сонсоод чихэн дээр нь аянга ниргэх шиг л тас буугаад явчихад арай гэж л биеэ барьж дөнгөөд: -Аа, юу... тэгэлгүй дээ.Танд Очирт цэцэн хан, чуулганы ханы түшиг хэрэгтэй хэмээн чихарсан дуугаар арай ядан хариу өчихийг эх нь ажиглан хуруундаа үлдсэн ганц бэлзгээрээ оролдон суух аж. -Харин тийм.Тэгээд аз болоход тэр сэвгэрийн хөөрхөн гэдэг нь.Уржнан би Очирт ханыхнаар зам зуур дайраад харахад бүр сэвгэр шинжээ олчихсон байсан. Урьд нялх байхад нь ч түүнийг анзаардаггүй байсан юм аа хэмээн Сэнгэ хөгжин ярихад Галдангийн сэтгэлд ёстой л говийн угалз шиг хүчит шуурга дэгдэн, хайртай бүсгүйгээ ингээд эгнэгт алдаж буйтайгаа хүчлэн эвлэрэх, түүнийгээ төрсөн ахдаа найр тавин өгөхдөө сэтгэлээ амгалан байлгах гэж байж ядан тэмцэж байж билээ. Харин бэлзгээрээ оролдон суусан эх нь “Дөрвөн Ойрад даяар цуутай Галдмаа баатар ч Сэнгийн хадам ах болно гэдэг бүр чухал.” гээд Анугийн бичиг ном, цэргийн эрдэмд төгсийг магтах гэснээ Галдан хүүгийнхээ сэтгэлийг бодоод больчихов. Тэгээд дотроо “Хүү минь сэтгэлээ барь.Зүрхээ захир. Заяа тавилантайгаа эвлэр.Бурхан номын хэрэгт зүтгэн, хорвоогийн нүглийг тэвчих тангарагтай санваартан, Бурханы шавь, Ойрад түмний номын их багш гэдгээ бүү умарт! Хайртай бүсгүй чинь хүний хүн биш, харин зулайгаа гишгэж төрсөн ахын чинь гэргий хатан болох гэж байгаад баярлан ерөөл айлд” хэмээн хүүгээ аргадан аргадан залбирч байлаа. -Тэгээд... Ану гүнжийг ёс төртэйгээр хэзээ сүйлэх юм бэ? Ижий та тэр тухай ярилцаа юу? Заяа төөрөг, оюу чулууг* нь нь би үзье дээ хэмээн Галдан арайхийж биеэ барьж чадаад эхийн нүүр өөд харан асуухдаа харц нь тогтохгүй л байлаа. Юм-Агас: -Очирт цэцэн хан, эцгийн хувьд татгалзахгүй, харин охин арай балчир байна. Хойтон бичин жил гарахад сүй бэлгийн тухай хэлэлцье гэсэн хэмээн нам дуугаар ярилаа. -Дүү минь чи Ану бид хоёрын оюу чулууг харж, засал ном айлдаж өгнө биз дээ хэмээн ах нь хайхрамжгүйхэн хэлэхэд Галдан: -Жа хэмээн өчихдөө хоолой нь үлмэдэгхэн чичирснийг эх нь л анзаарчээ. Хөх нуур. Хөх дэрсний булан дахь Очирт цэцэн ханы намаржаа. Ану гүнжийн багштан Дүүрэн бичээчийн архаг хууч хөдлөн сар гаруй таг хэвтээд илааршин босч, шавьдаа номоо зааж эхлэв. Намрын будан уулаад хөшиглөсөн тэр нэгэн өдөр зуны турш багшаа өвчилж хэвтсэнээс хойш охины хүсэн хүлээсэн домогт хатдын тухай хүүрнэлээ залган үргэлжлүүллээ. -Судар ном эргүүлсэн хэдэн зүйл тэмдэглэл олж эвлүүлсээр шавь чамд би Хотол цагаан гүнж Аюуругийн тухай хүүрнэхээр бэлтгэлээ хэмээгээд багш нь хоолойгоо засч үргэлжлүүлэн:
-Хотол цагаан гүнж Аюуруг нь Өгөдэйн үр ач нарын нэг,ухаан сэргэлэн, алсын хараатай хэмээн цууд гарсан Хайду ноёны охин юм. Хайду ноён шавь чиний нэгэн адил Их монголын нийслэлийг нанхиад оронд шилжүүлэн харьд төвлөсөн Юань гүрнийг байгуулахыг эсэргүүцдэг хүн байсан. Тиймд Хубилай хааны эсрэг тэмцлийг толгойлон Аригбөхийг тууштай дэмжиж байсны улмаас Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаанд оройлон оролцсон хэргээр төвөөс хол цөлөгдөн суусан ноён байж. Хайду ноён Монгол гүрний нийслэл Монголдоо л байж, эцэг өвгөдийн уугуул голомтоос их гүрнээ захирах ёстой хэмээн үзэж, Хубилай хааныг хятадын нөлөөнд хэт орсон хэмээн буруушаасаар байсан тул хожмоо Мөнх хаан түүнээс болгоомжлон Тарвагатайн өмнө этгээдэд тусгай цэрэг суулган сэргийлж байжээ. Хайду ноёны Аюуруг гүнж буюу Сарангэрэлт гүнжийн тухай түүхэн баримт, домог хууч зарим сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнийг хүүрнэе дээ. Энэ гүнж хар бага наснаасаа “Хүү хүний зантай, эрэлхэг баатарлаг атал үзэсгэлэн гоо өнгө зүстэй төрсөн тул эцэг нь олон хүүхдийнхээ дотроос онцгойлон хайрладаг байсан” хэмээн Рашид АдДин бичжээ. Хайду ноёны дөчин түмэн цэргийн дотор эрэлхэг баатарлагаараа Ауюуруг гүнжтэй эн тэнцэх нь цөөхөн байв. Аюуруг \\Сарангэрэлт \\ гүнж арван тав хүрмэгц эцгээ даган дайн тулаанд явах болж, их цэргийг оройлон байлдаж, дайсны жагссан цэргийн дундаас морьт баатруудын нэгийг сугалан амьдаар нь олзлон авчирдаг зориг самбаа ихтэй, мохошгүй хүчтэй бүсгүй байв гээд Анугийн зүг сэм харвал охины нүд гэрэлтэн сурсан зангаараа шанаа тулаад ихэд таашаан сонсч суувай. Хайду ноён тэр үед охид сэвгэрүүдийг шууд хүчээр богтлох буюу сэтгэлгүй хүнтэй нь сүй тавиулан урагладаг уламжлалыг зөрчин хайрт охиноо өөрийн дур хүслээр хадамд гарч болохыг зөвшөөрсөн бичиг шийтгэн өгсөн гэдэг. Багшийнхаа ярианы энэ хэсгийг сонсоод Ану хайр сэтгэлгүй Сэнгэ хаантай хойтон жил сүйлэх болсноо гэнэт санаж гуниглачихав. Багш нь охины нүүрний хувирлыг гярхай ажигласан ч үл анзаарагчин болж хүүрнэлээ үргэлжлүүлнэ. Тэр хоёрыг шастир түүхийн хүүрнэл хичээл хийж байх зуур багшийн гэргий Зэсэнжав саад үл болохын тулд өнгийн торгон утас гарган хатгамал хийж суудаг зангаараа дэрний бүтээлэг дээр үзэмж төгөлдөр цэцэг, эрвээхэй зэргийг хатган нам гүмхэн суунгаа басхүү сониуч зангаар эр нөхрийнхөө цадиг хууч хүүрнэхийг чагнах ажгу. Хайду ноёны Аюуруг гүнж бяр чадал нэн их, хэрийн эр хүнд үл дийлдэх тул “Хүчийг үзэн барилдаж, хэн нэгэн эр намайг дийлбээс би түүнтэй гэрлэх болно. Хэрэв намайг хаяж хүчрэхгүй бол зуун агтаар торгоно” хэмээн зар тараажээ. Гүнжийн түгээсэн зар Монгол гүрний олон эзэмшил даяар тарж, газар газрын идэр залуус, эгнэшгүй хүчтэнгүүд цуглан тэмцэлдэх болов. Домогт өгүүлснээр тэдний дунд Самарканд Бухар орчмын уулархаг орон Памир улсын вангийн хунтайж, нүд булаам сайхан эр бараа болоочдоо дагуулан, мянган сайн агт туусаар ирсэн гэдэг. Хунтайжийн ирсний маргааш Хайду ноён хатдынхаа хамт өргөө хүрээнийхээ төвд босгосон цацартаа тухлан, албат иргэдээ тойруулан сууж Памирын хунтайж, Аюуруг гүнж хоёрын тэмцэлдээнийг сэтгэл хөдлөн үзжээ. Цацрын өмнө гоёмсог
зодог шуудагтай гарч ирсэн бүстэй, бүсгүй хоёр хүчтэнийг цугласан олон хараад залуу нас, гоо үзэсгэлэн, ид хавыг нь гайхан биширчээ. Памирийн энэ сайхан хунтайжид Аюуруг гүнжийг дийлдэн гэргий нь болчихоосой хэмээн эцгийн хувьд Хайду ноён ихэд хүсэмжилж байсан ч төдөлгүй “хотол цагаан Сарангэрэлт” гүнж өнөөх залууг дээр хөвсийтөл өргөөд шидчихэв гэнэ. Нэгэнт ялагдсан хунтайж тууж ирсэн мянган агтаа алдаад бараа болоочдоо дагуулан хоосон буцсан гэдэг. Үзэсгэлэн гоо царай, үнэн хүч чадлыг нэгэн биед цогцлуулан төрсөн Аюуругийг хаях хүчтэн тодроогүй тул өөрийнхөө хүслээр Курлас овгийн эгэл цэрэгтэй хуримлан хоёр хүү төрүүлжээ. Хайду ноёныг таалал төгссөний дараа Урус хэмээх хүү нь төрийн эрхийг эзэлснийг Аюуруг гүнж үл зөвшөөрөн эцгийн суурийг эзлэхийг хүсэмжлэн тэмцсэнд ноёны Чидар, Дува,Урус нэрт хөвүүд нь хилэгнэн “Чамд утас, зүү үйл үртэсний ажил чинь чухаг эрхэм тул төр улсын хэргийг юугий нь мэдэх вэ!” гэцгээсэн тул арга буюу төрийн хэргийг засаглах эрмэлзлээ орхин гэртээ буцсан ажээ. Хожим “Хотол цагаан” Аюуруг Сарангэрэлт гүнж Или,Чу голын хөндий дэх Шонхорлигт нутаглуулсан хайрт эцгийнхээ онгоныг батлан сахих болсон гэдэг. Дараагийн удаад Ануд багш нь Хубилай хааны хүү Чингим хунтайжийн Хөхөгчин хатны түүхийг хүүрнэв. Чингим нь урьд чамд ярьж өгч байсан ухаант Чимбай хатнаас төрсөн зан ааш номхон, ил шулуун, ухаан уужим, ачлалыг үл огоорох, цэрэг дайн, эрдэм номын үйлд тэгш чадварлаг тул Хубилай хаан энэ хүүдээ хаан сууриа залгамжлуулахаар амьддаа шийдээд байсан юм. Иймээс Чингимийг ерөнхийлөн захирагч шадар сайд бөгөөд, цэрэг дайны хэрэг эрхлэх жанжнаар томилон, төрийн чухал хэргийг хаанаас түрүүлэн Чингимд айлтгаж байх зарлиг гаргасан нь хунтайжийг хожмын хаан болж төрийг жолоодоход нь чиглүүлж байсных ажээ. Гэвч Хубилай хаан урт насалж, Чингим эцгийн урьд орж, өвчнөөр нас эцэслэсэн тул олон хөвүүд, ач нарын дотроос түүний хүү Өлзийтөмөрт хаан ширээ залгамжлуулахаар гэрээсэлсэн бөлгөө. Хунтайж Чингимийн хатан Хөхөгчин бол Бөртэ үжингийн төрхөм Хонгирад аймгийн эгэл ард угсаатай бүсгүй байсан байна. Хонгирад аймаг нь “Харь улсыг үл довтлон Хацар сайт охидоо Хаан болсон ... бүхний Хатан сууринд суулгадаг” уламжлалтай , хацар гоо охид ихтэй тул, зээгийн зүсээр, охидын өнгөөр явдаг заншлын дагуу охидоо төрийн хатан болгох бүхий л эрдэмд сурган бэлддэг байв. Их Монгол улсын хаадтай ураглан төрийн хатад болсон Өэлүн эх, Бөртэ үжин, Чимбай хатан, Намби хатан,Сүйлэн гэх мэтийн ухаант бүсгүйчүүд цөм Хонгирад аймгийн охид бөлгөө.
Тиймээс Хубилай хаан ор залгамжлагч хүү Чингимдээ мөн л Хонгирад аймгаас бэр буулгасан нь Хөхчин болой. Эгэл ард угсаатай энэ хатан энгийн даруу, эрдэм ухаанаараа түүхийн хуудаснаа үлдэж чадсан бүсгүйчүүдийн нэг юм. Анх Хөхчин охиныг их хаан хүүдээ олж авсан түүх нь домог болон үлджээ. Хубилай хаан чигээнд их дуртай хүн байж. Их хаан нэгэн удаа ан авд явж байгаад тэвчишгүй ихээр ангасан тул зам зуур таарсан айлд ортол нэгэн залуу охин тэмээний ноос зулаад суух юм гэнэ. “Амны ангаа тайлах чигээ өгөгтүн” хэмээн хааныг гуйхад охин “Чигээ манайд бий нь бий. Гэвчиг аав, ээж, ах дүү нар бүгд гадуур явцгааж, гэрт би л үлдсэн. Хэдий гийчнийг ундаалаагүй ёс алдсан хэрэг атугай ч өчүүхэн охин би толгой мэдэн үл таних эр хүнд юм өгч яахин болох буй” хэмээн өчихөд нь аргагүйдсэн эзэн хаан үгийнх нь үнэнд гүйцэгдэн гарч явах гэтэл охин “Эрхэм хүмүүн гэрт минь морилон ороод амарч алжаалаа тайлах ч үгүй буцаад одох гэж үү? Хэрэв таныг ингээд явчихвал би хэрхэн сэтгэл амар хоцрох билээ? Та манайд суугаад аав, ижийг минь ирэхийг хүлээж хайрлаач “ хэмээв. Удсангүй охины эцэг эх гэртээ ирэхэд Хубилай хаан тэгтлээ уухыг хүссэн чигээгээ ханатлаа ууж цангаагаа тайлаад охины ухаан цэлмэгт биширсэндээ хүү Чингимдээ хатан болгож буулгасан гэдэг юм даа. Хөхчин Чингим хунтайжийн хатан болоод Гамала, Дарамбал, Төмөр гэсэн гурван хөвүүн төрүүлсэн байдаг. Хубилай хаан чухам энэ хүүдээ хаан сууриа залгамжлуулах хүсэлтэй байсан ч эцгээс урьтан нас нөхчсөн тул Хөхчин хатан,төрийн мэргэн сайдуудтай зөвлөлдөөд отгон хүү Төмөрийг хаан сууринд залахаар тогтжээ. Энэ тухайгаа Хубилай хаанд дуулгахад их хаан зөвшөөрсөн гэдэг. Аргын 1294 онд Хубилай хаан өөд болов. Хөхчин хатан төрийн их хатны хувьд Баян ноёныг элчээр заран Хубилайн эсрэг тэмцэгч Хайду ноёны бослогыг дарахаар Алтай орчимд албан хааж байсан хүү Төмөртөө илгээгээд, хүүг алсын газраас хүрэлцэн ирэх хүртэлх нэг жилийн хугацаанд нь төрийн эрхийг гартаа авчээ. Энэ хооронд Төмөр хунтайж Алтайгаас их цэргээ хурааж, дээд нийслэл Дайдуд хүрэлцэн очиж Хуралдай зарлав. Алтан ургийн зарим ноён ахмад хүү хаан суух ёстой хэмээн Чингимийн их хүү Гамалаг дэмжиж байж. Эшитөмөр хэмээх түшмэл”Хубилай хааныг тэнгэр боллоо гээд хаан ширээг эзэнгүй удаан байлгаж үл болно. Хунтайжийн тамгыг Их хаанаас авсан хүү байсаар байтал Гамала ван та юунд эргэлзэнэ?” гэсэнд Гамала босч “Их Хаан болох эзэн нь суудалдаа залрах аваас миний бие түшмэл болж хүчээ өгнө” гэсэн тул хуралдайд ирсэн олон сайд түшмэл, жанжин цөмөөр Төмөрт мөргөжээ. Персийн мэргэн бичгийн хүмүүн Рашид АдДины бичсэнээр “Хаан залах их хуралдай дээр Гамала ван,Төмөр хунтайж хоёр маргалдсанд Хөхчин хатан “Сэцэн хаан сэрүүн тунгалаг ахуйдаа Чингис хааны билэг сургаалийг хэн сайн мэднэ, тэр хүн их хааны суурийг залгамжилна” хэмээн гэрээсэлсэн. Хоёр хүү түмэн олны өмнө билэг сургаалийг айлдацгаа гэсэнд Төмөр хунтайж Эзэн Чингисийн сургаалийг яруу сайхнаар уншсанд ноёд, түшмэлүүд сөгдөн мөргөж, их сэнтийд залж, “Тэнгэрийн зарлигийг үүрд эзэлсэн,эвдэршгүй мөнх эрдэнэ” гэсэн үсэгт тамгыг өөрсдийн гараар их хаанд гардуулжээ. Өлзийт Төмөр хаан Хөхчин хатан эхдээ “Хуанхоу тайху“ буюу хааны эх цол өргөмжлөн барлаг зарц нарынх нь тоог нэмж, алтан ургийн хуралдайд оролцон мэргэн сургаалиа хайрлаж байх эрхийг шийтгэж олгов. Хожмоо Өлзийт Төмөр хаан Хөх мөрний өмнөх тарианы уудам газрыг эхдээ өгөхөд “Ганц бие
эхнэр надад үржил шимт ийм арвин газар хэрэг юун.Мөрний өмнөх шимт газар бол улсын маань өмч билээ” гээд хүлээж авалгүй энгүүн амьдралаар суух болжээ. Өлзийт Төмөр хаанд өргөмжлөгдөөд удалгүй Хубилай хааныг эсэргүүцэн тэмцэгч Хайду ноёныг дарахаар цэрэглэн мордох гэхэд нь эх нь “Умард орны цэрэг шилдэг агаад тулаанд туршлага арвин. Тийш одох зам урт бөгөөд бартаа их. Ирэх очиход бүтэн он зарлагадах зуур Дундад орны хаан ширээ эзгүйг шамшигдуулан бослого урвалт гарна” хэмээн хориглосноор дайн дажин үүсгэлгүй өнгөрөөсөн гэдэг. Өлзийт Төмөр хааны үед ард олон сэтгэл тэнэгэр, гар газар, хөл хөсөр байсан нь ухаант Хөхчин хатны гавьяа байсан юм. Хубилай хаанаас хойшхи Монголын их хаад цөм Хөхчин хатны үр сад билээ хэмээгээд багш нь яриагаа төгсгөв. Багшийнхаа хүүрнэлийг амтархан чагнасаар бүхий л бие нь хөшсөн Ану охин их сүүрс алдан босоод: -Багш та их чилэв үү? Хичээл зүтгэл гарган олон ном судар эргүүлэн уншиж байж монгол хатдын тухай тэмдэглэлийг шүүрдэн надад ийм эрхэм чухаг мэдлэг олгож буйд Танд талархаад баршгүй. Түүхэн ном сударт ихэн гол нь хаадын түүхийг бичдэг тул гагцхүү надад зориулан хатдын тухай энэ арвин хүүрнэлийг хичээн бэлтгэсээр биеэ муутгах вий хэмээн зовиновч, дараа нь чухам аль хатны тухай хүүрнэх бол хэмээн хорхой асах юм гэлээ. Багш нь хүнд болор шилээ нүднээсээ авч, гэргийнхээ өгсөн зөөлөн цэмбээр зүлгэнгээ: -Урьд надад бүсгүй шавь байгаагүй. Иймд хэн ч надаас монголын түүхэнд мөнхөрсөн ухаан мэргэн хатад, гүнж нарын тухайд нарийвчлан судлах санаа сэдлийг өгч байсангүй. Харин шавь чи ухаан сэргэлэн, эрдэм сурах эрмэлзэл дүүрэн учраас надад монгол хатдын түүхийг сонирхон судлах сэдэл өгсөнд би шавьдаа талархууштай хэмээгээд: -Манай монгол угсаатны бахдууштай нэгэн чанар бол буруу номын лал сүсэгтэн, Хүнзийн сурталт нанхиадууд шиг бүсгүй хүнийг илт дорд үл үздэг. Харин ч түүхэнд тодорсон олон ухаант хатад төрийн жолоо атгаж явсан. Эзэн Чингис, Хубилай,Гүюүг, Мөнх хаан цөм элбэрэлт эх, хатдынхаа ухаант сургааль, үг зөвлөмжийг сонсч явсан түүхтэйг шавь чи ойлгож ухаж авсан биз ээ. Нанхиадын бичгийн их хүмүүн, суртал номлогч Хүнз “Эм хүнд тахианы тархи заяажээ. Эгэл нэгэн эм хүний тархи нэг тахианыхтэй эн тэнцэнэ. Эгэлгүй ухаант эмийн тархи хошоод тахианыхтай энэ тэнцэнэ” хэмээн айлдсан байдагчлан, урд зүгийнхэн охидын хөлийг хатаан шувууных мэт жижиг болгоод гэрээсээ алхам ч холдож чадахгүй болгодог. Харин манай монгол охид сэвгэрүүд морин дэл дээр хийсэн давхилдаж, уужим хээр талаараа эрхлэн тоглож өсдөг билээ гэжээ. Ану охин энэ жил урьд урьдынхаас илүү өсөн төлжиж ноднингийн хийлгэсэн хуяг, цээживч нь бачуудах болсон тул маргааш нь ном үзэхгүй сул өдрөө ашиглан ямагт хантныхаас саахалтын зайд нутаглан, эр цэргийн зэр зэвсэг, хуяг дуулга урлан, засч сэлбэдэг дархчуулын отогт Мандарваа, Балсан хоёроо дагуулан очлоо. Дархчуулын ахлагч Жанчивдоржийнд тэр гурвыг ороход гэрийн эзэн өөрөө дархны газраа байсан тул гэргийнх нь аягалсан хүйтэн сайхан чигээг залгилангаа:
-Чилэдү, Чилэгэр хоёр хаачаав хэмээн Ану асуулаа. -Чилэдү дарханы газар эцэгтээ тусалж буй.Чилэгэр их агт руу одсон. Ороо адуу цаламдахдаа онцын гарамгай хэмээн агтчин Мандах түүнийг магтсан юм даг уу даа. Тэгээд л агтны зүг гүйх болсон хэмээн айргийн тос базалж суусан Мэнд эхнэр өгүүлээд: -Чилэдү дархан болох дуртай байгаад эгч нь нэн баяртай суугаа. Юмыг яаж мэдэх вэ, дайн тулаан болж цэрэг хураавал нэг нь ч гэсэн дархан юм гээд гэртээ үлдэнэ шүү дээ гэж цайлганаар өгүүлэхүйд нь Ану энгүүн ард байх, эх хүн байхын хүндийг ухааран их л өрөвджээ. Сул ард хүн хөвүүнээ цэрэгт мордон дайнд одоход “явуулахгүй” гэх толгойгүй шүү дээ.Тэгээд арван сар хэвлийдээ тээж, алтан заадас салган төрүүлж, ангир уургаа шимүүлэн өсгөж хүн хийсэн идэр сайхан хөвүүн нь атаатны сум, сэлмийн ир, жадны үзүүрт өртөн хаа хол харь газар үхэхэд эх нь охилон уйлахаас өөрийг хийж чадна гэж үү? Одоо энэ Бундирын ээж байна. Эр нөхрөө дайнд алдаад хөхнөөс гараагүй нялхаас арван гурав хүртэлх насны дөрвөн хүүхэдтэй бэлбэсрэн үлдээд, энэлэн гашуудсанаасаа болж хэдхэн жилийн дотор л өтөл буурай эмгэн болон хувирсан. Хүүхдүүдийг дархны газар очиход Чилэдү эцгийн хамт хөөрөг үлээн намрын энэ дулаахан өдөр дотор нь хүн байхын аргагүй халуунд хөлсөө гоожуулан ган төмөр сэлэм ширээж байв.Тэгснээ багын найзуудаа хараад Ануд хүндэтгэн мэхийсэн атал , Мандарваагаас ичсэндээ халуунд улайсан нүүрнийхээ хөлсийг хажуу дахь хиртэй цууямбуу алчуураар шудран арчигчин болж царай буруулан цааш эргэв. -Аа, Ану гүнж, Та амгалан морилж явна уу? хэмээн Жанчивдорж дархан амар мэнд мэдээд пүнхийсэн халуун дарханы газраасаа гарч ирэн сүүдэрт зогсов. -Амар мэнд ээ.Та амар сайн байна уу? хэмээн Ану мэнд мэдэлцээд: -Миний хуяг надад бачуудаад, цээживч бас багадсан. Би энэ жил их өсөөд байна. Та хэмжээ аваад шинэ хуяг хийж өгөөч гэлээ. -Та дараа жил мөн л хуягандаа багтахгүй болно доо. Охин хүүхэд лавтай арван таван сүүдэр хүртэл өсөөд зогсоно. Иймд би одоо байгаагаас тань арай эцээхэн уужуу хуяг хийе. Цээживчээ мөн тэгж хийлгээрэй. Бас хоёр хөхөн дээр тань тааруулан алтадсан ган толь хийх болно хэмээн Дархан хэлээд цээж, нурууных нь хэмжээг нарийвчлан авч хоцров. -Ану, Сэнгэ хаан тантай сүй тавих юм гэж үнэн юм уу? хэмээн буцах замдаа Мандарваа палхийтэл асуудаг байгаа. Тэр тухай аль болох л санахгүй бодохгүй байхыг хичээн, эцгийн өргөөн дэх амарлингүй, хөгжөөнт амьдралдаа умбаж байхыг зорьсон Ануг энэ асуулт нэлээд цочирдуулав. -Яаж байна?Чи юун ч илүү хоншоортой амьтан бэ?
-Өргөөнийхөн тэгж шивэр авир хийцгээгээд байхаар нь асууж зүрхлэв. Та хэрэв Сэнгэ ханд ураглан одох аваас би ч мөн дагаад Ховог сайрын тийш явах тавилантай шүү дээ. Илүү хоншоорлосондоо бус өөрийнхөө хэтийн заяа төөргийг мэдэх гэж л... хэмээн Мандарваа нүдний булангаар хяламхийн гэмшингүй өчихөд нь Ану бас л харц ард хүний тавиланг ухаарч сая зөөлрөн: -Тэр үнээн. Хойтон жил сүй тавьж ургийн хэргийг хэлэлцээд, намайг арван долоо хүрэхээр мордуулах байх.Тэр хүртэлх гурван жилд зай ч байна, лай ч байна даа, Мандарваа минь гээд сартай хээр мориндоо ташуур өгөн ухасхийв. Хоёр охины яриаг чагнан хэзээний зангаар дуугүйхэн явсан Балсанд ч энэ хэрэг хамаатай атал юу ч шалгаасангүй. Харин хоёр нөхрөөсөө морины хурдаар сугаран давхисан Анугийн хойноос хатирч хүрнээрээ элдэн хурдлав. -Та хоёр зүгээр хашин морьтойг минь мэдсээр байж намайг тоосон дундаа хаяад давхичих юм аа хэмээн Мандарваа гомдоллосоор хойноос нь сажлуулна. Тал хөндий намрын гоёл алтлаг шаргал лавшигаа нөмөрч, хорвоо дэлхий амарлингуй налайсан сайхан өдөр байлаа. Хээрийн бор оготно, тарвага, зурам айсуй хахир өвөлд бэлтгэн нүхнийхээ аман дээр хөеөгөө хурааж, усны шувууд дэгдээхэйнүүдээ дагуулсаар зэллэн нисч ганганалдана. Хөөрхий хашин морьтой Мандарваагаа эргэн хараад Ану сая хурдан хүлгийнхээ амыг татан хүлээзнэв. Дүү Булганаа бодвол хор шар багатай, тайван намуухан ааштай ч аргагүй талын морьтон монгол угсааны үр сад тул хээр хөдөө морьтой явах тоолон тоосонд булагдан хоцордогтоо бухимдсан Мандарваа хашин морио ташуурдаж, давьчсаар тэр хоёрыг гүйцэн ирээд: -Яршиг, би энэ муу урагшаа алхахаа мэддэггүй хашин морьтой дахин хээр хөдөө гарахгүй хэмээн хошуу унжуулав. Ану тас тас хөхрөөд : -За би Мандах гуайд хэлээд чамд сайвар борыг бариулъя даа.Хошуугаа бүү унжуулаад бай. Надаас хоёр насаар эгчмэд атал нялх мэт аашлах юм хэмээн доог хийснээ зүүн зүг рүү ширтэн санаа алдаад: -Манай зуслангийн тэндэх Тохомын тойрмын хоёр хун гурван хөөрхөн дэгдээхэйтэй болсон байсан. Энэ шувуудтай хамт буцаж байгаа байх даа хэмээн өөртэйгээ яриад ч байх шиг аман дотроо бувтнаад “Тэгэхэд Сэнгэ хаантай ураглах тухай яриа гараагүй дөнгөж л Галданг явсны хойно гэгээн хутагт санваартан гэдгийг нь мэдсээр байж сэтгэл алдарч, бас ч хойчийн амьдралд өчүүхэн төдий найдлага горьдлого байж дээ. Одоо гэтэл би түүний төрсөн ахын хатан болох нь илт болчихлоо. Гэсэн ч тэр намайг санан дурсч, ахынх нь хатан болох гэж байгаад харамсан гашуудаж байгаа болов уу? Бурхан та юунд намайг хэзээ ч эхнэр хатан авахгүй санваартан хүнд дурлахыг таалав даа.” хэмээн гуниглан бодож зогслоо. Балсан, Мандарваа хоёр дуугүйхэн л өөрийг нь ажиглан зогссоор буйг тэр сая л анзаарч :
-Та хоёр чинь эхээ нутаглуулаад буцаж яваа хүмүүс шиг юунд ингэж гуниглачихаа вэ? гэж өөрөө эхлэн уйтгарт автаагүй юм шиг асуугаад морио давирлаа. Дараа жил зусландаа гарч өнөөх Тохомын бяцхан тойром дээр очиход сэтгэл зүрхний шарх сэдрэн, бас л ийм гунигт автах байх даа хэмээн охин бодож явлаа. Тэгээд шөнө нь орондоо ороод шинэ хуяг, цээживч хийлгэх болсны шалтгаан хоёр хөхөө тэмтрэн үзэж жижигхэн алганд нь багтахаа болин томорсныг нь мэдэж хөнжил дотроо ганцаараа атал хуйх, чихнийхээ омгийг улайтал ичжээ. “Ингээд би том сэвгэр болох нь. Дараа жил арван тав, хий настайгаа арван зургаа хүрч, эцэг эхийн соёрхлоор Сэнгэ хааны сүйт бүсгүй болно. Ижий намайг гэдсэнд байхад навсгар хувцастай удган зүүдэндээ үзэж, тэр нь ахайтан танаас төрөх охин үр хаан хүний хатан болно... гэсэн юм гэнэ лээ. Тэр нь Сэнгэ хаан байж дээ. “Саяхан цорос аймгийн хунтайж байснаа одоо Зүүнгар улс байгуулж хаан болно хэмээн мөрөөдөж, өөрийгөө хаан нэрийдэх болж. Хувилгаан дүү нь энэ олон Ойрад аймгуудыг нэгтгэн захирахад нь хамжаа болж, итгэл төрүүлсөн юм байх даа” хэмээн эцэг нь төлдөрхөн тэднийхээр айлчилсан Зоригт хошуучтай хөөрөлдөж байсныг саналаа. Тэгтэл Сэнгийн “Хувилгаан” гээд байгаа тэр дүү нь хайрынх нь эзэн Галдан ламтан байдаг. Ижийн шүтдэг Арьяавал шүтээн минь өчүүхэн сэвгэр надад сэтгэл зүрхээ захирах хүч чадал хайрлаач. Зүсийг нь хэдхэн удаа үзсэн, өөрөөсөө хорин насаар ахмад Сэнгэ хаанд энэ биеэ хэрхэн тушаана! би Сэнгэ хааны дөрөвдүгээр хатан болон очно. Миний олж дуулснаар Ховог сайрын өргөөнд Сэнгэ хааны хатдаас гадна татвар нь гэж арав гаруй эмс арцалдаж суудаг юм гэнэ лээ. Гуравхан хатантай энэ өргөөнд ижий хэрхэн гашуун нулимсаа урсган сууж, гоо үзэсгэлэнгээ хадгалан өтөл настай тэмцэх гэж хэчнээн үйлээ үздэг билээ. Хөх тоосгон хэрэм, хиймэл нуур, жимст цэцэрлэг, чулуун ордонтой тэр сүрлэг өргөөнд өөрийг нь ямархан заяа тавилан, гашуун зовлон тосч буйг хэн мэдлээ. Энэ бүхнийг бодоод байвал үс минь цайх магад. Маргааш багшаараа яриулах сонин сайхан түүх, хуулж сийрүүлэх судрынхаа тухай л бодъё хэмээн гэнэт мэргэн бодол орж ирэхэд нь охин бөх нойрондоо автлаа. Багш нь энэ удаа түүнд Ойрадын Батула чинсангийн хатан Самар гүнжийн түүхийг хүүрнэв. -Элбэг нигүүлсэнгүй хаанд дүүгийнх нь гэргий Өлзийт гоо Бэйжийг зааж өгөн зусардаад эцэст нь хилсээр хороогдсон Хутхай таюгийн домгийг санаж байна уу? Шавь минь. Энэ Самар гүнж бол түүний хүү Батулагийн хатан юм. Элбэг нигүүлсэнгүй хаан Өлзийт гоо хатны үгэнд хууртан Хутхай таюг хилсээр хороосондоо гэмшин хүү Батулаг нь чинсан болгосон ч тэрээр аргын 1401 онд эцгийн цусан өшөөг авч Элбэг хааныг хороожээ. Энэ хүн болбоос одоогоос гурван зуун жараад жилийн өмнө манай Ойрадын тэргүүн байсан хүн юм. Түүний хөвгүүд Тогоон тайш, Эсэн тайш нар цөм түүхэнд мөнхөрсөн цуутай баатрууд байсан. Манай Ойрадуудыг аргын 1208 онд Чингис хаан их улсдаа хураан нэгтгэж, түүнээс хойш Монголын их хааны тохоон томилсон тайш Ойрадыг үе үеийн турш захирах болсон юм. Аргын 1438 онд Ойрадын Тогоон тайш зүүн монголыг эзлэн авч нэгтгэсэн. Дараа нь түүний хүү Эсэн тайш эцгийнхээ үйл хэргийг нь үргэлжлүүлэн нэг хэсэг халхыг Ойрадтэй нэгтгэн захирсныг сурвалж бичигт “Дөчин дөрвөн хоёр эвлэв” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Одоо түүхийг нь чамд өгүүлэх Самар гүнж бол Элбэг нигүүлсэнгүй хааны охин. Эцгийг нь хилсдүүлснээ мэдмэгц Элбэг хаан хүү Батулад нь чинсан цол олгож, эш хатан Гөвгүдэйгээсээ төрсөн Самар гүнжээ гэргий болгон өгчээ. Хэдий гүнжий нь хатан болгон авсан ч Батула чинсан Элбэг хаанаас өшөө авахаар далдуур явуулга хийж эхлэв. Ийнхүү аргын 1401 онд Батула чинсан, Үгч хашха нар зүүн Монголыг довтлон Элбэг хааныг алж, эхнэр хатан, эд хөрөнгийг нь олзлон авчээ. Ойрадын захирагч Үгч хашха Элбэгийн хатан Өлзийт гоог гэргий болгон аваад төдөлгүй өөрөө насан өөд болоход нь Самар гүнж Өлзийт гоо хатан,түүний хүү Ажай тайж, Аругтай нарт: Эзэн тань үхэв Эртний дөрвөн Ойрад Эх сүүлээ алдав Энэ үед хэрэв Эртхэн дайлаар ирвэл Эзэнгүй олон Ойрадыг Эрхбиш дийлж чадна хэмээгээд төрхөмдөө буцахаар нууцаар бэлтгэж байтал Хүү Богаму нь сонсоод: Учирсан газар муу боловч өөрийн гэр болно Уг төрхөм сайн боловч хүний газар болно Ижий та тэгж хэлбэл Эцэг тэнгэр үл таалах буй за гэснийг Самар тайху үл тоон зүүн Монгол руугаа оджээ. Энэ тухай Өлзийт гоо хатнаас сонссон Адай хаан баярлан аргын 1410 онд Аругтайг тайш өргөмжлөн өөрийн биеэр арван түмэн цэрэг хураан мордож дөрвөн Ойрадыг дайлав. Ойрад халхын цэрэг хоёр талаас Зэлмэн хадны тэндэх Бор нохойн зоо хэмээх газар тулгаран тулалдаад Адай хаан ялж Батула чинсанг хороон хүү Богамуг олзлон авчрав. Ажай тайж Самар хатан бидэнд сайн үйл хийснийг нь бодон хүүг нь тавьж явуулъя гэсэнд Аругтай үл зөвшөөрч”Араатны зулзагыг тэжээж үл болно Атаатны үрийг өрөвдөж үл болно” гээд “Урьд чиний эцэг намайг араг дор хөмрөн “Аругтай” хэмээн доромжилж байсан, миний ээлж ирж, би одоо эцгийн өшөөг хүүгээс нь авах боллоо” гээд Богамуг тогоон дор хөмрөн боолоо болгосон нь хожим Тогоон тайш болсон билээ. Дараа нь Тогооны эх Самар гүнж Адай хаанд “Амийг минь аварч хатан болгоод хөвүүдийг минь юунд зарцлана чи?Нэг бол эх хүү биднийг хоёуланг нь алж хая, эс бол эрх дураар нь явуулах буюу “ гэсэнд зөвшөөрч хүү эхийнхээ хамт Ойрад нутагтаа буцжээ. Тэднийг харихад Ойрадын ноёд чуулж байсан тул Тогооноос “Халхын хаан, тайш, эгэл даяар улсын ааль ааш
ямар вэ?” хэмээн сонжиход Тогоон ”Зүүн Монголын Аругтай өтөлж, аливаа үйлс нь бүтэхээ больж, ус мэт сарнинам.Саадаг нь хувилавч санаа нь эс хувилна.Төр мэдэх сайдаа гадаа суулгаж, зэвийн морийг гэрт унанам, өчүүхэн хүнээр төр мэдүүлэн, үрээ морийг зэвлэнэм. Борви хөхүүрт сархад хийнэм,буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу мэт байнам” гэсэнд эх Самар гүнж нь сандран “Энэ өчүүхэн хүү биеийг нь зовоосонд өс санан халх-Ойрадыг дайтуулан, доройтуулахыг санаархаж буйг бүү сонс” гэж эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхийг хичээсэн ч үгийг нь Ойрадууд эс сонсон дөрвөн түмэн цэрэг дайчлан Халх руу довтолсноос дотоодын хямрал дахин дэвэрсэн гэнэм. Тогооны тэнгэрт хальсны хойно хүү Эсэн тайш дөрвөн Ойрадыг гартаа оруулаад Чингисийн угсааны Тайсун хаан, түүний дүү Агбаржин жононг хороогоод их хааны сэнтийг эзлэв. Эсэн тайш ийнхүү Их монголын хаан ширээг булаан эзлээд өөрийгөө их Юань улсын “тэнгэрлэг хаан” хэмээн өргөмжилсөн байдаг. Алтан ургийн бус хааныг ноёд, язгуутнууд хүлээн авалгүй аргын 1455 онд Эсэн тайшийг хороож, Монгол аймгууд бутран дахин шуудайд хийсэн үхрийн эвэр мэт болсон юм. Агбаржин жононгийн хүү Харагцугийн гэргий Цэцэг нэрт хатан Эсэн тайшийн охин байв. Цэцэг эрээ алдаад долоон сартай жирэмсэн төрхөмдөө буцан ирж нэгэн хүү төрүүлснийг тэр үед эмгэн болоод байсан Самар тайху “Боржигоны үр” хэмээн дээдлэн өөрийнхөө өргөөнд тэврэн авчирч “Баянмөнх” нэр хайрлан асруулаад, Ойрадын Өгэдэй баатрыг “Чи Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хэмээн монголчуудад үеийн үед өргөмжлөгдөх болно” хэмээн ятгасаар Зүүн Монгол дахь төрөл саданд нь хүргүүлсэн юм гэдэг. Ийнхүү Их Монгол улсын сүүлчийн их хаан Батмөнх даян хааны эцэг Баянмөнх жононг асран тэтгэж эх нутагт нь хүргүүлсэн Самар гүнж Чингисийн алтан ургийн сүүлчийн угсааг аварснаараа түүхэнд мөнхөрчээ. -Энэ түүх чамд ямар бодол төрүүлэв дээ? гэж багш нь хүүрнэж дуусаад асуухад олон салаа хүрэн гэзэгнийхээ үзүүрээр оролдон бодлогоширч суусан охин тийн элдвээр аяглахаа орхин царайгаа төв болгоод: -Самар тайхугийн түүх их сайхан төгсгөлтэй юм.Харамсах юм гэвэл Ойрад, Халх хоёрын мөнхийн зөрчил, эв нэгдэлгүй байдлын дүр юм даа. Багш аа, эр хүн дайн тулаанд юунд ингэж дурладаг юм бэ? хэмээн асуулаа. Багш нь охины ийн ухаан сэргэлэн, аливааг эргэцүүлэн бодох сэхээтэйд баясан хөгжсөнөө гурван эгнээ үрчлээт уудам магнайгаа атируулан: -Шавь чи мунхаг миний хэрээс хэтийдсэн асуултаар мад тавих юм даа. Эр хүмүүс дайнд дуртайдаа дайтдаг хэмээн би бодохгүй байна. Их эрх мэдэл, газар нутаг, эд баялгийн төлөөх шунал хүмүүнийг дайн өдөөхөд хүргэдэг. Миний олж сонссоноор эртний Эллинд дан бүсгүйчүүдээс бүтсэн Амазонууд хэмээх улсын тухай домог буй. Амазонуудын улсад эр хүн үгүй. Ойролцоох арлын эрчүүдтэй жилд нэг удаа учраад буцан ирж, бие давхар болдог.Гарсан хүүхэд нь охин байх аваас авч, эр байвал амийг нь тасалдаг. Хатан хаантай улс байсан хэмээсэн домог буй. Тэр улсын бүсгүйчүүд дайн тулаанч, эрмэг зоримгоороо эрчүүдээс үл дутдаг байсан гэж өгүүлдэг. Мөн Мандухай цэцэн хатан ч хаан төрд тэрслэн том толгойлсон
олон ноёд ихэсийг цэрэглэн довтолж хурааж байсан. Ер нь эр, эмдээ ч биш, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх шунал, өш хонзон л дайны үрийг тарьдаг хэмээн би боддог. Чухам Эсэнгийн хувьд түүнийг хороосон нь халх монголчуудын зөв байсан гэж би боддог. -Юуны учир зөв гэж? Эсэн тайш Монголын нэгдсэн улсыг байгуулна гэж зорьсон. Монгол улс эв нэгдэлтэй байвал хүчжинэ гэж та өөрөө хэлдэг, тэгээд бас өөрөө Ойрад хүн байтал? хэмээн охин гайхаж зүүн хөмсгөө өргөж, нүдээ сэртийлгэн багшийгаа тас ширтэв, Дүүрэн мэргэн бичээч хүд хүд инээгээд шилээ авч арчин: -Юуны учир Самар тайху түүхэнд мөнхрөв гэдгийг бод. Үймээн самууны тэр цагт Чингисийн алтан ургийн сүүлчийн удмыг аварсан.Монголыг халх, Ойрадтой нь нэгтгэсэн Эсэн яагаад хороогдов? Монголын их хааны суудалд гагцхүү алтан ургийн хүн л залрах эрхтэй. Гэтэл Ойрадын Эсэн тайш сууж болж байгаа юм бол Хавт Хасар, бөх Бэлгүтэйн удам хойчис, аль эсвэл Сүвээдэй жанжны үр ач бид монголын төрд бас эгэлгүй их гавьяатай,Эсэн хаан сууж болсон юм бид яагаад эс суухав гээд дуртай нь хаан болохыг хүснэ. Хэдий халх, Ойрадууд эв нэгдэлтэй байх нь зүй ч алтан ургийн бус хүн хаан сууснаар тэр эв нэгдэл бутран унах байсан болоод Эсэн алагдсан биз ээ гээд толгойгоо сэжлэн: -Чиний толгой юм боддог толгой болж буйд багш нь туйлын сэтгэл тэнэгэр байна. Одоо явж амар даа. Би ч их алжаалаа гээд босов. Багшийн дараагийн хүүрнэл охины өрлөг эхийн амнаас анх домог төдийхөн сонсоод гайхан биширч үлгэр дууриал болгон харвах, намнах, цэргийн эрдэмд хорхойсоход хүргэсэн Мандухай сэцэн хатны түүх байлуга. Охиныг ном судраа сугавчлан орж ирэхэд Дүүрэн бичээч сэтгэл дүүрэн байдалтай мишээж: -За хоёулаа өнөөдөр Мандухай сэцэн хатны тухай хүүрнэе. Манай Ойрадыг их хаанд захирагдахгүй том толгой гаргалаа хэмээн өөрөө саадаглан ирж дайлан хураагаад, доромж агуулга бүхий зарлиг гаргаж байсан тул зарим Ойрад ноёд энэ хатны тухайд сүжиггүй байдаг ч миний хувьд Мандухай сэцний зөв байсан гэж мунхагладаг юм хэмээн ярихад Ану дотроо “Аав бас намайг Мандухай сэцэн шиг эрэлхэг хатан болно гэхэд дурамжхан царайлж байж билээ. Ийм учиртай юм бий” хэмээн бодож суулаа. Их эзэн Чингис хааны арван тавдугаар үеийн ач, мөнөөх Самар тайхугийн ачаар эхийн төрхөмөөс эх нутагтаа харьж аврагдсан Баянмөнх жононгийн хүү Батмөнх аргын 1470 онд Монголын хаан ширээнд сууж , “Амь нь бат, төр нь мөнх, явдал нь сайн, даяар бүгдийн эзэн болтугай” хэмээн билгэдсэн Даян хаан цол өргөмжлөгдөн их хатан ухаант Мандухайн тус дэмээр хагарч бутарсан улсаа нэгтгэн захирсан билээ. Батмөнх даян хаан нийт дөчин жил Монголын их хаан сууринд заларсныг “...Зургаан түг түмэн олныг эмхлэн цуглуулж, энхжин жаргаасан гар газар, хөл хөсөр тавьсан энх цаг” хэмээн тэмдэглэсэн нь буй. Батмөнх даян хаанаас өмнөх зуун жилд их хаан суудалд суусан алтан ургийн хүн хоёр гуравхан жил засаглаад л ордны хуйвалдааны золиос болон нас эцэслэж байснаас “бага хаад” хэмээн түүхэнд тэмдэглэсэн, Монгол улс дотоодын хямрал, хагаралдаа идэгдэн төрөө мөхөөхөд хүрч байсан эмгэнэлт үе байсан бөлгөө. Энэ хагарлыг зогсоон, алтан ургийн их
хааны эрх мэдлийг сэргээн бутарсан улсаа цуглуулах үзэл санаа түгж эхлэх үеэр Мандухай сэцэн хатны байгуулсан гавьяа онцгой их юм. Мандухай бол Түмэд Цоросбай төмөр гэдэг хүний охин. Тэрээр бага залуудаа Мандуул хааны бага хатан болжээ.Дөрөвхөн жил төр барьсан Мандуул аргын 1467 онд таалал төгсч, Мандухай сэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлбэсрэн хоцров. Нэгэнт Мандуул хаанд нуган үр заяагаагүй учир Чингис хааны алтан ургийн ганц хүн үлдсэн нь Баянмөнх болох жононгийн өнчин хөвүүн Батмөнх байсан бөлгөө. Гэвч дэндүү балчир настай хөвүүн цаг төр самууран, төр доройтсон тэр үед хэрхэн бутарсан улсаа нэгтгэн хураах билээ. Тийм байлаа гээд хааны сэнтийг эзэнгүй удаавал их сууринд санаархсан ноёдын тэмцэл ширүүсч, дайн тулаан, самуун явдал улам дэлгэрэх аюул айлсан ирээд байв. Тиймээс эртний уламжлалыг даган шинэ хааныг сууринд залгах хүртэл нас нөхчсөн хааны хатан төр барьж байсан заншлын дагуу Мандухай сэцэн төрийн эрхийг хамаарах зуураа балчир бага Батмөнхийг өөрийн гараар хүмүүжүүлэн хаан болгож чадсан билээ. Сурвалж бичгээс үзэхэд Батмөнх нь насан элсэн Мандуул хааны ач дүү Баянмөнх болох жононгийн хатан Шихэр тайхугаас төрсөн хөвүүн ажгу. Ойрадын Исмэн тайш Зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтан одож, Исмэн Шихэр тайхуг нь хатан болгож аваад, хүү Батмөнхийг нь Балгачины Багай нэрт хүнд өгчээ. Эцэг нь амь зулбан явахдаа алагдаж, хаан хөвүүн өнчрөн үлдээд бэтгэ өвчинд нэрвэгдэн их гэдэстэй шаналж байхад нь тангуд угсааны Төмөр Хадаг гэдэг хүн Батмөнхийг Багайгаас булаан авч, эхнэр Сайхайгаараа асруулав. Тэд есөн цагаан ингэний сүүгээр хүүг тэжээж их гэдсийг нь гурван мөнгөн аяга цоортол илж, эмчлэн сувилснаар Батмөнх илааршжээ. Хаан хөвүүнийг нэгэнт эдгэрсэн хойно Төмөр Хадаг түүнийг Мандухай сэцэнд аваачиж өгөв. Ийнхүү алтан ургийн сүүлчийн хөвүүнийг олж асран хүмүүжүүлэх зуураа төр барьж байсан Мандухайд урьд сэтгэлтэй явсан Хорчин аймгийн Хавт Хасарын хойч Өнөболд ван элч зарж: -Галыг чинь цахиж, нутгийг чинь зааж өгье гэжээ. Үүний хариуд Мандухай: Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү? Хасарын үр чиний өвийг бид иднэ үү? Өргөж үл болох үүдтэй билээ Алхаж үл болох босготой билээ Хааны минь үр байсаар байхад Хасарын үр чамтай юунд ураглах билээ? хэмээсэн гэдэг. Мөн Мандухай бусдын үгийг сонсон зөвшилцөх үүднээс Алагчигуудын Сатайгаас энэ тухай асуухад ”Өчүүхэн хүүхдийн эр болохыг хүлээснээс Өнөболд вантай сууж хатан нь болбол таарна” гэжээ. Мандухай дахин өрлөг жанжныхаа гэргийгээс асуухад тэрбээр:
Хасарын үрд очвол Хар мөр удирдан Хамаг улсаасаа хагацаж Хатан нэрээ алдана Хааны үрд очвол Хаан тэнгэрт аврагдаж Хамаг улсаа эзлэн Хатан нэрээ алдаршуулна Цагаан хөвүүнд очвол Цагаан мөр татаж Цахар түмнийг эзэлж Цаглашгүй нэр алдаршина хэмээн мэргэн зөвлөсөн бөлгөө. Энэ хоёр хүний үгнээс үзэхэд Мандухай хатны өмнө хоёр зам байж. Хэрвээ тэрээр хайр сэтгэлээ даган Өнөболд ванд очвол монголын хаант төр Чингис хааны алтан урагтнаас Хасарын үр ач нарын гарт орж язгууртан,ноёдын дургүйцлийг өдөөж, хагарал самуун улам дэврэх тул Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж, хаан суулгахаар зорьж, хувийн жаргал цэнгэлээ огоорох замыг сонгожээ. Чингээд өөрийг нь Өнөболдтой суу хэмээн зөвлөсөн доголон Сатайд: Хааны үрийг өчүүхэн гэж Хамаг улсыг үгүй гэж Хатан биеийг минь бэлбэсэн гэж Хасарын үрийг их гэж Хаашаа үг хэлэх буй хэмээгээд халуун цайгаар цацан өргөөнөөсөө хөөн гаргажээ. Ингээд гучин гуравтай Мандухай долоон настай Батмөнхөд гурван давхар ултай гутал хийлгэн өмсгөөд эзэн Чингисийн найман цагаан ордны өмнө очин хаан, хатны сүлдэнд цацал өргөн: Хар морины зүс үл харагдах газар бэрлэм билээ Хааны тань үр нярайдав гэж Хадар авгайн үр авъя гэхэд Хан ордны дэргэд ирэв
Алаг морины зүс үл үзэгдэх газар бэрлэдэг билээ Ачит үр чинь авъя гэхэд Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би Айх амь минь алдрав Ичих нүүр минь эвдрэв Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж Өндөр их босгыг чинь нарийн гэж Өнөболд энд өчихүл Уурга тань урт,хуйв тань агуу буй, намайг уургалж ав Чиний үрийг өчүүхэн гэж басах ахул Өнөболд ванг уургалж ав Харь бүрсэн хан хөвүүн төрж, Хан хөвүүн чинь халив гэж Эр Богд эзэн минь хөвүүн төрж билээ Эзэн хөвүүнийг минь алдав гэж Эм биеэ мэдэж эчивэээс Эш хатан чиний өмнө эвдүүлсү би хэмээн тангараг өчсөн гэдэг. Монголчууд эртнээс бэрлэх зан үйлийг хэрхэн сахиж буйгаар нь эмэгтэй хүний билэг оюуныг үнэлдэг ёс уламжлалтай. Тэрхүү “бэрлэхүй” ёсны хамгийн чухаг нь айлын бэр хүн хадам талынхаа ахмад хүмүүсийн алдрыг ямагт цээрлэж, тэдний нэртэй адил үг хэлэх болбол утга ойролцоо өөр үгээр орлуулан ярьдаг заншил байжээ.Тиймээс Мандухайн тангарагт эш хатан болон Өнөболдын дээд өвөг Хавт Хасарын нэрийг хүртэл цээрлэн “Хадар авгай” хэмээн хэлснийг шавь чи тунгааж байгаа бизээ. Монголын нүүдэлчин аймгуудын гэр бүлийн уламжлал “Асрахуй”-н ёсны дагуу эр нөхөр нь таалал болсон хойно төрлийнх нь эр бэлбэсэн эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асарч тэжээдэг заншил одоо ч манай Ойрадад мөрдөгдсөөр байгаа билээ. Тэр эрхэм заншлыг зөрчин хааны үрийг нялх балчир хэмээн басч хатныг нь авъя гэж Өнөболдыг гуйхад Мандухай хайр сэтгэлээ хөсөр орхин журамт бэрийн ёсоор өндөр дээд хадмын өргөөнд ирж тангараг
тавихад хүрсэн болов уу. Монголын эртний заншлаар айлын бэр хадмын гэрт зоргоор орж гардаггүй, хадам эцгийн голомтноос дээш гарч хоймор гарах ёсгүй, гэрээс нь гарахдаа нуруугаа харуулах нь цээртэй бөлгөө. Гэтэл Мандухайн хувьд арга буюу өндөр дээд хадмын өргөөнд очин тангараг тавих болсноо”Айх сэтгэл минь алдрав,ичих нүүр минь эвдрэв” гэсэн байдаг. Мандухай хатны тангаргийн үгэнд “Хаан хөвүүн чинь халив гэж хар биеэ мэдэж эчвээс хаа гуяа ханзлуулсу,эзэн хөвүүнийг чинь алдав гэж эм биеэ мэдэж эчвээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би” хэмээн өгүүлсэн нь эр нөхөр нь тэнгэрт хальсан ч бэр хүн биеэ мэдэн нөхрийн ургаас гадуур дахин гэрлэж үл болохыг заасан хэрэг бөлгөө. Ингээд аргын 1470 онд Мандухай сэцэн хатан нас бага Батмөнхийг хаан ширээнд суулган, даяар олныг захирах”Даян хаан” цол өргөмжлөн хатан нь болж эрхэт боржгоны галыг асаасан юм. Даян хааны нас балчир үед түүний нэрээр Мандухай хатан төр барьж байх үеийн Монгол гүрний “шүдний өвчин” нь толгой даан тусгаарласан Ойрадууд байсан тул “Сайтар саадаглаж, садарсан үсээ хурааж, сайн даян хааныг үхэглэж мордон” Ойрадын нилээд хэсгийг их Монгол улсад нэгтгэж чадсан юм. Мөн Зүүн,Баруун түмний “том толгойлсон” зарим ноёдыг ч цэрэг хөдөлгөн дарж, улсдаа хураан нэгтгэж Монгол улсын нэгдсэн төрд үлэмж гавьяа байгуулсан хатан бол Мандухай сэцэн билээ. Чингээд Мандухай хатан сайд түшмэдээ цуглуулан төрийн эрхийг Батмөнх Даян хаанд тушаахдаа “Эзэн хаан та бээр өссөн тул Иргэн түшмэд, засгаа баригтун Эм хүн над төрийн хэрэг юун” хэмээсэн нь түүхийн хуудаснаа үлджээ. Мандухай хатан өсч том болсон Батмөнх Даян хаанд эм биеэ тушаан Чингис хааны найман цагаан ордны өмнө үрийн хутаг гуйн залбирахдаа: Эрхт хаан эцэг минь Эш хатан эх минь Дотоод энгэрт минь Долоон хөвүүн төрүүл Гадаад энгэрт минь Ганц охин төрүүл Доорд хатан надад Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэрийг өгч Гал голомтыг чинь сахиулъя Газар нутгийг чинь эзэмшүүлье гэжээ. Үнэхээр тэнгэр өршөөж Мандухайн хүсэлтээр долоон нуган, ганц охин заяасан гэдэг. Ингэж Мандуул хааны бага хатан байсан Мандухай эрээ алдсаны дараа Чингисийн алтан ургийн угсааг таслалгүй үргэлжлүүлж, Даян хаан Батмөнхийг хаан ширээнд суулган төрийг түвшитгэн, их Монгол гүрний түүхэнд үлэмж гавьяа байгуулсны тул “Цэцэн хатан”, ”Сайн хатан” хэмээн мөнхөрсөн буюу. Ану охин шанаа тулан бодолд дарагдан суусаар байлаа. “Мандухай сэцэн ч өөрийнхөө хайр сэтгэлээр ураглаж үл чадсан байхад өчүүхэн би Сэнгэ хааны хатан болохоос өөр зам үгүй юм байна даа.Харин энэ хатад шиг наснаас нөхчөөд төчнөөн зуун жилийн хойно шастир түүхэнд мөнхрөх юм сан” хэмээн охин бодож суулаа. Дараагийн удаад багш нь бууралтаж эхэлсэн сахлаа имрэн инээмсэглэн угтаж : -За, шавь чиний хүслээр Монголын домогт хатад, гүнж нарын түүх, домгийн тухай түүвэрлэсэн хүүрнэл маань өнөөдөр төгсөх нь. Өнөөдөр би чамд Түмэдийн Алтан ханы хатан Их Юнгэний тухай хүүрнэх болно. Боди Алаг хааны үед Баруун түмний эзэн нь Барсболд жонон байж.Түүний дараа хүү Гүнбилэг ор суусан. Гүнбилэгийн дараа Барсболдын хоёрдугаар хүү Алтан хан баруун түмнийг захирчээ. Өрнө зүгт хийсэн дайнд гарамгай гавьяа байгуулсны учир их хаан “Алтан хан” цол олгосон энэ хүний жинхэнэ нэр нь Анда юм. Алтан хан хятадын Мин улстай харилцаа тогтоож,үр тариа,бөс даавуу авч байхын тулд цэрэглэн аргын 1551 онд Бээжин хотод тулж очсоны хүчинд хэлэлцээр байгуулан Датун,Сяньфу зэрэг газар адууны зах нээлгэжээ. Баруун монгол гэгддэг Ойрад дараа жил нь халх руу довтлон ороход нь Алтан хан цэргийн хүчээр дэмжсэний тул Ойрадыг бутцохижээ.Үүний дараа Ойрадууд зүүн Монголоосоо салан тусгаарлахыг оролдсонд Алтан хаан зарлиг гарган ач хүү Хутагтай сэцэн хунтайжийг цэрэглэн мордуулснаар Ойрадын дөрвөд, цорос аймгийг цохиж түвшитгээд ийшээ Хөх нуурт цөмрөн орж гартаа оруулан ихэд хүчирхэгжсэн байна. Баруун гарын жонон ийнхүү илт хүчжихэд Дарайсун Гүдэн хаан зүүншээ Ляодунгийн орчмоор нутаглах болсон тул цахар түмэн Алтан ханы ахмад хүүгийн мэдэлд орж ирсэн юм. Монгол улсын тархай бутархай байдлыг дан цэргийн хүчээр эмхэлж хүчрэхгүй тул нэгэн шашин шүтлэгийн дор нэгтгэх нь зөв хэмээн тэрээр үзэж шарын шашныг дэлгэрүүлэхэд идэвхийлэн зүтгэв. Харин Мин улс монгол овог аймгуудыг нэтгэн хүчирхэгжиж эхэлмэгц нөлөө бүхий ноёдыг элдэв цол хэргэм, эд агуурсаар татан дотоодын хагарал үүсгэх аргад шилжсэнээр Алтан ханд “Шунь И” буюу журмыг сахигч ван цол шагнаж, харьяат далаад ноёнд нь мөн цол хэргэм дараалан түгээж, Датун, Сюаньфу, Шаньси мужуудад адууны зах нээсэн юм.
Аргын 1558 онд их хаан Дарайсүн Гүдэн тэнгэр болж, хүү Түмэн тайж хаан суугаад Монгол улсаа нэгтгэх гэсэн Алтан ханы бодлогыг сайшаан дэмжсэн юм. Алтан хан Төвдөөс шар малгайтны шашны тэргүүн лам гуравдугаар Содномжамцыг урьж авчраад “Далай лам” цол хайрлан Хубилай хааны үеийн улсын багш Пагва ламын адил өргөмжилсөн ажээ хэмээгээд шавийн зүг харж: -Өнөө Юнгэн хатан нь гарч ирэхгүй байгаад бүү гайхаарай. Алтан ханы үеийн Монгол улсын аж байдал, гадаад, дотоод байдлын эгзэгтэй эргэлтүүдийг мэдэж аваасай гэсэндээ ийнхүү нуршчихлаа. Ийнхүү нэгдсэн Монгол улсаа сэргээх, нэгэн шашны дор монгол аймгуудыг нэгтгэх, адуу малаар үр тариа, тутарга, бөс даавуу, торго солилцох худалдааны харилцааг Мин улстай тогтмол явуулахын төлөө зүтгэж явсан Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан бол ухаалаг, үзэсгэлэн гоо, авьяас билэг төгөлдөр бүсгүй байсан хэмээн түүх сударт тэмдэглэжээ. Тэр үед нас нилээд өндөр болсон байсан Алтан ханаас Юнгэн хатан нь олон нас дүү, залуу жавхаалаг хатан байсан тул төрийн хэрэгт нь оролцон, түшиг тулгуур, шадар зөвлөгч нь болдог байсан гэдэг. Тэр үед жилд нэг удаа болдог асан Монгол, Мин улсын хооронд харилцан алба барих, худалдаа наймаа хийх ажлыг Юнгэн хатан өөрийн биеэр эрхлэн захирдаг байсан учраас говийн өмнөдөд нутагладаг монгол аймгуудын дунд ихээхэн нэр хүндтэй болж чаджээ. Юнгэн хатан цаг үргэлж нэхий дээл хэдэрч, булган малгай тэргүүндээ асаагаад морь унаж, саадаг агсан, хил хязгаарыг эргэн байцааж, Монгол , Мин улсын хооронд тогтоосон найрсаг харилцааны хэлэлцээрийн биеллээ олж буй эсэхийг хянан тохинуулж явдаг байв. Аргын 1581 онд Алтан хан далан таван сүүдэр дээрээ өвчин хүрч тэнгэрт хальжээ. Эцгийн орыг Алтан ханы өөр нэгэн хатнаас төрсөн ахмад хөвүүн Дүүрэн Сэнгэ хунтайж залгамжлахдаа Юнгэн хатныг өөрийнхөө хатан болохыг гуйхад дөнгөж гуч гарч явсан Юнгэн хатан нас ахимаг Сэнгэ хунтайжтай ураглах дургүй байсан тул харьяат албатаа аван Хөх хотоос нүүн одсон ажгу. Гэтэл тэр үеийн Монгол, Мин улсын харилцаанд туйлын өндөр байр суурьтай байсан Юнгэн хатныг хунтайжийн хатан болохыг Мингийн түшмэлүүд хүртэл ятгаж байсан тул Юнгэн хатан эргэцүүлэн тунгаасны эцэст Сэнгэ хунтайжтай ураглан суусан юм. Эцгийн орыг залгамжилснаас зургаан жилийн дараа Сэнгэ хунтайж насан эцэслэхэд Амудай сэцэн хунтайж ор суужээ. Юнгэн хатан Амудай сэцэн хантай хавсран төрийн хэргийг явуулж, Монгол, Мин улсын найрсаг харилцааг таслахгүйн төлөө хүчин зүтгэсэн тул Мингийн хаан түүнд “Үнэнч шударга хатан” цол өргөмжилсөн байдаг. Ухаант Юнгэн хатан жаран гурван сүүдэртэйдээ насан эцэслэсний дараа монгол, мин улсын олон мэргэд түүнийг дурсан шүлэг магтаал зохиож, уран зураачид эш хөргийг нь зурсан нь бий. Юнгэн хатны гавьяа зүтгэлийг дурсан амьдарч асан Хөх хотыг нь нэгэн үе “Юнгэн хатны балгад” хэмээн нэрийдэж байжээ. Алтан ханы амьд сэрүүнд шарын шашныг дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж асан Юнгэн хатан хожмоо Амудай сэцэн хан, Бодашир хунтайжтай хавсран “Ганжуур” судрыг монгол хэлнээ дуун хөрвүүлүүлсэн билээ.
Энэ хатны тухай хүүрнэлийг чагнан суухад нь “Дөнгөж гуч гарч явсан Юнгэн хатан нас ахисан Сэнгэ хунтайжтай ураглах дургүй байсан тул харьяат албатаа аван Хөх хотоос гарч явсан ажээ...Гэвч Юнгэн хатан эргэцүүлэн тунгаасны эцэст Сэнгэ хунтайжтай ураглан суусан юм...” гэсэн хэсэг Ану охины өөрийнх нь тухай өгүүлээд байгаа юм шиг сонин санагдан бодолд оруулжээ. -За шавь минь өвгөн бичээч миний түүх шастир, судар ном эргүүлэн сууж хичээнгүйлэн түүвэрлэсэн хүүрнэл ийм өчүүхэн тул өнөөдөр төгсч байгаа нь энэ. Хан хүний гүнжийн хувьд монголынхоо хатдын түүхийг мэдэх гэсэн эрмэлзэл чинь туйлаас зөв. Ухаарч ойлгон тусгаж авдаг хүнд өчүүхэн төдий үлгэр хууч ч үнэт сургамж болон оюун ухааныг нь тэжээнэ. Ухвар мөчид мунхаг хүнд хэдэн тэрэг ном үзүүлээд ч оюун тархинд нь гэгээ үл туснам хэмээн сургасан ажгу. Багшаараа монголын түүхэнд үлдсэн ухаант цэцэн хатдын домог, түүхийг яриулж дууссан тэр шөнөө охин Галдан ламтан “шар шувтлан” хар болж, хаан суугаад , өөрөө хатан нь болон хоёул хамтдаа хүнд хэцүү аян дайны газар зовж зүдрэн явна. Тэгээд дайсны талаас хайрт Галдангийнх нь зүрхэнд онилон харвасан хурц гилбэрт сумны урдуур өөрөө орон хаагаад тэр суманд өртөн үхэж байна. Гэтэл сүнс нь биеэ орхиж үл чадан тарчилна хэмээн зүүдэлж, үүрээр усан хулгана болтлоо хөлрөн сэржээ. Энэхүү хар дарсан зүүдэндээ бүүр итгэчихээд “Хэдий би үхсэн ч хайртай тэр минь амьд сэрүүн үлдэв. Хэрэв тэр минь үхэж, би амьд үлдвэл Юнгэн хатны адил “Асрахуй” ёсны дагуу нас ахисан ах Сэнгэ хунтайжтай нь ураглах болно. Хэдий би бүсгүй богино жолоотон ч эртний ёсыг даган эрийнхээ төрөл, ах дүүтэй нь ураглахыг үл хүснэ” хэмээн бодож, тэгсэн атлаа цэл залуу насандаа амьдралыг орхиж буйдаа харамсан уйлаад ч байх шиг дотор цээж бачууран тэлчилж байгаад сэрвэл арван дөрвөн настай Ану охин хэвээрээ, өөрийнхөө өмчний өргөөнд ирвэсэн хөнжилдөө хар даран зүүдэлж хэвтсэнээ мэджээ. Тэгээд уржнан жилийн хавар эцгийн өргөөнд айлчлан ирж асан Сэнгэ хааны овор төрхийг ухаан санаандаа ургуулан дүрслэхийг оролдлоо. Тэгэхэд гучин нэгэн сүүдэртэй хэмээн сонсч байсан Сэнгэ хаан алтан сампинтай, очир эрдэнийн жинстэй хар булган малгай, луун хэт цагаан дээлтэй, эх Юм-Агас хатныг дууриасан нүд хөмсөгний зай ойрхон, хянуур зальжин харцтай агаад, Галданг бодвол жижигхэн нүдтэй, өтгөн ширвээ сахалтай, нүдэнд дулаахан эр байсныг санав. Тэр үед арван хоёр настай балчирхан байсан Ану нум саадаг агсан хөвүүдтэй тоглон гүйхээ бодож байснаас бус өөрөөсөө даруй хорин насаар ахмад, цорос аймгийн тэргүүн тэр том хүнийг эр нөхрөө болох юм гэж зүүдлээ ч үгүй явсан цаг. Гэтэл одоо нэгэнт тэр хүний хатан болох нь зайлбаргүй болсон хойно ч өөрийнхөө голоос хайртай хүн, Сэнгийн төрсөн дүү Галдан ламтай л ураглан гэргий нь болоод түүнийхээ төлөө амь насаа үл хайрлан тэмцэж байгаагаар зүүдэлж байдаг. Бодоод байхнаа багшаараа яриулсан тэр олон ухаалаг, чин шударгуу, баатарлаг дайчин хатад, гүнж нарын дотор Хайду ноёны Аюуруг гүнжээс өөр хайр сэтгэл, дур хүслийнхээ дагуу хадамд гарч, хүний гэргий хатан болсон бүсгүй нэгээхэн ч үгүй байтал зүрх сэтгэл нь оюун бодлоо сөрөн зүтгэсээр байгаагаас л ийм этгээд зүүд зүүдэлж байгаа биз. Тэр намар Очирт цэцэн хан хэдийгээр нурууны архаг хууч хөдлөөд тэнхэл муу байсан ч хоёр гуравхан жилийн дараа хадмын газар одох охин үр Анугаа сэргээн баясгах үүднээс анхны
цаснаар ав хоморгонд дагуулан явжээ. Хантан өргөөний шадар зуутаа аван тусгай хүмүүсээр тэжээлгэдэг хурдан анч нохдоо авчруулан, Тарвагатайн нуруунд чоно, үнэгний анд явав. Олон хоногийн өмнөөс Ану авд мордоно хэмээн баясахдаа Жанчивдорж дарханыхаар эргэлдэн ган утсаар хэлхэж буй шинэ хуягаа дуусч буй эсэхийг шалган, үйлчин Борхүүхэн авгайн урлаж буй шинэ цээживчээ тааруулан үзэж, өргөөний тигээс зайдуу гарч тэнгэрт нисч яваа элээ шувууг хүртэл харван бөөн хөөр болж буйд эцэг, эх хоёр нь нэгэн бодлын сэтгэл тэнийж, нөгөө бодлын, энэ балчир амьтныг хоёр гуравхан жилийн дараа хол газар хадамд мордуулна гэхээр өр зүрх хөндүүрлэн байвай. Чонын үргээлгэнд гарах хүмүүс, эзнээсээ урьтан авын газарт очиж отог байгуулан цацар майхнаа босгох барлагууд хоёр хоногийн өмнө Тарвагатайн зүг морджээ. Урьд жил нь Ануг ав хоморгод авч явна хэмээн эцэг нь амласан авч, тэр үеэр охин хамрын ханиад хүрч халуураад анд явж чадаагүйдээ удтал хар буун гасалсаар байсан тул өнөө жилийн намар заавал охиноо авд авч яван баясгана хэмээн Очирт хан хэдийн шийдээд байсан ажээ. Зун намартаа налайн, өндөр ургасан сөл өвсөнд хучигдан амгалан талбиун байсан байгаль дэлхийг нүднээ үзэгдэх төдий нарийн ширхэгт цасан хялмаагаар нэг л өглөө хучиж орхисон өвөл өвгөн догшин аашаа сануулан хүйтэн салхиар үлээсэн намрын жихүүн өглөө авд мордох хүмүүс өргөөнөөс хөдлөв. Газрын бартаанд илүү хэмээн Ануд барьсан суман халтар морь харахад үзэмж сайхан биш ч өндөр уул, хадан дунд хөл сайтай, анд явж ноходтой зэрэгцэн чоно, үнэг хөөж эзнээ сум тавихад нь үргэж бусгалгүй хурдаа жигд барин давхидаг, ааш номхон, хөл хөнгөн сайн хүлэг аж. Хошууд заншлаар буруу талын гуяндаа хас тамгатай, урьд унаж үзээгүй суман халтарыг агтчдын ахлагч Мандах урьд өдөр нь цаламдан барьж авчраад өглөө Анугийн эмээлийг тохон олмыг нь чангалаад хөтлөн авчрав. Ан авд олон явсан сайн морь хэмээн урьд орой аавынх нь үгээ олохгүй магтаад байсан суман халтарыг үлгэр туульд гардаг хөө хар морь шиг л ганган хүлэг юм байх гэж бодсон нь хонины бор гэмээр зүс муутай амьтан байсанд Ану гонсойгоод явчихыг харсан эцэг нь сахал дороо хүнгэнүүлэн инээж байгаад мэнгэрээ хөдөлгөчихөөд ханиаж ханиаж, газар нулимаад: -Үр минь. Хүлгийн сайныг унан байж мэдэм зэ.Хүний сайныг нөхөрлөн байж мэдэм зэ гэдэг юм. Чиний жороо хээр шиг ч юм уу, ижийн чинь унадаг гал шарга шиг үзэмж сайхан биш ч холын зам, газрын бартаа, ав хоморгонд зохилтой сайн хүлэг байгаа юм. Морд морд гэлээ. Авд явах хүмүүс дунд Мандарваа, Ану хоёроос өөр бүсгүй хүн байсангүй. Ануг ав хоморго, нум саадаг, хуяг дуулга гээд дувтан эр хүний эрхэлдэг зүйлийн юунд нь тэгж дурлаад байдгийг огтоос үзэглэдэггүй Мандарваа өргөөнөөс алс газар аялан явна гэдгээс бусдаар сэтгэл хөгжих юм байхгүй тул уруу царайлан байлаа. Анхны цас орж буй хүйтэн нойтон цагаар хол газар хээр, хөдөө даарч хөрч явах нь Ануг даган тансаг дулаан өргөөнд сууж, өнгөтийг өмсч, амттаныг зооглосоор муу зан сурч, тэрүүхэн тэндээ ямбалж дасаад буй түүнд халширмаар байвч эзэн боолын ёсыг яалтай
-Үр минь хадтай газар морио цочоов! Үргэж бусгах вий. нэн ялангуяа үнэг их гэмтэй гэдэг юм. Газрын бартаа руу улайран орчихуузай. Даарч хөрөв. Даадаа нь хөтөлгөө моринд хоёр чонон дах дайсан гэсэн. Шөнөдөө Мандарваатайгаа өвөртөө хонодог юм шүү, дулаахан гэхчлэн Доржравдан хатан баахан захиас хэлснийг сэтгэл хөөрсөн Ану олигтой ч сонссонгүй. Гэвч өргөөнөөс хөдлөн холоо явсан хойноо эргэн харвал намрын хүйтэн өглөө араас нь сүүн цацал өргөн, шивэгчин Уламнэмэх, нас өтөлж яваа Жангараг, Үзмээ, өрлөг эх тэргүүтний хамт зогссоор буй эхээ хараад өрөвдөн “Би мөн ачлалгүй хүнээ. Ижийгээ сэтгэл тавин сургааль, захиас хэлж байхад нь эс дуулагчин болж огоот хайхрахгүй зогсдог. Хэдхэн жилийн дараа Сэнгэ хааны өргөөнд ураглан одохоороо олон ааштай, бааштай ч гэсэн энэ биеийг минь төрүүлсэн элбэрэлт ижийгээ санах л болно шүү дээ” хэмээн гэмшилд автаж байснаа тэгсгээд мартчихаж билээ. Тэд хялмаа хаялсан хүйтэн өглөө өргөөнөөсөө гараад өдөрчийн газар явсаар Тарвагатай уулын бэлд шивээлсэн ангийн отогтоо хүрэв. Замдаа Ану эцэгтэйгээ багшийн хүүрнэсэн түүх, домог хуучийн тухай ярилцан, Очирт цэцэн хэрэвзээ аз болж, туйлын ховор ан цагаан үнэг авлавал охиндоо малгайн үс болгон бэлэглэнэ хэмээн амлаж явлаа. Эцэгтэйгээ ийнхүү дөрөө харшуулан гангар гунгар хийж явах нь охинд хэзээний хамгийн хүсэн хүлээдэг сайхан явдал нь байсан билээ. -Аав аа, та Өгөдэй хааны ач Хайду ноёны охин Аюуруг гүнжийн тухай мэднэ үү? -Хайду ноёны тухайд Хубилай хааны эсрэг босч байсныг сонссон. Тийм гүнжтэй байсныг нь мэдэхгүй ээ. -Тэр Ауюуруг гүнж, хүү хүний зантай эрэлхэг баатарлаг атал гоо үзэсгэлэн төрсөн учир Хайду ноён олон хүүхэд дотроосоо түүнийгээ онцгойлон хайрладаг байж. -Ухай... эцгийн гүн үрчлээт нүүрэнд сонирхсон шинж тодрон буйг ажаад Ану цааш үргэлжлүүлэн: - Аюуруг гүнж арван тав хүрмэгцээ эцгээ даган аян дайнд мордон их цэргээ оройлон байлдаж, дайсны цэргийн хүрээ, жагсаал уруу аюумшиггүйгээр дайран орж морьт цэргийг олзлон дүүрээд амьдаар нь авчирдаг хүч чадал, самбаа зориг ихтэй гүнж байжээ гэснээ инээд алдан, ижий намайг дувтан эр хүний эрхлэх хэргийг хөөцөлдөн дурлав хэмээн зэмлэдэг.Гэтэл энэ Аюуругийн домгоос үзэхэд над шиг охид, сэвгэрүүд зөндөө байж дээ гэсэн бодол төрсөн хэмээн эцэгтээ хуучлаад “Хайду ноён охид сэвгэрүүдийг хүчээр богтлон хайр сэтгэлгүй хүнд нь ураглуулдаг уламжлалыг зөрчин өөрийн дур хүслээр хадамд гарч болохыг соёрхсон бичиг Аюуруг гүнждээ шийтгэн өгсөн” тухай цааш нь хүүрнэх гэснээ өөрөө Сэнгэ хунтайжид хүчээр очих болсондоо эцгээ буруутган “Хотол цагаан Аюуруг” гүнжтэй барьцсан мэт болчих вий гэж үзээд больчихов. Охиныхоо хүүрнэлийг сонсон таашаалтайяа явсан хантан: -Тэгэлгүй яахав. Бүсгүй хүн болж төрлөө гээд дуртай үйлээ хийхгүй байж үл болно. Тийм учраас аав нь охиндоо багаас нь нум саадаг төхөөрөн өгч, Ойраддоо цуутай номын мэргэн багшийг залан авчирч шавь оруулсан юм шүү дээ. Хатад эхнэрүүд ухаан уужим байх аваас эр
нөхөртөө мэргэн зөвлөгөө өгч, үр хүүхэддээ эрдэм ухаанаа өвлүүлэн өсгөх тул охид сэвгэрүүд ном сурахыг би таашаадаг гэлээ. -Харин энэ Мандарваа арай хэмээн тод үсэг төсөөлж сурсан. Би уйгаржин заая гэхээр ахиж буй юм юу ч алгаа хэмээн охиноо шогшроход эцэг өхөөрдөн инээж: -Хүн хүний ухааны сав хэмжээ адилгүй шүү дээ.Үр минь. Мандарваа чиний шивэгчин болох харц угсаат хүн. Тод үсэг гаргадаг болсоныг нь харин ч эрхэмд бод гээд мориндоо ташуур өгөхөд дайн тулаан, ав хоморгод унадаг өндөр саарал морь нь хурд аван ухасхийв. Ану ч суман хүрнээ ташуурдан эцгээ дорхиноо гүйцэн ирээд: -Хүлгийн сайныг унан байж мэдэм гэж таны сургасан үнэн юм гээч. Хэчнээн хурдан хүлэг вэ гэлээ. Тэд отогтоо бүрэнхийд ирж хоноглоод маргааш нь үүр цүүрээр нимгэн ширдэг шиг хялмаанд хучигдсан уулын бэлээр чонын мөр хөөн авд гарлаа. Очирт ханы тэжээлгэсэн анч хурдан тайган дөчөөд нохой хуцалдан үргээлгэний хүмүүсийн морьд үүрсэх, дөрөө харшилдан, цэрэг эрсийн зэр зэвсгийн чимээтэй хоршин цасан хялмаанд хучигдан анир чимээгүй дүнсийх уул талыг амилуулах шиг. -Үр минь намрын адаг сарын хүйтэн шөнө цацарт даарч зутрав уу? хэмээн эцгээ асуухад сэтгэл хөөрч нүд нь очтон гялалзах Ану: -Ердөө ч үгүй. Мандарваа гэдэг чинь тулганы халуун гал шиг л илчтэй амьтан юм. Хажуу бөөрнөөс төөнөөд... хэмээн тас тас хөхөрлөө. -Яамай даа. Та хоёрын хучлаганд өгсөн хоёр дах идэр есийн хүйтэнд хяр дээр хоноход ч дааруулахгүй, илчтэй, шинэхэн эд байгаа юм. За, охин минь энэ мөр үзэж байна уу? Үүнийг дагаад зүүн гүвээн дээгүүр ташин явцгаана. Үргээлгийн хүмүүс эртлэн мордсон хэмээн эцэг нь өгүүлэв. Тэд хоёр ч чонын мөр хөөсөөр нар цухуйж байхад сэрэвгэр хаднуудын дунд нэгэн том улаан чонын бараа харав. Цаанаас нь үргээлгийн цэргүүд анчдын зүг хөөсөн тул тэр ховор зүсний том улаан чоно өөдөөс ирж яваа хүмүүсийн бараанаар хоромхон зуур хаднуудын цаагуур орчихов. Очирт цэцэн хан мориндоо ташуур өгч чонын хойноос баруун талаас нь давхилаа. Ану тэр улаан чонын хоргодсон хадны зүүн талаар нь орох санаатай морио давираад нум сумаа зэхэв. Олон анч ноход уяанаас сулрангуут амь зулбасан чоныг элдэн давхилдсаар нуугдсан хадных нь цаанаас хөөн гаргахад өчигдрийн идсэн хоол нь болтой бөөн бөөн бүхэл махаа бөөлжин гаргаад хөлийн хурд мэдэн зугтаж азарган улаан чонын зүүн гуяар Очирт цэцэн ханы тавьсан сум харван орж дунгуй хадан унагахад нь үргээлгийн цэрэг эрс уухай хадаан хөөрцгөөв. Гэтэл гуяндаа шархтай тэр араатан, чоно гээч амьтан долоон голтой байдгийг харуулан шархтай хөлөө чирэн гүйсээр бас нэг хадны хойгуур орчихов. Анч ноход тэр чонын хойноос хуцалдан давхилдаж элдсээр амь зулбасан хадных нь цаанаас дахин хөөгөөд гаргачихав.
-Аав аа,би гүйцээе! гэж Ану хашгираад бэлэн зэхсэн нум сумаа онилон морины хурдаар давхих зуур амьсгаа түгжин нэг харватал оносонгүй. Зүүн гараа мөр давуулан хоромхон зуур дараагийн сумаа авч, хадан дундуур нуруу нь улалзан давхих тэр араатныг онилон эрхийгээ чивчиртэл татаж байгаад сумаа тавихдаа чонын бөөрийг оносноо зөнгөөрөө мэдэрчээ. Чоно ганц харайгаад нам уналаа. -Ухайс! Байбагас ханы удам мөн дөө хэмээн эцэг нь хашгираад ангийн олз руугаа ухасхийхэд охин “Би харвахдаа лав Хотол цагаан гүнжээс дордохгүй бий” хэмээн бодоод олз руугаа давхилаа. -Үнэхээр ховор зүсмийн сайхан амьтан юм. Ийм том биш бол зост хадны улаан үнэг байна л гэж бодмоор юм байна. Хар эс бол , хаа нэг цагаан зүсний чоно авлаж байсан ч ийм том улаан азарган чоно агнаж байгаагүй юм байна хэмээн эцэг нь хэлээд мориноос бууж чоно руу очиход Балсан: -Хантан сэрэмжтэй байгтун! Үхээгүй ч байж магад, гэнэт үсрэн дайрах вий гэхэд -Тийм шүү! Балсангийн зөв гээд арагш нэг алхам ухрах зуур давхин ирсэн Ану дахин нэг сум чонын хүзүү рүү нь тавихад тэр араатан сүүлчийн удаа татвасхийн амь тавилаа. Анч ноход хуцалдан үхсэн чоно руу дайрч, үргээлгийнхэн ирцгээн “Мөн булиа том амьтан аа!”,”Ану гүнжийн хоёр сум байна.Ангийн тэнгэртэй охин юм!” ,”Нуруу нь хоншоор сүүлээ оруулахгүйгээр нэг сайн алд илүү юм гээч” гэцгээн шагшаан шуугиан болоход Балсангийн эцэг Лувсанхайдав ирж: -Та минь, өвчихдөө арьсыг нь гэмтээв! хэмээгээд эцэгтэйгээ хамсан авласан анхны чонынхоо ховор зүсийг гайхан арьсыг нь илж үзэх санаатай гараа сунгасан Ануг хориглон: - Авхай холдогтун. Нохой бөөс, ширх үсэрнэ. Арьсыг нь өвчиж элдсэн хойно үзээрэй гэв. -Алив, анхны ав хоморгондоо энэ том олзтой буй үрээ үнсье! хэмээн эцэг нь хошуу цорвойн охиныхоо духыг нь сахалтай хошуу хүргэн үнэрлээд: -Шинэ цээживч нь үнэхээр уран хийцтэй болж. Бүсгүй хүнийх юм гэсэндээ цээжиндээ хос алтадсан тольтой. Үнэхээр миний охинд зохирсон дэгжин эд болжээ хэмээн магтав. Анчид тэр өдөртөө дахин хоёр үнэг авлаж, өнөө улаан азарган чонын гичийнх бололтой өөр нэг мөрөөр мөшгин явсаар цагаан гэгээ тасрахын алдад барааг нь нэг хараад алдчихав. -За, яав. Ав хоморгын эхний өдөр олз омог ихтэй болохоор бахтай байгаа биз? Миний үр хийморь ихтэй нь төдий хэр байхгүй юу хэмээн үдэш отогтоо буцаж ирээд түүдэг галд мах шорлон идэх зуур эцэг нь асуулаа. -Ёстай бахтай юм аа. Би ч Хайду ноёны хотол цагаан Аюуруг гүнж шиг бяр тэнхээ ихгүй ч, харвахдаа лав түүнээс дордохгүй юм байна хэмээвэл биеэ хэт ихэд бодсон болох байх даа? хэмээн Ану хэлэнгээ жаварт хээрийн хойморт ил гал дээр шорлон шарсан мах идэн авласан
ангийнхаа тухай хөөрөн суух нь үнэхээр бахтай сайхан цэнгэл бөгөөд “Эр хүний жаргал эзгүй хээр” хэмээн юуны учир хэлэлцдэгийг ухаарах мэт болов. -Яалаа гэж дутахав. Илүү ч байж мэдэш.Энэ улаан чонын арьсыг өвчиж элдүүлээд охиндоо өгөм зэ. Ангийнх нь анхны олз, хийморь дагуулах биз хэмээн эцэг нь догионо. -Би тэр шар халтар үнэгийг л өөрөө авласнаас биш чоно бол таны олз шүү дээ, ааваа хэмээн охин хошуу унжуулан эрхэлнэ. Анчдыг эзгүйд отогтоо залуухан зам Дондовдоржид хамжилцан хоцорсон Мандарваа галын захад дах нөмрөөд үүрэглэж суухыг Балсан үзээд хөхөрч: -Ану гүнжтэн, шивэгчин охин тань хээр ямба алдан зутарчихаж. Дахан доор үүрэглэж сууна хэмээн шоолоход гал тойрон суусан эрс хөхрөлдөх чимээнээр охин цочин сэрэхэд Ану бүүр ч их хөгжин тас тас хөхрөн: -Хөөе Мандарваа чи юун хийморьгүй золиг вэ! гал өөд дөхөөд л байсан, наад дахны хормой түлчихэвзэй. Нойроо дийлэхгүй, хээрийн жаварт тэсэхгүй байгаа бол үтэр түргэн цацартаа морил! хэмээн зандрах, шоглохын хооронд хэлж хүмүүсийг улам хөгжөөв. Маргааш нь авынхан дахин хоёр үнэг, хэд хэдэн туулай, тураг гөрөөс намнаад тэнгэр муухайран цас шуурах төлөвтэй тул үтэр түргэн гэрээдээ буцах замд оржээ.
Арваннэгдүгээр бүлэг Аргын тооллын 1668 он, шар бичин жил гарлаа. Цагаан сарын дараахан хөгшин Цэвээн хатны лагшин чилээрхэн хэвтэрт орж, хаврын дунд сард дотрын хүнд өвчнөөр насан элжээ. Ухаан төдийлөн хурц бус , гоо үзэсгэлэн гайхмаар биш ч уужуу тайван, аливаа хэрэгт хошуу дүрээд байдаггүй, бага залуу хоёр хатантай төдийлөн жөтөөрхөлцөлгүй байж, хантанд хоёр хүү, гурван охин төрүүлэн өгч хоёрыг нь нялхад нь алдан, дөч гаруй жил их хатан нь болж, хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулсан, насаар өөрөөс нь хоёрхон дүү жаран гурван сүүдэр зооглосон хөөрхий хатнаа алдаад Очирт цэцэн хан ихэд гашуудан эмгэнэв. Ховог сайраас Сэнгэ хаан Ануд сүй тавихаар ирэх гэж байснаа их хатан Цэвээн таалал болж, хантны өргөө гашуудалтай буйн тул больж, эх Юм-Агас нь Галдан хүүгийн хамт хүрэлцэн ирж эмгэнэл хуваалцахаар болжээ. Цастын орноос ирснээс хойш Ойрад даяар Эсэн хутагтын хойд дүр гэгдэн , Зая гэгээн багшийн залгамжлагч номын их багшийн сэнтийд залраад буй Галдан хувилгаан Очирт цэцэн ханы их хатны хойдын номыг уншин, алтан хайрцгийг нээхээр морилон ирнэ гэдэг хүндэтгэлийн дээд байлаа. Залуу хувилгаан дөрвөн Ойрадын чуулганы “хантныг” хүндлэн, өтөл насандаа таалал болсон талийгч их хатныг нь бодсондоо бус, өсч яваа үзэсгэлэнт Ану охиныг л харах гэж шалтаглан урт зам туулан Хөх нуураад морилж буй гэдгийг ухаан сэргэлэн Доржравдан хатан, тааварлан мэдэж байлуга. Ану ч хайр сэтгэлийг нь булаасан Галдан ламтныг морилон ирэх сургаар эртний заншлыг даган түүндээ тамхины хавтага оёж өгөхийг хүссэн ч эхийн үгийг тас зөрөн оёх хатгах үйлд төдийлөн шамдаагүйн гай одоо л илрэв. Оёдол хатгамлыг сурахаас цааргалан хойш тавьж, цэргийн эрдэм, бичиг номыг илүү чухагт үзэн шамдсаар ирсэн Анугийн хувьд тамхины хавтага оёх нь гурав дөрвөн хоногт багтахааргүй хүчир зүйл байсан тул авдраасаа цэнхэр панс гаргаж, түүн дээрээ бурхан багш эхээс мэндлээд алхахын тоолонгоор нь хөрстөд дэлгэрсэн домогтой бадамлянхуа цэцэг зүү ороон хатгамалдаж үзүүрийг нь имхэрдээд амны алчуур оёж түүндээ бэлэглэхээр шийдэв. Тийнхүү алчуурын пансаа гаргаад хатгаж эхлэх гэтэл хатгамлын зургаа хэрхэн буулгах, өнгийн торгон утас хаанаас авахаа мэдэхгүй сандран өрлөг эх өөдөө гүйв. Сүүлийн жилүүдэд зүрхний архаг хууч нь үе үе сэдрэн хэвтэх болсон өрлөг эх нь аанай л тулганыхаа захад хуучин оймс цоолдож суув. -Даадаа! Энэ алчуур дээр бадамлянхуа цэцэг хатгах гэсэн юм. Оёх хатгахдаа төдгүйг минь та мэдэх хойно доо. Зургийг нь буулгаж аль. Чингээд зогсохгүй өнгийн торгон утас аль! хэмээн Ану багынх шигээ эрхлэн туньсан өнгөөр нэхлээ. -Охиндоо хар цайтай хэмээн өрлөг эх нь гүвтнээд хэдий сүүгүй ч сайхан гурил хуурч самарсан цай аягалан, гуйлтыг нь сонсоогүй мэт “Саяхан цай чанаж уудалчихаад сууж байсан юм. Ямагт цай идээ болсон хойно орж ирдэг ”морьтой” хүүхэн шүү хэмээн ярихад нас ахисны улмаас халх аялга нь улам ч тодорсныг Ану анзаарав.
-Та ч бүүр халхаар ярьдаг болжээ. Халхууд сэвгэрээ “хүүхэн” гэдэг биш үү? гэж Ану хэлснээ халуун цай оочлох зуур: -За тэгээд миний гуйсныг түргэл дээ. Харин юуны тулд? хэмээн бүү илүү хоншоорлоорой хэмээн өчив. Охины занг гаргуун сайн үзэглэдэг өрлөг эх нь үрчлээт царайдаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад: -Яалаа гэж илүү хоншоорлохов дээ,Даадаа нь. Харин хатгамлын зураг дүрс ахайтанд л байдаг юм. Торгон утас бол надаас ав даа охин минь гэлээ. Тэгээд Ану алчуурын буланд дүрс хийж аль гэж орхиод өнгийн утсыг нь аван өргөөнийхөө зүг “нисэн” одлоо. Удалгүй өрлөг эхийн зүг Мандарваагаа зарвал ямаршуухан шалтаг хэлж ижийгээс нь бадамлянхуа цэцгийн дүрс буулгаж авсныг бүү мэд. Ямар ч гэсэн цэнхэр пансан алчуурын захад цоморлигоо хагас дэлгэсэн гоёмсог бадамлянхуа цэцгийн дүрсийг шохойгоор буулган явуулжээ. -Еэ гялай! Миний Даадаа ийм сайн шүү гэж Ану хөөрөн дэвхцэхийг Мандарваа гайхан харна. -За бүү илүү хоншоорлоорой чи! Намайг алчуур хатгамалдаж байна гэж үхсэн ч хүнд бүү хэл,мэдэв үү хэмээн Ану зандраад торгон утас ороон бадамлянхуа цэцгээ хатгаж эхэлж билээ. Иинхүү чадан ядан хатгамал хийж суухдаа эм хүний эрдмийг бас сурах нь амин чухаг зүйл хэмээн ижийнх нь сургадаг орой руу нь орж, за энэ хавраас ижийгээр хатгамал оёх, нүүр царай, биеэ ариглан, галбираа хадгалах олон аргаас нь заалгая хэмээн сэтгэжээ. Энэ өдрөөс эхлэн гурав хоног махран хатгаж, муухай болсныг нь буцаан хөвөрдсөөр буландаа цоморлигоо дэлгэж буй цагаан бамлянхуа цэцгэн хатгамалтай цэнхэр алчуур бэлэн болж охины сэтгэл амран цээж дотор онгойж билээ. Чингээд зогсохгүй Өэлүн эх Есүхэй мэргэнд булаагдан одохдоо эр нөхөр мэргидийн Чилэдү баатарт “Үнэрийг минь үнэрлэж яв...” хэмээгээд цамцаа тайлан өгснийг санан нөгөө алчуурт үнэрээ шингээх гэж өвөртлөн унтаж байв. Их хатан таалал болж, өргөөний зам махгүй цагаан хоол бэлтгэсэн тул эхийнхээ өргөөнд үзэмтэй будаа зооглож суусан Ану гашуудлын явдлаас үүдэн гэнэт өнгөрсөн жилийн хар дарсан зүүдээ санав. Урьд нэг удаа шар шувтлан хаан суусан Галдантай ураглан хатан нь болоод дайсны сумыг хаан өмнөөс нь амиа зольж байна хэмээн хар даран зүүдэлсэн нь санаанд орж: -Би нээрэн, ноднин жил нэг муухай хар дарсан зүүд зүүдэлж, үхэж байна гэж итгээд уйлж байгаад сэрсэн шүү дээ. Үхэх гэдэг их аймшигтай санагдсан гэхэд үхлийн тухай ярианд их л сэжиг цээртэй ханддаг эх нь цочин: -Юутай муу ёрын зүүд үзээ вэ?Ижийдээ өчихгүй яагаав. Багштанд айлтгаж, ном уншуулах байсан юм гэхэд эцэг нь: -Үр минь яагаад үхэж байх юм? хэмээн хэнэггүй асууж хатнаа их харахад хүргэв.
Олон дайн тулаанд явж, гэдсээ хүү татуулан татваганаж, хүзүү толгойгоо тасдуулаад хөл нь тийчлэн, эх биеийнхээ тэхий дундуур тас цавчуулан хоёр хэсэг болж эсвэл хэвлийгээрээ сэлэмдүүлээд цувдайгаа гоожуулан үхэж буй цэрэг үзэхээрээ нэг болсон хантанд үхэл гэдэг аймшигтай санагддаггүй ажээ. -Их сонин зүүд байсан. Би нэг хаан хүний хатан болсон байх юм. \\Тэр нь Галдан байсныг мэдээж эцэг, эхдээ ярихад зохисгүй тул алгасаад\\ Тэгээд тэр хаандаа их л хайртай, сэтгэлтэй бололтой. Түүнийг харваж алах гэж буй дайсны сумны өмнүүр ороод хэвлийгээрээ тас харвуулан үхэж байна гэж зүүдэлсэн юм. Үхэж буйгаа мэдэхдээ гараа хөдөлгөх гэтэл хөшчихөөд, дуугарах гэтэл дуу гарах үгүй, сүнс минь энэ муу биеэ орхин одож буйг мэдээд үхмээргүй, энэ хорвоод үлдмээр санагддаг юм билээ. Эцэг эх хоёр нь түгшин хоёр бие рүүгээ харц солилцов.Охиныг төрөхөөс өмнө хоёулаа үзсэн зүүдээ өнөөг хүртэл бие биедээ хүүрнэлгүй явсан атал тэр зүүдийг нэгэн зэрэг санацгааж, харцаараа ойлголцсон нь тэр аж. Ерөөс өргөөнд гашуудал зарласан энэ үед барлаг, зарц нар их дуу чимээ гаргахаас эмээн сэм сэмхэн алхацгааж, ярих хүүрнэхдээ шивнэлдэн байсан цаг билээ. Охиныг Мандарваагаа дагуулан өөрийнхөө өргөөнд очихоор одох үед гэр дэх зарц шивэгчингүүдийг гаргаж байгаад хан хатан хоёр хоёулангийнхаа олон жилийн өмнөх зүүдний тухай ярилцан ихэд гайхацгаав. Очирт цэцэн ханд овоо индрийн тэндээс гарч ирсэн навсгар удган, хатантанд бага ахуйдаа оросын Астраханьд таарч байсан цыган хэмээх ов заль ихтэй, дуулж хуурдан, тэнэж явдаг, эх нутаггүй зайгуул омгийнхны хөгшин эм үзэгдсэнээс бус Доржравдан хатнаас мэндлэх охин өсч томроод хаан хүний хатан болж, хожмоо хатгалдах дайсны халуун зэвсгийн суманд оногдон нөхчиж, шастир түүхэнд мөнхрөх болно хэмээсэн нь яг ижил ажгу. -Арьяавал шүтээн минь, өөдөсхөн сэвгэрийг минь авралдаа багтааж хайрла. Охин сэвгэр болж мэндэлсэн байтлаа хүү хүний зантай энэ хүүхдийг тийм гашуун тавилан угтаж байдаг юм байх даа. Тийм чивэлтэй аюумшгийн зүүдийг хэн хаанаас бидэнд илгээнэ вэ?Өөрөө хүртэл зүүдэлсэн байна шүү дээ,хан эзэн минь гээд хатан нүдний нулимсаа бөмбөрүүлэн эр нөхрийнхөө энгэрээд наалдлаа. Хатныхаа уйлан чичрэх дал мөрийг илбэн том ган тулганд улалзах аргалын галыг ширтэн гүн их бодолд орсон хантан буурал тэргүүн бөхийлгэн сүүрс алдаад: -Хувь төөрөг нь тийм бол хэн ч өөрчлөх арга үгүй шүү дээ. Чи минь тайтгарч үз. Өнөөхөндөө энэ өргөөнд таалал төгссөн хүн Цэвээн хатан л байна бус уу?Охин минь будаагаа хүртчихээд гарч өргөөндөө очсон шүү дээ хэмээн тайтгаруулав. Цэвээн хатны бүрлээч болсны тав дахь өдөр нь Галдан хувилгаан, эхийн хамт Очирт цэцэн хантны өргөөнөө морилов. Бүрлээчийг хөдөөлүүлээд гурав хонож байсан үе. Галдан хувилгаан залрах чимээ уул, талаар салхи мэт хурдан түгж, Хөх нуур хавийн сүсэгтнүүд хантны өргөөний хавиар шаван ирж, цацар майхан шааж багахан балгад суурин мэт хөл дараад байлуга. Эхийгээ хөдөөлүүлэн хойлог хийхэд оролцохоор Гартангомбо,Эрдэнэ тайж,
холд бэрлэн одсон охин Дарьжав болон Доржравдангаас төрсөн Галдмаа баатар нар ирцгээж өргөө ч хөл ихтэй байлаа. Аанай л ёслолын өргөөнийхээ гадаа хоёр хатан, хүүхдүүд, зарц барлагуудын хамт Ойрад түмний шашны тэргүүн Галдан хувилгааныг хүндэтгэн угтах Очирт цэцэн хантай залуу ламтан мэндийн билэг ерөөлтэй үг солилцоод, өөрийн эрхгүй эхийнхээ цаана хяран зогсох Ануг нүдээрээ хайж олоод харц тулгарчихлаа. Хэдий хаврын урь орж байсан ч хээр талд жихүүн жавартай хэвээр тул цагаан үнэгэн малгай, дугуй хээтэй цэнхэр торгон хөвөнтэй дээлний гадуур цагаан булган богино хүрэм өмсөн, нүд гялбам цагаан сувдан урт унжуурга зүүсэн залуу охины хацар ягааран, үнэгэн малгайн цагаахан сор үсэн доороос жижигхэн цоглог хүрэн нүд өөрийг нь үзээд баяр хөөрөөр догдлон очтохыг харсан залуу хувилгааны амгалан зүрх ч булгилан цохилов. “Чи минь сайн сууна уу?” “Амархан сайн даа.Та минь аян замдаа сайн явж ирэв үү?” “Чамтайгаа учран золгоно гэхээс газрын холыг хэрхэн туулснаа ч ухсангүй” “Өргөөнд уй гашуу тохиолдсон нь юутай аз вэ! Сэнгэ хаан ахтай тань тавих сүйг минь хойш тавиуллаа” ”Тийм ээ.Тэгээд бас бидэн хоёрыг дахин учрууллаа” хоромхон зуур хайртай хосын нүд харц солилцохдоо үггүйгээр ийнхүү “ярилцаж” амжжээ. Тэр өдөртөө Галдан лам өргөөнийхөнд адис хүртээхэд тэр хоёр дахин учрав. Хажууд нь эцэг, эх, зарц барлаг олон хүн байсан ч сэтгэлтэй хоёрын хос нүд яаж ийгээд “ярилцаж” амжаад, адис хүртээх далимаар хоёр бие шүргэлцэх тэр агшинд хөвчин бие жирсхийлгэн, халуун цус бүхий л биеэрээ таран,зүрх сэтгэл догдлон баясах хормыг хамтдаа эдлэн цэнгээд хоёр биедээ хоргодон хоргодон холдоцгоож билээ. “Хүн амьтан саад болохооргүй газар хоёулхан учрах сан” “Тийм ээ, эр хүний хувьд би чамтайгаа хоёулхан учрах агшныг бэлэглэнээ” “Би тандаа хатгамалтай алчуур өгнө” “Би бас чамдаа дарь эхийн алтан дүр гуутай нь хийлгэн өөрөө аравнайлаад авчирсан.” “Бушуухан шиг тантайгаа учрах сан” “Чамдаа би ч адилхан хүсэн тэмүүлж байна. Гэвч хонгорхон минь сэрэмж бүү алдагтун” “Мэднээ. Ойрад түмний шашны тэргүүн Та минь нэрээ сэвтээж үл болно. Би чинь бас Сэнгэ хаан ахын тань сүйт бүсгүй болох хэвээр шүү дээ” Тэр хоёр харцаараа ийн “хүүрнэлдэж” байлаа.
Галдан ламтан эцэгтэй нь төрийн хэрэг хэлэлцэж, наснаас халин одсон Цэвээн ахайтны хойноос ном хурж, өргөө тойрон шавсан хэдэн зуун сүсэгтэндээ авшиг адис хүртээн завгүй байсаар ирснийхээ гурав дахь орой нь өөрийнхөө шавь ламхайгаа явуулан Ануг буусан өргөөндөө сэмхэн дуудуулжээ. Хүсэн хүлээсэн мөч ирэх нь! Охин сийлбэртэй, зааны ясан хүрээт босоо толинд зүс царайгаа яаран сандран харчихаад гарч гүйх гэснээ хэчнээн шөнө үйл мэтгэн сууж хатгамалдсан цэнхэр пансан алчуураа мартсанаа гэнэт санаад буцан орж дэрэн доороосоо авч сандчин өвөртөө шургуулаад булган хүрмээ хэдрэн, цагаан үнэгэн малгайгаа далиу тавиад “Чи өргөөндөө сууж бай. Намайг хүн асуух болбоос багшийндаа морилсон гээрэй” гэснээ малгайгаа тэгшлэх зуур хэрэв ижий намайг Галдан хувилгаанд бараалхсаныг мэдчихсэн байвал багшийнд очоогүй нь илчлэгдэх юм байна хэмээн сэтгээд “Үгүй ээ,Галдан хувилгаанаас авшиг хүртээд багшийндаа очно гэсэн” хэмээн өчдөг юм шүү гэж Мандарвааг захиран суулгаад гарч одлоо. Түүнийг хайртай хүнийхээ хүлээн суугаа өргөөний дэргэд нисэх мэт хурдалсаар ирээд цээж бөмбөрдөн дэнслэх зүрхээ даран хэсэг зогсох зуур Галдангийн шавь ламхай гүйцэн ирээд: -Та чинь талын гөрөөс мэт хэчнээн хурдан юм бэ! Чүү гэж гүйцэв хэмээгээд өргөөний хүнд эсгий үүдийг өргөж оруулав. Зочин гийчдэд барьж өгдөг зургаан ханатай уужим өргөөнд галын илч түгэн асч, хойморт байх гүнгэрваатай бурхан тахилын өмнө хэдэн арван зул асаасан нь тэнгэрийн одноос хэсэгхэнийг таслан авчирсан мэт өргөөг өдрийнх шиг гэрэлтүүлж, баруун дээд талд зассан зузаан олбог дээр Галдан хувилгаан номоо бясалгаж байна уу гэлтэй мэлмийгээ анин эрхиэ эргүүлж суухыг охин хараад гирэвшихдээ буцаад гүйчихмээр л байв. Гадаа хөлөртлөө гүйгээд дулаан гэрт ормогц үнэгэн малгай, булган хүрэм нь халууцуулан, айж, ичих зэрэгцсэн охин юу гэхээ мэдэхгүй зогстол залуу хутагт мэлмийгээ нээж орж ирсэн хоёрын зүг халиагаад: -Ану гүнж ирэв үү?Малгай, хүрмээ нимгэл. Агваанлувсан чи гарч бай гэлээ. Түүний баргил сайхан хоолойн амгалан өнгө охины айж ичих сэтгэлийг илбэн тайтгаруулж Ану малгай, хүрмээ тайлан зүүн орон дээр сандайллаа. -Наашаа ойрт доо. Адис хайрлаж ерөөл айлдъя хэмээн ламтан хэллээ. Галтай тулганы доогуур хэд алхаад охин хайртай түүнийхээ өмнө хормой чичрүүлэн очиж сөхрөн суун туслаа. Хажуу дахь олон зулынхаа гэрэлд Галдан хутагтын цайвардуу цэвэрхэн царай, өнөөх уран хэлбэрт зузаан уруул, өндөр шулуухан хамар, өтгөн хөмсөг доорхи ховсдох мэт цоргисон харцтай алаг нүд Бурхан багшийн хөрөг шиг эрхэмсэг үзэгдэх аж. -Духаа ойртуул... -Жаа...гээд Ану нүдээ анимагц хутагтын зөөлөн өндөгтэй хуруунууд духанд нь аяархан хүрэхэд хамаг бие нь ирвэгнэн жирсхийхэд цочин нүдээ нээж зориглоод түүний сайхан нүд
рүү эгцлэн ширтэж: -Таны гар хэчнээн сайхан зөөлхөн юм бэ? -Чи үнэхээр улам хөөрхөн болж...Чамайг анх үзсэнээсээ хойш мартаж үл чадах юм... -Би ч мөн адил...Гэхдээ ах тань намайг буулгаж авна шүү дээ. Галдан хутагт гүнзгий шүүрс алдаад охины бугуйнаас атгаснаа зөөлөн том гараараа баруун гарыг нь энхрийлэн атгаад тэссэнгүй хөөрхөн ягаан хацарт нь уруулаа хүргэн үнссэнээ гарыг нь атгаастай хэвээр амандаа маань уншин мэлмийгээ аниж, хэдэн хором болсноо тавьж сүүрс алдан: -Чиний дэргэд удах юм бол сахил санваар, ам тангаргаа ч умартах бололтой сэвгэрхэн минь гээд цааш эргэн хадагт ороолтой юм гарган ирж задлаад бяцхан мөнгөн гуутай эрхийн чинээ алтан бурхан гарган ирж, үүнийг хадгалж эс бол, оосорлоод зүүж, шүтэж, намайг дурсч яваарай гээд өглөө. Догдолж баярласан охин чичирхийлсэн гараа сунган тэр эрхэм бэлгийг нь хоёр гардан аваад доош өвдгөө хүртэл мэхийн талархаад бурханыг гуунаас нь гарган үзвэл Галдан: -Цагаан дарь эх. Ямагт шүтэж яваарай. Бүсгүй хүнд ээлтэй. Чи минь наддаа цагаан дарь эх л гэсэн үг гээд нүд рүү нь урсгал харцаар ширтэв. -Жаа...багштаан. -Одоо яв даа.Миний сэтгэл тайтгарлаа хэмээн Галдан охиноос нүд салгаж үл чадан ширтсээр байхад өчүүхэн зүрх нь цээжиндээ багтахгүй дэлдсээр буйд улам ч сандран мэгдсэн охин зүүн орны зүг үлгэн салган явж очоод цагаан үнэгэн малгайгаа толгойдоо тавьж, булган хүрмээ углахдаа аль болох удаан аажуу хөдлөн энэ хүний дэргэд дахин ганц хором ч атугай саатмаар санагдан тэр зуур өнөөх алтан бурханаа зүүн гартаа тас атгасан байлаа. -Энэ малгай доороос нүд чинь очтоод хэчнээн хөөрхөн сэтгэл булаам үзэгдэнэ вэ чи? -...охин юу хэлэхээ ч үл мэдэн хувцаслаж дуусаад: -Та ...та хэзээ буцан морилох вэ? гэж зориглон асуугаад өнөөх сайхан алаг нүд рүү нь харахдаа сая л нөгөө цэнхэр пансан алчуураа санаж өврөөсөө санд мэнд суйлан гаргаад: -Би хэчнээн мунхаг хүн бэ?Танд өгчилгөх гэж л үүнийг чадан ядан хатгамалдаж, үнэрээ шингээх гэж өвөртлөн унтаж байсан атлаа мартаад гараад явах нь гээд тулганы доогуур хурдан гэгч хэд алхаад Галдангийн өмнө очиж сөгдөн суугаад алчуураа өгөв. -Гялайлаа,чамдаа гээд ламтан алчуурыг авч үнэрлэснээ охины хацрыг баруун гараараа зөөлөн илбээд: -Бид маргааш Ховог сайрын зүг хөдөлнө. Энэ алчуурыг чинь үхэн үхтлээ хадгалж
явнаа.Гялайлаа чамдаа! -Би ч бас таны хайрласан алтан бурханыг насаараа дээдлэн шүтэж , хайрлан хадгалж явна. -Амархан сайн сууж байгаарай! - Та аян замдаа сайн яваарай! Охин сэтгэлээ барьж дийлэхгүй мэлтрэн ирсэн нулимсаа түүндээ үзүүлэхгүйн тулд огцом эргэн үүдэнд хүрч, нэг л мэдэхэд жихүүн хүйтэн хаврын шөнө гадаа гарч ирсэн байв. Тэргэл саран гийж, өргөөний орчмыг мэлтийтэл гийгүүлнэ. ”За бушуухан өргөөндөө очихгүй бол ижий, аав, Юм-Агас хатан мэдчихнэ. Оронгуутаа Мандарваад юу хэлнэ?Ямар ч гэсэн энэ нууцаа хэнд ч дэлгэхгүй. Амнаас алдуурсан ганц үгийг хадны цуурай хүртэл давтан, ертөнцөөр нэг тараадаг гэж багш хэлдэг” хэмээн бодон өргөө рүүгээ алхах гэтэл нөгөө хувраг хөвүүн нэгтэйгээс гүйн ирж: -Багш таныг өргөөнд нь хүргэж өгөөрэй гэсэн гэлээ. Насаар Анугаас ганц хоёр л дүү хөвүүн бололтой. -Чи Галдан хувилгааны шавь юм уу? -Тийм ээ. -Бурханы шавь болоод удаж байна уу? -Дөрвөн жил нутгийнхаа хүрээнд шавилан суугаад өнгөрсөн жилээс Галдан хувилгааны шавь болон шалгарсан. Багш маань тарнийн аймгийн ухаанд нэвтэрсэн хүн дээ хэмээн хүү ярьж явлаа. “Надад бол хутагт хувилгаан биш зүрхний минь хайртай хүн. Номт хувцас өмссөн, тарнийн ухаанд нэвтэрсэн хувилгаан байгаагүй зүгээр л Галдан баатар байсан бол чинийхээ төлөө бүх амьдралаа зориулан, амиа өгсөн ч харамсах юм алга” хэмээн Ану бодож явлаа. Чингээд өргөөнийхөө үүдэнд ирэнгүүт: -Гялайлаа.Чи манайд орж цай уухгүй юм уу гэхэд ламхай: -Үгүй ээ.Багш дуудна. Удахгүй Юм-Агас ахайтан багштаны өргөөнд морилох байх.Би явлаа гээд гүйн одов. Ану түүнийхээ өгсөн, одоо ч алганых нь дулаан илчийг хадгалсаар буй мэт санагдуулах өнөө бяцхан дарь эх бурханаа уруулдаа хүргэн, сарны гэрэлд нэг сайн харж аваад өвөртөлчихөөд өргөөндөө орлоо. Мандарваа ганцаараа тулганы дэргэд ширдэг дээр дөрвөн бэрх буулган сууж байв. Ану явсаар хоймрын авдрынхаа өмнө очиж цүүг нь тайлаад дээд тавиур дээр нь өнөөх нандин шүтээнээ тавиад цуургалж, түлхүүрээ хүзүүндээ зүүгээд:
-Намайг явсанаас хойш хэн ч асууж шалгаасангүй юу? хэмээн асуулаа. -Үгүй гүнжтээн. Ижийн тань өргөөнд Лувсандаш тайжтан хатны хамт,мөн танай худ Сүлдэн тайжтан, Гартангомботон, Эрдэнэ тайж, Галдмаа баатар, Юм-Агас ахайтны хамт зочлуулан зоог барьж буй гэнэ билээ. Дараа нь Сүлдэн тайж, Лувсандаш тайжтан нар Галдан хувилгаанд бараалхах юм гэсэн хэмээгээд Анугийн царайг харж нүд нь ер бусын баясгалантай гэрэлтэн гийснийг үзээд гайхсан ч “Бүү илүү хоншоорло” гэх вий хэмээн зүрхшээгээд : -Та багшийндаа морилоо юу? хэмээн тэс өөрийг шалгааж, түрүүхэн хоолон гэрээс авчирсан домботой цай, үзэмтэй хайлмагийг хоймрын гантиг өрөн дээр тавьж, цай аягалан барилаа. Ижийнхээ тээр жил тод үсэгт тайлагдлаа гэж мялаасан ёроолдоо доржпалам эрдэнэ суулгасан дунд гарын мөнгөн аягатай бага зэрэг зөөгшсөн цайг Ану хэдхэн сорчихоод хайлсан тосонд ам хүрснээ, сэтгэл нь хайр дурлал, догдлолоор цатгалдан байсан тул цааш нь түлхчихлээ. -Аягандаа тос хийгээт. Та чинь оройн зоог хүртээгүй шүү дээ. Туслах зам үүнийг оруулж ирэхэд нь би таныг ирэхээр хууч хөөрөнгөө хүртье гээд хүлээж суусан юм хэмээн өөрийнхөө аяганд нэлээд том хэсгийг авч хийхийг Ану харж сууснаа : -Чи өөрөө ид.Би юм идмээргүй, гэдэс эвгүйрхээд гэсэн шалтаг заан ном судраа дэлгэн суухдаа дотроо Галдангийн дүрийг ургуулан ургуулан санаж, “цэнхэр алчуурыг тань үхэн үхтлээ хадгалж явна”,”Энэ малгай дороос нүд чинь очтон гялалзаад хэчнээн хөөрхөн үзэгдэнэ вэ чи?” гэсэн үгсийг нь санан зүрх нь хөөр баяраар гийж ирснээ, хувь тавилан нь түүнтэй хэзээ ч ураглуулахгүй, тиймд хайрын дээжийг нь эгнэгт амтлан жаргаж үл чадна гэхээс цээж харанхуйлан гуниглах зэрэгцээд, ном судраа орхин ахынхаа бэлэглэсэн гарын толиндоо нүүр царайгаа шинжин, урт сувдан унжуургаа сонжин хараад “Нээрээ чи хөөрхөн сэвгэр болж байна уу даа” гэж бодон инээмсэглэв. Галдан хувилгааныг өргөөнд нь морилохоор л Ану гүнж ийнхүү ааш зан нь олдохоо болин хувираад, юм л бол зүс царайгаа тольдон,ээмэг, зүүсгэлээ зүүн гоодоод байдгийг Мандарваа сая л ухаарч, “Гүнжтэн тэгээд Ойрад түмний номын их багш Галдан хувилгаанд дур сэтгэлтэй юм гэж үү? Мунхаг миний ухаанд ч үл багтах юм байна. Тэр чинь амилсан бурхан шиг байлтай. Үгүй нээрээ, хараад байхад үнээр сайхан эр байдаг шүү, хувилгаантан биш байсан сан бол. Хөөрхий гүнжтэн удахгүй түүний ах Сэнгэ хаанд ураглан очиж, дөрөвдүгээр хатан нь болох гэж байдаг. Юутай гашуун заяа тавилан бэ! Эм хүн болж төрнө гэдэг үйлийн үр, урьд насанд хийсэн лай хэмээн ижийн хэлдэг үнэн юм байна даа” хэмээн өчүүхэн ухааныхаа хэрээр л болж буй явдлын учрыг тунгаах гэж оролдон, эзэн авхайгаа өрөвдөн суужээ. Юм-Агас хатан Анутай хэд хэдэн удаа тааралдахдаа түүнийг Галдан хүүтэйгээ хайр сэтгэлийн холбоотойг мэдээгүй юм шиг, басхүү Сэнгэ хаантай сүй тавих тухайд өдгөө ярихад зохисгүй гэж бодсон бололтой, хэв ерийн зүйл ярьж, улам өсч том болж буй, нүд салгамгүй хөөрхөн сэвгэр болж байгаагаас нь өөр бусад сэтгэл түгшээх сэдэл үл өгсөнд Ану туйлаас баяртай байлаа.
Маргааш нь өргөөнийхөн цуглан Галдангийн хөсгийг үдэхдээ аян замдаа сайн явахыг ерөөн, тэд ч үлдэгсдийг амар мэнд сууж байгаад, билэгтэй сайн өдөр учран золгохын сайхан үг хэлэлцэн салахад залуу хутагт хүний нүд хариулан өврөөсөө цэнхэр пансан алчуур гарган үнэртэхийг Ану олж үзээд сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэн догдолж, бяцхан гараа зүрхэндээ хүргэн энэ дохиогоороо “Таны хайрласан бурхан, Таны дүртэй хамт энд шүү” гэдгийг ойлгуулав. Олон бараа бологч, гоцго, хэвтүүл цэрэг эрс, лам, ламхай дагуулсан хөсөг хойд зүгт аажим аажим алсран холдсоор хаврын зэрэглээн дунд уусан одовой.
Арванхоёрдугаар бүлэг Тэр жилийн зун Хөх нуурт дэлгэр сайхан зун болж, намрын эхэн сард намаржаанд буусны дараа хантан Ану охиноо дагуулан Бээжин хотыг үзүүлэнгээ, замдаа Хөх хотод мал хуй, ангийн үс наймаалан гарын бэл хийгээд өргөөнд хэрэгцээтэй нарийн нандин эд бараа базаахаар морджээ. Их хөлийн Бээжин хот, эрээн мяраан бараа дэлгэсэн зах зээл, олон хэлтэн хөлхөлдсөн давчуу гудамж, чамин тансаг нанхиад идээ зоог, эцгийн танил манж түшмэлийн хээнцэр цэцэрлэг, ганган ордон охинд багадаа үзсэн Цастын орны Лхас хотоос илүү сэтгэгдэл төрүүлэн бахдуулав. Ану урьдынхаа зангаар түрийний чамин хутга, хулсан бийр зэрэг эр хүний эд хэрэглэлээс гадна битүү оюу ухаж хийсэн чамин эдлэлийн хайрцаг, цэцэг навч, эрвээхэй хатгасан нимгэн гоёмсог пансан эд, шанхны сувдан сам зэрэгт нүд унаган, оо энгэсэг хүртэл сонирхон буйг эцэг нь чимээгүйхэн ажиглан, охиныхоо нүд унагасан юманд нь гар татахгүй авч өгөн хэтэвчээ тэмтэрч байлаа. Доржравдан хатан энэ удаа холын замд ядрахаас түвэгшээсэн үү, аль эсвэл удахгүй хол газар ураглан одох охиноо хайрт эцэгтэйгээ хоёулхнаа хамт аминчлан аялаг гэж бодсон уу, “Та минь Анугаа аваад яв.Би Бээжинг үзээгүй биш,талийгч их хатнаас хойш орд өргөөгөө эзгүйрүүлээд яахав” хэмээн цааргалан хоцорчээ. Мандарваа сэвгэр, эзэн авхайнхаа ачаар түмэн хүн холхилдсон их балгад Хөх хот, Бээжинг үзэн, илжиг луус хөлөглөсөн нанхиадууд, газар хагалан будаа, тариа, ногоо тарьж суурьшин суудаг хятадуудын амьдрал ахуй, халууны ялаа шиг шавааралдсан навтгар шавар урцнуудыг ам ангайн харж, Манж чин гүрний эзэн хааны сүрлэг их орд харшийг алсаас үзэн сүрдэж ёстой л “юм үзэж” нүд тайлж, орой нь дэн буудалдаа ирээд Ануд энд чинь “ногоон хурганы арьс,нохойн битүү туурай”-наас бусад нь байх шиг байнаа хэмээн шагшин, эзэн авхайгаа нулимсыг нь гартал инээлгэж билээ. Тэднийг Бээжингээс буцаж харихад өргөөнийхөн Хар хадны өвөлжөөндөө хэдийн төвхнөсөн байлаа. Нэг мэдэхэд идэш хийж, нөгөө өдөр нь ес эхлэн жавар тачигнаж, цас их унасан ч малын гарз хохирол ихгүй өвөл болж, Ану багштайгаа “Судрын чуулган”-ыг тод үсэгт буулгалцан, түүх шастир хүүрнэсээр өвлийн гурван сар дорхноо өнгөрч цагаан сар гарав. Тэр жил их хатан Цэвээн таалал төгссөн тул цагаан сарыг сүр багатай ёслон өнгөрөөв. Аргын 1668 он, шар бичин жил гарлаа. Тэр жилийн хавар нь урт болж, зуны эхэн сарыг хүртэл дулаарсангүй,цас, шороон шуурга шуурсан хахир жихүүн байв. Очирт цэцэн хан Эмилийн тал руу илүү зуншлага сайн байж магад гэсэн сураг сонсоод тийш нүүж, тэнд зусахаар их нүүдэл хийв. Эмилийн тал нь ирээдүйд хүргэн болох гэж буй Сэнгэ хунтайжийн Ховог сайр дахь ордонтой илүү ойр, зэрэгцэн орших нь ч таатайг бодолцсон биз. Нүүдлийн эхэнд хэдэн мянган хонь, ямаа бүхий богоо тааваар нь туухаар төлөвлөж, агтныхан нэг тусдаа, тэгээд хантны олон өргөө гэр, зарц барлагуудын хамт хөсөглөн хөдөлсөн нь бүтэн өдөрчийн газар цувран үргэлжилсэн урт цуваа болжээ. Нүүдэл хийхэд хөгшид ядарч, хүүхэд нялхас зутрахаас биш, Ану, Балсан, Мандарваа мэтийн
залууст зугаатай сайхан байв. Гурав хоног нүүдэллэн явсаар Очирт ханы түрүүлэн илгээсэн хүмүүс газар нутгийг шинжээд горхи булаг ихтэй, хойд талаасаа уулархаг, тэнэгэр сайхан хөндийд байх Хөшөөтийн хөндлөн гэдэг газар зуслан болгон сонгожээ. Хавар оройтсон ч газрын чийг сайн буй тул зуны эхэн сар гэхэд том том хөх яргуй хэнзлэн, шилбээр татах өндөр өвсөн дунд ногоон хамбан дээр шигтгэсэн индранил эрдэнэ мэт үзэмжтэй гоё харагдах аж. Хантных шинэ зусландаа олон том өргөө гэрүүдээ барин чулуугаар тиг гортиг татан, ширэг ногоон зүлгийг халцлахгүйн тулд гэрүүдийг хооронд нь холбосон чулуун хашлагат элсэн зам тавих зэргээр гайгүй сайхан төвхнөөд байтал Сэнгэ хунтайжийн өргөөнөөс элч довтолгон ирэв. Урьд Хөх нуур, Алшаад байхад хунтайжийн өргөөнөөс гурав, дөрвөн өдөрчийн зайтай байсан бол өдгөө сайн морьтой элч хоногтоо хүрэлцэн ирж багтахуйц газар дөхөм болжухуй. Хунтайжийн элчийн өчсөнөөр гурав дөрөв хоногийн дараа Оросын Томск балгадаас ирэх элчийг хүлээн авч уулзсаны хойно Сэнгэ хаан ирж, охинтой нь ёс төртэйгээр сүй тавихаар болсныг дуулгажээ. Шинэ газарт нүүж ирээд сэтгэл дэврүүн, сартай жороо зээрдээ унан хээр талаар давхиж, тарвага зурамны толгой тас харван наадах буюу бичгийн нэртэй өөрийнхөө өргөөнд ном судар эргүүлэн суух болсон охиноо эцэг нь тэр орой эхийнх нь өргөөнд дуудуулав. Анугийн багш Дүүрэн мэргэн бие тэнхээ төдгүй өвчин хууч хөдөлж буйн дээр Очирт цэцэн ханы Ану гүнжид миний заах эрдмийн хэмжээ төгсөв хэмээгээд төрсөн нутаг, ус, төрөл саднаа бараадахаар болж Хөх нууртаа үлдсэн билээ. Ийнхүү Ану номын багшаас хагацсан нь нэгэн бодлын насанд хүрч буйн ид бахыг үзэн, басхүү харвах, намнах эрдэмд илүү шамдах завшаан ихэссэн ч хорвоогийн элдэв явдлыг бясалган, санасан бодсоноо хүүрнэлдэн мэргэн сургаалийг нь сонсдог эрхэм хүнээ үе үе үгүйлэхэд хүргэж байсан ч чадалгүй эрд гараагүй залуу сэвгэрүүд эцгийн гарт байхдаа эдэлдэг хоромхон зуурын зугаа цэнгээтэй амьдралд умбан сэтгэл тайтгарчээ. Сувдан тоорцогтойгоо өнгө хоршин гялалзах лавай цагаан шүдээ яралзуулан инээсээр эхийн өргөөнд гэнэ сэрэггүй орж ирсэн охиноо үзээд эцгийн сэтгэл өмрөн унах шиг болов. Сэнгэтэй гурван жилийн өмнө ганц нэг уулзахдаа мэнд мэдэхээс өөр үг сольж үзээгүй, өөрийнх нь олж дуулснаар эцгийн эмс сэвгэрүүдэд шунамтгайг хуулж төрсөн, охиноос нь даруй хориод насаар ахмад, дур сэтгэлгүй хүнд нь амь шиг хайртай Анугаа өгнө гэдэг цаг дээрээ хантанд амар байсангүй. Сүйг нь хүлээн аваад, хоёр жилийн дараа хуримыг нь хийлгэе хэмээн хэсэг цаг хожихоор дотроо шийдээд байлуга. Ану цагийн мөнхөд дагуулж явдаг Мандарваатайгаа хөтөлцөн инээд алдсаар орж ирэв. Эцэг нь дүнсгэрдүүхэн царайлан халуун цай оочилж, эх нь охин өөдөө арга ядсан харцаар харан угтав. Эхийн өргөөний залуу шивэгчин Уламнэмэх бүсгүй Ану, Мандарваа хоёрт цай аягалан бариад гарч одов. -За үр минь,Сэнгэ хаан элч илгээв. Өнөөхөндөө Оросын элчин төлөөлөгчдийг хүлээн авч уулзах алба ажил төдгүй байгаа юм байна. Холын гийчдийг үдэж өгөөд урьд жил
тохиролцсон ургийн хэргийг гүйцэлдүүлэн хадаг тавихаар удахгүй морилон ирэх гэнэ. Охид сэвгэрүүд эцгийн гэрт төрж өсөөд эрд гарч ураглан одох нь энэ ертөнцийн жам буюу гэлээ. -Жаа, аав аа. -Өнөөг хүртэл үр чамайгаа хайрлаад харвах, намнах, цавчилдах цэргийн эрдэм , номын ухаанд шохоорхон эр хүний үйлд шамдахад чинь би цээр тавиагүй. Харин өдгөө хадмын газар хатан болж ураглан одохын өмнө журамт бэрийн ачлалд суралцан, ижийгээрээ оёж хатгах үйл, хатан хүнд сонсч, мэдэх учиртай юм юу байна, тэр бүгдийг заалган үгийг нь дуулж бай. Чамайг хадаг тавьж гуйх улс өнөө маргаашгүй ирж, Сэнгэ хааны сүйт бүсгүй болох ч гэсэн балчир охиноо арван найм хүргэж байж хуримын үйлийг нохой жилд дэглэх нь зөв хэмээн аав нь мунхаглана. Тиймд үр минь эцгийн гэрт байх энэ чөлөөнд эрх дураар жаргаж ав хэмээгээд гүнзгий сүүрс алдлаа. Тэрхэн мөчид охиноо эхийн хэвлийд байхад тэнгэрт хальсан Баатар хунтайжийн хойдын хэрэг явдлаас харих замдаа үзсэн өнөөх билэггүй зүүдээ эргэн санаж “Охин тань хаан хүний хатан болж, хатгалдах мэсний үзүүрт халуун зэвсгийн суманд өртөн үхэх болно...” гэсэн удганы үг чихэнд нь сонсогдох мэт болоход нь “Хоёр жилийн хойно хонин жил гарах хүртэл зай ч байна. Лай ч байна. Хэрэг явдал энэ хооронд хаашаа ч эргээ билээ. Зүүдэнд үзэгдсэн тэр удганы өчсөн хаан нь Сэнгэ ч бай, эс бөгөөс өөр хэн ч бай энэ хооронд үр минь сэтгэл тааваараа байг.Тэгж байтал учир начир нь тодрох биз” хэмээн бодоход цээж дотор чилүүрдэх нь арай ч багасах мэт. Сэнгэ хаантай хоёр жилийн дараа нохой жилд ураглуулна гэсэн эцгийнхээ үгийг анирдаад охины нүд баяр хөөрөөр сэргэн гийхийг хан, хатан хоёр анзаарч дор дороо томоогүй үрээ өрөвдөн энэлж байв. -Жа мэдлээ. Би ижийгээр оёх хатгах, бэрийн ёс журам, бүсгүй хүний нарийн ухааныг заалгая даа хэмээн өөрөө хүсээд яваа юм хэмээ Ану өчив. -Тэгмээр дээ. Нэгэнт бүсгүй заяатны төрлийг олж төрснөө мэдэж байгаа нь яамай хэмээн тэндээс хатан шөвөгнөхөд Ану зүүн хөмсгөө өргөн эх өөдөө нэг хяламхийгээд гарч одов. Энэ нутгийн зүг нүүж явахдаа Ховог сайртай ойролцоо зусах нь. Яаж ийгээд хайртай хүнийхээ барааг харчих сан гэж хайр дурлал, мөрөөдөл тэмүүлэлдээ шатан догдолж явсан охин ийнхүү дур сэтгэлгүй хүнтэй ураглах цаг айсуй түгшүүрийн чимээг анирдан зүрх нь палхийсэн ч ухаант эцэг нь хадаг хүргэснээс хурим хүртэл “Мах идүүлгэ”, “Зүс хадаг”-ийн найр, “Сүй бэлэг”,”Эд хүргэх “ зэрэг олон ёслолыг цугааранг хоёр жилээр хойш татан нохой жил хүртэл охиноо эрх тааваар, амар тайван байлгах бодолтой буйгаа өчсөн нь дотор цэлмээсэн тул “Сэнгийн тухай бодлоо орхиё.Өнөө үдэш Далай тайшийн хөвүүд айлчлаар ирэх юм чинь “Буур ботгон болох”*,”Алчуур гүйлгэх” **наадам наадаж цэнгэхээ бодъё” хэмээн сэтгэв. Тэр үдэш саахалт зусч буй Далай тайшийн Цэрэн, Баваасан нарын Анутай ойролцоо насны залуус ирж, Балсан,Чилэдү,Чилэгэр, Ану, Мандарваа, Булган энэ хэдтэй цагаан гэгээ тасартал наадацгаав. Алчуур гүйлгэн наадах үеэр дугуй хүрээ үүсгэн суусан залуусын дундаас Далай тайшийн ач хүү арван естэй Цэрэн хэргээр Анугийн ард гүйж ирэн Мандарваагийн ягаан дурдан алчуурыг унагаад “Алчуур гүйлээ” хэмээн аялгуулан хэлээд Булганы дэргэд очин
суулаа. Нар шингээгүй байхад дүүгээ дагуулан хөө хар зүсмийн усан тэлмэн жороо морь зүс ижилсүүлэн унаж ирсэн, улаан хацартай, тэг дөрвөлжин цээжтэй, бахим тэр залуу шинэ нутагт буусан өдрөөр анх үзээд л Ануг санаашран ширтэх болсон билээ. “Энэ Цэрэн хэчнээн түвэгшээлтэй амьтны үр гээчив? Зориуд миний ард алчуур авчирч тавиад л, харц салгахгүй ширтээд л. Өөдөөс нь ганц харахад л хацар нь улам улайчих юм байж...” хэмээн охин доогтойхон бодсон ч сэмхэн алчуурыг авч өвөртлөв. Харин алчуурыг олох учиртай Балсан бас л Ануг нүд салгахгүй ширтэн үүлгэртэж явдгийн хэрэг юу билээ.Цэрэн тип тапхийн гүйж гүнжийн ард очоод алчуур унагаж, Ану түүнийг нь өвөртөө шургуулахыг сортоочлон харж амжсан ч эс үзэгчин болж баахан тойрч гүйгээд “Алчуур эндээ” хэмээн Булганыг гөрдөв. “Ээ, Балсан хоёр цийлэн нь яачаав? Надад алчуур байхгүй ээ” хэмээн адтай Булган жиг жиг хөхрөн төрхгүйтэж, өвөр түрийгээ нэгжин үзүүллээ. -За, Балсан оньсого хэл.Эсвэл үлгэр домог хуучил. Эс тэгвээс чи ямар дуулж, икэл хуур татаж хүчрэх биш хэмээн Мандарваа доохойллоо. Хэдий алчуур Ануд буйг харсан ч ийнхүү эс үзэгчин болсныг нь Мандарваа л ганцаараа таамаглаж байсан тул тийнхүү доохойлсон биз. Морин дэл дээр дүүлэн нисэх мэт давхих зуур зурамны толгой алдалгүй нам харвах буюу, морины давхиан дунд эмээлээсээ зүүгдэн гэдсэн доогуур нь орж байгаад харвах, чичлүүр хутга мэргэн шидэх зэрэгт чадмаг атал яриа хөөрөө болхи Балсан хуучин дөрвөн талт тоорцгийнхоо оройг оролдон ичингүйрч зогссоноо арайхийж ганц оньсого санасан бололтой “Үсүн*** далай сүрхийнэ. Сүрхий баатар ухасхийнэ.Ян шувуу ярхийнэ.Ясан толгойт годхийнэ” тэр юу гээч вэ? хэмээн бүгт дуугаар хэлээд дороо суун тусав. -Энэ чинь бас часхийсэн оньсого мэддэг хөвүүн байсан юм бий. За таацгаа хэмээн Ану чанга хэлэхэд Булган: -За энэ оньсогыг мэдэхгүй хүн байдаг буюу? Үсүн далай сүрхийнэ гэж хоттой хонь үргэх биш үү? Сүрхий баатар ухасхийнэ гэдэг чинь хээрийн саарал чоно бус уу? Ян шувуу ярхийнэ гэж хотны нохой хуцна биш үү? Ясан толгой годхийнэ гэж унтаахай эзэн хүн нь гэрээсээ булт үсрэн гарч ирнэ биз дээ? хэмээн дор нь таачихсан тул тоглоом наадмын амт сулруулчихав. Эцэст нь залуус “Цагаан мод хаяж” тоглов. Ану хэдий үеийн залуустай ийнхүү наадаж тоглон сэтгэл хөгжүүн байсан ч тэр улаан хацарт Цэрэнгийн оронд сэтгэлийг нь булаагч Галдан хувилгаан байсан сан бол... хэмээн үе үе дотор цээжиндээ түүнийгээ санагалзан байж билээ. Хэд хоногийн дараа зуны дунд сарын билэгт сайн өдөр, бэр гуйн хадаг тавихад өлзий билэг дүүрэн хэмээн Галдан хувилгаан дүүгийнхээ шоо хаян байж хэлсэн өдөр нь Сэнгэ хаан цөөн
хэдэн бараа бологч, шадар хэвтүүл гучаад морьтон, хадаг тавихад хүргэний эцэг буюу авга талын настан буурал ах заавал очдог заншлыг барин авга Цөхүр увшийг дагуулан Очирт цэцэн хантныд буулаа. -Хүргэн болох Сэнгэ хаан морилох гэнэ. Өнгөтэй өөдтэй лавшигаа нөмөрч, үс гэзгээ самнан, зүсээ гоодоорой үр минь хэмээн Доржравдан ахайтныг өглөө нь хэлэхэд Анугийн царай хувьсхийгээд явчсан ч эхийн сэтгэлийг эрхбиш бодон тэргүүн бөхийлгөж: -Жа ижий хэмээгээд сүүтэй будаа, үзэмтэй шарвингаа дутуу орхин гарч одов. Уг нь өргөөний хөгшин зам Анугийн дуртай үзэмтэй шарвинг хайрч, жижиг мөнгөн цар дээр овоолон авчирч тавихдаа: -Гүнжтэн сайн зоогло. Үдэш цагаан гэгээ тасартал үсэрч наадацгаах юм. Турж эцэх вий хэмээн сайхан сэтгэлийн угаас хэлж, буурал хөмсөгний хооронд хоёр гүнзгий атираагаа тэнийлгэн мишээж асан билээ. -Та чинь умдаа дуустал зооглохгүй гараад гүйчихдэг. Би цартай шарвинг тань аваад ирлээ хэмээн Мандарваа шогширсоор орж ирсэн нь Ануд сэтгэл чилэхээс илүү өөрөө тэр амттанд хар буусан нь илт. -Юм ууж идэх дур алга.Чи өөрөө наадхиа барж дуусгаарай хэмээх Ану босоо толиныхоо өмнө суух атал үс, зүсээ ямар буйг харах ч үгүй, хивсний алхан хээг ширтэж байна уу гэмээр гөлрөн сууж байлаа. -Та зооглохгүйм уу? Хөрчихлөө, хайран сайхан идээ. Би ганцаараа хэрхэн барах билээ?Та шальтай юу ч идэж уухгүй юм. Би л өмнөөс тань хамсаар мяраалж, зоолж гүйцэх шиг байна. Үсийг тань самнах уу?Авдраас лавшигуудыг тань гаргая даа хэмээн ам дүүрэн шарвинтай Мандарваа өндөлзөнө. Хивсний хээг гөлрөн харсаар бодолд дарагдан суусан Ану сая толгой өндийлгөн шивэгчин охины нүүр өөд сортосхийгээд “Арай ахынхаа хадаг тавихад хань болох гэж Галдан хувилгаантан морилон ирэх юм биш байгаа? Тэгвэл гооддог ч юм бил үү?Хүний болох гэж буйгаа гайхуулан бардамнах мэт санагдах юм болов уу? Энд бууснаас хойш нэг морилоод ирэх болов уу?хэмээн хэчнээн ч их харав даа. Усан нүдтэй, цусан зүрхтэй эгэл хүмүүн бидний нэг биш юм болохоор хөөрхий сэвгэр миний зүрх сэтгэлийг үймрүүлээд яана хэмээн халиасан биз дээ” хэмээн урамгүйхэн бодоод: -Надад Сэнгэ хааныг гэх сэтгэл үгүйг чи мэднэ. Лавшиг дээлээ солин сэртэндэх дур алга. Харин толгой дээрх энэ таван хялгасаа нэг эмхлэн самнаж шинээр гөрвөл болох нь тэр хэмээгээд харц шилжүүлэн толь руу хараад гүнзгий сүүрс алдах аж. Мандарваа дотроо эзэн авхайгаа өрөвдөн мөн л сүүрс алдаж “Сэтгэл зүрхээ даган эрд очсон сэвгэр гэж байдаг юм гэж үү? Бүсгүй богино жолоотон бидний үйлийн үр энэ шүү дээ. Гүнжтэн тэгээд хэнд сэтгэлтэй юм бол оо? Хөх нуурт байхаас л ноёд ихсийн хөвүүд шохоорохон эргэлдэхэд нүүр өгч буй нь үзэгддэггүй. Уг нь цорос аймгийн хунтайж, өдгөө
Зүүнгарын хаан болж буй гэх Сэнгэ хаантан нас идэрхэн, зүс сайхан, хийморлог эр шүү дээ. Би л лав тийм ихэсийн хатан болж мордоно гэвэл хөөрч баясахдаа торгоны сайхнаар биеэ хучиж, алт эрдэнийн сайнаар өөрийгөө чимээд хүлээн суух байсан даа. Өөр хэн нэгэн эр хүнд сэтгэлээ өгсөн болоод л өнөөдөр хадаг талбих хүн нь морилох гэж байхад ийнхүү гуниглан суудаг байх даа.Гэтэл тэр хүн нь хэн юм гэдгийг хэн ч гадарлахгүй” хэмээн гайхширна. Авдраас Мандарваагийн гарган дэлгэсэн олон дээл, лавшигууд дунд тэртээ хоёр жилийн өмнө Хөх нуурын Өндөр эргийн зусланд Галдан хувилгаантай учрахдаа өмсч асан алтан хатгамалт хөх цэнхэр торгон лавшиг нүднээ тусахад охины зүрх нь палхийн, итгэл найдварын сүүлчийн зул нь нэгмөсөн унтрах мэт болж, гол харлан суун тусчээ. Анугийн сүүн цагаан царайд ургасан мэт зохидог тэр хуцвсаа үзээд царай нь хувьсхийхийг ажсан Мандарваа шинэ нутагт буусны хойно зүүнээс гарсан, цэцгэн хээ товойлгосон тод ягаан лавшигийг авчран дуугүйхэн өмнө нь тавиад үсийг нь задлан том зандан самаар самнаж эхлэв. Ану юу ч дуугарсангүй. Номын багшаа байсан бол Сэнгэ хаантны хатан болох тухайд нь юу хэмээн айлдах байсан бол? хэмээн бодож суув. Үсээ самнан гөрж, олон салаа алтлаг хүрэн гэзэгнийхээ үзүүрт алтан оосор уян чимээд, цээнийн цэцгийн өнгөт торгон лавшиг өмсөн, өрөөсөн чихэндээ танан шигтгээт алтан унжуурга зүүн, сувдан тоорцог өмссөн гуниг дүүрэн нүдтэй Ану эхийн өргөөнд ороход нь хатуу сэтгэлт Доржравдан хүртэл өрөвдөн хяламхийгээд олон үг өдөлгүй сэтгэлийг нь бодон дуугүйхэн суулаа. Удалгүй хүмүүс шуугилдан, ноход хуцалдан, хүндэт гийчин морилон ирэхэд охин эхийнхээ хамт ёслолын өргөөний зүг гарав. Сэнгэ хааныг дагалдан ирэгсдийн дунд Галдан хувилгаан байсангүй. Дүүгээ бодвол жижигхэн нүдтэй, ширүүн харц, өтгөн ширвээ сахалтай л болохоос Сэнгэ хаан сайхан эр юм гэдгийг Ану сая л ажиглав. Бэр гуйж хадаг тавихад хүргэний эцэг буюу, авга талын хамгийн настай ахмад хүн заавал очдог цоросын хуучны ёсыг дагаж нүүр дүүрэн үрчлээтэй ч хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Цөхүр увш ёслолын бүрэн хувцастай хүрэлцэн иржээ. Эхийнхээ ятгалгаар дөрөвдүгээр хатан болгон авах гэж буй Ану гүнжийг үзээд Сэнгэ хаанд сайхан төрх нь сэтгэлд нийцсэн ч төдийлөн өндөр бус бэсрэгхэн бие, ийм залуу бага эм хүнд хэтийдсэн ухаалаг харцтай жижигхэн нүд, хаан хүн хадаг талбин гуйж байхад үхэл өөдөө очих гэж буй хүн шиг уй гуниг дүүрэн гөлөрч суусан нь таашаагдсангүй ээ. Хашир чоно Очирт цэцэн хан ч юу бодсон юм, охиноо харамлаад хар буугаад байгаа ч юм уу, хуримын ёсыг заавал хоёр жилийн хойно нохой жилд гүйцэлдүүлнэ хэмээн хойш татаад буйд дотроо ихэд цухалдан, эгдүүрхсэн ч гаднаа ил гаргасангүй, найртай үгс хэлэлцэн Цөхүр увш урьд Сэнгийн ах нар Цэцэн, Зодов тэргүүтэнд хатан буулгахад хэд хэдэн удаа хадаг тавихаар мордож байсан хашир толгойн хувьд “Булга торго оёдог нь танайд, буга марал намнадаг нь манайд” хэмээгээд:
-Хан таны гүнж Ану бичиг эрдэмд гаргуун, зүс царай гоо үзэмж төгс, басхүү цэргийн эрдэмд төдгүй хэмээн дөрвөн Ойрад даяарт цууд гарчээ. Харин миний ач Сэнгэ хаан өдгөө нас гучин тавтай. Эцгийн ор залгаад даруй арван зургаан он өнгөртөл энэ цорос аймгаа тэргүүлэн, нэг бус удаа дайлаар мордон дайн тулаанд ялж, овгийн сүлдэт туг хиураа мандуулж яваа цог заль төгс эр бөлгөө. Энэ хоёрын хувь заяаг нэгтгэн, эртнээс улбаатай цорос, хошуудын ургийн барилдлагыг үл таслан авч явах нь зүйг та юун эс андах. Иймийн тулд таны охин Ану гүнжийг Сэнгэ хааны дөрөвдүгээр хатан болгож буулган авах хүслээ илтгэн бурхан шүтээнд тань эдийн дээд хөх баранзад хадгаа өргөе дөө хэмээгээд хадаг дээрээ тавин лангийн алтан ембүү тавиад барилаа. Дөрвөн Ойрадын чуулганы ханы ёслолын хувцсаа агсч, тэргүүндээ очир эрдэнийн жинст малгай асаан ёсорхуу зангаар сэтгэл доторхи эцгийн харамсал, өр өвтгөх гунигаа хаацайлах мэт хөмсөг зангидан суусан Очирт цэцэн хан хоолой засаад: -Миний өчүүхэн сэвгэрийг ихэд бодон хадаг тавьж буйд эцэг миний сэтгэл тэнэгэр байна. Хан эцгийн гэрт төрөөд хадмын гэрт мордох нь сэвгэр хүний тавилан билээ. Хадгийг тань хүндэтгэн хүлээж авч байгаагаа уламжилъя хэмээв. -Таны өнгө үзэсгэлэн Ану гүнжийг би бусад хатдаасаа илүү эрхэмлэн хайрлаж, нуган үр төрүүлбэл өөрийнхөө орыг эзлүүлнэ хэмээн сэнгэ эхийн зааж өгсөн үгийг тэр чигээр нь хэлээд хантны нүүр өөд дулаан харц илгээв. -Чихэнд таатай үг айлдаж буйд талархаж байна. Үнэндээ таны эцгийг тэнгэрт хальдаг жил мэндэлсэн, өтөл миний отгон үр учраас энэ охиндоо би амь тавьдгаа нуух юун. Аминаасаа илүү хайрлан өсгөсөн охин сэвгэр үрийг минь удам сайт, ухаан төгөлдөр хаан та муу үгээр харааж, мод саваагаар жанчихгүй нь лавтай. Ану охин минь, авга хадам, эр нөхөр болох хүндээ хүндэтгэлийн ёс үйлд хэмээгээд өргөөний зүүн талд эхийн цаана нуугдах мэт хярсан Ануг дуудав. Ийнхүү Очирт цэцэн ханы Ану гүнжид Сэнгэ хаан хадаг тавьж, дөрөвдүгээр хатнаа болгон буулгах болсон тухай сураг дөрвөн Ойрадаар барахгүй халхын нутгаар ч хуй салхи мэт хурдан тарж байхуйд бүсгүйн дурлалт залуу лам орох байх газраа үл олох мэт цээж дотор харлуулсан гашуун гунигаа умартах гэхдээ Илийн хойд эрэг дагуух үзэсгэлэнт тохойд барихаар эхэлсэн Алтан угалзын сүмийн ажилдаа улайран оржээ. Хэд хоногийн дараа Цөхүр увш арваад бараа бологчийн хамт хантныд морилон ирж хадгийн лав аваад цагаан гэгээ тасартал найрлаж байгаад буцав. Намрын эхэн сарын нэгэн сайхан өдөр Сэнгэ хаан хориод тэмээ ачаа хөсөг, зуугаад дагуул бараа бологч, эх Юм –Агас хатан, авга Цөхүр увшаа авчран цорос ёсоор “Мах идүүлгэн”-ий найр цэнгэл үйлдэж, хантны өргөөнийхөнд найман настай балчираас наян наст буурал хүртэл толгой дараалан үнэт бэлэг сэлт түгээн, гүнжийн сүйд хоёр зуун булга, хоёр зуун шилмэл агт, хорин цагаан тэмээ, хоёр мянган хонь, хоёр зуун лан алт өргөв. Царайных нь сүүн өнгөнд уусан улам ч цонхигор мэт харагдуулах мөнгөн одтой цагаан торгон лавшиг, туяхан гоолиг бэлхүүсийг нь өнгөрөн унжих арваад салаа алтлаг хүрэн гэзэгнээсээ мөнгөн оосор унжуулан, өрөөсөн чихэндээ сайн төө гаруй урттай, гурван эгнээ сувдан унжуурга ээмэг зүүсэн Ану энэ өдөр хэний ч нүдэнд тодрон гоё сайхан харагдах
хүсэлгүй,сэтгэл дэх мөрөөдлийн харш нь нуран унаж буйг урамгүй доош ширтэн гөлрөх харцаараа илтгэх мэт эцгийн ёслолын өргөөний зүүн талд гуниглан суусаар байвай. Сүйт эр, Зүүнгарын хаан хэмээн өөрийгөө өргөмжлөх болсон Сэнгээс түүнд шар будаан чинээ оюу, номин, сувдаар чимсэн алтан шармал хайрцагтай үсний танан сам, гарын толь, оо энгэсэгний сав, хөмсөг зулгаах чимхүүр, хэлний хусуур, хумс богиносгодог бяцхан хайч зэрэг гоо заслын тансаг сайхан хэрэглэл бэлэг болгон ирүүлсэн нь Мандарваа, Доржравдан хатан хоёрыг л уулга алдуулснаас бус, бүсгүй хүний элдэв чимэг зүүлт, оёмол хатгамал, гоёл чимэглэлийн зүйлд төдийлөн сонирхон шохоорхдоггүй Анугийн сэтгэлийг өчүүхэн ч хөдөлгөсөнгүй. “Мах идүүлгэний” найрт газар хол тул Галдмаа ах нь биеэр ирж чадаагүйд харамсан, Хөх нуураас наашаа нүүхийн өмнө эхтэйгээ тэднийхээр гийчлэхэд өнөө бяцхан Ахай охин нь зургаан нас хүрч, эхийн том алаг нүд, эцгийнхээ царайны гонзгойвтор зөв хэлбэр, эмэг эхийн үзэмжтэй цайвар арьсыг дууриасан тас хар өтгөн гэзэгтэй, барьж авч үнсээд тавихгүй баймаар эгдүүтэй амьтан болсныг хараад нярай байхдаа өрөвгөр үс, үрчгэр арьстай муухай хүүхэд байснаа ийн хөөрхөн болсонд нь ихэд гайхан, түүнд өөрийнхөө багадаа тоглож асан ширэн тулам дүүрэн боронзтой шагай, жижигхэн агар хувингаа бэлэглэж билээ. “Би тэр ач дүү Ахай шиг бяцхан охин байсан ч болоосой.Тэгвэл чингэж сэтгэлгүй, өөрөөсөө олон насаар ахмад, өчнөөн хатан, татвар эмтэй Сэнгэ хаан шиг хүнтэй ураглах гээд “Мах идүүлгэн”-ий найран дээр хөлчүү улс “Зээ бичкэн хээрийг...” хэмээн орилолдохыг чагнан, хайртай хүнээ санан өр зүрхэн хөндүүрлэн суухын зовлонг огтоос үл гадарлан эрхэлж цэнгэж явах сан” хэмээн холын хол газар эцэг, эхийнхээ дэргэд, хөөр баяр дүүрэн тоглон гүйж яваа Ахай охинд атаархан, бүсгүй хүний тавиланг хайрласан бурханд гомдох ч шиг, санаа амар, сэтгэл хөөртэй эрх бага насандаа хоргодох мэт суувай. Сэнгэ, сүйт охины эцэг Очирт цэцэн ханы хамт хоймроор зэрэгцэн суугаад өөрийг нь хүндэтгэн барьсан зум хэмээх бүтэн хонины махыг арьстай нь хуйхлан битүү жигнэсэн хүндэтгэлийн зоогт ам хүрэх зуур саяхан Зоригт хошуучаас хантны өргөөнд шивэгчин болгон өгсөн өтгөн хар хөмсөгтэй хиргис угсааны нуруулаг сэвгэрээд шохоорхлын харц илгээн өргөөний зүүгээр суусан сүйт бүсгүйгээ төдийлөн анзаарахгүй буйг ажигласан Юм-Агас хатан хүүтэйгээ харц тулгарах завшаанд Анугийн зүг дохих, Цөхүр увш бэр гуйгчаас илүү Очирт цэцэн хантныг хожмын холбоотноо гэж харж буй нь илт хуруувчин хундагатай хар архиа тулган найрсаг яриа өдөх, Доржравдан хатан цагийн эрхээр гундаж буй гоо сайхнаа хадгалсаар буйгаа үзүүлэх гэсэн мэт инээхэд нь хоёр нүд, хацрын хонхорхойг нь тойрон илт тодордог үрчлээсээ нуун завьжаараа инээх аядах, зэргэлдээх Зостын хийдийн ширээт лам шалхгар бүдүүн Санжжав гавьж жасын будаандаа цадахаа больсон болов уу гэмээр зумын амтлаг махнаас хомхойрон идэх зэргийг охин гунигтайгаар ажиглан бодолд дарагдана. Харин Очирт цэцэн ханы хувьд сүүлийн үед Сэнгэ төрийн хэргийг өөртэй нь зөвлөх нь багасан, ойр хавийн Ойрад аймгуудыг ухуулахыг нь ухуулан, дайтахыг нь дайтан гартаа оруулж, халхад нэгэнт хаант төр үгүй болсон тул, дөрвөн Ойрадыг нэгэн тугийн дор нэгтгэн Зүүнгар улс байгуулна хэмээн бүтэхэд хэцүү мөрөөдөлдөө умбан, их толгой гаргах болсныг нь хадам эцгийн хувьд чадлаараа хазаарлах, дөрвөн Ойрадын чуулганыг бутаргах нь магад буйд хориг тавих боломжийг энэ ургийн холбоо гарт нь авчрана гэдгээр л үймэрсэн сэтгэлээ тайтгаруулж, хатуу дарсанд мансуурч суув.
Арвангуравдугаар бүлэг Сэнгэ хаан Ану гүнжийг гуйж хадаг тавин, сүй бэлгээ хүргэж уламжлалт “мах идүүлгэ”-ний найраа хийгээд мордсон тэр намар Ану эхээрээ оёх хатгахыг заалган, олон юм үглэхийг нь тэвчээртэй сонсон суусаар цагаан сартай золгов. Тэр хооронд Галдан ламтан ханы өргөөгөөр огтхон ч үзэгдсэнгүй. Тэдний зуслан, намаржааны дэргэдүүр зориуд юм шиг алгасан өнгөрч, шинээр бариулж буй Алтан угалзын хийдийнхээ элдэв ажлаар нааш цаашаа довтолгон яваа сураг сонсогдохоос бус, гэгээн дүрээрээ морилон ирэхгүй л байлаа. Аргын 1670 он, цагаагчин нохой жилийн хавар. Сэнгэ хаан дүү Галдан, ах Цэцэн тайж тэргүүтэн элчдийг Бээжинд зарж, Манж чин гүрний Энх-Амгалан хаанд бэлэг хүргүүлсэн сураг дуулдаж, Ану охин тэр их хөлийн газар хоёр жилийн өмнө аавтайгаа хамтдаа аялан, багшийнхаа “Хүнзийн гэр” хэмээн сургасан дотор газрын суурин ахуй, элбэг баян зээлийн газраар явснаа дурсан, түүнийгээ ямархан бодолд автан явааг таамаглаж болдог ч болоосой , энэ хорвоог амгаланаар халиагч саруул мэлмийг нь ганц харахсан гэсэн элдвийн бодол толгойд нь эргэлдэн байж билээ. Хахир хатуу, урт хавар дуусан хур бороо элбэгтэй сайхан зун залгав. Галдан хувилгаантны Илийн зүүн эрэгт байгуулсан Алтан угалзын хийдэд зуны дунд сарын билэгт сайн өдөр цам харайн, Майдар эргэх сураг уул талаар тарж, сүсэгтэн олны магнайг тэнийлгэлээ. Архаг хууч нь үгдрэн бие ядруу суух болсон өрлөг эх нь цам харайх, майдар эргэхээс илүү, дөрвөн Ойрадын шашны тэргүүн Галдан хувилгаантны мутрын адис хүртчихвэл санаа амар, сэтгэл түвшин нүд аних сан хэмээн хөөрнө. Нас тавин дөрөв хүрсэн ч анзааргагүй хүнд дөчөөд насны эхнэр мэт толиотой харагддаг Доржравдан хатан лавшиг, цэгдэгнийхээ өнгийг тааруулан, авдар дүүрэн алт үнэт эдлэлээсээ шилж зүүн, олны хөлийн газраар явна гэхээс хөл хөнгөрөн, хувцас гоёлоо дэлгэн хөл болно. Нуран хатан өргөмөл охиныхоо гэзгийг шүүгээр угаан Доржравдан ахайтны өгчилгөсөн бүдэг ягаан торгоор охиндоо лавшиг хийлгэж, өөрөө нас залуу ч,өргөмөл бяцхан үрээ л цэмцгэр харагдуулах гэж хичээнгүйлнэ. Сэнгэ хаан өөрийг нь гуйхаар хадаг тавих болон , “мах идүүлгэн”-ий найр цэнгэл үйлдэхээр хэд хэд ирэхэд гоёж гоодох бодолгүй суусан Ану ч хүний хатан болоогүй сэвгэр ахуйдаа эцсийн удаа сэтгэлт хүнтэйгээ учрах гэж буй энэ завшаанаар түүндээ гоё сайхан үзэгдэхийг мөрөөсөн, бас хөл болон сандарлаа. Авдар дүүрэн хоргой, торгон лавшигууд дунд нь түүний бодлоор зүрхний хайрт Галданд таашаагдах нь ганц ч үгүй мэт санагдан өргөөний бойдаагаас шинэ лавшигийн торго үзүүлэхийг шаардав. Ануг Алтан угалзын хийдэд болох цам майдарт өмсөх шинэ лавшигийн торго үзэн өргөөний бойдааг сандаргаж буйг дуулсан Доржравдан хатан “Өнөө бяцхан сэвгэр чинь хувилгаан ламтнаа мөрөөдсөөр суугаа байх нь. Одоо ядаг билээ? Эцэгт нь дуулгах уу, яанав?” хэмээн эх хүний мөнхийн зовнилд автан, хэр барагтайд хөдөлдөггүй омголон сэтгэл нь түгшүүрлэв. Эм хүний зүрх сэтгэл гэдэг энэ туйлбаргүй, богино жолоотонд элбэгдсэн хатуу зоргоороо эд байдагт хатан харамсан, охиноо өрөвдөж суулаа. Өөрөө бас л арван долоотой явснаа хатан
умартаагүй. Эцгийн гэрт байхдаа тэрээр хасаг угсааны, өтгөн хар хөмсөг, дэгжин ширвээ сахалтай царайлаг сайхан зуутын даргад мөн л энэ Ану шиг сэтгэл зүрхээ өгчихөөд,Очирт цэцэн ханы хатан болон мордохдоо дотуур цагаан пансан цамцаа түүнд бэлэглээд хагацсан билээ. Хадамд гарсан эхний саруудад суугуул нутаг хөх усан мяралзуулсан үзэсгэлэнт Ижил мөрнөө, өдөр шөнөгүй аманд элч зууран, хатаж байдаг Алшаагийн говиор, сэтгэлт сайхан эрээ, насаар олон ах Очирт ханаар арилжчихсан мэт санагдан нууцаар гуниглан, сэм сүүрс алдсаар Галдмаа хүүгээ төрүүлж байж сая хувь тавилантайгаа эвлэрснийг нь шадар шивэгчин Жангаагаас нь өөр хэн ч үл мэдэх ажгу. Чухам ахайтан өөрөө тэрхүү томоогүй гэнэн, зүрх сэтгэлийн хайр, биелшгүй мөрөөдөлдөө үнэнч арван долоон насаа мартаагүйн учир охиндоо юу ч үл хэлэн, юу ч үл анзаарагчин болохыг илүүд үзсэн нь оножээ. Аливаа хэрэгт ямагт хошуу дүрэн, хангинаж явдаг эх нь “Авдар дүүрэн дээл лавшигтай байж юунд шинэ торго голж шилээв?” гэх вий хэмээн яс нь хавталзаж асан Ану эхийнхээ тийнхүү нам жим буйд туйлаас их талархав. -Мандарваа! Энэ их эдээс чухам аль торго надад илүү зохиролтой сайхан лавшиг болох бол? Алив чи нааш ирээ! хэмээн Ану шивэгчин охиноо эд уурсын гэр рүү чирэн орлоо.Түүнийг гуйгаад байх ч хэрэг байсангүй. -Пээ,базарваань гэж. Энэ их торго, хоргойгоор цам майдарт ирэх энэ хөндийн бүх сэвгэрт лавшиг хийж хүрэх байх шүү. Алив үзье хэмээн сэтгэл хөнгөн, хэрэгт дуртай Мандарваа ханцуй шамлан ороод явчихав. -Та их цайвар царайтай, шингэн ягаан хацартай болохоор ягаан, цагаан эд зохимж тааруухан юм билээ. Аль дээр Хөх нуурт байхад Галдан хувилгаан ирнэ гээд л та нэг их хөл болж гоодсон доо.Мандарваа хэзээний зангаараа бодсоноо л хэлж буйг мэдсээр хэрнээ Ану “Галдан хувилгаан ирнэ гээд л нэг их хөл болж гоодсон доо...” гэсэн үгэнд нь палхийгээд явчихав. Гэсэн ч өөрөөсөө хүртэл нууж явдаг энэ зүрхний нууцыг нь мандарваа, Балсан хоёроор барахгүй, эцэг эх нь, бүр хожмын хадам эх Юм-Агас нь хүртэл гадарладаг болчихсоныг томоогүй бүсгүй мэдээгүй л байлаа. Анугийн царай түүний тэр бодлогогүй үгсээс болж хувьсхийхийг Мандарваа анзаарсан ч нэгэнт л дуулгаваргүй амнаас нь тэр ёсгүй үгс уначихсан тул цааш нь үргэлжлүүлэн: -Тэгэхэд та алтан хатгамалтай тод цэнхэр лавшиг өмсөөд нэн хөөрхөн үзэгдсэн шүү. Аль, энэ хөх торго ямрав? гээд хуй хуйгаараа хураалттай торгон дундаас нэгийг сугалан гаргаж ирээд тоосонд нь их дуугаар найтаав. Тэр нь тод улаан удвал цэцгэн хуартай, алтан саатай, “тэр жил” өмссөнөөс нь илүү тод хөх өнгийн торго аж. -Яг миний бэлзэгнийх шиг өнгөтэй юм аа.Надад зохих болов уу? хэмээн Ануг хэлэхэд бойдаа хар хүн урт иштэй, үзүүртээ үстэй гөвүүр гарган тэр торгоны захаар тогтсон өлөн тоосыг гөвөөд: -Авхайн цагаан зүсийг энэ индранил өнгө тодруулж харагдах биз. Талийгаач Цэвээн хатантны дуртай эд байсан.Өдгөө ганцхан хуй үлджээ хэмээв. -За тэгвэл энэ торгыг би өргөөндөө аваачлаа. Хөөе Балсан, охид сэвгэрүүдийн ажилд залхаа
юу?Орж ирээд энэ торгыг миний өргөөнд аваачиж өгөөд үйлчин эгчийг дууд хэмээн Ану тушаагаад гарч одов. Тод хөх өнгөн дээр улаан удвал цэцгэн хуартай тэр торгоор урласан лавшиг маргааш нь бэлэн болов. Гадаа бороо уйлагнан, тэртээх Алтайн нуруунд их манан будан хөшиглөж, тэнгэр зузаан үүлэн хивнэг нөмөрсөн өтгөс мэт бүүдийсэн зуны өглөө. Ану сэрчихээд ирвэсэн хөнжлийн дулаан илчинд хоргодон хэсэг хэвтэв. Газарт шар тос хэмээн хөгшдийн хэлэлцдэг зуны эхэн сарын шиврээ бороо өргөөнийх нь дээвэр шавшин дусагнаж, хурын сайхан чийг хамар сэнгэнүүлэх нь таатай. Агаар чийглэг сэрүүн, гал асаагаагүй гэрт үүрийн өмнөх хүйт хоргоджээ. Гаднаас үнэртэх газрын хөрс, хурын чийгний таатай сэргэлэн үнэрийн зэрэгцээ норсон эсгийн эхүүн хамар цоргино. -Гүнжтээн! Гэрийн зүүн талд байх орон дээрээсээ Мандарваа нойрмоглон дуугарч буй нь тэр. -Өөв! -Та сэрчээ юу? -Үгүй, нойрсч байна хэмээн Ану ийнхүү ямагт мэдээжийн зүйл асуудагт нь уцаарлаад хэвтрээ солин цааш эргэв. -Балжидыг дуудан гал асаах уу? -Үгүй ээ! -Өргөөнд сэрүүхэн байна бус уу? -Өл дээр идэр есийн хүйтэнд хоноглож буй биш дээ. -Гэрт чийг хургажээ гүнжтэн. -Зүгээр ээ гэж байхад... Тэр хоёрыг ахайтны өргөөнд өглөөний умд уугаад байтал үйлчин Цэцэг бүсгүй лавшигийг нь авчирч өгөв. Хавьд үзэгдээгүй хуучин торгоны үлдэгдэл олж хийлгэсэн шинэ лавшигийг нь үзээд эх нь юм хэлсэнгүйд Ану дотроо залбирсаар шинэ дээлээ аван гарч одов. Өргөөндөө ирээд өмсч үзвэл Мандарваа дээлийн өнгө торго, хоргой шилэхдээ үнэхээр билгийн нүдтэй аж. Торгоны индранил өнгө охины царайн сүүн өнгийг тодруулаад час улаан удвал цэцэг нь цог золбоог нь илтгэх агаад Ану гоёл чимэглэлийн хайрцгаа уудлан шунхан улаан шүрэн унжуурга гарган зүүхэд, Мандарваа торгоны өөдөс, туушин, алчуур энэ тэрхэн хадгалдаг хөлийн жижиг үхэгээс час улаан тууз гарган шанхыг нь боовол үнэхээр үгээр илэрхийлэхэд бэрх гоо үзэмж төгс харагдахад хоёр залуу бүсгүй сэтгэл хөөрөн хөхрөлдөв. Тэр оройдоо Ану урьд хоёр жилийн өмнө оёх гээд амжаагүй тамхины хавтагыг тас хар пүүсүүгээр урлаад, дээр нь юуны дүрс хатгахаа мэдэхгүй баахан бодож бодож хос загас хатгамалдахаар шийдэж, шөнөжин оёж нойргүй хоножээ.
Тав зургаа хоноод Ану эцэг эхийн хамт өргөөнөөс олон зарц барлаг, цэрэг эрс дагуулан зүүншээ Алтан угалзын хийдийн зүг мордлоо. -Майдар цам дээр хүргэнтэй тааралдах нь мэдээж тул удахгүй ёсолсон хатан нь болох хүний хувьд урьдынх шиг бүү тоомжиргүй царайлаарай. Бүсгүй хүн эр хүнийг ааш ялдам, эевэргүү зөөлнөөрөө л өөртөө татаж чаддаг нь жам шүү хэмээн эх нь сургаж сургаж замд гарлаа. Эхийгээ тийнхүү үглэж байхад Ану өтгөн ширвээ сахалт Сэнгэ хааныг биш, алаг нүдтэй, уран хэлбэрт нүд булаам уруултай, номт улаан шаргал хувцастай Галдан хувилгаантныг л сэтгэлдээ зураглан сууж билээ. Алтан угалзын хийд рүү явах аян замдаа сартай жороо хээрийнхээ хатираан дунд хайртай хүнийх нь бэлэг алтан дарь эх өвчүүн дээр нь төөнөх мэт аяар аяар санжганахыг мэдрэн, энэ олны дүйвээнээр хэрхэн аргыг нь олж түүндээ тамхины хавтагаа өгч, ганц хоёр үг солих билээ? гэхээс өөр бодол охины толгойд үл орж ирнэ. Ойрноос нурууны хууч нь хөдлөн царай дорой байгаа эцэг нь ахайтны хамт мухлагт тэргэнд суун, морьтон залуусын хойноос гэлдэрч байгааг хараад Ану ихэд өрөвдөн, ачлалт эцгээ асрахын оронд, хэзээд хувь тавилангаа үл холбох эрийн тухай санаашран яваадаа ичингүйрч, мориныхоо амыг татаад эцэг эхийн сууж яваа мухлагт тэрэгний зүг хатируулан очлоо. Сартай жороо хээр нь ялаархан уран толгой хаялж, хөл нь хөнгөн ч гэж жигтэйхэн хэд хатираад мухлагт тэрэгний дэргэд очив. -Ойрд морь унахгүй номоо шагайж, оёдол хатгамал хийн шөнө дүл болтол суугаа харагдсан. Охин минь агсагадах вий. Зам нилээд хол шүү хэмээн эцэг нь санаа талбихад: -Зүгээрээ ааваа. Та нээрэн эртүүд Алтан угалзын хийдээр орлоо гэсэн. Дуганууд нь гоё юм уу? хэмээн охин асуугаад амнаас нь Галдангийн тухай үг унаасай хэмээн горьдох атал тэр бодолдоо ичингүйрэн эмээлийн бүүрэг рүү харц шилжүүлнэ. -Алтан ганжир гялалзуулаад, будаг шунх нь ч хатаагүй байна лээ. Гоё байлгүй яахав дээ. Төвдөөс сүм хийд байгуулж гаршсан хоёр лам залж авчирсан юм гэнэ лээ. Намайг очиход Галдан хувилгаан эзгүй байсан хэмээн Очирт цэцэн хэлээд “Хэрэв Галдан сахил хүртээгүй байгаад Сэнгийн оронд эцгийн суурь залгасан бол ч энэ дөрвөн Ойрадыг донсолгож байгаа вий. Бурхан таалж, түүнийг хувраг болгосон нь өлзий ч байж мэдэш. Түүн шиг үсчсэн хийморилог, ухаан холч хүн зарим үед цаг үеэсээ даван сэтгэснээс аюулд унахаа ч зүрх эс алдана. Тэгвэл энэ цөвүүн цагт дөрвөн Ойрадын түмэн олон дахиад л гал усны гашуун зовлонд унаж зүдрэх болно. Сэнгэ бол аливаад хүлээцтэй, далайлт нь чанга ч буулт нь зөөлөн юм” хэмээн охиныхоо бодлыг таасан мэт залуу хувилгааны тухай бодож явлаа. -Энэ залуу лам хоёрхон жилийн дотор дөрвөн Ойрадын түмнийг араасаа дагуулан, энэ их хишиг өглөг цуглуулаад хоёр сайхан сүм барьчихаж байна гэдэг лут юм аа хэмээн Доржравдан ахайтан Галдан хувилгааныг магтана. -Тэртээд Угалзын хийдийн алтан ганжир гялалзаж харагдана. Онь хөтлийн орой дээрээс дурандаж хар, үр минь хэмээн эцэг нь хэлэхэд Ану өврөөсөө ганц нүдний дурангаа гарган дурандаад сэтгэл хөдлөн:
-Тийм байна. Юутай үзэмжтэй үзэгдэнэ вэ! За би морио давирлаа гээд мориндоо ташуур өгч хөсгийн тэргүүн хэсэгт бие биеэ гоочлон яваа Балсан, Мандарваа хоёрыг гүйцэн ирээд дурангаа Балсангаад сарвайн: -Та хоёр нэг гэрийн эр эм хоёр мэт цагийн мөнхөд толхилцохоо больцгоо гэм. Тэр зүүн урагш дурандаад халиагаадах. Юу үзэгдэнэ? хэмээгээд морио давиран хөтлийн орой уруу давхин гарлаа. Хойноос нь Мандарваа, Балсан хоёр ч гүйцэн ирэхэд эцгийн шадар зуутад албан хаах болсон бундир толгойн харуулд гарсан болтой бас давхин ирэв. -Алив над өгөөтөх. Би бас үзмээр байна хэмээн Мандарваа үглээд Балсангаас дурангий нь авч алсад зэрэглээн дунд хөвөлзөн тодрох Угалзын хийд рүү хараачлаад: -Ганжирууд нь алтран гялалзаад бурханы орон л ийм байдаг байх даа гэхэд Бундир, Балсан хоёр түүнийг шоолж, нирхийтэл инээлдэв. -Наснаас нөхчиж байж л чи бурханы оронг үзэх байлгүй дээ. Бурханы оронг үзэх гэж яараад байвал бушуухан жанч халах хэрэгтэй бус уу?Усан нүдтэй, цусан зүрхтэй манд тэр газар ямар хамаа байхав хэмээн дуугүй дүмбэгэр атал далим гарвал Мандарвааг элдэвлэж байдаг Бундир хэлээд шувуун саарал хурдан хүлгийн нуруун дээр дүүхэлзэн хуяг, цээживчнийхээ ган тольтыг гялалзуулж, зэр зэвсгээ хангинуулан баруун гараар ташаа тулан ханхалзана. -Бурхан минь, битгий үхэх, хатах тухай яриад байгаач хэмээн Мандарвааг тэрүүхэндээ аалигүйтэн хөхрөхөд: -За за, шинэ хийдийн цамд явж байж Бундир чи юунд билэггүй яриа өднө вэ! Аль Мандарваа дуран өгөөтөх гэж Ануг зандрахад Мандарваа өөрийг нь эзэн авхай нь өмөөрсөнд баясан омогшиж: -Ёстой. Амны билгээс ашдын билэг гэгчээр... гээд дуранг нь Ану руу сарвайлаа. Уул ус тэгш, байгалийн гоо үзэмж бүрдсэн газарт барьсан Алтан угалзын хийд сүсэгтэн олны хөлд дарагдсан ч цам хараахан эхлээгүй байв. Сүмийн горломын баруунтай барьсан найман ханат их өргөөнд Галдан хувилгаан заларч буй гэнэ. Очирт цэцэн хан заларч явааг дуулаад залуу хувилгааны илгээсэн хоёр лам хийдийн баруунтайх хөтөл дээрээс тэднийг угтан авч, цам эхлэхээс өмнө хувилгаанд бараалхуулахаар замчлан хөдлөв. Хийдийн ойролцоо Сэнгэ хаан, түүний эцэг нэгт олон ахан дүүс, Ойрадын бусад ихэс дээдэс Цөхүр увш,Багабанди, Зоригт хошууч, Далай тайшийн хөвүүд ач нарын зэрэг ноёд олон өнгийн асар майхан шааж, хуарагнан буусан нь холоос талын цэцэг мэт өнгө алаглан нэн үзэсгэлэнтэй үзэгдэх ажгу. Шар торгон хөлтрөгтэй, өндөр мөөрөн дээр барьсан их найман ханат өргөөндөө Галдан
хутагт ахынхаа хадам болох Очирт цэцэн ханыхныг хүлээн авч мутрын адис хүртээв. Чухам өөрт нь зориулан оёулсан тод улаан цэцэгтэй, хөх торгон лавшиг,алтан утсаар зүү ороон чимсэн улаан залаат тоорцог, улаан тасам алчуур, зүүн чихэндээ шунхан улаан шүрэн унжуурга зүүсэн арван долоотой Ану охины зүг Галдан хоромхоноо шохоорхлын оч гийсэн харц илгээгээд, мутрын адисаа хайрлахдаа мэлмийгээ анисхийн дотроо ямархан нэг тарни шивших мэт аман дотроо гүнгэнэнэ. Залуу хувилгаантны зөөлөн мутар охины хүйтэн магнайд хүрмэгц хос залуусын зүрх нэгэн зэрэг уулга алдах мэт дэнслэн цохилоход, Галдан хувилгаан бурханы номоор хань хийн сэтгэлээ түвшитгэхийг оролдсон нь тэр байлуга. “-Та минь амархан сайн сууж байв уу?” “-Амгалаан.Үгүй, амгалан ч гэж. Ахын сүйт сэвгэр болсон чамайгаа санах бүрд сэтгэл өмрөн гуниглах юм.” “-Би ч гэсэн. Таны хайрласан алтан бурханыг харж сэтгэлээ дэвтээдэг.” “-Одоо намайг март даа.” “-Үгүй чадахгүй нь.Өршөөж хайрла, өчүүхэн сэвгэр намайг!” Гэр дүүрэн хүний дэргэд хоромхон зуур хос залуус ийн харцаараа ярилцлаа. Гэвч булгилан цохилох зүрхээ аргадан, бурханы ном уншиж, хожмын бэргэн болох энэ сэвгэрт өгсөн сэтгэл зүрхээ эгүүлэн авчрахаар Галдан хувилгаан амандаа мааниа шившсээр байх зуур Ану охин гэрээс гарч одсон байлаа. барлагууд нь асар босгож байх зуур Сэнгэ ханы асарт тэднийг урьсан залуу хиа ирж эцэгт нь бөхөсхийгээд: -Сэнгэ хаантан чигээ уухаар морил хэмээн намайг илгээлээ гэв. Өлзий хээт хөх торгон асрынхаа хойморт перс хивсээр бүрсэн сэнтийдээ морилон дэргэдээ ижийгээ суулгасан Сэнгэ хаан нүд алдам гоёж гоодсон Ануг үзээд “мах идүүлгэн”-ий найрнаас хойш хэчнээн том болж, гоо үзэмж бүрдээ вэ? хэмээн гайхаж ширвээ сахлын үзүүрийг имрэн жоготой инээмсэглэж байхад, Ану гагцхүү дүү Галданг нь бодон том эрээн шаазан дүүрэн мэлтэлзсэн исч гүйцээгүй түүхийвтэр чигээгээ барьсаар суулаа. Эцэг эх нь удахгүй хүргэн болох Сэнгэ хаантай мэнд ус мэдэлцэн, малын тарга хүч, зуслангийн ногооны гарц зэргийн хэв ерийн үг хэлэлцэн, тэдний ярианд ухаан хурц Юм-Агас хатан оролцон хөгжөөж байхад ч Ану Галдангийн тухай бодолдоо живэн дүмбийсээр суухад завшаан болж, цам эхлэх харанга дэлджээ. Газар газраас цугласан сүсэгтэн олны хөл Алтан угалзын сүм байрласан үзэсгэлэнт ногоон дэнжийг хотойтол дарж, адуу мал янцгаах, хүмүүсийн чих дүлийрэм шуугиан, эрээн мяраан хувцастай, морьтон монголчуудын дунд цамын цагаан өвгөн гүйн гарч ирэх тэрхэн агшинд Ану тамхины хавтагаа Балсангаар Галдан хувилгаанд өгчилгөөд хүмүүсийн хөл үймээнээс
зайдуу ганцаар голын бургасны тийш очмоор санагдав. Мандарвааг дагах гэхэд нь “Чишш...Цамаа үз.Би удахгүй...” гэчихээд шуугин урсах Или голын хөвөө рүү морио хөтлөн ганцаар одов. Голын захаар үргэжлэх оюу өнгөт ногоон ширэг дээр их усны урсгал ширтэн суухуйд охины сэтгэлийн их давалгаан намжин, хүсэл, хясалд бачуурсан өвчүү цээж нь уужрах мэт сайхан. -Охин минь, заяа тавилан чамд хатуурхахгүй ээ гэх эмгэн хүний дуунаар бүсгүй цочин давхийгээд толгой өндийлгөвөл ширэг өвснөөс ганц нэгийг хазлах чөдөртэй мориных нь дэргэд харь холын гэмээр навсгар хувцас, урт хар банзалтай, хар алчуур толгойдоо хулгавчилсан эмгэн инээвхийлэн зогсох аж. Хамар өндөрдүү, нүүр нь түмэн үрчлээст баригдсан атал хүнхэрдүү хар нүд нь жавхаа төгс гялалзах эмгэн: -Чи хүсэл татсан эртэйгээ хуримлах болно. Энэ олны дунд тэр чинь чамайг бодон сууна. Тун удахгүй тэр хүн хаан болж,чи хатан суудалд суух боловч ид насандаа хорвоогийн амьдралыг түүнийхээ төлөө орхиж, дайны талбарт үхэх юм байна. -Тэр хүн...тэр хүн чинь хэн юм бэ? Эмгэн хариулсангүй, алмуур таягаараа голын ногоон ширэгний зөөлөн хөрсөнд хүчлэн тулж, толгой сэгсрэн алчуураа засаад: -Тэр хүнтэйгээ чи тэнгэрт адислагдсан юм байна. Та хоёр хэдэн төрөлдөө хослон амьдарсан улс юм...Аз жаргал дэргэд чинь байна, бүсгүй минь гээд хүүе гэхийн завдалгүй цааш эргэн алхав. Сартай хээр нь шилгээн үүрсээд эмгэний урдуур халхлахад гэнэтийн цочирдлоос гарсан бүсгүй сэхээ авч: -Хүүе эмгээ! гээд ухасхийн бостол хэн ч дэргэд нь байсангүй. Харин Балсан майгадуу бахим хөлөөр хурдан хурдан алхлан ирж явснаа: -Юун эмгээ? хэмээн гайхаад: -Хувилгаантны шавиар дамжуулан хавтагыг тань өгчихлөө. Рашаан, энэ эрхиний хамт танд өгүүлсэн гээд ийш тийш гайхан харж: -Та чинь энд ганцаараа юу хийж байна? Ганцаар ингэж бүү явж бай. Түрүүн та юун хүнийг ”Эмгээ!”хэмээн дуудаад байсан бэ? гэж асуулаа. Хайртай түүнийхээ өгүүлсэн ягаан шүрэн эрихийг хоёр гардан авах зуураа Ану зүүн хөмсөг өргөн шадар бараа бологч энэ хөвүүний нүүрээд хянамгай харж: -Чи ирж явахдаа нэг тийм...харь маягийн хар хувцастай эмгэн хүн үзэв үү? хэмээн асуулаа. -Үгүй чишш...
-За тэгвэл энэ тухай ахин бүү ярь гээд Ану морь уруугаа очлоо. Цам майдар дээр Ану, Галдан хоёр биечлэн уулзаж завдсангүй ч зүрх булгилуулсан харц солилцон, бие биедээ бэлэг солилцон санасан сэтгэлээ тайлсан тул цээж уужран хоёр тийш салан одлуга. Анутай голын хөвөөнд таарч учрыг нь тайлшгүй жигтэй үгс хэлээд зэрэглээ мэт сарнин алга болсон харь хийцийн хар хувцаст эмгэнийг мөргөлчдийн дунд хүн явуулж сэм хайлгаад ч олсонгүй. Тэрхүү эмгэн чингэж газарт мөргүй, чихэнд сураггүй алга босонд Ану ихэд гайхан, усан нүдтэй, цусан зүрхтэй хүмүүн бус, удган шидтэн байсан юм болов уу хэмээн удтал гайхшран бодсоор хэлсэн үг нь санагдаж, сэтгэл цэлмээх буюу эсвэл айдас түгшүүр төрүүлсээр л байлаа. Хоёр жилийн өмнөх зүүдээ тэр гэнэт эргэн саналаа. Сэнгэтэй бус шар шувтлан хар болсон Галдантай суучихсан, тэгээд түүнийгээ харийн дайсны сумнаас хамгаалан өмнүүр нь орон үхэж байна хэмээн зүүдэлсэн нь охины хожмын хувь тавилан байсан юм биш байгаа! Галдан хувилгааны хувьд тэр оройдоо сүсэгтний хөл хөсөөн намжсаны хойно, ахынхаа Анутай хийх хуримын явдлыг шоо орхин шинжих гэтэл “Хурим болохгүй” гэсэн төлөг хэд хэдэн удаа буухад гайхан бодлогоширч, амны тарниа уншаад, сэтгэлд уяатай Ану охины дотно дүр, өөрт нь зориулан өмссөн нь илт, гал улаан цэцгэн хуартай хөх торгон лавшиг, улаан залаат гоёмсог тоорцог, улаан тасам, шүрэн унжуурга ээмэг, адис авахаар дөхөхдөө шанхны үсээ илбэн эгдүүтэйгээр мишээснийг нь санан санасаар амтат нойронд умбалуга. Ану охины баясгалант залуу насны билэгдэл, хадмынд мордоогүй охин сэвгэр үеийн сүүлчийн зун, намар нүд ирмэхийн зуур өнгөрч анхны цас хаялав. Галдан хувилгаан хоёр жилийн турш хөөцөлдөн байж бариулсан Алтан угалзын хийдийнхээ хурал номыг жигдрүүлээд намрын эхэн сард цастын орныг зорьсон сураг дуулдаад өнгөрсөн билээ. Зун нь хур арвин орж, газрын гарц сайхан байсан ч, хөрсөнд шингэсэн их чийг өвөлдөө хайран, урьд үзэгдээгүй хүйтэн хатуу өвөл болно хэмээн хөгшид хэлэлцсэн нь үнэн болов. Голын жавар цан хүүрэг татуулан чацарганын бут хөлдөөд тас тасхийн хугарч, хоттой хониноос захынх нь хөлдчихөөд өглөөтэй золгож байлаа. Хоньчин отгийн олон айл малынхаа талыг хүйтэнд хиаруулаад, дээшээ тэнгэрт өчихөд хол, доошоо газар эхэд айлтгахад хатуудсан цаг. Цаг тавирах яагаа ч үгүй. Цагаан сарын өмнөхөн Сэнгэ хааны ордноос нэгэн элч довтолгон ирсэн нь “Хаантан орондоо хорлогджээ” гэсэн хар хэл байвай. Очирт цэцэн хан яаравчлан Ховог сайрын ордны зүг өвлийн хүйтэн өдрийн бага үдээр чонон дах эгэлдрэглэн мордож, Доржравдан ахайтан уулгалан шогширч, сүйт бүсгүй нь гэгдсэн Ану цочин балмагдацгаав. Айсуй хувь тавилангийн хүнд дарамтнаас ийнхүү чөлөөлөгдсөн нь цээж дотор цэлмээх авч, зун Алтан угалзын хийдийн дэргэд учраад галд хайлах мэт оргүй алга болсон харь хувцаст эмгэний “ Хүсэл татсан эртэйгээ чи хуримлах болно...Тэр хүнтэйгээ чи тэнгэрт адислагдсан юм байна. Та хоёр хэдэн төрөлдөө хослон амьдарсан улс юм...Аз жаргал дэргэд чинь байна, бүсгүй минь” гэсэн үг нь сүйлсэн эрийнх нь гэнэтийн үхлийн тухай мэдээтэй зэрэгцэн санаанд нь бууж, сэтгэлгүй хүнтэй ураглахаас аврагдсандаа баясах авч, арай гэж хаантай
болж нэгэн тугийн дор нэгдэж эхэлсэн Зүүнгар улс ийнхүү эзэнгүй болж, нэгэнт хүчирхэг эзэнт төргүй болоод удсан монгол туургатны сүүлчийн хэлтэрхий Ойрад түмэн ийнхүү өнчрөн хоцорсон нь түүх сударт өгүүлдэг самуун цагийг авчрах вий гэдэгт Ану сэтгэл түгшин байлаа. эртний заншлаар их хүүдээ хунтайжийн суудлаа залгамжлуулалгүй дөрөвдүгээр хатан Юм- Агасаас төрсөн зургаа дахь хүүдээ өгсөнд өс санасаар явсан Цэцэн тайж , Зодов баатар хэмээх зулай гишгэсэн ахан дүүс нь Сэнгэ хааныг хорлон алсан нь тодров. Хэд хоногийн дараа эцэг нь Ховог сайраас ирэхдээ, өвлийн ид хүйтнээр хүүгээ алдан уй гашууд унасан Юм-Агас хатан Цастын орны зүг Галдан хувилгаан хүүдээ буухиа элч довтолгон яаравчлан ирүүлэхээр дуудуулсан, хоёр хүүтэйгээ хамсан Сэнгэ хааныг хорлосон буруд хатан Дарабалжийг хамсаатнуудынх нь хамт баривчлан хороосон тухай хэл чимээтэй эгэн ирэв. Энэ айлын хожмын хүргэн, Зүүнгарын хаан Сэнгийн цаг бусын үхлийн уйд дарагдсан цагаан сар ч хөл хөөр багатайхан болж өнгөрөв. Очирт цэцэн ханы хувьд Сэнгэ хааны хорлогдсон нь дэндүү гэнэтийн явдал байлаа. Галданг бодвол сэтгэл зөөлөн, ахмадын үгийг сонсомтгой, удахгүй хүргэн нь болохоор завдаж байсан Сэнгэ таалал болсон нь дөнгөж нэгэн тугийн дор нэгдэж эхэлж асан Зүүнгарын төрд нүүрлэсэн гамшиг байлаа. Сэнгэтэй ор булаалддаг асан Цэцэн,Зодов хоёр цаазлагдлаа. Өдгөө Цоросын Баатар хунтайжийн хөвүүдээс орыг нь залгамжлах хүн сахил санваартай Галдан хувилгаанаас өөр хэн ч алга. Сэвдэнжал, Зоригт хошууч нарын хоншоор дутна. Онцон, Бум, Доржжав, Пунцагдаш энэ хэдэд ч эцгээ залгамжлах хэрийн сортоо үгүй. Шуудайд хийсэн үхрийн эвэр мэт дош дошин дээрээ хошгиролдсон Ойрадын ихэс тэднийг тоох ч үгүй. Чингээд Юм-Агас хатны бодсончлон Галдан хувилгаан шар шувтлан эцгийн ор суухаас өөр гарц үгүй мэт.Гэтэл Галдан хувилгаан сахил санваар, номт хувцаст баригдаад өдий зэрэгтэй амгалан дөлгөөн байгаагаас бус халуун цочмог, омголон дураар зангаар ахаасаа хол илүү хүн. “Миний арван нэгэн хөвүүний дотор Галдан шиг цөс их, омголон догшин, сумны гичир мэт чигээрээ нь нэг ч үгүй. Тархи ч сэргэлэн. Энэ хөвүүнээ Бурханы шавь болгон тэр их омголон аашийг нь даръя. Ухаан сэргэг тул эрхбиш Зая багшийн зэрэгт дөхөх номтой ламтан болох биз гэж давхар горьдоно” хэмээн Баатар хунтайж анд нь Галданг цастын орны Дашлхүмбэ хийдэд шавилуулан суулгахын өмнө аминчлан хуучилж байж билээ. Нэгэн үе дөрвөн Ойрадын шашны тэргүүн их багш Зая гэгээнтний хэмжээнд сүсэгтэн олноор хүрээлүүлэн, түүнд өөрт нь болон Зүүнгарын бүхий л ихэс дээдэст адис хүртээж явсан залуу ламтан шар шувтлан хар болоод бүрлээч ахынхаа оронд суурь залгах юм бол Сэнгэ шиг номхон байхгүй нь лав. Залуу, омголон түүний бодлогогүй үйлдэл Зүүнгарыг Манжийн хоол болгох вий гэхчлэн түмэн бодолд дарагдан байлуга. Гэтэл бас Сэнгийн сүй тавьсан сэвгэр, голоос хайртай Ану охин нь шууд Галдангийн хатан болох нь. Тэрбээр Сахил санваартай байхдаа л охинд нь өлөн харц унагаж явсан хүн. Ану ч Галданд туйлаас талтай нь илт. Хаврын дунд сар гарав. Или голын хөндий зузаан цасанд дараастай хэвээр ч эрхбиш ирж буй урин цаг ханх тавин, хүйтний эрч суларч, хахир хатуу өвлийг даван мэнд үлдсэн мал сүрэг захаараа ханзарч буй цасан дороос борог өвс ухан тааваараа бэлчинэ. Ховог сайрын ордноос ирсэн сургаар бол Галдан хувилгаантан эхийнхээ дуудлагаар шар
Search
Read the Text Version
- 1
- 2
- 3
- 4
- 5
- 6
- 7
- 8
- 9
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
- 25
- 26
- 27
- 28
- 29
- 30
- 31
- 32
- 33
- 34
- 35
- 36
- 37
- 38
- 39
- 40
- 41
- 42
- 43
- 44
- 45
- 46
- 47
- 48
- 49
- 50
- 51
- 52
- 53
- 54
- 55
- 56
- 57
- 58
- 59
- 60
- 61
- 62
- 63
- 64
- 65
- 66
- 67
- 68
- 69
- 70
- 71
- 72
- 73
- 74
- 75
- 76
- 77
- 78
- 79
- 80
- 81
- 82
- 83
- 84
- 85
- 86
- 87
- 88
- 89
- 90
- 91
- 92
- 93
- 94
- 95
- 96
- 97
- 98
- 99
- 100
- 101
- 102
- 103
- 104
- 105
- 106
- 107
- 108
- 109
- 110
- 111
- 112
- 113
- 114
- 115
- 116
- 117
- 118
- 119
- 120
- 121
- 122
- 123
- 124
- 125
- 126
- 127
- 128
- 129
- 130
- 131
- 132
- 133
- 134
- 135
- 136
- 137
- 138
- 139
- 140
- 141
- 142
- 143
- 144
- 145
- 146
- 147
- 148
- 149
- 150
- 151
- 152
- 153
- 154
- 155
- 156
- 157
- 158
- 159
- 160
- 161
- 162
- 163
- 164
- 165
- 166
- 167
- 168
- 169
- 170
- 171
- 172
- 173
- 174
- 175
- 176
- 177
- 178
- 179
- 180
- 181
- 182
- 183
- 184
- 185
- 186
- 187
- 188
- 189
- 190
- 191
- 192
- 193
- 194
- 195
- 196
- 197
- 198
- 199
- 200
- 201
- 202
- 203
- 204
- 205
- 206
- 207
- 208
- 209
- 210
- 211
- 212
- 213
- 214
- 215
- 216
- 217
- 218
- 219
- 220
- 221
- 222
- 223
- 224
- 225
- 226
- 227
- 228
- 229
- 230
- 231
- 232
- 233
- 234
- 235
- 236
- 237
- 238
- 239
- 240
- 241
- 242
- 243
- 244
- 245
- 246
- 247
- 248
- 249
- 250
- 251
- 252
- 253
- 254
- 255
- 256
- 257
- 258
- 259
- 260
- 261
- 262
- 263
- 264
- 265
- 266
- 267
- 268
- 269
- 270
- 271
- 272
- 273
- 274
- 275
- 276
- 277
- 278
- 279
- 280
- 281
- 282
- 283
- 284
- 285
- 286
- 287
- 288
- 289
- 290
- 291
- 292
- 293
- 294
- 295
- 296
- 297
- 298
- 299
- 300
- 301
- 302
- 303
- 304
- 305
- 306
- 307
- 308
- 309
- 310
- 311
- 312
- 313
- 314
- 315
- 316
- 317
- 318
- 319
- 320
- 321
- 322
- 323
- 324
- 325
- 326
- 327
- 328
- 329
- 330
- 331
- 332
- 333