам, Келин хоёрын урдаас явав. Эцсийн дүнд Кам аврагдав. Эмч нар Камыг аврахаар ажиллахын хажуугаар маш их гайхаж байлаа. Есхөн настай бяцхан охин ийм хүнд бэртсэн том хүнийг уулнаас буулгасан нь аавынхаа амийг аврах цагийг хожиж чадсан байлаа. Иймээс Келин Америкийн 10 бяцхан баатрын нэг болсон юм. Бидний оюун ухаанд 9-н настай охид бол маш сул дорой, хүнд хэцүү асуудалтай тулгарвал зөвхөн уйлж л чаддаг, арга мухардан хүлээдэг, эсвэл ямар нэгэн замбараагүй зүйл хийдэг гэж

боддог. Гэвч Келин эцгийгээ үхэх сэхэхийн зааг дээр байхад өөрийн чанга хатуу, эрэлхэг зоригтой чанараар үхлээс аварч чадсан юм. Мэдээж Келин төрөлхийн баатар биш. Түүнд бас айх, итгэл алдрах, эргэлзэх, тэр байтугай уйлах, сэтгэлд нь олон юм бодогдох үе байсан. Харин аавыгаа аврах хүсэл нь түүнийг үргэлж зоригжуулж байлаа. Мөн аавынх нь жирийн үед түүнийг тууштай байхад сургадаг нь түүнийг тууштай байлгуулж мөн аавыгаа ч тууштай байхыг ятгахад дэм болж байсан юм. Бидний эцэг эхчүүд хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэхэд л анхаарахаас биш юманд тууштай шаргуу зантай болгон хүмүүжүүлэхийг үл тоомсорлодог нь хүнд бэрх зүйлтэй тулгарч чаддаггүй, түүнийг даван туулахыг хичээдэггүй, замаасаа орхидог болгодог. Камын хүүхэд хүмүүжүүлэх арга барил бидэнд нэгэн дохио өглөө. Бид охидоо амьдралын аливаа асуудалд тууштай нэгэн болгон хүмүүжүүлэх нь тун чухал юм. Охид багадаа сонирхлын дагуу л юм хийдэг. Маш амархан сонирхол нь өөрчлөгддөг. Яг л барын толгой могойн сүүлтэй мэт. Учир нь юм хийхдээ нэг удаагийн сэтгэл хөдлөлд тулгуурладаг. Хэсэг зуур энийг хийнэ, хэсэг зуур тэрийг хийнэ гэсээр туйлбартай хандах хандлага дутдаг. Иймээс эцэг эхчүүд маань охидоо маш идэвхтэй, шаргуу тууштай болгон хүмүүжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэгвэл хүүхдээ хэрхэн яаж тэсвэр тэвчээртэй болгох вэ? Нэгдүгээрт: Хүүхдийн санаачлага гаргах болон бие даасан чанарыг хөгжүүл. Хүнд найддаггүй хүүхэд л өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж, итгэл найдвараа өөр хүний бие дээр тохдоггүй. Бид охиддоо биелүүлж болмоор сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго гарган түүнийгээ хариуцлагатай биелүүлэхэд нь туслах хэрэгтэй. Өөртөө тохирсон төлөвлөгөө болон зорилго тавьж сурч, амьдрах нь чухал. Хоёрдугаарт: Хүүхдийн тэсвэртэй занг хөгжүүл. Бид ухамсартайгаар охиддоо тэдний хийх дургүй зүйлийг нь хийлгэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Мөн түүний хажуугаар тэднийг сайшаах аргаа ч сэдэх хэрэгтэй. Гол нөхцөл нь тавьсан шаардлагын дагуу заасан цаг хугацаанд хийж дуусгана. Энэ нь тэднийг хатуу чанга болгох дасгал болно. Бяцхан охидын зан араншин төгс тогтуун байдаггүй. Тэд хувирамтгай, уян хатан байдаг онцлогтой. Иймд эцэг эхчүүд маань тэднийг хүмүүжүүлэх явцдаа маш их тэсвэр тэвчээр, туйлбартай байдал, сахилга баттай байхыг зааж сурган тэднийг аажмаар аливаа асуудалд тууштай болгох нь зүйтэй.

26. Охиноо тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүл Өөрийнх нь дурлаж хүссэн зүйл бушуухан биелэгдэхийг хүсэх бол хүн төрөлхтний төрөлхийн чанар. Энэ нь нүдний өмнөх эрх ашгийг харахаас хэтэрдэггүй, ялагдахаас айдаг, тууштай байж чаддаггүй болгодог. Иймээс бид охидоо багаас нь өөрийн дур хүслийг хязгаарлаж сургах нь зүйтэй. Ингэж чадваас тэд эмх цэгцгүй, шийдвэр гаргаж чадахгүй, амархан сандардаг зантай болохгүй. Ихэнх тохиолдолд охид хөвгүүдээс илүү тэсвэртэй байдаг. Гэвч энэ төрөлхийн давуу тал нь охин бүрт байдаггүй. Түүнчлэн өсч торних явцад нь эцэг эхийн хүмүүжлийн арга барил буруугаас үүдэн тэвчээр муутай болох хандлага их байдаг. Яагаад ингэж байна вэ гэдгийг нэгэн түүхээр тайлбарлая. Бяцхан охидыг бүүр манцуйтай байхаас нь л тэднийг жаахан л уйлвал ээж аав нь тайван бус болж тэвэрдэг. Энэ л үеэс тэднийг түргэн ааштай, тэсвэр тэвчээр муутай болгон хүмүүжүүлдэг. Учир нь энэ үйлдэл нь тэдэнд нэгэн дохио өгдөг. Хэрвээ би уйлвал ээж аавыг хүссэнээрээ удирдаж чадна. Охид хүслээ хангасны дараа хүүхдийн заль хэрэглэж бушуухан аав ээжийгээ үнсээд л өөрийн хүслээр удирдаж эхэлдэг. Хэдийгээр тэдний үйлдэл нь баяр баясгаланг дагуулдаг ч тэд байнга ийм арга хэрэглээд байвал эцэг эх нь удирдаж чадахаа больдог төдийгүй тэднийг тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх том боломжоо алддаг. Ийм хүүхдүүд жаахан том болоод ирэхээрээ ааштай болж эхэлдэг. Үеийнхэнтэйгээ зодолдоно, жаахан бэрхшээлтэй тулгарвал амархан бууж өгдөг, зан ааш нь замбараагүй, шийдвэр гаргаж чадахгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй болдог байна. Охидын зан ааш болхи бүдүүлэг, яг л хорхойд идэгдсэн цэцэг мэт байх нь амьдралд нь нэгэн төрлийн хар сүүдэр болж гарч ирдэг. Иймээс эцэг эхчүүд маань охидоо багаас нь л өөрсдийн чинь арга барил тэдэнд гай болохоос сэргийлж байх нь зүйтэй. Хүүхдийг тэсвэр тэвчээртэй болгох хамгийн сайн арга нь тэдний ханамжийг хойшлуулах юм. Сургамжит түүх Энэ бол Америкийн Харвардын их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн профессор Даниел Големаны маш алдартай туршилт юм. Даниел хөтлөгч урин хэсэг 4 настай хүүхдүүдэд тус бүрт нь чихэр өгөв. Тэгээд тэдэнд хөтлөгч буцаж ирэх үед л энийг идээрэй. Тэгвэл дахиад нэг чихэр өгнө шүү гэв. Хөтлөгчийг явсаны дараа Даниел сэмээрхэн ажиглаж эхлэв. Түүний анзаарснаар хэсэг хүүхдүүд өөрийгөө хянаж чадахгүй нэг их удахгүй чихрийг амандаа хийв. Харин зарим нь маш тэвчээртэй бүр тоглоом сэдэн тоглож, үлгэр хүртэл ярилцаж анхаарлаа сарниулж цагийг сунгаж байлаа. Тэд хөтлөгчийг буцаж ирэхэд дараагийн чихрийг авч чадсан юм. Даниел тэднийг 14 нас хүрэхэд ажлын талбай дээр өөрөө даган судалгаа хийсэн юм. Түүний

олж мэдсэнээр арай илүү тэвчээртэй хүүхдүүдийн математик болон хэлний хичээлийн дүн нь тэвчээр муутай хүүхдүүдийн дүнгийн дунджаас 20% илүү байлаа. Мөн илүү хатуу чанга, хүнд бэрхийг давж чадаж байсан төдийгүй илүү амархан амжилтанд хүрч байсан юм. Энэ судалгаанаас харахад тэсвэр муутай бол амжилтанд хүрэх найдлага алга. Големан бүх эцэг эхчүүдэд дараах зүйлийг хэлсэн юм: Хэрвээ хүүхдийнхээ тэвчээртэй чанарыг хөгжүүлэхийг хүсвэл, тэдний ханамжийг нь хойшлуул. Мөн бид манцуйтай бяцхан үрсийнхээ нулимсанд хэрхэн яаж хандахаа мэдэх хэрэгтэй. Бид хүүхдээ хайрлах харгислах хоёрын дунд төвийг сахисан арга замыг олох хэрэгтэй. Охины чинь хэрэгцээ хэт тулгам биш л бол бид тэднийг уйлаад тайвширдаг болгох хэрэгтэй. Уйлах бас уушгинд сайн байдаг тул хүүхдээ уйлуулахдаа битгий санаа зовоорой. Мэдээж эцэг эхчүүд маань хүүхдийнхээ уйлахыг сайн ажиглаж яагаад уйлав? Зүгээр л уйлсан уу? Бие нь өвдөв үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Үүний дараа л хүүхдийн хүсч байгаа зүйлийг хойшлуулах эсэхээ шийд. Хэрвээ бид энийг л хийж чадахгүй бол хүүхдээ тэсвэр тэвчээртэй болгох талаар бодоод ч хэрэггүй. Тэсвэр тэвчээр бол биднийг төрөхөд хамт ирдэг зүйл огт биш. Эртний эмэгтэйчүүд эмэгтэй хүн угаасаа л тэсвэр тэвчээртэй төрдөг мэт ойлголттой байсан. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, тэдний эцэг эх нь тухайн үеийн нийгмийн амьдрал тийм байсан учраас нэг их тоодоггүй байсан. Хөвгүүдийг илүүд үзэж охидыг дорд үздэг байсан нь охидын хүслийг биелүүлэх арга байсангүй. Энэ нь шууд утгаар бол ханамжийг хойшлуулах арга юм. Хоёрдугаарт, нийгмийн байдал нь эмэгтэйчүүдийн тэвчээртэй зангийн тодорхойлолт. Эцэг эхчүүд охидоо хүмүүжүүлэхдээ бас энэ тал дээр анхаарч байсан нь тэднийг тэвчээртэй болгосон юм. Хэдийгээр өнөөгийн бидний амьдарч буй нийгэм нь эрийг чухалжилж, эмийг дорд үзсэн нийгэм биш. Гэтэл эдгээр хүүхэд хүмүүжүүлэх арга нь бас л хэрэглэж болохуйц байгаа. Охиноо тэвчээртэй байж сургахын тулд охид маань хоёр төрлийн оюуны чадварыг эзэмших хэрэгтэй. Жиших, ойлгох чадвар болон үр дагаврыг тусгаж авах чадвар. Мөн хоёр төрлийн маш чухал сэтгэлзүйн чадвар байдаг нь зовлон шаналгааг тэвчих, ханамжаа хойшлуулах юм. Мэдээж эдгээр чадвар нь харилцан оршин тогтнодог. Жишээ нь, ханамжаа хойшлуулснаар сая зовлонгоо тэвчинэ. Эсвэл зовлонгоо жаахан тэвчвэл хүслээ хойшлуулна. Одоо бид хүүхдийн тэсвэр тэвчээрийн чадвар хэрхэн яаж түүнийг том болтол нь дагаж хөгжиж байдаг талаар авч үзье. Хүүхэд нялх байхдаа тэдний тэвчээр маш сул байдаг. Уйлах бол хүүхэд тусламж гуйж буй нэгэн дохио. Гэвч дөнгөж төрсөн байсан ч хамаагүй тэднийг хааяа жаахан уйлуулж сургах хэрэгтэй. Хүүхдээ тэвчээртэй байхад суралцуулах нь маш энгийн зүйлээс эхэлдэг. Нэг үгээр хэлбэл болж өгвөл хүүхдийг битгий авах гэж яар. Харин эцэг эхийн зөөлөн дуу хоолойг байнга сонсгож байгаарай. Ингэснээр тэд бухимдахаа болино. Энэ бол хүслээ биелүүлж буй нэгэн дохио юм. Учир нь үг яриа хүүхдийн ой ухаанд нөлөөлж тэднийг ханамжаа хойшлуулахад тусалж байдаг.

Мэдээж энэ үед нялх үрсээ тэвчүүлэх хугацаа нь 3 минутаас хэтэрч болохгүй. Харин маш хурдан тэдний хүслийг биелүүлээд л байвал тэд тэснэ тэвчинэ гэдэг ойлголтыг юу ч үгүй мартдаг. Эцэг эх нь дэс дараалалтай тогтмол ингэж хандаад сургачихвал охид нь тэдний хүсэл биелэгдэх боломжтой гэж ойлгодог болдог. 3 наснаас хүүхдүүд өөрийн үг хэлээрээ эцэг эхээсээ хүссэн зүйлээ шаардаад эхэлдэг. Энэ үед хүүхдийн хүсэл маш тулгам байдаг. Хүүхэд тэвчээр муутай, зовлонг тэвчихгүй байх нь тэд өөрийгөө амьдралын чухал цөм гэж бодож өөрийгөө бусдаас түрүүнд тавьснаараа тийм болдог байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэл найдвар, тэвчээртэй байж, тэмцсэний дүнд хүсэл нь биелж буй сэдэвтэй үлгэр ярьж өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд маань охиддоо зарим нэг зүйлийг зайлшгүй хүлээх хэрэгтэй байдаг, яаж хатуужилтай болох талаар сурах хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь чухал. 3-6 нас, охидын оюун ухаан болон сэтгэлзүй илүү боловсордог. Тэд цаг хугацааг мэдэрч, ярьж чаддаг болдог. Энэ нь тэдэнд тэвчээртэй байх чадвараа хөгжүүлэхэд тусалдаг байна. Гэвч энэ үед хүүхэд маш олон талын хязгаарлалтанд байдаг тул хэрэгцээ шаардлага нь үргэлж тэр даруйд биелэгдэх боломжгүй байдаг. Жишээ нь, цэцэрлэгт тэд бусад хүүхдүүдийг бас бодолцох хэрэгтэй болдог эсвэл багш нь түүнийг хойгуур хуваарилах ч юмуу. Энэ үед тэд маш их дарамт мэдэрч эхэлдэг байна. Иймээс эцэг эхчүүд маань тэднийг үргэлж битгий тэвч гэж байгаарай. Зарим нэг шаардлагатай үед нь бас сэтгэл хөдлөлөө ил гаргаж байхыг зөвлөөрэй. 6 наснаас хойш сургуульд ороод эхэлчихдэг. Хичээл нь унших хичээл, байгалийн ухааны хичээл, биеийн тамирын хичээл аль нь ч байсан тэвчээр бол сурлагын амжилтын гол хүчин зүйлийн нэг. Тэднийг богино хугацааны дотор анхаарлаа төвлөрүүлж чаддаг болохыг зорилгоо болгож, шинэ мэдээллүүдийг хэсэг бүлэг болгон ойлгоход туслах нь зүйтэй. Мөн хүүхдийг тэсвэр тэвчээртэй болгохын тулд эцэг эхчүүд маань тэвчээртэйгээр суулгаж сургах хэрэгтэй. Хүүхдээ хэдий чинээ эрт хүмүүжүүлж эхэлнэ төдий чинээ амархан байх болно гэдгийг битгий мартаарай. Хүүхдийг тэвчээртэй болгочихвол бусад талаар нь хүмүүжүүлэхэд тун амархан байдаг.

27. Охиноо уужуу сэтгэлтэй болгон хүмүүжүүлэхээ битгий мартаарай Уужуу сэтгэл бол нэгэн зан чанар төдийгүй бас нэгэн төрлийн мэргэн ухаан, хүч чадал юм. Уужуу байж чаддаг өгөөмөр сэтгэлтэй хүн л өргөн цар хүрээтэй амьдарч чаддаг. Уужуу байж чаддаг хүн л хүмүүстэй сайхан харилцаатай байдаг. Хэрвээ бид охиндоо үнэхээр хайртай л бол тэднийг уужуу ухаантай болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Уужуу сэтгэлтэй байна гэдэг нь маш үнэтэй сэтгэл юм. Түүний гол чанар нь хүний алдааг уучлахад оршдог. Хүний сэтгэл уужуу байвал аливаа зүйлийг өргөн өнцгөөс харж илүү амархан амжилтанд хүрдэг. Сургамжит түүх Африкийн түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч Либерийн Еллен Жонсон Сирлиэф бол уужуу ухаантай эмэгтэй гэгддэг. Тэрээр уужуу сэтгэлтэй байж чадсанаараа эцэст нь нэгэн улсын агуу удирдагч болж чадсан юм. 1997 оны зун 60 гаруй насны нэгэн хар эмэгтэй олныг дагуулан Либерээс Гвиней чиглэсэн замаар яаравчлан явав. Тэр эмэгтэй бол Еллен Жонсон Сирлиэф. Түүний урдхан талд нь 4, 5 айл байлаа. Харин тэдний хоёр нь Еллен Жонсон Сирлиэф хэзээ ч мартахгүй гэр бүл байлаа. Нэг гэр бүлийн хүүхэд нь урд нь түүний хамгаалагч байсан Вей Сай. Харин нөгөө гэр бүлийн хүүхэд нь урд нь түүнийг чимээгүй алахаар санаархаж байсан А Сай гэдэг. 13 жилийн өмнө Еллен Жонсон Сирлиэф хамгаалагч Вей Сайг дагуулан замдаа явах үед Вей Сай түүнд өөрийнх нь төрөлх нутагт ирлээ гэж хэлэв. Вей Сайн миний эцэг эх маш баяртайгаар түүнийг хүлээж авах болно гэж хэлээд тэд энэ тосгоноор дайрахаар болов. Гэтэл тосгонд дөхөх үед чихний хажуугаар буун дуу сонсогдов. Сум Еллен Жонсон Сирлиэфийг чиглэж байв. Бэлтгэл сайтай Вей Сай хамгаалагч маш түргэн түүнийг түлхэн унагааж амийг нь аврав. Харин Вей Сай тэр дороо амиа алдав. Сүүлд нь бууддаг хүн нь Вей Сайн хөрш А Сай гэдэг залуу байсныг олж мэдлээ. 13 жилийн өмнөх энэ хэргийг санасан Еллен Жонсон Сирлиэфийн сэтгэл нь өвдөв. Яг энэ үед Вей Сайны ээж нь гэрээсээ гарч ирэн будааны уут сэгсэрчихээд гэрийн зүг явахыг харав. Еллен Жонсон Сирлиэфийг ирж явахыг харан баярлан тосож очин тэврэлдэв. Тэрээр хатагтайг гэртээ урин ус аягалж, жимсээр дайлав. Бүх зүйл намжсаны дараа нөгөө хөгшин ээж бас нэг уутанд будаа хийн гэрээс гарав. Еллен Жонсон Сирлиэф хаашаа явж байгааг нь асуувал А Сайны ээжид будаа хүргэж өгөх гэж байгаа тухайгаа хэлэв. 13 жилийн өмнө А Сай нөгөө хэргийн дараа гэрээсээ зугтсан ба өдий хүртэл ямар ч сураггүй гэнэ. А Сайн ээж ганцаараа, бие муутай, гэрт нь идэж уух юу ч байхгүй болсон гэв. Еллен Жонсон Сирлиэф нэг л хүлээн авч чадахгүй. Тэр чинь бидний дайсан биш гэж үү гэж асуув. Нөгөө хөгшин эмэгтэй хариуд нь “Тэр явдал аль хэдийн өнгөрчихсөөн. Өшөө хорсол бидний амьдралд улам л их зовлон нэмэх болно” гэж хэлэв.

Еллен Жонсон Сирлиэф толгой гудайлган гүн бодлогоширлоо. Тэрээр цагаачлах бүрдээ нэг л өдөр газар нутгаа буцаан авч, дайснаа даран шинээр эрх мэдлээ олж авна гэж боддог байлаа. Тэр урьд нь маш их өс санадаг байжээ. Гэвч одоо тэр өөрийнхөө бодол санааг цэгцлэх хэрэгтэй гэж бодлоо. Өс хонзонгийн эсрэг өс хонзон санаад байвал хоёр тал хэзээ ч энэ тойруулгаас гарч чадахгүй. Дайны хөлд самуурсан Либерт өс хонзон биш өршөөл нийгүүлсэл хэрэгтэй байсан юм. Өршөөл нийгүүлсэл зөрчлийг тайлна, зай завсрыг үгүй хийнэ, ойлголцлыг олж, олон түмний дэмжлэгийг олох болно. Агшин зуур Еллен Жонсон Сирлиэф өөрт нь дутагдаад байгаа нь хүч чадал бус уужуу сэтгэл гэдгийг ойлгов. Энэ хөгшин ээж түүнд маш хэрэгтэй хичээлийг зааж өглөө. Үүнээс хойш тэрээр уужуу сайхан сэтгэлийг түүний улс төрийн ялалтанд хүрэхдээ ашиглав. Тэрээр өршөөж нийгүүлсэх арга барилаар урьдны өрсөлдөгчиддөө хандав. Түүнчлэн улсынхаа нийт иргэдийг өшөө хорслоо мартаж, өршөөн нигүүлсэнгүй байхыг уриалан түүхэндэх шарх сорвио эдгээхийг ятгалаа. Эцэст нь тэрээр Либерын ард түмний дэмжлэгийг олж ард түмний сонголтоор ерөнхийлөгчийн суудалд суусан юм. Өршөөл нигүүлсэнгүй байх нь хүүхдийн эрүүл бойжиход ялангуяа сэтгэл санааны хувьд эрүүл байхад маш чухал утга учиртай. Хүүхдийн зан ааш эелдэг зөөлөн, сайхан сэтгэлтэй байвал өсч торних явцдаа хүмүүстэй зөрчилдөх нь бага байдаг төдийгүй хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Мөн тэд маш амархан өөрсдийн үнэ цэнэ, хүний амьдралын баяр баясгаланг олж чаддаг. Иймээс хүүхэд хүмүүжүүлэхдээ хэзээд уужуу сэтгэлтэй байх занг төлөвшүүлж өгөхөө битгий мартаарай. Өнөөгийн хүүхдүүд ихэвчлэн айлын ганц хүү, эсвэл ганц охин байх нь элбэг байдаг. Эцэг эх нь тэдэнд яг л алган дээрх сувд адил ханддаг бол сургууль дээр харин адилгүй байдаг. Иймээс эцэг эхчүүд хүүхэддээ хэрвээ бусад хүн чамд таагүй хандвал чи ч гэсэн таагүй л ханд, хэрвээ бусад хүн чамайг зодвол чи ч гэсэн зод гэж сургадаг. Ингэж хүмүүжүүлсэн хүүхэд яаж өршөөнгүй байж чадах вэ дээ. Нэгэн болсон явдлаас энд өгүүлье: Сургамжит түүх Хүүхдийн клубын ажилтан Хиао Жанг маш их сандрав. Учир нь тэр нилээд олон хүүхдүүд дагуулан теннисийн хичээлд явав. Хичээл тарсны дараа нэг хүүхэд дутуу байгааг мэдэв. Ингээд теннисний талбайрүү буцаад гүйхэд нөгөөх 4 настай бяцхан охин тэнд уйлаад байж байв. Хиао Жанг өршөөл хүсэн охиныг чадлаараа л тайтгаруулах гэж оролдов. Маш их айж цочирдсон охин эхэр татан уйлж байлаа. Хиао Жанг охиныг тэврэн аргадахын хажуугаар энэ удаад яг аав ээжид нь загнуулна гэж бодно. Охины ээж ирэхэд охин шууд л ээжийнхээ өвөрт очив. Охиноо уйлж байхыг харсан ээжийн сэтгэл бас л их өвдөв. Ээж нь охиныхоо нурууг хөнгөхөн алгадан охиноо тайтгаруулж байлаа. Мөн охиндоо ухамсартайгаар “Одоо ямар ч айх аюулгүй ээ” гэж хэлж байв. Тэгээд “Энэ эгч нь чамайг олохгүй маш их айж сандарсан байгаа ш дээ. Миний охин очоод энэ эгчийгээ

үнсээд тайвшруулчих” гэв. Нөгөө 4 настай охин ээжийнхээ үгийг сонсоод аажимдаа уйлахаа болив. Тэгээд Хиао Жанг дээр гүйж очоод түүний хацар дээр үнсэв. Мөн аяархан түүний чихэнд “Битгий айгаарай, би одоо зүгээрээ ” гэв. Хиао Жанг тэр үед яг уйлах шахав. Ийм л хүмүүжил хүүхдийг уужуу сэтгэлтэй, хүнд халамжтай хүүхдийг бий болгож чадна. Иймээс бид хорголоо тоолсноор өөрийгөө хүндлэх үзлээ ил гаргаж байна гэж бодсоны хэрэггүй. Хэдий чинээ их үйл бүтээсэн хүн байна төдий чинээ уужуу сэтгэлийн хүчийг мэдэрч байдаг. Хэрвээ бид охидоо өндөрлөгт хүргэе гэж бодож л байвал тэднийг өршөөн нийгүүсэнгүй уужуу сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Илүү тодорхой хэлбэл эцэг эхчүүд маань дараах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Нэгдүгээрт: Эцэг эх нь хүүхдийнхээ үлгэр жишээ бол. Ер нь эцэг эх нь ямар байна хүүхэд яг л тийм байдаг. Хэрвээ эцэг эх нь уужуу биш бол хүүхдүүд нь яаж тийм байж чадах вэ дээ. Иймээс эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлал болоорой. Хоёрдугаарт: Хүүхдээ бусдын оронд өөрийгөө тавьж сурга. Нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавин түүний өнцгөөс хараад үзвэл хоёр талын зөрчилдөөнийг илүү ухаалгаар харах болно. Мөн түүнчлэн нөгөө тал нь яагаад өөрт нь ингэж хандаж байгааг ойлгож нөгөө талынхаа хүнийг ойлгож чадна. Гуравдугаарт: Хүүхэддээ хүн болгон дутагдалтай талтай байдаг гэдгийг хэлж өг. Хүн төрөлхтөн хэзээд сул талтай байдаг. Иймээс бүгдийг буруушааж болохгүй. Энэ ойлголтыг хүүхэддээ суулгаснаар хамт сурагчидтайгаа харилцахдаа, найзтай болохдоо бусдын өөр үзэлд хүлээцтэй хандсанаар зөрчилдөөнийг багасгаж чаддаг болдог. Мэдээж уужуу байна гэдэг нь сул хүчгүй байна гэсэн үг биш. Сохор харалган гэсэн үг бүр ч биш. Хүүхдэд үүнийг заавал ойлгуулах хэрэгтэй. Эцэг эхчүүд охиддоо уужуу бай гэдэг нь хамт суралцагч, найздаа нартаа байнга найр тавьж бай гэсэн үг биш. Мөн муу үйл, муу хүнд буулт хий гэсэн үг ч биш гэдгийг ялгаж салган ойлгуулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт: Хүүхдээ бусад хүүхдүүдтэй харилцуул. Харилцаан дундаас зөрчилдөөн гарна. Зөрчилдөөнтэй харилцаа л уужуу сэтгэлийг мэдрүүлж чадна. Уужуу өршөөнгүй байж чадахгүй бол хүмүүс хоорондын хамтрал оршин тогтнож чаддаггүй. Эмэгтэй хүүхэд угаасаа харилцаанд тулгуурлаж нийгэмтэй танилцдаг. Хэрвээ хүүхдээ нийгмийн бүлэгт оруулахыг хүсвэл түүнийг хамтрагчидтай нь ахиухан харилцуул. Ингэснээр тэд аяндаа ойлголцоод ирнэ. Хүүхдийнхээ нүдийг нээж, олон найзтай болгож, дэлхийтэй сайн танилцуулах нь хүүхдийн хүмүүжилд үнэхээр сайн талтай. Харилцаж буй талбар нь уудам байх тусмаа зүрх сэтгэл нь

бас уудам болж байдаг. Зүрх сэтгэл нь уудам байж л дэлхий сая өргөн уудам байдаг.

28. Хүүхдийнхээ бүдүүлэг, ёс мэдэхгүй муу зуршлыг зас Охид бүр яг л сайхан үлгэр шиг байдаг. Сайн эцэг эхийн хүмүүжил бол дэлхийн хүн бүрт таниулах сайхан зүйл юм. Бид байнга л бүдүүлэг гүнжийг олж хардаг. Зөрүүд, ёс мэдэхгүй, ёс зүйгүй зэвүү хүргэсэн, хүнтэй харьцахдаа өөрийнхөөрөө, ийм зан ааштай болчихсон хүүхэд хаана ч байсан хүний дургүйг хүргэж явдаг. Тэдний өөрсдийнх нь өсөлт хөгжилтөнд ч энэ нь маш том сул тал болдог. Иймээс эцэг эхчүүд маань охиндоо бүдүүлэг, ёс мэдэхгүй зан байгааг анзаарвал бушуу түргэн засаж аваарай. Сургамжит түүх Нэгэн 10 настай охины ээж ярьсан юм. “Манай охин үнэхээр ухаантай, сэргэлэн, сурлагын дүн нь ч боломжийн, хүмүүс ч дуртай байдаг. Даанч бүдүүлэг, ёс мэдэхгүй муу зуршилтай байгаад байна. Хэдэн өдрийн өмнө би зах дээр түүнд нэг ноосон цамц авч өгсөн юм. Хажуу хавьд байсан нэлээд хэдэн хүн охидод хөөрхөн зохино гэсэн. Өнгө нь ч, загвар нь ч үнэхээр гайхалтай байсан. Гэтэл охин минь хараад үнэхээр тааламжгүй байсан. Тэр намайг шаардаж байж цамцыг буцаалгасан. Тэгээгүй байсан бол шууд л газар хаячих байсан” Энэ охин их бүдүүлэг байна. Ээжийнхээ авсан зүйлд дургүй байх нь муу хэрэг биш. Харин энэ охин хэтэрхий өөрийн дураар байна. Дургүй байлаа гээд хаях шаардлага байхгүй. Хүүхдийнхээ бүдүүлэг, ёс мэдэхгүй зантай ерөөсөө уужуу өршөөнгүй хандаж болохгүй. Эс бөгөөс эцэг эхчүүд маань хүүхдийнхээ энэ занг улам нэмэгдэхэд нөлөөлөх болно. Ялангуяа охидын хувьд удаан хугацаанд зөрүүд байх нь хүмүүстэй харилцах чадварыг нь үгүй хийдэг. Өөрийгөө чухал байр сууринд тавьж хүмүүстэй сайхан харилцаа бий болгоход муугаар нөлөөлөөд зогсохгүй хүүхэд өөрөө яагаад хүнд гадуурхагдаад байдгийг ойлгохгүйгээс сэтгэлд нь толбо сууж хүүхдийн эрүүл саруул сэтгэлзүйтэй өсөж торниход саад болдог байна. Гэвч хүүхэд төрөлхийн бүдүүлэг, ёс мэддэггүй биш. Ийм араншин гарч ирэхэд ихэнх тохиолдолд эцэг эх нь нөлөөлсөн байдаг. Тиймээс эцэг эх нь эхлээд өөрсдөөсөө учир шалтгааныг нь хайх нь зүйтэй. Бид хүүхдээ үгэнд орохгүй үед нь орилж загнахаа болих уу, үгүй юу? Хүүхдүүд бидэнтэй маргалдах үед тэсэртлээ уурлаад байна уу, үгүй юу? Хүүхдэд юу хэрэгтэй, юу тохиромжтой байгааг, тэдэнд юуг яаралтай ойлгуулах хэрэгтэй байна гэдэг талаар бодож байна уу, үгүй юу? Хэрвээ эцэг эх ийм байдаг бол бидэнд хүүхдээ буруутгах эрх байхгүй. Бид л хүүхдээ алхам алхмаар тэр замруу оруулсан. Эцэг эхчүүд хүүхдэд хатуу хандах нь тэднийг маш бүдүүлэг харгис болгодог. Хэрвээ хүүхдэд хэтэрхий найр тавьж хандваас мөн зөрүүд болдог. Иймээс эцэг эхчүүд маань охиноо ухаантай хайрлаж сурах хэрэгтэй. Хүүхдийнхээ өнцгөөс харж байж л тэдний зовлон жаргалыг ойлгож чадна. Хүүхдэдээ хангалттай халуун дотно сэтгэл, халамж өгөх хэрэгтэй гэвч хэтэрхий их хайрлаж болохгүй. Хэрвээ эцэг эх өөрсдөө бүдүүлэг, ёс мэдэхгүй байвал хүүхдээ хүмүүжүүлэх замд нь өөртөө анхааруулах пайз зүүх хэрэгтэй.

Зарим хүүхдүүд аль хэдийн ёс мэдэхгүй, буруу хандлагатай болсон байдаг. Тэгвэл яаж энэ муухай занг засах вэ? Нэгдүгээрт: Хүүхдийнхээ зүй ёсны бус хүсэлд бүү найр тавь Хүүхэд эцэг эхийн хооронд яг л хөөцөлдөж тоглодог тоглоом шиг нэгэн төрлийн тоглоом оршдог. Эцэг эхчүүд түрүүлээд саад тотгор үүсгэдэг. Буруу зүйл дээр байнга хүүхэддээ найр тавьж байснаас хүүхдүүд нь бүдүүлэг, ёс мэдэхгүй болж хувирдаг. Иймээс тэднийг өөрчлөх хэрэгтэй. Эхний ээлжинд буруу зүйл дээр дахиж битгий найр тавь. Найр тавих энэ замыг бүр ор мөргүй устга. Мэдээж анх эхэлж байхад хүүхэд их л ширүүн ааш гаргана. Энэ бол тэдний нэг арга барил. Тэдний эрхшээлд орохгүй бол тэд аяндаа л энэ сайн аргаа хаях болно. Иймээс тэднийг ойлгох хэрэггүй, хатуухан шийдээд тэднийг тайвшруулсны дараа дахин түүнд шалтгааныг нь хэлж өгөөрэй. Өөрийнхөө зарчимд тууштай байхыг хатуу сана. Хоёрдугаарт: Уран ухаанаар хүүхэддээ “үгүй” гэж хэл Хүүхдээ бүдүүлэг зан гаргахад эцэг эхчүүд уурлаж, хүүхдээ зэмлэж харааж болихыг түүнээс шаарддаг. Яг үнэндээ ингэж хийх нь зөвхөн хүүхдээ бүдүүлэг, ёс мэдэхгүй л болгодог. Учир нь энэ арга өөрөө ёсонд нийцэхгүй арга. Жишээ нь, томчууд яг завгүй байх үед хүүхэд гарч ирэн янз бүрийн юм хүсвэл маш олон эцэг эхчүүд ширүүхэн хандлага гарган “Яв яв. Хүн завгүй байхыг харахгүй байна уу?”гэж зандардаг. Ингэж хандах нь хүүхдийн сэтгэл зүйд цохилт өгдөг төдийгүй юм хийх халуун сэтгэлийг нь багасгадаг байна. Хамгийн сайн арга бол жаахан ов мэх ашиглах юм. Уран нарийн ухаанаар хүүхэддээ “үгүй” гэж хэл. Жишээ нь, хүүхдээ яг одоо өөр дуртай зүйлээ хийхийг ятгаж болно. Хэдийгээр одоо хүслийг нь биелүүлэх боломж байхгүй ч дараа завтай үедээ хүслийг нь биелүүлж болно шүү дээ. Охиддоо татгалзах үедээ ярианы өнгөндөө анхаарах хэрэгтэй. Аядуу дулаахан өнгөөр харьцваас охид чинь илүү амархан хүлээж авах болно. Бүдүүлэг, ёс мэддэггүй хүүхдүүд ихэнх нь тавгүй сэтгэл зүйтэй байдаг. Хэрвээ тэдэнд хатуу арга барилаар хандвал магадгүй тэдэнд муу зан төлөвшихөд туслах болно. Үүний хажуугаар сэтгэл зүйчийн тайлбарласнаар хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ихэнх тохиолдолд эцэг эх хүүхэддээ хандах хандлагаар дамжиж бий болдог гэж үздэг. Иймээс бүдүүлэг, ёс мэддэггүй хүүхэдтэйгээ аль болох эвтэй харьцаарай. Ингэх нь илүү үр дүнтэй байх болно. Гуравдугаарт: Хүүхдийнхээ оронд өөрийгөө тавин хүүхдээ ойлго. Зарим хүүхдүүд бүдүүлэг, ёс мэдэхгүй байх нь тэдэнд өөрийн гэсэн үзэл байдаг. Хэрвээ эцэг эхчүүд охидынхоо сэтгэлийг ойлгож чадахгүй бол тэдний сэтгэл, мэдрэмжийг мэдрэх аргагүй. Мөн бүдүүлэг занг нь засах ямар ч арга байхгүй. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ энэ муу зуршлыг засах гэж байгаа бол заавал тэдний байр суурин дээр зогсож, тэдний зовнилыг бодож үзэн түүнтэй яаж харьцвал яаж ойлгуулах хэрэгтэйг бодолцох хэрэгтэй. Үүний хажуугаар хүүхдээсээ эцэг эхийнхээ сэтгэл,

мэдрэмжийг ойлгохыг хүсэх хэрэгтэй. Энэ бол бас нэг анхаарууштай арга. Эхний хүнийг би гэж нэрлэх хэрэгтэй. Бид хамтдаа асуудал хэлэлцье. Энэ нь хүүхдийг их халамжилж байгаа мэдрэмж төрүүлдэг ба мөн маш амархан эцэг эхийнхээ санааг хүлээн авдаг. Дөрөвдүгээрт: Боломжоороо хүүхэдтэйгээ шууд сөргөлдөхөөс зайлсхий. Эцэг эхчүүд байнга л хүүхдийн хэрэгцээг ойлгодог. Хэрвээ хүүхэдтэйгээ сөргөлдөөн гарахаас зайлсхийхийг хүсвэл хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан зарим нэг хэрэгцээтэй бэлтгэлийг хий. Жишээ нь, хүүхэд чихрэнд дуртай гэвч чихэр ихэдвэл хүүхдийн эрүүл мэндэд хортой. Иймээс эцэг эхчүүд чихрээ хүүхдийн нүднээс хол тавих хэрэгтэй. Ингэснээр тэд эцэг эхийнхээ дургүй зүйлийг хийж сөргөлдөөн үүсэхгүй. Эцэст нь хүүхдийн бодол санаа маш энгийн. Тэд том хүмүүс шиг нямбай асуудалд хандаж чадахгүй. Иймээс бүдүүлэг, ёс зүйгүй зан чанар гаргах хандлагатай байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ энэ зуршлаа засахад нь туслаж удирдан үлгэрлэх хэрэгтэй.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook