Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Домогт Ану хатан - Шүүдэрцэцэг

Домогт Ану хатан - Шүүдэрцэцэг

Published by gaabii0703, 2020-03-12 10:28:37

Description: Домогт Ану хатан - Шүүдэрцэцэг

Search

Read the Text Version

зүүн хөмсгөө өргөн бухимдангуй хараад яриагаа завсарлан хоолой засахад нь эцгийн алба ажилтай завгүй байхад садаа болсноо ойлгосон хэрсүү охин аавынхаа нэг хиа Уламбаярын ухасхийхээс ч урьтан буцаад годхийн гарлаа. Гэр рүү хөл тавиад буцан гарах зуурт харж амжсан хүмүүс гэвэл ямагт тэднийхэнтэй саахалтын зайд нутаглан дагалдаж явдаг холын төрлийн Юмнэрэн тайж, Галдамаа ах нь, бас өртөө зайд байх Сэрүүн бүрдийн хийдийн хоёр гурван лам, эцгийнх нь бичгийн түшмэл Чингэл гүүш, Улаанхүү бичээч болон зуут мянгатын ноёд баатрууд цуглаж, бултаараа царай хүрлийлгэн дүнсийгээд аавынх нь яриаг чагнаж байсан санагдана. Охин ийнхүү аавыгаа хүзүүдэн эрхэлж чадаагүйдээ урам хугаран “Өө, ингээд аав дандаа алба ажил, хуралдайтай, эс бол хол яваад өгөх юм. Надад цавчилдах эрдэм зааж өгч, хамтдаа бургас цавчина гэсэн байж...Одоо ижий дээр очих уу,яахав?За яршиг. Ижий, гэрийн тоосыг гүв гээд Үзмээ,Жавзан хоёроо загнаж байвал яршиг. Аавыг ирэхээр дандаа л тэгдэг юм чинь. Даадаагаар давхар бин хийлгэж иддэг хэрэг” хэмээн бодолхийлэн зогсох зуур Очирт цэцэн ханы шадар хиа Цанжид гэрээс гарч хоолны өргөө рүү явах гэснээ авхайг хараад зогстуссанаа: -Авхай минь энүүгээр эргэлдээд хэрэггүй.Явж тогло гэж эзэн хэлүүлж байна. Гашуудалт хэрэг гараад байгаа.Хүүхэд энд байгаад хэрэггүй хэмээн өвдөг дээрээ суун тусч байгаад учирлан хэллээ. -Байз. Юун гашуудал болсныг надад хэл л дээ. Хэн үхсэн юм бэ? гэж охин асуугаад зүүн хөмсгөө өргөж яг эцэг шигээ захирангуй харцаар өөдөөс нь тас ширтэхэд эр дунд насны, хэзээ ч дуугаа өндөрсгөх буюу намсгалгүй нэгэн жигдээр учирлан ярьдаг заншилтай тэр хүн хүүхдийг өхөөрдөх, бас эзний авхай хэмээн хүндлэхийг хослуулан : -Авхай, тэгж хүндэтгэлгүй ярьж яаж болдог юм?Хэн таалал болоо вэ? гэж ярьдаг юм. Манай Ойрадын шашин номын их багш Зая бандид багштан жанч халсан байна.Ум ма ни бад мэ хум гэж хөмсөг зангидан гашуудаж, харамссан, басхүү балчир авхайг сургамжилсан царайтай атлаа ердийнхөөрөө намуухан дуугаар хэлээд зоогийн өргөөний зүг хурдлан алхлав. Охин ганцаар үлдээд ижийнхээ өргөөний өмнөх сэхээвчийн зүг элдвийг бодолхийлэн аажуухан гэлдэрлээ.Ижий нь өргөөнийхөө эргэн тойронд зулзаган хайлаас, өмнөдөөс авчруулсан үзэмжит цэцэгтэй сакура мод бут тариулан сэхээвч бариулсан нь өсч төрсөн Ижил мөрний орд өргөөгөө санагалзсаных бөгөөд охин тэнд саатан тоглох дуртай ажгуу. Тэртээ барлагуудын гэрүүдийн тэндээс Мандарваа, Булган хэмээх эгч дүү хоёр охин “Ану авхай! Хэдүүлээ чоно тарвагацах уу?” хэмээн даллацгаахад “Үгүй ээ.Та хоёртой тоглохгүй.Явж нусаа арч” хэмээн ундууцан хашгирахад өнөө хоёр охин хашаа хорооны цаагуур бултасхийн далд орлоо. Авхайн том дуугаран”Нусаа арч!” хэмээн хэн нэгнийг зандрах чимээнээр хатны өргөөнөөс өрлөг эх нь гарч ирээд: -Өө, та хоёр хэзээ хүрээ ирээв?Балсан хаачаа вэ?Зая багштан жанч халж, өргөөнд гашуудлын хоног хураахаар болсныг дуулав уу?Орж халуун юм оочлон дулаацнуу даа? Алийв гар нь

даарчаа юу? хэмээн аргадангуй хошуу дэвсэхэд мөнгөн өнгөтэй шашир хоргой хошмоглон эмжсэн, шагайныхаа дээхнүүр татсан урт хормойтой үүлэн хээтэй хөх ягаан хөвөнтэй дээлийнхээ цэнхэр хилэн нударга дор халуу дүүгэн буй хоёр жижигхэн гараар өрлөг эхийнхээ ширүүн улаан сарвуунд хүрч, нэлээдгүй тээршаасан дуугаар : -Хар л даа.Даараагүй байхад.Би ямар тийм нусаа чирсэн дааранхай амьтан биш. Юу ч идэхгүй ээ.Юм бодмоор байна хэмээгээд улаан угалзтай канчин гутлынхаа хоншоороор цас цоохортсон шороо сэндийлж гарав. Өрлөг эх: -Байг.Газар сэндийлдэггүйм. Ижийд тань таныг даараагүй, юм идэхгүй гэнэ хэмээн дуулгаадахъя гээд баруун тийш саравчлан Балсан хүүгийнхээ барааг нэг харчихаад ашгүй өргөө рүү орчихлоо. “Томчууд тэгдэггүй юм, ингэдэггүй юм гээд зааж сургаад юутай бэрх юм бэ?Хэзээ нэг хэнээр ч заалгаж сургамжлуулахгүй өөрийнхөө зоргоор байх бол доо. Зая багштан цастын оронд морилохоор одсон.Бид хаврын адаг сард хойноос нь явна гэж аав ярьж байтал багштан бүрлээч болжээ. Үгүй ер, лам хүн үхэхээр заавал юу гэнэ вэ,”жанч хална” гэдэг юм байх даа.Дараа нь ааваас асууя даа,байз. Тэгээд аав одоо нэгэнт Зая багштан үгүй болсон болохоор тэртээ холд байх цастын орон гэдэг рүү нь явахаа болих болов уу,яах бол?Тэгвэл ч Зая багш юу билээ,жанч халсан нь үнэхээр тоогүй юм болох нээ.” хэмээн бодон удтал суусаар хөл нь даарч, өрлөг эх нь халуун хайлмаг ид хэмээн дуудахад сая хатан эхийн өргөөнд оржээ. Ийнхүү Ойрад түмний номын их багш Зая бандида Намхайжамц таалал төгссөн их гашуудлын хоног хурааж, Очирт цэцэн ханы өргөөнийхөн дөчин ес хоногийн турш цагаан хоол зооглохоор болж, Сэрүүн бүрдийн хийдийн уншлагын лам нар залагдан ирж, хойдын буяныг нь үйлдэн ном уншсаар олон хоногийг үдэж билээ. Рабжамба Зая бандид Намхайжамц нь шороон гахай жил буюу аргын тооллын 1599 онд мэндэлсэн гэдэг. Түүнийг багад нь Сирхабаг,Сирханбух хэмээдэг байсан гэж тэмдэглэгдсэн ч түүхэн сурвалжаар нотлогдоогүй аман мэдээгээр уламжлагдан иржээ. Эцэг эхээс өгсөн нэр нь ийнхүү тодорхойгүй боловч сахил хүртсэн номын төвд нэр нь Намхайжамц.Монголоор дуун хөрвүүлбэл Огторгуйндалай юм. Ойрадын номын их багш, соён гэгээрүүлэгч Зая бандидын угсаа гарал намтарт нь тэмдэглэснээр яс нь хошууд, овог нь гөрөөчин шангас ажгуу.Өвөг нь дөрвөн Ойрад даяар машид алдаршсан Хүнхүй Заяач хэмээх ажээ.Баавханд 8 хөвгүүн байснаас тавдугаар хөвгүүн нь Зая бандид буй за гэжээ.Намхайжамц дөрвөн Ойрадаас алс хол Төвд оронд шашны ном суралцахаар одсон язгууртны 32, ардын 120 хүүхдийн хамтаар явжээ.Тэд аргын 1616 онд эх нутгаасаа гарч Хөх нуураар дамжин могой жил буюу аргын 1617 онд Төвдөд хүрсэн байна.Намхайжамцын анхны сурсан сургууль нь цанид хэмээх шашны гүн ухаан заадаг хийд байв. Далай ламын ширээнд шинээр тодорсон хувилгаан гэлэнгийн сахил хүртэхдээ Төвдийн Литан хийдэд очиж нэг үе сууж, шашин номын тэргүүн энэ их хүний ирээдүйн үйл хэрэг бүтэмжтэй байхыг билгэдэн тусгай зан үйл гүйцэтгэдэг уламжлалтай байжээ.Далай ламыг Банчин богдоос гэлэнгийн сахил хүртэх тэр ёслолд Төвдийн шилдэг 10 гэлэн суудал гүйцээж сахилынх нь номыг уншихад тэр арван гэлэнгийн нэг нь Рабжамба Намхайжамц байсан гэдэг. Тийнхүү бурханы шашны төв Цастын оронд шилдэг арван гэлэнгийн нэг болж Далай ламын сахилын номыг уншина гэдэг маш их нэр төртэй хэрэг байв.Зая бандид Намхайжамц

тийнхүү алс холын Цастын оронд шашны номд хорин хоёр жил суралцсаны дараа түүнийг монгол хэлтэнд шашин дэлгэрүүлэх хэмжээнд хүртэл эрдэм номд нэвтэрсэн гэж үзээд Банчин богд,тавдугаар Далай лам тэргүүтэн мутрын эрихээ соёрхсон ажгуу. Рабжамба Зая бандид Намхайжамц эх нутагтаа эргэн ирснээсээ хойш Монголын тусгаар тогтнол, эв нэгдлийг бэхжүүлэх, шашин дэлгэрүүлэх, шашны ном зохиолыг эх хэлнээ хөрвүүлэх зэрэг улстөр, шашны үйлст насан эцэслэх хүртлээ 20 гаруй жил хүчин зүтгэсэн нийгэм, улс төр, шашин соёлын нэрт зүтгэлтэн байсан билээ. Хошууд аймгаас тодорсон номын их багш Зая бандид тийнхүү жанч халан хүний ертөнцийг орхисон явдал Очирт цэцэн ханыг хамгаас илүү харамсал, гашуудалд унагасан юм. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг зүг зүг харалцаад буй Ойрадын ноёд Зая бандид Намхайжамцтаны айлдвараар, хулгана жилийн зуны эхэн сард Илийн зусланд цуглан чуулахаар ам хэлээ ололцоод байтал “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр ам мөлтөс жанч халчихдаг. “Хувьтай хүн хулгана жилийг үздэг” гэдэг сэн. Хошууд аймгаас төрсөн шашин ном, бичиг эрдэмд төгс энэ их хүнд хувь дутна гэж яавч үгүй . Харин Ойрад түмний хувь дутахдаа л энэ их хүмүүнээ ийнхүү цаг бусаар алдав” хэмээн Очирт цэцэн хан номын өргөөндөө хэдэн хоногийн турш элдвийг бясалган суухдаа бодсоор байлаа. Аливаа ард түмэн өөрийнхөө суутныг төрүүлж, тэр хүн нь түүхэн хувь заяаг нь залдаг. Монгол түмний үсэрсэн цус,тасарсан мах байтал халх Ойрадаар талцан хэдэнтээ цусаа урсгасан нь багадсан юм шиг , тахиа жилийн намар \\аргын 1657 он\\ Эмиль голын тэртээ Ойрадууд баруун,зүүн гар болон тэмцэлдэхийн даваан дээр Зая бандид Намхайжамц багштан болиулсан. “Хувьтай хүн хулгана жилийг үзмүй. Хулгана жилдээ Илийн зусланд Ойрадын ноёдын их чуулганыг хийвэл зохилтой” хэмээн айлдаад тэнгэрийн оронд одсон их багштаныхаа хойдын буяныг номын ёсоор үйлдэж дөчин есөн хоногийг нь хураагаад алтан шарилыг нь Раашлхүмбэ хийдэд залж оршооход хүрэлцэн очсон Очирт цэцэн хан зуны эхэн сард Лхаст мөргөл үйлдэхээр мордохдоо бяцхан охин Анугаа эхийнх нь хамт, мөн бага хатнаа бас дагуулан явжээ. “Зая бандид Намхайжамц багштан жанч халжээ “ хэмээн анх дуулсан өдрөө аав намайг дагуулаад цастын оронд мөргөлд явахаа больчих юм биш байгаа хэмээн бяцхан цээжиндээ түгшиж байсан Ану ижийнхээ хамт зөөлөн нумтай мухлаг тэргэнд суугаад алсын аянд гарахдаа сэтгэл хөөрөн догдолж байлуга. Өргөөнд олон өдөр гашуудлын хоног хураан, залагдан ирсэн лам нар ном уншиж байхад чанга хашгиран шуугиж, инээж хөөрч болохгүй гэдгийг хэрсүү ухаандаа ойлгоод дэггүйтэн үймүүлэхгүй томоотой байж, өдөр өнжилгүй үзэмтэй будаа, хайлмаг, шүүрмэг, хавсаа боов, сүүтэй будаа\\Ойрадууд сүүтэй тасалсан гурилаа сүүтэй будаа гэнэ\\ гэхчлэн махгүй хоол зооглосноос уйдан махассан , бүрлээч багштаны шарилыг оршооно хэмээн холын холд одсон ааваа тэсэшгүй ихээр санан үгүйлснээс орондоо нэг бус удаа нойтогносон тэр олон хоног сар ашгүй өнгөрч, урьд хожид явж үзээгүй алсын замд гарна гэхээс балчир охины нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөсөөр үүр цайлгаж билээ. Хүүхэд л юм хойно нэг л мэдэхэд ижийнхээ анхилуун үнэрт зөөлөн эгэмд наалдан нам унтчихаад нар битүүгээр өрлөг эхийгээ дуудахад Даадаагаа дандаа элэг барьдаг зангаараа халуун хэвтэртээ хоргодон хөнжилдөө шургах гэтэл: -Өө, ингээд эрт босдоггүй хүүхэд хэвтэртээ хоцроод ижий аав нь чамайг гэрт нь орхин Цастын оронд явлаа даа. Ануг орхиод явцгаая цугаараа гэх эцгийнхээ дуунаар гэнэт үсрэн

босч гэр дэх хүмүүсийг инээлгэж, өөрөө тийнхүү томчуудын тоглоом тохууны бай болсондоо шаралхан уйлаад өрлөг эхийнхээ энгэрт очин наалдах зуур нээрээ орхиод явчих вий гэж сэмхэн тойруулан харахад, эх нь өргөөнийхөө зүүн хойморт байдаг танан чимэглэлтэй том толь руугаа хяламхийн шанхныхаа хэсэг үсийг засч байхыг харангуут хор шарандаа хурдан хурдан хувцаслав. Харин эцэг нь охины унтуу хөдөлснийг мэдсэн мэт гараад явчихсанд нь дотроо их л баярлаад ижий рүүгээ муухай харан харан дээлээ бүслүүлж байлаа. Охиныг тийнхүү өөртөө эрэмших зандаа баригдах буюу, эхээсээ алив нэгэн өөгшүүлэл эрэн уйлмаар болоход ижий нь ихэнхдээ ийнхүү эс ойшоодог, охиныхоо дотоод санаа бодол, алив шаналгааг бус гагцхүү өөрийнхөө хэр сайхан харагдаж байгаад л санаа тавьдагт дургүйцнэ. Охиныг хувцаслаад өрлөг эхтэйгээ гарч ирэхэд сая ижий нь дэргэд ирж, тэр хоёрын сууж явах зөөлөн нумтай бүхээгт тэрэгний хажууд зогсоод бараа бологчдодоо заавар өгч байсан эцэг рүү нь очихоор охины гараас хөтлөх гэхэд Ану гараа ууртайгаар угз татан аваад аав руугаа өөрөө гүйчихлээ. Наран дөнгөж мандаж, улбар ягаан туяагаар газар дэлхийд мэхийн инээмсэглэж байх шиг, юм бүхэн өнгөлөг, алсын замд гарна гэхээс догдолсон сэтгэл нь тогоотой сүү дэврэх шиг хөөрсөн охиныг мөн л ааш зан сайхан, хол явахад билгэдэл бодон магнай тэнүүн зогсох аав нь тэврэн авч духан дээр нь үнэрлэлээ. Анугийн эхтэйгээ хамт суух мухлагт тэрэгний ард арай хуучивтардуу боловч, шар цацагт улбар хамба хилэн чимэглэлтэй өөр нэгэн тэргэнд бага хатан Нуран Алмагүл шивэгчнийхээ хамт суусан байлаа. Нүдэнд нь ямагт гуниг хурж явдаг залуухан бүсгүй, дуу хадаан гүйж ирсэн Ануг хараад мухлаг тэрэгнээсээ гарч ирэн хацар дээр нь үнсээд еэвэн өглөө. Өглөө нойрмоглоод, бас оройтож боссоноосоо болоод өөрийг нь үлдээчих вий гэсэн түгшүүр, хүүхдийн яарч догдолсон сэтгэл нь цатгалдаад зэлгээн хярамнаас өөр юу ч хоолой давуулаагүй охин тэр еэвэнг амаа олохгүй идэж байтал эх нь ирж тэргэндээ сууж буй Нурангийн ар нурууг сүлбүүрдэх мэт ширэв татаад : -Алив, одоо тэргэндээ суу. Гэдэс чинь зайлагдаад бөөлжих вий.Юун болох болохгүй юм идээд байна? гэж охиноо зандраад бага хатанд хандсан нь илт “Элдэв идэж уух юмаар хүүхэд өөртөө татах санаатай” гэж нөхөртөө дуулдахгүйгээр уцаартай зуунги хэлснээ хөтчийнхөө авчрах гал шарга мориндоо мордоод ачаа хөсөг, хатдынхаа суусан хоёр мухлагт тэрэг рүү инээмсэглэн ирж яваа хантныг хармагц хоёр нарийхан хөмсөгнийхөө зангилааг сулхан уяасан гогцоог хөвөх мэт дорхон нь тэнийлгээд юу ч болоогүй мэт мишээхийг ижийдээ түрүүнээс хойш ундууцангуй байсан охин ажиглаад улам ч дургүйцэн эцэг рүүгээ ухасхийж: -Би аавтайгаа сундлаад явна.Ижийтэй хамт тэргэнд суухгүй хэмээн зөрүүдлэв. Эх охин хоёрын энэ зөрөлдөөнийг мухлаг тэрэгнийхээ гэгээвчээр ажиглаж суусан бага хатан “Элдэв идэж уух юмаар хүүхэд өөртөө татах санаатай” хэмээн тухайлан өөрт нь зориулан шидсэн дунд хатны үгийн хариу болгох мэт санагдсан “Ижийтэй хамт суухгүй” гэсэн охины үгэнд дотроо сэтгэл ханан инээмсэглэлээ. “Энэ бяцхан амьтныг эхийн хайраар хайрлахгүй байж, ямагт хантны сэтгэлийг өөртөө татах арга мэх болгон ашиглаад байгааг нь нялх хүүхэд өөрөө хүртэл мэдээд байгааг энэ ахайтан эс гадарлана гэж үү?Тэнгэр юунд ийм шударга бус юм бэ? Хэрэв надад үр заяадаг юм бол бүстэй, бүсгүй ялгаагүй, сэтгэл минь хэчнээн тэнийн баярлах бол?Эх хүн болж, үр заяадаг л юм бол надад хан эзний сэтгэл хувирах, эс хувирах ялгаа юун” хэмээн бүсгүй гуниглан бодож, хэдий өөр шашинтай ч, бурханы орон Лхасын

эрдэмт мэргэн лам хувраг, ариун гэгээн шүтээнүүдэд мөргөн залбирч, үрийн хутаг гуйхыг мөрөөдөн гөлөрч явлаа. Охины зөрүүд занг яагаад ч эс дийлэхээ мэдэх эх нь хүүхдийн энэ төрхгүйтэлд дургүйцэх, эс бол өөгшүүлэхээ мэдэхгүй толгой сэгсрэн, зүүлт чимгээ дуугарган, тэр хангинан жингэнэх чимээндээ өөрөө таатай гэгч нь зогсоход аяны хөнгөн эмээл тохон, нил хөх индранил эрдэнийн чимэглэлтэй алдтадсан махир сэлэм, нум саадаг агссан нөхөр нь сахал дороо инээмсэглэх атал түүнээ нууж, охин руу өхөөрдөнгүй хараад : -За яахав.Тэгээд ижийнхээ үгийг дуулахгүй, заавал аавдаа дүүрүүлж явах юм бол ам цангалаа, бөгс холголоо, буумаар байна гэхгүй.Бууж үдлэх хүртэл хагас өдөрчийн газар явна шүү дээ.Чадах юм бол нааш ир дээ гэлээ. Замд өмсгөх гэж тухайлан хийлгэсэн мөнгөлөг хоргойгоор хошмоглон эмжиж, үүлэн цэнхэр минчүүгээр оёсон урт тэрлэгийнхээ хормойг өргөн эцэг рүүгээ ухасхийсэн охин өөрийг нь сорьж, басхүү тэсвэр тэвчээрт нь эргэлзэх маягаар хэлсэн эцгийнхээ үгэнд шар нь хөдөлж, зогтуссанаа хөмсгөө зангидан,хөмхий зуун хэсэг зогссоноо эцэг эхийнхээ царай руу ээлжлэн хилэнтэй гэгч нь хараад: -Та нар юунд дандаа намайг нялцгай жаахан хүүхэд гэж боддог юм бэ?Би үдлэх хүртэл мориор аавтай явж чадна.Хараарай гээд эцгийнхээ хөтөч Пагваа өөд ихэмсгээр ширвэхэд өнөөх нь охиныг өргөн эцэгт нь дүүрүүлэв. Хан өнгөн дээрээ охины зөрүүд өөрийнхөөрөө занд гонсойн буруушаах мэт царайлавч, үг хэлсэн хэлээгүй ямагт эргэн тойрны зарц барлагуудаас өгсүүлээд өөрийг нь ч санаснаараа хөдөлгөж чаддагт нь сэтгэл хангалуун буй нь илт, сахал дороо мушийгаад морио давирангаа Анугийн дагзнаас өхөөрдөн үнэрлэх аж. Тэрхэн мөчид Доржравдан хатан хормойгоо өргөн мухлаг тэргэндээ суух зуур төрхгүй аашлах тусам эцгийнхээ хайрыг татаж буйд нь дотроо охиндоо атаархах сэтгэл төрж байгаагаа мэдрэн хөмсөг атируулав.Тийм ээ. Эр нөхөртөө таашаагдах гэж л өдийг хүртэл амьдарсаар ирсэн түүний хувьд энэ бяцхан охин шиг өөрийнхөөрөө байх мөч хэчнээн байсан бол? Бүү мэд. Ямагт дотроо нэгийг бодсон ч ,гаднаа тэс өмнөө дүр төрх гарган,эгнэгт бүхнийг эрхшээгч эр нөхрийн таалалд нийцүүлэх гэж элдвээр аашлах, өөрөөс нь арван таван насаар дүү, нүд хөмсөг болсон хөөрхөн хотон бүсгүйг бага хатан болгон буулгахад нь дотроо энэлэн өмрөх зүрх сэтгэлээ тас барин хүлцэнгүй царайлах, эр нөхөр нь бага хатны өргөөнд морилсон шөнүүдэд дэрээ нэвтэртэл уйлж хоноод, өглөө нь хар хороо нууж, хавдсан нүдэндээ хүйтэн жин тавиад инээмсэглэн угтах, аливаа явдалд уур унтуу хэчнээн хүрсэн ч энэ хүний нүдэн дээр л бол утааг нь амаараа гаргалгүй цээжиндээ тэр уурын галыг унтраан өнгөрөх, төрж хөнгөрөн бүдүүрсэн биеийн гоолиг галбирыг эгүүлэн авчрах гэж арван алд гяраг бүсээр амьсгалж чадахгүй болтол ороох, амттан шимттэнээс татгалзан өлөн хоосон байх, их хатны хорон санааг тэсч өнгөрүүлэн худал дүр эсгэн сайхан загнах...Тийм ээ худал хуурмагаар дүүрсэн энэ амьдрал хариуд нь хэчнээнхэн жаргалыг хайрласан билээ түүнд? Гэтэл өөрийнх нь яс махны тасархай, энэ өөдсийн чинээхэн охинд бол тийнхүү худал хуурмаг аашлах, эцгийн хайрыг татах гэж элдвээр арга мэх хэрэглэх, тэр хайрыг нь хэвээр нь хадгалан үлдэхийн төлөө дуслын төдий ч чармайлт хэрэггүй байх нь. Хэчнээн шударга бус вэ? Эх хүн төрүүлсэн үртэйгээ ийнхүү барьцан, сэтгэлдээ атаа жөтөө агуулах нь нүгэл бус уу?

Охиноо юунд хоёр ууган хүүгээсээ бага хайрладгаа одоо л ухаарах мэт. Нуган үрс мэндэлснээрээ эр нөхөр, хадмын гэрт нүүр тал байр суурь олж авсандаа ч биш,мөн л хоёр хүү төрүүлснээрээ эрт оворжсон үрчгэр царайдаа бардамнал тодруулдаг асан Цэвээн хатныг давсандаа ч бус. Өөр шигээ бүсгүй дорой төрөлтөн биш,хийморилог эр хүйстэйд нь, одоо энэ Ану шиг өөртэй нь эр нөхрийнх нь хайрыг булаалдах мэт сэтгэгдэл хэзээ ч төрүүлж байгаагүй учраас л хөвгүүддээ энэ бяцхан охиноос илүү их хайртай байдаг байх нь. -Аав аа, одоо цастын орон харагдах болж байна уу?Юу... тийм хол юм гэж үү?Хөх нуураас хол гэж үү? хэмээн охины шулганасан дуу алсран холдож, хатан бодлынхоо ертөнцөд гагцаар хоцорлугаа. Алсын замд явах хантны ачаа хөсөг гэж гучаад тэмээ гурван бүхээгт тэрэг, толгойн харуул, хэвтүүлийн жараад баатар эрс, аягачин шивгэчин, хөсөг хөтлөөч, агтчин, хоол зоог бэлтгэх хөгшин залуу хоёр зам гээд зуугаад хүнтэй цастын орны зүг эртлэн хөдлөв. Охины өрлөг эх Ханджав бие барагтайхан амьсгаадангуй буй тул хамтдаа замд гарч чадсангүй, хөсгийг саахалтын газар морьтой дагаад сүү өргөн үдэж хоцорлоо. -Даадаа!Би танд Далай ламын шүншиглэсэн бурхан авчирч өгнө.Бас дээлийн түвд хоргой, яг ижийнхтэй ижилхэн гал шаргал өнгөтэйг авчирч өгнө.Битгий уйл гэж охин өрлөг эхээсээ салах тэр мөчид хэвлүүхэн гэгч нь хэлээд мордохдоо өөрөө аяга дүүрэн нулимсаа дуслуулахгүй гэхдээ хөмхийгөө зуун нүдээ цавчрахгүйг хичээн цааш эргээд аавынхаа гарт буй цулбуураас атгаж билээ. Охины хувьд төрж өссөн гэр өргөө, сэтгэлд дотно элстэй дов толгод, алсад ногоорон үлдэж буй дасал болсон Дуутын бүрдэн дэх зуслан, сүүн цацал өргөөд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн торойн хоцорч буй хайртай өрлөг эхээ орхиод ийнхүү анх удаа алсын моринд дөрөөлж буй хэрэг байлаа. Урьд дандаа эцэг нь холын аян замд явдаг, чингээд эгэн ирэхдээ гэр өргөөнийхөндөө ховор сонин бэлэг авчирч өгдөг, охин тэгээд очиж үзээгүй, төсөөлж үл чадам тэр газар орны байдал ямар болохыг зураглах хэмээн оролдон, өөрөө бас аав шигээ тэгж алс газрыг зорьж үзэх сэн хэмээн мөрөөдөж явсаар өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл тийнхүү холын замд гарч буй энэхэн мөчид ангир уургийг нь амтлан төрсөн шиг нь ээнэгшин дассан өрлөг эхээ орхиод, гэр өргөөгөө нүдний үзүүрт алсран үлдэхийг үзээд балчир сэтгэлийнх нь нэгэн эмзэг газар хөндөгдөн, төрөлх нутагтаа хоргодохуйн зөн нь анх сэрж буйг өөрөө ч мэдэхгүй хөөрч догдлохын хажуугаар нууцхан гуниглаж байв. Аавынх нь уужим суудалтай эмээл хэдий эвтэйхэн ч нэлээд хол газар морьтой явсны дараа аргагүй л бөгс нь холгогдон чилж, нар хөөрөх тусам агаар улам халж, Алшаагийн их элсэн далай эцэс төгсгөлгүй мэт шаргалтан үргэлжилж, охины ам нь тэсэшгүй ихээр цангавч “Та нар юунд намайг нялцгай жаахан хүүхэд мэт боддог юм бэ?Би үдлэх хүртэл явж чадна” хэмээн ам алдсандаа баригдан “Юм ууя ч” гэсэнгүй, үзээгүй газар орны байдлыг сонирхон явсаар л байлаа.Хэрэв хайртай өрлөг эх нь хамт явсан сан бол ч зэлгээн хярам авчран морины явдал дунд ч хамаагүй уулган цангааг нь тайлах байсан даа.Гэтэл Даадаагийнх нь оронд охиныг асрах учиртай, эхийнх нь шивэгчин Үзмээ цагаан царайгаа наранд борлуулахгүй санаатай мухлагт тэргэнд хоргодон биеэ оторлож яваа биз... -За ингээд Алшаа нутгийнхаа төв рүү орж ирж байна даа миний үр. Өмнө зүгт тээр тэнд

Дэрстийн тойром гэж бяцхан нуур харагдаж байна.Усны шувууд ирдэг юм гэхчлэн аав нь охиныг балчир гэлтгүй газар усаа үзүүлэн зааж явах сайхан байсан ч тэртээд зэрэглээн дунд мяралзах цэнхэр усыг хараад ам нь тэсэшгүй ихээр цангаж , тэрмэн тэрлэг хөлсөнд нэвтрэн толгой нь эргэж эхлэв. Тэгтэл ашгүй хуяг дуулга, сэлэм дөрөө харших чимээ дуулдан эцгийнх нь шадар хамгаалагч солгой Лувсанхайдав зуузай холбон зэрэгцэж ирээд нүд нь сүүмийн гархилж, дээлээ нэвт хөлөрсөн охиныг хараад : -Эзэнтээн,одоо нэг үдэлнэ байгаа.Та бид бол ч яана вэ.Хүүхэд, эмэгтэйчүүд аяншиж буй биз. Даан ялангуяа бяцхан авхайтан бүүр цангаж яваа болтой гээд бүлээн устай дашмагныхаа амыг нээн охин руу сарвайлаа. Усны бараг үнэрээр ангасан охины нүд сэргэн эмээл дээрээсээ ухасхийн хүнд дашмагийг шүүрч аваад хахаж цацан залгилахад хамраар нь буцаад садрав. -Ишш, муу охиноо ангааж алдаж ээ.Алив, үдэлцгээе.Асар босгож, сүүдрэвч гарга гээд хан охиноо эмээл дээрээс буулган хөтөчдөө өглөө. Саахалтын цаанаас хөсөг ч хөврөн гүйцэж ирэв. Өрлөг эхийнх нь эр нөхөр юм гэсэндээ Лувсанхайдав охиныг өрөвдөн дашмагтай усны үлдэгдлээр толгойг нь шавшин, дээлийх нь энгэрийг ярж цээжийг нь норгох зэргээр эхийнх нь тэрэг гүйцэж иртэл асрамжлав.Хэдий өдий хол замд халуун говь дундуур хагас өдөр шахуу эмээл дээр явсан гэхэд Ану хамар амаараа садруулан байж цайны аяга хэрийн ус ууж, толгой цээжээ норгонгуут нүд нь сэргэчихсэн өндийж: -Аав аа,би үдлэх газар хүртэл ам ангалаа,бөгс холголоо, бууя энэ тэр гэхгүй явж чадаж л байгаа биз дээ?Одоо би явж бие заслаа гээд хармагийн бутны цаагуур орчихлоо. Эцэг нь мухлаг тэрэгнээсээ буугаад хормойгоо өргөсхийн ойртон ирж яваа дунд хатан руугаа нэг хараад охиноо өхөөрдөн инээмсэглэв. Энэ охиныг мэндлэхийн өмнө “За даа, тавь ч хүрлээ.Эцгийнхээ хүрээгүй насыг насалж явна. Нуган, охин үрстэй болж, бэр буулгаж, хадамд гаргаж, дайн тулаан хийж, олж, алдаж, анд нөхөд, атаатан дайсантай ч болж, нартад үздэгээ үзлээ.Эдүгээ Дөрвөн Ойрадын төрийг түшилцэж яваад үхэхэд хэзээд гомдолгүй “ хэмээн санаж,хасагийн хантай хийсэн тулаанд баруун хавиргандаа олсон хуучин шарх тэнгэрийн муухайд янгинах бүрд үнэхээр хадан гэр ойртож буй мэт санагддаг байсан нь ч яалаа. Энэ шулганаа жаахан амьтны хөлийг дөрөөнд хүргээд, удам угсаа сайтай хүнд өгч сайн сайхан явааг нь үзтэлээ гол тасрахгүй мэт бодогдон, урьдынх шиг гагцхүү төр улсын хэрэг, Халх Ойрадын эв нэгдэл гэхээс илүү,хэнз нялх үрийнхээ хойчийн амьдралд сэтгэл чилэн явах болсон ажгу. Тиймдээ ч “Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үз” гэдгийг санан цастын оронд охиноо эхтэй нь аваад явахаар шийдсэн билээ. -Ганц удаа ам ангалаа гэхгүй өдий хүртэл яваад ирдэг. Үгүй мөн шийртэй хүүхэд ээ.Бүстэй төрсөн бол ч хэмээн Лувсанхайдавыг хэлэхэд тэр таа муутай хяламхийгээд:

-Бүсгүй хүүхэд тусмаа ингэж тэвчээр зааж байгаа ч юм уу?Хэн мэдлээ гээд дотроо их хатнаас төрсөн урагш муутай Гартангомбо хүүгийнхээ тухай “ Манай Гартангомбо бол эр сүвтэйгээс цаашгүй бүтэл муутай амьтан шүү дээ. Тэр бол одоо ч ийнхүү говь дундуур хугас өдөр амаа чийглэлгүй явж дөнгөхгүй” хэмээн бодоод царай нь барайн сунадаг шар дурангаа гаргаад хол ойрыг хараачлав. Тэд өргөөнөөсөө гараад долоон хоног хошуудын унаган нутаг говь дундуур зүүн өмнө зүг барин явсаар Алшаа уулын бэлд ирлээ. Өнгөрсөн жил ганц удаа Хөх нуур орсноос өөр хол газар хааш ч явж үзээгүй,намхан намхан элсэн манхнууд, Дуут,Дэрстийн бүрдийн хөгшин хайлаас,заг,тооройн ногоон шугуйд нүд дассан бяцхан охин сэрийсэн хад асга нь харлан үзэгдэх олон ам нугачаатай сүрлэг их Алшаа уулыг хараад гайхан биширчээ. Зуны тэргүүн сарын хөхөмдөг униар дунд тэртээ тэнгэрийн хаяанд зүүрмэглэх мэт хөхрөн харагдсаар байсан энэ уул бэлд нь хүрээд ирэхээр ийм амьсгал давчдам сүрлэг байх гэж. Үдэш Ануд эцэг нь, Тангудын хааны үзэсгэлэнт Чагаа гүнжийн домгийг ярьж өгөөд бас, Чингис хаан Уйгурын хаанд Алалтун бэхи гүнжээ өгөхдөө “Хатан хүн гурван эртэй болой.Анхны эр нь төр болой.Удаахи эр нь авсан нэр буюу.Гутгаар эр нь ёсолж авсан эр нөхөр нь болъюу.Төрөө түвшин, нэрээ бүтэн авч явахын цагт авсан эр алс хаа одох “ хэмээн сургасныг хүртэл өгүүлэхийг сонссоор охин нэг л мэдэхэд зуны сэрүүн сайхан үдэш, асрын үүдэр үзэгдэх тунгалаг хөх тэнгэрт хээнцэр одод нэг бүдгэрэн нэг тодорсоор нойрны зөөлөн бөхөд автсан байлаа. Маргааш өглөө нь эрт хөсөг цааш хөдлөхөд говьд ховорхон тохиолдох зөөлөн бороо шивэрч байлаа. -Урьд өдрийн шүүсэнд гаргасан хундан хонь хээлтэй байсан гэнэ. Хээлийг нь хүүхдэд үзүүлэвзэй. Ихэр хурга байсан байна. Энэ хонийг ихрийн удамтай, хээлтэй гэж хэн ч мэдээгүй юм байх даа.Анзааргагүй гэдэг нь гэхчлэн аавыгаа ярихыг нойрон дундаа сонсон, тэр сонссоноо зүүдэндээ оруулан “Даадаатайгаа хамт хоньчин айлд очин нялх төл үзэж байна. Гэтэл олон нялх хурган дундаас хоёр ихэр хүн толгойтой хурга өөдөөс нь чиглэн майлалдаад хүрээд ирэх юм гэнэ. Чингээд тэр хоёр хургыг сайн харах ахул хоёулаа охин хурга байхын гадна, мөнөөх хамт тоглодог эгч дүү Булган, Мандарваа хоёр байх юм. Тэгтэл Мандарваа нь “Булган зүгээр хөөрхөн чихтэй байхад, намайг юунд хув чихтэй хурга болгов?” гээд уйлж, нусаа гоожуулан байхыг хараад өөрөө “Чи нусаа арчаач.Юун хув чих” хэмээн зандарч байна” хэмээн зүүдлээд сэрэхэд гадаа бороо орж, эцгийнх нь аяны хөх үүлэн хээтэй цагаан асрын дээврээд зөөлөн шивэрч хурын чийгний сэргэг сайхан үнэр хамар цоргиж байх аж. Охин тэр хачин зүүдээ санан нойрмоглож хэвтсэнээ ухасхийн өндийж хэзээний сурсан зангаараа: -Даадаа! хэмээн чангаар дуудлаа. Охины хашгирах дуунаар ижийнх нь шивэгчин Үзмээ орж ирээд: -Авхай сайхан унтав уу? Чиний Даадаа чинь энд байхгүй. Газрын сүрд дарагдана гээд өргөөнд хоцорсон шүү дээ . Хувцаслаад өглөөний цайгаа уу гэхэд Ану бяцхан булцгар хөлөө

хучлаганаасаа гаргаснаа өрлөг эхээ энд байхгүйд сая үнэмшиж урам муутайхан өндийж ирэв. Тэгээд зүүдээ Үзмээд ярих гэснээ түүний хайхрамжгүйхэн харц, охиныг асрах халамжлах үүргээ бушуухан шиг гүйцэтгээд холдох сон гэсэн шиг цаанаа л нэг яаруу сандруу шинжтэй зогсоог хараад больчихлоо. Учир нь тэр бол ангир уургаараа тэжээсэн хайртай өрлөг эх нь биш,ердөө л ижийнх нь шивэгчин Үзмээ байлаа. Тиймээс өрлөг эхдээ эрхэлдэг шигээ хөнжилдөө шурган туньсангүй ухасхийн босч, мөнгөн гадартай усаар нүүр, гараа булхсан болоод ээзгий, үзэмтэй хайлмаг, самнаа боовыг ам руугаа чихлэн хурдхан шиг цайлаад аавдаа очихоор гүйн одлоо. Алшаагийн их говийг туулах энэ зүдэргээнт аялал гэртээ байдаг бүхий л тохь, тухыг умартуулсан ч Ану охинд хамгаас аз жаргалтай өдрүүд болж байлаа.Өглөө сэрээд л аавынхаа цээл сайхан дууг сонсч өнөөдрийнх шиг хам хум цайлаад аавдаа очих гэж яарна. Гэртээ байх үед бол ихэвчлэн өөр өргөөнд нойрсч өглөө эртлэн босоод, голдуу бичгийн өргөөндөө залран ийш тийш бичиг захидал илгээн, хэрэг зарга таслан, энд тэндээс ирсэн гийчин, элч төлөөлөгчтэй уулзах зэргээр ямагт завгүй, ажилд дарагдан байх буюу зайлшгүй аянд мордон оддог аав нь аяны энэ урт замд л өдөржин түүнтэй хамт , үргэлжид нүдэн дээр нь байж, үлгэр домог хуучлан, том том цагаан шүд яралзуулан морины тухай олон дууг сэтгэл сэргэтэл исгэрнэ. Аманд элс шажигнуулсан Алшаагийн их говь шувтран алсад уулсын бараа тодроход охин ааваасаа: -Та ямар дуу исгэрч байгаан бэ? хэмээн асуугаад нүүр рүү нь өлийн харав. -Эркин зээрд морин гэдэг дуу даа,үр минь. -Морины тухай дуу юм байна тиймээ,аав аа?Тэгээд энэ дуунд юу гэж гардаг юм? Лхаст заларч буй Галдан хүүтэй уулзахын хамт Далай ламд мандал өргөх болон шашин төрийн хэрэг, Манжтай харилцах зүдэргээнт харилцааны тухай гүн бодолд орчихсон явсан Очирт цэцэн алсад бэлчсэн ухаан бодлоо оролцуулалгүйгээр охиныхоо асуултанд зөнгөөрөө л хариулж байснаа сая л сэхээ оржээ. -Аан? -Өө,та миний яриаг сонсохгүй байгаа юм уу даа? Охин хэзээний эз дийлж сурсан эрх танхи, басхүү төрөлхөөсөө захирангуй зангаараа эцгийнхээ царай руу ширтлээ. -Сонсож байнаа,сонсолгүй яахав хэмээн гэмшингүй өгүүлэх эцэг нь хоромхон зуур оюун бодлоо төвлөрүүлэн зангидаад ширвээ сахлынхаа нэг үзүүрийг имэрснээ: -Энэ дуунд Эркин зээрд морин Түмэн агтын түрүүнд

Түрүүлэвч яахав Кэтийн заяа мэдэм зэ Гунан зээрд морин Гучин агтын түрүүнд Түрүүлэвч яахав Кэтийн заяа мэдэм зэ...гэдэг юм даа үр минь гээд хүрлэгэр царайдаа охиноо өхөөрдсөн зөөлөн инээмсэглэл тодруулав. Охин мориныхоо дэлийг ширтэн алхаанд нь бүүвэйлэгдэх мэт чимээгүй хэсэг явснаа: -Аав, яагаад бүх дуу дандаа морины тухай байдаг юм бэ? хэмээн санаанд оромгүй юм асуух нь тэр. -Яагаад, яагаад хэмээн толгой сэгсрэх эцгийнх нь нүд дахин энхрийллээр гийж: -Яагаад гэвэл бид чинь морьтон монголчуудын удам. Монгол хүн алсад эзнээ хүргэдэг эр сайн мориндоо хайртай байдаг. Тэгээд ч монгол хүн морины нуруун дээр өсдөг.Чи ч бас моринд дуртай биз дээ,хө? гэлээ. Эцгийнх нь энэ хариулт төгсгөл рүү гээ өөрийг нь бага зэрэг тохуурхсан өнгөтэй болсныг мэдэрсэн охины хөгжиж асан царай дахин барайж нарийхан хөмсгөө зангидан хүрлийснээ аавыгаа давах санаатай: -Тийм л дээ.Гэхдээ яагаад над шиг хүүхдийн тухай, эсвэл гоё цэцэгний тухай дуу байдаггүй юм? хэмээн асуучихсан нь хантныг санаандгүй ацан шалаанд оруулчихжээ. Өөдсийн чинээ ийм амьтан намайг байсгээд л хэлэх үггүй болгох юм даа хэмээн бодоод хан хоолой зассанаа: -Тийм дуу байж бололгүй яахав. Харь улс гүрнүүдэд байдаг л байх даа.Харин монголчууд бид чинь холын замд найдвартай түшиг, эр хүний итгэлт нөхөр болсон мориныхоо тухай л дуулах дуртай байдаг юм даа гээд олон салаа годгор гэзгийг нь илбэлээ. Урьд залуудаа төрийн хэрэг, байлдаан тулаан энэ тэр гээд хүүхдүүдээ хэрхэн өсч буйг огтоос анзаардаггүй, ерөөс хүүхэд өсгөж, асрах бөөцийлах нь эхийнх нь хэрэг хэмээн бодсоор тэднээсээ баахан хөндий байсан бол өтөл насанд нь заяасан энэ хэнз охин зүрхэнд нь гүн нуугдсан эцгийн элгэн хайрыг сэрээх мэт ямагт ийнхүү наалдан, элдвийг шалгааж, заримдаа хариулах аргагүй юм асууж, эс бол гэнэн хонгор аалиараа хөрч царцсан мэт хөшүүн сэтгэлийг нь бүлээцүүлэх ажгу. “Морь яагаад заавал эр хүний итгэлт хань гэж?Ижий, Цэвээн ижий, Даадаа, Нуран эгч бид бүгд л моринд дуртай шүү дээ? хэмээн охин гайхан бодсон ч эцгээсээ асуусангүй. Тэгээд аавыгаа дахин гүн бодолд орсныг ажиглаад морио давирлаа.

-Энд буудаллана.Үүнээс цааш газар бүүр их өндөрсч хүн мал улам л цуцна. Хүчээ нөөцөлж авах хэрэгтэй хэмээн эцэг нь албатууддаа лүндэгнэх сонсогдоход охин морин дээрээ үүрэглэж яваад цочин сэрэв. -Хүүе авхай минь, наршчихав уу?Аль эс бол үүрэглэв үү?Давхийгээд байх чинь.Үзмээ чи юугаа харж явдаг дээлийн гол вэ? хэмээн эхийнх нь шивэгчин Жангараг зандраад охиныг мориноос буулгаж авчээ. Алшаа уулын бэлд халх, Ойрадын мөргөлчдийн хэд хэдэн цуваа буудаллан хөл үймээн болж байлаа. Тэдний дунд халхын Түшээт хан аймгийн залуу тайж Төмөр-Очир явсан ажгу.Тэрээр бурханы оронд мөргөхөөр яваа аяны замд дөрвөн Ойрадын чуулганы тэргүүн Очирт цэцэн хантай тааралдсандаа ихэд билгэшээн орой нь залуухан гоо хатны хамт бараалхав. -Өнөө орой ижий, аавыгаа үймүүлээд хэрэггүй.Эндээ наадаж бай хэмээн Үзмээ шивэгчин Ануд хэлээд хорол, даалуу, алтан мөнгөн боронзоор будсан зээрийн шагай дүүрэн чихсэн жижиг богцтой тоглоомыг нь асгав.Болцгор хуруугаараа олон салаа гэзгээ оролдон том хүн шиг дүнсийн суух охинд тоглох дур өчүүхэн ч байсангүй. Өдөржин морины нуруун дээр явсаар агсагадан ядарсан, эцгээ ноолон үлгэр яриулах гэтэл зочин гийчинтэй байгаа, гэр өргөөндөө байхдаа ямагт хамт тоглосоор ижил дасал болсон Балсан, Мандарваа, Булган гурав нь үгүй. Эхээс илүүтэй ээнэгшсэн өрлөг эхээ санасан зэрэг нь зэрэгцээд унтуу хөдөлнө. Ер нь хүүхэд заримдаа ааш нь олдохгүй, яах гээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй, сонин уцаар бишүүрхүү зантай болчихдог доо. Ану тэр орой яг л тиймэрхүү ааштай байлаа. -За, хоёулаа морь уралдуулъя. Би зээрд морио уялаа хэмээн Үзмээ охиныг аргадах санаатай урдуур нь бөндөгнөн баахан шагай өрсөн ч охин “Үгүй, морь уралдахгүй” гээд тарааж хаячихаад асрын хаяанд очин зөрүү хараад хэвтчихэв. Зуны эхэн сарын орой ч уулын сүүдэр хүүшлэн, өндөр газрын сэвэлзүүр салхи асрын хаяагаар нимгэн лавшигийг нь жиндтэл үлээнэ. Арсгар барсгар хад байц нь сүглийсэн Алшаа уулын ам суга бүхэн нь үдшийн бүрийд барайн харлаад охинд нэн аймаар санагдана. Ядахад ижийг нь хошуудын бэр болж ирсэн цагаас нь хойш арван гуравтайгаасаа эхлэн шивэгчин нь болж дэргэд нь байсаар аливаад үнэн сэтгэлээсээ хандахын оронд дүр үзүүлж, юм л бол эзэн ахайтнаасаа магтаал, сайшаал хүртэхийг горилогч эрвээхий мэт дэгжин хээнцэр Үзмээгээр асруулмааргүй, түүний хэлсэн, хийсэн бүхнийг тас зөрмөөр адын хүсэл төрнө. Тиймээс л унтаж сэрээд зузаан чисчүү лавшигаа сольж, цэнхэр дурдан дээл өмсч, сэрүүц хэмээн Үзмээг хэлэхэд тэгэхээс тэгэх гэж өрлөг эхийнхээ хийж өгсөн, багадаад амаараа гарах дөхсөн буруу энгэртэй дээлийг гарган өмсөв. Энхрий, эмзэг хүүхдийг ад зэтгэр, хар цагаан хэл амнаас хамгаалахын тулд тийн зүүн тийш зөрүүлсэн буруу энгэртэй дээл хийж өмсгөдөг нь халх монголчуудын заншил ажгуу. -Даадаа, халх яриа Ойрадууд биднийхээс их зөрүүтэй юу? хэмээн энэ яргуй цэнхэр дээлийг өмсгөнгөө “Урд хормой нь унага даага, хойд хормой нь хонь хурга, эд нь хэврэг, эзэн нь мөнх байг ээ!” хэмээн мялааж байх ахуйд нь охин асууж билээ. -Ойрад, халх адилхан л монголчууд. Ярианд жаахан жаахан зөрүү бий.Лавшигийг халхчууд тэрлэг гэдэг юм даа гээд нүдэнд нь нулимс цийлэгнэх шиг болсон ч нимгэн уруулаа хамхин гүнзгий санаа алдахад нь жавьжных нь орчимд хэдэн нарийхан үрчлээ нэг тодроод алга болоход төвөнх нь хөдлөн тэр нулимсыг цааш нь залгичих шиг болжээ. Шинэ дээл өмсөн

сэтгэл хөөртэй байсан охин Даадаагаа гунигламагц бяцхан духаа атируулан хөмсөг зангидаад: -Та халх нутгаа санаад байгаа юм уу даа?гэж хэрсүү гэгч нь асууж билээ. -Төрсөн нутгаа санахгүй хүн байдаггүй юм.Гэхдээ нутгаа орхиод алсад бэрлэдэг нь бүсгүй хүний заяа тавилан юм даа гэснээ духан дээр нь үнэрлээд босчээ. -Үгүй.Би л лав хошууд аймгаа, Алшаа нутгаа орхихгүй.Ижий,аав, Даадаа таныг санана гэж охин хэлээд шинэ дээлээ найзууддаа үзүүлэхээр гүйн одсон сон. -Би яагаад аавын асарт орж болохгүй юм?гэж Ануг гэнэт асуухад маргааш эрт Лхасын зүг хөдлөхөд бэлтгэн хатан ахайн юмсыг эмхэлж суусан Үзмээ бараг л цочих дөхөв. -Аав нь халхын зочдод зоогой барьж буй.Хүүхэд очоод дэмий.Асар бачуу,бүгчим гэж хүүхэн аргадангуй хэлэв. -Хантны бяцхан авхай хаанав?Энд үү? гэх цээл хонгор дуу гэнэт асрын гадна хадахад эхийнх нь шивэгчин Жангарагийн араас уужим сайхан магнайгаа улаан торгон тасам, сувдан хэлхээгээр чимсэн, зүүн хацартаа тас хар мэнгэтэй эрвэлзэн наадсан тунгалаг нүд, ягаахан хацартай хараад баймаар гоё хатагтай орж ирээд: -Эвий,хэчнээн хөөрхөн амьтан бэ?Охин үртэй болох сон хэмээн дуу алдахад Үзмээ ухасхийн босч, доор мэхийн хүндэтгээд хоёр алгыг дээш харуулан асрын хоймрыг зааж “Ахайтан хоймроод морилогтий!” хэмээн уриад Жангарагийн дохиогоор чигээ аягалаар зэхэв. -Зүгээр.Би энэ бяцхан амьтныг л харах гэсэн юм.Айраг сөгнөж хөл болох юун.Тэнд дайлуулж буй юм чинь гэснээ Анугийн бумбагар хацрыг үнсч, өврөөсөө мөсөн чихэр, хуван зүүлт гарган өгөөд хүзүүг нь үнэрлэснээ “Нялхын үнэр нь яг хэвээрээ” гэчихээд гарахаар эргэв.Охин танихгүй ахайтныг гайхан харсаар байлаа.Залуу хатан гарахдаа эргэн харж, гуниглангуй болчихсон нүдээрээ инээвхийлэн: -Чи том болоод халх нутгаар явбал Туул голын хөндийд эгчийнх нь төрсөн нутаг бий.Наад хуваа зүүж яв.Хоолойн өвчинд тустай гээд гарч одов. Бэлэг авч хөөрсөн бяцхан охин эцгийн асар руу дахин тэмүүлсэнгүй.мөсөн чихэрт хацар амаа гөлөг мэт халтайлгаад унтаад өгөв. Өглөө нь бороо ороод ч байх шиг нүүрэн дээр нь ганц нэг дусал нойтон юм дусалж, гадаа морьд тургих чимээнээр охин хагас дутуу сэрснээ эргэн зүүрмэглэж хачин зүүд үзэв. Ганц нэг дуслах бороон дунд танихгүй нэгэн газар нутгаар ганцаараа төөрөн бэдэрч явна.Тэр нь барзгар шар хад чулуунууд барсайсан, өтгөн ногоон ойтой сүрлэг уулсын хормойгоор захаараа хайлаас мэтийн мод бут шавсан өргөн цэнхэр гол байх ажээ. Цэнхэртэн мяралзах тэр голын хөвөөнөө өчигдрийн хуван зүүлт, мөсөн чихэр өгсөн ахайтан зогсоод: -Бяцхан охин минь, Туул гол гэж энэ дээ. Чи том болоод энд ирнээ гэснээ гэнэт алга болж, дахин бороо дуслах юм. Охин энэ өргөн их Туул голоос хэрхэн төрсөн нутаг Алшаадаа буцах

вэ? хэмээн шаналан уйлсаар гэнэт сэрэхэд нь ижийнхээ өвөрт хэвтэж байв. Ээж нь уйлсан болтой нүд нь сэмбийчихсэн, өөрийнх нь дээрээс нь тонгойн сууна. Урт гэзэг нь баруун мөрөн дээгүүрээ асгарч, цагаан торгон цамицны задгай энгэрээс сайхан цагаан цээж, охины одоо ч нялхынх шигээ сонирхон харах дуртай хөхний дундах хонхорхой нь цухуйна. Гэвч ижийнхээ мөөмөнд тэр төдийлөн хайртай байсангүй.Ану өрлөг эхийн хөхийг хоёр ой өнгөртөл хөхөж, хожим дөрөв хүртлээ барьж унтах дуртай байж билээ.Харин төрсөн эхийн мээмийг хөхөөгүй тул нэг л харь, өөр хүнийх шиг санагдан, өрлөг эхийнх шиг нь хайр татам байдаггүй байлаа. Үүнээс ч болдог юм уу, эх нь бас түүнд нэг л хөндий санагдана. Унтаж асан охин гэнэт нүдээ нээж дүрлийн ширтэхэд эх сандран урт савхан хуруутай гоё гараараа хацарт нь хүрэхэд дахин нэг том нулимсан дусал нүднээс нь гэнэт тасран охины эрүүн дээр подхийн уналаа. -Ижий! Та юунд уйлаав?Аав Нураагийнд хоноо юу? гэж охин цангинуулан асуув. Бороо дусалж байна гэж зүүдлээд байсан нь ижийнх нь нулимс байжээ. -Миний охин зүүдэндээ өмөлзөөд байсан.аймаар юм зүүдлээ юу?Алив нааш ир гээд эх нь охиныг сайхан үнэрт энгэртээ наав. -Гав ганцаараа танихгүй харь газар төөрчихсөн явна гэж зүүдэллээ гэж эхийн энгэрт наалдсан охин хэлээд “Бас Туул гэж их уст гол байсан” гэх гэснээ яагаад ч юм больчихоод урьд хожид үзээгүй тэр газар орон, өргөн цэнхэр бүс мэт мяралзан мушгиран урсахыг нь тодхон үзсэн Туул гэж нэртэй голын тухай дотроо бодсоор байлаа. Тэгснээ хүүхдийн зангаар ээждээ наалдан чингэж удаан байхаас уйдаж, ухасхийн мултраад зөөлөн хэвтэр рүүгээ эргэн хөрвөөснөө гэнэт өчигдрийн явдлыг санаж, жижиг улаан жинтүүн дороосоо том том шаргал хэлхээ хув гарган ирлээ. -Ижий хараач! -Өө, ямар гоё юм бэ?Норжин хатан өгөө юу?Миний үрд? гэж хэлэнгээ инээвхийлэх хатны нүд гунигтай хэвээр байлаа. -Мэдэхгүй ээ. Их гоё ахайтан байсан. Бас над мөсөн чихэр өгсөн. -Тийм байх аа.Даанч халтар ухна болчихсон байсан юм гээд эхийн царай ширүүвтэр болж, жижиг мөнгөн хонхоо жин жин хийлгэн дөрөв дуугаргахад Жангараг, Үзмээ хоёр орж ирлээ. -Үзмээ, тэр хуван хэлхээг охинд зүүж өгөөд хувцасла наадхаа.Хүүхдэд хув зүүлгэхэд багалзуурын өвчинд сайн гэдэг .Төмөр-Очир тайжийн Норжин хатан үрийн зулай үнэрлэж чадахгүй зовж яваа амьтан гэнэ.Утай Гүмбүмд мөргөж, үрийн хутаг гуйхаар яваа юм байх хэмээн ярихад Жангараг тахимаа шүргэсэн урт хүрэн гэзгийг нь зандан самаар самнангаа хүзүү, мөрөнд нь иллэг хийн базалж, хатан нүдээ үлмэдэг аниад урт амьсгаа аван

тайвшрахыг хичээх авч, хантан урьд шөнө гийчдээ үдэж өгөөд гэнэтхэн бага хатны асарт хоноглохоор яваад өгснийг яагаад ч мартаж чадахгүй байлаа. Тэр өглөө охин морь унан эцгээ бараадсангүй.Яагаад ч юм нэг л номой томоотой болчихоод эхийнхээ суганд шигдэн мухлаг тэргэнд сууж явлаа. Лхасын зүг хөдөлсөн мөргөлчид халх, Ойрад, Ижилийн тэртээх торгууд гэхчлэн зүг бүрээс нэмэгдсээр асар урт цуваа болон нийлж, хүн малын хөлд боссон тоос пургин, чих дөжрөм чимээ шуугиан , нүсэр их хөл хөсөөн үүсгэжээ. Нутгаас гарснаасаа хойш хэдийн хорь гаруй хонож, аяншиж ядарсан охин аяны эхний өдрүүдийнх шиг үзээгүй, хараагүй газар орны байдлыг сониучлан сонирхох нь ч багасаад, замд тааралдах сэгсийсэн үстэй, улаан нүдтэй, пад хар царайлсан тангадууд, толгой дээрээ гэзгээ овоолсон хачин дээлтэй түвд хүмүүсийг ч тоохоо больж, тэнгэрт оргил нь сүмбэрлэх их уулсыг уйтгарлан харж явлаа. Зүрх дэлсүүлж, цөс халиасан айхтар өндөр олон давааг эсэн мэнд давсаар хантны хөсөг Гүмбүмд ирлээ. Тэр цаг дор Түвдийг захирч асан Даян ханы элч дөрвөн Ойрадын тэргүүнийг тосон ирж хүндэтгэл үзүүлэн, урьдаас бэлтгэн зассан асар майханд хонины ууц тавьж дайлсан нь бяцхан охинд хүчирхэг хан эцгээрээ бахархах сэтгэлийг улам их бадраав. Алтан оройт ганжирууд нь наранд гялалзан нүд гялбуулсан сүм хийд, их Зонхов багшийн асар том алтан шуумал дүр, тахилын сүмд байх шөнийн одод газарт буусан мэт сүрлэг гоёмсог үзэгдэх хэдэн зуун асаатай зул, олон зуун лам хуран сууж, дүнгэнэтэл маань уншин хурал хурах, бие биенээ зандчаад байх мэт хачин хазгай хэлтэй , зүс буруу мянга мянган сүсэгтний хөл үймээн бяцхан Ануд гайхаад баршгүй санагдаж байлаа. Алсыг ширтэх мэт зууван алаг мэлмийдээ юуг ч үл оноон халиах нүсэр том Зонхов багшийн зүүн өвдөгцөө хоргой цэгдэгнийхээ мөнгөн хормойгоор сүмийн шороотой бохир шалыг шүргүүлэн амарлингуй номойгоор сунан мөргөж, адбиш хүслээн сэтгэлдээ шивших хоёр хатан хувь хувьдаа тэс өмнөө зүйлийг даатган залбирч байлаа. -Зонхов гэгээн багш минь, өчүүхэн буурай эм надад үрийн хутаг хайрлаач.Өөр надад энэ ертөнцөд хүсэх санах юм юу ч алга хэмээн Нуран хатан чин зүрхнээсээ гуйн залбирч байхад хажуудаа эрвэгэр хөөрхөн охиноо суулгасан Доржравдан нүдний булангаар бага хатны зүг хүйтэн харц чулуудаад дотроо өөрийнхөө мэддэг ганц ерөөлийн тарни шившин”Хан эзний минь шавданг бат оршоож, дөрвөн Ойрадыг олон жил захирах сэтгэлийн их хүч чадал хайрла.Энэ буруу номт хатанд үр бүү заяаг” гэхчлэн уртын уртын хүслээ шивнэн залбирч суув. “Энэ бурхан тэмээнээс ч том мөртөө яг манай тахилын өргөөнд байдагтай адилхан юм гээч.Ёооё, өвдөг нухаад.За байз,энэ том Зонхов багшид юуны төлөө залбирдаг юм билээ? Ижийг минь бүү уйлуул, бас Даадаагийн минь зүрхийг илаар болгож, аавын төрийн хэрэг бүтэх болтугай гэвэл дэндүү олон юм гуйлаа гэж уурладаг юм болов уу?” хэмээн Ану охин бодон сууж байлаа. Тэгтэл ашгүй залбирал дуусч шүтээний сүмээс гарч явахдаа гэнэт өөрт нь хуван сондор бэлэглэсэн сайхан ахайтныг санаж, “Тэр ахайтан хөөрхөн манцуйтай хүүхэдтэй

болоосой.Ум ма ни бад ми хум” хэмээн залбирав. Дараа өдөр нь тэднийг Лхаст очиход хотын хаяанд далай ламын илгээсэн элч угтан тосч авчээ. Лхас орох замаар мөргөлчдийн цуваа тоос шороо манаруулан хөвөрч, алсад алтан ганжир гялалзуулсан гоёмсог дээвэртэй сүм хийдүүд, олон давхарлаг байшин, хэрмэн хашаа, шавар тагз шавааралдсан их хот нэвсийн үзэгдэхэд бяцхан охин үнэхээр гайхан сүрдэв. Ааваасаа энэ их байшин сав, сүм хийдтэй хотын тухай элдвийг асууж шалгаамаар байвч, Далай ламын элч сойвон лам гэх улаан шарыг тунаруулсан хөнхөр өвгөн, түүний дагуул урт гэгчийн эрхи хүзүүндээ зүүж, үсээ хачин янзаар толгойгоо ороож сүлжсэн, эр хүн атал өрөөсөн чихэндээ ээмэгтэй төвд хүмүүс эрээн асар дүүрэн суучихаад аав нь тэдэнтэй их л чухал зүйл ярьж буй болтой. Харин ээж нь бага хатанд дургүй атал инээмсэглэн түүнтэй юм ярьж, үзэм, чавгатай цагаан будаа идэх аж. Лхаст тэднийг Далай ламын эзэмшлийн бага шиг нэгэн өргөөнд байрлуулав.Олон өрөөтэй, хоёрдугаар давхарт нь байх сэрүүн тагтан дээрээ ваартай цэцэгнүүд тавин хана бүрд нь бурханы зураг хөрөг өлгөсөн тэр ордны үзэмж төгөлдөр нь Ануд их таалагдав. Ордны гадаах бяцхан цэцэглэгт тогос хэмээх нүд булаам солонгорсон урт сүүлтэй гоёмсог шувууд ихэмсгээр алхлах аж. Ижий нь тэр орой олон хоногийн аяны шороо тоосноосоо сална хэмээн асар том зэс гадарт бүлээн ус дүүргүүлэн угаал үйлдэж, Ануг ч бас угааж цэвэрлэн, аяны замд холцруутсан хацарт нь сүүлний тос түрхэж, шинэ дээл өмсгөлөө. Лхаст байсан хэдэн өдөр бяцхан охины хувьд хэзээ ч мартагдашгүй гайхамшиг болон өнгөрч билээ. Алшаагийн нүд алдам говь, хараа гүйцэмгүй шаргалтсан элсэн далайд төрж, өссөн охин анх удаа хэл хэлийн түмэн хүн холхилдсон их хотод хөл талбиж, хорвоо дэлхийн уудмыг балчирхан оюундаа чадан ядан ухамсарлахад бурханы орон Лхас зүйрлэшгүй том нөлөө үзүүлсэн юм. Лхаст очсон эхний өдрөө охин ижийнхээ тэргэнд суун Их зуугийн шүтээнд мөргөхөөр явахдаа алхам тутамд үзэгдээгүй сонин гайхалтай юмстай тулгаран гэнэхэн тунгалаг нүдээр гайхан ширтсээр бараг амьсгалахаа ч мартах шахаж байв. -Ижий, тэр хачин хар царайтай хүнийг хараач.Духан дээрээ мэнгэтэй юм гэж час улаан саари ороосон махлаг энэтхэг эмэгтэйг заахад эх нь тэр зүг тоомсоргүй ширвэн хараад охиноо өөртөө наалдуулан тэвэрч: -Энэтхэг жагар эмэгтэй байна.Духан дээрээ зориуд улаан зосоор энгэсэг тавьдаг заншилтай улс гэж хэлэхдээ дотроо, маргааш зах орж, жагарын орны наймаачдаас хийц сайтай гарын алтан бугуйвч, доржпалам, бадмаараг тэргүүтэн эрдэнийн шигтгээ авах юм шүү хэмээн бодож байлуга.

-Тэр ёнхор хамартай улаан хүнийг хараач. Нударга ч үгүй, хормой ч үгүй зах ч үгүй, хачин этгээд хувцастай юм гэхчлэн охин гайхан дуу алдсаар явав. Эцгээсээ орой энэ тухай асуусан нь өдрийн үзсэн тэр гажууд хувцас, өмсгөлтэй ёнхор хамар, хөнхөр нүдтэй, халцгай улаан ягаан нүүртэй улс нь өөрсдийгөө цагаан арьстан гэлцдэг орос, пийлэн хүмүүс юм гэнэ. Тэр ч бүү хэл тийм пийлэн ахайтнаа даган хойноос нь нохой мэт даган явах хөө шиг падан хар нүүр, дамбагар зузаан уруул, нялх хурганых шиг тачир аржийсан үстэй, нүд нь хар цагаанаар эргэлдсэн аймаар хүнийг хүртэл Ану Лхаст үзсэн ажээ. Энэ бүхнийг нутагтаа очоод Балсан, Булган, Мандарваа гуравт яривал яасан ч үнэмшихгүй дээ хэмээн охин Их зуугийн сүмд Майдар бурхан, нигүүлсэнгүй Арьяавал, орчлонг мэлмийдээ тольдогч Жанрайсэг шүтээнд дараалан мөргөж байхдаа бодсоор явлаа. Тэднийг Лхаст ирсэн гурав дахь өдөр нь Далай ламд бараалхуулахаар болов. Далай ламд бараалхахын өмнө эцгийнх нь анд агсан Баатар хунтайжийн хүү Галдан, лам багшийн хамт тэдний өргөөнд залран ирэв. -Галдан ламтан бурханы ном эрдэмд оройгүй болж байгаа юм байх.Мутрынх нь адисыг хүртэж, сахиус зангиа залдаг хэрэг ээ хэмээн эцгийнх нь дэргэдийн хиа Өлзий, Үзмээ шивэгчинд ярьж байхыг сонсоод олон жилийн өмнө өөрт нь хөөрхөн эмээл бэлэглэсэн Юм- Агас хатны хүү гэдгийг нь мэдэх атал яагаад ч юм багадаа нэг удаа үзсэн Зая бандид багш шиг хижээл байргашуу хүн байх хэмээн Ану бодож төсөөлж байжээ. Галдан ламтан заларч айсуй хэмээн эцгийнх нь зам өвгөжөөр хүн хоол цай болон үзэмтэй, ээзгийтэй тос хайлж, Лувсанхайдав, хамгийн сүсэг ихтэй хөтөч Пагваа тэргүүтэн үүд хаалганы хавьд цагаан эсгий дэвсэн хөл болцгоохын хажуугаар “Бурхан болооч Баатар хунтайжийн хүү Галдан ламтан нас бага хэдий ч тэнгэрт хальсан Зая бандида Намхайжамц багштаны орыг залгах их номтой хутагт болж буй гэнэ. Урьд эхээс төрөхдөө л эсэн хутагтын хойд дүр байсан бус уу?”,”Зулай дээр нь Базардарь, магнай дээр нь Зонхов гэгээн, нүүрэн дээр нь Махгал бурхан, хоолой дээр нь Хоньсонбодьсадваа, хоёр мөрөн дээр нь хорин нэгэн дарь эх тодорсон, бар арслангийн хүчтэй хувилгаан болохын гэнэ лээ” хэмээлцэн шивэр авир хийхийг Ану сонсон тэр оройн дээд шүтээн болсон ламыг ямар хүн байдаг бол хэмээн дотроо бяцхан сонирхсон ч багадаа үзсэн Зая багш шиг намбатай хижээл хүнээр төсөөлөөд л өнгөрчээ. Гэтэл дээд тагтан дээр тогостой хөөцөлдөн гүйж явсан охиныг эх нь дуудаж: -Миний охин Галдан ламтнаас адис ав хэмээн эцгийн зочин гийчин хүлээн авч буй тасалгаа руу түүнийг хөтлөн одоход бяцхан охины зүрх үлмэдэх шалтгаанаар догдлон, ямархан нэгэн сонин учралыг зөгнөх мэт түг түг хийн цохилж билээ. Амнаасаа гал бадраасан арслангийн дүрт гуулин шар цагирган бариултай хоёр хавтаст гоёмсог хаалга нээгдэн, охин ижийнхээ мөлчгөр цагаан гараас хөтлөн тэр тасалгаанд оров. Аавынх нь дэргэд ханцуйгуй улбар шар торгон дээлтэй , чийрэг боровтор мөр гар нь ил гарсан, суурин газар удаан суусных юм уу, ер бусын цэвэрхэн арьстай цагаан цайвардуу царай, давхраалаг хурц нүд, өтгөн хар хөмсөгтэй, дээд уруулын хэлбэр зузаавтар уран, их

сайхан өргөн магнайтай залуу хөвүүн сууж байлаа. Дэргэд нь өвгөжөөр, халзан түвд лам заларсан нь номын багш нь бололтой. -Миний охин Ану энэ дээ.Харин Доржравдан хатныг та юу эс андахав гэж эцэг нь тэр лам хөвүүнд их л хүндэтгэлтэйгээр хэлээд: -Охин минь Галдан ламтнаас адис хүрт гэлээ. -Ахайтан, та аян замдаа алжаалгүй сайн явж ирэв үү?Алив авхай нааш ир гэж түүнийг хэлэхэд тэр уран хэлбэрт уруулынх нь завсраар лавай цагаан шүд гялалзах агаад эх нь: -Очирваань, Арьяавал сахиус минь авралдаа багтаасан юм уу.Сайн явж ирлээ.Галдан ламтан эрдэм номд гэгээрч байна уу?гээд Ануг хөтөлсөөр Галдангийн өмнө очин зүүн өвдөг дээрээ сөгдөн сууж адис авлаа. Ану тэр лам хөвүүнийг үзмэгц ичингүйрэх сэтгэл төрж, баруун гараараа зулайд нь адис хүртээхэд зүрх нь нүгэлтэй түргэн түргэнээр цохилон үл мэдэгдэх нэгэн түгшүүртэй атал сайхан ч юм шиг гайхалтай мэдрэмжинд хоромхоноо автагджээ. Охин Галдан шиг тийм цэвэрхэн царай, уран уруул, тэгшхэн хуруутай сайхан гартай эр хүнийг урьд хожид хэзээ ч олж үзээгүй явснаас гадна, бяцхан зүрх нь анх удаа өөрт таашаагдах эр хүйстнийг үзээд шохоорхон догдолсныг ч өөрөө гадарлахгүй байв. Тэр өдрийн үдийн хойно Очирт цэцэн ханыхан Далай ламд бараалхлаа. Лхас хотын захад байх Марбори толгой дээр тавдугаар Далай лам Агванлувсанжамцын бариулсан олон давхарлаг, сүр ихт Будалин ордны дэргэд ирээд Очирт цэцэн хан ч өөрөө сүрдэн биширч байх шиг харагдав. “Хоньсонбодисадва Авалокитшвары бурханы оршдог гэх домогт Будалин уулын алдраар нэршсэн хэдэн зуун гишгүүртэй олон давхарлаг сүрдмээр өндөр тэр ордныг Цастын орны эзэн Соронзонгомбо хааны үндэслэсэн цайз шилтгээний суурин дээр нанхиад, балба, түвд урчуудын гараар сүндэрлүүлж дуусаад удаагүй буй” хэмээн эцэг нь Ануд тайлбарлаж өгөв. -Ийм том ордныг тэгээд нүүлгэхдээ яадаг байнаа?Тэмээнд ачиж лав болохгүй дээ хэмээн охин туйлын их гайхшран бодоод ойр явснаар нь эцгийнхээ хөтөч Пагваагаас асуужээ. -Лхаст суудаг төвдүүд хаашаа ч нүүдэггүй суурин улс. Далай ламын ордонг бол бүүр ч нүүлгэж яахин болнов авхай минь.Энэ бол бурханы орон хэмээн Пагваа айж эмээсэн мэт нам дуугаар тайлбарлажухуй. Түүхийг нь сөхвөөс аргын 637 онд Төвдийн Соронзонгомбо хаан өөртөө есөн зуун ерэн есөн тасалгаатай асар том ордон цайз бариулсан ч наймдугаар зуунд галд өртөн хайлжээ.Түүнээс хойш есөн зуун жилийн дараа тавдугаар Далай лам гурван мянга долоон зуун мэтрийн өндөрлөг Марбори толгой дээр Побранг Карпо хэмээх цагаан ордныг барьж 1648 онд дуусган Потранг Марпо гэх Улаан ордныг босгож эхэлжээ.

Говь нутгийн бяцхан охин ам ангайн гайхсаар ертөнцийн түмэн гайхамшгийн нэгэн болсон уул мэт өндөр сүрлэг Будалин ордны босгыг давав.Тэд тоо томшгүй олон тасалгаатай Будалин ордны нэгэн их танхимд амьд бурхан Далай ламд бараа болоочдоор нь замчлуулан бараалхлаа. Олон бурханы хөрөг дүр залсан уудам саруул тэр танхимын хойморт босоо хүнээс хэдэн толгой дээгүүр өндөр сэнтийд заларсан тавдугаар Далай лам Агваанлувсанжамц гэж гуч гаруй насны цонхигор царайтай хүн үзэгдсэн нь охинд тийм ч хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүй. Харин Далай ламд залбирч зогсохдоо өөрийн эрхгүй Галдан ламтны тухай бодоход сэтгэлд нь илүү сайхан санагдаж байжээ. “Тэр Галдан ламтан хэдэн нас сүүдэртэй бол?” “Морь унаж чаддаг болов уу?Тэгвэл ижий, аав хоёр шиг ижил зүсмийн сартай хар хээр морь унаад нутгийнхаа Шар хоолойгоор түүнтэй уралдан давхивал гоё оо!”хэмээн охин бодчихоод дотроо ичингүйрч байлаа. Ийнхүү аргын 1659 оны зуны тэргүүн сарын сүүлчээр Ану охин ирээдүйн заяаны хань нь болж, эцсийн амьсгалаа зориулах голт зүрхний хайртай хүн, Зүүнгарын хаан болох хувьтай Галдан ламтай Лхаст зургаан насандаа анх нүүр учирчээ. Энэ үеэр Чин гүрний Эеэр засагч хааны ордонд хоёрдугаар агь таван настай Кан Си буюу Сюанье дэггүйтэн гүйж яваад эхийнхээ тарьсан ховор үзэсгэлэнт удвал цэцэг бүхий үнэт хөх ваарыг хагалчихаад цээрлэл үзэж байв.Манжийн Эеэр засагч буюу Шунь Чи хааны хоёрдугаар агь Кан Си үүнээс хойш хоёрхон жилийн дараа Зүрчидийн Алтан Улсын хаан ширээнд залран Энх-Амгалан хаан нэрийдэж, хожим нь Халх Монголыг эрхшээлдээ бүрэн оруулаад зогсохгүй Дөрвөн Ойрадын Галдан Бошгит хааныг дарж, Төв Азийн элгэн дээрх хамгийн хүчирхэг гүрнийг нэгэн жарныг элтэл захирах болно. Хувь тавилангийн хачирхалтай шоглоомоор өдгөө зургаан настай Ану, 14 сүүдэртэй бурханы шавь Галдан лам, таван наст ханхүү Сюанье буюу хожмын Энх-амгалан хаан гурвын заяа төөргийн шугам яг гучин долоон жилийн дараа халхын нутагт эцсийн удаа огтлолцох ёстой байлаа. Тэр үдэш Очирт цэцэн Далай ламаас хайрласан Дөрвөн Ойрадын чуулганы ханы ёслолын өмсгөл малгайг агсаад Доржравдан хатныхаа хамт цайлангаа бодол санаа нь алсад бэлчин байлаа. Дөрвөн Ойрадын ч, Халхын ч дотоод хэргийг Цастын орноос удирдан залж, цол чимэг, тамга түгээн тоглож ирсэн Далай лам цагтаа Ойрадын чуулганаар сонгогдсон Хойдын Сайн хиаг чуулганы ханаар ёсчлон соёрхолгүй гэдийж байсан ч удаа бий билээ. Бурхан багш эхийн хэвлийгээс хөрст газарт унамагцаа шууд босч алхсан алга дарам газар бүрээс нь дэлгэрсэн хэмээх домогтой үзэсгэлэнт бадамлянхуа цэцгэн хээгээр чимэглэсэн адар, цэцгэн дэнлүүний бүдэг гэрэлд үлмэдэгхэн сүүдэртэн, хойморт тахисан Арьяавал бурханы өмнө асаасан олон зулын гэрэлд хан, хатан хоёрын сүүдэр үлэмж томрон үзэгдэнэ. -Охин унтчихсан уу?хэмээн хантан оюун тархийг эзэмдэн үл эмхрэх түмэн бодлоосоо түвэгшээх мэт гэнэт асуухад эр нөхөртэйгээ хамтдаа байх ахуйдаа амьдралын бараан сүүдэр бүхнийг хүчээр умартан ямагт эрх танхи, эелдэг наалинхай, уяхан ялдам бүсгүй төрхөө

үзүүлэхийг эрхэмлэдэг Доржравдан нарийхан хөмсгөө өргөн нүдээ сэртийлгээд: -Бундан хацарлаад нойрсч байнаа эзэн минь.Таныг Далай багштантай чухал уулзаантай байгааг өчиж хэлээд байтал ааваараа тангадын хааны Чагаа гүнжийн домгийг хэлүүлнэ хэмээн зөрсөөр чүү гэж л нэг юм хар нүд хамхин унтлаа гэв. Хатан нь ийнхүү хөмсгөө өргөн сээмгэр нүдээ сэртийлгэх бүрдээ гэнэхэн, хонгорхон, эгдүүтэй харагддаг сан. Гэтэл өнөөдөр хоймроос гэрэлтэх олон зулын гэгээ, дэнгийн сүүмгэр гэрэлд хэдий гоо үзэсгэлэнгээ ид шидийн гэмээр удтал хадгалан яваа ч аргагүй дөч хэвийж буйн гэрч духных нь атираа тодрон үзэгдэхийг хан сая л ажиглав. -Мөн,мөн.Балчирхан амьтан минь.Хүүхэд яаж өсч өндийдгийг урьдах таван хүүхэд дээрээ огтхон ч анзааралгүй өнгөрч дээ.Гэтэл надал л ямар учиртай заяасан амьтан юм.Энэ өөдөсхөн охин л голт зүрхний аргамжаа болох юм даа гэж хан хэлээд ширвээ сахлаа шувтран бослоо. Нөхрийнх нь өтгөн ширвээ сахалд нэлээд буурал орсныг харсан Доржравдан “Анх энэ хүний хатан нь болж ирээд эхний шөнөө оронд орохын өмнө хүзүүгээ үнсүүлэхэд энэ сахал нь хатгаад хамаг бие айж, догдолсондоо чичирч байж билээ.Тэгэхэд хэчнээн хар сахалтай байж вэ! гэсэн ч эр хүн өтлөн, санчиг, сахалд нь буурал орж, ухааны атираа духанд нь суух тусам улам сүр хүчтэй, хараад баймаар сайхан болох атал эм хүний толигор царайд ганц үрчлээ суухад л үнэ цэнээ лан лангаар алдаж байдаг шударга бусын хорвоо юм даа” хэмээн гуниглан бодлоо. Нойрсохоор явж ахуйдаа хантан цаг хугацаа хэрхэн харвасан сум мэт нисэн одож, өтөл нас хаяанд буусныг хатныхаа духны үрчлээ, суларч эхэлсэн жавьжны арьсыг нь үзээд эрхгүй ухаарчээ. Мах цусанд төрсөн хүмүүнтэй ижилхэн улс гүрэнд ч бас мандан бадрах өсвөр үе, ид цог заль төгс жавхалзах идэр нас, бууран доройтох өтөл цаг гэж байдаг аж.Манж Чин гүрэн өдгөө ид хүчирхэгжин мандаж өдрөөр бол бага үдийн наран мэт гялалзаж байхад ертөнцийг талыг эзэгнэн эрхшээж явсан Их Монгол Улс өтлөн доройтож хэдэн хэсэг тасраад гал голомтоо авч явах сүүлчийн бүтэн үлдсэн хэлтэрхий нь болсон Дөрвөн Ойрадын орших, эс орших нь өчүүхэн миний атганд байна гэж үү? хэмээн бодсоор хүнд энэ бодлоосоо салахын түүс болж хажуугаараа шурган орж ирсэн хатныхаа зөөлхөн биеийг таалан тэврээд: -Нохой өдөр нутгаа зоривол ямар бол, чи минь юу гэж бодно? гэлээ. Наашаа зорьж явсан аян замын тэр нэгэн шөнөөс хойш нөхөр нь дахин бага хатнаа өвөртлөхгүй байгаад баярлан гийсэн хүүхэн ч урин тачаангуйн авьяасаа ид гайхуулсан наалинхай хоолойгоор : - Тэгье эзэн минь! Хүн малаа хэсэг амраая.Буцах зам урт.Та өнөөдөр их алжаасан байх хэмээгээд уруулаа цээжинд нь наалаа… Тэдний нойрсдог исэр орны дэргэдэх өндөр хөлтэй чамин үхэг дээр хантанд далай ламаас соёрхсон Дөрвөн Ойрадын чуулганы ханы ёслолын малгайг тавьсан нь сүртэй үзэгдэнэ. Хатан нь урьд хожид үзэгдээгүй ховор чамин унждаг ээмгийг бэлзэгтэй нь ижилсүүлэн зүүснийг нь хантан орондоо орж, салхи борооны хэрэг гүйцсэн хойно сая л ажиглан сонирхож шохоорхох сэтгэл төрж, хүүхний эрүүн дээрээс нь өргөн нүд рүү нь эгцлэн

ширтсэнээ зөөлөн уруулыг нь озон үнсч цасан цагаан хүзүү, эгэм рүү нь унжих чамин гоёмсог ээмгийг нь сонжингоо ширүүн алгаараа торго мэт гулсамтгай арьсыг нь энхрийлэн илээд өөр рүүгээ дахин татав. -Би өнөөдөр Лхасын их зээл дээрээс ийм ээмэг авсан юм.Гэрэлт чимэд чулууг хар мөнгөнд суулгасан үнэ ихгүй ч хийц сайтай юм хэмээн хатан эр нөхөртөө таалуулангаа зөөлхөн дуугаар ярина... Ийнхүү эцэг эхийн хамт холын Лхаст мөргөл үйлдээд буцсан нь Ану охины бяцхан тархи задран, нүд тайлсан анхных нь урт аян байлаа. Гэртээ ирээд ч охин эцэгтээ улам наалдан, дотносох нь их болж, алсад хамт явах гэж дагадаг, далим гарах бүрд харийн улс гүрэн, эзэн Чингисийн тухай, Ойрад түмний бахдал болсон Эсэн хутагтын тухай домог түүх яриулах хэмээн элдвийг шалгаах болжээ. Харин сүүдэр мэт өөрийг нь дагаж явдаг Балсан, хамтдаа тоглодог эгч дүү Мандарваа,Булган, Бундир дөрөвт Далай ламын уул шиг өндөр сүрлэг Будалин ордны гайхмаарыг,Дэрстийн хийдэд Майдар эргэж буйгаас ч олон хүн шавааралдан суух атал хаашаа ч нүүдэггүй багширсан их хот Лхасын тухай амыг нь ар дээр нь гартал ярьсан ч өргөөний эргэн тойрны хэдэн толгод, хаваржаа, намаржаа, өвөлжөө, зуслангаас цааш хэтрээгүй хөөрхий хэдэн найзынх нь ой тойнд төдийлөн буухгүй уурыг нь хүргэх агаад харин сэтгэл дотроо нууцлан хааяахан бодох болсон Галдан ламтны тухай тэдэнд ганц ч үг цухуйлгасангүй өнгөрч билээ. Тэгээд л арга буюу ихийг үзэж, дуулсан өөрийнх нь боддогоор ертөнцөд хамгийн ухаантай хүн эцэгтэйгээ наалдах болсон нь өдрөөс өдөрт задран тэлсээр буй оюун ухааныг нь тэтгэн тэжээх ганц хүн энэ өргөөнд аав нь гэдгийг зөнгөөрөө мэдэрснийх буй за. Нэн ялангуяа харвах намнах, цавчилдах эрдэмд сургахыг эцгээсээ цуцалтгүй шаардах болсон нь Доржравдан хатны гайхшийг барж байв.

Тавдугаар бүлэг Намрын сөл хараахан тасраагүй нэгэн орой Очирт цэцэн хан Доржравдан хатны өргөөнөө цайлж суув. Ану солгой Лувсанхайдавын хүү Балсантай хамт өргөөний хамгаалалтын шадар зуутын цэрэг эрсийн хамт нум сумаар харвах сургууль хийж ирээд шийр цагаан мориноосоо үсрэн бууж эцэгтээ эрхлэхээр гүйн орж ирэв.Лхасаас ирээд эцгээ шалсаар төхөөрүүлж авсан алтан шармал чимэгтэй, жижигхэн гуулин дуулга, элгэндээ гялалзсан хүрэл тольт илгэн цээживч өмссөн нь хоёр мөрөн дээгүүр нь цухуйх олон салаа гэзгийг нь эс анзаарсан хүнд цог жавхлан төгс баатрын өмсгөлтэй бяцхан хөвгүүн мэт үзэгдүүлнэ. -Аав аа!Би их сайн харвасан.Тавин тохой газраас арав харваад үхрийн ширэн байны гол дахь улаан зосон тэмдгийг таван удаа яг голд нь оносон. Харин Балсан байны голд нь дөрөв оноод охин хүүхдэд давагдлаа хэмээн аавдаа зэмлүүлсээн хэмээхэд эцэг нь охины хээрийн агаар салхи, хөлс үнэртүүлсэн духыг нь үнэрлэн үнсээд бяцхан булцгар гарынх нь баруун эрхий долоовор хэдийнээ нумын хөвч татсаар эвэршин хатуурсныг үзэн толгой сэгсэрч, омголон чийрэг үр үндсээрээ бахдан хүд хүд инээж, цайнд норсон зүүн сахлаа имрэн зассанаа: -Өөдсөн чинээ охин байж эр цэргийн эрдэмд татагдах нь хайшаа юм бэ, үр минь?Хааяа ч гэсэн ижийнхээ үгийг дуулж, өргөө гэртээ тогтон, оёж хатгахыг заалгахгүй юу гэлээ. -Хэлээд юухэв.Энэ хүүхдийг хэвлийдээ тээж байх ахуйдаа осол цалгар болж давхар биетэй өөр сэвгэртэй золгон хүйсийг нь сольчихоогүй л байлтай.Арьяабал шүтээн минь.Дувтан байлдах, харвах, намнахыг л сонирхох юм гэж эхийгээ хошуу нэмэхэд охин бяцхан нум сумаа гэрийн баруун унинд байх мөнгөлсөн оонын эвэрт тохохдоо эцгээдээ зүүн хөмсгөө өргөн ихэмсгээр харж: -Би Мандухай цэцэн хатан шиг эрэлхэг баатарлаг хатан болмоор байна гэлээ. Энэ үед Үзмээ ирж, охины илгэн цээживч, дуулгыг нь тайллаа.Эхийн өргөөний аягач Норов зэлгээн чигээ аягалан их үгт охинд өгөв. Ам нь хатах дөхсөн охин хүйтэн чигээ сэхээ мадаггүй залгилахад эцэг нь духыг нь зөөлөн илбэх зуур хөмсөг зангидан нэг барайснаа: -Үр минь, Мандухай цэцний тухай хэнээс олоод дуулчихав? хэмээн асуухад хоолойд нь түрүүхний өхөөрдөн энхрийлсэн өнгө арилан арай ширүүвтэр болсныг анзаарсан Доржравдан амсрыг нь алталсан зандан аягатай цайгаа амнаас холдуулаад хөшчих мэт зогтусав. Мандухай цэцэн хатан нэгэн цагт туурга тусгаар Ойрад түмнийг дайлан хурааж, их Монгол улсад нэгтгээд айраг гэхийг чигээ хэмээх, махаа хутгаар огтлохгүй шүдээр зулгааж байх мэтээр доромж дорд үзсэн зарлиг гаргаж байсныг хантан мартаж үл чадна.Гэтэл үүнээс гадна охиныг нь эхээс унаа ч үгүй хэвлийдээ нойрсч байх ахуйд хэд хэдэн удаа навсгар удган эм зүүдэнд нь ирж “Таны хатнаас мэндлэх охин хаан хүний хатан болж, хатгалдах дайсны халуун суманд өртөн халина...” хэмээсэн, нэг талаасаа билэггүй ч гэмээр, охиныг хааны хатан болно гэснээрээ харин ч сайны зөн ч гэмээр зүүд нь энэхэн хэдэн жилд мартагдах аястай байснаа бас л санаанд нь орж ирэв.

-Даадаа над хүүрнэсэн.Би түргэхэн бичиг эрдэмд сурч, тан шиг судар ном уншин, түүх шастирт юу өгүүлдгийг мэдмээр байна гэлээ. Үгүй ер.Хий настайгаа дөнгөж долоотой гэхэд адтай сэргэлэн, их үгтэй гэж яанав.Насыг нь ес хүрэхээр Хойдын Дүүрэн бичээчид хадаг барин залж энэ охиныг тод, уйгаржин үсэгт сургая гэсэн оройтох нээ.Даруйхан цагаан сарын дараа номын багшийг нь залж авчрая даа. Сураг дуулахад нааштай байна гэсэн. Үгүй ер, бас зүгээр ч үгүй Мандухай цэцэн шиг эрэлхэг хатан болмоор байна гэнэ. Халхаас домог түүхэнд мөнхөрсөн тийм хатан төрсөн байхад манай Ойрад түмнээс болохгүй нь юу байхав. Бүсгүй юм атал мөн их үгтэй амьтан аа. Бурхан өршөөг дээ, энэ нялх амьтныг минь хэмээн үрээ өхөөрдөн бодоод барайсан царай нь дорхиноо зөөлрөн инээмсэглэв. Энэ үеэр Балсан хөвүүн орж ирээд хан эзэн, хатан ахайтандаа сөгдөн ёслоод : -Ану,Нэмэх дарханыд очъё! Чиний илдийг давтаж хатаасан гэнэ хэмээн дуудаад гарахад охин тоорцгоо толгой дээрээ тавиад гүйн одов.Хантны өргөөний гадаа охиныг хүлээж зогссон Балсан: -Бас ижий чамд үзэмтэй, ээзгийтэй хайлмаг хийсэн гэлээ. -Аа тийм үү?Очиж иднээ гэж хэлэх зуураа Ану Балсангийн саарьтай гарыг харангуут гэнэт Цастын орноо суугаа уужим магнай, өтгөн хөмсөг, ховсдох мэт цоргисон харцтай, уран цэвэрхэн уруултай өнөөх Галдын ламтны бүсгүй хүнийх шиг цэмцгэр зөөлөн мутрыг санан уйтгарлав. -Хантан минь, Аблайн үрс гаргахад Цөхүр увш, Алдар хошууч, Чуу мэргэн зайсан нар цуглан найрласан гэнэ. Аблай, Алдар хошууч хоёр санаатайгаар чуулганд морилоогүй улс.Хажуугаар нь Цөхүр увш Цоросынхны ахмад нь болж үлдсэнээрээ түрий барин давхар тоглолт хийгээд байна би ш үү? Энэ хэдэн ноён таны араар сэм нийлж буй бололтой гэж хатан цайгаа оочингоо ярилаа. Доржравдан ямагт уян наалинхай зан гаргавч, угсаа сурвалж өндөр, гүйлгээ ухаан сайтай тул үе үе хантанд ийнхүү санаагүйг нь сануулах нь цөөнгүй. Хантны нүүрнээс дүрсгүй цовоо охиноо өхөөрдөн хайрласан аз жаргалын өнгө хоромхоноо замхран арилж хүрлийгээд: -Чуу мэргэн бас тэдэнтэй нийлээ юу?Уг нь Алдар хошууч ,Чуу мэргэн хоёр Далай багшаас надад дөрвөн Ойрадын чуулганы ёслолын бүрэн өмсгөл, тамга хүртээснийг дуулаад мялаалгын идээ будаа,тус бүр арван лангийн алтан ембүү, баранзад хадгийн хамт илгээн найрсаг харилцаагаа илэрхийлсэн юм сан.Гэвч цаагуураа санаа буруулан Аблай,Цөхүр увш нартай сэм нийлэн хуйвалдаан зохиож буйд төдийлөн гайхахгүй байна гэснээ санаа алдав. -Та минь бодолтой л яваарай.Сураг дуулахад Цэцэн, Зодов хоёр Сэнгийг эцгийн ор залган суухад нь хүчин хавсарч хамгийн ихээр дэмжсэнд тань өс өвөрлөсөөр явдаг гэх юм хэмээн Доржравдан хэлээд: -Таны шар хөөрсөн бололтой.Би өвчүү далыг тань базалж өгье хэмээн гэнэт наалинхай дуугаар хэлээд шүрэн оруулгатай, есөн салаа, бүсэлхий шүргэсэн урт сувдан унжуургаа

жингэнүүлэн намс намс алхалсаар нөхрийнхөө дэргэд очлоо. Хатан гарын алгаа хүйтэн болгох гэж мөнгөн гадартай булгийн цэнгэг усанд дүрээд зориуд цасан цагаан бугуйгаа эрдээ харуулан өөртөө тачаах сэтгэлийн галыг нь дүрэлзүүлэх гэж хоёр хилэн нударгаа тохой хүртэл шамлаад эр нөхрийн хүдэр чийрэг хүзүү, ид залуугийн хэвээр буй зузаан дал мөрийг базлан жаргааж эхлэв.Хүүхний цэл хүйтэн, торго мэт зөөлхөн танхилхан алга хүзүү, чих, чамархайд нь хүрэн базлах бүрд алжаал ядралыг умартуулан тоост ертөнцийн хэрэг явдлаас таслан сансрын хийд хөөрөх мэт аятайхан мансуурлыг авчирна. -Уухай, уухай. Чиний минь мутар хэчнээн ч шидтэй юм дээ.Хүзүү толгойн зааг дээгүүр эцээхэн чангахан баз.Уухай даа. За болно доо. Алив энд суу гэж хан хэлээд хатнаа өвөр дээрээ суулгахдаа урьд урьдынхаас ялимгүй жин нэмснийг нь анзаарч, махлаг бөөрөнхий ташаа, гоолиг нарийхан хэвээрээ бэлхүүсээр нь тэврэн цагаахан хүзүүг нь үнэрлэж, нүцгэн бугуйг нь янаглан илнэ. Хүүхэн эр нөхрийнхөө цээжинд шигдэн наалдаад: -Би танд одоо хөгшдөж байна уу?Нас минь дөч шүргэчихлээ гэнгээ нөгөө л сэрүү татуулсан зөөлөн алгаараа чихнийх нь арыг илбэн нүдээ анилаа. -Юуны хөгшдөх билээ дээ.Чи минь өдрөөс өдөрт сэтгэлийг минь улам өөртөө татах юм гэж хан амьсгаа нь давхцаж тачаадангуй хэлээд хатныхаа хүзүүг зөөлөн шимэн озлоо. Гэнэт гадаахь цэрэг эр ханиан чимээ өгч, эм хүний хувцасны шүржигнээнтэй зэрэгцэн Жангарагийн: -Хан эзэнтээн! гэх дуунаар эр, эм хоёр сая л янаглалын халуун манан дундаас тоост хорвоод эгэн ирэх шиг болов. -За! гэх хантны уцаар дуунаар Жангараг орж ирээд алга хавсран мэхийж: -Нуран хатны бие чилээрхэж Алмагүл шивэгчнээ илгээжээ гэв. -Юу болоов?Шивэгчнийг оруул! Үргэсэн гөрөөснийх мэт хоргол хар нүдтэй залуухан шивэгчин сандран орж ирээд хан, хатан хоёуланд бөхөсхийн хүндлэл үзүүлэв. -Бага хатан яагаав? гэж Доржравдан хатан ийм үед санаачлагыг хэзээд алддаггүй самбаатай зангаар өрсөн асуулаа. -Мэдэхгүй хатантаан. Цай зоогло гэсэн чинь нэг өндөсхийгээд л муураад уначихлаа.Ойрдоо нойр хоолонд муухан байгаа. Энэ өргөөнд хамгаас дорд байр суурьтай эзэн хатнаа дагаад энэ шивэгчин ч зарц барлагуудын дунд хүртэл дуу сул, ямагт харц доогуур явах агаад, нэн ялангуяа барлагуудын зүрхийг чичрүүлдэг, хан эзний хамгийн хайртай дунд хатнаас бүүр ч цөсөө хагартал эмээх бөлгөө.

Эр нөхрийн тэвэрт мансууран эрхэлж асан олдошгүй нандин хормыг нь огоот бусниулсан эл цочир явдалд ундууцсан Доржравдан дүрэлзэн ассан уур омгоо өвчүү цээжнийхээ чинадад нуун намжаах зуур “Өлөгчин чинь бие давхар болчихоогүй байгаа! Атаа таван тэнгэр, Арьяавал шүтээн минь болгоогтун!” гэхчлэн хорсон, занах, гуйн залбирах бодлоо эмхлэх зуур догшрон гялалзах нүдээрээ аймхай туулай мэт хяран зүүн хатавчинд зогсоо хөөрхий шивэгчин рүү тас ширвээд хан эзэнтэн өөдөө харц шилжүүлэхдээ хурын усанд угаагдсан цэцгийн дэлбээ мэт зөөлрүүлэн сүүмийлгээд: -Эзэн минь та оч доо.Барагтайд өвчин хэлдэггүй, залуу бага хүн ямар гай дайрав даа?Би Лу маарамбад элч довтолгоод Жангаагаар сэргээгч тан олуулаад очъё гэлээ. Бага хатны өвч хатгамлаар солонгоруулан чимсэн жижгэвэр цэмцгэрхэн өргөөнд хатныг сандруухан очиход бүсгүйг ирвэсэн хөнжлөөр нь таг хучин хэвтүүлээд урдуур нь эрвээхэй хатгамалдсан ягаан торгон хөшиг татаастай байлаа. Хөшигний наана хөөрхий хатныг төрхөмөөс нь дагалдан ирсэн цагаан алчуурт асрагч эх нь уймран залбирч суулаа. Хан хамгийн сүүлд чухам хэзээ энэ хөшгийг сөхөн залуу хатнаа таалснаа ч санахгүй байгаадаа гэмшин хөмсгөө зангидаад сиймхий ягаан хөшгийг ярахдаа: -Хөшиг битүү татдаг нь юу билээ дээ? Агаар салхийг нь хаагаад гэснээ Нурангийн шанхны нь тас хар хэсэг үс сүлжээснээсээ задран ганц үрчлээсгүй гялгар духан дээрээ унасныг нь илбэн засангаа магнайд нь гараа хүргэхэд хүйтэн хөлстэй, бүлээхэн байлаа. Эр нөхрийнх нь алга хүрмэгц бүсгүй урт сормуусаа чичрэгнүүлснээ торомгор хархан нүдээ нээлээ. Энэхэн зуур Алмагүл хан эзэндээ матигар хөлт явган сандайлга дөхүүлээд ухран холдлоо. Царайн тиг нь их гонзгой, монгол хүүхнүүдийн төрхөөс арай өмнөө, хамар өндөр, гүн ухархайд эргэлдэх тугал алаг нүд нь хоорондоо их ойр, Доржравдан хатныг бодвол царай арай боровтор, тас хар үс, хөмсөгтэй дөнгөж гуч хүрч яваа энэ бүсгүйн гоо үзэсгэлэн хантны сэтгэлийг татах нь нэгэнт багасчээ. Лхаст мөргөлөөр одоод ирснээс хойш зам зуур нэгэн үдэш зочдоо үдчихээд сэтгэл гэнэт хөдлөн асарт нь орж таалан хоносноос хойш энэ өргөөнд ганц ч удаа шөнийг өнгөрүүлээгүйдээ гэмшиж, хөөрхий бие ядруу буй бага хатнаа өрөвдсөн хан шивэгчний дөхүүлсэн сандалд суугаад: -Яаж байна чи минь? хэмээн аль болох элгэмсүү энхрийлэнгүй дуугарахыг хичээлээ. Тэгээд гараа магнайд нь дахин хүргэхэд бүсгүй чичирхийлсэн савхан хуруутай, жижигхэн борхон гараараа эр нөхрийн мутрыг давхар атган духан дээрээ тавьснаа: -Одоо зүгээр ээ хэмээн сулхан өгүүлэн инээмсэглэх аядсанаа: -Таныхаа мутраар магнайгаа илбүүлэх хэчнээн сайхан юм бэ? гэж тамир муутайхан чичирсэн дуугаар шивнээд хөнжил дотроосоо нөгөө гараа гарган эр нөхрийнхөө зүүн гарыг нь авч хацартаа наалаа. Бүсгүйн гар ширүүвтэр, алга нь хав халуун байлаа.Дух нь бүлээхэн байсан атал хацар нь халуу шатаж байх аж.

Яг энэ торгон мөчид Цэвээн ахайтан Доржравдан хатны хамт өргөөнд орж ирээд орных нь өмнүүр зэрэглэн зогсоход Нуран гэр доторхи хүмүүсийг эргэлдсэн алаг нүдээр тойруулан хараад: Бурхан надад үр хайрлажээ,хан эзэн минь! хэмээн түрүүчийнхээс арай тодхон дуугаар хэлэхэд хан цочин зүүн хөмсгөө өргөж, хөгшин их хатны нүд баярлан гийж, Доржравдан дотроо палхийснээ чадмаг нуун инээвхийлэхэд өөрийгөө эрийн чалх бууран Ану охиноор үр удмаа отголсонд бат итгэж явсан хантныг энэ мэдээ баярлуулахаас илүү цочирдуулж өөрийн мэдэлгүй санаа алдаад: Болж дээ. Хүсэл тэнь биелэх нь. Гагцхүү биеэ сайн аригла даа гэлээ. Тэгтэл их хатны үрчгэр хөх царай улам баясан гийж, хатан болж ирсэн цагаасаа эхлэн энэ өргөө хотлыг гартаа бүрэн атган, өөрийг нь замаасаа зайлуулаад зогсохгүй, үр заяагаагүй хөөрхий бага хатнаас ч эзний сэтгэлийг хөндийрүүлсэн Доржравданд дургүй нь хүрэвч яаж ч чаддаггүй хорслоо ядаж энэ удаа тайлах далим гарсанд түүн рүү илт тавласан харцаар шиврэн инээвхийлээд: -Хан эзэн таны биеийн чалх өчүүхэн ч дордсонгүйд их хатан, ханийн тань хувьд би нэн таатай байна. Ойр хавьд ийм чихэнд чимэгтэй үг сонссонгүй. Бага ахайтан та биеэ тойгло.Урьдынх шиг осол явдал болох вий! гэлээ. -Бурханы орны гэгээн шүтээн танд үрийн хутаг хайрлажээ. Шүтээндээ залбирч яв даа хэмээн Доржравдан биеэ хүчлэн, цаагуураа Нурангийн шашин буруутай байсныг егөөдөн хэлэхээ ч мартсангүй. Энэ тухай эхээсээ сонссон Ану өрлөг эхийндээ гүйн орж: -Даадаа!Би манцуйтай бяцхан дүүтэй болох гэнэ.Гялай, гялай.Том болохоор нь би дүүгээ шийр цагаандаа дүүрээд давхина хэмээн хөөрцөглөв. Гэвч Нуран хатан үртэй болох нь хэмээн бөөн баяр хөөр болж, Цэвээн ижий гэгддэг их хатан ч бас үе үе бага ханы өргөө рүү бэлэг сэлт барин гүйж байхад өөрийнх нь ижий, хэдэн хоногоор хөмсөг зангидан хилэгнэж, Үзмээ, Жангаа хоёр болон хэдэн аягачаа загнаж зандчин, огт тайвшрахгүй байгаад охин гайхан учрыг нь олох гэж ааваасаа асуух гэснээ гэнэт энэ бол түүнтэй ярих сэдэв биш гэдгийг зөнгөөрөө мэдрээд үеийн юм шиг өөртэй нь хөөрөлдөн, өхөөрдөн эрхлүүлж суудаг өрлөг эхээсээ асуучихлаа. -Даадаа,манай Нураа ижий хүүхэдгүй гээд дандаа уйлж суудаг байсан даа.Тэгээд Цастын оронд очин баахан бурханд мөргөөд одоо гэдсэндээ хүүхэдтэй болсон гэж бөөн баяр болж байхад миний ижий уурлаад л байх юм. Тэр чинь гарахаараа чиний дүү болно,та хоёр хөтлөлцөөд тоглож гүйнэ гэж Нураа надад хэлсийн. Цэвээн ижий ч бас Нурааг хүүхэдтэй болох нь гээд баярлаад алтан сүйх ээмэг өгөөд л байсан. Яагаад намайг нялх жаахан дүүтэй болно гэж баярлаад байхад ижий уурлаад байгаан бэ? хэмээн асуулаа. Галынхаа захад суун нөхрийнхөө хуучин оймсны харааг цойлдож суусан Ханджав долоовроосоо хуруувчаа салгаж тавиад охины нарийхан нарийхан салаа хүрэн гэзгийг

өхөөрдөн илж, зөөлхөн, хэрнээ учирласан харцаар нэг харан бодол болсноо санаа алдаад: -Хатан ахайтан хүний л нэг зовлон юм шүү дээ, охин минь. Манай хан чинь харин ч гуравхан хатантай.Одоо өргөөнд татвар эм ч алга.Чамайг төрөөгүй байхад нэг татвар байсан юм. Хатан хүн гэдэг эхнэр л юм хойно эр нөхрөө бусад эмээс харамлана, хардана.. Ухаандаа чиний шийр цагааныг Мандарваа унавал чи уурлах уу? гэхэд охин бодлогоширсноо: -Уурлаж ч магад.Үгүй ч магад. Энд чинь тэгээд морь ямар хамаатай юм бэ? Даадаа гээд нүүрээд нь хүүхдийнх гэхэд дэндүү ухаалаг хэрсүү харцаар цоо ширтлээ. -Даадаа нь мунхаглаж байна. Ихэс дээдэс олон хатан авдаг юм.Гэтэл хатан бүхэн эр нөхрөө харамлана.Намайг л илүү хайрлаасай хэмээн бодно. Ухаандаа өрсөлдөнө өө дөө гэхэд охин нууц давхраатай хөөрхөн сээмгэр нүд эргэлдүүлэн бодолхийлнэ. -За тэгээд хатан бүр үр хүүхэд гаргана.Миний л хүүхэд бусад хатдынхаас илүү байгаасай гэж бодно. Харин эзэнд бол аль ч хатнаас мэндэлсэн бай, өөрийнх нь үр хүүхдүүд нь л юм чинь адилхан. Ижий чинь бага хатныг давхар биетэй боллоо гэдэг нь хан эзний хайрыг хуваалцахгүй гэж, бас төрөх хүүхэд нь эцгийнхээ хайрыг чамтай хуваачихна гэж ундууцаж байгаа юм.Ойлгов уу? -Лувсан ахад танаас өөр авгай байхгүй тийм ээ? хэмээн охин адтай гэгч нь асуулаа. -Байхгүй.Лувсан ах чинь харц хүн.Ноёд ихэс л олон хатан авдаг юм шүү дээ. -Тэгвэл харц хүний авгай болбол сайхан юм байна. Өөр авгай авна гэхгүй.Их,бага, хатан байхгүй,тийм ээ? хэмээн Ану өрлөг эхийнхээ нүүрээд өлийн ширтэнэ. -Гэсэн ч харц хүний зовлон бас их шүү дээ,охин минь. Амьдрал гэдэг үйлийн үр гэж бурхан багш сургасан юм гэнэ лээ,базардар гээд өрлөг эх нь зэс домбоныхоо ёроолыг шавхан зэлгээн цай хийж уухад хуруунууд нь хүнд ажилд эвдрэн мойнийсныг Ану сая л анзаарлаа. Уг нь өрлөг эх нь өөрийнх нь ижийгээс ганц насаар дүү гэдэг авч хавьгүй өтөл хөгшин харагддаг билээ. Гэвч үүнээс хойш таван сар өнгөрч, цагаан сарын хөлтэй өдрүүд өнгөрч, хөх бичин жил гарсны дараахан Нуран хатан зургаан сартайдаа үр зулбан хэвтэрт орсноор Доржравдан хатны магнай тэнийж, Ану охиноор үрсээ отголно хэмээсэн Очирт цэцэн ханы зөн биелсэн ажгу. Бичин жилийн хавар ногоо эрт соёолон дэлгэр сайхан зун болов. Хаврын дунд сард Очирт цэцэн ханы хүү Галдмаагийнд нуган үр заяаж, Гартангомбын хоёр дахь хатан бас хүү төрүүлснээр хантан дөрвөн бэрх буулган аливаад азаа үздэг алталсан дөрвөн шагайнхаа тоогоор дөрвөн ач хүүтэй болжээ. Ийнхүү Гартангомбынх хоёр, Эрдэнэ тайж,Галдамаагийнх тус бүр нэг хөвүүнтэй болсон атал хоёр ч бяцхан охин эндэж, дувт нуган үр мэндэлсээр бүхийд Цэвээн хатнаас өгсүүлээд Ойрад түмэн хөл хөсөр, гар газар байсан энэ хэдэн жилийн энх амгалан амьдралыг эвдэх дайн дажин болох вий хэмээн зовницгооход хүргэж байлаа. Хөвүүн олон төрөх нь удмын хэлхээс үл тасран, овог аймаг улам хүчирхэг, эрмэг оршихуйн

тэмдэг мэт авч нөгөө талаас хорвоод мэндэлж буй нялх үрсийн дунд охид дийлэнх бол дайн дажингүй, энх амгалан байхуйн билэгдэл, нуган үрс зонхилох нь дайн самуун үүдэхийн ёр ч гэж өтгөс хэлцдэг нь буй билээ.

Зургадугаар бүлэг Аргын тооллын 1660 он, хулгана жил гарлаа.Дөрвөн Ойрадын шашны тэргүүн Зая бандид гэгээний гэрээсэлсэн ёсоор Ойрадын чуулганыг хуралдуулах ёстой байлаа. Халхын ноёд ганц нэгээр Манжид даган орж эхлээд буй эгзэгтэй нөхцөлд Зүүнгарын ихэс дээдэс туурга тусгаар байдлынхаа төлөө, өстэй нь урьдын гомдол хорслоо хүлцэн тэвчиж, цөстэй нь уур омгоо барин эв мод мэт байх цаг иржээ. Илийн зусланд зуны тэргүүн сарын арван тавны билэгт сайн өдөр хийхээр тогтсон Дөрвөн Ойрадын чуулганы зарыг тараах, бүгдээр хэлэлцэн тохиролцох алба татвар, Манжийн хаан Эеэр засагчид илгээх захидлын агуулга зэргийг бичгээр тоймлон буулгах, чуулганаар батлах шинэ цааз бичгийн эх зохиох хүчир ажилд нухлагдсан Очирт цэцэн ирж яваа цагийн урин тансагийг бахдах завдалгүй өнгөрөөв. Өвөл нь Алшаа нутгаар цас барагтайд унаагүй тул харын зуд нүүрлэснээс олон айлын мал усгүйдэн өеөдөж, хаврын энх улиралтай золгохдоо хотоо харлуулан модоо барьсан айл олон байсан нь ч хошуудын Очирт цэцэн ханы бас нэгэн толгойн “өвчин” болов. Энэ бүхнээс гадна, дайны хажуугаар дажин гэгчээр бага хатан нь зургаан сартай нуган үрээ зулбаж, бурханы оронд очин Галдан, Сэра,Бэрэвэн хийдүүдийн нандин шүтээнүүдэд биечлэн мөргөж залбирсны буянд үнэрлэх үрийн хутаг заяав хэмээн магнай хагартал баярлаж асан сул дорой бүсгүйн эмзэг сэтгэл хувь тавилангийн энэхүү хүчир цохилтыг гэтэлгэж хүчрэлгүй хэвтэрт орж, хоол унднаас гарсан тул өргөө гэр доторхи энэ золгүй явдал мөн л төрийн ажлын бэрхтэй нэгдэн өр өмлөх ажээ. “Өчүүхэн миний бие талийгч анд Баатар хунтайжийн адил арваар тоологдох хатан, татвар эм авч, хараа булаасан бүхнээ өөрийн болгож явсангүй. Өөрийнхөө авааль гурван хатны дотроос дунд хатандаа л голт зүрхний угаас сэтгэлтэй. Их хатан Цэвээнийг хар багад эцэг эхийн тавьсан өндгөн сүй задалж буулган авчирсан ч сэтгэл зүрхээ түүнд өгч явсангүй ээ. Арван зургаан насандаа эхийнхээ шадар хамгаалагч Гөлгөө баатрын ганц охин, харзны ус шиг мэлтэгнэсэн нойтон хар нүдтэй Сэржмядаг бүсгүйд тэсгэлгүй сэтгэл алдран охин насыг нь үргээж явсан ч жилийн дараа түүнийг нь Тэнгэр уулын цаадтай Хойдын Сайн хиагийнхны зүгт бэрлэн мордуулсан билээ. Түүнээс хойш хоёр жил өнгөрч удам угсаа сайтай, эртнээс худ ургийн холбоотой явсан Цэвээн бүсгүй тэр хоёрын өндгөн сүйг задлан Алшааг доргиосон хурим найр хийж буулган авсан билээ. Жийхайсан нүдтэй, хөнхөр бор духтай, эв хавгүй өндөр бие, урт чацтай, шингэхэн үстэй Цэвээн охин түүний сэтгэлийг огтоос татаагүй. Хатан нь болж ирээд эрхгүй эр эм бололцсоных гурван хүү, хоёр охин төрүүлж, заримыг нь алдан хамтдаа уйлж, инээж, хань нь болон, удмын хэлхээг нь үргэлжлүүлэн арваад жил амьдарсан ч зүрх сэтгэл нь тэр хүүхэнд татагдсангүй хөндий хэвээр үлдэж билээ. Цэвээнийг буулган авчирснаас хойш хэд хэдэн царайлаг татвар эм өргөөндөө авчран нүд сэтгэлээ баясгаж байгаад шадрууддаа өгчихсөн.Харин анхны хуримаас хойш арван зургаан жилийн дараа Ижил рүү дайжин одсон торгууд аймгийн тэргүүн, Шүхэр Дайчины авга Наянтай зайсангийн отгон охин арван долоон настай Доржравданг хатан болгон авахаар очоод нүүр тулмагц зүрх сэтгэл нь зүйргүй гүн догдлон дур сэтгэл алдарч билээ. Тэгэхэд тэр сэвгэрийн шахсан бяслаг мэт булцгар цагаахан царайны нь сүүн өнгийг алтлаг туяатай өтгөн хүрэн гэзэг нь улам ч сэтгэл татам болгож, том ч бус, жижиг ч гэмээргүй, нууц

давхраатай, цоргисон харцтай нүд нь оч хаялах мэт тормолзож асан. Харин энэ бага хатанг авъя ч гэж хүсэн тачааж авсангүй. Турфаны наагуур нутагладаг хотон аймгийн ноён Кукушийн найр тавьсаны хариуд, цаашид мөн найрамдалтай байж, үе үе дайсагнадаг хасагийн султаны эсрэг хүчин хавсрахад хэрэгтэйг ч бодолцон охиныг нь бага хатнаа болгон авахдаа сэтгэл нэг л дундуур байсны учир энэ байж.Дөчин зургаан насанд нь арван тавтай нялхаараа шахуу ирсэн энэ бүсгүй өнөө жил дөнгөж л гучтай.Эм хүн эх болж, нойтон сормуустай амьтан төрүүлэн, үрээ үнэрлэн, хөхөө амлуулан жаргах гэж л энэ ертөнцөд ирдэг атал хөөрхий Нуранд үр заяавч хүн болсон золтой нь ганц ч үгүй. Дөнгөж арван тавтай охин хонгорхон насандаа дөч хэвийсэн хижээл эрд богтлогдон, бага хатан нь болоод насан турхруу өвөр хоосон, үнэрлэх үр ч үгүй, ёсолж авсан хатан нэртэй хаягдмал бага эхнэр явсаар төгсөх хэчнээн бачуу тавилан заяа гэгч вэ гэхээс хөөрхий бүсгүйг өрөвдөн элэг эмтрэх нь олонтаа. -Энэ Нуран хатан нутаг усандаа сэтгэлт хүнтэй байсан юм гэнэ.Өргөөнийхөө гадаа баруун урд зүг рүү ширтээд л мэлэрч суух юм хэмээн бага хатанг бэр буулган авчирсны хойтон жил нь Доржравдан шилбэлзэн байж хэлсэн нь яавч ортой байж таараа.Болдог сон бол бага хатнаа нутаг хошуунд нь буцааж, төрхөмд нь хүргээд өгөх сөн.Гэвч хадмын босгыг давсан л бол эгүүрд хүний хүнд тооцогдон, төрхөмдөө буцаад ирвэл шороо цацан хөөдөг хотон ёсыг яалтай хэмээн бичгийн гэртээ цай оочлон суусан Очирт цэцэн бодож байлуга. Энэ үеэр бичгийн өргөөний хаалга онголзон нөгөө л бяцхан гуулин дуулга, элгэндээ тольт илгэн цээживчээ өмсөн, хавчаахай нум, жижиг махир сэлэм агссан дэггүй жаахан Ану шагайснаа: -Аав аа!Би морин дээрээс алаг даахай оночихлоо.Бундир, Балсан хоёр оноогүй, муу нусгайнууд гэсээр орж ирлээ. -Юутай лут мэргэн харваач охин бэ? гээд эцэг нь Ойрадын цааз бичгийн шарласан хуудсуудыг эргүүлэнгээ охины хөлстэй духыг үнэрлэснээ зогтусав. Охины дух ердийнхөөс арай л илүү халуун байх шиг санагджээ. -Аав аа,та өнөө үдэш надад “Шидэт хүүрийн үлгэр” хүүрнэж өгнө тийм ээ?гэх охин эцгийн ширээн дээрх хаш чулуун тавагнаас хасарвааны самар атган авлаа. -Алив хөө,над руу үлээгээч үр минь гэж эцэг нь хөмсөг зангидан охин руу анхааралтай хараад хонхдон шадар хиагаа дуудах зуур “Амьсгал нь бас халуун ч байх шиг.Дотор халуун байна аа даа” хэмээн бувтнахад өтгөн сахал нь амьтай мэт хөдөлж, охин “таны сахалд будаа наалдсан байна” хэмээн зүггүйтэн хэлээд эрхлэн чангаар ход ход хөхрөв. -Тэгвэл сахал дээрх будааг унагахын тулд жаахан хүүхдийг үнэрлэдэг юм даа хэмээгээд эцэг нь охины нарийхан хүзүүг үнэрлэн сахлаараа гижигдэв. -Жа эзэнтээн! гэсээр хиа орж ирэн бөхөсхийв.

-Доржравдан ахайтнаа дууд.Охинтой цугтаа тоглодог хүүхдүүдийг гэр гэрт нь оруулан халуурч бүлээрсэн эсэхийг сураг тавь хэмээн хан хөмсөг зангидан зарлигдав. Тоглоомондоо улайраад өвдсөнөө мэдээгүй охин оройдоо дух нь халуу шатан дэмийрч, өргөөнийхнийг тужид нь хөл дээр нь босгон сандаргав.Ану охин улаан эсэргэнэ туссан байв. Энэ хавартаа Хойдын Дүүрэн цэцэн бичээчид элч илгээн охиндоо тод, монгол бичиг, түүх заалгахаар залан авчрах эцгийн санаа ч хойшлогдов.Улаан эсэргэнэтээд илааршсан хойноо ч охины бие сул, ханиад томууны сургаар л халуурч, бүлээрсээр зуны эхэн сартай золгож билээ. Зая бандид гэгээн багшийнх нь гэрээсэлснээр Ойрадын ихэс дээдсийн чуулган хуралдуудалах цаг ойртон төрсөн дүү Аблай тайж,Хөндлөн увш, Далай тайш нарын зэрэг ноёд сэтгэл буруулсан нь илт, элчийн хүргэсэн чуулган зард хариу өгүүлээгүй буйд хан сэтгэл чилүүр байлаа.Харин Цэцэн тайж, Зодов баатар,Цөхүр увш, Хойдын Сүлдэн тайж нар дөрвөн Ойрадын чуулганд оролцох нааштай хариу илгээжээ. Ану охин хаврын турш өвчтэй хэвтэхдээ урьдын адил морь унан хээр талаар салхи татуулан хөндлөн гулд давхих, эцгээ даган хол ойрын аянд мордох, солгой Лувсанхайдав, Хөлчүг баатар нарын зэрэг эцгийнхээ мянгатын дарга нартай хамт цэргийн сургуулилтанд очин нум сум харвах, сэлмээр цавчих эрдэмд шамдах, хааяа бас Булган, Мандарваа, Балжид гэсэн өргөөний шадар хиа барлагуудын охидтой бөгцөг няслах, алаг мэлхий өрөх, хорол наадах сан хэмээн тэсгэлгүй хүсэвч эх нь энэ бүгдийг тас хорьж байлаа. Тиймээс “Аав аа,надад тод үсэг зааж өгөөч.Таны бичгийн өргөөнд байдаг ном судраас уншиж хэвтмээр байна.Би уйдаад байх юм” хэмээн өрөвдөлт нүдээр царайчлан гуйсны хүчинд өргөөнд эцгийнх нь бичиг хэргийн албанд зүтгэдэг Улаанхүү бичээчээр тод үсгийн цагаан толгой заалгаж эхлэв. Бяцхан гартаа өдөн бийр барин багшийнх шигээ жирийтэл цэвэр, гаргацтай бичихийг хичээхдээ хэлээ булталзуулан, жижигхэн цээжээ түхэлзүүлэн суух охин үрээ хараад Очирт цэцэн хан өөрийн эрхгүй уярч, төрийн хэрэг, халх, Ойрадын язгууртан ноёдын хагарал, дов дош бүхэн дээр тодрон, задарч бутрах санаа агуулж яваа төрсөн дүү Аблай тайж тэргүүтнийг бодон ямагт сэтгэл зовинон буйгаа түр ч гэсэн мартагнаж, Байбагас хааны удам, Очирт цэцэн ханы үр үндэс аргагүй мөн өө дөө.Охин хүйс заяагаад мэндэлчихсэнээс бус харвахдаа мэргэн, бичиг эрдэмд нэвтэрхий хүн болох нь “ хэмээн бахдах сэтгэл төрнө. Харин эр нөхөртөө тохойд нь ивэх жинтүүний уут зэхэн солонгын өнгөт эр тогосын сүүлийг өнгө ялган зүү ороон хатгаж суух Доржравдан “Бүсгүй хүн бичиг эрдэмт хэтийдтэл шамдлаа гээд хар толгойдоо лай хураах нь илүү.Түүний оронд уур омгоо дарж, эр нөхрийнхөө тааллыг даган, аашийг нь олж, сул дорой, гэнэн хонгор зангаараа бамбай хийж сурах нь дээр сэн. Насны бөгсөнд заяасан энэ өөдсөн чинээ охин бүсгүй заяатан гэхэд даанч дэндүү эрэмгий зан төрхтэй юм даа.Арьяавал шүтээн минь өршөө” хэмээн дотроо дургүйхэн байлаа. Тэр зун Алшаад өдөр нь халуун салхи үлээн элсээр шуурч, шөнөдөө хүйтрэн, хавраас хойш тэнгэрээс дусал ч хур унасангүй гантай жил боллоо. Гэвч Очирт цэцэн ханы хүү Галдмаад Хойдын Сүлдэн тайжийн дүү Жамьянмядагийг буулган хөлтэй хурим дэглэв.Хавар нь эсэргэнэтэн сульдаад, хуримын үеэр гэдэс дотор нь эвгүйрхэн гүйлгэж байсан Ануг хуримд

аваачсангүйд их л гонсгор, бичиг номоо нухсаар хоцорчээ. Алшаад өвөл ч мөн цас унаагүй шахуу, харын зуд нүүрлэж, цагаан сараас хойш ч хүйтний эрч суларсангүй, хавар оройтсоноос чүү ай өвлийг давсан туранхай мал тэвээрэхгүй хэцүүхэн байлаа. Иймд Очирт цэцэн хан өөрийнх нь мал хөрөнгийг адуулдаг албатуудаа аваад Хөх нуурын тийших нутагтаа зусахаар хаврын сүүл сард их нүүдэл хийв. Хантны ойр шадар албат таван зуугаад айлд өөрийнх нь өмчний хоёр түм, тэдгээр айлуудын малтай нийлээд хэдэн түмэн малын хөлгүй их нүүдэл тоос манарган Хөх нуурыг зүглэлээ. Олон хоногийн хөлтэй нүүдлийн эцэст Хөх нуурын Сэрүүн дэнжид хүрч Очирт цэцэн ханы өргөө зусав. Энэ нутгаар өвөлдөө цас багатай, хавар мөн л оройтсон ч газар нь Алшаагаас илүү шимтэй, анхны бороо хаврын эхээр орсон тул Хөх нуурт дэлгэр сайхан зун болж, хатуу өвөлд туйлдсан хүн малын зоо тэнийн, идээ цагаа дэлгэрлээ. Ану охиныг тод үсгийн цагаан толгой нүдэлж шувтрах үеэр эцэг нь Илийн зуслан тийш дөрвөн Ойрадын чуулганд мордон оджухуй. Очирт цэцэн ханы хувьд Далай ламтнаас дөрвөн Ойрадын чуулганы ёслолын иж бүрэн хувцас, очир эрдэнийн жинст малгай тэргүүтнээ соёрхон хүлээж аваад удирдаж буй анхны чуулган нь энэ байв. Дөрвөн Ойрадын чуулганы түүхээс нэхэн өгүүлбэл:түүхэнд Явган мэргэн хэмээн алдаршсан нөлөө бүхий этгээд арван дөрөвдүгээр зууны эхээр дөрвөн Ойрадын холбооны чуулганыг үндэслэж, анхны ханаар өргөмжлөгдсөн гэдэг. Аргын тооллын 1582 онд хошууд аймгийн ахлагч Хан ноён Хонгорын Аха хатнаас төрсөн, эзэн Чингис хааны дүү Хавт Хасарын арван ес дэх үеийн хөвүүнийг Төрбайх хэмээн нэрийдсэнийг хожим Гүүш хан хэмээн түүхэнд үлджээ.Гүүш ханы эцэг хошуудын Хан ноён Хонгор, Халхын Автай сайн хантай хийсэн тулаанд үрэгдсэн гэдэг. Түүхнээ “Хөвгөрийн тулалдаан” хэмээн нэрийдсэн энэ явдал аргын 1585 онд болж, Аха хатан эрээ алдаад хөвүүдээ өсгөж, дөрвөн Ойрадын чуулганы эрхийг хэсэг хугацаанд өөрөө барьж байсан ажгу.Удалгүй Хан Хонгор ноёны ууган хүү Байбагас эрийн цээнд хүрч, эл чуулганыг тэргүүлэн, Ойрадын хүчийг нэгтгэх, харийн дайсны халдлагаас хамгаалж эхэлсэн аж.Харин түүний дүү, Хан Хонгор ноёны гутгаар хөвүүн Төрбайх багаасаа ер бусын сэцэн сэргэлэн, бичиг ном, цэргийн эрдэмд тэгш гарамгай эр болон өссөн гэдэг. Байбагас ханы ууган хүү нь Очирт цэцэн хан бөлгөө. Ойрадын чуулган арван долдугаар зууны дунд үе буюу Очирт цэцэн хан тэргүүлж асан тэр цаг дор туйлын эмх цэгцтэй, хуралдааны тусгай дэг жаягтай болсон байлаа. Ойрадын чуулган нь эзэн Чингисийн Их хуралдайн чанд хатуу дэг жаягийг уламжлан авчээ. Нэн ялангуяа дөрвөн Ойрадын чуулганыг хошуудын Байбагас хаан тэргүүлж байх үеэс Хавт Хасарын удам гэдгээрээ ихэд омогшин бахархаж, эзэн Чингис богдын тогтоосон эрхэм дэг жаягийг билгэшээн дэлгэрүүлсэн гэдэг. Чуулган хуралдах өдөр цагийг эрдэмт багш ламаас асуун тогтоож, Ойрадын зонхилох ноёд зөвшилцөж байж, эцсийн шийд гаргана. Чуулганы ханыг тохоон сонгоогүй үед хамгаас илүү

нэр хүндтэй ахмад насны ихэс ноён тэргүүлнэ. Чуулганы хан болох хүнийг дөрвөн Ойрадын холбооны нэгдлийг бодож гаргасан журмаар цорос, өөлд, торгууд, хошууд аймгийн дотроос дараалан сонгох учиртай. “Дөрвөн Ойрадын ураа” нэртэй сүлд дууллыг икэл буюу морин хуурын хөгөөр аялан хэлдэг байсан гэдэг. Хан сонгох, дайн зарлах мэтийн чухал зүйл хэлэлцэх чуулганы товыг Далай лам, Банчин богд нарт мэдэгдэн, хуралдах үеэр лам хуврагууд ном хурж, овоо тахин газар лусаа баясгадаг байж. Гүүш хан Хөх нуурыг захирсны дараа нийт Ойрадын хэргийг хамаарч, чуулганы хан болж чадахгүй болсон тул дөрвөн Ойрадын чуулган хуралдан, шинэ хан сонгох хэрэг тулгарчээ.Тэр цагт дөрвөн Ойрадын дунд нэр нөлөөтэй ахмад ихэс гэвээс Хойдын Сайн хиа, Дөрвөдийн Далай тайш, хошуудын Хөндлөн увш нар байсан ажгу.Эдний дундаас Сайн хиа нь нэг бус удаа Ойрадуудын хагарал дайн болон өдөөгдөхөөс ухаан сийлэн сэргийлж байсан, зориг баатарлаг хүн байж. Чуулган хуралдаж Хойдын сайн хиаг ханаар сонгосон ч Далай лам дэмжсэнгүй. Гэвч Сайн хиа чуулганы “хан” болоод зангаа хувирган сагсуурч, чуулганаар хэлэлцээгүй бичиг дур мэдэн үйлдэх, бор дарсанд шунан хөлчүүрэх болж, удалгүй Хоо өрлөгийн үр ач нарт хорлогдон жанч халсан гэдэг. Тэргүүнгүй болсон чуулган аргын 1640 оны орчим хуралдан Хоо өрлөгийн хөвүүн Шүхэр дайчинг “хан”-аар сонгосныг Далай ламтан дэмжиж чуулган ханы тамга, айлтгал бичгийн хамт ирүүлсэн аж. Гэвч нэгэнт уугуул нутгаа орхин Ижил мөрний тэртээ нүүн одож суурьшсан Шүхэр дайчин “Алс хол харь газраас Ойрадын холбоог тэргүүлэх хэцүү, эцгийн хамт хошууд, дөрвөдийн ноёдтой эв эвдрэлцэн Ойрадын нэгдэлд сэв суулгасан, эх нутаг, элгэн саднаа огоорон алсад нүүн одсон” зэрэг буруугаа тоочоод “мөхөс би чуулганы хан болохоос татгалзаж байна” хэмээсэн захиаг чуулганд болон Далай ламд илгээсэн тул цоросын Баатар хунтайжийг чуулганы ханд өргөмжилжээ. Гэтэл Гүүш хан, Баатар хунтайж нарын Хөх нуурын эл шийдвэрт сэтгэл дундуур хоцорсон нэгэн ноён болбоос хошуудын Байбагас ханы хүү Очирт цэцэн хан байсан бөлгөө. Дөрвөн Ойрадад нэр нөлөө их, сүр хүчин төгөлдөр Очирт цэцэн чуулганы хан сууринаас болж Баатар хунтайжтай харилцах урьдын найрсаг харилцаанд далдуур ан цав суухад бэлэн болсон байлаа. Чухам эл эгзэгтэй үед Ойрад даяар нөлөөгөө тогтоосон Зангиа хутагт, Очирт цэцэн хантай Тарвагатайд хамт өвөлжсөн Зая бандид Намхайжамц нарын мэргэд тэднийг эвлэрүүлж, дөрвөн Ойрадын чуулганыг цугтаа тэргүүлэх гарцыг олсон билээ. Үүнийг үл өгүүлэн цааш өгүүлэхэд, эцгээ Илийн зуслан тийш шадар зуутаа дагуулан чуулганд мордсон хойно Ану охин зуны нэгэн өглөө эрт сэмхэн босоод шүүдэр туучин гүйсээр бичгийн өргөөнд орж ногоон хашаар сийлсэн нагван, бийр янтай зэргийг нь үзэн зугаацаж суутал гэнэт ширээн дээрх нэгэн судрын нүүрнээ” Эрдэнэ үн тоб-чи “\\Эрдэнийн товч\\ гэсэн үгс амилах шиг болж өөрөө ч мэдэлгүй тэрхүү үгсийг холбон уншсандаа итгэж үл чадан балмагдан зогтусав. Тэгснээ “СА-ГАН СЭ-ЦЭН” хэмээн дахин нэгэн үг уншчихаад тэр нь эцгийн хүүрнэлд хааяа нэр дурдагдаж асан эрдэмт мэргэн хүмүүний нэр алдар болохыг ухан ойлгоод зүйрлэшгүй их баясч, өргөөнөөс ухасхийн гарч өрлөг эх өөдөө гүйв.

-Даадаа!Би үсэг холбон уншиж сурлаа хэмээн дуу хадаасаар жижиг дөрвөн ханат руу нь эрчээрээ гүйн ороход шүүрмэг хийж суусан Ханджав үрчлээт магнайгаа тэнийлгэн мишээж: -Юутай их баяр вэ? Эрдэм ном дээд баян, үр хүүхэд дунд баян, эд хөрөнгө адгийн баян гэдэг юм.Эрдэмд оройгүй хүн болоорой гээд духан дээр нь үнэрлээд босч, гараа даалимбан тэрлэгийнхээ дотоод хормойд арчин ийш тийш сандчин, охинд өгөх байх юмаа олж ядан дэмий л хоймрын халцархай авдраа ухаж сууснаа буланд нь цэцэг хатгасан цагаан дурдан алчуур гарган өглөө. Тэр бэлгийг хоёр гардан авч тахимаа нугалан талархаад Ану: -Би таны ярьж өгсөн Мандухай сэцэн хатан шиг эрдэм номтой, баатарлаг хатан болж чадах болов уу, Даадаа? гээд тэр алгын чинээ цагаан алчуурыг хүүхдийн томоогүй зангаар шохоорхон үзэх зуур ер бусын анхилуун тансаг үнэртэйг нь санамсаргүй мэдээд дахин дахин үнэрлэж үзэн, хэзээний зангаараа зүүн хөмсгөө эгдүүтэй эрхэмсгээр өргөнө. -Хүдрийн заар шингээсэн алчуур байгаа юм. лувсан ах нь авчирч өгсөн юм.Их сайхан үнэртэй байгаа биз?Би энэ чамин эдээр яахав дээ.Миний хүүхэн энийг хадгалж, Даадаагаа санаж яваарай гэснээ толгойг нь илж: -Миний хүүхэн Мандухай сэцэн шиг хатан болноо.Даадаа нь мэдэж байна. Харин миний нас гүйцэж харж чадахгүй байх даа гэлээ. -Мандухай сэцэн чинь халх хүн ийм ээ?Манай Ойрадаас тийм ухаант хатан байдаг болов уу? гэж хөөрхөн жижигхэн нүдээ дүрлийлгэн асуулаа. -Мэдэхгүй юм даа.Даадаа нь эрдэм номгүй харанхуй цээжтэй мөхөс хүн юу мэдэхэв.Улаанхүү багшаасаа асуу л даа гэлээ. Охин өргөөндөө элдэв амттанд умбаж байдаг ч Даадаагийнхаа гарын идээнд дуртай тул шүүрмэгээс нь атгаж аваад гүйн одлоо. Гэвч номын багш Улаанхүү бичээч нь эцгийг нь дагаад дөрвөн Ойрадын чуулганд мордсон тул ямагт элдвийг сониучирхан бяцхан оюунаа тэлэх хэмээн тэмүүлж явдаг охин долоон янзын асуултад нь хариулах хүнгүй, үсэг холбож сурсан баяраа хуваалцах ухаант аав, номын багшаа үгүйлэн өргөө рүүгээ урамгүйхэн гэлдэрлээ. Уг нь Мандарваа,Булган, Балжид,Дарьжав гэсэн хэдэн охинтой айл гэр болж тоглоно хэмээн амласан ч тэртээ борчуудын гэрүүдийн тэнд өөрийг нь хүлээн зогсох охид руу очих хүсэлгүй болжээ. Түүнийг өргөөндөө ороход эх нь нимбэгийн шүүсээр нүүр, хүзүүндээ бигнүүр талбин, Жангараг шивэгчин нь дал мөрийг нь базалж байлаа.Амтлангуут арааны шүлс асгаруулан, нулимс гоожуулдаг айхтар гашуун, исгэлэн гэж жигтэй, шав шар өнгөтэй тэр жимсгэнийг эх нь холын дулаан орноос эсгийд хучуулан авчруулж, шүүсээр нь нүүр, биеийн арьсаа цагааруулж, зөөлрүүлж байна хэмээн ийнхүү бигнүүр тавьдаг нь охины хувьд эл дол болсон

зүйл бөлгөө. Нүүрэндээ цагаан самбай даавуунд нимбэгийн шүүс шингээн битүү бигнүүр тавьсан эх нь хаалга онголзох чимээнээр: -Миний үр үү?Хаагуур сэлбэгнээд явна чи?Одоо зам ирж өдрийн зоог авчирна.Үзмээ энэ хүүхдийн гарыг угаалга гэлээ. -Гар яах вэ?Ижий, би уншиж сурсан! хэмээн охин цангинуулан хэллээ. -Арьяавал гэж !Үсэг холбоод үг гарган уншиж чадлаа гэнэ үү? гээд хатан нүүрнийхээ бигнүүрийг хуу татаад өндийлөө. -Тийм гээд байхад.Би эхлээд өөрөө ч итгээгүй.Аавын бичгийн гэрт ороод мэлхий ширээн дээрх нагван, бийр янтайг нь үзэж байтал нэг судрын нүүрэн дээр Саган сэцэн “Эрдэнийн тобчи” гэж бичсэн байсан хэмээн хөөрөөд эхийнхээ дэргэд гүйн хүрч, барьж байсан цагаан самбайг нь авч хивсэн дээр хаяад түрэмгий гэгч нь дэвслэн хилэгнэж: -Яагаад та намайг магтаж үнсэхгүй байгаан бэ?Тэгээд бас юунд Даадаа шиг намайг үсэг холбож сурсныг ч мялаахгүй байгаам бэ,ижий? гээд хошуугаа унжуулан зогслоо. -Ану гүнж наймхан насандаа тод үсэгт тайлагдаад дөч талийсан манийхаа дэргэд эрдэмтэй хүн болчих гэж. ижий нь мялаалгүй яахав гэж Жангараг хэлээд хатныг орон дээрээс нь түшин босгов. -Алив ижий нь үнсэлгүй яахав дээ.Харин юугаар мялаадаг юм билээ? гэж нүүр нь ер бусын толийж улам ч залу харагдах Доржравдан хатан хэлээд охиноо тэврэн хоёр бумбагар хацар дээр нь ээлжлэн шунагаар үнссэнээ савхан хуруугаараа бундгар ягаан хацрыг нь чимхэн духыг нь духандаа наагаад: -Чи өвдсөнөөсөө хойш хацрын унаган мяраагаа гээж, том сэвгэр шиг болох нээ гэснээ гүнзгий санаа алдав. -Алив Ану гүнж үүнийг унш даа гэж овжин зант Үзмээ хатны орны толгойн авдар дээр тавиастай тод үсгийн судраас нэгийг авчрах нь үнэхээр үсэг холбож чадаж буй эсэхийг сорих гэсэн бололтой. -Аа, энэ үү?”Мон-ггол –ун нигуца тоб-чиан” гэнээ.Би уншиж чадаж л байгаа биз дээ? гээд ээж рүүгээ болон хөгшин, залуу хоёр шивэгчний зүг ээлжлэн харж ташаа тулан зогсов. -Бүсгүй хүн ташаа тулдаггүйм гэж Жангараг сургахад охин дургүйцэн хамраа үрчийлгээд цацагт хивстэй өөрийнхөө ороод очин лагхийтэл суулаа. Аливаад туйлын ёсорхуу, намбалаг Жангараг, охин руу өхөөрдөн харснаа ёроолыг нь мөнгөлж, хатны дурладаг доржпалам эрдэнэ суулган урласан үндсэн тагшинд сүү дүүргээд, урт цэнхэр соном хадаг дээр тавьж эхэд нь өглөө.

Охины ийнхүү унтууцангуй байгааг өхөөрдөнгүй бас доогтой харж суусан хатан жуумалзан инээмсэглээд: -Ижий нь охиноо уншиж сурсныг мялаая.Нааш ир. Эрдэмд оройгүй гэдэг.Энэ нь хүн энэ яваа насандаа сураад сураад эрдмийн оройд гарч үл чадна гэсэн үг.Багшийгаа залагдан ирэхээр бүр ч ихийг шамдан сураарай.Гэхдээ бүсгүй хүн ном хэчнээн ихийг сурсан ч номхон зангаа гээж болдоггүй юм шүү дээ гээд түнжгэр духыг нь яг аав шиг нь үнэрлээд газар шүргэсэн урт соном хадаг, мөнгөн аягатай сүүгээ өглөө. Ану их л додигор ёсорхуугаар хадаг сүүг хоёр гардан авахдаа аавынхаа хөдөлгөөнийг яг дууриахыг их л хичээж байв.Гэсэн ч гадуур гүйсээр ангаж гүйцсэнээ сая л анзаарч өнөөх сүрхий ёсорхуу зангаа мартаж, жижиг мөнгөн аягатай сүүг ааг амьсгаагүй цээжээ түхэлзүүлэн байж залгилж орхиод дээд уруул дээрх цагаан “сахлаа” эхийнхээ орны дэргэдэх зууван босоо толинд харчихаад” Хараач, би аав шиг сахалтай болчихож” гээд нударгаараа арчих гэснээ өрлөг эхийнхээ өгсөн алчуурыг санаж, өврөөсөө түүнээ гарган уруулаа арчаад эргүүлэн өвөртөлснөө мөнгөн аяганы ёроолын эрдэнийн чулуун чимгийг шохоорхон үзэж эхлэв. -Хэн танд ийм гоё алчуур өгөөв? хэмээн ширээ зүлгэж суусан Үзмээ адтайгаараа анзааран харчихаад асуув. -Даадаа намайг тод бичигт тайлагдлаа гэхээр мялаасан юм. -Аан.Тийм үү? гээд Үзмээ хатантан өөд болгоомжлон хяламхийгээд ширээгээ зүлгэж гарав.Доржравдангийн царай хоромхоноо хувьсхийгээд дорхиноо биеэ барьж чадав. Охин ийнхүү баяр, гунигаа ямагт төрүүлсэн эхээсээ түрүүнд өрлөг эхтэйгээ хуваалцах бүрийд хатан эр нөхрөө бага хатантай нь харддагтайгаа төстэй дотор харлуулсан атаа, жөтөөнд автан сэтгэл үймрээд авах тул сурсан зангаараа хөмхий зууснаа зөөлнөөр хоолойгоо засаад: -Энэ аягыг миний охин ав.Ёроолд нь ижийнх нь дуртай доржпалам чулуу шигтгэсэн эд. Аягаа хүнд өгч үл болно.Аа бас, хүний аяганд үүнээс хойш ууж үл болно.Монгол хүн аягатайгаа явдаг юм.Энэ чулуу эзнийхээ сүр сүлдийг шингээж аваад доройтон буурч явах үед нь хүч чадал эгүүлэн хайрладаг шидтэй эрдэнэ юм гэнэ лээ гэлээ. -За мэдлээ, ижий.Би энэ чулуунд бас дуртай.Таны бэлзэгнийхтэй адил юм гэж охин хэлээд хөөрхөн инээмсэглэв. -Юу ч боллоо гэсэн хамгаас түрүүнд ижийдээ хэлж бай охин минь гэж хатны дал мөрийг базалсаар буй Жангараг сургамжлангуй хэлэв.Энэ нь одоо чи том болсон. Өрлөг эх өөдөө юмны түрүүнд гүйхээ боль гэсэн битүү сануулга гэдгийг хэрсүү охин ойлгоод хөмсгөө зангидсанаа: -За, мэдлээ гэчихээд хивсээр бүтээсэн, алтан зүмбэрт модон орныхоо толгойн шургуулганд аягаа хийгээд гүйн одов оо.

Мандарваа,Булган, Балжид гуравтай чулуун гэр барьж тогломоор санагджээ. Очирт цэцэн хан Илийн зусланд болсон чуулганы дараа Сэнгэ хан, Цөхүр увш,түүний хүү Багабанди,Хойдын Сүлдэн тайж худ, Шүхэр Дайчины хүү Пунцаг тайж нарын зэрэг Ойрадын эрх нөлөөт ноёдын хамт Арашлхүмбэ хийдэд морилон очиж, Зая гэгээн Намхайжамц багштаныхаа ариун шарилд мөргөн, мандал өргөж, молом хуруулаад сарын дараа эргэн ирлээ. Ойрад түмний номын их багш Зая бандид Намхайжамц агсны гэрээслэлийг аймшиггүй зөрчин дөрвөн Ойрадын чуулганд санаатайгаар ирэлгүй чуулганы хан төрсөн ахтайгаа илт тэрслээд зогсохгүй, эмзэг хэврэг буй Ойрадын эв нэгдэлд сэв суулгаж буй дүү Аблай тайш нь түүний хувьд сэтгэлийн их чилүүр болоод байлаа. Эцгийн үлдээсэн өв хөрөнгөнөө ахтайгаа булаалдан тэрсэлдсээр дөрвөн Ойрадын холбоонд багталцахаа больтлоо эвэр, туур нь томорч, их санаагаа өчүүхэн бие нь гүйцэхээ больсон Аблайн талд Хөндлөн увш, Далай тайш, Цагаач зайсан нар эвсдэг нь ч юу билээ. Үр дүнд нь юу болов?Чуулганаас дөрвөн Ойрадын холбоонд тэрслэгч нэр зүүсэн Аблай тайш тэргүүтнийг зэвсгийн хүчээр номхотгон дарах шийд гарсан билээ. Уйлах хүүхдийн хошного урьд өдрөө умалздаг гэдэг билээ. Төрсөн ахтайга тэрсэлдсэн Аблайтай дөрөө нийлүүлсэн тэр хэдэн ноёд ч нэг л өдөр утсан чинээ улаан амиа гуйх бий вий,гэтэл хажуугаар нь халх, Ойрад руу шүлсээ залгин өнгөлзөгч Манж дайчин гүрнийг яах билээ хэмээн Очирт цэцэн хан аян замын турш бодолд умбан явлаа. Аян зам хэдий урт, зүдэргээнтэй ч гэртээ ирж төгсдөг нь юутай аз жаргал.Олон хоногийн зүдэргээнт аянд сульдан, тус бүр биеэ ихэд бодон дов дошин дээрээ хаан мэт эзэн суусан ихэс ноёдын адармаатай ааш аягийн эвийг олон, нэгдсэн төр улс, тусгаар байдлын зүгт хандуулах чуулганы “хан”-ы амаргүй албанд зүдэрч яваад ирэхэд нь халуун дулаан гал голомт нь дөхөж, хотны ноход морин төвөргөөнийг саахалтын газраас анирдан мэдээд дуу авалцан хуцахыг сонсох хэчнээн сайхан. Ааль намба уяхан Доржравдан хатныхаа толигор царайг харж, адармаатай бяцхан гүнж Анугийн хөлстэй хонгор толгойг үнэрлэх нь эгэл энгүүн атал зүйрлэшгүй их жаргал юм гэдгийг өргөөний нохдын хуцалдах дуун ойртох тусам ухамсарлан яарч явлаа. Зая бандид Намхайжамц багшийн үгүйд хуралдсан анхны чуулган төдийлөн санаанд хүрээгүй , дөрвөн Ойрадын холбоо, цаашлаад Далай багшийн соёрхолт чуулганы хан ахаасаа сэтгэл буруулан тэрслүүд ноёдын эвсэл байгуулан дайсагнаж буй дүү Аблайтай махан хэлээр бус,ирт зэвсгийн хэлээр “ярьж” хашраах хүндхэн шийдтэйгээр орд өргөөндөө ирэхэд нь нэг бус баярт мэдээ түүнийг хүлээж байлаа. Энэ нь Ану охин нь багшийн эзгүйд үсэг холбож торолгүй уншдаг болсны магнай тэнийм баяр, нөгөө нь үр зулбаснаас хойш олон сар бие суларч, сэтгэл гутран хэвтэрт ороод утсан чинээ улаан амь нь юун дээр торж байнав? гэмээр турж эцэн хоёр тугал хар нүднээс өөр юу ч үгүй болоод байсан Нуран хатан сүрхий илааршин боссоноор барахгүй, саалийн үнээ малладаг Дулбаа хүүхний хоёр ихэр нярайн нэгийг үрчлэн аваад элэг нь дэвтсэн явдал байлаа. -Залуу бага хүн үрийн мөрөөсөл бололгүй яахав.Дулбаа хүүхэн сая нярайлж, охин, хүү хоёроор ихэрлээд, зайлуул хөх нь сүүгүй. Улаан нялзрай хоёр ам чарлаж байна хэмээн

сонсоод охиныг нь авч Нуран хатанд үрчлүүлчлээ.Тэр нь хайдаг ямааны сүүгээр угжуулаад бөндийсөн цагаан амьтан болсон. Ану дүүтэй боллоо гээд амь хэмээн аливаад самбаатай, хэний ч санаж сэдээгүйг түрүүлэн хийчихдэг Доржравдан хатан нөхөртөө ярьж, хантны талархлын харцанд талимаарч суулаа.Үнэн хэрэгтээ Доржравдан өөрөө Нуран хатны анхны үрийг юмдүүжингээр зулбуулснаас болж хөөрхий бүсгүй эгүүрд үрээ тээх чадваргүй болсонд эрхбиш гэмших сэтгэл, нөгөөтэйгүүр хантан юмыг яаж мэдэхэв, залуу татвар эм авчирчихвал тэр нь гахай мэт зулзагалаад эхлэх вий гэсэн болгоомжлол, басхүү нөхөртөө энэрэнгүй хүний дүр үзүүлэх мэтийн олон давхар санаа агуулан саальчин Дулбаагийн ихрийн өрөөснийг бага хатанд өргүүлэх санаа төрснийг гадарлаж буй хүн өөрөөсөө илүү итгэдэг Жангараг шивэгчнээс нь өөр хэн ч үгүй билээ. Одоо нэгэнт үр хүүхдээ бүрэн есөн сар тээж чадахаа больсон Нуран руу хантан хааяа гүйвэл гүйж л байг.Хортой юм биш хэмээн Доржравдан бодож байв. Хөшиг цавгийг нь ирвэсний ганган цоохор арьсаар битүү бүрж, унины углуурга бүрийг хүрдэн хээтэй мөнгөн даруулгаар чимж,Турфанаас авчирсан хар модон ор, шүүгээ, мэлхий ширээ, тана, оюугаар хүрээлсэн босоо толь тавьсан уужим саруул, тансаг чамин эдээр дүүрэн өргөөндөө Доржравдан хатан цоо шинэ улбар ягаан лавшиг дээрээ цасан цагаахан хоргой цэгдэг галалзуулан гоёод эр нөхрөө явснаас хойш улам ч өнгөлөг, толигор болсон цагаахан царайдаа хөнгөн инээмсэглэл бүжиглүүлэн айргийн тос самран хушганы идээ хийсэн аагтай хонгор шаргал цай өөрөө аягалан барьж: -Алив Ану, миний үр үсэг холбон уншиж сурснаа аавдаа ярь даа.Цай уучаад хоёулаа Нуран хатны өргөөнд очин таны өргөмөл бяцхан охиныг үзье гэхчлэн усан дээр өрөм тогтом аашилна. -Аав, би таныг санаад бичгийн гэрт орж мэлхий ширээн дээрх нагван, бийр, янтайг тань шохоорхон үзэж байгаад нэг судар руу санаандгүй харсан чинь үлгэрт гардаг шиг л юм болсон. -Уухай ? -Ямар үлгэр шиг гэж үү?Таны ширээнд дээр байдаг нэг судрын үсэгнүүд нь гэнэт өөрсдөө нийлээд л Саган сэцэн “Эрдэнийн товчи” гэсэн үг болоод ... -Үгүй энэ чинь, миний үр Улаанхүүгээр дөнгөн данган цагаан толгой заалгаад хоцроо биз дээ? тэгтэл ингээд өөрөө уншаад сурчихдаг.Аав нь юугаар мялаах билээ?хэмээн өвөр түрийгээ ухаж буй янз үзүүлснээ ганц нүдний бяцхан дуран гаргаад ирлээ. -Ээ, гялай!Урд довцог дээрээс энэ дурангаар дурандаж байгаад тарвага мөндөл нүхнээсээ цухуйхаар нь нам харвана даа хэмээн охин хөөрцөглөнө. Охины бие овоо торниун илаар болж, буцаад хацар нь мяраалж байна.Намартаа Хөх дэрсний булан руу нүүхээсээ өмнө Улаанхүүг Мандал хиатай мордуулж, Хойдын Дүүрэн бичээчийг урьд хэлэлцэн тохирсон ёсоор залж авчран охиндоо ном заалгая хэмээн Очирт цэцэн хан шийдэв.

Өргөөний хэрэг явдал ийнхүү нэг хэсэгтээ намжиж, байтал дүү нь гар дорхи мянгатаа шар тал тийш аваачин, цэргийн бэлтгэл хийлгэж, албат иргэдээсээ цэргийн хүнс хэмээн нэмэлт гувчуур хурааж буй тухай мэдээ Аблайн өргөөний зүгээс сонордон, асуй тулалдааны чимээ айлсан эхнэр, эмсийн сэтгэлд түгшүүр төрүүлнэ. Алшаад өвөлжсөн олон албат нь харын зудад таван малынхаа талыг шахуу үхүүлж, гарз ихтэйгээр хахир өвлийг давсан нь цэргийн хүнс татахад улам үгүйрэн өлбөрөхөөр байлаа. Юутай ч энэ жил өвлийг өнтэй даван малаа өсгөн, цэргээ бэлтгэж, хүчээ зузааруулан, хань хамсаа олныг татах хүртэл тулааныг хойшлуулах нь зүйтэй хэмээн Очирт хан шийдэвэй. “Морьд дэндүү туранхай, цэргийн хүнс хүрэлцээгүй буй” хэмээн Галдмаа ч эцгийн талд зогсов. Харин Гартангомбо,Эрдэнэ тайж хоёр “Сэнгэ хантай хүчин хавсран Аблай авгыг эртхэн нуга даръя.Барын зулзагыг бага дээр нь” гэлцэн эрхбиш нэгэн эхийн хэвлийгээс унасан юм гэсэндээ элэг нь хаачихав.Бие биенээ дэмжин дуу нэгтэйгээр зүтгэцгээсэн ч эцэг нь төдий л ойшоосонгүй, хөмсөг зангидан, бодолд дарагдахаараа тэгдэг зангаараа баруун талын сахлаа имрэн суусаар авай. Тийнхүү хэрэг бүхэн ямагт амны нь салиа арилаагүй Галдмаагийнхаар шийдэгддэгт ах дүү хоёр сэтгэл нэн дундуур хоцорчээ. Хөх нуурын баруунтай Хөх дэрсний булан хэмээх хужир мараа ихтэй, хөвөөгөөрөө өндөр хөх дэрстэй цэнхэр тойрмууд өндөр тэнгэрийг тольдон мэлтийсэн сайхан нутагт Очирт ханых намаржив.

Долдугаар бүлэг Намрын сүүл сарын бүүдгэр нэгэн өдөр байлаа.Шувууд нь ганганан ганганасаар эзгүйрсэн цэнхэр тойрмын ус захаараа зайрмагтан хөлдөж, уйтайгаар мэлтийн, хэнз ботгонууд гадсаа тойрон гунигтайгаар буйлж, сөл өвс шаргалтан тахийн зоо шиг бидэрлэсэн тэр өдөр гэнэт том том ширхэгтэй тэмээн туйлаадас дундуур нэгэн айлын хөсөг хойд зүгээс тэднийхийг чиглэн нүүгэлтэн ойртсоор тодорч ирсэн нь Хантны заллагаар эрх бяцхан гүнжид нь ном заахаар ирж буй Дүүрэн бичээчийнх бөлгөө. Таван ат, дөрвөн шар тэргээр нүүн ирж буй энэ айлын тэмээнд ачсан гуулин бүслүүртэй олон зандан авдрыг халиасан хүн хур их хөрөнгөтэй, алт эрдэнэ хураасан баян айл юм даа хэмээн шуналын шулам нь сэрж тонгочим. Гэвчиг хэдэн үе улиран судар номтой нөхөрлөж, нанхиад, төвд хэлээс яруу найраг, гүн ухааны сургааль, шашны ном дуун хөрвүүлсээр ирсэн бичгийн удамт энэ айлын тэр олон авдарт алт мөнгө, торго дурдангаас илүү эцэг өвгөдийн бүтээн, уншиж гэгээрч нандигнасан судруудаас гадна Дүүрэн бичээчийн өөрийнх нь тод үсгээр буулгасан олон баринтагтай номууд чихээстэй байжухуй. -Ану, багшийнхаа нүүдлийг тосон идээ цай хүргэж өг хэмээн Жангарагийг дуудахад өргөөний гортигийн гадна хүүхдүүдтэй чоно тарвагацан ухаангүй тоглож асан охин гүйж ирлээ. -Охин минь малгайгаа өмс.Нударгаа буулга.Ном дор мөргөмү.Багш дор мөргөмү гэдэг юм. Эрдэм заах багшаа бурхан мэт дээдлэн хүндэл гэсэн үг. Ижийнхээ өгсөн идээ,домботой цайг бариад нүүдлийг тосч “Багш Та аян замдаа амархан сайн явж ирэв үү?” хэмээн хүндэтгэл төгс мэндийг нь мэдээрэй хэмээн эцэг нь сургав. -Мэднээ,аав аа! Тэгээд чингэж мэхийнэ тийм ээ? хэмээн сэргэлэн охин тахимаа нугалан мэхэсхийж үзүүлэв. -Балсантайгаа яв.Алив тэр домботой цайг нь барь чи хэмээн өрлөг эх нь хүүгээ урагш түлхлээ. Хэдийгээр эхийнхээ ангир уургийг бүрэн хөхөөгүй ч Ану гүнжээс нэг сайн төө өндөр биерхүү тул арав гаран настай мэт үзэгддэг өсгөлүүн чийраг Балсан хүү сийрэг шингэн хөмсөг дорхи урсгал алаг нүдээ доошлуулан: -За ээжээ гэсээр дуртай нь аргагүй гүйн ирж Доржравдан хатны өмнө нэг мэхийгээд гараас нь алталсан утсан чимэглэлтэй, том мөнгөн домботой цайг авлаа. Хүүгийн гар саарьтай, ногоон даалимбуу дээлийн хуучин ямаан хилэн нударга нь халцарч сэмэрснийг үзээд хатантан дургүйцэн ярвайж: “Энэ Ханджавт хүүдээ шинэ дээл хувцас хийх хэдэн толгой чисчүү өгье байз.Миний охины сүүдэр нь болж хаа явсан газар нь дагадаг, хэтдээ хадамд мордоход нь шадар хэвтүүл зуутын

дарга болгон явуулах юм чинь өнгөтэй өөдтэй үзэгдэх нь зүй” хэмээн боджээ. Харин хөөрхий Ханджав, хатан ахайтны царай янз муутай буйг харцаар нь ажин мэдээд хүүгийнхээ гар хөлийг угааж, цэвэрхэн хувцаслаж байхгүй бол хатантан хилэгнэх нь. Орос газар бага насаа өнгөрөөсөн, ихэс дээдэс хүн борчууд бидэн шиг хир сайрандаа баригдаад явж үзсэн биш. Тэр Орос газар эхнэр эмс нь өмд өмсдөггүй, урт нэлмэгэр банзал өмсч явдаг. Тэгээд банзлаа шууж,гуя хасаа гялалзуулаад лус хилэгнэнэ гэхийн зовлонгүй гол усанд хир тоосоо угааж зогсдогийн гэнэ билээ хэмээн гэмшин бодов. Ийнхүү Очирт цэцэн ханы Ану гүнжид ном заах багш Хойдын Дүүрэн мэргэн бичээч хэмээх нас тавь шахаж яваа, хөмсөг сахал нь тас хар атал, үс нь хоёр санчгаасаа эхлэн өл бууралтсан, соёо сахал, ухаалаг дөлгөөн харцтай бүлцэндүү нүд, монхордуу хамар, уужим магнайтай, дунд хэрийн нуруутай, ясархаг эр, өөрөөс нь хэдэн нас эгчмэд мэт үзэгдэх зузаан бадируун гэргийн хамт нүүн ирлээ. Гэргий нь хөрөнгө чинээ зузаан, Хами,Хөх хот руу жин тээж хөлжсөн худалдаачин хүний охин Зэсэнжав нэртэй, бүдүүн богинохон хуруу, гэдэс ихт том чихэндээ шижир алт гялалзуулсан, орсон гарсанд унд ус сайтай, өгөөмөр зантай, хүүхэд багачуулд амттан тараан инээд алдсан авгай байлаа. Харин хар хүн нь галав юүлж байсан ч хоймортоо судар дэлгэн шагайж суудаг бичиг номын бодь хүн ажгу.Зая бандида Намхайжамц гэгээнтний удирдлага дор түүх, уран зохиол, шашны сургаалийн ном судар дуун хөрвүүлж, тод үсэгт буулгахад идэвхийлэн зүтгэж, тэнгэрт хальсан Баатар хунтайжийн албанд хүч өргөж явсан Дүүрэн мэргэн бичээч насны бөгсөнд заяасан ганц хүүгээ цэцэг өвчнөөр алдаж зовлон зүдүүр үзсэн хүн ажээ.Тиймээс ааль сайт гэргий нь хүүхэд л харагдвал нусыг нь арчин, сайрыг нь мулз угаан арилгаж, хирийг нь цэвэрлэн, авдраа уудлан амттан түгээж хүүхдийн гэгээн нүд баярлахыг үзэх дуртай аж. Тэднийхийг гэрээ барьж, төвхнөсөн хойно Ану охин хүндэтгэлийн дээд шар баранзад хадаг барьж, багшдаа золгон хүндлэв. Був буурал үстэй атал өтгөн хөмсөг, соёо сахал нь тас хар, тэгээд нүд нь зөөлөн атал зан нь цаанаа ширүүн юм шиг үл таних энэ хүнээс, эрх дураараа Ану охин нилээд бишүүрхэх мэт дөлсөөр золгож билээ. -Долоотой гэхэд биеэр бага юм. Магнай уужим, хөмхий зуугаад байхыг бодоход шартай охин биз.Чи хө, эрдэм сурах дуртай юу? хэмээн багш нь асуулаа. Охин эхлээд гэрийн баруунтай суух эцгийн зүг, тэгээд эх, өрлөг эх өөдөө дараалан дэм эрсэн харцаар хараад гэнэт зүүн хөмсгөө өргөн толгой гэдийлгээд: -Дуртай.Би тод үсгээр уншиж чадна шүү! хэмээн эрхэмсгээр хэллээ. -За тийм байдаг байж.Чи хө, надаар юу заалгамаар байна? -Уйгаржин монгол бичиг, бас түүх...гээд охин бодолхийлснээ тэргүүнээ өргөн:

-Мандухай сэцэн хатны домгийг яриулмаар байна. Бас өөр хатдын тухай ч гэсэн гэлээ. Охин хүүхдэд ном заана гэж сонсоод цаанаа дурамжхан байсан Дүүрэн мэргэн Анугийн нүдэндээ цогтой, сэргэлэн төрх, цод цодхийсэн яриаг сонсоод соёо сахал дороо мушийн хүд хүд инээгээд охины толгойг илж, эцэг рүү нь сэтгэл дүүрэн харцаар хараад: -Ном сурах хүүхэд юм шиг байна,таны гүнж хантан минь гэж билээ. Ховог сайр дахь Баатар хунтайж агсны ордон. Дотоод ордныхоо шадар түшмэлүүдийн зөвлөлдөх танхимд Сэнгэ хунтайж гагцаар гүн бодолд дарагдан сууна. Өв хөрөнгөнийхөө тэн хагасыг, эзэн суудлынхаа хамт өөрт нь үлдээгээд тэнгэрийн оронд одсон эцгийнх нь эш хөрөг эл танхимын хойморт залаастай. Зураг дээрээс тэргүүндээ очир алмас эрдэнийн жинстэй хүрэн булган малгай асааж, булган эмжээртэй хар хамбан дээл өмссөн эцгийнх нь догшин нүд өөрийг нь дагуулан ширтэх мэт. “Эцэг минь та өв хөрөнгөнийхөө талыг над, нөгөө талыг ах дүү есөн хүүдээ хуваан өгчилгөнө хэмээн гэрээсэлсэн нь мөхөс надад аз уу, эз үү? хэлэхэд бэрх зүйл юм. Оногдсон өв хөрөнгө, эрх мэдлээ чамлан , ахмад хүү хэмээн хан сууринд санаархсан Цэцэн, Зодов ах нар дөрвөн Ойрадын чуулганд ирсэнгүй, санаа буруулан одлоо. Буруд хатан Дара Балжи ууган хөвүүн эзэн сууринд суудаг эртний заншлыг зөрчин ёсгүй хатны хүү эцгийн суудлыг эзэрхийлэн эзлэв хэмээн гүтгэлгийн үг цацсаар явна.Энэ зун хур бороо татруу байснаас эцэг Таны эхлүүлсэн тариалангийн ажлыг эгээтэй л тасалдуудсангүй. Ургац хомс байв хэмээн уйгар тариачдыг торлогдон гэсгээгээд ч хөрс шимээ нэмэх биш дээ. Манжид идүүлчихэлгүй Зүүнгар түмнээ туурга тусгаар авч үлдэхэд хойд зүгт элэг татаж, Оростой найрамдалт харилцаагаа таслахгүй байх минь хэмээн хичээн элч зарж бэлэг хүргүүлсээр байна. Удам залгах хөвүүд Цэвээнравдан,Сономравдан нар мэндэлж, таны үр үндэс эгнэгт тасрахгүй нь гэдэгт л магнай тэнийх юм. Цастын оронд одсон Галдан дүүгээ зарим үед дэргэдээ үгүйлэх ч бурхан болсон номын гэгээн багштан Зая бандид шигээ номд гэгээрсэн их ламтан болж ирээд Ойрад түмнийхээ хүндэтгэл, бишрэлийг хүлээн , төрийн хэрэгт минь шашны алтан багана нь болон түших болбуу хэмээн найдах юм хэмээн ганцаар үлдэх үедээ тэгдэгчлэнгээрээ эцгийн хөрөгтэй сэтгэл дотроо хүүрнэн гүн бодолд дарагдан суух ахуйд өргөөний гоцго ногтон сахалт Гуулин шагайж доор мэхийн: -Таны эх Юм-Агас ахайтан залрав хэмээлээ. Хормын дараа хоргой цэгдгийн хормой ширчигнэн, хатан хүний ёслолын малгай өмссөн атал гялтайх нэгээхэн ч чимэг зүүлт үгүй нь нэг л хөмсөггүй нүд мэт цулгай харагдах Юм-Агас хатны цонхигор царай үзэгдэв. Наснаас нөхчигч эр нөхрийн хойноос гашуудан эм хүний чимэг сайхан үс гэзгээ хусуулан, сахил хүртсэн цагаас эхлэн хатан хүний ёслолын хувцас өмсөвч, урьдын адил алт, сувд зүүхээ болиод удаж буй эхийнхээ энэ энгүүн бодь төрхтэй Сэнгэ хэдийн дасал болжээ. Гүн бодолд дарагдан барайж суусан Сэнгэ хааны царайд гэрэл гийж, эхийн орж ирсэнд

олзуурхан суудал засан нуруу цэхлээд: -Хатан ижий, та амгалан морилж явна уу? хэмээн хүндлэв. -Тэнгэрийн тааллаар амгалан тайван байна.Цастын орноо суугаа дүүгээс тань захидал иржээ.Винайн ёсны зэрэг зиндаа ахиж гавьжийн дамжаа барьж гэнэ гээд Сэнгийн зүүн талын бадмаараг цэцгэн суурьт сэнтийд суухад хунтайж зүүн гараа сунгамагц баригдсан ган хэлтэй, алт шармал хонхыг авч ганц жингэнүүлмэгц түрүүчийн ногтон сахалт гоцго орж ирэв. -Хатан ижийд цай, идээ! -Жа, хунтайжтаан. Хэдэн мөчийн дараа хоёр хавтаст сийлбэртэй хаалга нээгдэж, гурван шивэгчин хүүхэн домботой аагтай цай, самнаа боов, үзэмтэй хольсон тос, хатаасан нандин чавга, илжгэн чих, чихэртэй хурууд, аяга өрсөн тавиур барьсаар цувран орж ирэхэд хамгийн сүүлд яваа тормон нүдэт , харь зүсний, урьд ордонд үзэгдээгүй бүсгүй рүү сэртэндсэн харц чулуудах Сэнгэ хунтайж: -Жасмин үлдээд цай аягал!гэлээ.Тэгснээ сая эхийн зүг эргэж: -Юутай сайн хэрэг билээ.Дүү минь шашин номын эрдэм ухаанд цоорхой гэгээн хутагт болбол миний төрийн хэрэгт хамжаа болж, талаар нэг тарсан Ойрад түмнээ шашин бурханы малгай дор нэгтгэхэд тустай. Гэвчиг олон жил Цастын орноо сууж гэр ордноо санаж л байдаг байх даа хэмээснээ тормон нүдэт шивэгчин бүсгүйн аягалж өгсөн аагтай цайг авахдаа зүүн хацрыг нь сэм илбээд авахыг эх нь ажиглахгүй өнгөрсөнгүй. Шивэгчин бүсгүй хатан эхэд цай аягалж өгөөд холын самаркандаас ирүүлсэн хасарвааны самар, амтат халва таваглан өрөөд бөгсөөрөө ухран гарч одох хүртэл Сэнгийн жоготой хар нүд эхийн нүдийг хариулан хүүхний зүг ширтсээр үлдээд, сая эхийн түвшин царай өөд хүндэтгэнгүй харц шилжүүлэв. Юа-Агас хатан халванаас хэсэгхэнийг элтлэн үмхээд хүүгийнхээ шивэгчинтэй шалиглахыг дуугүй ажиглан суухдаа “Тэнгэрт хальсан эцэгтэйгээ юутай адил болно вэ?Төрийн хэрэг хэлэлцэх, аян зам, алалдах тулаанд явахдаа ч өнгөтэй залуу эмс үзэгдэх л юм бол улаан хөлтнийг урдуураа өнгөрөөдөггүй сэн” хэмээн талийгч эр нөхрийнхөө тухай гунигтай ч юм шиг, басхүү егөөтэй ч юм шиг дурсамж сэргээв. -Маргааш авга тань ирнэ хэмээн хэлүүлээ юү? -Тэгсэн.Юутай ч гэсэн чуулганд ирж, Ойрадын эв нэгдэлд цөв суулгах санаа өнөөхөндөө үгүй гэдгээ нуталсанд нь би баяртай л сууна.Харин Багабанди ах л их янз муутай харагдана лээ. -Цөхүр увш дотуур тамиртай хүн биш.Санаагаа ил шулуун хэлэх хүн. Харин хүү нь илүү мигуй санаатай. Чамтай алсуураа суурь булаалдаад амраахгүй байгаа сурагтай.

-Тэгээд маргааш авга тухайлан энэ тухай ярих гэж ирнэ гэж Та бодож байна уу? -Би тэгнэ л гэж мунхаглана.Энэ бол ацан шалаатай шаардлага.Үгүй гэхэд хэцүү.Багабанди чамтай хамсан төр барья гэж тулгана биз. -Эцэг минь гагцхүү надад л хунтайжийн суурийг залгамжлуулсан. Ууган хүүдээ ч өвлүүлээгүй хан сэнтийг авгын хүү Багабандитай... -Хүү минь сайн бод.Нэг бол чи насаараа эцэгтэй чинь өв хөрөнгө, байр суурь булаалдсан авгынхаа хүүтэй эрх мэдлээ хуваах. Нөгөө бол тэд чиний төрсөн ах Цэцэн, Зодов нартай хавсраад чамайг “нүхэнд” унагах.Цэцэн бол чамтай юухнаа ч үл хуваалцах хүн. Харин Багабандитай эрх мэдэл хуваалцах нэрээр цоросын дотор хамгийн ахмад, нөлөөтэй нь болоод буй эцгийнх нь нөмөр нөөлгийг түших нь нэг хэсэгтээ мэргэн шийд ч байж магад. -Тэгэхээр би Багабанди ахтай хунтайжийн эрх мэдлээ хуваалцах нь зөв гэж үү? -Өнөөхөндөө энэ л ганц зөв гарц.Тамга, сэнтий чиний гарт буйг бүү умарт.Чи албат иргэдийн татвар, гувчуураас Багабандитай хуваалц, ийш тийш илгээх айлтгал бичгийг хамсран хэлэлц.Зарим онц чухаг бус бичгийг тэр мутарлаг. Хариуд нь авга чинь Аблайтай үгсэн ханцуйдаа хутга нуухын оронд чиний гол холбоотон Очирт цэцэн хантай нэг хэсэгтээ бөөр нийлж хүчин хавсарна. Сэнгэ эхийн адил цайвар царайгаа барайлган, мөн эхтэйгээ адил, хүүхэн хүнд илүү зохилтой гэмээр нарийхан хөмсөг зангидан живэр сахлаа оролдон бодлогошров. -Бодоод байхнаа хатан ижий таны санаа зөв байх юм аа. Эх нь нэгэн цагт ягааран гэрэлтэж явсан ч одоо цонхийн цайсан царайдаа ядрангуй мишээл тодруулан амтат халванаас элтлэн нэг буланг ам руугаа хийгээд хөрч зөөгшсөн цайныхаа шавхрууг ёроолдон ууж дуусгав. Сэнгэ эхдээ цай хийлгэх ялдар уйгар угсааны хөөрхөн шивэгчний зүсийг дахин харах далим гарган хонхоо хоёр цохив. Энэ нь гоцгыг бус шивэгчнийг орж ирэн цай аягал гэсэн дохио аж. Жасмин хэмээх уйгар бүсгүй орж ирэхийг сайн ажвал цэнхэр торгон шарваар, хоёр талаараа оноотой хурц ягаан цэгдэг маягийн хантааз, ханцуй уужим торгон өмсгөл, толгой дээрээ цагаан алчуур дээр алтан утас шагласан тоорцог тавиастай, тормон нүднийхээ дээгүүр тодхон зурайх хөө хархан хөмсөгтэй үзэмж хөөрхөн бүсгүй аж. Уйгар бүсгүй Сэнгэ хунтайж, Юм-Агас хатан хоёрт цай аягалан дэвүүр мэт урт сормос буулган бөхөлзөнө. -Жасмин нааш ир!Үзэм ид гэж Сэнгэ нялуун шалиг дуугаар хэлээд үзэм атган өгөхдөө жижигхэн гарыг нь байж ядсан мэт атгаж аваад тавилаа.

-Хүү минь, монгол хүн чихэр амттан түлхүү зооглоод байвал хэдий амт нь сайхан ч шүд муутай болно.Таваг идээндээ шүүрмэг, хурууд эцээхэн тавьж бай хэмээн эх сургамжлах нь далдуур уйгар, буруд, хасаг харь элгийн, буруу номын эмс, хүүхэнтэй багахан орооцолд гэсэн сануулга байлаа. Ийнхүү нэгэн хэсэг дөрвөн Ойрадын холбооны чуулган хоёр хантай болж, Хотогчин Баатар хунтайж, хошуудын Очирт цэцэн хан хоёул мөр зэрэгцэн их үйл хэрэгт зүтгэж явсны нэгэн адил, Цоросын хунтайжийн эрхийг Сэнгэ хаан авгынхаа хөвүүн Багабандийн хамт атгахаар болсон нь Ойрад түмний эв нэгдлийг эрхэмд үзсэн алхам байлаа. Юм-Агас хатан төрийн ёслолын ордноос шадар гоцго Буянтөмөрөө дагуулан гарлаа. Халуун орныг зорих тогоруун цуваа тэнгэрт зэллэн, төрж өссөн нутагтаа хоргодон ганганах үрс нь өмнийг зорих аяндаа шуударч үл төвдөн уй гунигийн дуу хадаана. Хатан явсаар цувраа гурван хиймэл нуурын хөвөөнд ирж гантиг чулуун хашлагыг нь сандайлан суулаа. Цөөрмийн хөвөөнд бөгтийн ургасан дулаан газрын уд мод нарийхан нарийхан навчсаа гөвж, уй гашууд автсан эмэгтэй мэт гуниглан бөхийжээ.Бяцхан цөөрмийн ногоовтор ус уд модны гонзгой шар навчсыг тээршаах шиг сэвэлзэх салхинаа жижигхэн жижигхэнээр бидэртэн долгиолж нэг тийш нь хамах авч, уд мод дахин бөөн бөөн навчсаар уйлах аж. дасал болсон голомт, орд өргөөгөө, нутаг ус, хайрт ижий таныгаа тэсгэлгүй их санавч, хатамжлан хүлцэж, бурханы номдоо шамдсаар винайн аймгийг үзэж дуусган гавьжийн зиндаа барив... хэмээн голт зүрхний нь зул болсон Галдан хүүгийнхээ илгээсэн захидлыг хатан зүрхэн талдаа нандигнан хийснээ авч уруулдаа наав. “Эр нөхрийн хойноос гашуудан сахил хүртэж, энэ ертөнцийн элдэв нүгэл хилэнцээс ангижран чавганц болсон надад хунтайжийн сууринд суусан хүү Сэнгэ,Цастын орноо шавилан суугаа отгон хөвүүн Галдан хоёр минь харанхуй цээж гэрэлтүүлэх наран, саран хоёр минь юм даа” хэмээн бодох зуур гэнэт Галдангаа хэвлийдээ тээж явахдаа энэ цөөрмийн хөвөөнд эр нөхрөө хүлээн басхүү сэтгэлдээ гомдолтой цээж харлан, гэдсэнд үе үе тийчлэн буй үрдээ бүүвэй аялан суутал: -За чи минь энд юу хийж, хүйтэн хашлага сандайлж суудаг билээ хө! гэх Баатар хунтайжийн цочмог чанга дуу хадаж, бядтай хоёр халуун гараараа нүдийг нь дараад: -Алт уу?Мөнгө үү? гэж асууж билээ. Урьд шөнө нь уйгар татвар эм авчран өвөртөлж хоноод өргөөнд нь морилон ирээгүйд нь гомдон суусан хатнаа аргадаж, сэтгэлийг нь тайтгаруулах гэж ирсэн нь илт. Хэдий өргөөнд нь ирнэ хэмээн амласнаа умартан шинэ татвар эм авчран самуурсанд нь голдоо ортол гомдовч, басхүү авааль хатнаа аргадах санаатай тийнхүү тоглоом наргиа хийж, өөрийг нь эрж хайж яваад нь туйлаас их догдлон баярлаж, гомдлоо хоромхоноо мартсан

бүсгүй хайртай түүнийхээ бадриун гарыг хоёр жижигхэн алгаараа илбэснээ: -Алт! гэхэд нь : -Ха!,ха! Алтанд тийм их дуртай хүн үү? Чи? хэмээн нөхөр нь хэлээд өөртөө татан эргүүлж цээжиндээ нүүрийг нь наагаад уруулыг нь сахлаараа хатган тачаангуй гэгч нь озон үнссэнээ: -Май.Үүнийг зүүгээд хөөрхөн хөмсгөө зангидахаа больж үз хэмээж билээ. Түүнийг нь үзвэл битүү сувд шигтгэн чимсэн жигтэйхэн гоё дугуй хайрцаг байв. Юм-Агас тэр хайрцгийг бяцхан түгжээг нь торхийлгэн нээвэл дотроо тольтой, ёроолыг нь хар хилэнгээр бүрсэн тэр хайрцагт шижир алтаар цутгасан алтан гинжээр оосорлосон, гойд чамин хийцтэй бурхан багшийн дүр байж билээ. -Хээ!Хэчнээн чамин эд гээч вэ?Гялайлаа тандаа! -Алив би чамд зүүгээд өгье! Чамайг бие давхар болов гэмэгц Хами руу хятад инжаанд захиалуулан хийлгээд, төлдөрхөн Зая багшийг морилох үеэр аравнайлуулж авсан юм даа.Чамаас төрөх нуган үр минь эрдэм төгс хутагт болж юун магад хэмээн Зая багштан айлдсан шүү дээ гээд алтан бурханыг нь хүзүүнд нь зүүж өгөөд духан дээр нь үнсч: -Тэр муу татвар эмтэй бүү жөтөөрхөлц хонгорхон минь. Татвар эм бүү хэл, энэ ордонд ёс төртэй буулган авчирсан зургаан хатнаас ганцхан чамдаа л би зүрхнээсээ хайртай.Нас өтлөн энэ ертөнцөөс одохын цаг дор чамаас мэндэлсэн Сэнгэ хүүдээ л хан суурь залгамжлуулах болно хэмээн аргадаад гараас нь хөтлөн өргөөнийх нь зүг одож билээ. Тэгэхэд хавар цаг байсан сан.Энэ уд мод навчлан, хорвоо ертөнц хаврын жавхаагаар гийж байж дээ. Яруухан хавар шиг залуу насны ялгуун сайхан дурсамж.Янаг хайрт эр нөхрийн яргуй мэт хэнзэлсэн хайрын эзэн байсан зүйргүй жаргалтай цаг байж дээ. Одоо ч эр нөхрийнх нь дурлал хайрын дурсамж болон үлдсэн алтан бурхан хүзүүнд нь зүүлттэй яваа. Насан зүг болж энэ биеийг орхих хүртэл эл алтан бурхан зүүлттэй явах биз. Юм-Агас хатан босч гоцгоо дагуулан навчис хөглөрсөн бяцхан цэцэрлэг дундуур өргөө рүүгээ гэлдэрлээ. Залуу сайхан бүсгүй явахдаа буцах намрын уй гуниг, зэллэн нисэх шувуудын ганганааныг ингэж зүрх нэвтэртэл мэдэрдэг ч үгүй байж. Эр нөхрөө харамлах, хайрлах, бусад эхнэр хатад, татвар эмстэй жөтөөрхөлцөх, тэдэнтэй битүүхэн өрсөлдөн гоёж гоодох, уралдан жирэмсэлж хөл хүндрэх, их гэдэстэй болчихоод эрдээ хошуу унжуулан эрхлэх, алтан заадас зад татан тарчлан байж үр төрүүлээд нуган гэж дуулан хөөрч баярлах алтан мөч,араг түшин баавгайн савраар илүүлэн байж, ясаа үйртэл өвдөн байж хоёр яс салснаа тэр дорхноо умартаад хонины шинэ шөл оочлон хөлсөө дуслуулаад хөөр баяртай хэвтэх, алаг үрээ бүлээрэн уйлагнахад яах учраа үл олон зүрх сэмрүүлэн шаналах, алсад мордсон амраг ханиа хүсэн морин туурайн

чимээ анирдан хүлээх, ам мурийн гомдох, алга тосон бэлэг хишгийг нь хүртэх энэ бүгд эргээд бодоход эм хүнд заяасан зүйргүй их аз жаргал байж гээч. Аргын тооллын 1662 он буюу усан бар жил гарлаа.Тэр жил Манж чин улсын эеэр засагч хаан тэнгэрт хальж, хоёрдугаар хүү Сюанье буюу Энх-Амгалан хаан сууринд суусан нь хожмоо элэг бөөрний холбоотой халх, Ойрадыг хагаралдуулан байж нэгмөсөн залгих луугийн зулбасга үүрэндээ дөнгөж бойжиж асан үе байлаа. Очирт цэцэн ханы өргөө Тарвагатайн Улаан эргийн өвөлжөөнд өнтэй сайхан өвөлжжээ. Байгаль эх хахир хатуудаа үедээ хатуу ч , өгөөмөр гараа дэлгэхээрээ өрөвч нинжин байдгийн учир Алшаад хоёр жилийн өмнө харын зуднаар олон малаа алдан үгүйрч асан айлуудын үлдсэн мал энэ хоёр жилд будаа шиг үржин, төл хорогдолгүй бойжиж байлаа. Цагаан сар энэ жил нэлээд орой болж, сар шинийн даллага авахуулж, овоо индрээ дөнгөж тахиад байтал Халхаас гашуудалт мэдээ буухиалан ирэв. Манжид өмнөд, төв хэсгээрээ элтрэн идэгдсээр буй халх түмний дотроос Ойрадтой газар нутаг ойр, хамгийн найрсаг харилцаатай Засагт хан Норов гэнэт жанч халжээ. Засагт ханы эзгүйрсэн суурийг хүү Ванчиг нь эзэлсэн дуулдаад удаагүй байтал байдал бишдэв. Учир нь Засагт хан Норовын ууган хүү Чуу мэргэн суудал залгах ёстой атал ахынхаа хүч чадал доройг дээрэлхэн дүү Ванчиг нь эцгийн суурийг хүч түрэмгийлэн булаасан байжээ.Тэгтэл дөнгөж тэнгэрт хальсан хотгойдын Омбо-Эрдэнэ ноёны хүү Лувсан тайж цэрэглэн Засагт ханы өргөөг дайлж Ванчигийг алаад ах Чуу мэргэнийг нь суулгасан аж.Эцгийн ор залгамжлахын төлөө хоёр хүүгийнх нь тэмцлээс үүдэн Засагт ханы ихэс ноёд хоёр талцан хөлгүй үймээн самуун дэгдэж, хөлд нь гэмгүй ард олон чирэгдэвэй. Халхын баруун гарт цаг төр тогтворгүй болж цус урсан, Ванчигийн талыг дагалдагч Ахай тайж тэргүүтэн ноёд Түшээт ханыг бараадан Чахундоржийн нөмөрт гүйлдэн оров. Харин Чуу мэргэнийг дэмжигч Лувсан тайж төв халхын томоохон ноёдын хүчинд түрэгдсээр аргагүйн эрхэнд Ойрад нутгийн зүг амь зулбан иржээ. Хэдэн жил дайн дажингүй хөл хөсөр, гар газар, байгаль дэлхий ч ээлээ хайрлан зуд турхангүй байсан Ойрадад айсуй түгшүүрийн харанга нүргэлж эхлэв. Илийн зусланд дөрвөн Ойрадын холбооны чуулганд санаатайгаар оролцоогүй Аблай тайж тэргүүтэн хэсэг ноёд хоёр жилийн турш алба гувчуур төлсөнгүй тул чуулганы шийдвэрээр Сэнгэ хаан, Очирт цэцэн хан нар хүчээ нэгтгэж цэрэглэн хаврын дунд сард Цагаан чулуутын сайр хэмээх газар үймээн дэгдээгчдийг бут ниргэв. Сэнгэ хааны эх өөртэй дүү эрэлхэг жанжин Онцон цалам шидэхдээ гарамгай баатар хэмээн Ойрад даяар цууд гарсан эр. Цагаан чулуутад Аблайн мянгат руу Очирт цэцэн ханы цэрэг гэнэт уухайлан дайрч цочоогоод, Аблай тайж, Хөндлөн увш, Далай тайш нар толгойн харуулын торгон цэргийн хамт газрын

бартаа даган зугтан зайлах гэснийг Сэнгэ хааны шадар мянгатыг удирдсан Онцон жанжин арван алдын цалам шидлэн нэг нэгээр нь бариад иржээ. Үдэш нь Сэнгэ хунтайжийн хээрийн цацарт олзлогдсон гурван хулгайг авчран ам тангаргийг нь авч, мал хөрөнгө, албат иргэдийг нь хуу хураах ял асуув. Гэтэл эцгийнхээ доохно суусан Галдмаа баатар дуулгаа авч баруун гартаа бариад: -Харгалдах дайсны нүдээр харах юм бол харганы толгой дохилзох бүрд ч тас цавчаад байж болно. Хань хамсаатан, зулай гишгэсэн дүү минь хэмээн харвал гэм бурууг нь өршөөн хэлтрүүлж болохгүй нь юу билээ,аав минь! Хунтайжтан минь! гэснээр Аблай тайжийг хань хамсаануудынх нь хамт суллан, мал хөрөнгө, албат иргэд, өргөөг нь санд хураахаас түдгэлзээд чуулганы ханд тэрсэлсний ял асууж, таван зуун бодоор торгон шийтгээд нутаг зааж суллан тавив. Бар жилд хий настайгаа арван нас хүрч буй Ану гүнж Дүүрэн мэргэн бичээчээр уйгаржин, тод үсгийн дүрэм, зурхай, тооны ухаан заалгасаар хоёр дахь жилийн нүүр үзэж, багын дэндүү дэггүй зан нь байргашиж эхлэв. Дүүрэн бичээч маш хатуу багш тул бага үдээс эхлээд бүрэнхий болтол охиныг суулган ном заах агаад оройдоо хуулж сийрүүлж ир хэмээн бүтэн баринтаг судар өгч явуулна. Билгийн тооллын хаврын адаг сар гарч байлаа. Цас цоохортон хайлж, өдөртөө уур савсуулан шалбааг тогтоож , шөнөдөө мөсөн дош болон хөлдөж, нялх төлийн дуу цуурайтсан монгол нутгийн хавар. Ханш нээгдэж, үүр ичээндээ хоргодсон хорхой шавж, араатан амьтад хэвтэртээ хөрвөн хөдөлж, өвлийн цасан дахан доор нойрссон газар дэлхий сэрж, мөнх залуу хавар айлчлан ирлээ. Очирт цэцэн ханы өргөөнд, ойролцоох Шүхэртийн хийдийн лам нартай хамт, алс Цастын орноос залран ирсэн эрдэмт лам Агванхайдавтан ирж, жилийн өнгийг тольдон, засал хийж, ерөөл, ном уншина хэмээн хавь ойрын сүсэгтнүүд цугларан багахан наадам шиг юм болж, гадуур бөөн шуугиан, хөл хөсөөн болж байвч багш нь “Жангар” туулийг тод үсэгт буулган хуулж талд нь оруул гэсэн даалгавар өгсөн тул Ану охин багшийнхаа хойморт байх улаан зандан ширээнд суун судраа хуулсаар л байлуга.Хэрэв салахын мөн болж яарсандаа муухай сарайлгаад биччихвэл багш нь цээрлэл үзүүлэн дахин эхнээс нь хуулуулдаг тул цэвэр,хичээнгүй атал хурдан бичих гэж охин байдгаараа хичээн чармайсаар хэлээ бултайлгачихна. Энэ үеэр Үзмээ шивэгчин, хатны зараалаар яваа болтой Дүүрэн бичээчийн гэрийн эсгий үүдээр шөвгөр цагаан царай цухалзуулан хошуу цорвойлгоод: -Дүүрэн багштаан!Ану гүнжийг ахайтан хурал ном дээр аваад ирээч гэлээ хэмээх нь ямар нэгэн цагаан булга ч юм уу үен ч юм уу цайвар зүсний мэрэгч амьтан мэт үзэгдэх нь инээдтэй.

-Ану хуулан бичих хичээлээ гүйцээгээгүй байна. Юун хурал ном.Овоо зэгсэн хичээн бичиж байхад нь сатааруулаад хэмээн багш нь зандраад хамар дээрээ тохсон тунгалаг болор шилэн дээгүүрээ Үзмээгийн зүг муухай харав. -Жа...гэж Үзмээ хэлээд бултасхийн алга болов. Доржравдан хатан дуудаж байна гэвэл өргөөнийхний цөсийг ганц халиадаг дунд хатнаас эмээсэндээ өөрийг нь явуулчих юуны магад хэмээн Үзмээгийн зүг аврал эрэн хялалзаж байсан охины горьдлого тасарч, бичиж буй судраадаа анхаарлаа хандуулав. Бүр долоон насандаа тод үсэг холбон уншиж сурсан Ану хуулахдаа гаргуун цэвэрхэн бичиж сурч байлаа. Ойрад түмний билэг эрдмийн охь болсон “Жангар” туулийг тод үсэгт буулгаж суугаа шавийнхаа дэргэд ирж хараад багшийн царай баярлан гийлээ. -За шавь минь үзгээ тавиад нуруугаа тэнийлгэ дээ.Зэгсэн сайхан бичиж байх чинь хэмээн багш нь амнаасаа ховорхон унагадаг магтаалын үг хэлээд тас хар соёо сахлаа имрэн байж охины сийрүүлэн бичсэн хуудаснуудыг бичгийн хулсан хавчаараар чимхэн эргүүлж зогсоно. -Жа багш аа! гээд охин годхийн гарч одлоо. Том том ширхэгтэй тэмээн туйлаадас хаялсан бүрхэгдүү өдөр болж байлаа. Дээр мэлтийгч хязгааргүй хөх тэнгэр бүрсгэр саарал жанч нөмөрсөн мэт бараан үүл толгой дээрээс юу юугүй унаад ирэхнүү гэмээр тээр доор нэвсийн , ааштай эмгэн тэр үүлэн дээр суучихаад зулсан ноос газар дэлхий рүү цацалж буй мэт охинд санагдана.гэтэл зузаан нэвсгэр үүлсийн сиймхий дундуур нэгэн ганц од гялсхийхийг охин олж харлаа.”Өдрийн од!” Өдрийн одыг өдөр олж үзэх нь тэр. -Өдрийн од үзэх нь их л ховор завшаантай явдал.Тиймээс олдошгүй ховор зэвэр юмыг өдрийн одтой зүйрлэдэг юм хэмээн багш нь нэг удаа утга найруулгын хичээл заахдаа хэлж билээ. -Багш аа! Шөнө тэнгэрт дүүрэн гялалзаж харагддаг тэр их од өдөр хаашаа алга болчдог юм бэ? хэмээн Ануг нэг удаа асуухад: -Талд шөнө олон түүдэг гал асаахад чи алсын уулын орой дээрээс олж харах уу? -Харна шүү дээ. -Тэгвэл өдөр асаасан тэр олон түүдэг алсаас сайн харагдах уу? -... охин юу хариулахаа мэдэхгүй дуугүй зогсоход багш нь хүд хүд инээгээд: -Тэгвэл од эрхэс түүнтэй л адил. Өдөр нарны хурц гэрэлд одод үзэгдэхгүй.Шөнө нар жаргасан хойно л гэрэлтэн үзэгдэж буй нь тэр дээ хэмээн багш нь тайлбарлаж билээ.

“Өдрийн од”. Нарны хурц гэрлийг нэвтлэн газар дэлхийд ганцаар үзэгдэгч өдрийн од мэт содон хүн болох сон хэмээн охин мөрөөдөн тэмээн туйлаадас хаялах бүрхэг тэнгэр өөд ширтэн хаврын сэрүүн тунгалаг агаар цээж дүүрэн сорон зогсож авай. Дараа жил нь охин арван нас хүрч, монгол Ойрадын түүх үзэж эхлэв. “Монголын нууц товчоо”-нд гардаг Өэлүн, Бөрт үжин, Есүй, Есүгэн,Хулан хатны тухай сонсохдоо охины нүд оч мэт гялалзаад явчихна. Бар жилийн шувтарга цагаан сар дөхөж байлаа. -Багш аа!Хубилай хаан нийслэлээ Бээжинд шилжүүлээгүй бол Хар хорум хот мөхөхгүй байсан болов уу? -Тэгж хэлэхэд хэцүү дээ,шавь минь.Орчлонгийн явдлыг таамаглаж хэлэхэд амаргүй. Заяа төөргийн хүрд хаашаа эргэхийг хэн ч хэлж мэдэхгүй.Орчлонд мөнх юм гэж тэнгэрээс өөр үгүй. Охин бодлогошрон жижигхэн боловч, өргөн магнайгаа атируулна. Юан гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр нанхиадын босогчдод хөөгдөн Бээжингээс хайртай солонгуд хатнаа дагуулан монгол эх нутгаа тэмцсэн тухай багшийнхаа яриаг сонссон охин: -хэрэв Аригбөх Хубилай хааныг ялж, Хар хорумаас нүүгээгүй бол юунд Тогоонтөмөр хаан муу хятадуудад хөөгдөх вэ дээ.Багш аа, тэр солонгуд хатан чинь тэгээд монгол хүн биш юм уу? хэмээн шалгаав. -Биш ээ.Солонгуд улс гэж нанхиад улсаас цааш өмнө этгээдэд их далайн тэртээ байх жижигхэн улс.Уур амьсгал нь их зөөлөн чийглэг.Хүн ард нь тариа, ногоо, тутарга тариалж, загас гөхдөн, суурьшин амь зууна.Уур амьсгал зөөлөн дулаан тул хүмүүс нь цонхигор цагаан царайтай, хөө хар үстэй.Эмс охид нь гангар шаазан мэт цагаахан царайтай байдаг гэлцдэг гэв. Охин жижигхэн ширхэгтэй цас хаялах тэнгэрээд нүдээ сүүмийлгэн харж, хаврын цээж тэнийм цэнгэг агаарыг ханатлаа сорж зогссоноо, тэртээд өргөөний тигийн цаана гүйлдэж яваа Мандарваа, Бундир хоёрыг олж үзээд бийр янтай нийлж хөдөлгөөнгүй удаан суусан биеийн хөшөөг гаргамаар санагдан тэр хоёрын зүг чавхдан одов. Амьгаадсаар гүйн очиж яваа Ануг хараад нөгөө хоёр ч дөхөөд ирэв. -Балсан,Булган хоёр хаачаав? -Мэдэхгүй. Хурал номын тэрүүгээр шалсай горьдож яваа биз хэмээн Мандарваа хэмээх өндөр бор охин доогтой хэлээд хөхөрнө. Бундир инээсэнгүй. Хөмсөг зангидсанаа яваад өгөв.

-Бундир яасан юм бэ? хэмээн Ануг асуухад Мандарваа олон салаа гэзэгнийхээ үзүүрээр оролдож зогссоноо Аблай тайжийг дарах байлдаанд Бундирын аав нь эгмээ тас харвуулж үхсэн шүү дээ. Ижий нь тэгээд аавынх нь хойноос ном хуруулна гээд үүний хайртай загал морийг өргөлд барьчихсан. Одоо бас нялх дүүгий нь тэврээд хурал ном хурж буй лам нарт аавынх нь сүнсий нь даатгахаар явсан гэсэн. -Тэгвэл чи юунд Булган,Балсан хоёрыг балин шалсай горьдож яваа гэж хэлээв? -Гэхдээ би Бундирыг шоолоогүйм чинь хэмээн Мандарваа биеэ өмөөрлөө. Ану уурлан хөмсөг зангидаад: --Чиний толгой юм боддог толгой юу, үгүй юу? \\Энэ нь багшийнх нь дувт хэлдэг үг ажээ \\Булган, Балсан хоёрыг хурал хурж буй өргөө рүү очсоныг балин шалсай горьдож яваа гэж хэлдэг чинь бүрлээч аавынх нь сүнсийг даатгах гэж очсон Бундирын ижийг дайруулж хэлсэнтэй ижил болж мэдэв үү? хэмээн ууртай хэлээд гэмшин бантсан Мандарвааг үг сүггүй орхичихоод өргөө рүүгээ гүйн оджээ.Тэгээд үдэш нь эцэгтээ Бундир унах морьгүй, үнсэх аавгүй болсныг хэлж, хурдан хээр морь өгүүлэхээр болж санаа амарч билээ. Лам нарын ном хурж буй ёслолын найман ханат өргөөний гадаа Үзмээ Ануг хүлээж инээмсэглэн зогсоо харагдана. Өрлөг эх нь гүн их сүсэгтэй хүн тул өргөөний хатавчны хавьд наманчлан зогсоо биз. -Таныг ижий тань эрээд байна.Дүүрэн мэргэн багш төлдөрхөн ийшээ орсон.Та хаачиваа? гэж асуухад зүүн хацар нь хөөрхөн хонхойж, давхраагүй атал цоглог хар нүд нь очтон байх аж. Үзмээ юунд тийн баяр хөөртэй байгааг Ану ухаарсангүй. Дотроо гайхасхийгээд гараас нь хөтлөн өргөө рүү оров. Хурал ном нар шингэж байхад л сая өндөрлөв. Ойрд уулзаагүй Галдмаа ахыгаа хатнаа дагуулсангүй ганцаар ирснийг хараад Ану ижийнхээ гараас тавиулж ах өөдөө гүйлээ. Ижий, аав, Цэвээн хатан гурав нь зэрэгцэн явах агаад захад нь өвчилж хэвтэрт ороод боссоноосоо хойш бүрэн тэнхрээгүй Нуран хатан хоёр настай өргөмөл охин Бээвэнхандаа хөтлөн алхана. Өргөөний хиа, аягачин, шивэгчин, галч, усчин, агтчин, хэвтүүл олны дунд Галдмаа ахынх нь өндөр нуруу, алтан сампинтай ёслолын малгай гялсхийн үзэгдэнгүүт охин нэг дуудах гэснээ хойноос нь гүйцэн очвол ах нь хажуугаараа шурдхийн өнгөрөх Үзмээгийн гарт нэг юм сэмхэн атгуулаад “Үдэш сар гарахад сэнжит хадан дээр хүрээд ирээрэй” хэмээхийг нь охин тодхон сонсчихов. Үзмээг арван гурван жилийн өмнө арван настайд нь Сөнид аймгаас авчран үс зүс тэгш, ой сэргэлэн охин тул Очирт цэцэн ханы хайртай хатан Доржравданы шадар шивэгчин болгон өгчээ.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook