Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore Ta okhintoi bol zaaval unshaara - Tsi Sun

Ta okhintoi bol zaaval unshaara - Tsi Sun

Published by monhjargal moogii, 2022-11-18 10:53:17

Description: Ta okhintoi bol zaaval unshaara - Tsi Sun

Search

Read the Text Version

Ци Сунь Та охинтой бол заавал уншаарай

Өмнөх үг “Охин хүүхдийг элбэг хангалуун хайрын орчинд өсгө” гэсэн тогтсон уламжлалт сурган хүмүүжүүлэх ойлголт байдаг. Эцэг эхчүүд охин хүүхдийг хамгийн эрхэм гүнж нь хэмээн үзэж тэдэнд элбэг дэлбэг, амар тайван орчинг бүрдүүлж хайрын сэтгэлээ харамгүй зориулах ёстой байдаг. Учир нь элбэг хангалуун, сэтгэл тайван амьдрал нь эмэгтэй хүүхдийн нүдийг нээх боломж өгдөг төдийгүй сэтгэл хангалуун эмэгтэй хүүхэд багахан ашиг тусад шунахгүй өсдөг. Эмэгтэй хүүхэд хэдийгээр гэр бүлийнхээ манлайлагч залгамжлагч биш ч тэд гэр бүлийнхээ гол цөм нь юм. Тэд гэнэтийн өөрчлөлт аюул тохиолдсон үед даван туулах сэтгэлтэй байдаг учраас гэр бүлийн том жижиг бүхий л асуудлыг шийдвэрлэж гэр бүлийг жолоодож явах чадвартай байдаг. “ Мөн чанарын хүч” номын зохиолч Саммуэл Смайлес: “Эмэгтэй хүний оюуны хөгжлөөс нэг үндэстэний хөгжил харагддаг, учир нь эмэгтэй хүүхэд нь хөгжлийн гол цөм” гэж хэлсэн. Зохиолч Ли Бай: “ Бурхан тэнгэр намайг төрүүлсөн тиймээс хаа нэгтээ миний тусламж хэрэгтэй л байгаа” гэж хэлж байсан. Ямар ч эмэгтэй хүүхдэд бурханаас заяасан онцгой шинж чанар бий. Эцэг эх бид тэдний сайн чанарыг нээн гаргах зорилготой байх ёстой. Яг л гантиг чулуугаар уран баримал хийхтэй адил, алдартай уран барималч гантиг чулууны хэлбэр онцлог шинж чанарт тулгуурлан уран барималаа бүтээдэг. Түүнтэй адил эцэг эхчүүд охиныхоо ирээдүйг бүтээгч нь байдаг. Охидыг хүмүүжүүлэхэд зайлшгүй нямбай хандах шаардлагатай, тэд бол эрхэмсэг цэцэгстэй адил юм, тэднийг цэцэг арчилж ургуулахтай адил нарийн ухаанаар хандан хайрлан өсгөх хэрэгтэй. Юуны түрүүнд тэдэнд амар тайван өсөх орчинг бүрдүүлж аз жаргалаар бялхсан хайрыг мэдрүүлээрэй. Энэхүү номд өгүүлсэн хүмүүжлийн ойлголт нь эцэг эхчүүдэд шинэ санаа сэдлийг өгөхөөр барахгүй хүмүүжлийн шийдлийг тайлж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Эмэгтэй хүүхэд бүр гэр бүлдээ тэнгэрээс заяасан гүнж нь, хүн төрөлхтний сахиусан тэнгэр нь билээ. Охид бүр эцэг эхийнхээ хайрыг харамгүй хүртэж аз жаргалаар бялхан эрүүл энх өсөн торниж хамгийн их аз жаргалыг мэдрэх ёстой. Тэд насанд хүрсэнийхээ дараа эцэг эхийнхээ өөрт нь өгсөн энэ сайхан хүмүүжилд талархах нь гарцаагүй юм. Охиноо хүмүүжүүлэхдээ хэзээ ч битгий цаг хүч харамлаарай. Зохиогч

Нэгдүгээр бүлэг. Охин хүүхэд бол үнэт эрдэнэ 1. Охидыг элбэг хангалуун өсгөхийн учир Охин хүүхэд нь үнэхээр сэргэлэн бөгөөд амьдралыг баялаг болгодог жор билээ. Гэхдээ бид эхлээд тэдэнд амьдралын амар амгаланг мэдрүүлж, уужим саруул ухаан, хурц хараатай болоход тусалж, амьдралын аз жаргалыг мэдрэх хүсэл сонирхлыг нь асааж өгөх хэрэгтэй. Өндөр язгууртан удамтай охид олны анхааралд байдаг гэдгийг үгүйсгэх хүн байхгүй биз, бараг л бүх эцэг эхчүүд охиноо гүнж болгон хүмүүжүүлэх мөрөөдөлтэй байдаг. Тэгвэл гүнж ямар орчинд өсч хүмүүждэг вэ? Хааны ордон. Тааламжтай гэр бүлийн тусламж дэмжлэггүй бол ямар ч авъяаслаг хүүхэд харсаар байхад үнсгэлжин л болж хувирдаг. Тийм биш гэж үү? Эрт дээр үеэс л ийнхүү ярьдаг байсан: “Охин хүүхдийг элбэг дэлбэг өсгөх хэрэгтэй, хангалуун байвал багахан ашиг тусад шунахгүй. Үзэж харсан зүйл ихтэй, авъяас чадвартай байж л бусдаас илүү байна. Элбэг хангалуун өсөж байж л түүнд амгалан дүр төрх, энгийн бус тансаг хатагтайн хэв маяг шингэх болно”. “Охин хүүхдийг элбэг хангалуун өсгөх” гэсэн үг нь “Алт мөнгө эрдэнээр хүмүүжүүлнэ” гэсэн үг биш, харин охидод зориулсан онцгой зүйлсийг анхааралдаа авч, хувь хүний онцлогт тохирсон нэгэн төрлийн сурган хүмүүжүүлэх аргыг тодорхойлдог. Охин хүүхэд төрөлхийн сул дорой байдаг, яг л цэцэгс шиг, дэлбээлэхээс нь өмнө нямбай арчилж хамгаалах хэрэгтэй. Охин хүүхэд зөөлөн дулааны төлөөлөл, хатуу зөөлнийг тэнцүүлэгч учраас хатуу хорвоод охин хүүхэд тайван амгалан орчинд өсөж хүмүүжихгүй бол зөөлөн сэтгэлтэй болох нь хэцүү юм. Нийгэм охидыг хүмүүжүүлэхэд онцгой анхаарч “байнгын харилцаа”-тай байхыг шаардаж байна. Охин хүүхдийг хайрлахгүй бол хайрын утга учрыг ойлгохгүйгээс гадна түүхэн үүргээ биелүүлэхэд ч хэцүү болдог. “Охин хүүхдийг элбэг хангалуун өсгөх”-ийн тухайд олон утга учир бий. “Элбэг хангалуун” гэдэг нь дутах гачигдах зүйлгүй байхаас илүү хайраар хүрээлүүлэн өсч хүмүүжихийг хэлнэ. “Охин хүүхдийг хайр эвээлээр хангалуун өсгөх” нь тэднийг эрхлүүлэн эрх ямба нь хэтэрсэн ямар ч чадваргүй хатагтай болгон өсгөнө гэсэн үг биш. “Баян айлын охин” гэдэг нь сурган

хүмүүжлийн ямар ч утга агуулга байхгүй, зөвхөн мөнгөтэй хүний хувилбар юм. Эмэгтэй хүүхдийн хувьд эрүүл, сэтгэл санаа тайван, зөөлөн дулаан, ухаалаг зан чанартай байхаас илүү зүйл гэж үгүй. Охиноо өсч томорсны дараа эцэг эхийн бахархдаг зүйл нь түүний идэвхтэй, эрүүл, өөдрөг, зөөлөн дулаан, өөрийн гэсэн үзэл бодол, ухамсартай байх явдал юм. Энэ бүхэнд эцэг эхийн анхаарал, хайр халамжаас гадна сэтгэл тайван орчинд өсөх нь хамгийн чухал байдаг. Сургамжит түүх Сиао Ин өсч томрон насанд хүрээд маргааш гэхэд хуримын ордонд алхан орж ирээдүйн ханьтайгаа гэрлэх гэж байна. Урд орой нь тэр эцэг эхийнхээ дэргэд нүүр дүүрэн аз жаргалтай байлаа. Урьд нь жаргалтай, одоо аз жаргалтай, ирээдүйд ч аз жаргалтай байна гэдэгт тэр итгэлтэй байдаг. Яагаад гэвэл тэр зөөлөн дулаан, эв найртай гэр бүлд төрсөн, хоёр биендээ хайртай эцэг эх нь түүнд хангалттай хайр энхрийлэл болон таатай орчин бий болгож өгсөн. Энэ бол охидын хамгийн хэрэгцээтэй тайтгарал, мөн аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж юм. Сиао Ин-г төрөхөөс өмнө эцэг эх нь аль эрт бэлтгэлээ хангасан байв. Тэд охиндоо зориулж эд материалаас гадна боловсрол хүмүүжилд нь анхааран хэрэгтэй бүхнийг бэлдсэн. Тэд гэр бүлийн хүмүүжлийн талаарх олон ном товхимол худалдан авч энэ дундаасаа охиноо хэрхэн хүмүүжүүлэх талаар хамгийн шилдэг аргуудыг мэдэж авчээ. Тэдний уншиж байсан номон дээр ийм нэг өгүүлбэр байв: “Хүүхдийн ирээдүй амжилттай, аз жаргалтай байх эсэх нь зааж сургах ур чадвараас илүү бидний бүтээсэн орчноос хамгийн их шалтгаалдаг”. Энэ үг тэдэнд үүргийг нь улам гүнзгий ухамсарлуулж үр хүүхдээ хайраар элбэг хангалуун өсгөх ёстой гэдгийг нь ойлгуулж чаджээ. Ээж нь охиндоо хамгийн сайхан байрлалтай, агаар нарны гэрэл хангалттай тусдаг өрөөг сонгож өгсөн. Ханын цаас нь сэтгэлд дулаан өнгөтэй, энэ нь хүүхдийн хараанд сайн нөлөөтөй. Ор нь цэмцгэр цагаан өнгөтөй, цагаан хэрэглэл нь ч бас цагаан өнгөтөй. Мөн хөнгөн зөөлөн хөнжил болон гудас, ингэж байж л түүнд хөнгөн зөөлөн тааламжтай байдлыг мэдрүүлэх болно. Аав нь түүний төлөө хананд алдартай уран зургийн хуулбаруудаас хэдийг хадаж, ширээн дээр сийлбэр бэлэг дурсгалын зүйл тавьжээ. Эдгээр зүйл маш нарийн хийцтэй, маш сайн урлагийн бүтээл байсан тул Сиао Ин-д урлагийн уур амьсгалыг мэдрүүлдэг байсан. Мэдээж эцэг эхийнх нь хийсэн зүйл дан ганц гадна талын чимэг эд зүйл бус мөн зөөлөн дулаан эв найрамдалтай уур амьсгалыг бүрдүүлсэн. Сиао Ин сайн сайхан хорвоо ертөнцөд мэндэлсэн. Сиао Ин өсөж томрохын хэрээр эцэг эх нь түүнд хэрхэн сэтгэл хангалуун аз жаргалтай байхыг төлөвшүүлэн, түүнтэй хамт ном уншин, түүнд алдартай дуу хөгжмийг сонсгодог байсан. Хэдийгээр эртний хатагтай нар шиг “ятга, шатар, ном, уран зураг” гэх мэт бүх талаар тэгш биш ч гэсэн хүүхдийн зан аашинд сайн нөлөөтөй гэсэн бүхнээс юу ч дутаагаагүй. Тэд түүнийг дагуулан янз бүрийн авъяаслаг тэргүүний хүмүүстэй уулзуулан, бага байхаас нь

идэвхтэй, өөдрөг, тэмүүлсэн зан чанартай болгосон. Нэгэн сурган хүмүүжүүлэгч хэлэхдээ: “Хүн гэдэг бяцхан ертөнц дотор бүгд нууцлаг байдаг. Түүнд гэрэл гэгээ өгвөл тэр дор нь олж харна. Охиныхоо гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө тэд охиндоо гэрэл гэгээтэй орчин бүрдүүлсэн. Эцэг эх нь сурган хүмүүжүүлэх чадвар зүгээр л хүүхдийн авъяас чадварыг тодруулдаг гэдгийг мэддэг байв. Эцэг эх нь Сиао Ин-г сайхан сэтгэлтэй, сэргэлэн цовоо сайн хүн болно гэдэгт итгэж байсан. Ирээдүйд өндөр боловсролтой болох эсэх нь хамаагүй, түүний аз жаргал бол ертөнцийг үзэх үзэлтэй нь хамааралтай. Мөн түүний бага насандаа хүртэж байсан ухамсарт хайр энхрийлэлтэй хамааралтай. Бодит байдал тэдний эцэг эхийн зөв гэдгийг нотолсон. Тэд өөрсдийнхөө үүргийг амжилттай биелүүлсэн. Энэ жишээнээс бид “хангалуун өсгөх” гэдэг үгний утгыг ойлгож болно. Зөвхөн амьдрах тааламжтай орчин бус нэг төрлийн зөөлөн эрүүл амьдралын уур амьсгал юм. Эмэгтэй хүүхдийн зан аашийн хүмүүжилд алт мөнгө, эд хөрөнгөнд умбуулахаас илүүтэй хайрын дулаан орчин бүрдүүлж өгөх нь сайн нөлөөтэй. Хүүхэддээ “баялаг” орчин бүрдүүлж гэрэл гэгээ, зөөлөн дулаан, итгэл үнэмшил, баяр хөөр зэрэг аз жаргалтай, сайн сайхан үгсийг охиныхоо сэтгэл зүйд суулга. Энэ бүхэн охины цаашдын нэг насны итгэл үнэмшил болно. Эцэг эхчүүд нь хүүхдийн сайн зан чанар тэдний үйлдлүүд тэнгэрээс унаж ирдэггүй, харин орчиндоо дасан зохицож бий болдог гэдгийг санах хэрэгтэй. Охин хүүхэдтэй болсны дараа аль болох түүнд зориулан ая тухтай өсч хүмүүжих орчин бүрдүүлэн, багаас нь амьдралын хязгааргүй сайхан төсөөлөлтөй болгох хэрэгтэй. Ингэж байж л тэд насанд хүрснийхээ дараа илүү сайн сонголтыг хийх болно.

2. Охидын хувь заяаны зураг Эцэг эх бол охидын хувь заяаны зургийг бүтээгч, хамгаалагч юм. Охиноо өсч томрох явцад нь сайн хүмүүжил боловсрол олговол охиныхоо хувь заяаг гэрэл гэгээтэй болгоно. Хэрвээ ядуу сэтгэл, муу боловсрол олговол хувь заяаны зурагт нь муу нөлөө үзүүлдэг. Охид амьдралын зорилгодоо тэмүүлсэн зөн совинтой байдаг. Харин эдгээр зөн совингуудын ихэнх нь эмэгтэй хүйсийн онцлогтой холбоотой. Эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхдээс мэдрэмтгий гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Нярай охин хүүхэд гашуун амтыг илүү мэдэрдэг ба чихэрлэг амтанд илүү дуртай байдаг. Эмэгтэй хүүхдийн хэлэн дэх амт мэдрэгч нь илүү ажилладаг бөгөөд амтанд амархан татагддаг байна. Охин хүүхдийг “чихэр” гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой. Үүнээс гадна охин хүүхэд дуу чимээнд үзүүлэх хариу үйлдэл ч эрэгтэй хүүхдээс илүү байдаг. Адилхан чимээг эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхдээс тод сонсдог. Хүрэлцэх мэдрэмжийн хувьд энгийн нэгэн охин хүүхэд ч хамгийн мэдрэмтгий эрэгтэй хүүхдээс илүү байдаг. Охин хүүхэд хүйтэн болон нойтон байхад амархан тавгүйтдэг. Бас таагүй үнэрт ч мэдрэмтгий, ялангуяа өндгөн эс боловсрохын өмнө илүү нэмэгддэг. Эмэгтэй хүүхдийн харааны ой санамж илүү сайн байдаг, харанхуйд эрэгтэй хүүхдээс илүү тод хардаг. Эмэгтэй хүүхдийн тархины схем их хэмжээний мэдрэмжийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж чаддаг. Бүх охидууд үнэрлэх, сонсох, харах, хүрэлцэх, амтлах зэрэг мэдрэмжээ сайн хянаж удирддаг. Тэд маш жижиг, амархан мэдэгдэхээргүй нарийн мэдээллийг олж аван, өөрийн зөн совинтойгоо холбодог. Энэ магадгүй эмэгтэйчүүдэд тэнгэрээс заяасан бусдыг ойлгодог, мэддэг зөн совингийн нэг шалтгаан юм. Охин хүүхэд бүрэлдэх нь үнэхээр гайхмаар. Эхийн 22 хромосом мөн нэг X хромосом, эцгийн нь 22 хромосом мөн нэг X эсвэл Y хромосомоос бүрэлддэг. Эмэгтэй хромосомийн генийн зураг эмэгтэй даавраар идэвхждэг. Долоон нас хүрээд эмэгтэй хүүхдийн биед өөрчлөлт оруулдаг гол даавар нь өнчин тархинаас ялгарч буй өсөлтийн даавар юм. Найман нас хүрээд эмэгтэй гормоны хэмжээ нэмэгдэж эхэлдэг. “Хангалуун өсгөх” эсвэл “дутуу дулимаг өсгөх” нь ч гэсэн ямар нэгэн байдлаар хүүхдийн хувь заяаны зурагт нөлөө үзүүлдэг. Хэрвээ гадаад орчны нөлөө хүүхдийн хувь заяаны кодыг өөрчилбөл охинд өөрт нь харъяалагдах хувь заяаны зураг өөрчлөгдөн бусад хүүхдээс өөр зан чанартай болж хувирах болно. Нэгэн сурган хүмүүжүүлэгч хэлэхдээ: “хүүхдийн хувь төөргийг өөрчлөх юм бол түүнд маш том шарх болон үлдэнэ” гэж хэлжээ. Сургамжит түүх Ли Хуа нэрд гарсан дархантай гэрлэжээ, тэдний амьдралд санаа зовох зүйл байсангүй. Дараа нь нэг охин төрүүлж Сиао И гэж нэрлэв. Охин нь ухаалаг сэргэлэн тул Ли Хуа ихэд бахархдаг байж. Хүүхдээ бага байхад түүний нөхөр архи ууснаас болж ажил дээрээ алдаа гаргав.

Хэдийгээр хоолтойгоо үлдсэн ч нэр төрд нь муугаар нөлөөлжээ. Түүнээс хойш тэдний амьдрал хэцүү байдалд оров. Ли Хуа бүх чадлаараа охиноо өсгөн, түүнд хамгийн сайн боловсрол хүмүүжил олгохыг хичээн, охиноо төгөлдөр хуур болон бүжгийн хичээлд явуулж байв. Сиао И бүжиглэх маш дуртай, гэртээ эргэж ирэх бүртээ баяр хөөртөйгөөр Ли Хуа-г тойрон бүжиглэнэ. Энэ үед эцэг нь дургүйцэн охин хүүхэд элдэв юм сурч мөнгө дэмий үрж байна, ямар ч үр дүнгүй гэдэг байв. Тэгсэн ч гэсэн ээж нь эсэргүүцдэг байсан тул Сиао И үргэлжлүүлэн сурсаар байв. Гэвч дарханы дургүйцэх нь улам нэмэгдсээр л байв. Мөн түүний гарын ур муудаж нэр хүндгүй болж байлаа. Тэр архинд гүн орж, гадна ертөнцөөс ирсэн дарамт уур уцаараа өөрийн эхнэр Ли Хуа, охин Сиао И хоёрт гаргадаг болов. Эцэст нь охиноо сургуулиас нь гарган аравхан настай түүнийг ажил хийлгэхээр явуулжээ. Ээжийх нь сэтгэл өвдөн хүнд хүчир ажлыг халшралгүй хийн охиноо дахин бүжгийн хичээлд нь явуулахыг зорьж байв. Сиао И охин ээжийгээ зовж байгааг харахад улам хэцүү санагдан өөрөө хамаатнууддаа туслан ажил хийж амьдрах мөнгөө олж эхлэв. Тэр хамаатан садандаа дарлуулж доромжлуулан бас дээрээс нь эцгийнхээ байгаа байдалд дургүйцэн өөрөө эрэгтэй хүүхэд болж эртхэн энэ гэр бүлийн ачаа дарамтнаас үүрэлцмээр санагддаг болов. Дараа нь Сиао И зодоон хийх дуртай болов. Өөрийнхөө нэр төрийн төлөө тэр нударга сонгов. Эцэг нь дахин нэг удаа муухай аашлах үед удаан өөрийгөө барьсан охин ширээ цохин аавыгаа харааж эхлэв. Түүний энэ үйлдэл эцэг эхийх нь нүдийг орой дээр нь гаргав. Бүжиглэх дуртай байсан бяцхан охин эцэст нь зодоон хийдэг болсон гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Сиао И-н охины хувь заяаны зураг аль хэдийн замаасаа гарчихсан, түүний эмэгтэй хүнд байх ёстой зөөлөн, халамжтай зан чанар үгүй болж бүдүүлэг хүч түриймгийлсэн амьдралын хэв маягыг сонгосон байна. Түүний эцэг нь энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой. Түүний эцэг охин хүүхдийн сайхан сэтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр охиныхоо дуртай бүжгийг эсэргүүцэн дургүйцэж хүүхэддээ гоо сайхны талаар буруу ойлголт төрүүлсэн. Эр хүний хувьд Сиао И охины аав гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлээгүй. Энэ бүгд Сиао И-д хүйсээр ялгагдсан энэ нийгэмд буруу ойлголт төрүүлсэн. Түүний ухамсарт эмэгтэй хүн хүчирхэг байх ёстой тэгэж байж л дарлал доромжлолоос өөрийгөө хамгаална гэсэн бодол суусан байлаа. Эмэгтэй хүүхдийн гень бүтээгдсэн л бол эцэг эхийн хүмүүжил охины хувь төөргийг бий болгодог. Хэрвээ үүнд гарвал хүүхдийн хувь заяаны зураг зурааснаас хазайх болно. Эцэст нь хаана хүрэхийг хэн ч хэлэхийн аргагүй. Охин хүүхэд байхаас эхлээд насанд хүрсэн бүсгүй болоход, хувь заяаны зургаасаа хазайсан охины сэтгэл санааны өөрчлөлт маш олон саад бэрхшээлтэй учрах болно. Энэ бүх үйл явцыг “диваажингаас тамд хүрэх” гэж нэрлэдэг.

Эцэг эх нь охиноо дагаж “тамд” буун хүнд зовлон бэршээлтэй тулж, дахин охиндоо тусалж түүнд дутаж буй зүйлийг бага багаар нөхөн бүрэн бүтэн болгох ёстой. Тэгж байж л охин хүүхэд эцэст нь домогт гардаг хатан хаан шиг: “тэр алдсан бүх зүйлээ эргүүлэн авч амьдралыг гэрэлтүүлэх ёстой.”

3. Охиноо хэрхэн гүнж болгох вэ? Бүх л эцэг эхчүүд өөрийнхөө охиныг чадварлаг гүнж болгохыг хүсдэг, гэвч охин бүр хааны ордонд төрдөггүй. Тэгвэл өндөр язгууртан гаралгүй, элбэг хангалуун хөрөнгө мөнгөгүйгээр хэрхэн яаж охиноо гүнж болгон хүмүүжүүлэх вэ? “Гүнж” гэдэг нь зүгээр л нэршил төдий, гэсэн ч ямар нэгэн онцлогтой. Энэ онцлог нь зан чанар, эрхэм дээд, хээнцэр ганган, ухаалаг байдлаараа бусдаас онцгой байхыг хэлнэ. Энэ бүх дүр төрхийг охиндоо бий болгоход эцэг эх гол үүрэг гүйцэтгэнэ. Америкийн нэгэн нэрт сэтгэл судлаач Ж.Смит амжилтанд хүрсэн олон орны 301-эмэгтэйн дунд судалгаа хийжээ. Судалгаагаар тэдгээр хүмүүсийн ихэнх нь хүүхэд насандаа тогтвортой, дээгүүр зиндааны, хүчирхэг, зоригтой, урагш тэмүүлсэн, өөдрөг зан төрхтэй байсан байна. Эдгээр зан ааш бүрэлдэхэд эцэг эх охиндоо зориулан бүтээсэн орчны мэдээлэлтэй салшгүй холбоотой. Нярай үеэс нь эхлэн охины өсөж томрох явцад яг л нэг нарийн хийцтэй хивс нэхэх мэт маш анхааралтай хандах хэрэгтэй. Охин хүүхэд төрсөн цагаасаа л “хүмүүс хоорондын харилцаа”-г түшиж энэ хорвоог ойлгож дүрсэлдэг. Эмэгтэй дааврын нөлөө нь охин хүүхдийг эрэгтэй хүүхдийн довтолсон, эрсдэлд дуртай, удирдах, амархан хувирдаг, завшаан хайдаг, турших дуртай зэрэг зангаас өөр зөн совинтой, тогтвортой, амгалан, нарийн нямбай, уян зөөлөн зантай болгодог. Эдгээр нь охидыг найрсаг, энэрэнгүй, гэр бүлээ амжилт боломжоос илүү гэж үзэхэд хүргэдэг байна. Эмэгтэй хүн харилцаа холбоон дундаас өөрийгөө тодорхойлох чадвар нь илүү байдаг. Эмэгтэй хүүхэд зөвхөн өөрийгөө гэсэн мэдрэмжтэй болж суралцдаггүй, харин бусад хүний харилцаа холбоог мэдэрч төвөгтөй харилцаан дундаас өөрийгөө хөгжүүлж байдаг. Эмэгтэй хүүхэд өөрийхөө харилцааны хүрээг бий болгох явцад эцэг эх нь түүний хамтрагч болж эмэгтэй ааш зан төлөвшихөд нь тусалдаг. Ийм нөлөө хүүхдийг бага байхаас, бүр төрөөгүй байхаас л нөлөөлж эхэлсэн байдаг. Сэтгэл зүйчид хүний сэтгэл зүйн хөгжил эхийн хэвлийгээс гарч бие даасан тусдаа биет болон хөгжих явцад ч харилцан нөлөөлөл үргэлжилж байдаг гэж дүгнэсэн байна. Судалгаанаас үзэхэд, жирэмсэн эх 6 сартайгаас эхлэн хүүхэддээ намуун хөгжим сонсгоход хүүхдийн зүрхний цохилт тайван цохилж, харин машины сигнал сонсгоход давтамж нь өндөрсдөг ба эхогоор эхийн хэвлийг харахад хүүхдийн нүд хөдөлж байдаг байна. Хүүхэд эхийнхээ бие болон дуу хоолойноос маш их хамааралтай, мэдрэмтгий байдаг ба хүүхдийн дуу чимээний системд шууд нөлөөлж байдаг. Иймээс эх хүн хүүхдээ тээж байхдаа хүүхэдтэйгээ маш сайн харилцаатай байх ёстой. Эцэг эхийн хайраар дүүрэн дуу хоолой хүүхдийг тайвшруулдаг ба ургийн хөгжилд сайн нөлөөтөй байдаг. Ялангуяа охин хүүхэд эцэг эхийнхээ дуу хоолойн дундаас өөрийнхөө “харилцаа”-ны үндэс суурийг олж авдаг. Бид эхийн хэвлийд буй хүүхэддээ яруу тансаг өгүүлэл, яруу найраг уншиж өгч болно. Мөн

түүнтэй ярилцсан ч болно. Ярихдаа зөөлхөн дуугаар сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярих нь маш чухал, хүүхэд хайрыг мэдрэх тусам маш их тайвширдаг. Ингэх нь эх хүүхэд болон эцэг хүүхдийн харилцаанд сайнаар нөлөөлдөг. Жишээ нь, ээж нь хүүхэдтэйгээ өглөө, оройд “Өглөөний мэнд үр минь”, “Сайхан амраарай миний хүү” гэх мэтээр мэндэлж, ярилцаж болно. Аав нь ажлаасаа ирээд “Аав нь ирлээ бяцхан үр минь” гэж мэндэлж болно. Энэ бүхэн охины амьдралдаа бий болгох “харилцаа”-ны сүлжээнд маш сайн суурь болж өгдөг. Судлаачид эмэгтэй хүүхэд мэндэлсэн цагаасаа эхлэн анхаарлаа түүний эргэн тойронд байгаа хүмүүсийн үйл явдалд хандуулдаг гэж үздэг. Нялх байхаасаа л өөрийн харилцааны сүлжээг үүсгэж эхэлдэг ба энэ үедээ эцэг эх болон бусад асардаг хүмүүсийн нөлөө үйлдлээр дамжуулан өөрийн харилцааг үүсгэдэг. Гэвч сэтгэл зүйн онолд эмэгтэйчүүдийг эрчүүдийн биеэ даасан байдалд хүрэхгүй гэж үздэг. Тэд бие даасан хөгжлийн тал дээр тийм ч сайн биш. Ийм “хөгжлийн согог” эмэгтэйчүүдийн дунд байдаг уур уцаар, өөрийгөө дорд үзэх, үнэлэхгүй байх зэрэгтэй шууд холбоотой. “Хүн бүр биеэ даасан, өөртөө эзэн байх ёстой” гэсэн ийм бодол бидэнд заавал өөрөө шийдвэр гаргаж сурах ёстойг сануулж байдаг. Гэхдээ бусад хүний амьдралаас гарч, эргэн тойрны харилцаанаас ангид байх юм бол сэтгэл зүйн хөгжлийн “ганцаардсан эргэлзэгч”-ийн загвар болдог. Хүний өсөж томрох явц, ялангуяа эмэгтэй хүүхдийн сэтгэлзүйн хөгжил хүний бодит харилцаан дунд өсч хөгждөг. Ийм учраас охин хүүхдэд эцэг эх нь хүйтэн хөндий хандах, эрэгтэй хүүхэд шиг түүнийг тусгаарлан, туслахгүй, анхаарахгүй байж болохгүй. Хэрвээ ийм байдал гаргавал охин хүүхдийн харилцааны орчинг бий болгоход хортой нөлөөтэй. Охин хүүхэд баатар болоход тохирохгүй, гэсэн ч эх дагина болж чадна. Охиноо хүмүүжүүлэхдээ эхлээд энэ онцлогт нь чиглүүлэх хэрэгтэй, эцэг эх нь хэр чадлаараа түүнд харилцаагаа бий болгоход нь тусал. Охид төрөхдөө ямар байх, өсч томроод ямар хүн болох нь биологийн, сэтгэл зүйн, соёл боловсролын, эмэгтэйчүүдийн сэтгэлзүй зэрэг дөрвөн чухал хүчин зүйлээс шалтгаалдаг. Биологийн тухайд бидний хийж чадах юм тийм ч их биш, тэдгээр нөлөөллүүд нь төрөхөөс өмнө генийн кодын дагуу шийдэгддэг. Бидний ярьж буй сэтгэл зүй эрүүл хөгжих эсэх нь өдөр тутмын нарийн төвөгтөй харилцаан дундаас өөрийгөө хэрхэн таньж мэдэхээс шалтгаалдаг. Үүнээс гадна эцэг эхийн байдал, орчин зэрэг нь охин хүүхдийн сэтгэл доторх амархан хувирдаг очыг унтраах эсвэл асаахад хүчтэй нөлөөлж түүнийг аз жаргалтай, эсвэл аз жаргалгүй эмэгтэй болгож байдаг. Сургамжит түүх Лан лан маш сайн охин, түүний эргэн тойрон дахь бүх хүмүүс түүнд сайн байдаг. Тэр гэрлэхийнхээ өмнөх өдөр ээжээсээ нэг бэлэг авчээ. Тэр нь түүний өсч том болсон тухай тэмдэглэл. Лан лан тэмдэглэлйин эхний хуудасыг нээн хэдэн мөр хараад л уйлж эхлэв. Ээж нь ингэж бичсэн байв:

“Миний бяцхан гүнж амаа ангалзуулан надтай ярьж байна, би үнэхээр аз жаргалтай байна, миний бяцхан охин надтай харилцаж эхэллээ. Би намуухан дуугаар чиний асуултанд хариулангаа живхийг чинь сольж байна. Чи тэнд хэвтээд гар хөлөө савчуулан гэрэлтсэн нүдээр намайг харан баясан инээж байна. Миний бяцхан эрдэнэ.” “Би чиний дуу хоолойнд бүрэн автаж байна. Чиний гаргаж буй бүх л дуу авиа чиний минь бодол санаа юм. Би инээхэд чи ч бас инээж байна. Өхөөрдөм бяцхан чи минь булцгар уруулаараа хөөс сахруулан хариу өгч байна. Хорвоод охин бид хоёроос илүү жаргалтай хүн гэж үгүй.” “Энэ үед аав чинь ирээд, чиний нэрийг зөөлнөөр дуудан аман дээрх хөөсийг хараад чангаар инээн: Өөрийнхөө хийсэн ажлыг хардаа! гэж хэлэв. Чи инээж хоёр хөлөө хүчтэй тийчлэн аавыгаа баярлан угтаж байна. Хэдийгээр чи гурван сар гурав хоногтой хэдий ч биднийг маш сайн таньдаг болжээ.” “Харин чи өвөө эмээгээ угтан авч байгаа байдал эцэг эхтэйгээ харьцахаас их өөр. Аавын чинь ээж чамайг тэврэх үед чи түүн рүү харж инээмсэглэдэг, ээжийн чинь ээж тэврэх үед түүний өвөрт шигддэг. Аавынхаа аавыг тэврэх үед түүн дээр гишгэн босох гэж хичээнэ, ээжийнхээ аавыг тэврэхэд бяцхан нударгаа зангидан өөрийгөө ямар хүчтэй гэдгийг харуулна.” Лан лан ээжийнхээ хүзүүнд зүүгдэн: “Ээжээ, ааваа та нарт баярлалаа. Намайг ийм аз жаргалтай болгосонд баярлалаа ” гэж хэлэв. Лан лан аз жаргалтай байна. Яагаад гэвэл түүнд маш их хайртай эцэг эх нь түүнийг дүүрэн сайхан харилцаан дунд өсгөж хүмүүжүүлсэн ба мөн түүгээр өөрийнх нь харилцааны баялаг дүүрэн орчинг бүтээлгэсэн. Охин хүүхдийн хувьд эцэг эх нь нэг насных нь түшиг тулгуур, түүний хамгийн дотно хүмүүс, түүнд амьдралын зам заагч, зан аашийг нь төлөвшүүлэгч юм. Хүүхдээ гүнж болгохыг хүсэж байгаа эцэг эх бүр хүүхдийн өсөж хүмүүжих жам ёсыг баримталж, түүнийг хайрлан, ялдам сайхан харилцаан дундаас өөрийгөө олоход туслах ёстой.

4. Цэвэр алт гэсэн нэршил хаанаас гаралтай вэ? “Охин хүүхдийг элбэг, сэтгэл хангалуун өсгөх” гэдэг нь түүнийг эрхлүүлэн юу ч хийх чадваргүй болгох биш, түүнд цүнх дүүрэн мөнгө өгөх ч бас биш, харин хүүхдийнхээ эд материалын болон оюун санааны хэрэгцээг хослуулан анхаарахыг хэлнэ. Ингэж байж л олон дундаас цойлон гарч бүхний хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй болно. Эмэгтэй хүүхдийн хувьд олон сайхан энхрийлсэн нэршил байдаг. “Бяцхан гүнж”- ээс гадна “цэвэр алт” гэсэн үг нь энд ярихгүй байхын аргагүй төлөөлсөн нэр юм. Энд “цэвэр алт” гэсэн үг нь тус номны гол сэдэв “хангалуун өсгөх” гэсэнтэй салшгүй холбоотой учраас дурьдаж байгаа юм. Эмэгтэй хүүхдийг “цэвэр алт” гэж зүйрлэсэн зүйрлэл ая зохиогч Жан Бин-ын бичсэн жүжигт: “Чи ноён түшмэлийн алт болсон охин юм чинь өөрийнхөө дураар болдоо” хэмээн бичгээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Эрт үед баян айлын охиныг ингэж нэрлэдэг байсан ба Мин, Чин гүрний үеэс хойших уран зохиолд “цэвэр алт” гэсэн үг улам их гарах болсон байна. Алдарт зохиолч Самуэл Самерсон номондоо “Эмэгтэйчүүдийн боловсрол хүмүүжил үндэстний боловсролыг тодорхойлдог” хэмээн бичсэн байна. Хэрвээ эрчүүд хүн төрөлхтний тархи юм бол эмэгтэйчүүд хүн төрөлхтний зүрх сэтгэл. Хэрвээ эрчүүд хүн төрөлхтний ухамсар бол эмэгтэйчүүд хүн төрөлхтний мэдрэмж. Хэрвээ эрчүүд хүч чадлын бэлэг тэмдэг бол эмэгтэйчүүд чамин тансаг, гоо сайхан, баяр баясгалангийн бэлэг тэмдэг юм. Эрчүүд хүний оюун ухааныг дүүргэж чаддаг бол эмэгтэйчүүд хүний зүрхийг эзэмдэж чаддаг юм. Эрчүүд бидэнд итгүүлж чаддаг бол эмэгтэйчүүд хайрлуулж чаддаг билээ. Иймээс “цэвэр алт” хэмээн эмэгтэй хүүхдийг зүйрлэх нь нүдээ олсон зүйрлэл юм. Эмэгтэй хүүхдийн хүмүүжлийн ач холбогдол нь зөвхөн энгийн нэг гэр бүлийн хайр, анхаарлаар тогтохгүй үндэстний хөгжил дэвшилтэй холбоотой байдаг. Судлаачид “Эмэгтэйчүүдийн хүмүүжлийн асуудлыг үндэстний ирээдүйн асуудал гэж үзэх хэрэгтэй” гэсэн байдаг. Эмэгтэй хүүхэд нь тэнгэрээс илгээсэн бэлэг, тэд бол эрхэм дээд яруу алдрын төлөөлөл. Иймээс бид тэднийг хангалуун өсгөх хангалттай шалтгаан байгаа ба тэднийг элбэг хангалуун, эрхэмсэг тансаг, сэтгэл булаам, уран нарийн, ухаалаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Сургамжит түүх Мэн Шүэ Ин хэвлэл мэдээллийн анхаарлын гол төвд байдаг, түүнийг хүмүүс “Кембрижийн охин” хэмээн нэрлэдэг ба тэр энэ бүхнийг амжилтынхаа замаар харуулсан юм. 1978 оны өвлийн нэгэн өглөө тэр чангаар уйлан энэ хорвоод ирсэн. Эцэг эх нь бяцхан гүнжээ баяр хөөртөйгөөр угтан авчээ. Эцэг нь түүнийг тэврэн “Миний бяцхан эрдэнэ тавтай морил” гэж хэлдэг байв. Эцэг эх нь Мэн Шүэ Ин-г амжилтанд хүргэх бүх зүйл болох эд материалын болон оюун санааны бэлтгэлийг хийсэн байв.

Мэн Шүэ Ин хэзээ ч тайван бус байдлыг мэдэрч байсангүй, тэрээр өсөж томрох алхам бүртээ эцэг эхийнхээ сэтгэл гарган бэлдсэнийг хардаг байв. Тэр эд материал хувцас хэрэглэл хоол хүнсээр дуталгүй, дүүрэн хайраар хайрлагдаж байжээ. Эцэг эх нь түүнд хэрэгтэй байж болох бүхий л зүйлээр хангах болно гэж шийдсэн байлаа. Цэцэрлэгийн насанд хүрэхэд эцэг эх нь түүнийг хүмүүжүүлэх үүргийг сургууль руу түлхсэнгүй, түүний зан чанар бүтээлч чанарыг төлөвшүүлэхийн тулд цэцэрлэгийн хүмүүжилд онцгой хандсан нь маш чухал суурь болсон. Эцэг эх нь гэрт зочин ирэх, гадуур аялах, хооллох, хувцаслах зэрэг нь Мэн Шүэ Ин-н зориг, ёс журам, оюуны чадавхиа нээн хөгжүүлэх сайхан боломж гэж үздэг байсан. Тэд түүнийг тайван хангалуун орчноор хүрээлүүлэн сайхан зан аашийг төлөвшүүлж өсгөсөн. Цэцэрлэгт явах нас өнгөрөхөд Мэн Шүэ Ин эртний зохиолч Тангийн 13 бадаг шүлэг, 24 дуу цээжилчихсэн байсан ба энгийн нэмэх хасах үйлдэл, мянгын дотор үржих хуваах үйлдлийг төвөггүй хийж чаддаг болсон байжээ. Мэн Шүэ Ин бага сургуулийн гуравдугаар ангид байхад нь эцэг эх нь түүнийг тоонд авъяастай гэдгийг олж мэджээ. Хүүхдийнхээ авъяасыг хөгжүүлэхийн тулд түүнийг тусгай дугуйланд бүртгүүлжээ. Бусад хүнд хэвийн санагддаг зүйл Мэн Шүэ Ин-н хувьд сонирхолтой санагддаг байж. Мэн Шүэ Ин тэнд суралцах хоёр сарын хугацаанд Европын олимпиадын дасгал бодлогыг маш ихээр боджээ. Суурь нь тавигдсаны дараа гайхмаар чадвар нь урсан гарч байв. Европын олимпиадын дасгал ажил нь гүнзгийрэхийн хэрээр түүний бусад хичээлүүдийн дүнд ч нөлөөлж түүний дүн хурдтай дээшилжээ. Түүний эцэг эх нь энэ бүхнээс залхсангүй, түүнийг бүр бага байхаас нь өсч томортол нь хангалттай сайн тордож түүнийг “Тэжээлийн дутагдал”-д оруулахгүй байхыг хүсэж байв. Шүэ Ин-ий 13 насны төрсөн өдрөөр эцэг нь “Ой тогтоолтоо сайжруулах арга” гэсэн ном бэлэг болгон өгч түүнтэй хамт хичээллэж түүнийг маш сайн ой тогтоолттой болгожээ. Шүэ Ин дунд сургуульд ороод алмайрч эхлэв, тэр өөрөө ярихдаа “Эхлээд дунд сургуулийн уур амьсгалд дасахгүй байсан”. Эцэг эх нь шалтгааныг мэдээд Шүэ Ин-г шинэ үзэл бодол, сонирхолтой болгоно гэсэн шийдвэр гаргасан. Тэд түүний юм үзэж нүд тайлахад нь туслан, түүнтэй хамт юм уншин, аялж зугаалан, хүмүүстэй харилцан түүнийг мэдлэгээ дээшлүүлэхэд нь тусалсан байна. Шүэ Ин энэ явцдаа зохиолч Жан Ай Лин, Эйнштэйн нарт дуртай болжээ. Тэр ангийн найз нөхөдтөйгөө эв найрамдалтай тусч байж, хүндэтгэлтэй хандах, уучлахыг суралцан, явцуу үзлээ ялахын хажуугаар өөрийгөө даван туулж, сэтгэлд нь уужим ухаан болон зориг зүрх нэмэгдсээр байв.. Мэн Шүэ Ин ухаалаг, хурдан суралцдаг төдийгүй сэргэлэн цовоо зан ааштай. Ахлах сургуульд ороод тэр сургуулийнхаа урлаг, уран сайхны клубын даргаар сонгогдов. Эцэг эх нь үүнийг нь дэмжиж байгаагаа илэрхийлэн түүнийг энэ үүргээ сайн биелүүлэхийг зоригжуулж байв. Мэдээж Шүэ Ин дотроо энэ ажлаасаа болж хичээл сурлагаа хойшлуулж болохгүй гэдгээ

мэдэж байсан ба эцэг эхийнхээ дэмжиж байгаад талархаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Урлаг, уран сайхны клубын дарга хийх нь түүнийнүдийг бүр ч их нээж өгсөн. Хэдэн удаа том хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулаад тэр олон хүнтэй танилцаж, хүнтэй яаж харилцахыг суралцан, эцэг эх багш нарынхаа ажлын хүнд хэцүүг илүү сайн ойлгосон байна. Хамгийн гол нь Шүэ Ин-н дүн дээшлэн эцэст нь ямар ч саадгүйгээр Бээжингийн Их Сургуульд элсэн орсон байна. Их сургуулийн хоёрдугаар курстээ Toefl болон GRE-н шалгалтанд оролцон, гуравдугаар курстээ Tofel-н 635, GRE-н 2280 оноо авсан. Дөрөвдүгээр курстээ ороод гадаадын их дээд сургуульд хүсэлт гарган Зул сарын баярын өмнөх өдөр Кембрижийн Их сургуулийн томилолт хүлээн авсан байна. Хэн охиноо нийгмийн манлайлагч болгохыг хүсэхгүй гэж. Гэвч эмэгтэй хүүхэд бол эмзэг туяхан, эцэг эхийн анхаарал халамж дэмжлэггүйгээр амжилтын замаа олж оргилд гарна гэдэг хэцүү. “Хангалуун өсгөх” нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх зүйлийг олж аль болох тэр бүгдийг биелүүлэхийг хэлж байгаа юм.

5. Мөнгөгүй бол охиноо сайн хүн болгон хүмүүжүүлэх боломжгүй гэж үү? Охиноо багаас нь тансаг орчинд амьдруулан, төгөлдөр хуур даруулж, зургийн үзэсгэлэн үзүүлж, сайхан хувцаслаж, амттанаар тэтгэн гүнж шиг өсгөн хүмүүжүүлж, их зүйл үзүүлж харуулсан хүүхэд л зөвхөн элит болж чаддаг гэж үү. Зөвхөн мөнгөөр л “Хангалуун” байх юм бол бардам ааштай, голомтгой, ямар ч цохилтонд тэсвэргүй, биеэ даагаагүй сул дорой эмэгтэй болж магадгүй. Харин “Хангалуун” гэдэг ойлголт маань илүү өргөн хүрээтэй оюун санааны хувьд бүрэн дүүрэн байж охин хүүхдэд нэг насны аз жаргал, хангалуун байдлыг авчрах юм. Эмэгтэй хүүхдийг хангалуун өсгөх хэрэгтэй гэж байгаа бол заавал эд мөнгөөр баян байх, гүнж угсаатай байх хэрэгтэй гэж үү? Ядуу хүний охин “гүнж” “тэнгэрийн элч” болох хувьгүй гэж үү? Өөрөөр хэлбэл мөнгөгүй бол охиноо сайн хүн болгон хүмүүжүүлэх боломжгүй гэж үү? Хариулт нь бидний ярьж буй “Хангалуун” гэдэг нь эд мөнгөний биш оюун санааны хувьд хангалуун байхыг хэлж байгаа юм. Мөнгөгүй байх нь тийм ч аймаар зүйл биш, айх зүйл нь өөрийнхөө ядуу гэдгээс үүссэн айдас, ичгүүр, өөрийгөө өрөвдөх сэтгэл юм. Сургамжит түүх Тэдэнд машин байшин бүгд бий, гэсэн ч эргэн тойрны хүмүүстэй нь харьцуулахад тэдний амьдрал тийм ч хангалуун биш. Тэдний машин нь такси, байр нь жижигхэн, гэр бүлийн гурав арай л гэж багтаж ядан амьдардаг байв. Тэдний охин дунд сургуульд явдаг ба тэд охиноо хангалуун өсгөх хэрэгтэй гэдэгт итгэдэг тул аль болох хэмнэж амьдран охиноо хотын гадна байрладаг дотуур байртай баян айлын хүүхдүүд суралцдаг дунд сургуульд явуулдаг байж. Охиндоо үргэлж “Заавал онц сурах ёстой, тэгж байж л элбэг баян амьдарч чадна, тэгэхгүй бол ээж аав хоёр шигээ хүнд хэцүү амьдрах болно” захидаг байжээ. Энэ бүхэн охинд нь хүчтэй нөлөөлж тэрээр өөрийгөө ядуу гэдгээс ихэд ичдэг байв. Охин нь зөвхөн амралтын өдрөөр л гэртээ харьдаг, тэд амралтын өдрийг яг л баяр ёслол шиг өнгөөрөдөг байжээ. Баасан гаригийн үдээс хойш аав нь ажилдаа гарч бараа зөөлгүй охиноо очиж тосно, ээж нь гэртээ олон төрлийн амттай хоол хийн охиноо хүлээнэ. Энэ гэр бүл уг нь маш эв найрамдалтай дулаан уур амьсгалтай боловч амралтын өдрөөр аз жаргалтай байх үедээ ч үргэлж нэг сүүдэр уур амьсгалыг бүрхэж байдаг ба энэ нь тэдний ядуу зүдүү байдал юм. Ялангуяа охин энэ баячуудын сургууьд нэг улирал суралцсаны дараа энэ сүүдэр улам гүн болов. Охин баян ядуугийн ялгааг бодитоор мэдрэх болсон, түүний ангийнхан ихэнх нь баян айлын хүүхдүүд ба эцэг эх нь компаний захирал эсвэл дарга нар. Харин охины эцэг эх нь жирийн нэг таксины жолооч, ээж нь ажлаасаа халагдсан ажилчин. Хэдийгээр эцэг эх нь түүнд сар бүр халаасны мөнгө хангалттай өгч байгаа ч гэсэн мөнгөтэй ангийнх нь хүүхдүүд бие биендээ өгч буй жижигхэн бэлгэнд ч хүрэхгүй байв. Охин улам их гутарч, ааш муутай болов. Гэртээ ирэх бүртээ урам нь хугарсан байдалтай

байдаг болов. Эцэг эх нь асуувал бөөн гомдол тоочин нэг бол хувцсаа голон нэг бол бага мөнгө өгч байна гэдэг болов. Түүний нүдэнд энэ гэр бүл зовлон болж харагдан, эцэг эхийгээ урьдын адил хүндлэн халамжлах нь мартагджээ. Амралтын өдрөөр эцэг нь өөрийнхөө машинаар охиноо сургууль дээрээс нь тосов. Аав нь өөрийнхөө ядуу зүдүү байдал охиноо уурлуулах байх гэж бодон машинаа янз бүрийн гадаадын дээд зэрэглэлийн машинуудаас хол тусад нь тавив. Холоос аав нь охиноо найзуудтайгаа инээмсэглэн ярилцан гарч ирэхийг харж охиноо улам хөөрхөн болж тэр олон хүүхдүүд дундаас ялгаран харагдаж байгаад бахархах сэтгэл төрж байв. Сургуулийн хаалган дээр ирээд бусад сурагчид бүгд өөрсдийнхөө машинд сууж одоход охин нь ганцаараа үргэлжлүүлэн алхаж байв. Эцэг нь түүнийг угтан очиход охины инээж байсан царай гэнэт барайв. Охин нь аавыгаа хараад “Дараагийн удаа намайг битгий энэ муу машинаараа тосож ирээрэй, би өөрөө такси бариад харьчихна. Та ичихгүй байгаа бол би ичиж байна” гэсэн ганц өгүүлбэр хэлэв. Энэ үг аавых нь сэтгэлд дарь дэлбэрэх мэт нөлөө үзүүлж уур хилэн нь бадрав. Олон жил жолоо мушгисан гараараа охиноо алгадаж орхив. Охин түүнд маш их хайртай аав нь түүнийг зодно гэж бодоогүй тул бултаж амжсангүй нүүрэн дээр нь хурууны мөр гарчихав. Охин уйлан “Өнөөдрөөс хойш танай гэрт очихгүй” гэж хорсолтойгоор хэлээд эргэж ч харалгүй гүйж одов. Аав нь хэсэг зуур мэлрээд сэргэн харвал охин нь хаашаа ч юм явчихсан байв. Ийм тохиолдлууд олон байдаг ба зарим хүмүүс “охин хүүхдийг хангалуун өсгөх” хүмүүжлийг буруу гэж үздэг. Харин эсрэгээрээ ийм хүмүүжлийн аргыг “ядуу өсгөх” гэж нэрлэнэ. Яагаад? Эхлээд тэд хүүхдийнхээ зан суртахууны хүмүүжилд хэтэрхий тарчиг хандсан тул өсч томорч буй охинд ийм хүндрэл гарах нь зайлшгүй. Хэрвээ оюун санааны хүмүүжил байхгүй бол түүнд амархан эндүүрэл бий болно. Энэ бол дээр яригдсан эцэг эхийн эхний алдаа. Дараа нь хангалуун өсгөх гэсэн утга нь баячуудын сургуульд сургах гэсэн үг биш, эцэг эхийн хоёрдахь алдаа нь охиныхоо хүмүүжлийг сургуульд бүрэн найдан төлбөрөө сургуульд тушаачихсан л бол боллоо гэсэн бодол. Мөн ядуугаа нэг төрлийн гутамшиг гэж тооцон, мөнгөний өмнө өөрийгөө дорд үздэг, тэдний оюун санаа аль хэдийн ядуурчихсан. Тэд бас энэ бодол санаагаа охиндоо дамжуулчихсан. Олон эцэг эхчүүд “Охин хүүхдийг хангалуун өсгөх” гэснийг буруу ойлгон түүнд эд мөнгө байвал боллоо гэж боддог. Энэ бол маш буруу юм. Ийм үйлдэл нь ихэрхүү биеэ тоосон зантай болгон, хэдийгээр чадварлаг мэт харагдаж байгаа боловч тэр нь зөвхөн өнгөц, бодитой асуудалтай тулгамдахад эцэст нь ялагддаг. Иймээс эд мөнгө бол “Хангалуун өсгөх”-ийн ганц агуулга биш. Эцэг эхийн хувьд “Хангалуун өсгөх” нь гэр бүлийн орчин зөв, хайрын орчин байхыг хэлж байгаа билээ. Гэр бүлийн орчин нь эд материал болон сэтгэл зүйн орчинг илэрхийлж байдаг. Эд

материалын болон оюун санааны орчин аль аль нь хүүхдийн дадал зуршилд чухал нөлөөтөй. Өсч томорч буй хүүхдийн хувьд хангалуун эд материалын орчин нь хүүхдийн үйл хөдлөлд нөлөөлдөг бол сайн сайхан оюун санааны орчин хүүхдийн зан аашинд нөлөөлж чаддаг. Мэдээж бидний энд ярьж буй эд материалын орчин заавал тансаг дээд зэрэглэлийн байх шаардлагагүй, одоо байгаа орчноо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгах нь хүүхдэд зөв дадал зуршилтай болоход нь сайн нөлөөтэй байдаг. Оюун санаа, сэтгэл зүйн орчин хүүхдэд нөлөөлөх нь илүү их байдаг. Тэргүүний сайн сурлагатай ангид орсон хүүхэд тэдний сайн нөлөөгөөр сурлага нь сайжрах боломжтой байдаг гэдгийг бүгд мэддэг. Үүнтэй ижил гэр бүлийн эрүүл уур амьсгал хүүхдийг зөв зан ааштай болгодог. Барби хүүхэлдэй болон сайхан хувцас зэрэг нь охидыг гүнж, тэнгэрийн элч гэдгийг мэдрүүлж чадахгүй. Энэ бүхнийг мэдрүүлж чадах зүйл нь түүний бага насны эцэг эхийн эерэг харилцаа болон гэр бүлийн эв найрамдалтай дулаан уур амьсгал юм. Эдгээр нь охидыг насанд хүрч өндөр дээд зиндааны хатагтай болоход гол түшиц болдог. Ерөнхийдөө “Охидыг хангалуун өсгөх”-н гол нь “Мөнгө” биш. Эцэг эх нь охиныхоо нүдийг нээж өгч, түүний мэдлэгийг баяжуулан, охиныхоо ухамсарт аливаа зүйлийг сэтгэн бодох юмыг үнэн зөв дүгнэх чадвар олгон, түүнийг ирээдүйг эерэгээр харах чадвартай болгох нь чухал юм. Ямар ч эцэг эх энэ талаар мэдэж байхад л бүгд хийх боломжтой.

Хоёрдугаар бүлэг. Хайр бол хамгийн сайн шим тэжээл Охин хүүхдийн хувьд бүрэн дүүрэн хайр нь түүний өсч томроход хамгийн сайн шим тэжээл байдаг. Хайр нь хүүхдийнхээ хоол унд, орон байранд анхаарал тавих, юманд хандах хандлага, мэдлэг эзэмшүүлэхээс гадна хүүхэддээ цаг гарган түүнийг аль болох тэврэх, түүнийг сонсож, түүнтэй ярилцах зэргийг хэлж байгаа юм. “Охидыг хангалуун өсгөх” нь гэдэг нь хайраар дутаалгүй, эхийн элбэрэлт хайр, эцгийн сургаалийн алийг нь ч дутаалгүй өсгөх юм.

6. Охин хүүхэд ээжийн хамгийн хайртай дулаан дээл Охин хүүхэд цэцэг шиг үзэсгэлэнтэй, эмзэг, сэтгэл булаам, мэдрэмтгий нарийн нямбай байдаг, тэд өөрийн гэсэн татах хүчтэй. Тэдний өсөж торних нь эхийн хайр, түүнийг ойлгох зэрэгтэй салшгүй холбоотой. Эх болон охин хүүхэд ижилхэн эмэгтэй гентэй гэдгээс шалтгаалан адилхан бие физиологи болон сэтгэл зүйн зам туулдаг учраас эхийн анхаарал халамж түүнийг илүү боловсруулдаг. “Охидыг хангалуун өсгөх” нь ээжээс илүү их анхаарал халамж, ойлголт шаарддаг. “Охин хүүхэд нь ээжийн хайртай дулаан дээл” гэсэн өгүүлбэрийн утга нь охин хүүхэд зөөлөн дулаан, халамжтай, ээжтэйгээ харилцан ойлголцдог, ээж нь охиныхоо нүдийг хараад л сэтгэл санаа бүхнийг ойлгодог гэсэн үг. Охин нь хошуугаа цорвойлгон эрхлэх тэр мөчид ээж нь зөөлөн дулаан, түүнд итгэж найдаж буйд сэтгэл ханан ээж, охин хоёрын дотно харилцааг мэдэрч байдаг. Эцэг хүүгийн харилцаатай харьцуулахад ээж охины харилцаа илүү дотно байдаг. Энэ дотно харилцаа охиныг өсөж томроход сайн нөлөөтөй. хоорондоо дотно ээж охины харилцаа нь охинд харилцааны туршлага болж түүний дотно мэдрэмжийг хөгжүүлэн, сэтгэл санааны дэмжлэг болдог. Охин хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг хангах үүргийг ээжээс нь илүү сайн гүйцэтгэж чадах хүн байдаггүй. Ээж охин хоёр адилхан эмэгтэй хүн тул ээжээсээ үлгэр дууриалал авч энэ дундаас өөрийгөө олдог. Доорх түүхээс эхийн хайр, охиноо ойлгох зэрэг нь хүмүүжилд хичнээн чухал болохыг харж болно. Сургамжит түүх Адел болон Агнесс нар урьд нь нэг ангид сурдаг байсан ба байнга хоёр биенийхээрээ зочлон тоглодог байж. Гэтэл нэг өдөр Агнессын ээж Аделын ээж Барбара руу залган ихэд ууртайгаар “Чи охиноо сайн хүмүүжүүлж харж хандаж чадсангүй, танай охин ийм муу хүмүүжилтэй байна гэдэг чи ээжийн үүргээ муу биелүүлсэн гэсэн үг” гэж хэлэв. Барбара ихэд гайхсан боловч уурласангүй харин Агнессын ээжийг тайвширсны дараа шалтгааныг нь асуув. “Бид амралтын өдрөөр гадагшаа явж амарчихаад ирэхэд манай угаалгын өрөөний цонх онгорхой, газраар дүүрэн өндөг хагалчихсан тэр нь муудчихсан муухай үнэртэй болсон байсан” гэв. Барбара бас л ойлгосонгүй “Энэ бүхэн манай охинтой ямар хамаатай юм” гэж асуув. “Танай охины найз залуу саяхан охиноос чинь салаад миний охин Агнесстай болзож эхэлсэн. Үүнээс болоод охин чинь Агнессыг хорлож эхэлсэн. Энэ бүхнийг тэр хэдэн найзуудаа дагуулан ирж хийсэн байсан”, гэж яриад түүний хоолой дахиад л өндөрсөөд эхлэв. Барбара охиныхоо сүүлийн хэдэн өдрийн байдал үйл хөдлөл зэргийг бодоод энэ бүхнийг охин нь хийсэн гэдэгт итгэж эхлэв. Тэгээд “Эхлээд би түүнтэй ярилцаад дараа нь танд юу болсон тухай яръя, танаас уучлал хүсье” гэж хэлэв.

Барбара ихэд уурлан, охиноо ийм ухамсаргүй байсан гэдэгт итгэхгүй байсан ба түүнийг сайтар зэмлэнэ гэж шийдэв. Удалгүй Адел гэртээ ирсэн ба сэтгэлээр их унасан шинжтэй байв. Барбара зочны өрөөндөө түүнийг хүлээж байгаад охиноо хартал тэр охиноо сэтгэлээр унасан байхыг хараад санаа зовон түүнээс асуув. “Адел аа, Агнессын ээж надруу утасдсан, тэр их уурласан байсан. Би юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Яг юу болоод байгаа юм бэ, надад хэлж болох уу? Чи тэдний байшин руу өндөг шидээ юу?” гэж асуув. “Үгүй ээ ээжээ” хэмээн Адел эрс үгүйсгэсэн боловч сэтгэлээр унасан байгаагаа нууж чадсангүй. Барбара энэ бүхнийг анзаарсан боловч Аделийн талд орж түүний нүдэн дээр Агнессийн гэр лүү утасдан “Чи миний охиныг хэлмэгдүүлж байх шиг байна, тэр ийм зүйл хийх ёсгүй, чи энэ бүхнийг Адел хийсэн гэж гадуур ярихаа болиорой, бас миний охиноос уучлал гуйгаасай гэж хүсч байна, яагаад гэвэл .....” гэж хэлж эхлэв. Барбара нухацтайгаар царайлан ярингаа охиныхоо зүүн дээр суусан мэт сандарч байгааг ажиглаж байсан ба түүнийг өөрөө буруугаа хүлээгээсэй гэж хүсч байв. Адел ээж нь түүнийг өмөөрч байгаад баяртай байсан боловч ээж нь худлаа ярьсан охиноо өмөөрч байгаад санаа зовж байв. Түүний сэтгэл ээж нь түүнийг сайн загнаснаас ч илүү шаналж байв. Эцэст нь Адел ээж рүүгээ дөхөн түүнтэй ярилцах хэрэгтэй байна гэж анхааруулахад Барбара утсаа даруй тавьж түүний ам нээхийг хүлээн суув. Адел уйлж эхлэхэд Барбара юу ч дуугарсангүй, охин үнэнээ хэлж энэ бүгдийг хүн дагуулж очиж хийсэн гэдгээ хүлээв. Өөрийнх нь найз залуу Агнесст сайн болсноос болж энэ бүхнийг хийсэн гэв. Охиныхоо шаналж байхыг хараад Барбара ч бас уйлж эхлэв. Энэ нь Аделын бурууг улам мэдрүүлэх шиг болов. Уг нь түүнийг сайн загнах байх гэж бодож байсан боловч ээж нь тэгсэнгүй. Ээж охин хоёр харилцан бие биенээ аргадан тайвширч Барбара өөрт тохиолдож байсан иймэрхүү түүхээсээ ярьж эцэг эх байхын хэцүүг тайлбарлаж өгөв. Эцэст нь Барбара “Үр хүүхдээ ямар нэгэн эрсдлээс хамгаалахын тулд эцэг эх нь хэнтэй ч маргалдахад бэлэн байдаг, гэвч энэ бол ухаалаг хэрэг биш байдаг тул хүүхэд энэ бүгдийг өөрөө даван туулж түүнээс хэрэгтэй зүйлээ суралцсан нь дээр байдаг” гэв. Адел эхийн хайр, өөрийн буруу зэргийг ухамсарлан алдаагаа засах зориг орж Агнессын ээж рүү утасдан уучлал гуйж алдаагаа залруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Агнессийн ээжийн уур гарч тайвшран “ Чиний уучлалыг хүлээн авлаа” гэв. Адилхан эмэгтэй ген нь ээж, охин хоёрыг олон ижил талтай болгодог. Жишээ нь, цайлган, зөөлөн сэтгэлтэй гэх мэт. Эх хүний охиндоо өгдөг зүйл нь хайр энхрийлэл байдаг. Түүнчлэн ээж, охин хоёр маш ойр дотно байдаг ба тэдэнд адил зүйл тохиолдоогүй байсан ч сэтгэл зүй, оюун санааны хувьд төстэй байдаг. Иймээс ч ээж нь охиноо маш сайн ойлгодог ба охин нь ч ээж нь ч бие биеээ ойлгож хайрлаасай гэж хүсдэг. Ойр дотно байдаг эх, охины харилцаа охинд дотно мэдрэмжийг хөгжүүлэхэд сайн талтай

төдийгүй түүнд сайн сайхныг мэдрүүлдэг. Охин хүүхдийн хувьд эмэгтэй ген бусадтай нөхөрлөх, дотно харилцаа үүсгэх зэрэгт дуртай болгодог. Охид хүмүүстэй харилцахдаа илүү их сонирхолтой ханддаг ба тэдний хоорондын дотно харилцаа нь дэмжлэг байгаа гэдгийг мэдрүүлж байдаг. Эхлээд харилцаж үзээд дараа нь яахаа шийдэх нь эмэгтэй хүүхдийн дадал зуршил. Охин хүүхэд ээжтэйгээ харилцах харилцаанаас нийгэм болон бусадтай харилцах хамгийн сайн аргыг сурч авдаг. Охин хүүхэд бие даасан хувь хүнийг бий болгох хэрэгтэй байдаг бөгөөд энэ бүхэн өдөр тутмын нарийн төвөгтөй харилцаанаас ялангуяа ээж охины харилцаан дунд бий болдог. Охин ээжтэйгээ нэг хүйстэй учраас гэр бүлийн амьдралд зайлшгүй тохиолдох маргаан эндүүрэл зэргийг шийдвэрлэхэд тустай. Охин хүүхэд багаасаа ээжийнхээ үйл хөдлөлийг анхаардаг, ээжийх нь үйл хөдлөл эмэгтэйчүүдийн ертөнцийг тэдэнд илэрхийлж байдаг. Ээжийгээ харж эмэгтэйчүүд ямар байх ёстойг мэдэж авдаг. Охин нь том болоод эхтэйгээ адилхан болох эсэхэд, ээж нь түүнд нөлөөлж байгааг харахад ойлгомжтой байдаг. Өөртөө итгэлтэй охин өөртөө маш итгэлтэй ээжтэй байдаг. Охиндоо яг тохирсон зөв хандлагаар ханддаг эх өөртөө итгэлтэй байдаг, тэр тодорхой амьдралын зорилготой, анхаарлаа хандуулах үзэл санаатай байдаг. Хамгийн чухал нь охиноо өөрийнхөө биелүүлж чадаагүй зорилго мөрөөдлөө биелүүлэхийг шаардахгүй, бүх сэтгэл хөдлөл, үзэл санаагаа түүнд тулгахгүй байх хэрэгтэй. Тэдний хайр цэвэр ариун байх ёстой. Эх, охины харилцааны хөгжил өөр өөр үе шатуудтай. Бага байхад эх нь түүнийг ойлгон өөрийнхөө ертөнцийг олж авахад нь туслах хэрэгтэй байдаг. Өсч том болох үед эх хүн хүүхдийнхээ балчир байхад гээсэн чадвар увдисыг хайж эхэлдэг ба харин энэ үед охин нь ээжийгээ гадуур ямар ажил, үйл ажиллагаанд оролцдог зэргийг сонирхож эхэлдэг. Өсвөр насандаа охин олон зүйл суралцдаг, энэ үед охин ээж хоёрын харилцаа гүнзгийрэн амьдралын туршид үргэлжилдэг ба насанд хүрсний дараа ч эх, охин хоёр дотно харилцаатай үлддэг. Охин нь ээж болсны дараа тэд ээж, охин гэсэн харилцаанаас эн тэнцүү найзын харилцаанд шилждэг байна. Ерөнхийдөө ээж нь охиныхоо сэтгэл санааг маш сайн ойлгодог ба өөрийнхөө ойлголтод тулгуурлан заавар зөвлөгөө өгдөг. Ийм эх, охин амархан найзын харилцаатай болдог төдийгүй үргэлж эв найрамдалтай байж, сайн ойлголцож бие биеэ дэмждэг байна.

7. Уул мэт эцгийн хайр Аавын хайр нь аминчхан бус, агуу их билээ. Иймээс “Охин хүүхдийг хангалуун өсгөх”ийн тулд аав нь илүү их анхаарал дэмжлэг үзүүлэн охиноо хүндлэл хайр дундаас аз жаргал, зөөлөн мэдрэмжээ олоход нь тусалдаг. Охин хүүхдийн хувьд аав нь түүний уул мэт түшиг, аав нь бүхэл гэр бүлийн тулгуур, аавтай байж л аюулгүй амгалан мэдрэмжтэй байна. Иймээс эхийн хайртай ижил эцгийн хайр нь дутах ёсгүй зүйл билээ. Охин хорвоо ертөнцтэй танилцаж эхлэх үед эцгийн хайраар дуталгүй байж хатуу, зөөлөн зохицсон зан араншинтай болж өсдөг. Эрэгтэй хүүхэдтэй харьцуулахад эмэгтэй хүүхэд эцгийн хайрыг илүү их ойлгодог. Сургамжит түүх Вэн вэн бие муутай, сул дорой охин, 16 настай байхдаа байнга л эмнэлэгт хэвтдэг байсан. Эм байнга уудаг, бүр хамрандаа гуурстай байх үе ч цөөнгүй байдаг байв. Нэг удаа Бээжингийн эмнэлэгт хэвтээд өөрийнхөө өвчнийг эдгэрэшгүй өвчин болохыг өвчний түүхээсээ олж мэджээ. Тэр мөчид түүний хувьд тэнгэр нураад ирэх шиг болов. Тэр өдөр аав нь урьдын адил түүнд хоол авчрахдаа анхилуун үнэртэй бяцхан дэвүүр бэлэг болгон авчирсан байв. Вэн вэн сэтгэлээ барьж дийлэлгүй уйлж эхлэв. Аав нь хэсэг алмайрч байгаад мөр нь чичирч эхлэв.... Вэн вэн унтаж чадахаа больж сэтгэлээр унан өөрийнхөө ирээдүйг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Дөрөвдэхь өдрийнх нь өглөө Вэн вэн сайхан хувцаслаад хүн анзаараагүй байхад эмнэлгээс чимээгүйхэн гарав. Тэр эмнэлгийн ойролцоо нэг шавьжны хор зардаг дэлгүүр байдгийг мэддэг ба амьдралаа төгсгөх шийдвэр гаргасан байжээ. Тэр аавдаа маш их хайртай тул өөртөө ирээдүй байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Амь насаа дуусгавар болгох нь эцгийнхээ ачийг хариулж байгаа хэрэг гэж бодож байж. Вэн вэн дэлгүүрийн эзэнтэй ярилцаж байх яг тэр үед аав нь гаднаас гүйхээрээ орж ирээд түүнийг тэврэн уйлж: “Бид ямар ч зовлон бэрхшээлийг даван туулж чадна, харин чи хэзээ ч өөрийнхөө амь насыг егүүтгэж болохгүй” гэж хэлэв. Өөрөө эцгийгээ маш ихээр хайрладаг гэж бодож байсан охин тэр мөчид түүний үйлдэл хичнээн тэнэг байсныг ойлгон амь насныхаа төлөө тэмцэх болно гэдгээ андгайлав. Эхийн хайр агуу, эцгийн хайр уужим байдаг. Эцгийн хайр үр хүүхдээ тусламж хэрэг болсон үед нь түшиж дэмжиж байдаг. Охиноо сайн хүмүүжүүлж буй аавууд ямагт охиныхоо ард зогсон: “Урд чинь юу байлаа ч гэсэн зөвхөн урагшаа тэмүүл, бүү ай, бүү эргэлз, зоригоо чангалаад хийгээд үз” гэж хэлдэг байна. Эмэгтэй хүүхэд харилцаагаар нийгмийг ойлгодог. “Яагаад эмэгтэйчүүд эрэгтэй хүнтэй

адилхан байдаггүй вэ“ номын зохиолч “Эмэгтэй хүний хэр зэрэг аз жаргалтай байгаа нь түүний хайртай хүмүүстэйгээ харьцах харилцаандаа хангалуун байгаа эсэхээс шалтгаалдаг” гэж хэлсэн байна. Хэрвээ эмэгтэй хүүхэд ааваасаа хангалттай ухамсарт хайр хүртэж байгаа бол тэр нэг насаараа аз жаргалын дунд амьдрах болно. Энэ бүхэн арай хэтрүүлсэн байж болох ч сэтгэл зүйн шинжлэх ухааны хувьд үүнийг хамгийн чухал хайр гэж үздэг. Ардын зүйр үгэнд ээжийг устай, аавыг уултай зүйрлэсэн байдаг. Ээж нь охиноо хичээнгүйлэн асарч байхад эцэг нь түүнд оноогдсон үүргийн дагуу өөрийнхөө зөөлөн дүрийг бүтээж байдаг. Иймээс охин хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн үүргийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Сургамжит түүх Бин шин охины аав Ши Бао Жан хэдийгээр салхи шуурга сөрж явдаг усан цэргийн дарга боловч охиндоо маш их хайртай. Өөрийн цорын ганц хайрт охиндоо зөөлөн ханддаг. Ши Бао Жан охиныхоо эрүүл мэндэд маш сайн анхаарал тавьдаг ба түүнд яг хөлд нь таарсан эвтэйхэн гутал өмсүүлдэг байж. Бин шин эцгийнхээ түүнд маш их хайртайг мэдэх тул гутал нь жаахан л барьсан мэт санагдахад эцгийнхээ урдуур зориуд доголон явж анхаарлыг нь татах гэж оролдоно. Эцэг нь охиноо хараад өрөвдөн ээж рүү нь “Чи ахиад л түүнд гутлыг нь багадуулчихаж” гэж загнадаг байжээ. Ээж нь дотроо охиноо зориуд ингэж байгааг мэдэж байгаа ч худлаа дүр эсгэн хайч гутлын загвар зэргийг аавынх нь урд тавьж “Чи өөрөө гутал хийж өг, цаашдаа алтан хөл ургасан ч надад хамаагүй” гэж хэлэн аав охин хоёрыг инээлгэдэг байжээ. Эцгийн хайр энхрийлэл дунд Бин Шин хайрын утга учрыг бүрэн ойлгосон ба түүний бүтээл хайрын тухай сэдэвтэй салшгүй холбоотой байсан. Түүний хэлсэн “Хайр байвал бүх зүйлтэй болно” гэсэн алдартай үг байдаг. Эцгийн хайр халамж, анхаарал, сэтгэл санааны нөлөө түүний үйл хөдлөл, инээд, уур уцаар үр хүүхдэд нь нөлөөлөн хүүхдийн төлөвшилтөнд онцгой нөлөө үзүүлдэг. Олон судалгаанаас харахад аавтайгаа бага харилцдаг байсан охид биеийн жин, өндөр, хөдөлгөөний эвсэл зэргийн хөгжил арай сул байдаг. Мөн сандруу, өөртөө итгэлгүй, өөрийгөө хянах чадвар сул зэрэг дутагдлууд түгээмэл ажиглагддаг ба эдгээр нь эргэлзэнгүй, бусдаас хамааралтай болох зэргээр илэрдэг байна. Мэргэжилтэнүүд үүнийг “Эцгийн хайр дутах өвчин” гэж нэрлэсэн байна. Харин эцэг нь хажууд нь найдвартай гараараа дэмжин хамгаалж байдаг бол, хаана ч байсан гэсэн охин нь амар амгалан эрүүл энх өсч торнидог байна. Үнэндээ 10 орчим насны охин хүүхэд эцгийнхээ амьдралын хэмнэлд оролцохыг маш их хүсдэг. Тэд магадгүй ижилхэн сонирхолтой ч байж магад, үгүй ч байж магад, гэвч охин өөрийнхөө амьдралыг тэр онцгой хүнээр хүлээн зөвшөөрүүлж, түүний хайрыг хүртэхийг хүсдэг. Тэд аавтайгаа хамт кино үзэж, хамт спорт тоглоом тоглон, хамт оройн хоол идэж, түүнтэй хамт нэг өдөр ажилд явж, нэг удаа томилолтоор явж, хамт мод хагалах, цэцэрлэгт хамт ажиллах гээд бүгдийг нь хамт хийхийг хүсдэг.

Энэ бүгд охиныг өөрийгөө үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлэх чадвартай, өөртөө итгэлтэй болгоно. Охины харилцааны хүрээнд аав нь хамгийн хүсэмжилсэн хүн байдаг. Тэд бүр аавыгаа ганцаараа эзэмшихийг хүсдэг. Тэдний мэдрэмжийг хэн нэгэн нь сонсож ойлгож хүндлээсэй гэж хүсдэг. Мэдээж тэд ээжтэйгээ ярилцах дуртай байдаг хэдий ч ээжийнхээ жижиг асуудлыг томруулж ярьдаг, үглэх дуртай энэ тэрт дургүй байдаг. Хэрвээ эцэг нь хэтэрхий хатуу, хэтэрхий ухамсартай, дарамттай эсвэл охиныхоо сэтгэл санааны илэрхийлэлд хүлээцгүй ханддаг бол охиных нь урам хугарах болно. Иймээс “Охин хүүхдийг хангалуун өсгөх” гэсэн үзэлд эцэг хүн үүнийг яасан ч орхигдуулж болохгүй. Охиноо хайрлахдаа хэтэрхий үхээнц, хатуу байх хэрэггүй. Тэгвэл охин чинь чамаас холдох болно. Эцгийн хайр эмэгтэй хүүхдийн түшиг тулгуур, хэрвээ аав нь өөрийнхөө хайрыг зөв илэрхийлээгүй бол хүүхдийн сэтгэлийг мохоож, урам хугаралт ганцаардсан харилцаа үүсгэх болно. Иймээс “Охиноо хангалуун өсгөх”-ийн тулд охиндоо туслах, түүнийг хамгаалах, хүндлэх зэргийг заавал хийгээрэй.

8. Бяцхан гүнж эцэг эхтэйгээ хамт байхыг хүсдэг Зарим эцэг эх охинтойгоо харьцахдаа хэтэрхий өнгөц ханддаг, түүнийг асуудалтай тулгаран ярилцах хэрэг гарсан үед бүр сүүдэр нь ч харагдахгүй тохиолдол байдаг. Ийм байдалд орсон охин эцэг, эхийн анхаарал халамжийг мэдэрч чадахгүй, зөв төлөвшилтэй болох хэцүү байдаг. “Аав, ээж минь гэрээсээ хол газар байдаг, нэг явахаараа хагас жилээс илүү болдог. Би та хоёрыг маш их санадаг, заримдаа бүр зүүдэлж хашгирдаг. Өвөө сонсоод та хоёрыг хатуу сэтгэлтэй гэдэг. Гэвч би мэднээ ээж, аав хоёр миний төлөө хол газар ажиллаж байгаа.” Энэ бол урьд нь сонин хэвлэлээр хэвлэгдсэн нэгэн охины бичиж илгээсэн захидал. Энэ захианаас бид охины эцэг эхтэйгээ хамт байхыг хүссэн ганцаардсан сэтгэлийг харж байна. Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хүүхэд эцэг эхтэйгээ нягт холбоотой болдог. Эцэг эх нь хүүхэддээ хамгийн зөөлөн дулаан, үнэт эрдэнэ мэт хамгийн цэвэр ариун сэтгэлээр хандах ёстой. Ялангуяа охин хүүхдийн, эмэгтэй ген нь тэднийг нарийн нямбай, эмзэг, дотно харилцаанаас шууд хамааралтай байлгадаг. Тэд үргэлж өөрийнхөө мэдрэмжийг “тэмтрүүл” болгон эцэг эхийнхээ өөрийг нь хайрлах хайрыг мэдэрдэг. Сургамжит түүх Аав нь гэртээ ядарчихсан царайтай орж ирэхэд охин нь баярлан угтан гүйж ирэв. Аав нь мэндэлсэн болоод л цаашаа явчихав. Энэ үед охин нь аавыгаа хоргоон түүний ажлын нэг цагийн хөлс хэд байдаг талаар асуув. Аав нь залхуурангуй 20 доллар гэв. Охин аавынхаа ядарсан царайг анзааралгүй, түүнээс 10 доллар өгөөч гэж гуйв. Тэгтэл аав нь уурлан: Ахиад л тоглоом авах гээ юу? Чи олон тоглоомтой биз дээ? Би ажил хийж ядраад нэг цагт хорьхон доллар авч байна, чи тэгэхэд дэмий мөнгө үрлээ! Хурдан өрөөндөө очиж унт! хэмээн загнав. Охин нь уруу царайлан өрөө рүүгээ буцав. Хэсэг хугацааны дараа аав нь тайвшраад арай ч хэтрүүлчихэв үү дээ гэж бодоод охин дээрээ очоод түүн 10 доллар өгөв. Охин баярлан аавыгаа үнсээд орон доороосоо өөр мөнгө гаргаад ирэв. Аав нь ахиад л тэсэлгүй “Чи мөнгөтөй байж яагаад надаас мөнгө авъя” гэсэн юм бэ гэхэд охин “Ааваа надад энд 10 доллар л байна. Таниас авсан 10 долларыг нэмээд нийт 20 доллар болж байна. Би энэ мөнгөөрөө таны нэг цагийн ажлын хөлсийг төлье. Та надтай нэг цаг хамт тоглооч” гэв. Аав нь хэсэг зуур цочирдоод, сэхээ оров. Тэр сая л охинтойгоо тоглоогүй ямар их удсанаа анзаарав. Охинд нь зөвхөн эд материал хэрэгтэйгээс илүү эцэг эхийн хайр хэрэгтэй байдаг. Эцэг, эхтэйгээ удаан хамт байж чаддаг охин хамт байдаггүй хүүхдүүдээс илүү аз жаргалыг мэдэрдэг. Харин эсрэгээр эцэг эхтэйгээ хамт байдаггүй охидууд насанд хүрээд хайраар цангадаг. Иймээс “Охин хүүхдээ хангалуун өсгөхөд”-д заавал хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж байх хэрэгтэй. Өөрийнхөө охиныг ирээдүйн нийгмийн амьдралд дасан зохицоход нь туслахын тулд олон

эцэг эхчүүд илүү сайн хүмүүжлийн арга барилыг эрж хайдаг. Гэвч тэд хүүхдийн ирээдүйд хүмүүжил боловсролын суурь нь хайр байх ёстой гэдгийг мэддэггүй. Эцэг эх нь үг хэлээрээ түүнд хайртай гэдгээ илэрхийлж байвал түүнд хамгаалах хүнтэй аюулгүй гэсэн мэдрэмж төрөх болно. Хүүхэд эцэг, эхээсээ хайрлах болон хайрлагдахыг сурч, дотно мэдрэмжээ хөгжүүлэх нь сурлага хүмүүжилд тустай. Хайраа илэрхийлэх хамгийн сайн арга нь хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөх юм. Сайн бодоод үзэхэд хүүхэд чинь үргэлж “Би ойрын үед ээж аавтай хамт гадуур явсангүй”, “Бид нар хэзээ гадагшаа гарах вэ?”, “Ээжээ та надтай жаахан цуг байгаач дээ” гэж хэлдэг байх. Харин ийм асуулттай тулгарсан бидний хариулт хүүхдийн урмыг хугалдаг. Бид хүүхэддээ амьдрах сайхан орчин бүрдүүлэхийг хичээж байна гэдгээр шалтагладаг. Гэвч хүүхдийн оюун санаа илүү их анхаарал хүсч байдаг. Хүүхдийн хувьд хамгийн баяртай явдал бол амралтын өдөр эцэг эхтэйгээ цэцэрлэгээр зугаалан дараа нь баяр хөөртөйгөөр гэртээ харих юм. Гэсэн ч иймэрхүү гэр бүлээрээ хамт байх өдрүүд үнэхээр цөөхөн байдаг. Бяцхан гүнж эцэг эхтэйгээ хамт байхыг хүсдэг боловч бид ихэнх цаг зав, бодол санаагаа ажил болон бусад зүйлд зарцуулан өөрийн хүүхэддээ жаахан цаг л үлдээдэг. Олон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт байх цаг бага байгаа ч харилцан сайхан харилцаа тогтоосон бол хэдий завгүй байсан ч сэтгэл санаагаагаараа нягт холбоотой байдаг гэж боддог. Хэдийгээр энэ зөв юм шиг боловч, хүрч мэдрээгүй, ойр байгааггүй хайр хүүхдэд танил бус санагддаг. Эцэг эх нь хүүхэддээ хань болдоггүй бол хүүхэд дотно сэтгэлээ гээдэг. Хүүхэд өсч томрох явцад эцэг, эхийн хайр, халамж хамгийн чухал, хүүхэддээ олон тоглоом авч өгөх нь чухал биш, түүнтэй хамт байхад л хангалттай. Нэг ийм сурталчилгаа байдаг. Нэг охин шагнал аваад баярлан аавдаа үзүүлэхээр хүлээжээ. Хүлээсэн боловч аав нь ирсэнгүй, унтаад сэрсэн ч аав нь ирсэнгүй, уйлсан боловч аав нь ирсэнгүй. Хүүхдийн хүлээж харуулдсан сэтгэл үнэхээр хэцүү өрөвдөлтөй. Сурталчилгааны хамгийн сүүлийн үг нь: Цаг зав гаргаад хүүхэдтэйгээ хамт байгаа ч гэдэг... Сургамжит түүх Мө Еэн бол манай улсын алдарт зохиолч, тэр гэрээсээ хол газар ажилладаг болохоор охин Гуан Шиао Шиао-тайгаа тийм ч ойр дотно харилцаатай биш. Гэхдээ охинтойгоо харилцаатай байхыг мах их хүсдэг. Гэртээ очих үедээ байнга охинтойгоо ойр байж түүнтэй ярилцдаг. Тэдний байрны арын хашаанд ногооны талбай байдаг байж. Мө Еэн охинтойгоо хамт хогийн өвс зулгаан, хор цацаж шавьж устган талбайгаа арчлах ажлыг хийнгээ охинтойгоо ярилцдаг байжээ. Хэдийгээр ярилцаж байгаа ч гэсэн удаан хугацааны турш тусдаа байдгаас гэртээ ирэх бүрт охинтойгоо дотносох хугацаа зарцуулж байж л охин нь түүнийг хүлээн авдаг байж. 1995 онд 13 настайдаа Гуан Шиао Шиао ээжтэйгээ цуг Шан Дун-с нүүж аавтайгаа амьдрахаар Бээжинд нүүж иржээ. Мө Еэн охинтойгоо цуг амьдрах болсноор тэр хоёр улам

дотно болжээ. Охин өсч томрох явцад эцгийн хайр түүний сэтгэлийг хөдөлгөн аз жаргалтай болгодог байж. Шиао Шиао ахлах сургуулийн нэгдүгээр ангид сурдаг байхад нэг өдөр үдээс хойш гэнэт ширүүн бороо орж эхлэв. Өглөө гэрээсээ гарахад тэнгэр цэлмэг байсан учраас охин шүхэр авчраагүй байж. Ангийхантайгаа хамт нэг шүхэр доор чихэлдэн цайны газарт орохдоо хувцасаа норгочихов.Тэр дотроо бороо зогсоосоой тэгэхгүй бол харихдаа норж дуусах нь гэж бодож байжээ. Охин ангидаа иртэл ширээн дээр нь нэг шүхэр тавьчихсан байв. Ангийхан нь түүнд: Чи азтай юмаа, сая танай аав ирээд энэ шүхэрийг авчирч өглөө хэмээн бахархангуй хэлжээ. Эцгийн хайр үргэлж түүний эргэн тойронд байдаг. Сургуулиас нь аавынх нь ажил хүртэл дөрвөн автобусны буудал зайтай байхад аав нь ус бороо ч хайхралгүй охиндоо шүхэр авчрахаар иржээ. “Охин хүүхдийг хангалуун өсгөх” гэдэг нь эцэг эхээс ирж буй хайрыг мэдрүүлэх, хүүхдээ хайрлах, хүмүүжүүлэх гэдэг нь хүүхэдтэйгээ хамт байж харилцахыг хэлж байгаа юм. “Гэртээ байнга очиж эцэг эхээ эргэж бай” гэдэг үг өндөр настай эцэг эхтэй олон хүнд нь нөлөөлсөн шиг, “Хүүхэдтэйгээ цагийг өнгөрөө” гэсэн үг олон эцэг эхэд анхааруулга болоосой. Хүүхдийн бяцхан зүрх сэтгэлийг ганцаардлаар бүү шархлуулаарай. Бидний ажил хичнээн их байсан ч цаг зав гарган хүүхдийнхээ бодол санаа, санаачлагыг анхаараарай. Тэдэнд чинь эд хөрөнгө, хоол унд, хараа хяналт, дэмжлэг туслалцаас илүү зөөлөн, дулаан хайр энхрийлэл илүү хэрэгтэй шүү.

9. Аав, ээж хоёрын охиндоо үзүүлэх ялгаатай нөлөө Ээжээсээ охин хүүхэд өөрийг нь хайрлах хайрыг үлгэр дууриал болгон авдаг. Эхийн сэтгэл охиныхоо зүрх сэтгэлийг илүү сайн мэддэг. Эхийн хайр зөөлөн дулаан сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг бол эцгийн хайр ажил, үзэл санаа, дэг журам, эрсдэл болон тэмцэл зэргийг илэрхийлдэг. Эцэг эхийн тэнцвэртэй хайранд өссөн охин нийгэм болон хувийн харилцааны талаар зөв ойлголттой төлөвшиж, амьдралаа зөв залдаг. Тэдний өдөр тутмын амьдралын харилцаанд, ээж нь тоо томшгүй олон талаар охиндоо нөлөөлж, охин нь ээжийнхээ дэмжлэг дундаас хэрэгтэй зүйлээ олж авдаг. Хэрвээ ээж нь охиноо нийгмийн олон үйл ажиллагаанд оролцохыг нь дэмжин өөрийгөө олж мэдэхэд нь тусалдаг бол, өөрөө ч ингэж хийдэг бол нэгэн хүчирхэг өөртөө итгэлтэй охиныг хүмүүжүүлэх болно. Ээж нь түүнд дамжуулж буй өөрийн тухай, эр хүн болон амьдралын энгийн үзэл санаа зэргийг мэдэрдэг. Ээж охин хоёр нэг хүйстэй учраас олон талаар ээж нь охиноо илүү амархан ойлгодог. Ээжийн үүрэг бол нэг талаар охиноо бүтээн бий болгогч юм. Охин хүүхдийг зөөлөн дулаан ааш зантай, сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгож хүндэлдэг, бусдыг халамжлан анхаарч тусалдаг хүн болгох хэрэгтэй. Энэ бүхнийг нийгэм эмэгтэйчүүдээс хүсдэг. Энэ нь эмэгтэйчүүдийн онцгой зан чанар бөгөөд энэ бүгдийг ээжийнхээ үг хэл, үйл хөдлөл, зааж сургаснаар олж авдаг. Хамгийн чухал нь охиндоо түүний амьдралд ажил хөдөлмөр, гэр бүлээс гадна ирээдүйд ээж болно гэдгийг ойлгуулах явдал. Эх хүн охиндоо: Чи амьдралдаа ажил хөдөлмөр эрхлэх, олон зүйл хийх нь гарцаагүй. Гэвч ээж болохоос илүү чухал зүйл гэж үгүй гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Ээж нь охиндоо эрэгтэйчүүдээс ялгаатай талыг нь хэлэх хэрэгтэй. Эх хүн охиноо амьдралын зураг төөргөө бүтээхэд нь тусалдаг ба өөрийн амьдралын туршлагад тулгуурлан эмэгтэй хүний уран ухаанаар сургаж охиноо амьдралдаа алдахаас төөрөхөөс урьдчилан сэргийлж чаддаг байх хэрэгтэй. Эцэг хүн охиныхоо өмнө хариуцлагатай байх ёстой. Охин эцгээсээ нэр төр, эрх мэдэл, чадвар, уур хилэн, хөлс хүч, харилцаа, эд мөнгө, эрсдэл, тэсвэр хатуужил болон нэр төрөө эрхэмлэх зэргийг ойлгож авдаг. Охины харилцааны ухаанд эцэг нь ихэвчлэн ойлгон дэмжигч байдаг. Охины мэндэлсэн цагаас эхлэн түүний хүсэл мөрөөдлийг дэмжин ойлгох аав хэрэгтэй байдаг. Дэлхий үүд хаалгаа нээж охин үр чинь гайхан алмайрч байхад эцгийн хайр тэдэнд оюун санааны хэрэгцээтэй мэдээлэл чадварыг өгдөг. Эрэгтэй хүнийг илэрхийлсэн эр зоригтой, өршөөнгүй, уужим ухаантай, тэвчээртэй гэх мэт олон үг байдаг. Охиных нь хувьд аавынх нь эдгээр зан чанар тэдний сул дорой байдлыг өөрчлөгч ба хэрвээ амьдралд бүдэрвэл өргөгч гар юм. Аав нь тэднийг жинхэнэ эмэгтэй хүн болох тал дээр үнэн зөвөөр шүүмжилж, өөрөө эр хүний зан чанар чадварыг дүрслэн, үлгэрлэн харуулах үүрэгтэй. Жишээ нь: эр зориг, уужуу ухаан, тэсвэр хатуужил, хөдөлмөрч зан гэх мэт. Сурган хүмүүжүүлэгчид: Аав хүн ээжээс нь илүү хүүхдээ ойлгодог, хүүхдийн хүмүүжлийн тодорхой, илүү бодитой, илүү хатуу шаардлагатай,

тохиромжтой аргатай байдаг гэж үздэг. Аав хүн охиныхоо зан төлөвийг эр хүний онцлогтой хослуулан илүү тэнцвэртэй болгодог. Энэ бүхнийг ээж нь дангаараа хийж чадахгүй. Биеэ даасан байдал бол ааваас очсон бэлэг. “Охин хүүхдийг хангалуун өсгөх”ийн тулд эцэг хүн өөрийнхөө үүргийг ухаарч, охиноо биеэ даасан үзэл бодолтой байхыг дэмжих хэрэгтэй. Хүйсийн ялгаанаас хамаарч эцэг эхийн зааж сургах нь өөр байдаг. Эцэг нь арай хатуу аргаар охиноо өөрийгөө ялахыг заадаг. Охин хүүхэд маш их мэдрэмтгий, төрөлхийн сэтгэл хөдлөлтэй байдгаас сэтгэл хөдлөлөө хянаж сурахад нь туслах маш чухал. Аавын заах гол зүйл сэтгэл хөдлөлөө “Хянаж сургах” юм. Энэ нь оюун санааны тэнцвэрээ хэвийн хадгалахад чухал байдаг. Аав нь охиныхоо анхны “эрэгтэй найз” болдог ба охины өөрийгөө үнэлэх үнэлэмжид хүчтэй нөлөө үзүүлдэг. Эцэг нь охиндоо үлдээж болох хамгийн том баялаг нь охиныгоо ойлгох болон охиноо хүндэтгэх юм. Хэрвээ эцэг нь охиноо ойлгож хүндэлдэг бол охин ч бас ирээдүйн ханиа түүнийг ойлгож сайхан хандаасай гэж хүлээдэг. Магадгүй яг аав шигээ өөрийг нь ойлгодог, хайрлаж хүндэлдэг хүнтэй суудаг. Харин эцгийнх нь хайр охинд хэтэрхий өндөр хүлээлт, итгэл найдлагаар илэрдэг бол охин эцгийнхээ хайраас болж ядарч залхах болно. Хэдийгээр тэд манлайлагч эмэгтэй болж чадах боловч тэд баяр баясгаланг мэдэрч чадахгүй байж мэднэ. Сургамжит түүх Энэ жил 33 настай Са Ва бол ажил хөдөлмөр нь амжилттай яваа бүсгүй. Тэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид маркетингийн албаны дарга хийдэг, маш сайн найз залуутай төдийгүй түүнтэйгээ гэрлэхээр төлөвлөж байгаа билээ. Бүсгүй бага байхаасаа л эцэг эхийнхээ бахархал байсан. Ялангуяа аав нь түүнийг алгандаа бөмбөрүүлдэг байсан ба охин нь түүний бүх зүйл байж. Бага байхаасаа үргэлж тэргүүн эгнээнд жагсан, дээд сургууль төгсөн ажиллаж эхлэх, албан тушаал ахих бүртээ хамгийн шилдэг нь байжээ. Тэр бол амжилтын үлгэр дууриалал юм. Харин түүнээс амжилтанд хүрсэн замналаа юу гэж боддог талаар асуухад эцгийнхээ тухай ийнхүү ярьжээ. Аав минь миний түлхэгч хөдөлгүүр болж байсан, түүний итгэл болон зоригжуулалт байгаагүй бол би өнөөдрийн амжилтанд хүрч чадахгүй байсан. Гэсэн ч би амжилтанд хүрлээ гээд баярлаж аз жаргалтай болдоггүй байсан. Яагаад гэвэл би илүү өндөр түвшнийг надаас шаардсан аавын хүлээлтийг л хардаг байсан, тиймдээ ч өөрийгөө хангалттай хичээж чадсангүй гэж бодон бүх авъяас чадвар, оюун ухаанаа дайчилдаг байсан. Өдийг хүртэл би маш цөөхөн удаа амар тайвнаар энэ амьдралын сайн сайхныг мэдэрч байсан. Цаг минут тутамд өөртөө амрах хэрэггүй, үргэлжлүүлэн ажилла гэж сануулж байдаг. Үүнээс болж сэтгэл зүйн хувьд маш их ядардаг байсан гэжээ. Ийм аавыг охиноо сайн хүмүүжүүлээгүй гэж хэлж болохгүй л дээ. Тэрээр охиноо зоригжуулан хөдөлгөгч хүч нь болж байж. Гэсэн ч сайн эцэг гэж нэрлэхэд хэцүү юм. Яагаад гэвэл тэр охиндоо аз жаргал, баяр хөөрийг мэдрүүлээгүй. Аавынхаа хүчилсэн дэмжлэгийн нөлөөгөөр охин амьдралын баяр хөөрийг бараг мэдрээгүй. Иймэрхүү эцэг охиндоо хэтэрхий

нөлөөлж, охиноо хатуу дарамтанд оруулснаас болж охин үргэлж өөрийгөө хүчлэн зогсолтгүй урагшаа тэмүүлдэг болсон. Бидний ярьж буй “Охиноо хангалуун өсгөх” нь бүх зүйлийн тунг тааруулах хэрэгтэйг сануулж байна. Хангалуун гэдэг нь чанартай үр дүнтэй байхыг хэлж буй болохоос тоо хэмжээг заагаагүй. Хэтэрсэн зүйл үргэлж сөрөг нөлөө үзүүлж байдаг. Үнэндээ аавын нөлөөг ч анзааралгүй өнгөрч болохгүй. Гэвч өнөөгийн гэр бүлийн хүмүүжлийн нийтлэг байдлаас харахад аав нь охиныхоо бие физиологийн хөгжлийг бага анхаардаг. Үнэндээ олон талаараа эмэгтэй хүний төсөөллийн хөгжилд эр хүн шаардлагатай бодол санааг тэдэнд өгч байдаг. Судалгаагаар эмэгтэй хүүхэд эрэгтэй хүнд итгэх нь түүнийг илүү ухаалаг болгодог нь тогтоогдсон. Ялангуяа шилжилтийн насанд, санаачлагатай эцэг хүн түүний хүсч буй мөн нэн шаардлагатай бэлгийн хөгжлийн талаарх мэдлэгийг олгодог. Охин аав хоёрын бий болгосон дотно харилцаа аюултай үе тохиолдоход охиныг хамгаалдаг. Энэ бүхэн бол аав хүний анзааралгүй өнгөрч боломгүй хүмүүжил. Мөн сургууль дээрх сурлагын дүн болон суралцах чадвар нь аавтай салшгүй холбоотой. Холбогдох байгууллагын судалгаагаар сайн аавтай хүүхэд математик болон уншлагын хичээлийн чадвар илүү сайн байдаг гэж гарсан байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал ааваар дамждаг чухал зүйл юм. Мэдээж охиндоо мөнгөний талаарх ойлголт зааж сургах нь ээжид хамааралгүй биш л дээ. Үнэндээ охины санхүүгийн талаарх ойлголт ихэнхдээ ээжээс сурдаг. Ээж охин хоёр хамт гадуур явж, хувцас худалдан авдаг ба энэ нь мөнгөтэй харьцах сайхан боломж юм. Өнөөгийн нийгэмд эхнэр нөхрүүд гэр бүлийн санхүүг хамтран барьж байна. Иймээс хоёулаа охиндоо энэ талын мэдлэг өгөх үүрэгтэй. Эхнэр нөхрийн эрх тэгш байдал охинд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэр бүл доторх байр суурь болон хүндэтгэл хүлээх төвшинг тодорхой хэлж өгдөг. Энэ ч бас хүүхдэд чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд насан дахь гэр бүлийн эрх мэдэл үүргийн талаарх итгэл үнэмшил түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлдөг. Хэрвээ эцэг эх нь гэр бүлийн чухал шийдвэрт эрх тэгш оролцдог бол охин амьдралын эрч хүчээр дүүрэн байх болно. Ерөнхийдөө хүүхдийн төрсөн цагаас эхлэн оролцох эхний нийгэм бол гэр бүл, хүүхдийн эхний багш бол эцэг эх нь юм. Эцэг эх нь өөр өөрийн давуу талаа ашиглан, охиндоо адил бус нөлөө үзүүлэн, хангалттай хайр энхрийлэл, дэмжлэг үзүүлж байж жинхэнэ гүнж болгоно.

10. Охиноо байнга тэвэрч бай Хайраа илэрхийлэх хамгийн сайн арга нь тэврэлт билээ. Бид хүүхдээ бага байхад бид байнга л тэвэрч байдаг. Харин охиноо том болсны дараа хайраа илэрхийлэх энэ арга маань бага багаар цөөрч эхэлдэг. Хүүхдэд энэ мэдрэмж хайраар дутагдан эргэлзэж эхэлдэг. Иймээс ямар ч үе байсан охиноо тэврэн тайвшруулж зоригжуулахаа мартаж болохгүй. Эрэгтэй хүүхэд өөрийн зорилгодоо хүрэх чадвараа хэмжиж байхад, эмэгтэй хүүхэд ямар нэгэн харилцаа тогтоож энэ харилцаандаа маш их дур сонирхолтой болсон байдаг. “Би ээж аавын охин!”. Охин ингэж боддог, энэ юу гэсэн үг вэ?” Энэ хариултыг олохын тулд охин эцэг эхийн үйл хөдлөлийг нарийвчлан ажиглан өөрийн дүгнэлтийг гаргадаг. Эцэг эх нь түүнийг сайн анхаарч байвал тэд маш их баяртай байдаг. Харилцаан дунд өөрийгөө гол цөм болгон тодорхойлж эцэг эхийн хүрээлэл дунд амар тайван өсдөг. Хэрвээ эцэг эх нь хүйтэн хөндий ханддаг бол тэдэнд харилцааны талаар буруу ойлголт төрж, гол нь ертөнцийн жинхэнэ утга санааг олж чадахгүй. Тэд нэг бол гутранги, нэг бол бусдыг буруутгах дуртай болдог ба үзэн ядалтаар дүүрэн болдог. Охиноо анхаарч байгаа эсэхийг мэдрүүлэх нь түүнийг тэвэрч байгаа үгүйгээс хамаардаг. Хүүхэд байхаасаа охин хүүхэд энэ асуудалд эмзэг ханддаг. Хүүхдийн талаар судалгаа хийдэг мэргэжилтэн “Хүүхэд төрсөн эхний хоёр жилийн дотор өдөр бүр хүүхэдтэйгээ 15 минут биеэрээ хүрэлцдэг нь эсэх нь цаашдын эцэг эхийн харилцааны гол цөм болж байдаг” гэж хэлсэн байна. Сургамжит түүх Катерин ажлаасаа гарч энэ хорвоод мэндлэх үрээ хүлээн авах бэлтгэлээ хийж эхэлжээ. Бяцхан охин нь төрж Катерин бүх анхаарлаа охиноо хүмүүжүүлэх ажилд төвлөрүүлжээ. Өдөр бүр бяцхан үрээ тэвэрч түүнтэй зугаацдаг байжээ. Тэр сул дорой бяцхан амь амьдралыг харахад л түүний сэтгэл дүүрээд ирдэг байв. Ээжийнхээ нөлөөгөөр ээжийнхээ тэврэлтэнд ороод л бяцхан үр баярлан хөөрч ээжийнхээ халуун дулаан тэврэлтийг мэдэрнэ. Охин нь амаа ангалзуулан ярихад ээж нь бас түүнийг тэврэн нам дуугаар түүнтэй ярилцдаг байв. Охин ээжийгээ харж бяцхан гараа зангидан даллаж, гэрэлтсэн нүд нь гялалзана. Охин ээжийнхээ дуу хоолойн өөрчлөлт дунд бүрэн уусдаг байв. Ээж охин хоёр энэ маягаар харилцан баяр хөөрийг мэдэрнэ. Нярай хүүхдэд биеэрээ хүрэлцэх шаардлагатай байдаг. Катерины арга барил бол бүх ээжийн үлгэр дууриал юм. Эсрэгээрээ хүүхэддээ тэврэлт ч өгч чаддаггүй ээж хүүхэддээ өөр юу өгөх билээ дээ! Эцэг эх нь түүнийг илүү их тэвэрч байж тэр өөрийн харилцааны ухааныг зөвөөр бий болгоно. “Охин хүүхдийн хүмүүжил“ номын зохиогч Элиум номондоо “Түүнийг аль болох олон удаа тэвэрч бай, чи зөвхөн энгийн үйл хөдлөл хийж байгаа биш, тэр бол хайрын солилцоо, энэ бол чиний ариун үүрэг” гэж хэлсэн байна. Хүүхдээ байнга тэвэрч бай, охиноо нялх байхаас нь эхлэн эцэг эхийнх нь үнэнч хайрыг

мэдрүүл. Зарим эцэг эхийн амьдралын дадал зуршил нь хүүхдээ тэвэрч эсвэл үүрч байдаг, магадгүй тэд янз бүрийн үйл хөдлөл хийдэг. Гэвч тэр нь өөрийн хийх гэж байгаа зүйлд үндэслэсэн байдаг. Хүүхдээ том хүний гараас том хүнд эсвэл арай том хүүхдэд өгөхдөө нэг халуун дулаан тэврэлтээс нөгөөх рүү өгдөг. Эмэгтэй хүүхэд мэдрэмтгий байдаг. Тэд тэврэлт, хүүхдийн ор болон хүүхдийн тэрэгний ялгааг тэр дор нь мэдэрдэг. Зарим нэг эцэг эхчүүд их санаачлагатай байдаг. Тэд янз бүрийн бүс үүргэвч ашиглан хүүхдээ цээжиндээ тэвэрч байдаг. Хүүхдээ дулаан тааламжтай дааруулахгүй байлгадаг. Энэ нь хүүхдэд эхийн хэвлий мэт орчин юм. Энэ арга нь эргэлзээгүйгээр хүүхдэд эцэг эхийн илчийг мэдрүүлдэг. Энэ бүхэн “Охин хүүхдийг хангалуун өсгөх” гэсэн үзэл санаанд бүрэн нийцэж байгаа юм. Яагаад хүүхдэд зөөлөн дулаан тэврэлт хэрэгтэй байдаг вэ? Мэргэжилтнүүд: Хүн хажууд нь байхад хүүхдэд дулаан мэдрэмж үүсдэг. Хүйтэн, нойтон, ганцаардсан орчин нь бол хүүхэд битгий хэл том хүнд ч муухай санагддаг төдийгүй хүүхдэд маш тайван бус байдаг. Тэдэнд энэ дэлхийн талаар буруу ойлголт төрүүлдэг ба энэ хорвоог ийм л юм байна гэж дүгнэдэг. Энэ бүхэн тэдний зан төлөвийн хүмүүжилд муу нөлөөтөй. Эсрэгээрээ том хүний тэврэлтэнд хүүхэд зөөлөн дулаан тааламжтай байдлыг мэдэрч, өөрийн чадвараар амьсгал болон хоол боловсруулалтын системээ удирдан хэвийн байлгадаг. Олон эцэг эхчүүдэд тохиолддог зүйл бол хүүхэд маш зальтай байдаг, хэрвээ түүнийг байнга тэврэх юм бол хурдан дасдаг. Сүүгээ уухдаа ч унтаж байхдаа ч тэврүүлэн томчуудыг ядраадаг. Үнэндээ нялх байхад нь бид хүртэх ёстой хайр, халамжыг өгөхгүй бол илүү их биднээс хамааралтай болдог. Дутагдаж байгаа учраас тэд илүү ихийг хүсдэг. Охин хүүхдийн нялх үе хамгийн хэцүү үе. Эцэг эх нь унтах, усанд орох, ганцаараа байх, ажиллах, гадуур зугаалах цагаа хязгаарлан түүнийг халамжилдаг. Түүнийг тэврэн унтуулдаг. Гэсэн ч энэ бүх хичээл чармайлт үр дүнтэй, хүүхэд өсөж томрон өсвөр насанд хүрэхэд бидний итгэл түүний шийдвэр гаргах, үйл хөдлөл зэрэгт нөлөө үзүүлнэ. Ер нь хүүхэд бага байхдаа тэврэлтээр нэг их дутдаггүй. Яагаад гэвэл сул дорой түүнийг эцэг эх нь байнга тэвэрч дулаацуулан хамгаалдаг. Харин хүүхэд нь томорч сургуульд орж, хичээл хийн уншиж чаддаг болсны дараагаар түүнийг тэврэх нь цөөрдөг. Том болсноор шалтаглан тэврэхээс холдож эхэлдэг. Хүүхдэд томорсон ч гэсэн эцэг эхийн тэврэлт хэрэгтэй хэвээр байдаг. Жишээ нь: охин хүүхэд өсвөр насанд хүрч анхны сарын тэмдэг ирэх үед охин сандарч айж магад, бүр ичгүүртэй санагдаж ч магад. Энэ үед ээжийн тэврэлт хамгийн үр дүнтэй тайвшруулагч. Бяцхан гүнжийг даруйхан айдас дундаас гэтэлгэн цаашдын олон жилд өөрийн муу бодолтой тэмцэлдэхэд нь туслана. Иймээс ямар ч үед ээж нь түүнд энэ талын тусламж үзүүлж байхаа мартаж болохгүй. Аав нь бас хүүхдээ томрох тусам яахаа мэдэхээ больдог. Ялангуяа өсвөр насанд тэд бараг л охинтойгоо биеэрээ хүрэлцэн харьцахаа больдог. Хүүхэд насанд бий болгосон харилцаа нь энэ үед бараг л тасардаг. Охин энэ өөрчлөлт өөрийн том болсноос шалтгаалсан гэдгийг сайн ойлгодоггүй, харин аав нь түүнийг улам л анхаарахаа больж байна гэж боддог.

Анагаах ухааны мэргэжилтнүүд “Шилжилтийн насны үе нь эмэгтэй хүүхдийн сэтгэл зүйд амархан асуудал үүсдэг аюултай үе, тэд бусадтай тогтоосон харилцаа, бусдаас ирж буй хайраас болж өөрийн төрөлх зан чанарыг нуудаг эсвэл өөрчилдөг. Түүний хүндэтгэж ирсэн аав нь зан байдлаа өөрчилбөл тэд маш ихээр итгэл алддаг ба өөртөө ч урам хугардаг” гэж үздэг байна. Үнэндээ охид эцгээсээ, түүний хувьд эхний эрэгтэй хүнээс итгэл олж авдаг. Эцэг нь охиндоо “Чи одоо өсөж томорлоо, би чамаар бахархаж байна” гэдгээ байнга хэлээрэй. Аав ээжийн аль ч ялгаагүй, нялх бяцхан охин эсвэл өсвөр насны охин байсан ч тэврэлт гэсэн чухал зүйлийг орхигдуулж яасан ч болохгүй. Хүүхдээ хүнд хэцүү, урам хугарсан, баяр хөөртөй ямар ч үед түүнийг тэврэн түүнийг өөртөө итгэлтэй болгон халуун дулааныг мэдрүүлээрэй.

Гуравдугаар бүлэг. Хамгийн сайхан нь охидын эелдэг дөлгөөн зан 11. Охин хүүхдийн давтагдашгүй төрхийг бий болго “Эмэгтэй хүүхдийн гадаад үзэмж зуун түмийн үнэтэй ”гэдэг эртний үг бий. Энэ өгүүлбэрт өчүүхэн төдий ч буруу зүйл байхгүй. Эмэгтэй хүүхдийн хувьд царай зүс гэдэг бол хамгийн чухал. Энэ нь зөвхөн охидын нийгмийн харилцаанд өөртөө итгэх итгэлийг төрүүлээд зогсохгүй, ирээдүйд охидын ураг барилдах амьдралд ч нөлөөлдөг байна. Охин хүүхдийг өсгөхөд мөнгө нарийлж болохгүй царай зүс, зан чанарт нь, толгойн оройноос хөлийн үзүүр хүртэл нарийн анхаарал тавих хэрэгтэй. Хэдийгээр бид охиддоо дэлхий ертөнцийг сөгдүүлсэн гоо үзэсгэлэнг өгөх хэцүү ч гэсэн, охидоо өв тэгш зан чанартай, цэцэг мэт үзэсгэлэнтэй, олноос онцгойрсон эрдэм чадалтай болгон хүмүүжүүлэх боломжтой. Гэвч охин хүүхдийн тухайд царай зүс бол хамгийн чухал асуудал байдаг. Зөвхөн царай зүсэнд нь илүү анхаараад байвал дотоод мөн чанар, гоо сайхныг нь үгүй хийдэг. Бид охидоо өөрийнхөө царай зүсэнд итгэлтэй, сэтгэл хангалуун болгох хэрэгтэй ч бүх талаараа өөртөө итгэлтэй болгох нь илүү чухал байдаг. Сэтгэл зүйч Монтескүй “Эмэгтэй хүн нэг л арга хэрэглэж сайхан болдог, харин хэдэн мянган арга хэрэглэж илүү хөөрхөн болдог” гэж хэлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн гоо сайхан гэдэг дангаараа зүйл биш, механик зүйл ч биш. Олон эцэг эхчүүд зөвхөн охидынхоо царай зүс, гоолиг бие хаанд бүхий л анхаарлаа хандуулж түүний төлөө зүтгэдэг. Хэтэрхий ийм байх нь охидын өөрийн байгалиас заяасан гоо үзэсгэлэн, чадвар, зорилгоос нь хазайлгахад хүргэдэг. Эмэгтэйчүүд бие эрүүл, царай зүс үзэсгэлэн төгөлдөр, мөн нөхөн үржихүйн чадвартай байх хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүдийн гадаад гоо сайхны шалгуур нь илүү тавигдаж залуу, стиллэг, торгомсог арьс, өтгөн хөмсөг, сэргэр хөх, нарийхан бэлхүүс, шулуун хөл гэх мэт биеийн хэлбэрт суурилсан шаардлага илүү их тавьдаг болж. Бүр хэрээс хэтэрсэн шаардлагууд ч бас байна. Тэд хэзээ ч хөлсөө гоожуулж болохгүй, нүүрэндээ ямар ч өө сэвгүй байх, үрчлээтэж хөгширч болохгүй бүр сарын тэмдэг ч ирж болохгүй. Эдгээр нь охид байгалийн төрхөөрөө байж чадахгүй, харин ч эсрэгээрээ охид эмэгтэйчүүдийн хувьд хэрээс хэтэрсэн зовлон болдог.

Хүний эцэг эх болсон хүн хэзээ ч охиноо өөрийгөө тамлан зовоосон, түүнээсээ гарч чадахгүй тийм зовлонд оруулж болохгүй. Охидын зан чанар нь тэдний гадаад харагдах байдлаас илүү хүний хараанд өртөж, хүний сэтгэлийг татах хүчтэй байдаг. Охидоо хүмүүжүүлэхдээ тэдний төрөлхийн зан чанарт нь анхаарч, гадаад төрх байдлын хувьд өөрийн гэсэн үзэлтэй болгож, хэрээс хэтэрсэн гадаад гоо үзэмжинд шунадаггүй болгох хэрэгтэй. Тэднийг өөрсдийнхөө гадаад үзэмжинд идэвхтэйгээр зөв ханддаг болгох хэрэгтэй. Охиноо өөрийнхөө гадаад байдалд бүрэн итгэлтэй болгохын тулд тэдний гадаад төрхийг нь магтахын хажуугаар тэдэнд өөрийнх нь талаар эерэг мэдрэмж төрүүлэхэд нь туслах хэрэгтэй. Бид охиныхоо гадаад байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө ихэвчлэн сэтгэл хөдлөл илэрхийлсэн сайхан үг хэлж байх хэрэгтэй. Жишээ нь “ Өө өнөөдөр миний охин чинь цоглог сайхан байна шүү дээ. Хөөрхөн өхөөрдөм харагдаж байна”, ”Ингэж хувцаслахаар золбоотой сайхан харагдаж байна” гэх мэт. Иймэрхүү харилцаан дундаас охид маань бага багаар зан чанарын чухлыг ойлгож мэдрэх болно. Харин битгий нүдний том жижиг, уруулын хэлбэр хэмжээнд анхаарлаа төвлөрүүлээрэй. Хамгийн чухал нь бид охиндоо өөртөө итгэх итгэл суухад нь туслахгүй бол тэд том болохын хэрээр, ялангуяа өсвөр насандаа охид өөрийн царай зүсэндээ онцгой анхаарал хандуулж эхэлдэг. Хүмүүс тэдний гадаад төрхийг анзаарч байгааг мэдэрч эхэлдэг, бүр зарим нь онцгүй үг хэлж ч болдог. Тэр үед охид маш их цочролд ордог. Тэд тухайн цаг үедээ моодонд байгаа тэр л стандартаар өөртөө үнэлэлт дүгнэлт өгч, нийгэмд байгаа тэр шаардлагыг хангах гэж оролддог. Сургамжит түүх Чин Чинд нэг ч сайн найз байхгүй. Учир нь тэр хэтэрхий царай муутай. Бүх хүмүүс түүнд дургүй, өөрийгөө хэтэрхий царай муутай гэж боддог. Томоос том сургуулийн хүрээлэнд тэр үргэлж ганцаараа, түүний эргэн тойрон ганцаардал болон уур хилэнгээр дүүрнэ. Тэр бүр толийг үзэн яддаг, өөрт нь нэг ч толь байхгүй бүр хорвоогийн бүх тольноос нуугдаж амьдардаг байв. Нэгэн өдөр Чин Чин автобусанд суун хотын төв орж номын сангаас хэдэн материал хайхаар явав. Номын санд хүрэхийн өмнөхөн нэгэн охин автобусанд орж ирэв. Чин Чин тэр охиныг харангуут сэтгэл нь өвдөв. Учир нь тэр охин өөрөөс нь ч илүү царай муутай байлаа. Нүүр дүүрэн түлэнхийн сорви. Үнэндээ Чин Чин дахин түүнийг харахаас нүд нь хальтирч байлаа. Гэхдээ өөрийн эрхгүй хоёрдахь удаагаа түүнийг хараад өнгөрсөн хугацаанд өөрийнхөө зүс царайнд дэндүү буруу ойлголттой байснаа ойлгожээ. Тэр охины нүүрэн дээр дөлгөөхөн инээмсэглэл байлаа. Өчүүхэн төдий ч уур бухимдал, өөрийгөө голсон байдал ажиглагдсангүй. Тэрээр хүнээс нуугдаагүйгээр зогсохгүй хүмүүсийг сонирхсон байдлаар харахын сацуу нэгэн дунд эргэм насны хамт яваа эмэгтэйтэй инээмсэглэн ярилцаж байлаа. Хааяахан яг л энгийн охид адил түүнд эрхэлнэ. Чин Чин шууд л цочров. Өдийг хүртэл тэр хэтэрхий өөрийгөө голсноос хэзээ ч зүрх зоригтойгоор өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж байсангүй, эрхлэх талаар бүр ч

ярилтгүй. Чин Чинд өөрийн эрхгүй тэр охиныг хүндэтгэн бишрэх сэтгэл төрөв. Автобуснаас буунгуут Чин Чин шууд тэр охин дээр очив. Нөгөө охин ихэд гайхав. Чин чин хэсэг зуур яг яахаа мэдэхгүй зогсов. Тэгээд өөрийнхөө нүүрийг зааж “Би үргэлж л өөрийнхөө царайнаас болж өөрийгөө голдог байсан...........” Харин нөгөө охины хажууд байсан дунд эргэм насны эмэгтэй учрыг шууд ойлгов. Тэрээр инээмсэглэн “Чи өөрийнхөө царайг хичнээн цэвэрхэн гэдгийг арай мэддэггүй гэж үү? ”гэж асуулаа. Чин Чин маш ихээр гайхлаа. Тэр хэзээ ч хэн нэгэн түүнд ингэж хэлэхийг сонсож байсангүй. Түүний аав ээж нь үргэлж л “Ийм царай муутай хүн хойшид яаж амьдарна даа” гэдэг байлаа. Нөгөө дунд эргэм насны эмэгтэй миний охин бас их царайлаг, чи хар л даа түүний нүүрнээс дүүрэн гал цог цацарч байгаа биздээ, тэр ийм хөөрхөн байж яагаад өөрийгөө голно гэж? Чи ч гэсэн адилхан яагаад өөрийгөө голно гэж? Чин Чин ингэж л царай муутай хүн гэж байдаггүй гэдгийг гүн гүнзгий ухаарсан юм. Чин Чингийн гэрийн хүмүүжил бол нэгэн буруу хүмүүжлийн жишээ. Эмэгтэй хүүхдэд царай зүснээсээ болж өөрийгөө голох мэдрэмж төрөх нь юуны түрүүнд эцэг эхийн буруугаас үүдэлтэй. Харин тэр эмэгтэй царай зүс доголдолтой охиноо тийм өөртөө итгэлтэй болгон хүмүүжүүлсэн нь түүний хүүхэд хүмүүжүүлэх ухааныг өөрийн эрхгүй бахдмаар явдал юм. Максвелийн сэтгэл судлалын сургаальд: Өөрийгөө голно гэдэг нь өөрийгөө бусдаас дорд үзэх мэдрэмж. Охидуудын хүүхэд насандаа авсан өөрийгөө голох мэдрэмж нь ирээдүйд тэдний зан араншинд нөлөөлдөг. Сурлагын тал дээр хүнээс дутуу байхаас илүү царай зүсээрээ бусдаас дутуу байх нь охидын ирээдүйд муугаар нөлөөлдөг байна. Охиддоо хэзээ ч царай зүсээрээ бусдаас доогуур гэсэн мэдрэмжийг суулгаж болохгүй. Хэрвээ охин чинь төгс, гоо сайхан царай зүстэй бол охиноо хүнээс нэг шат илүү гэдэг мэдрэмж төрүүлж болохгүй. Өөрийн царай зүсэндээ хэт их бардсан байх нь өөр бусад талын хүмүүжил болон зан аашийг үл тоох нэг нөхцөл болдог. Ийм байдал охиныг чинь насанд хүрэхэд гаднаа гяланцаг, дотроо паланцаг нэгэн болох үндсийг тавьдаг. Тэгвэл яг яаж хүмүүжүүлэх ёстой вэ? Нэгдүгээрт: Эцэг эхчүүд үг, үйлдэлдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. 1. Битгий бусад эмэгтэйчүүдийн царай зүстэй барьц. Хэрвээ бид ингэж хүмүүжүүлбэл бүх эмэгтэй хүмүүс царайлаг байх хэрэгтэй гэсэн үзэл суух болно. Дан ганц гадаад үзэмжин дээр гол анхаарлыг төвлөрүүлж хандах нь буруу явдал юм. 2. Охиныхоо царай зүсийг муулах, хошигнох, эсвэл хэтэрхий магтан сайшаах хэрэггүй. Хэрвээ та охиноо хамар чинь хэтэрхий том, бэлхүүс чинь бүдүүн гэх мэт хэлбэл эцэст нь охин тань биеийн тэр хэсгээ үзэн яддаг болдог байна.

3. Үргэлж охиныхоо бусад авъяас болон амжилтыг магтаж бай. Охиноо бага байхад нь түүнд чи л өөрийнхөө гоо сайхныг бий болгодог гэдгийг ойлгуул. Охидоо сурлагын дүнгээр нь, тэмцээн уралдаанд орсон амжилтаар нь, гэрийн ажилд тус болсноор нь байнга магтаж байх хэрэгтэй. Хэрвээ тэр бүх л чадлаа шавхан байж ямар нэгэн зүйл хийгээд тэр нь бүтэлгүйтвэл түүний гаргасан хичээл чармайлтыг нь сайшаа. Хоёрдугаарт: Эцэг эхчүүд баримталбал зохих ёс дүрмээ тууштай баримтлах хэрэгтэй. Охид чинь эрүүл бус зүгт хөгжөөд буруу зүйл хийгээд ирвэл буруу талыг нь хэлж өгөхдөө охиноо хүндэтгэж байгаа ч түүний бүх зүйлийг нь зөвшөөрч болохгүй гэдгийг ойлгуулах ёстой. Бүх зүйлийг тодорхой хэм хэмжээнд барьж байх нь чухал. Гуравдугаарт: Охиноо хэзээд өөртөө итгэлтэй байж хэн нэгний санал дүгнэлтийн араас хөөцөлдөх нь утгагүй гэдгийг ойлгуул. Өөрийнхөө царай зүсэнд сэтгэл хангалуун байдаг охидын өөртөө итгэх итгэл зарим нэг зөвхөн сайхан царайны төлөө үхэн хатдаг охидоос хамаагүй илүү байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ царайлаг байна гэдэг зуун хувь өөртөө итгэлтэй байх хүчин зүйл биш, харин зайлшгүй шаардлагатай бусад мэдлэг чадвараа хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Байчи бол төрөлхийн хөөрхөн охин. Бүх л хүмүүс түүний сайхныг магтана. Энэ байдлаас үүдэн тэр бүх л оюун санаагаа өөрийнхөө гоо үзэсгэлэнд төвлөрүүлсэн. Хамгаас сайхан байхын тулд, бусдын магтаал сайшаалыг хүртэхийн тулд үргэлж л өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарч гоёж гоодно. Мэдээж давааны цаана даваа бий. Тэр байнга л бусадтай царай зүсээ харьцуулж, өрсөлдөн өөрийгөө эцэс төгсгөлгүй зовоодог. Хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд хэзээ ч охидоо ийм байдалд оруулж болохгүй.

12. Сайхан зан чанарын үндэс нь соёлтой, зөв боловсон биеэ авч явахад оршино Өнөөгийн нийгэмд хүн бүрийн амьдрал, зан чанар олон янзын хэв маягтай. Охиноо амьдралын олон тэмцэл, өрсөлдөөн дунд өөрийн өнгө төрхөө алдахгүй байхыг зааж, сургаарай. Мэй Лан бол ердөө ч гоёж гоодох дургүй охин. Үсээ богинохон халимаг засуулж, хөвгүүдийн дунд орж хааяахан бас бүдүүлэг үг ч хэрэглэнэ. Тэрээр энэ байгаа байдлаа ердөө ч муу гэж боддоггүй. Түүний ээж ч бас гоёж гангалах дургүй. Тэр хэзээ ч гоё ганган хувцас харж сэтгэл нь хөөрч байгаагүй. Зүгээр л хувцас өмссөн л бол болоо. Үнэндээ сайхан хувцас охиндоо аваад өмсүүлчих мөнгөгүйдээ биш, эмэгтэй хүүхэд өмсөж зүүхдээ хэтэрхий анхаараад ирвэл амархан материаллаг үзэлтэй болчихно гэж бодсон учраас охиноо гоёж гоодох дургүй болжээ. Гэвч 16 нас хүрсэний дараахан нэгэн хөвгүүн Мэй Ланыг нэг өдөр үг дуу цөөтэй болгож хувиргав. Тэр өдөр Мэй Лан урьдын адилаар хөвгүүдтэй шоглолдон бүр нэг хөвгүүнийг хөнгөхөн цохиод авав. Гэтэл нөгөө хөвгүүн уурлаад “Чи яагаад охин шиг байж болдоггүй юм бэ? Охин гэхэд охин биш, хүү гэхэд хүү биш байх юм” гэв. Түүний үгэнд Мэй Лан маш их цочров. Энэ байдал түүний нийгмийн харилцаанд нөлөөлөөд зогсохгүй ураг барилдах явдалд ч сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Тиймээс охиндоо найз нөхдийнхөө дунд, бусдын дунд биеэ яаж авч явах соёлыг зааж сургах хэрэгтэй. Охиноо царай зүсэндээ хэт анхаардаг болгон хүмүүжүүлэхгүй гэдэг нь түүний гоёж гангалах, гоо сайхан зүйлд дурлах зэргийг хориглоно гэсэн үг биш юм. Охиноо толины өмнө эргэлдэн цагаа үрж, хувцаслалтандаа сэтгэл гаргахад эцэг эхчүүд та нар уурлаж сандрах хэрэггүй. Харин охиндоо өөрийгөө бий болгоход нь тусалж дэмжих хэрэгтэй. Гадаад үзэмжээс эхлээд дотоод сэтгэл, өөрийгөө мэдрэх мэдрэмж бий болж эхэлдэг. Энэ нь өөртөө итгэх итгэлийн нэг хэсэг. Ёс суртахуунтай холбоотой дараах зүйлсүүд байдаг. Нэгдүгээрт: Гадаад төрх. Цэвэрхэн царай зүстэй, цог жавхаатай байх нь хамгийн энгийн шаардлага. Хичнээн царайлаг сайхан байсан ч өдөржин сул дорой, сүр сүлдгүй байгаад байвал хүнд олигтой сэтгэгдэл төрүүлж чадахгүй. Гоолиг сайхан биетэй, үзэсгэлэнт гүнж шиг байх нь бүх л охидын мөрөөдөл байдаг. Харин өөрийн гэсэн үзэл бодолтой охид аяндаа гадаад дүр төрхөндөө анхаарч эхэлдэг. Ялангуяа өмсөж зүүх тал дээр тэдэнд өөрсдийн гэсэн үзэл байдаг. Гэхдээ энэ тал дээр зарим үед гэрийнхэнтэйгээ ялангуяа ээжтэйгээ зөрчилдөх нь бий. Жишээ нь, тэд сонин содон чимэг зүүлт сонирхож болно. Бүр өдөр бүр өөрчлөгдөж ч болно. Яагаад гэхээр тэд өдөр бүр л өөр өөр хүн байхыг хүсдэг. Ээжүүд тэдэнд гоёл чимэглэл чинь ихэдлээ, будаг чинь зузаан байна гэж хэлэх энүүхэнд байдаг. Хэрвээ таны охин ингэж гоёх сонирхолтой байвал тэднийг хориглох хэрэггүй. Тэд зүгээр л өөр хүн шиг байж үзэх гэсэн хэрэг.За тэгвэл яг яах ёстой гэж? Хариулт нь зүгээр л үл ойшоох. Энэ нь хамгийн үр дүнтэй арга. Бүхий л чадлаараа өөрийнхөө эсэргүүцлийг дарах

гэж оролд. Харин охидынхоо оюун санаанд нь нөлөөлж тэдний сонирхлын дагуу санаагаа илэрхийл. Жишээлбэл охиндоо “Өнөөдөр гадаа сайхан байна, арай өнгөлөг хувцас өмсвөл цог золбоотой харагдана” гэх мэт. Хоёрдугаарт: Үйл хөдлөл. Эртний хүмүүс үйл хөдлөлийн сайхныг дүрслэхдээ “Зогсох нь нарс мэт, хөдлөх нь салхи мэт, суух нь хонх мэт, хэвтэх нь нум мэт” гэж дүрсэлсэн байдаг. Охидууд тэгшхэн зөв зогссоноор бусдад туранхай, гоолиг, эрч хүч дүүрэн сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Зогсохдоо биеэ эгц, хүзүүгээ өргөн мөрөө тэгшилж, гэдсээ татаж зогсох хэрэгтэй. Мөн албан ёсны арга хэмжээн дээр хоёр гараа хөх, өгзөгнийхөө урд, харин гараа хойно салаавчлан барихыг хориглоно. Суухдаа тэгш эгц сууна, үхээнц дорой сулбайн сууж болохгүй, хагас хэвтэж хагас суухыг хориглоно, хөлдөө мөрний хэмжээний зай авна, хөлөө ачиж суухгүй, хоёр гараа бие дагуу эсвэл урдаа давхарлан тавина. Алхаж гишгэхдээ цээжээ төвхийлгөж, толгойгоо өргөнө, мөр, ташаагаа аяар нь савлана, алхах хурд дунд зэрэг, хөлөө сайрийлгахыг хориглоно, гуйвганаж эсвэл хэт цэмцэгнэж алхах онцгүй. Сэтгэл хувирлын хувьд гол шаардлага нь хүнийг хүндлэх, ойлгох, сайхан сэтгэл гаргах, нүүрэндээ инээмсэглэл тодруулах зэрэг орно. Харин шүд, хамар, чихээ ухах, биеэ маажих, хөлөөрөө хамаагүй хөдөлгөөн хийх гэм мэт зуршлуудыг хориглох нь зүйтэй. Гуравдугаарт: Эмэгтэй хүн бусдад гоо сайхан, уран яруу сайхан сэтгэгдэл төрүүлж байх хэрэгтэй. Гэтэл энэ бүгд царайны сайхнаар бүрэн шийдэгддэг зүйл биш. Аядуу зөөлөн дууны өнгө, хурц сэргэлэн харц, дөлгөөн намуухан инээмсэглэл энэ бүгд хүнийг татах хүчин зүйлсүүд юм. Хандлагын хувьд үнэнч, дотно, соёлтой үг хэрэглэж, биеэ цэвэр авч явж, үг дуугаа хураасан байдалтай биш, мөн өөрөө ганцаараа л яриад байхгүйгээр бусдын яриаг сайн сонсож сургах нь чухал. Харилцан яриан дунд гөлөн гөлөн хийх, ярьж байхдаа өөр зүйл харахыг хориглоно. Мөн олон хүмүүстэй ярилцаж байхдаа ганц л хүнтэй дотно байгаад бусад хүнтэй хүйтэн хөндий байх нь соёлгүй харагддаг. Дөрөвдүгээрт: Нийгмийн харилцаа. Боловсон зантай байх нь охид нийгмийн харилцаанд амжилт олох үндэс юм. Нийгмийн өргөн харилцаан дунд, охид сайхан зан ааш, намбалаг төрхтэй байж чадвал бол хүмүүсийн дунд гэрэл гэгээ болж чадахын сацуу хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг. Мэдээж эцэг, эхчүүд бага багаар энэ бүгдийг охиддоо зааж сургах нь зүйтэй. Зочид дайлахдаа, айлд зочлохдоо, олны дунд явж байхдаа эдгээр ёс суртахууныг охиддоо үлгэрлэн суулгах хэрэгтэй. Гэрт зочин ирэхэд гэрээ цэвэрлэж, зарим ажлуудыг түрүүлж хийсэн байх нь зүйтэй. Хэрвээ охин чинь дунд сургуульд орсон л бол гэрийн эзний хувиар зочдыг дайлуулж сурга. Зочин гэрт орж ирэхэд тэдэнд тусалж гадуур хувцсыг нь авч, зочдыг зохистой суудалд суулгаж, зочдоос юу уухыг нь асууж, санаачлагаараа үдэж, хоёр гараагаа бэлэг гардаж, санаачлага гарган зочидтойгоо ярилцаж байх, явахад нь гарган өгч “Баяртай, дараа дахин ирээрэй ” гэж хэлж байх хэрэгтэй. Айлд зочлохдоо мөн адил биеэ цэвэрхэн авч явж, соёлтой үг хэрэглэж ярих, мөн наад захын

хооллох соёлыг мэддэг байвал зохино. Жишээ нь: түрүүлж ширээнд сууж болохгүй, түрүүлж хоолонд хүрч болохгүй, ахмад хүмүүсийг хоолны ширээнд суухыг хүснэ, ахмадууд сэрээгээ хөдөлгөсний дараа л сэрээндээ хүрэх, хоол идэж байхдаа 2 тохойгоо хоолны ширээн дээр тавьж болохгүй. Хооллож дуусаад хэсэг зуур гэрийн эзэдтэй юм ярина. Тэгээд би идэж боллоо та нар сайхан хооллоорой гээд өөр газар суух ч юмуу эсвэл өөр өрөөнд очиж амарч болно. Салах ёс хийхдээ баярласан сэтгэгдэлээ хэлэх эсвэл зөрүүлж урих хэрэгтэй. Жишээ нь “өнөөдөр сайхан байлаа”, “дараа манайд зочлоорой” гэх мэт. Охидыг соёлтой, ёс суртахуунтай болгон хүмүүжүүлэхэд эцэг эхчүүд юуны түрүүнд өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлэх нь чухал. Өөрсдөө соёлч биш бол хүүхэддээ соёлтой байхыг заана гэж байхгүй. Соёл бол ерөөсөө л амьдрал дунд гарч ирдэг. Эцэг эх нь соёлтой байж, үйл хөдлөл зөв, зөв боловсон ярьдаг бол охид чинь аяндаа сурдаг. Ингэж л аажим аажмаар эрхэмсэг зан ааштай жижигхэн гүнжийг хүмүүжүүлнэ дээ.

13. Охидыг тайван зантай болго Охидын тайван зан араншинг амархан бий болгодог зүйл биш юм. Охид хүмүүжүүлэхдээ энэ тал дээр хүч зарах хэрэгтэй байдаг. Юуны түрүүнд охидын ичимхий занг үгүй хий, тэднийг илүү хатуу чанга болгож янз бүрийн амьдрал үзүүл. Амьдрал үзэж ухаан суухын хэрээр тэд өөрсдөө ийм онцгой зантай болдог. Хэдийгээр хүмүүс эрчүүдэд тавих хамгийн сайн шалгуур нь аюул тохиолдоход айхгүй, асуудал тулгарахад сандрахгүй тайван тогтуун зантай байхыг шаарддаг боловч энэ зан охидод бас дутаж болохгүй зан араншин юм. Охидын хувьд ийм занг төлөвшүүлж өгөх нь тэдний хувьд хамгийн үнэтэй эд хөрөнгө гэж хэлж болно. Иймээс охин хүүхдийг хүмүүжүүлэхдээ идэвх санаачлагатайгаар тэдэнд тайван зантай болоход нь заавал туслаарай. Тайван зан чанар нь “сагсуу балмад зан гаргахгүй, омог сүрээр бусдыг далайлгахгүй, тааламжгүй байдалд айж зориг мохохгүй, уруу царайлж унжийхгүй, тансаг зүйлд ташуурахгүй, хэрээс хэтэрсэн зүйлд автахгүй байх” зэрэг орно. Эртний үгэнд “Сэтгэл хөдлөлөө нүүрэн дээрээ гаргадаггүй хүн жанжин болоход тохиромжтой” гэдэг. Үүний адил охид аливаа харилцаанд тайван тогтуун хандаж байвал олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг. Мэдээж юу ч болж байсан тайван байх нь хэнд ч хэцүү зүйл. Ялангуяа эмзэг турьхан охидод бүр ч хэцүү. Хэцүү гээд хүрч чадахгүй гэсэн үг биш. Эцэг эхчүүд л хүчин чармайлт гаргаж чадвал болж бүтэхгүй зүйл огтоос биш. Хэрвээ охидоо тайван зантай болгон хүмүүжүүлж чадваас амьдралын зам нь илүү дардан тайван байх магадлалтай байдаг. Сургамжит түүх Лай Си бол дэлхий дахинаа хүндлэгдсэн эмэгтэй улс төрч. Эрчүүд ноёрхсон уламжлалт нийгэмд өндөрлөгт хүрч чадсан хар арьст эмэгтэй. Лай Си бол тайван дөлгөөн зантай, ихэмсэг дөлгөөн зангаараа хүмүүсийг татсан, үнэнч шударга, итгэл шүтлэгтэй эмэгтэй. Тэр энгийн л хүний амьдралыг туулсан. Сурагч, профессор, сургалтын албаны дарга, гадаад харилцааны бодлогын зөвлөх. Тэрээр Бирмингхам, Колорадогийн Денвер, Калифорниагийн Поло Артоор явж, хамгийн сүүлд нь 47 насандаа цагаан ордонд орсон. Улс төрийн төмөр хатагтайн хувьд, түүний улс төрийн замнал нь бүхий л улсын бүх давхаргын эмэгтэйчүүдийн хувьд үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй зүйл. Гэвч түүний эцэг эхийн хүмүүжлийн арга барилыг бүх эцэг эхчүүд сургамж болгон авах хэрэгтэй. Лай Си 1954 оны 11 сарын 14-ны өдөр Амеркийн Бирмингхамд төрсөн. Түүний эцэг эхчүүд нь Лай Сийн гэр бүл болон Лейгийн гэр бүлээс гаралтай. Тэдний өвөг дээдэс бүгд л боолын үр хойч. Тэдэнд бусад хүмүүс хэрхэн хандаж байсан нь тодорхой. Гэвч энэ гэр бүл Лай Си төрөх үед арай өндөр нийгмийн давхаргад хүрсэн байсан. Түүний эцэг нь бурханы номын докторын зэрэг хүртсэний дараа Лай Сигийн өвөөгийн үүсгэн байгуулсан сүмийг залгамжлав. Дараа нь Денверийн их сургуулийн дэд захирал болсон. Магадгүй ийм л түүхтэй болохоор Лай Сигийн гэр бүл хатуу дүрэмтэй байсан. Тэд

хүүхдүүдээ цагаан арьс хүүхдүүдээс 2 дахин илүү хөдөлмөрлөж байж л тэдэнтэй адил амжилтыг гаргаж, тэднээс 2 шат илүү байж, хүнээс илүү амьдарна гэж хүмүүжүүлсэн. Энэ нь Лай Сигийн эцэг эхчүүд охиндоо заасан анхны хичээл. Хичнээн ийм нийгмийн байр суурьтай ч хар л арьстай болохоор Лай Си мөн л арьс өнгөөр ялгуурхагддаг байсан. Бараг л өдөр бүр л энэ арьс өнгөөр ялгуурхах үзлийн золиос болно. Харин эцэг эхчүүд нь арга буюу түүнийг энэ тал дээр хамгаална. Энэ байдал Лай Сид бүр багаасаа л цагаан арьстнуудаас болгоомжлох үзэл суулгасан. Бага насныхаа арьс өнгөөр ялгаварлуулдаг байсан түүхийг ярих болгондоо Лай Си түүний ээж нь их хүчтэй хамгаалагч байсан гэж дурсдаг. Түүний ээж нь маш зоригтой эсэргүүцэгч мөн их тайван дөлгөөн хүн байв. Тэрээр номхон дөлгөөн эрч хүчтэй, өөрийн нэр хүндийг чадлаараа хамгаалахын сацуу хар арьст хүмүүсийн дүр төрхийг мөн сахин хамгаалсан. Лай Сигийн хувьд ээж нь түүний баатар төдийгүй бахархал нь байлаа. Лай Си өсөж том болох явцдаа хэдийгээр их дарамттай байсан ч гэсэн тэр маш хатуу чанга, эрч хүчтэй байсан төдийгүй тайван занг эрхэмлэдэг нэгэн байв.. Энэ мэт бусдын адилгүй амьдралыг туулсан ч тэрээр тун тайван зантай байдаг байсан. Өөрийн мөрөөдөж байсан төгөлдөр хуурч болох хүслээ орхин улс төрч болсон. Энэ хугацаанд мөн л маш олон бэрхшээл тохиолдсон ч урьдын адил давж тайван, тэвчээртэй зангаараа давж гарсан. Энэ нь түүний эцэг эхийн л сайн хүмүүжүүлсний ач гавъяа юм. Ялагдал, зовлон зүдгүүр үзсэн хүүхэд хэзээд бусдаас илүү энэ хорвоог ойлгодог. Тэд өөрчлөлтийг ойлгодог, өөрчлөлтөнд хариу үйлдэл үзүүлж сурдаг, мөн өөрчлөгдөж буй хорвоод тасралтгүйгээр урагшилж чаддаг, өөртөө хамааралтай байр суурийг олж чаддаг. Энэ бол Лай Сиг амжилтанд хүргэсэн нэгэн хүчин зүйл. Эцэг эхчүүд бид охидынхоо нүдийг нээх нь чухал. Юм үзэж нүд тайлсан хүн харамч, давчуу дотортой болдоггүй. Тэдэнд хорголоо тоолсон жижиг хотын иргэний сэтгэлзүй байхгүй болдог. Бүхий л асуудалд хүлцэнгүй хандаж, шаардлагатай зүйлдээ анхаарал хандуулж, баяртай зүйл тохиолдоход бардамнаж онгирохгүй, хэцүү үед сэтгэлээр унахгүй болдог. Энэ тал дээр өмнө нь хангалттай ярьсан. Эцэг эхчүүд нь охидоо тодорхой хэмжээнд амьдрал үзүүлж, туршлага суулгаснаар тэдэнд гэнэтийн хэцүү зүйл тохиолдоход даваад гарах чадвартай болгодог. Иймээс охидыг хүмүүжүүлэхдээ тэднийг зөгийн балны саванд хийсний хэрэггүй. Харин янз бүрийн халуун тогоонд хийж туршлага суулгах хэрэгтэй. Яг л Сүн Ү Күн их эзний найман халуун тогоонд орсны дараа билгийн мэлмий нь нээгдсэн шиг. Бидний охид мөн л олон зүйлийн цохилтыг авч байж өөрсдөө олон зүйлийг ойлгож, тайван зантай болдог. Японы сурган хүмүүжүүлэгч ТаоЧуанСунг “Бид хүүхдээ зовлон бэрхшээлтэй тулгарахдаа зоригтой тайван байж чаддаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Хэрвээ хүн зөвхөн зовлон бэрхшээл дунд л хатууждаг гэдгийг ойлговол, унасан ч амархаан босож ирээд урагшилж чаддаг болдог. Ийм амьдралыг ойлгосон хүүхэд хэзээ ч амьдралд сөхрөхгүй ” гэж хэлсэн байдаг.

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг нь тэднийг материаллаг зүйлээр хангалттай хангаж амьдралыг нь санаан зоргоор нь байлгана гэсэн үг биш. Хүлэмжийн цэцэг салхинд цохиулахаас айдаг гэдгийг сана. Хүний амьдралд хаа сайгүй аадар бороо ордог. Зовлон бэрхшээлийг давж гарах чадвар байхгүй хүн өнгөтэй сайхан амьдралаар амьдарч чадахгүй. Хүүхэддээ илүү их орон зай өгч, тэднийг өөрсдөөр нь туулуулж, мэдрүүлж, шийдвэрлүүлж сургах нь хамгийн үр дүнтэй хүмүүжлийн арга барил.

14. Охиныхоо сэргэлэн цовоо занг бүү дар Хүүхэд гэдэг төрхөөсөө л сэргэлэн цовоо байдаг. Бид хүүхдийнхээ ирээдүйн амжилтын төлөө гэж тэдэнд өөрсдийнхөө төлөвлөгөөг тулгаж болохгүй. Хүүхдийнхээ төлөө гэгдэх янз бүрийн зүйлүүдийг яг үнэндээ өөрийнхөө төлөө гээд хэлчихсэн нь дээр. Учир нь ямар ч эрх чөлөөгүй нөхцөл дунд хүүхдийн оюун ухаан хөгждөггүй. Зөвхөн мулгуу л харагддаг. Энэ бол хүүхэд хүмүүжүүлэх зорилго, бас шилдэг арга ч биш. Охиныхоо өөрөө хийх гэсэн болгоныг нь эсэргүүцэж болохгүй. Иймэрхүү дарамттай арга барилтай эцэг эх хүүхдээ зогсолтгүй янз бүрийн сургалт, дамжаанд сургаж, тэдэнд төрөл бүрийн чадвар эзэмшүүлэхийг оролдож өрсөлдөөнт нийгэмд бэлддэг. Энэ арга үнэхээр буруу арга гэж хэлэхгүй ч бүх эцэг эхчүүд нэг зүйлийг мартсан байдаг. Тэр нь хүүхдийн цовоо сэргэлэн төрөлх чанар. Хичнээн олон хүүхэд бага наснаасаа зузаан шил зүүж байна? Хичнээн олон хүүхдүүд бага наснаасаа л инээхээ больж байна? Мөн хичнээн олон хүүхдэд бага нас гэж байхгүй болчихов? Хүүхэд хүмүүжүүлэхдээ тэднийг хангалттай тоглуулж аз жаргалыг мэдрүүлж байх хэрэгтэй. Тэднийг аз жаргалтай ямарч дарамт шахалтгүй өсгөж өндийлгөн тэдний цовоо сэргэлэн занг үүрд хадгалж үлдээ. Хүүхдийнхээ далд чадварыг нээж гаргах хамгийн тохиромжтой үе нь тэд тоглож наадаад үнэхээр аз жаргалтай байх тэр л үе байдаг. Сургамжит түүх Дие Инг бол 3-настай маш цовоо сэргэлэн зантай бяцхан охин. Амралтын өдөр түүний ээж Ванг Жиа түүнийг дагуулан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалав. Ээж нь түүний урд алхангаа охинтойгоо намуухан дуугаар ярилцаж байв. Гэтэл гэнэт эргээд харахад охин нь байхгүй байлаа. Ванг Жиа сандран ийш тийш сандран хайв. Гэтэл нэг их хол биш газар өвсөн дээр хэвтэж байлаа. Газар дээр ямар нэгэн зүйл байгаа бололтой их л анхааралтай ажиглаж байв. Ванг Жиагийн сэтгэл нь тайвшран аяархан охиныхоо араас очив. Охин нь хэдэн өвсөөр сүрэл барьчихсан шоргоолжоор тоглож байв. Түүнийг урвуулж хөрвүүлэн бүх л хөдөлгөөнийг нь их л нарийн ажиглана. Ээж нь миний охин юу хийж байгаа юм гэж асуув. Ээжээ би шоргоолжтой тоглож байна гээд бяцхан Дие Инг толгойгоо ч эргүүлсэнгүй. Ванг Жиа хүүхдийнхээ ийм сониуч байхыг хараад ухаарал авав. Гэртээ харьсны дараа Ванг Жиа охиндоо далавчаа дэвдэг, дуугардаг жижигхээн шувуу авч өгөв. Охин нь маш их баярлав. Бүр гарнаасаа ч салгаж чадахгүй байлаа. Тэр шувууныхаа бүхий л хөдөлгөөнийг их нарийн шинжинэ. Хоёрдугаар өдөр нь Ванг Жиа ажлаа таран гэртээ иртэл охин нь харин тоглоомон шувуугаа гараараа салгачихсан зогсож байв. Ширээн дээр бас хэдэн хэсэг нь байлаа. Ээжийгээ хараад охин нь жаахан айв. Ээж нь албаар охиноосоо “Чи чинь яагаад тоглоомоо задлаад тавьчихваа ?”гэж асуув. Дие Инг айнгуй ээждээ хандан “Би зүгээр л түүний гэдсэн дотор юу байгаа болоод ингэж далавчаа дэвж, дуугарч байгааг нь харах гэсэн юм”гэв. Ванг Жиа тоглож чаддаг хүүхэд л сурч чаддаг гэдэгт итгэдэг болохоор маш их баярлав. Тэрээр энэ боломжийг ашиглан охиныхоо мэдлэгийг нэмэх ёстой гэж бодлоо. Тэр охиноо

дэмжин“Хонгор минь, чиний эвддэг шувуу яагаад далавчаа дэвдэгийг нь мэдэх хэрэгтэй”гэж хэлэв. Ээжийнхээ урам оруулсан үгийг сонсоод Дие Инг маш их баярлав. Шууд л тоглоомоо задлан бүх л бүтцийг нь нарийн судалж эхэллээ. Сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй хүүхдүүд маш хурц ажиглах чадвар, төсөөлөн бодох чадвар болон тунгаан бодох чадвартай байдаг. Харин эдгээр нь амжилтын үндэс суурь. Эмэгтэй хүүхдийн хувьд жаахан цовоо сэргэлэн байж инээж хөхөрч байвал их өмөрмөц сайхан намба төрхтэй харагддаг. Хүн гэдэг хэзээ ч тогтоол ус мэт сэтгэл хөдлөлгүй байж болохгүй. Цэцэг мэт охидыг үхээнц авгай болгож хүмүүжүүлж болохгүй. Энэ бол зөв хүмүүжил огтоос биш. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуныг хөгжүүлэхдээ зөвхөн тэдний танин мэдэхүйн чадварт нь анхаардаг харин тэд сэтгэл хөдлөлийн хүчин зүйлс хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд онцгой нөлөөтэй гэдгийг мартдаг. Яг л өмнөх жишээний Дие Ингийн түүхтэй адил түүний сониуч, сэргэлэн цовоо төрөлх зан нь түүний сэтгэл хөдлөлийн хүчин зүйлийн чухал хэсэг. Хүүхдүүд бол сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй байдаг. Тэд юм л хийж байвал яг юу хийж байгаа нь тийм ч чухал биш. Бүжиг бүжиглэх, байшин дээр гарах тэдний хувьд ямар ч ялгаа байхгүй. Тиймээс ээж аавууд хүүхдийнхээ оюуныг хөгжүүлэх гэж байна гээд тэдний сэтгэл хөдлөлийн хүчин зүйлийг нь орхигдуулж болохгүй. Хэрвээ тэгвэл охидын маань зан чанарт маш их хэмжээгээр сөрөг нөлөөтэй. Сэтгэл судлаачид хүний тархи мэдрэхүйн болон оюун ухааны гэж 2 хуваагддаг гэж үздэг. Оюун ухааны тархи нь тодорхой сэтгэн бодож, тунгааж, эргэцүүлдэг. Нөгөө нэг нь танин мэдэхүйн систем. Үүгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлж, урам зориг авдаг. Бүх л хүмүүс мэдрэхүйн болон оюун санааны тархиа зэрэг ашигладаг. Нэг үгээр хүний тархины системд мэдрэхүйн болон оюун санааны тархи харилцан хамааралтай байдаг гэж болно. Тус бүр өөрийн гэсэн чадвартай, хамтдаа хүний үйл хөдлөлийг шийддэг. Тиймээс охидынхоо оюун санааны тархийг нь хөгжүүлээд зогсохгүй түүний мэдрэхүйн тархийг нь хөгжүүлэх нь зүйтэй. Мэдрэхүйн тархины чухал талыг маш сайн ойлгож хүүхдийнхээ цовоо сэргэлэн төрөлх зан чанарыг хэзээ ч дарж болохгүй. Охид том болохдоо өөрийн сурвал зохих бүхий л зүйлийг сурдаг. Харин энэ явцад ганц л саад тотгор байдаг бөгөөд тэр нь эцэг эхчүүдийн үүнийг хий, тэрнийг хий гэсэн тушаал. Суралцахыг үүрэг болгон хийж дуусгахыг шаарддаг. Тэр ч байтугай ичээж, харааж, тэднийг дарамтлан хийлгэдэг. Хүүхэд хүмүүжүүлж байгаа хүн хэзээ ч хүүхдэд ингэж хандаж болохгүй. Үүний үр дүнд хүүхэд сурахыг үзэн яддаг болохын сацуу өөрийн зан чанараа алдахад хүрдэг. Ийм хүүхдүүд чулуу шиг хөшүүн, замбараагүй, удаан нэгэн болж хувирах нь их байдаг. Бид хүүхдийнхээ бүхий л хүсэл зорилгыг няцаагаад байж болохгүй. Тэдэнд өөрсдийн эрх чөлөөг нь олгох хэрэгтэй. Тэдний өдөр тутам тоглон наадаж буй тоглоом тэдний жинхэнэ сонирхол болж хувирдаг. Учир нь тэд тоглож байхдаа өөрийн дураар байдаг. Тэд өөрийнхөөрөө биш мэдрэмжийг мэдэрвэл шууд л тэр зүйлийг хаяж өөр зүйл хийхээр явдаг. Хичнээн хүчлээд хийлгэсэн ч анхаарал нь төвлөрдөггүй учраас үр дүн гардаггүй.

Яг үнэндээ бол охид хөвгүүдээс илүү хичээл чармайлттай байдаг. Тэдний хүндэлдэг хүмүүсийг охидынхоо үлгэр дууриал болговол илүү үр дүнтэй. Жишээлбэл, тэд бусад хүмүүсийн ажил хийх арга барилыг хараад тэд өөрсдөөс нь насаар ахмад, байр сууриар өндөр, насанд хүрсэн хүний онцгой эрхтэй учраас гэж бодвол тэд шунахай зангаар шунан тэдэнтэй адил болох хүслээ биелүүлэхийн тулд илүү их хичээл зүтгэл гаргадаг. Аав ээжүүд хүүхдийнхээ энэ онцлогийг үндэслэн тэдний онцгой чанар, дур сонирхлоос бий болж буй баяр хөөрийг ашиглаж сургах хэрэгтэй байдаг. Ингэснээр тэдний дуртай эрх чөлөөг мэдрүүлэхээс гадна сэргэлэн цовоо байдлыг хадгалж, охиныхоо сэтгэлийг хамгаалдаг. Бид хүүхэддээ нарийн төвөгтэй, шаардлагагүй тушаал буулгаж нэгэн хэвийн уйтгартай болгож болохгүй. Охидоо зөвхөн хүний үг л сонсдог, тунгаан бодож чаддаггүй машин болгож болохгүй. Төрөлхийн цовоо сэргэлэн бяцхан гүнжүүдээ гэнэн хөөрхөн, цэвэр ариухан, соёлтой хатагтай болгон хүмүүжүүлэх нь хүмүүжүүлэх ухааны гол чанар юм.

15. Охидоо шийдвэр гаргах чадварт сурга Шийдвэр гаргах чадваргүй байна гэдэг нь өнөөгийн охидын хувьд маш том дутагдал. Энэ дутагдлыг нь ор мөргүй устгаваас зохино. Бид охидоо багаас нь өөрийн гэсэн үзэл бодолтой болгож ямар ч асуудал дээр том хүний захиргаадалтаар асуудлыг шийддэг болгож болохгүй. Мэдээж ийм үзэл бас хэтэрхий хийсвэр байж болохгүй. Эс бөгөөс тэднийг нэг туйл руу нь хандуулж дураараа болгох аюултай. Хамгийн чухал нь бид охидоо ямарч асуудлыг хамгийн зөв, ашигтайгаар шийдэж сурахад л туслах хэрэгтэй. Шийдвэр гаргах чадваргүй хүн хүний амьдралын сайхан боломжийг шүүрээд авч чаддаггүй. Хичнээн сайхан боломж бололцоо байсан хэдий ч үргэлж түүнийг алдан явуулдаг. Сургамжит түүх Нэгэн Америк охин байж л дээ. Тэдний гэр дэндүү ядуу. Ээж нь охиноо бүжгийн гоц авъяастайг анзаараад хураасаар байж сургалтын төлбөр бүрдүүлээд түүнийг амжилтын замыг нь олуулахаар бүжгийн сургуульд оруулав. Харин охин нь 3 удаа очоод л дахин очихыг хүссэнгүй. Ээж нь маш их гайхан охиноосоо учрыг нь асуув. Охин нь маш хариуцлагатайгаар“Ээжээ тэр хөлийн өлмий дээрээ бүжиглэдэг бүжиг үнэхээр муухай харагдаж байна. Миний биед үнэндээ зохихгүй”гэв. Ээж нь охиноо бүжигт маш өндөр түвшний бодолтой гэдгийг ойлгов. Гэвч охиных нь үзэл зөв үү? Буруу юу? Энэ залхуурсандаа хэлж байгаа үг биш биз? гэж эргэлзэв. Тэрээр сургалтын төлбөрт амьдрах зардлаасаа багагүйг төлсөн тул, охиноо их л няхуур харав. Ээжийгээ зөвшөөрөхгүй байгааг хараад охин нь үргэлжлүүлэн ярьж чадсангүй. Тэр ээжийгээ өөрийнх нь төлөө хичнээн хөлс хүчээ шавхсаныг мэдэж байгаа тул дахин бодсоны эцэст ээждээ “Ээжээ энэ төрлийн бүжиг санаан зоргоор зүйл биш, ердөө ч миний бүжиглэхийг хүссэн бүжиг биш, би өөрийнхөөрөө бүжиглэхийг хүсч байна” гэлээ. Ээж нь харин охиныхоо тайлбарлахыг сонсоод түүнийг зэмлээгүйгээр барахгүй бүр магтав. Ээж нь “Ээж нь юу ч хэлэхгүй ээ. Нэгэнт л чи өөрөө бодоод ийм тодорхой шийдвэр гаргасан болохоор ээж нь охиныхоо үзэл бодлыг хүндэтгэнэ. Хэрвээ чиний өөрийн бүжиг л чамайг илэрхийлж чадна гэж бодож байвал зоригтой түүнийгээ бүжиглэ.” гэв. Охин урлагийн мөн чанарыг ойлгоод зогсохгүй, хүний амьдралын мөн чанарыг ч ойлгов. Ээжийнхээ дэмжлэгийг олсон охин илүү урам зоригтойгоор өөрийн арга барилаар бүжиглэж эхлэв. Тэрээр өөрийн эрх чөлөөтэй, эрхэмсэг, романтик, амьдралын эрч хүч дүүрэн бүжгийн хэлбэрээр эртний хэв загварыг үгүй хийж олон түмний оргилсон сэтгэл болон хайр сэтгэлийг оргилуулж байлаа. Тэр уламжлалт балетаас тэс өөр бүжгийн сургуулийг нээв. Тэр бол “Дэлхийн орчин үеийн бүжгийн эх” гэж цоллогддог Исадора Дунсан юм. Хүүхэд хүмүүжүүлэхэд мэдээж хүүхдэд жаахан дүрэм журам зааж сургах хэрэгтэй. Гэвч хүүхдийг хэтэрхий шат дараалалтай болгож болохгүй. Ийм хүүхдүүд ерөөсөө л эцэг эх нь алгаараа удирддаг машин болж хувирдаг. Үүрд өөрийн гэсэн үзэл бодолгүй, шийдвэр гаргах чадваргүй нэгэн болдог. Энэхүү ном шийдвэр гаргах чадварыг заавал байх хэрэгтэй зан чанар гэж тодорхойлж байна. Учир нь шийдвэр гаргах чадвар гэдэг бол нэгэн төрлийн сэргэг

ухамсар, түүнд даван гарах увдис бий. Зөв шийдвэр охидыг занганд унахаас сэргийлж, тэднийг илүү чадварлаг харагдуулдаг. Эцэг эхчүүд охиноо хэрхэн яаж шийдвэр гаргах чадварт суралцуулах вэ? Юуны түрүүнд шийдвэр гаргах чадвар гэдгийг тайлбарлая. Шийдвэр гаргах чадвар гэдэг нь эрс шийдэмгий байхыг хэлнэ. Гэвч энэ шийдвэр нь гүжирмэг бус шийдэмгий байх хэрэгтэй. Дайрч давшилсан, хүчилсэн бус байна. Дайрч давшилсан шинж нь шийдвэр гаргалтын хэлбэртэй байдаг. Хэрвээ хүүхдэд бүхэлд нь задлан шинжлэх үйл явц ердөө ч байхгүй бол тохиромжтой учир шалтгааныг гаргаж ирж чаддаггүй. Тиймээс түүний шийдвэр гаргалт нь дайрч давшилсан шинжтэй болдог. Илэрч байгаа байдал нь дураараа, бүдүүлэг байдаг. Харин хүүхэд том болоод бүдүүлэг ярьдаг, түрэмгий нэгэн болох магадлалтай байдаг. Хүүхдээ хүчилсэн шинжээр харьцаж харгис зангаар номхтгодог бол өөрийн гэсэн үзэл бодол байхгүй, эцэг эх юу хий гэнэ тэрийг дургүй ч гэсэн айж хийдэг, дотоод сэтгэл нь сул дорой болдог. Хүүхдийн шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхдээ эцэг эхчүүд бид хүмүүжүүлэх арга барилаа амьдралын нарийн ширийн зүйлтэй холбон өгч байх хэрэгтэй. Хүүхдээсээ үе үе аман шалгалт авч байхад гэмгүй. Асуудалд хариу үйлдэл гаргуулж сурга. Энэ бол хамгийн их нөлөөтэй арга. Мөн төсөөллийн амьдрал дээр 3 хүний хэлэлцүүлэг хийгээд хамгийн сайн хэлбэрийг нь сонгож болно. Жишээ нь: Ээж хүүхэддээ зузаан хувцаслаарай гадаа сэрүүвтэр байна гэж хэлнэ. Хүүхэд нь ингэж хариулна:“Ядаргаатай юм. Та дандаа л намайг зузаан хувцасла гэж байх юм” Харин зарим хүүхдүүд: ”Ээжээ, би өнөөдөр гадаа тийм ч их хүйтэн байна гэж бодохгүй байна. Бас бид нар өнөөдөр ажилтай тиймээс зузаан хувцаслаж болохгүй нь. Бас нэг хэсэг нь юу ч дуугарахгүй өмсөөд гарна. Иймэрхүү зүйл айл гэрт их тохиолддог. Ихэнх тохиолдолд хүүхдүүд эхний хариултаар хариулах нь элбэг байдаг. Бодит байдлаар харахад энэ арга нь давшилсан шинж чанартай байна. Хариулт нь зөрүүдэлсэн байдалтай байна. Гуравдугаар хариулт нь хэтэрхий хүлцэнгүй байна. Хэрвээ бүх зүйл дээр ийм байвал хүүхдүүд өөрийн бодож сэтгэх чадвараа алдана. Зөвхөн хоёрдугаар арга л хамгийн зөв шийдвэр. Учир нь маш зөв шалтаг гаргаж өгч байна. Энэ шалтгаан нь бусдад түүний эсэргүүцэл нь учир шалтгаантай шүү гэдгийг харуулж байна. Үнэндээ охид өдөр өдрөөр том болохын хирээр тэд аажим аажмаар өөрийн гэсэн үзэл бодолтой болдог. Түүний шийдвэрлэх асуудал маш их болдог. Энэ үед эцэг эхчүүд нь төвийг сахин хажуунаас нь удирдаж чадвал тэднийг шийдвэр гаргах чадвартай болгодог. Амьдрал дээр их тохиолддог зарим нэг жишээнүүдийг орууллаа. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ иймэрхүү тоглоомоор тоглож тэднээр шийдвэр гаргуулж болно.

1. Хэрвээ охины хамгийн сайн найз нь түүний нэг ч удаа өмсөж байгаагүй роликийг гуйна 2. Аав нь охиноосоо машин угаахад туслаач гэнэ. Гэвч охин нь маргааш маш чухал шалгалттай. 3. Багш нь түүнийг хичээл тарсны дараа үлдээд өөр нэг сурагчийн хичээлийг давтуулаад өгөхийг гуйна. Гэвч тэр өөр нэг дотны найзтайгаа өөр юм хийхээр төлөвлөсөн байгаа. 4. Ангийнх нь гайгүй харилцаатай охин түүнийг даалгавраа хуулуулаач гэж гуйна. Учир нь тэр охинд хийж дуусгах цаг хүрэлцэхгүй байгаа. 5. Ээж нь охиноо түүний сонгож авсан хувцасыг өмсөхийг хүснэ. Гэвч охинд нь тэр хувцас ердөө ч таалагдахгүй байгаа. 6. Хамгийн сайн найз чинь чамайг хамт кино үзэхийг хүснэ. Гэвч тэр чиний дургүй хүнийг дагуулж очихыг хүсч байна. Чи түүнтэй нь хамт кино үзэхийг хүсэхгүй байна. Энэ үед яах вэ? 7. Аавынх нь цэргийн найз танайд 5 настай охиноо дагуулж ирж оройн хоол иднэ. Гэвч түүний охин нь үнэхээр эгдүүцмээр зантай. Чи түүний хажууд суухыг хүсэхгүй байна. Энэ үед яах вэ? Хүүхдийг шийдвэр гаргах чадварт сургана гэдэг нь нэг талаас тэр өөрийн хүсээгүй зүйлдээ эсэргүүцэл үзүүлж чаддаг болгох юм. Нөгөө талаас охиноо сайн саналыг, зөв шийдвэрийг хүлээж авдаг болгох хэрэгтэй. Ингэж сургаснаар түүний шийдвэр гаргалт нь шударга, хамгийн зөв байж чадна. Түүнээс гадна эцэг эхчүүд нь өөр хүний тэдэнд таалагдахгүй саналыг хэрхэн хүлээн зөвшөөрч байгаа нь охидод нөлөөлдөг. Гэр бүл дотроо улс төрийн хэлэлцүүлэг эсвэл өөр маргаантай асуудлын талаар хэлэлцэж үүнийгээ зуршил болгох хэрэгтэй. Иймэрхүү хэлэлцүүлэг дунд хүүхдүүд өөрийн үзэл санаагаа илэрхийлж сурахын сацуу бодож тунгааж чаддаг болдог. Хүүхдүүд чинь өөрийн арга барилаа чанд баримталж байгаа үед ээж аавууд нь үргэлжлүүлэн асуух хэрэгтэй. “Чи яагаад ингэж байгаа юм бэ? Энэ шийдвэр чамд маш их асуудал авчирч байна шүү дээ” гэж. Энэ мэт тэдний шийдвэрийг сайн сонсож яагаад ингэж бодсоныг нь асууж тогтоон мөн идэвхтэй хандлагыг заавал хадгалж үлдэх хэрэгтэй. Өөрийнхөө арга барилаар үргэлжлүүлэн хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж урамшуулах хэрэгтэй. Охидын хувьд тэд өөрсдийнхөө шийдвэрийг гаргасан л бол илүү сайн хийхийг хүсдэг. Харин хэн нэгэн дургүйцэж эсэргүүцэх, бүр урдаасаа ус цацуулах бүр ч дургүй. Мэдээж хүүхдийн нас бага, тэдний бодол, шийдвэр үргэлж л бага сага ч атугай алдаатай байдаг. Энэ үед эцэг эхчүүд засах гэж яарах хэрэггүй. Зарим нэг шийдвэрийг хүүхдүүд өөрийн биеэр шалгаж үзэх хэрэгтэй. Ийм сэтгэгдэл тэднийг та нарын үзэл бодлыг хүлээн авахад илүү дөхөм болгодог. Зарим үед охидоо жаахан нийгмийн чанартай асуудлыг сонирхож хардаг болго. Жишээ нь: ажилгүйдэл, жендерийн асуудал, нийгмийн тэгш бус байдал, ёс зүйгүй байдалд санал бодлоо


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook