Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Published by Guset User, 2022-11-17 03:08:12

Description: 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Search

Read the Text Version

Эхний хэсэгт “Хэн/Тэр” гэдгийг тодотгосон бол, хоёр дахь хэсэгт “Юу?” гэсэн асуултуудад хариулт өгчээ. Түүний үеийн сор болсон хүмүүсийн санааг юу мохоож байв? Гинзберг үүний хариултыг “Молох” (Moloch) гэжээ. Тора сударт өгүүлснээр Молох нь хүүхдээрээ галд тахил өргөн, тахин шүтдэг бурхан юм. Өөрөөр хэлбэл тийм ч таатай бурхан биш ажээ. Молохын талаарх шашны бичвэр болон түүх бол туйлын ярвигтай, тиймээс шүлэгт дүрсэлснээр ойлгоход арай дөхөм. Гинзбергийн үзэж байгаагаар Молох нь дайн, засгийн газар, капитализм, болон зонхилох соёлтой холбоотой бөгөөд эдгээрийг бүгдийг нь нэгтгэн “машин / механизм” гэсэн нь шүлгийн үндсэн санаа болж байгаа юм. Молох бол залуусыг, хайр дурлалыг үгүй хийдэг хүмүүн бус мангас юм. Харин гуравдугаар хэсэг нь Гинзбергийн дотны найз Карл Соломонд хандсан шүлгүүд юм. Тэрээр Колумбын сэтгэл мэдрэлийн хүрээлэнд 8 сар эмчлүүлж байх үедээ түүнтэй танилцсан ажээ. Соломон Нью-Йорк хотоос зохиогчийн “гэрт” ирж, тэд дахин уулзаж байгаа зүүдээр шүлэг төгсдөг. Ерөнхий утга агуулгын хувьд “Улиан” гэсэн нэр яг оноод өгчихсөн нэр юм. Энэ бол Гинзбергийн сайн нөхдийг нь сүйтгэсэн гэж үздэг тэр соёлд хандан хашхирсан хүчтэй, өр өвтгөм гунигтай улиан. Тус зохиолд гаргаж тавьсан соёлын олон асуудлууд өнөө хэр нь маргаантай хэвээр. Хэдхэн жилийн өмнө 2007 онд Нью-Йоркын радио станц шүлгийн “эрээ цээргүй” үгсээс болоод торгууль хүлээж болзошгүй хэмээн болгоомжилж “Улиан” шүлгийг эфирт цацахыг болиулж байжээ. “Улиан”-ыг “зүй бус” биш хэмээн зарласан шүүх ажиллагаа болсны 50 жилийн ойг тохиолдуулан нийтэд хүргэх гэж байсныг ийнхүү болиулсан нь үнэхээр гайхаш төрүүлмээр хэрэг болсон юм. Үүнээс өмнө тэртээ 1969 онд “Улиан” шүлэг радиогоор нийтэд цацагдсанаас үүдэн парламентын хурлаар хэлцэгдэж байсан сонирхолтой явдлыг дор сийрүүлье. 1969 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Финландын Yleisra- dio (Финландын олон нийтийн радио, телевизийн компани)-ийн 22:30 цагийн нэвтрүүлгээр “Улиан” шүлгийн хэсгээс цацжээ. Шүлэг аль хэдийн 1961 онд фин хэл дээр орчуулагдан утга зохиолын сэтгүүлд нийтлэгдсэн байсан бөгөөд тухайн үед ямар ч асуудал гарч байгаагүй ажээ. Финландын парламентын Либерал намын гишүүн Арне Бернер тус нэвтрүүлгийг сонсоод, Зам тээвэр, олон нийтийн асуудал эрхэлсэн яаманд Тодруулга авах хүсэлт гаргажээ. Түүнийг оролцуулаад Парламентын нийт 200 гишүүний 82 нь тус хүсэлтэд гарын үсэг зурсан байжээ. Ингэхдээ тэд шүлгийн нийт 70 мөрөөс зөвхөн 6 мөрийг иш татсан байв. Энэ нь цаанаа улс төрийн зорилготой байсан юм. Парламентад ширүүн мэтгэлцээн өрнөж, тус радиогийн олон нийтийн боловсролд гүйцэтгэх үүргийг шүүмжлэн хэлэлцэж байв. Тухайн үед Финландад ижил хүйстний харилцаа хууль бус хэмээн тооцогдож байсан юм.

Эцэст нь олон нийтийн радиогоор ямар үгийг зөвшөөрөх эсэх тухай асуудал болж маргаан намжсан байна. Зам тээвэр, олон нийтийн асуудал эрхэлсэн яамнаас 1969 оны 12 сард Yleisradio “Улиан” шүлгийг цацсанаар радиогийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд сануулга өгөөд өнгөрч байжээ.

#20 The Jungle Ширэнгэн ой Зохиолч:Эптон Синклер (Upton Sinclair) Хэвлэгдсэн он: 1906 Төрөл: Улс төрийн сэдэвт роман Зохиогчийн тухай Эптон Синклер 1878 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ- ын Балтиморт төрсөн. Түүний гэр бүл туйлын ядуу нөхцөлд амь зууж байв. Харин тэр чинээлэг өвөө, эмээтэйгээ хэсэг хугацаанд хамт амьдарч байжээ. Тэр хожим эрс тэс ялгаатай амьдралыг мэдэрсэн нь түүнийг социалист болоход нөлөөлсөн хэмээн дурссан байдаг. Сүсэг бишрэлтэй бяцхан Синклер уран зохиолд дуртай нэгэн байжээ. Тэр сурлага сайтай ухаалаг сурагч байсан ба 14 настайдаа Нью-Йорк хотын коллежид элсэн орсон байна. Удалгүй түүний анхны өгүүллэг үндэсний сэтгүүлд хэвлэгджээ. Тэр сонин, сэтгүүлд өгүүлэг бичиж олсон мөнгөөр коллежийн төлбөрөө төлөх болов. Синклер 17 настайдаа өөрийн байртай болсны зэрэгцээ эцэг эхдээ санхүүгийн хувьд туслах хэмжээний хангалттай мөнгө олдог болсон байжээ. Тэрээр олон төрөл жанраар 100 орчим ном бичсэний дотор түүнд асар их нэр хүндийг авчирсан “Ширэнгэн ой” роман багтдаг. Хэд хэдэн хэвлэлийн газраас татгалзсан хариу авсны дараа өөрийн хөрөнгөөр уг бүтээлээ хэвлүүлж байжээ. Зохиолч Эптон Синклер 1943 онд Пулицерын шагнал хүртсэн ажээ. Тэрээр 1968 оны 11 сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн.



Хориг Олон жилийн туршид америк оюутнууд аж үйлдвэрийн хувьсгалын талаарх нийгмийн ухааны хичээл дээрээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйг Эптон Синклерийн “Ширэнгэн ой” романаар дамжуулан судалсаар иржээ. “Ширэнгэн ой” романыг Radcliffe хэвлэлийн газраас ХХ зууны топ 100 романы 45 дугаарт бичсэн ч түүнийг хориглох оролдлогууд байнга гардаг ажээ. Ядуурал газар авсан, нийгмийн хөтөлбөр байхгүй, амьдрах, ажиллах нөхцөл муу тухай, мөн ажилчин ангийн хүнд амьдрал, засгийн эрхэнд бий авлигад идэгдсэн эрх баригчдын тухай өгүүлэх зохиолыг 1929 онд Югослав, 1956 онд Зүүн Герман, 1985 онд Өмнөд Солонгост тус тус хоригложээ. Үүнээс гадна зохиолчийн социалист үзэл санаанаас үүдэн 1933 онд Нацист Германд шатааж байжээ.

Номын тухай Зохиолчийн энэ бүтээлийг бичсэн зорилго нь мах савлах үйлдвэрт ажилладаг цагаач эрийн дүрээр капиталист нийгэм дэх хөлсний ажилчдын ядуу тарчиг, гутамшигтай нөхцөлд байгаад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьсон. Гэвч түүний энэ санаа мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн нөхцөл хүнд, хууль тогтоомж дутагдалтай байгаа тухай дүрслэлд дарагдсан ажээ. Энэ тухай Синклер “Би хүмүүсийн зүрхийг онилсон боловч, тэдний ходоодонд онолоо” хэмээсэн байдаг. Зохиолын эхлэл таатай биш, цааш улам л таагүй зүйлсийн тухай дурдагдана. Өнгөрсөн зууны Чикаго хотын Пакингтаунд зохиолын үйл явдал өрнөх ажээ. Зохиолд Югославаас цагаачлан ирсэн Юргис Рудкус болон түүний гэр бүлийн тухай өгүүлнэ. Юргис Рудкус, эхнэр Она Лукосзайт нар Литваас Чикагод цагаачлан ирээд удаагүй бөгөөд хуримын цайллагаа Пакингтаун дүүргийн нэгэн бааранд тэмдэглэсэн ажээ. Хосууд хэдэн хамаатныхаа хамт Чикагод ирсэн байлаа. Гэвч Литвийн цагаачдын төв бөгөөд Чикагогийн мах савлах үйлдвэрийн дүүрэг болох Пакингтаун нь ажил олоход тун амаргүй хүнд, аюултай, бохир заваан газар ажээ. Хуримын цайллагын дараа Юргис, Она хоёр уушны газрын эзэнд 100 гаруй ам.долларын өртэй болсон байлаа. Литвад хуриманд ирсэн зочид зардалд нэмэрлэн мөнгө орхих нь бичигдээгүй хууль. Гэтэл Америкт ядуу зүдүү олон цагаачид мөнгө орхилгүй найрыг орхин гарсан байлаа. Америк мөрөөдлөөрөө жигүүрлэсэн Юргис, хичээнгүй ажиллахад л энэ бүх өрнөөсөө гарна гэж итгэх ажээ. Залуу, эрч хүчтэй Юргист ажил амархан олдов. Онагийн үеэл Мария, ах Тета хоёр ч мөн ажилтай болжээ. Тэдний гэр бүл байшин худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ нь тэднийг цусгүй алах гэрээ байсныг мэдсэнгүй. Гэрээнд дүүрэн далд зардлууд байснаас гадна байшин чанаргүй баригдсан байв. Гэр бүлийнх нь амьдрах зардал нэмэгдсээр Она хүртэл ажил хайх хэрэгтэй болов. Пакингтаунд голдуу хөлс хүч шавхсан хүнд ажлууд байхаас гадна хүнийг өчүүхэн төдий ч анхаараагүй аюул осол ихтэй нөхцөлд ажиллуулдаг байна. Үүний зэрэгцээ цагаачид гэмт хэрэг, авлигад татагдан орох явдал их байсан үе. Юргисийн эцэг өөрт нь ажил олж өгсөн хүнд цалингийнхаа гуравны нэгийг өгч байх тохиролцоог зөвшөөрснийхөө дараа л ажилтай болжээ. Гэвч ажил нь настай хүнд ахадсан хэцүү ажил байснаас бие нь дийлээгүй өнгөрсөн байна. Пакингтаунд өвөл хамгийн осол аваар ихтэй улиралд тооцогдох ажээ. Юргисыг халаалтгүй нядалгааны газарт ажиллахыг албадсан байна. Тэнд үзэгдэх орчин хязгаарлагдмал бөгөөд тэр ажилдаа явснаараа өөрийн амьдралаа өдөр бүр эрсдэлд оруулдаг. Мария Тамосиус нэртэй хийлч залуутай уулзах болсоор удаж байгаа ч хосуудад хурим хийх хангалттай мөнгө байхгүйгээс тэд хэзээ ч гэр бол болж чадахгүй байв. Мариягийн ажиллаж байсан үйлдвэр хаагдаж, тэр ажилгүй болжээ. Гэр бүлийнхээ нөхцөл байдалд сэтгэл зовниж

байсан ч удахгүй байдал дээрдэнэ хэмээн найдсаар Юргис холбоонд элсчээ. Юргис аажмаар Пакингтауныг хөл дээр нь тогтоодог улс төрийн авлига, хээл хахуулийн торон сүлжээг ойлгож эхэлнэ. Тэр танилын хүрээгээ нэмэгдүүлэхээр англи хэл эрчимтэй сурахаар шийджээ. Харин Мариягийн хувьд, хуучин ажилдаа эргэн орсон ч цалин хөлсний маргаанаас болоод дахин халагджээ. Мария өөрт нь өгөх ёстой хөлсийг буруу тооцож, хуурч байгаад гомдоллосон байв. Она жирэмсэн болсон учир түүнд хийж буй ажил нь хэтэрхий хүнд болж ирэв. Түүний ахлагч хатагтай Хендерсон биеэ үнэлэгчдийн сүлжээг хянадаг байжээ. Үйлдвэрийн дийлэнх охидыг биеэ үнэлдэг болгосон байлаа. Она эрүүл чийрэг хүү төрүүлсэн бөгөөд тэд түүнд Антанас гэсэн нэр өгчээ. Харин Онаг долоо хоноод буцаад ажилдаа орохыг шаардсан байв. Пакингтаунд, жаахан л алдаа эндэгдлээс болж гэр бүл нь сүйрэхдээ тулах энүүхэнд ажээ. Юргис шагайгаа гэмтээж, гурван сарыг орондоо өнгөрөөх хэрэгтэй болсон юм. Хэдийгээр ажиллах нөхцлөөс үүдэн осол гарсан хэдий ч үйлдвэрээс цалин тэтгэмж өгөөгүй байна. Ядуурал хоосролыг тэвчиж чадаагүй Жонас юу ч хэлэлгүй гэрээсээ явжээ. Тетагийн отгон хүү Кристофорас хоолны хордлогоос болж нас барав. Юргис эдгэж, ажилдаа эргэн очтол түүнийг буцааж авсангүй. Удаан хугацаанд ажил хайн явсны эцэст бордооны үйлдвэрт ажил олджээ. Энэ үйлдвэр бол Пакингтауны хамгийн “тэнэг” газар. Тэр бүхнийг тэвчих гэж архи уух болсон байна. Она ахин жирэмсэн болжээ. Нэгэн шөнө тэр ажлаасаа ирсэнгүй. Юргисын олж мэдсэнээр түүний захирал Фил Коннор Онаг хорьж үлдээн, түүнтэй унтсан байжээ. Галзууртлаа уурласан Юргис Коннор руу дайрч, үүнээс болоод баривчлагдана. Шударга бус шүүх ажиллагааны дараа түүнд нэг сар шоронд хориох ял оноожээ. Гэр бүл нь дахиад л түүний цалингүйгээр өл залгуулах ёстой болов. Шоронд Юргис Жэк Дуанэ нэртэй эрүүгийн хэрэгтэнтэй найзлаж байв. Суллагдсаныхаа дараа гэр бүл нь байшингаа алдаж, анх тэднийг Чикагод нүүж ирээд байрлаж байсан нийтийн байранд амьдрах болсон байлаа. Түүнийг нийтийн байранд орж ирэхэд Онагийн орилох дуу хадаж байлаа. Тэр төрхийн хүндрэлээр нас барав. Хүүхэд нь ч бас энджээ. Шаналж тарчилсан Юргис архинд толгойгоо мэдүүлэх болов. Тета түүнийг хүүгээ бод хэмээн ятгасны хүчинд Юргис ажил хайж эхэлжээ. Нэгэн чинээлэг эмэгтэйн тусламжтайгаар ажилтай болж, хүү Атанасынхаа төлөө мэрийн ажиллаж байв. Амьдралд итгэх итгэлээ буцаан олж авав. Гэвч түүнийг дахин уй гашууд автуулсан явдал болов. Атанас живж, золгүй явдал тохиолоо. Цөхөрсөн тэрээр гэр бүлийнхээ бусад гишүүдийг орхин, энэ тэрүүгээр хэрэн хэсэх болжээ. Өвөл нь тэр Чикагод эргэн ирээд ачаа тээврийн нүхэн гарц ухах ажилд оров. Гэвч ажил

дээрээ дахин осолд орж, хэсэг хугацааг эмнэлэгт өнгөрүүлэх шаардлагатай болжээ. Түүнийг эмнэлгээс гарахад халаасанд нь сохор зоос ч байсангүй, ажил ч олж чадсангүй. Тэгээд гуйлга гуйж эхлэв. Нэгэн шөнө баян эр түүнд 100 долларын дэвсгэрт өгчээ. Юргис барменд мөнгийг өгч задлуулах гэсэн авч түүнийг хуурч, 95 цент буцаан өгчээ. Юргис түүн рүү дайрч, шоронд оров. Шоронд тэр Жак Дуанэтэй ахин таарав. Хоёр эр шоронгоос суллагдаад хамтрагчид болж дээрэм, тонуул хийж эхлэсэн байна. Юргисыг улс төрийн авлигач албан тушаалтан Майк Скаллид ажиллуулахаар авсан байна. Пакингтаунд хэд хэдэн ажил хаялт болоход, Юргис жагсаалыг үймүүлэн холбооны хүчин чармайлтыг сулруулах ажлуудыг хийж, үүнийхээ төлөөсөнд чамгүй мөнгө авдаг байжээ. Нэг өдөр тэр Фил Коннорыг хараад, урьдын хэрэг явдал сэдэрч түүн рүү халджээ. Тэр ахин шорон руу илгээгдэв. Коннер Майк Скаллигийн дотны найз байсан тул Юргисын холбоо харилцаа түүнд тус болсонгүй. Суллагдсаныхаа дараа Юргис коммунист намд элсчээ. Цөөн хэдэн капиталистууд биш – ажилчид өөрсдөө үйлдвэрийнхээ эзэн нь байна гэсэн үзэл түүнд нөлөөлжээ. Социалист эзэнтэй зочид буудалд ачаа зөөгчийн ажилд орж, гэрийнхнийгээ ч олж уулзав. Юргис “олон хүн социализмд орох юм бол, Чикаго биднийх болно” гэсэн шинэ итгэл үнэмшилтэй болсон байлаа.

#21 Lady Chatterley’s Lover Хатагтай Чаттерлейгийн амраг Зохиолч: Д.Х.Лоуренс (D.H.Lawrence) Хэвлэгдсэн он: 1928 Төрөл: Хайр дурлал Зохиогчийн тухай Зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, уран зохиолын шүүмж бичигч бөгөөд зураач Дэвид Херберт Лоуренс (David Her- bert Lawrence) нь 1885 оны 9 дүгээр сарын 11-нд Англид төржээ. Хүнд хүчир амьдрал, ажилчин ангийн хүмүүжил түүнд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг бөгөөд бүтээлүүддээ ядуу уурхайн тосгонд өссөн бага насны туршлагаа нилээд тусгасан байдаг. ХХ зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэгд тооцогддог Лоуренс “Хөвгүүд ба амрагууд” (Sons and lovers), “Дурласан бүсгүйчүүд” (Women in love) зэрэг олон роман, яруу найргийн бүтээлүүд хэвлүүлснээс “Хатагтай Чаттерлейгийн амраг” бүтээлээрээ олонд танигдсан. 1928 онд Италид хэвлэгдсэн энэхүү илэн далангуй сексийн өгүүлэмж бүхий бүтээлийг АНУ-д 1959 он хүртэл, Англид 1960 он хүртэл хориглож байв. Түүнийг 1930 онд Францад нас барах үед олон нийтийн дундах нэр хүнд нь шавхагдашгүй авъяасаа үрэн таран хийсэн садар самууныг сурталчлагч гэж үзэх хэмжээнд л байжээ. Лоуренсыг өдгөө суут сэтгэгч, Английн уран зохиол дахь модернизмын томоохон төлөөлөл хэмээн үнэлж байна.

Хориг Лоуренс “Хатагтай Чаттерлейгийн амраг” зохиолоо анх 1928 онд Италид хэвлүүлж байжээ. Түүнээс хойш 1929 онд АНУ-д, 1932 онд Ирланд болон Польш, 1959 онд Австрали болон Япон, 1960 онд Канадад, 1987 онд БНХАУ-д тус тус хориглосон. Тус зохиолыг тойрсон маргаан, хоригийн тухай танилцуулъя. Британид болсон шүүх ажиллагаа 1960 онд Penguin Books компани Британид тус зохиолыг бүрэн эхээр нь хэвлэсэн хэвлэлийг нийтэд гаргажээ. 1959 оны Садар самууныг сурталчилсан хэвлэлийн тухай хуулиар Penguin компанийг шүүхэд татсан нь олон нийтийн анхаарлыг нилээд татсан ажиллагаа болсон юм. Хэд хэдэн эрдэмтэн, судлаачдыг гэрчээр оролцуулсан шүүх хурлын 1960 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн шийдвэр “буруугүй” хэмээн гарчээ. Энэхүү шийдвэр нь Их Британий хэвлэн нийтлэх эрх чөлөөний хувьд чухал үйл явдал болсон юм. 1961 онд мөн Penguin компаниас гаргасан хоёр дахь хэвлэлд “Энэхүү зохиолыг хэвлэснээрээ Penguin Books компани Садар самууныг сурталчилсан хэвлэлийн тухай хуулийг зөрчсөн хэргээр Лондон хотын Өүлд Бэйлид 1960 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл шүүсэн билээ. Энэхүү хэвлэлийг “Буруугүй” хэмээх шийдвэр гаргасан 12 иргэний төлөөлөгчид зориулав. Тэдний ачаар Д.Х.Лоуренсын сүүлчийн роман Их Британид анх удаагаа олон нийтийн хүртээл болох боломжтой болсон юм” гэжээ. Австрали Австралид “Хатагтай Чаттерлейгийн амраг” романыг хориглоод зогсоогүй Британид болсон шүүх ажиллагааны тухай “Хатагтай Чаттерлейгийн шүүх ажиллагаа” хэмээх номыг ч мөн хоригложээ. Тус номыг нууцаар хил нэвтрүүлж, хэвлэсэн байжээ. 2009 оны 10 дугаар сарын эхээр, Австралийн Шуудангийн холбооны байгууллагаас зохиолыг тус байгууллагын номын дэлгүүрээр худалдаалахыг хоригложээ. Канад 1945 онд, МcGill Их сургуулийн хуулийн багш бөгөөд Канадын модернист яруу найрагч Ф.Р.Скотт Канадын дээд шүүхэд тус номын хоригийг цуцлуулахаар хүсэлт гарган тэмцсэн хэдий ч Канадад энэ зохиол 30 жилийн турш “хориотой” байв. 1960 оны 11 сарын 15-нд хоригийг цуцалжээ. АНУ 1929 онд,АНУ-ын Гаалийн алба тус зохиолыг хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. 1959 онд хоригийг цуцлуулахаар Барни Россет болон Чарльз Рембар нарын тэмцсэн гурван зохиолын нэг нь “Хатагтай Чаттерлейгийн амраг” роман байжээ. 30 жил хориотой байсан роман 1959 онд л албан ёсоор америк уншигчдын хүртээл болжээ.

Япон 1950 онд Сэй Ито (Sei Ito) “Хатагтай Чаттерлейгийн амраг” зохиолыг орчуулж гаргасан нь Японд шуугиан тарьсан шүүх ажиллагаа явуулахад хүргэсэн бөгөөд тус шүүх хурал 1951 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1952 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл явагдсан бөгөөд давж заалдах шүүх хурал 1957 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилжээ. Хэд хэдэн нэрд гарсан уран зохиолын алдартнууд тус шүүх ажиллагаанд өмгөөлөл хийхээр оролцсон ч шүүхийн эцсийн шийдвэр “буруутай” хэмээн гарч Итог 100000 иен, зохиолыг хэвлэсэн компанийг 250000 иенээр торгосон байна. Энэтхэг 1964 онд Бомбэйн номын худалдаачин Ранжит Удешийг “Хатагтай Чаттерлейгийн амраг” зохиолыг худалдаалж Энэтхэгийн эрүүгийн хуулийн 292 дугаар зүйл анги (садар самуун агуулгатай ном худалдах)-ийг зөрчсөн хэрэгт буруутгаж байв. Номын тухай Зохиолч амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн “Хатагтай Чаттерлейгийн амраг” романд гурван хувилбар гарган хэвлүүлж байсан бөгөөд сүүлийн хувилбар буюу бэлгийн харилцааг ил тод илэрхийлсэн хувилбарыг Англи, Америкт хориглож байв. “Хатагтай Чаттерлейгийн амраг” роман зохиолын эмэгтэй гол дүр Конни Рейдийн тухай танилцуулгаар эхэлдэг. Тэрээр язгууртан гаралтай бөгөөд 1917 онд 23 настайдаа мөн л сурвалжит гаралтай Клифорд Чаттерлейтэй гэрлэжээ. Бал сар дууссаны дараа нөхөр нь дайнд явах бөгөөд дайнаас эргэн ирэхдээ бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон байжээ. Дайн дууссаны дараа Клифорд, Конни нар Тевершел хэмээх уурхайн тосгоны орчимд ирж суурьшина. Тахир дутуу болсон Клифорд эхнэрээсээ бүрэн хамааралтай болсон байлаа. Конни ч түүнтэй чадлаараа зөөлөн хандаж байлаа. Тэр нөхрийгөө эргэн тойрноосоо, бусад хүмүүсээс тасарсан, эзэмшдэг уурхайнхаа ажилчдыг хүн гэхээсээ илүү эд бараа шиг үзэн холбоо харилцаагүй байдгийг анзаарчээ. Клифорд зохиолч болж, олон сэхээтнүүд Чаттерлейгийн эдлэнрүү цуврах болжээ. Гэсэн ч тэднийг хоосон, цусгүй гэж үздэг Конни маш ихээр ганцаардах болж Клифорд, Конни хоёрын харьцаа улам хөндийрсөөр байлаа. Түүний уйтгар гунигийг үе үе эдлэнднь ирдэг залуухан жүжгийн зохиолч үргээх болжээ. Хэдийгээр Михайлис маш амжилттай яваа нэгэн боловч Британий язгууртан сэхээтнүүд Ирланд гаралтай түүнийг гадны хүн мэт үзэх ажээ. Түүний хөндий гадуурхагдсан байдал Коннид таалагдаж байлаа. Хэдийгээр сексийн хувьд бүрэн сэтгэл ханамж авахгүй байсан ч Конни түүнтэй уулзсаар байв. Дараа зун нь Михайлис тэднийхээр дахин ирэв. Энэ удаа тэр Конниг нөхрөөсөө салвал

түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Хэдийнээ нөхөртэйгөө харилцах харилцаа нь муудсан байсан тул Конни зөвшөөрөхөд бараг бэлэн байлаа. Гэвч маргааш шөнө нь Михайлес Коннитой хамт байхдаа зэрэг дур тавьж чадаагүйн улмаас уурлаж, дургүйцсэнээ ил тодоор илэрхийлжээ. Түүний энэ хувиа бодсон авир Коннигийн сэтгэлийг сэвтээж, харилцаанд нь цэг тавив. Түүний эр хүнд итгэх, татагдах байдал үгүй болжээ. Конни энэ яваа насандаа хайр, аз жаргалын амтыг мэдрэхгүй нь хэмээн сэтгэлийн хямралд оров. Түүний цорын ганц найдлага нь хүүхэдтэй болох гэж үзэв. Коннигийн сэтгэл гутрал даамжирсаар байсан тул эгч Хилда нь түүнд туслахаар ирнэ. Эгч нь ирснээр Конниг нөхрөө ганцаар асрах үүргийг хөнгөлж, асрагч авах нь зүйтэй хэмээн зөвлөж тэд сувилагч Болтоныг хөлслөн авчээ. Асрах үүргээс чөлөөлөгдсөн Коннигийн сэтгэл санаа, бие ч дээрдэж, илүү эрх чөлөөтэй болно. Коннигийн амьдралын хоосон орон зайд дөнгөж армиас халагдаж ирээд Клифордын эдлэнд ой хамгаалагч хийх болсон Оливер Меллорс орж ирнэ. Меллорс бол үг дуу цөөтэй хэр нь ёжтой нэгэн байлаа. Гэвч Конни түүний санаатайгаар зай барьж байгаа ч далдуур шохоорхсон байдалд нь татагдаж байв. Хэд хэдэн удаа Меллорстой уулзах завшаан гарсан ч тэр ямагт тэдний хоорондын нийгмийн ялгааг сануулж, зайгаа барьсаар байв. Гэвч тэд санамсаргүй ойн жижигхэн оромжид учирч, дотно харьцаа үүсгэнэ. Энэ байдал хэд дахин давтагдав. Хэдийгээр бие махбодиороо холбогдсон ч тэдний хооронд зааг байсаар байгааг Конни ойлгож байлаа. Нэгэн өдөр, Конни Меллорс хоёр ойд тохиолдлоор таарч, модон дунд загас наадуулав. Энэ удаад хэн хэн нь зэрэг дур тавьжээ. Коннигийн хувьд энэ маш гүн гүнзгий мэдрэмж байлаа. Тэр Меллорст бүр ч илүүтэй татагдаж, тэдний хооронд сэтгэлийн холбоо үүсч байгааг мэдэрнэ. Тэр Меллорсоос хүүхэдтэй болсондоо үнэхээр баяртай байв. Меллорс түүний хувьд сэтгэл хөдлөлгүй сэхээтнүүд болон бүдүүлэг ажилчдаас тэс өөр жинхэнэ “амьд” эр хүн байлаа. Конни амралтаараа Венец явлаа. Түүнийг эзгүй хойгуур, Меллорсын хуучин эхнэр эргэн ирж, бөөн дуулиан шуугиан тарьсан байв. Клифорд Меллорсыг ажлаас нь халж, тэрээр Лондон руу явжээ. Корни гэр бүлийн хамтаар Лондонд ирээд Меллорсыг олж уулздаг. Тэдний нийгмийн байдал газар тэнгэр шиг ялгаатай учир Меллорс Коннигоос харилцаагаа таслахаар шийдсэн байлаа. Ирээдүйд юу хүлээж байгаа бол гэдгээс эмээж байсан ч эцэстээ Коннитой хамт байхыг зөвшөөрдөг. Конни үүссэн нөхцөл байдлыг эцэгтээ үнэнээр нь өчив. Хэдий охиных нь хайртай хүн нь харц гаралтай байсан ч Малколм Меллорс уулзахаар болжээ. Азаар тэд хэл амаа ололцов. Хилда, Малколм, Конни, Меллорс хамтдаа төлөвлөгөө зохионо.

Тэдний төлөвлөгөө ёсоор Меллорс эргэн очиж, Бертатай гэрлэлтээ цуцлуулахаар болов. Харин Конни язгууртан гаралтай Дункан Форбэсийг өөрийн хүүхдийн эцэг хэмээгээд түүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон шалтгаанаар Клифордоос салах нь дээр гэж үзжээ. Хэрэв Меллорсыг хүүхдийнхээ эцэг гэж үнэнийг хэлвэл энэ нь Меллорсын салалтыг хүндрүүлэх байв. Клифорд Конниг Дункантай холбоотой гэхэд Меллорс гэснээс илүү дээр хүлээж авах нь дамжиггүй. Дункан ч Коннигийн хүүхдийн эцгийн дүрд тоглохыг зөвшөөрч гэнэ. Конниг салах хүсэлтээ илгээхэд Клифорд хэдий ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан ч тун хүндээр хүлээн авчээ. Тэр түүнээс салах хүсэлгүй байлаа. Зохиол Меллорс салалтаа хүлээнгээ ферм дээр ажиллаж, мөн л дахин хамтдаа байна гэсэн итгэлээр Конни ч салалтаа хүлээн эгчийндээ амьдарч байгаагаар төгсөнө.

#22 Lolita Лолита Зохиолч: Владимир Набоков (Vladimir Nabokov) Хэвлэгдсэн он: 1955 Төрөл: Роман Зохиогчийн тухай Зохиолч, яруу найрагч, эрдэмтэн, орчуулагч Владимир Владимирович Набоков 1899 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Оросын Санкт-Петербург хотод чинээлэг, язгууртан гэр бүлд төржээ. 1917 оны хувьсгалаар тэд гэр бүлийн хамтаар Крымын хойгийн Ялта дахь найзынхаа эдлэнд түр амьдрах болсон. Түүний эцэг нь түр засгийн газарт ажиллах боломж гарсан ч удалгүй большевикуудын мөрдлөгийн улмаас буцан Крымын хойгт гэр бүл дээрээ эргэн иржээ. 1919 оны 4 дүгээр сардтэд Улаан армийн давшилтаас зугатан Константинаполиос Англи руу гарсан бөгөөд тэнд Набоков ахынхаа хамтаар Кэмбриджийн их сургуульд суралцжээ. Хожим тэд Берлинд шилжин суурьшсан боловч Нацист дэглэмийг зэвүүцэж, мөн Набоковын эх еврей цустай байснаас 1937 онд Парис руу нүүж, эцэст нь Америк руу цагаачилсан. Набоковын бичсэн эхний 9 роман орос хэл дээр гарсан байдаг. Лолита бол түүний хамгийн алдартай бүтээл бөгөөд Modern Library-ийн 100 шилдэг романы 4 дүгээрт жагссан. Тэрээр “Үндэсний номын шагнал”-д 8 удаа сүүлийн байрт шалгарч байсан ч шагнал авч байгаагүй юм.

Хориг Набоков “Лолита” романаа бичиж эхэлснээс хойш 5 жилийн дараа буюу 1953 оны 12 дугаар сарын 6-ны өдөр дуусгасан ажээ. Зохиолын агуулгаас болоод Набоков тус романаа нууц нэрээр хэвлүүлэх санаатай байжээ. Гэвч гар бичмэл нь хэд хэдэн удаа буцаагдаж Viking, Simon & Schuster, New Directions, Farrar, Straus, Doubleday зэрэг хэвлэлийн газрууд татгалзсан хариу өгчээ. Ийнхүү олон удаа татгалзсан хариу, анхааруулга авч байсан ч, Набоков эцэст нь Францад Оlympia Press хэвлэлийн газартай өөрийн нэрээр зохиолоо хэвлүүлэх гэрээ хийсэн байна. Ингээд “Лолита” 1955 оны 9 дүгээр сард ногоон хавтастайгаар хэвлэгджээ. Анхны хэвлэл 5000 хувь зарагдаж дууссан ч, ямар нэг томоохон хэмжээний шүүмж гараагүй л байв. Эцэст нь 1955 оны сүүлээр, Грахам Грийн Sunday Times (Лондон) сэтгүүлд тус романыг 1955 оны хамгийн шилдэг гурван номын нэг хэмээн бичсэн юм. Энэхүү мэдэгдэл нь араасаа Sunday Express сонины эрхлэгч Жон Гордоны “миний уншиж байсан хамгийн садар самуун ном” гэсэн хүчтэй шүүмжлэл дагуулав. Улмаар Британий Гаалийн алба цочирдолд орсон Дотоод хэргийн яамын заавраар Их Британид орж ирсэн бүх хувиудыг хураан авчээ. 1956 оны 12 дугаар сард, Францын Дотоод хэргийн яам “Лолита” романыг хоригложээ. Хэвлэлийн компани Францын засгийн газартай зарга үүсгэсний эцэст удалгүй хоригийг цуцалсан. Уг хориг 2 жил үргэлжилсэн ажээ. 1959 онд Аргентин, харин 1960 онд Шинэ Зеландын засгийн газраас 1913 оны Гаалийн тухай хуулиар тус бүтээлийг “ёс журамгүй” хэмээн тус тус хориглож байв. Хориг үүгээр дуусаагүй бөгөөд 1974 онд Өмнөд Африкт “Лолита”-г хориглож, тус хориг 1982 он хүртэл хүчин төгөлдөр хэрэгжсэн ажээ.

Номын тухай “Лолита” роман бүх цаг үеийн 100 шилдэг романы нэгд зүй ёсоор тооцогддог. 1998 онд Modern Library хэвлэлийн газар “Лолита”-г “ХХ зууны англи хэл дээрх хамгийн шилдэг роман” жагсаалтын 4 дүгээрт бичигджээ. Энэ зохиол Хамберт хэмээх нэгэн эрийн зохиомол дурсамж хэлбэрээр бичигдсэн ажээ. Зохиолын гол өгүүлэгч болох Хамберт нь өндөр боловсролтой хижээл насны эр бөгөөд өсвөр насны охидыг сонирхдог, сэтгэцийн хувьд тогтворгүй нэгэн юм. Зохиолын “Оршил” хэсэгт Хамбертыг уг гар бичмэлээ бичиж дуусгаад титэм судасны тромбоз өвчний улмаас нас барсан. Мөн хатагтай Ричард Шиллер (Лолита) 1952 оны зул сараар амьгүй хүүхэд төрүүлж, төрөхийн хүндрэлээр өнгөрсөн гэжээ. Уран зохиол судлаач Хамберт эртнээс залуу охидыг сонирхох болжээ. Түүний өгүүлснээр багадаа хайртай байсан Аннабел Лэйг алдсанаас хойш “нимфэт” (бэлгийн бойжилт нь гүйцсэн, дур булаам охид)-ийг сонирхох болсон ажээ. Тэрээр дурсамжиндаа 1923 оны зун эцэг эхийн хамт аялаж явсан 12 настай бяцхан охин Аннабел Лэйтэй танилцсан тухайгаа бичжээ. Анхандаа тэдний харилцаа найзууд шиг байсан ч удахгүй дотносч нэг нэгэндээ тачаадан татагдах болсон гэжээ. Тэд бэлгийн харилцаанд орох гэж хэрхэн хачин жигтэй, болхи оролдлогууд хийж байсныг дурсан бичжээ. Аннабэл, Хамберт нарын энэ жигтэй харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд дөрвөн сарын дараа охин гэдэсний хижгээр нас барсан байна. Хамберт Аннабел, Лолита хоёрыг зарим талаар ижилт төстэй болохыг өгүүлжээ. Тэр Аннабэлтэй бэлгийн харилцаатай болж чадаагүйдээ харамсдаг гээд Аннабэлийг санан шаналах нь хорь гаруй жилийн дараа Лолитатай таарснаар больсон хэмээжээ. Гэрлэлт нь бүтэлгүйтэж, сэтгэцийн хямралаа эдгээсний дараа тэр Рамсделийн жижигхэн сууринд зохиолоо бичихээр нүүж ирнэ. Тэр Шарлот Хэйз хэмээх нэгэн бэлэвсэн эмэгтэйн байшинд өрөө үзэхээр ирдэг. Шарлот гэрийнхээ ойр орчмыг түүнд үзүүлэх бөгөөд Хамберт түүний 12 настай Долорес (1935 онд төрсөн)-ыг олж хараад түүнд татагдана. “Ло”, “Лола”, “Долли” хэмээн дууддаг Долорес Аннабелтай гайхалтай адилхан ажээ. Хамберт түүнийг “Лолита” гэж нууцаар нэрлэх болжээ. Хамберт зөвхөн охиноос болж тэднийд өрөө хөлслөхөөр шийднэ. Долоресыг зуны зусланд явсан хойгуур, Хамбертад дурлаад байсан Шарлот түүнийг өөртэй нь гэрлэх эсхүл нүүхийн аль нэгийг сонго гэж тулгав. Лолитатай ойр байхын тулд Хамберт саналыг нь зөвшөөрч, Шарлоттай гэрлэнэ. Шарлот Хамбертын өдрийн тэмдэглэлийг олж унших хүртлээ түүнийг өөрт нь дургүй, охиныг нь хүсч байгааг гадарлаагүй явжээ. Хамбертын үнэн санааг мэдсэн Шарлот гүн цочролд орж, гэрээсээ гарч яваад замаар өнгөрөх машиныг харалгүй дайруулж амиа алдав.

Хамберт Лолитаг зуслангаас очиж авах бөгөөд Шарлотыг эмнэлэгт хэвтсэн гэж худал хэлнэ. Улмаар Шарлотын гэрт шууд ирэлгүй Хамберт Лолитаг зочид буудалд авч орох бөгөөд түүнд нойрны эм өгч унтуулсан байлаа. Тэр охиныг оролдох гэснээ тайвшруулах эм хэтэрхий бага үйлчлэлтэй гэж бодоод болив. Харин маргааш өглөө нь аль хэдийн зуслан дээр өөр хөвүүнтэй унтаад үзчихсэн Лолита өөрөө санаачлага гаргаж, түүнтэй унтана. Хамберт эцэст нь Лолитад Шарлот нас барсан учир түүнд өөрийг нь хойд эцэг хэмээн хүлээн зөвшөөрөх эсхүл асрамжийн газарт очих хоёр л зам байгааг хэлжээ. Лолита, Хамберт хоёр мужаас муж, буудлаас буудал дамжин улс орноор хэрэн хэсч явлаа. Тэр Лолитаг хэрэв баригдах юм бол улсын асрамжинд очиж, бүх хувцас, эд зүйлсээ хураалгана гэж итгүүлжээ. Үүний зэрэгцээ тэр хоёр харилцааг нь сонирхсон нэгэн эр аяллынх нь туршид нууцаар дагаж байгааг мэдээгүй байлаа. Хойд Америкаар жил шахам хэрэн хэссэний эцэст, тэд нэгэн хотод ирж суурьших бөгөөд Лолита тэндхийн охидын сургуульд оржээ. Хамберт түүнийг улам бүр харамлаж, хатуу чанга болсны зэрэгцээ Лолитаг хичээлээс гадуурх арга хэмжээнд оролцох, хөвүүдтэй харилцахыг нь хүртэл хориглож байв. Харин тосгоны хүмүүс энэ бүхнийг хуучинсаг эцэг эхийн хүүхдээ хайрлаж, санаа тавьсан үйлдэл хэмээн харж ажиг сэжиг авахгүй байлаа. Лолита түүнээс сургуулийн жүжигт оролцох зөвшөөрөл хүсэхэд, Хамберт дуртай дүргүй зөвшөөрөв. Жүжгийг Клейр Килти бичсэн ажээ. Түүнд Лолитагийн жүжиглэлт таалагдсан гэв. Нээлтийн яг өмнөх шөнө Лолита, Хамберт хоёр ширүүн маргалдаж, Лолита гэрээсээ явав. Тэрээр хайсаар яваад түүнийг утасны бүхээгнээс олжээ. Лолита маш сайхан ааштай байлаа. Тэр Хамбертад жүжиг түүнд огт хамаагүй, харин хотоос явмаар байна гэв. Тэд баруун зүгт аяллаа үргэлжлүүлэв. Хамберт тэднийг хүн дагаж байгааг мэдээд Лолитаг зугатахын тулд хүмүүстэй хуйвалдсан байна гэж сэжиглэнэ. Гэтэл Лолита өвдөж, түүнийг эмнэлэгт хүргэхээс өөр аргагүй болов. Хамберт эмнэлгийн ойролцоо буудалд түүний тэнхрэхийг хүлээж байлаа. Лолитагүйгээр анх удаа ганцаараа байгаа нь тэр. Нэгэн шөнө Лолита эмнэлгээс алга болсон байлаа. Эмнэлгийн ажилтнууд түүнийг авга ах нь ирээд авч явсан гэлээ. Хамберт Лолита болон түүнийг авч явсан этгээдийг галзуу юм шиг эрж хайгаад, эцэстээ бууж өгөв. Хамберт Рита хэмээх бүсгүйтэй харилцаатай болоод хоёр жил өнгөрч байлаа. Ритаг тэр дурсамжиндаа “сайхан спорт” гэж дүрсэлжээ. Рита нарийн учрыг мэдэхгүйгээр Лолитаг эрж хайхад нь тусалж байжээ.

Нэгэн өдөр Хамберт Лолитагаас захидал хүлээн авлаа. Одоо тэр 17 нас хүрчээ. Захидалд тэр гэрлэж, жирэмсэн болсон, мөнгө маш их хэрэгтэй байна гэсэн байв. Хамберт Лолитатай уулзахаар явлаа. Мөнгө өгөхдөө оронд нь түүгээр өөрийг нь хулгайлсан хүний нэрийг хэлүүлж авчээ. Лолита түүнд Шарлотын танил, сургуулийн жүжгийн зохиоч Килти хэмээх эр тэднийг аяллынх нь туршид дагаж явсаар түүнийг эмнэлэгт байхад нь ирж авч явсан хэмээн үнэнийг өчив. Лолита түүнд хайртай байжээ. Гэвч Килти түүнийг порно кинонд тоглуулахыг хүссэн байна. Лолитаг татгалзахад Килти түүнийг хөөсөн байжээ. Лолита түүнээс хойш янз бүрийн аар саар ажил хийж явсаар одоогийн нөхөртэйгөө танилцсан байжээ. Хамберт түүнийг нөхрөө орхиод, өөр дээр нь ирэхийг гуйхад Лолита эелдгээр татгалзав. Хамберт ирээдүйг нь баталгаатай болгох хэмжээний мөнгө Лолитад үлдээгээд явлаа. Хамберт Килтиг дотроо занажээ. Түүнийг хайж явсаар гэрт нь ирж, хэд хэдэн удаа буудан хороов. Хамберт ч удалгүй баривчлагдан, шоронд оров. Шоронд байхдаа тэр өөрийн дурсамжаа бичсэн ажээ. Гэхдээ зөвхөн өөрийг нь болон Лолитаг нас барсны дараа л дурсамжийг нь хэвлэхийг зөвшөөрчээ. Ингээд гар бичмэлийг Доктор Жон Рэйдэд хүргүүлсэн аж.

#23 Lysistrata Лисистрата Зохиолч: Аристофан (Aristophanes) Хэвлэгдсэн он: МЭӨ 411 он Төрөл: Жүжгийн зохиол Зохиогчийн тухай Эртний Афины жүжгийн зохиолч Аристофан МЭӨ 446-386 онд амьдарч байжээ. Тэрээр чинээлэг гэр бүлд төрж, сайн боловсрол эзэмшсэн ажээ. Хомерын яруу найргуудыг сонирхон судалж байсны зэрэгцээ гүн ухааны онолын гүнзгий мэдлэгтэй байсан нь түүний бүтээлээс харагддаг. Тэрээр нийт 40 жүжгийн зохиол бичсэний 11 нь өнөөг хүртэл хадгалагдан үлдэж, дэлхий даяар тоглогдсоор байгаа юм. Түүнийг Эртний хошин урлаг буюу инээдмийн жүжгийн төрлийг үндэслэгч хэмээдэг бөгөөд түүнгүйгээр энэ төрлийг төсөөлөх аргагүй. Хошин урлагийн эцэг, Эртний хошин урлагийн хаан гэгддэг Аристофан өөрийн анхны “Үүлс” (Clouds) жүжгийн зохиолд эртний Грекийн гүн ухаантан Сократыг шүүсэн шүүх ажиллагаа, түүний цаазаар авахуулсан үйл явдлыг шоглон харуулсан байдаг. Тэрээр Лисистрата зохиолоо бичиж дуусгаснаас 9 жилийн дараа буюу МЭӨ385-380 оны орчим таалал төгссөн ажээ.

Хориг Хориглож байсан хамгийн эрний театрын бүтээлийн нэгт МЭӨ 411 онд бичигдсэн Аристофаны “Лисистрата” зохиол багтдаг бөгөөд тус зохиолын “дайны эсрэг” агуулгаас нь болж 1967 онд Грект хориглож байсан. 1873 онд АНУ-ын Comstock Law (зүй бус ном, материалыг худалдахыг хориглосон хууль)-аар “Лисистрата”-г хориглож байсан бөгөөд 1930-аад он хүртэл хориг цуцлагдаагүй хүчинтэй хэрэгжиж байв. Дайныг эсэргүүцсэн энэхүү жүжигт эмэгтэйчүүдийн сүр хүчийг мөн онцлон харуулсан. Аристофан үзэгчид энэ стратегийг инээдтэй хэмээн хүлээн авна гэдгийг мэдээж тааварлаж байсан байх. Учир нь тухайн үед эмэгтэйчүүд төрийн үйл хэрэгт оролцох нь хэрээс хэтэрсэн хийсвэр зүйл байсан юм.

Номын тухай Лисистрата зохиолыг сайн ойлгохын тулд Аристофаны үед гарсан Пелопонессын дайны тухай ойлголттой байх нь чухал. Пелопонессын дайн бол Афины хот улс болон Спартагаар удирдуулсан Пелопонессын холбооны хооронд үүссэн тулаан юм. Эртний Грекийн үсрэнгүй хөгжил түүнийг захирах гэсэн хүсэл тэмүүллийг төрүүлж, улмаар энэ дайныг өдөөсөн хэрэг. МЭӨ 431 онд Спарта болон афинчуудын хооронд байгуулаад байсан эвлэрлийн гэрээ зөрчигдөж, хоорондоо дайтаж эхэлжээ. Спартачууд хуурай газарт илүү хүчтэй байсан бол афинчуудад тэдний хөрөнгө чинээ давуу байдал нь болж байлаа. Афинчууд гадны усан цэргүүдийг хөлслөн авч тэнгисийн флотоо удирдуулж байв. Мөн тэдспартачуудыг бодвол хөрөнгө санхүүгийн хувьд хавьгүй хүчтэй байлаа. Учир нь Афин хот улс тухайн үед Грекийн худалдаа, улс төр, нийгэм соёлын төв болж байсан юм. Афинчууд дайны үед нилээд хүндрэл бэрхшээлүүдийг амссан юм. Афины удирдлагууд авлигад идэгдэж, МЭӨ 411 онд засгийн газраа огцруулжээ. Засгийн газрыг огцруулсан 400 эрс тухайн үед спартачуудтай найрамдалт харилцаа тогтоохыг хүсч байсан ч мөн л зайлуулагдсан юм. Эцэст нь МЭӨ 404 онд Афин спартачуудад бүрэн ялагдаж Грекийн алтан үе харамсалтайгаар дууссан билээ. Энэ дайн Афиныг сүйрүүлж байсан нь тодорхой бөгөөд Аристофан энх тайван тогтоохын төлөө, дайныг эсэргүүцсэн үзэл санаагаа зохиол бүтээлдээ тусгаж байлаа. Тухайн үед Грекийн нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь маш доогуурт тавигдаж байжээ. Аристофан эмэгтэйчүүдийг зарим талаар маш ухаалаг болохыг харуулж, тэдний үгийг сонсоно гэсэн санаагаа “Лисистрата”-аар дамжуулан гаргасан болов уу. Жүжиг бүх Грекийг нэгтгэх, улс орноо аврах гэсэн Лисистратагийн төлөвлөгөөг тайлбарласан тайлбараар эхэлдэг. Лисистрата Пелопоннесын дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэхээр Грекийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүдтэй хурал хийхээр төлөвлөж байв. Спарта, Фив болон бусад газар нутгуудаас ирэх эмэгтэйчүүдийг хүлээн байх зуур Лисистрата эмэгтэй хүний сул дорой байдалд бачимдан уурлаж байв. Дайны тухай хэлэлцэх нь эрчүүд ноёлсон Грекийн нийгэмд мэдээж хэрэг эмэгтэйчүүдийн сонирхох асуудал огт биш байлаа. Өөрийнх нь орны эмэгтэйчүүд дайны тухай хэлэлцэхээр ирэхгүй байсан тул Лисистрита усан үзэм, ургац хураалтын бурхан Дионист зориулсан наадам зохиовол хүүхнүүд гудамжинд хэц дэлдсээр гарч ирэх нь дамжиггүй гэж боджээ. Лисистратагийн уриалгыг түүний хөрш Клеоник тасалдуулав. Клеоник түүнээс насаар эгчмэд хэдий ч намба суусан гэхээргүй ажээ. Лисистрита түүнд дайны тухай хэлэлцье гэхэд эмэгтэйчүүд огт ирэхгүй байгаад сэтгэл шимширч байгаагаа хэлээд, үүнээс болж өөрийгөө эмэгтэй хүн гэж хэлэхээс ч ичиж байна гэв. Клеоник түүнд эмэгтэйчүүд ирлээ гэхэд тэд нөхөртөө туслах гэсэн сэтгэлдээ баригдана гэдгийг тайлбарлав.

Лисистрата түүнд Грекийг аврах өөрийн төлөвлөгөөг танилцуулаад, дайныг зогсоох ганц итгэл найдвар нь зөвхөн эмэгтэйчүүд болж байна гэв. Клеоникт энэ нь маш хачирхалтай санагдсан бөгөөд Грекийн хүүхнүүд яаж дайныг зогсоож чадахыг ойлгож ядан байлаа. Клеоник түүнд “Дур булаам байдал” бол эмэгтэйчүүдэд байгаа ганц зэвсэг нь, тэд нөхрийнхөө өмнө гоё сайхан харагдахаас өөр юу ч хийж чадахгүй гэв. Эрчүүдийн сэтгэлийг булааж, дур татам сайхан харагдах нь дайныг эсэргүүцэх эмэгтэйчүүдийн гол зэвсэг гэдэгт Лисистрита итгэж байлаа. Клеоник түүний санааг ойлгон баярлаж байх зуур, хэсэг хүүхнүүд орж ирэв. Тэд тосгоны захын дүүргээс ирсэн байлаа. Тэднийг залуу эзэгтэй Мирайн толгойлж байв. Бадриун биетэй Лампитогийн толгойлсон Спартагийн эмэгтэйчүүд мөн тэдэнтэй ирж нэгдэв. Түүний хамт үзэсгэлэн төгс Исмениа, том хөхтэй Коринфийн нэгэн бүсгүй иржээ. Тэднийг орж ирэхэд, Лисистрата яг л эр хүн шиг бүх биеийг нь шинжиж үзжээ. Бүх хүүхнүүдийг эр хүн эсэргүүцэхгүй байхын аргагүй болгоход анхаарч байлаа. Лисистрата дараагийн өдөр нь Акрополисийг эзлэх төлөвлөгөөг Афины нэгэн настай эмэгтэйтэй (Настай эмэгтэйчүүдийн хоор дуу) ярилцсан байв. Газар газраас ирсэн эмэгтэйчүүд цугларч гүйцэхэд, Лисистрата тэднийг хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зурах хүртэл эр нөхрүүдтэйгээ бэлгийн харьцаанд орохгүй байх ам тангараг өгөхийг ятгана. Ингээд эмэгтэйчүүд лонх дарсыг Бурханд өргөж ам тангаргаа бататгах зуур настай эмэгтэйчүүд Афины сан хөмрөг байдаг Акрополисын цайзыг эзлэн авсныг сонслоо. “Лисистрата”-д эрчүүдийн болон настай эмэгтэйчүүдийн гэсэн хоёр хоор дуулдаг. Акрополисын хаалгыг шатаахаар эрчүүдийн хоор эхлээд мод барьсаар тайзан дээр гарч ирдэг. Эрчүүдийн хоор бол модоо ч даахгүй шахам хөгшин, шаварт хутгалдсан хүмүүс байх бөгөөд тэд гал асаах шавар сав зөөж авчирна. Эрчүүд Акрополисоос эмэгтэйчүүдийг утаж гаргахаар төлөвлөсөн байжээ. Настай эмэгтэйчүүдийн хоор мөн л эрчүүдийн тавих галыг унтраахаар домботой ус барьцгаан Акрополист дөхөж ирцгээнэ. Тэдний хоорондын тэмцэлд настай эмэгтэйчүүд баатарлаг ялалт байгуулах ба домботай усаа эрчүүдийн толгой дээгүүр асгана. Хотын даргын томилсон этгээд тэнгисийн хөлөг онгоцонд зориулж санхүүжилт авахаар Акрополист ирсэн байлаа. Акрополист хүүхнүүд байхыг хараад ихэд цочирдох бөгөөд цагдаа нарт Лисистратаг бусад эмэгтэйчүүдийн хамтаар баривчлахыг тушаав. Бие биедээ бараг хүрэхгүй шахам инээдтэй тулаан тайзан дээр өрнөх бөгөөд цагдаа нар эмэгтэйчүүдээс айна. Төлөөлөгч боломж гарсныг ашиглан Афины эрчүүдэд хандан тэднийг хэт өгөөмөр байж, эмэгтэйчүүдэд дэндүү их эрх чөлөө өгсөн байна гэв. Цагдаа нар зугатан явахад, төлөөлөгч болон Лисистрата нар Пелопонессын дайны талаар маргана.

Дараагийн өдөр нь эсхүл нилээд хэсэг хугацаа өнгөрсний дараа энэхүү секс хувьсгал нь эрчүүдэд нөлөө үзүүлж эхлэв. Эцэст нь хоёр тал энх тайван тогтоох эсэхийг хэлэлцэхээр Акрополист цуглав. Энэ удаад бүх эрчүүдийн эрхтэн хөвчирч, эхнэрүүдээ маш ихээр хүсэмжилсэн байлаа. Акрополисын хаалга нээгдэж, Лисистрита Афин, Спарта эрстэй дайныг зогсоох хэлэлцээ хийхээр гарч ирнэ. Ингэхдээ тэр өөрийн шивэгчин Пийсийг дагуулсан байлаа. Пийс маш үзэсгэлэнтэй бүсгүй бөгөөд тэрээр ямар ч хувцасгүй, эхээс төрсөн биеэрээ гарч ирэхэд эрчүүд бүгд түүн рүү цоо ширтэн, улам тавгүйтэж байлаа. Харин Лисистрита эрчүүдэд спартачууд афинчуудаас туслалцаа гуйхад тэдэнд тусалсныг нь сануулав. Мөн Афины эрчүүд спартачууд өөрсдийг нь “Фессалийн бахархал”-аас аварсныг дурсав. Лисистрата эрчүүдээс энх тайван тогтооход тэдэнд юу саад болж байгааг нь асуухад спартачууд тэдэнд стратегийн байршил бүхий зарим нутгийг өгвөл дайныг зогсоох болно гэжээ. Ингэхдээ Пийсийн биеийг газрын зураг болгон, түүний бие дээр авахыг хүсч байгаа газраа төлөөлүүлэн заав. Афинчууд ч мөн спартачуудын газар нутгаас хэсгийг өгөхийг шаардав. Эцэст нь Спарта болон Афины удирдлагууд дайныг зогсоох шийдвэр гарган, хоёр талууд бүгд зөвшөөрсний дараа Лисистрата эхнэрүүдийг нь буцаан явуулжээ. Энэхүү баярт явдлыг тэмдэглэж байгаагаар жүжиг төгсдөг.

#24 Madame Bovary Бовари хатагтай Зохиолч: Гюстав Флобер (Gustave Flaubert) Хэвлэгдсэн он: 1856 Төрөл: Роман Зохиогчийн тухай Барууны уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг, зохиолч Гюстав Флобер 1821 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрж, 1880 оны 5 дугаар сарын 8-ны өдөр таалал төгсчээ. 1846-1854 оныг хүртэл, Флобер яруу найрагч Луис Колеттой харилцаатай байжээ. Парисыг орхисныхоо дараа тэр төрөлх хотынхоо ойролцоо Круассетэд эхийнхээ хамтаар амьдрах болжээ. Тэр Парис болон Англи руу үе үе аялдаг байсан бөгөөд хэзээ ч гэрлэж байгаагүй юм. Намтар судлаач Эмил Фагуэтын бичсэнээр Луис Колеттой тогтоосон харилцаа нь Флоберын хамгийн нухацтай романтик харилцаа байсан гэдэг. Тэр заримдаа биеэ үнэлэгчидтэй хүртэл орооцолддог байсан бөгөөд энэ тухайгаа өөрийн бүтээлдээ ний нуугүй тусгасан байдаг. Флобер “Бовари хатагтай” (1857 он) анхны романаараа нэрд гарсан юм. Флобер 1851 онд тус романаа бичиж эхэлсэн бөгөөд таван жилийн хугацааг зарцуулжээ. 1856 онд тус романыг Paris Re- view-т савангийн дуурь байдлаар цувралаар гаргасан бол 1857 онд бүрэн хэмжээний зохиол хэлбэрээр хэвлүүлжээ.

Хориг “Бовари хатагтай” зохиолыг Paris Review (La Revue de Paris) 1856 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1856 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн дугааруудад нийтэлсэн нь эрх баригчдын зүгээс шүүмжлэл дагуулсан бөгөөд 1857 онд тус зохиолыг хориглосон шүүх хурал “Бовари хатагтай”-г улам “зартай” болгосон юм. 1857 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Флоберт тулгаад байсан ялыг хүчингүй болгосны дараа, “Бовари хатагтай” роман 1857 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн даруйдаа шилдэг борлуулалттай номоор шалгарчээ. Флоберын сор бүтээл болсон энэхүү зохиол өдгөөреализмын үндэс болсон бүтээл, хамгийн нөлөө бүхий романуудын нэгд тооцогддог. Зохиогч тус романд тухайн үеийн нийгмийн дунд давхаргынхныг шүүмжлэхээс гадна түүний энэ роман романтизмын эсрэг хандлагатай ажээ. XVIII зууны сүүл үеэс XIX зууны дунд үе хүртэл Францад романтизмын чиглэлээр бүтээл туурвидаг зохиолчид нилээн түгээмэл байсан бөгөөд тэд үйл явдал, учир шалтгаанаас үүдсэн сэтгэл хөдлөлийг гүнзгий тусгаж харуулсан байдаг. Харин Флобер зохиолоороо амьдралын хатуу ширүүн бодит байдлыг харуулсан “реализм”-ын шинэ урсгалыг гаргаж ирсэн. Энэ урсгалаар бичдэг бусад Францын алдартай зохиолчдоос дурдвал Стендаль, Оноре де Бальзак, Английн зохиолчдоос Жорж Элиот, Томас Харди нар байна.

Номын тухай “Бовари хатагтай” зохиол Чарльз Бовари хэмээх залуугийн түүхээр эхэлнэ. Залуу хөвгүүн Чарльз сургуульдаа дасч чадахгүй, ангийнхандаа гадуурхагддаг байв. Эрийн цээнд хүрээд ч багын адил даруухан, бүрэг хэвээр байлаа. Тэрээр анагаахынсургуулийн анхны шалгалтандаа бүдэрсэн ч арайхийн хоёрдугаар зэргийн эмч болжээ. Эхийнхээ ятгалгаар өөрөөсөө нилээд эгчмэд бэлэвсэрсэн баян эмэгтэйтэй гэр бүл болжээ. Эхнэр Хелойс нь түүнд халамж анхаарал тавьдаггүй байв. Зохиолч гол дүрийн баатрыг танилцуулахаас өмнө зохиолын эхний хэсэгт хоёр Бовари овогт хатагтайн тухай голлон өгүүлж, Чарльзын дүрийг илүү тодотгосон ажээ. Тэд бол Чарльзын эх Бовари болон анхны эхнэр Бовари нар. Нэгэн шөнө Чарльз холын нэгэн ферм рүү яс нь хугарсан өвчтөнд үзлэг хийхээр үүрийн 4:00 цагт дуудагдан явах болов. Ийнхүү очихдоо өвчтөний охин Эммад татагдсан байна. Эмма сүмийн хатуу чанд хүмүүжилтэй, мөн тосгоны амьдралаас залхсан болохыг мэджээ. Түүний гоо үзэсгэлэнд ууссан Чарльз өвчтөн илааршсаны дараа ч тосгон руу үе үе явах болсон байна. Эхнэр Хелойс нь энэ тухай олж мэдээд түүнийг тосгон руу явахыг хорих болжээ. Чарльз эхнэр нь хамаг мөнгөө өмгөөлөгчдөө алдсан бөгөөд Хелойс хуримын өмнө өөрийн хөрөнгийн тухай худал хэлж байсныг олж мэджээ. Чарльзын гэр бүл үүнийг маш хүндээр хүлээн авч Хелойс руу дайрч давшилсан байна. Үүнд сэтгэл нь шархалсан Хелойс хүндээр өвдөж, долоо хоногийн дараа гэнэт нас баржээ. Эхнэрээ өнгөрсний дараа Чарльз ферм рүү явах нь олширч, Эмматай цагийг өнгөрүүлэх болов. Чарльз Эмматай гэрлэхээр шийднэ. Гайхалтай хурим хийсэн хос Чарльзын ажилладаг Тостесийн орчим гэр орноо төвхнүүлнэ. Гэвч энэ гэрлэлт Эммагийн романтик төсөөлөл шиг байсангүй.Багаасаа гэлэнмаагийн амьдралаар амьдарч ирсэн Эмма хайр дурлал, гэрлэлт хоёр бол түүний бүх асуудлыг шийдэх шийдэл гэж итгэдэг байв. Эмма нөхрийгөө богино бодолтой, тэмүүлэлгүй болохыг ойлгоод урам нь хугарч байлаа. Харин Чарльз Эммаг хайрласан хэвээр байсан юм. Эх нь тэдэнтэй хамт амьдрахаар иржээ. Гэвч тэр Эммаг үздэггүй, хүүгийнх нь сэтгэлийг татаж чадсанд дургүй байдаг байв. Түүнийг буцсаны дараа Эмма нөхрийгөө хайрлах гэж хичээсэн ч тэр бүхэн нь талаар болов. Эцэст нь гэрлэлтэндээ харамсч эхэлсэн ажээ. Нэгэн өдөр Чарльзийн өвчтөн Маркиз Андервиллиерс Боваригийн гэр бүлийг хүлээн авалтад урьжээ. Эмма чинээлэг язгууртны гэрт болсон гайхалтай хүлээн авалтад оролцсоныхоо дараа, илүү баян тансаг амьдралыг байнга мөрөөдөх болов. Тэр өөрийн уран төсөөллийг тосгоны бодит амьдралтайгаа харьцуулаад улам ч уйтгарлаж, шаналсаар эцэстээ түүний энэ байдал өвдөхөд хүргэжээ. Эмма жирэмсэн болоход, Чарльз эхнэрийнх нь бие тэнхэрнэ гэсэн итгэлээр өөр тосгон руу нүүхээр болсон байна. Эмма охин Бертегээ төрүүлээд, хүү хүсч байсан тул дахин сэтгэл гундуу байх болов. Йонвилийн шинэ тосгонд ирээд Бовари ихэрхүү, чалчаа тосгоны эмийн санч Хомайстай танилцав. Дараагаар нь мөн өөртэй нь адил хөдөөний амьдралаас залхсан хуульчийн туслах

Леонтой танилцана. Эмма, Леон хоёр нэг нэгэндээ улам бүр татагдан, сэтгэлийн холбоо үүсчээ. Леоныг өөрт нь хайртайг ойлгосон Эмма өөрийгөө буруутгаж, буцаад ёс журамтай гэргийн үүргээ гүйцэтгэхээр шийдэв. Хүлээж цөхөрсөн Леон хэзээ ч Эммаг өөрийн болгож чадахгүйгээ мэдээд Парисруу буцна. Түүний ийнхүү явсан нь Эммаг бүр ч хөөрхийлөлтэй болгов. Эмма сэтгэл гутралд оров. Тэр цаг ямагт Леоны тухай бодож, түүнийг зүүдлэх болжээ. Гэтэл нэгэн санаандгүй учрал тохиов. Ургацын баяр болж, энэ үеэр Эммагийн гоо үзэсгэлэнд татагдсан чинээлэг хөрш Родольф түүнд хайраа илчлэв. Тэр түүнийг өөртөө татаж, удахгүй маш дотно харилцаатай болцгооно. Эмма харилцаагаа нууцлах тал дээр эрээ цээргүй ханддагаас тосгон даяар түүний тухай шивэр авир хийх болсон байна. Гэвч Чарльз энэ явдлыг гадарлах ч үгүй байлаа. Эхнэрээ хайрлах хайр нь түүний маанагдуу байдалтай нийлээд Эммагийн эрээ цээргүй авирыг олж харах нүдгүй болгожээ. Энэ зуур түүний мэргэжлийн нэр хүнд унасан нэгэн хэрэг явдал болов. Нөхрийнхөө чадваргүй байдалд бүр ч урам хугарсан Эмма Родольфтой үүсгэсэн харьцаандаа улайран хандах болов. Тэр мөнгө зээлж түүнд бэлэг авч өгөхийн зэрэгцээ Бертег аваад хамтдаа зугатах санал ч тавив. Родольф Эммагийн шаардангуй байдлаас залхсан байсан учир Эммагийн зугатах саналаас татгалзаж, түүнийг хаяжээ. Зөвхөн бэлгийн дур хүслээ хангахаар Эмматай харьцаж байсан нь тодорхой байлаа. Сэтгэл нь шархалсан Эмма маш хүндээр өвдөж, үхэхийн наагуур болжээ. Чарльз түүнийг эдгээхийн тулд чадах бүхнээ хийж, газар газраас эмч залсан ч эхнэрийнх нь бие дээрдэхгүй л байлаа. Эммагийн эрүүл мэндээс гадна, санхүүгийн нөхцөл байдал түүний санааг зовоож байв. Эмчид өндөр төлбөр төлөхийн сацуу Эммагийн зээлсэн өрийг өндөр хүүгийн хамт арайхийн төлж барагдуулж байв. Эммаг тэнхрэх үед, Чарльз санхүүгийн хүндхэн байдалд орсон байлаа. Гэсэн ч тэр Эммаг ойролцоох Рүэн хотод дуурь үзүүлэхээр авч явна. Тэнд тэд Леонтой таарчээ. Энэ уулзалт Эмма, Леон хоёрын хуучны романтик дурсамжийг сэдрээж, энэ удаа тэд хайр сэтгэлийн харилцаатай болов. Эмма түүнтэй уулзахаар байн байн Рүэнрүү сэмхэн явах болгондоо мөнгө хүүлэгчид өр тавьсаар байлаа. Эмма Леонтой үүсгэсэн харилцаандаа хайнга хандах нь нэмэгдсээр хэд хэдэн удаа уулзахдаа танилууддаа баригдах шахжээ. Цаг өнгөрөх тусам Эмма Леоноос уйдах болжээ. Түүнийг хэрхэн хаяхаа олж ядахдаа тэр түүнтэй шаардангуй харьцаж эхэлнэ. Энэ хооронд түүний өр өдөр өдрөөр нэмэгдсээр л байв. Эцэст нь мөнгө зээлдүүлэгч Эммагийн хуримтлагдсан өрөнд хөрөнгийг нь хураан авах шийдвэр гаргажээ. Санхүүгийн хүнд байдал, Эммаг ёс суртахуун, өөрийгөө хүндлэх сэтгэлээ уландаа гишгэхэд хүргэв. Чарльзыг энэ тухай олж мэдэхээс айсан тэрээр хэрэгцээтэй мөнгийг олохын тулд Леоноос гадна тосгоны бүх бизнес эрхлэгчдийн анхаарлыг татах гэж ухаан жолоогүй зүтгэнэ. Рүэний банкууд түүнд зээл олгохоос татгалзав. Тосгонд Боварийн байрыг дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа мэдэгдлийг хаа сайгүй наасныг үзээд Эмма бүр ч сандрав.

Тосгоны хуульч Гвиллауминаас тусламж гуйсан хэдий ч тэр хариуд нь Эммаг өөртэй нь унтах болзол тавьжээ. Эмма татгалзаж, ууртай гарч одов. Тосгон даяар тэднийг хэрхэх тухай шивэр авир хийн таамаг дэвшүүлж байлаа. Тосгоны хоёр эмэгтэй дээврийн цонхоор Эммаг татвар хураагч Бинеттэй уулзаж байхыг сэм тагнан харсан байлаа. Эмма түүнээс өрөө төлөх хугацааг нь сунгахыг гуйж, улмаар Бинетийг өдөөх гэж оролджээ. Гэвч Бинет эрс эсэргүүцэн, гуйлтыг нь хүлээж аваагүй ажээ. Эцэст нь тэр биеэ үнэлэх гэж хүртэл оролдох бөгөөд Родольфыг өөрт нь хэрэгтэй байгаа мөнгийг өгвөл түүнтэй буцаж нийлнэ гэхэд Родольф бас татгалзжээ. Эмма цөхрөнгөө барав. Нөхөр нь хараахан томилолтоос ирээгүй байлаа. Өрийг нуун дарагдуулж, мэдэгдүүлэхгүй өнгөрөөх гэсэн бүх оролдлого нь бүтсэнгүй. Тэрээр тосгоны эмийн сан руу явж, нууцаар хүнцэл олж авчээ. Энэ хооронд Чарльз тосгонд ирээд дуудлага худалдааны талаар олж мэдээд, Эммаг галзуу мэт хайж эхэлжээ. Харин Эмма гэртээ орондоо хэвтэж байлаа. Эмма түүнд юу ч хэлэлгүй дугтуй өгч, маргааш хүртэл задлахгүй байхыг хүсчээ. Чарльзын эхнэрээ сайн сайхнаар дурсах нь Родольф, Леон нарын эхнэрт нь бичсэн захидлыг олж, үнэнтэй нүүр тулснаар дуусгавар болжээ. Тэрээр цэцэрлэгтээ ганцаар нас барсан ажээ. Харин Бертег хөвөнгийн тээрэм дээр ажиллуулахаар явуулсан байна.

#25 Master and Margarita Мастер, Маргарита хоёр Зохиолч:Михайл Булгаков(Mikhail Bulgakov) Хэвлэгдсэн он: 1967 Төрөл: Уран сэтгэмж, ид шид, инээдмийн, ёгт зохиол Зохиолын тухай Михайл Булгаков 1891 оны 5 дугаар сарын 3-нд эртний Оросын төв болж байсан, одоогийн Украины нийслэл Киев хотод мэндэлжээ. Булгаковын гэр бүлд уран зохиол, театр, хөгжим өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг байжээ. Урлагтай ойр байснаас гадна тэдний удамд нэртэй хувраг, шашны номлогч болон багш нар нилээдгүй байжээ. Нэг үгээр хэлэхэд зохиолч чинээлэг биш боловч урлаг соёл, боловсрол нэвчсэн гэр бүлд өсч торнисон ажээ. Тэрээр 1913 онд анхны эхнэр Татьяна Лаппатай гэрлэсэн бөгөөд 1916 онд Киевийн Анагаахын сургуулийг дүүргэсний дараа эхнэрийн хамт хөдөө тосгонд эмчээр ажиллах болсон ажээ. 1918 онд Булгаковыг Киевт эргэн ирээд цэргийн эмч хийж байв. Гэвч тэр зохиол бүтээл дээрээ ажиллахаар шийдэн армиас халагджээ. 1921 онд гэр бүлийн хамт Москвад ирж суурьшиж, зохиол бүтээлээ туурвиж байсан ч түүний Зөвлөлтийн эсрэг хандлагаас болоод хүчтэй эсэргүүцэл, шүүмжүүдтэй тулгарч байв. Зохиолч өөрийн хамгийн алдартай бүтээл “Мастер, Маргарита хоёр” романаа 1928 оноос эхлэн бичиж эхэлсэн ч хэвүүлэлгүй шургуулгандаа хав даржээ. Түүнийг нас барснаас нилээд хойно энэ бүтээл хэвлэгдсэн юм.

Хориг Зохиогчийг нас барахаас өмнө зохиол, бүтээлүүдийг нь хориглож байсан. Хэдийгээр Михайл Булгаковыг нас барснаас 27 жил, Сталин нас барснаас 10 гаруй жилийн дараа хэвлэгдсэн ч “Мастер, Маргарита хоёр”-ыг хоригийн асуудал тойроогүй ажээ. Булгаков “Мастер, Маргарита хоёр”-ыг 1928 онд бичиж эхэлсэн. Гэвч 1930 онд тэр Зөвлөлт Холбоот Улсад зохиолч болох ямар ч ирээдүй байхгүй гэж үзсэнээс анхны гар бичмэлээ шатаасан юм. Удалгүй жилийн дараа дахин энэ зохиол дээрээ ажиллаж, сэргээн бичсэн ажээ. Хоёрдахь нооргийг 1936 онд дуусгасан ба түүнээс хойш өөр бусад дөрвөн хувилбар гаргасан ажээ. Булгаков 1940 онд нас барахаас 4 долоо хоногийн өмнө зохиол дээрээ ажиллахаа зогсоосон байв. Иймээс зарим өгүүлбэрүүд гүйцэд биш үлдсэн ажээ. Зохиолын 12 орчим хувийг засч, өөрчилсөн “цензурдсэн” хувилбарыг анх Москва сэтгүүлд гаргаж байв (1966 Оны 1-р дугаар, 1967 оны 1-р дугаар). 1967 онд Посев хэвлэлийн газраас хассан зүйлсийг нөхөж оруулсан хувилбараар хэвлэсэн ч 1973 оныг хүртэл уг роман хориотой байсан юм.

Номын тухай Зохиол хоёр өөр газарт өрнөж буй үйл явдлаар эхэлнэ. Эхнийх нь 1930-аад оны Москва хотод чөтгөр профессор Воландын дүрээр анх үзэгдэж буй тухай юм. Чөтгөр өөрийн бараа бологсдыг авчирсны дотор Фагот, Бегемот муур, алуурчин Азазелло, цонхигор царайт Абадонна, шулам Хелла нар багтаж байв. Тэд хүмүүсийг хар ид шидээр ховсдоно. Харин нөгөөх нь Йерусалим хотод өрнөх Понтий пилатын түүх. Энэ бүх үйл явдал Лхагва гаригаас Бямба гаригийн хооронд болж өнгөрнө. Нэгдүгээр хэсэг – Лхагва гариг Лхагва гаригийн нэгэн үдэш Михайл Александрович Берлиоз, Иван Николаевич Понирьёв нар нууцлаг нэгэн эртэй таарсан нь профессор Воландын дүрд хувилсан чөтгөр байжээ. Иван Бездомный буюу “Гэр оронгүй хүн” гэсэн нууц нэрээр шүлэг бичдэг ажээ. Тэр орой Берлиоз түүний бичсэн шүлэг Есүсийг хэтэрхий үнэмшилтэй дүрсэлсэн тул дахин бичих шаардлагатай хэмээн ярилцаж байсан ажээ. Воланд тэдний бурхан байдаггүй хэмээн ярилцаж байхыг сонсоод Есүс үнэхээр байсан гэдгийг тэдэнд хэлнэ. Воланд түүнд Понтий Пилатын түүхийг ярьж өгсний дараа Берлиозын үхлийг зөгнөн хэлж, түүнийг өдөр дуусаагүй байхад толгойгүй болно гэхэд Берлиоз огт тоосонгүй. Үйл явдал Йерусалим руу шилжинэ. Пилат тэнд Иешуагийн хэргийг хэлэлцэх ажиллагаанд оролцож байлаа. Иешуаг ард иргэдийг сүмийг шатаахад өдөөн турхирсан, эзэн хаан Тибериг түлхэн унагахаар хуйвалдсан гэж буруутгаад байгаа ажээ. Иешуад цаазын ял онооно. Москвад Берлиоз толгойгоо таслуулж нас барав. Түүнийг алагдсаны дараа Иван Воланд болон түүний туслах Коровьев, түргэн ярьдаг Бегемот нэртэй муур гурвыг сэжиглэж, араас нь дагадаг. Тэр болсон явдлыг цагдаад мэдэгдэх авч түүнийг ухаан солиотой гэж бодон галзуугийн эмнэлэгт хэвтүүлжээ. Хоёрдугаар хэсэг – Пүрэв гариг Берлиозын анд, Варьете театрын захирал Степан Лиходеевыг арайхийн нойрноос сэрж, өндийхөд Воланд түүнийг хүлээж байх ажээ. Воланд түүнд театртаа хар шидийн үзүүлбэртэй 7 тоглолтын гэрээ хийхийг зөвшөөрсөнд талархлаа илэрхийлэхээр ирсэн ажээ. Харин Лиходеев тийм гэрээ хийсэн эсэхээ ч санахгүй. Яах аргагүй түүний гарын үсэг гэрээнд зурагдсан байлаа. Тэд түүнд 50 дугаарын өрөөнд байрлах хүсэлт тавьжээ. Үнэндээ 50 дугаарын өрөөг чөтгөр шүглэсэн газар гэж шивэр авир хийцгээдэг ажээ. Тэнд байрласан хүмүүс хэсэг хугацааны дараа алга болдог юм. Гэсэн ч захиралд зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Варьете театрт Воланд туслахуудын хамт хар ид шидийн үзүүлбэр үзүүлж олныг гайхшруулжээ. Тэр үзэгчдийн дээрээс мөнгөөр бороо оруулав. Гэвч тэр мөнгө нь удалгүй лонхны шошго, муурын зулзага гэх мэт элдэв зүйлийн хэрэггүй зүйлс болж хувирчээ. Хамгийн аймшигтай нь удирдаачийн толгойг тасалсан явдал байлаа.

Энэ хооронд Иван галзуугийн эмнэлэгт хүргэгдсэн байлаа. Тэр зохиолын гол баатар Мастертай хамт нэг өрөөнд оржээ. Иван түүнд өнгөрсөн өдрүүдэд өөртэй нь тохиолдсон хачин жигтэй явдлуудыг ярьж өглөө. Мастер яриаг нь сонсоод Воландыг чөтгөр гэдгийг батална. Мастер Иванд өөрийн амьдралыг ярина. Өсөх ирээдүйтэй зохиолч Мастер гэр бүлтэй хэдий ч нөхөртэй эмэгтэйд дурласан ажээ. Түүний өгүүлэх “нууц эхнэр”-ийн нэрийг Маргарита гэдэг. Тэд Мастерыг “Понтий Пилат”- ын түүхийг бичилцэхэд Маргарита чухал дэмжлэг үзүүлсэн бөгөөд уг түүхээ хэвлэлтэд өгсний дараа шүүмжүүдэд булуулсан байна. Галзууртлаа уурласан Мастер гар бичмэлээ шатааж, эцэст нь галзуугийн эмнэлэгт ирээд байгаа ажээ. Удалгүй Иван зүүдэндээ Понтий Пилатын түүхийг үргэлжлүүлэн зүүдэлдэг. Түүний зүүдэнд цаазын ял сонссон хэсэг эрс гарна. Матвей тэднийг хэрхэн дүүжлүүлж байгааг хараад бүх хэрэг явдалд өөрийгөө буруутгаж байлаа. Тэр машид цухалдан, Бурхныг хараан зүхнэ. Гэтэл аянга цахилгаан цахиж эхэлнэ. Цэргүүд дүүжлүүлсэн хүмүүст хүнлэг байдал гарган ус өгөх нэрийдлээр тэднийг хутгалж ална. Гуравдугаар хэсэг – Баасан гариг Воланд Москва даяар эмх замбараагүй байдал гаргасаар байлаа. Энэ үед Маргарита Мастерын талаар бодож, түүний романаас үлдсэн хэсгийг дахин уншиж байлаа. Түүнийг цэцэрлэгт хүрээлэн рүү очиход Берлиозын оршуулах ёслол болж байгаатай таарав. Тэр тэнд Азазеллотой уулзжээ. Азазелло түүнийг Воландтай танилцуулна. Воланд түүнд сэтгэл санааг нь тайвшруулах үйлчилгээтэй крем өгчээ. Маргарита кремийг биендээ түрхэх бөгөөд тэр шулам болон хувирна. Азазеллог түүнийг Воландтай уулзахын тулд Москва гол дээгүүр нисч ир гэв. Тэр хотын дээгүүр нүцгэн ниснэ. Замдаа Мастерын амьдралыг балласан шүүмжлэгч Латунскийн гэрийг олж хараад шатаав. Өгсөн кремийг нь түрхсэн Маргаритагийн шивэгчин Наташа шуламж болж, харин хөрш Николай Иванович гахай болон хувирав. Тэд бүгд Маргаритай нэгдэж хамтдаа Воланд болон түүний туслахуудтай уулзана. Маргарита Воландаас өөрийн хайрт Мастертай нь уулзуулж өгөхийг гуйдаг. Удалгүй түүний өмнө Мастер гарч ирэв. Мастер эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй байсан ч хайртай бүсгүй нь өмнө нь байгааг таньжээ. Воландад Мастерын шатаасан гар бичмэлийн хувь байлаа. Тэр түүнийг Мастерт өгөв. Воланд Мастер, Маргарита болон бусад дүрүүдийг өөрсдийнх нь хүссэнээр эргэж хэвэнд нь оруулдаг. Ганцхан Наташа л шулам хэвээр үлдэхийг хүсчээ. Пилатын түүх цааш үргэлжилж, Пилат нууц цагдаагийн ахмад Афраниустай уулзаж буй тухай өгүүлнэ.Тэр түүнд Иешуагаас урвасан Кериофын Иудаг хөнөөх хэрэгтэй хэмээн урьдчилан анхааруулжээ. Түүнийг хэдийн хотын гадна отож байгаад хөнөөсөн байжээ. Энэ тухай Афраниус түүнд мэдээлэхийн зэрэгцээ гэмтнүүдийг оршуулсныг ч хэлнэ. Иешуаг цаазлуулсны дараа цогцсыг нь авсан Левитэй ярилцах байгаад Пилат түүнийг Кериофыг

хөнөөсөн болохыг мэджээ. Дөрөвдүгээр хэсэг – Бямба гариг Воланд болон тэдний бүлгийнхний үйлдсэн хачирхалтай хэргүүдийг мөрдөн шалгах ажил эхэлнэ. Харин Иванд Пилат, мөн Иешуаг бусад хоёр хэрэгтний хамт цаазалсан нүцгэн толгодын дүр харагдсаар л байлаа. 50 дугаарын өрөөнд мөрдөн байцаагчид болон Бегемут муурын хооронд буудалцаан болжээ. Хачирхалтай нь хэн ч шархадсангүй. Харин байшин галд автжээ. Бегемот, Коровьев хоёр энэ бусармаг явдлаа үүгээр зогсоосонгүй, тэд Москва хотын олон газарт гал тавьсан байлаа. Леви Воланд дээр Иешуагийн зурвастай иржээ. Тэр Воландаас Мастерт “амар амгалан” өгөхийг хүссэн байв. Воланд зөвшөөрөв. Ингээд түүний туслах Азазелло Мастер, Маргарита хоёрт хортой дарс уулгажээ. Тэдний бие цогцос амьгүй болсон ч сүнс нь биенээсээ гарч одов. Мастер, Маргарита хоёр явсаар нохойтой өвгөнтэй таарчээ. Воланд энэ бол “Понтий Пилат” романы баатар эр болохыг хэлэв. Пилат Банга нохойн хамт нэг газраа сүүлийн 2000 жилийн турш сууж байгаа ажээ. Мастер романыхаа сүүлчийн мөрийг “Чөлөөлөгд!” хэмээн бичсэнээр Пилат, Банга хоёр чөлөөтэй болж Иешуатай нэгджээ. Мастер, Маргарита хоёр гэгээрэлд хүрээгүй ч, тэднийг жижигхэн тосгоны байшид үүрд хамт амьдрахыг зөвшөөрчээ.

#26 Metamorphosis Хувирал Зохиолч: Франц Кафка (Franz Kafka) Хэвлэгдсэн он: 1915 Төрөл: Тууж Зохиолын тухай Зохиолч Франц Кафка 1883 оны 7 дугаар сарын 3-ны өдөр тухайн үед Австри-Унгарын эзэнт гүрний хэсэг байсан, одоогийн Чех улсын Праг хотод герман хэлээр ярьдаг еврей гэр бүлд төржээ. Кафка хуульч мэргэжлээр төгсч, даатгалын компанид ажиллаж байв. Зөвхөн чөлөөт цагаараа богино өгүүллэгүүд бичдэг байжээ. Тэр ажилдаа хэт анхаарал тавьж, зохиол бүтээл туурвихад бага цаг зарцуулж байснаа хожим харамсан өгүүлсэн байдаг. Түүний “Хувирал”, “Шүүх ажиллагаа”, “Шилтгээн” зэрэг дийлэнх бүтээлүүд нь солиорол, сэтгэл зүйн болон бие махбодийн адгуусан зэрлэг авир, ер бусын хувирлуудаар дүүрэн байдаг. Кафка экзистенциализмын урсгалд гүнзгий нөлөө үзүүлсэн. Түүний амьд ахуй цагт маш цөөн тооны бүтээл нь хэвлэгдсэн ажээ. 1924 онд түүний биеийн байдал нилээд хүндэрсэн бөгөөд тэрээр залгиур төвөнхийн сүрьеэ өвчнөөр өвдсөн байжээ. Кафка 1924 оны 6 дугаар сарын 3-ны өдөр таалал төгсчээ. Юм идэхэд хоолойн нь хөндүүрлэх зовиуртай байснаас хоол унднаас гараад байжээ. Түүний үхлийн шалтгааныг өлсгөлөнгөөс болсон гэж таамагладаг. ХХ зууны хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэгд тооцогддог зохиолч Кафка нас барсныхаа дараа л алдартай болжээ.

Хориг Оросын аугаа яруу найрагч Владимир Набоков нэгэнтээ “Хэрэв та Кафкагийн “Хувирал”-аас шавжны тухай уран төсөөллөөс илүү зүйлд гайхширч байгаа бол, би түүнд жинхэнэ сайн уншигчдын бүлэгт орж байгаад нь баяр хүргэнэ” хэмээн Кафкагийн бүтээлийн үнэ цэнийг илэрхийлсэн байдаг. “Хувирал” бол яах аргагүй бүх цаг үеийн хамгийн аугаа уран зохиолын бүтээлүүдийн нэг мөн. Ганцхан шөнийн дотор аварга том шавж болон хувирсан залуу эрийн тухай өгүүлэх “Хувирал” зохиолыг ЗөвлөлтХолбоот Улс болон Нацист Германд хориглож байв. Зохиолч чех хэл дээр биш, зөвхөн герман хэлээр бичиж байсан тул Чех улсад Франц Кафкагийн зохиолыг хориглож байсан тохиолдол байдаг.

Номын тухай Грегор Самса өглөө сэрээд өөрийгөө аварга том шавж болон хувирсныг мэдэв. Тэр бүх зүйл хэвийн байгааг нягтлан өрөөгөө тойруулан харчихаад, болсон явдлыг мартахаар буцаж унтахаар шийдэв. Тэр эргэж харах гэсэн боловч түүний шинэ бие хөдлөхөд нь саад болов. Тэр хатуу, товгор нуруугаараа гацчихсан байлаа. Түүний гэдэс загатнахад, шинээр бий болсон олон хөлнүүдийнхээ нэгээр өөртөө хүрээд ой гутав. Түүний борлуулагчийн ажил ямар уйтгартай болох, гэрийнхэн ньолсон мөнгөөр нь амь зуудаггүйсэн бол тэр хэдийнэ ажлаасаа гарчихмаар байгаагаа бодон хэсэг хэвтлээ. Цагаа харвал тэр хэт их унтаад гал тэрэгнээсээ хоцорчихсон байлаа. Ээж нь өрөөнийх нь хаалгыг тогшив. Тэр ээжтэйгээ ярихдаа дууных нь өнгө ямар өөр болсныг анзаарав. Гэрийнхэн нь түүнийг өвдсөн байх хэмээн сэжиглэж, түүнийг хаалгаа онгойлгохыг шаардав. Тэр сурсан зангаараа өрөөгөө дотроос нь түгжчихсэн байжээ. Грегор орноосоо өндийх гэж үзэв. Хувирсан биеэ захирч чадахгүй байлаа. Хөдөлж чадахгүй мунгинах зуур, ажлынх нь менежер түүнийг ажилдаа ирээгүй тул юу болсныг тодруулахаар гэрт нь ирж байгааг мэдэв. Эцэст нь нэг юм шалан дээр бууж чадав. Удахгүй хаалгаа нээлээ хэмээн хашхирлаа. Хаалганы завсраар, менежер нь түүнд ажлаа тасалвал ямар үр дагаварт хүрч болохыг, түүний одоогийн ажил нь хангалттай биш байгааг ч хэлж амжив. Грегор түүнд удахгүй очино гэв. Гэтэл гэрийнхэн нь ч, менежер ч түүний юу ярьсныг ойлгосонгүй. Тэд үнэхээр ямар нэг зүйл болохгүй байгааг гадарлажээ. Грегор хаалгыг нээх гэж оролдов. Түүнд гар байхгүй учир арайхийн амаараа түгжээг мулталжээ. Тэгээд менежерээсээ хоцорсондоо уучлал гуйв. Гэтэл Грегорын байдлыг хараад айсан менежер гэрээс нь год үсрэн гүйж гарав. Харин эх нь ухаан алдаж, эцэг нь дуу алдав. Грегор зугатаж буй менежерийг гүйцэн барьж авах гэтэл аав нь унтлагын өрөөнөөсөө таяг, сонин барин гарч ирээд түүгээрээ Грегорыг цохиж буцаж өрөөнд нь оруулав. Грегор хаалган завсраар гарах гэж зүтгэж байгаад гэмтжээ. Аав нь өрөөнийх нь хаалгыг тасхийтэл хаав. Грегор ядарч туйлдсан тул тэгсгээд нам унтав. Түүнийг сэрэхэд хэн нэгэн өрөөнд нь орж ирэн сүү, талх үлдээсэн байлаа. Анхандаа баярласан боловч тэр өөрийн хамгийн дуртай зүйлээ идээд ямар ч амт мэдрэхгүй байгаагаа ойлгов. Тэр буйдан доогуур орж, нам гүмд чимээ сонсохыг хичээн хэвтэв. Дараагийн өглөө түүний эгч Грете өрөөнд нь орж ирэв. Сүүнд ам хүрээгүй байгааг үзээд, оронд нь хоолны үлдэгдэл авчирч тавив. Грегор түүнийг нь амтархан иджээ. Эгч нь түүнд хоол зөөж, айлгахгүйн тулд буйдан доогуур нуугдсан үед өрөөг нь цэвэрлэх болов. Грегор хананд наалдан гэр бүлийнх нь гишүүд юу ярилцахыг сонсож цагийг өнгөрүүлж байлаа. Тэд ихэвчлэн Грегор ажилгүй болсноос санхүүгийн хүнд байдалд орж

байгаа тухайгаа ярилцана. Грегорийн эх түүнтэй уулзахыг хүсч байгаа ч эгч, аав хоёр нь хориглож байгааг олж мэдэв. Грегор өөрийн шинэ биед дасч, тухтай байх болжээ. Тэр хана, таазан дээгүүр явж өөрийгөө зугаацуулах болсон байна. Грегорийн шинэ зугааг олж мэдсэн Грете түүнд илүү зай гаргаж өгөхөөр зарим тавилгыг нь өрөөнөөс гаргахаар шийджээ. Грете ээжийнхээ хамт тавилгыг зөөж эхлэхэд, Грегорт тэдний үйлдэл маш түвэгтэй санагджээ. Тэр ханан дээрх үслэг малгай, ороолт зүүсэн бүсгүйн зургийг үлдээх гэж оролдов. Ээж нь түүнийг ханан дээр зүүгдэн байгааг харчихаад, ухаан алджээ. Грете түүн рүү бачимдан уурлав. Түүнийг шавж болон хувирснаас хойш анх удаа өөртэй нь хэн нэгэн харьцаж байгаа нь энэ байлаа. Грегор өрөөнөөс яаран гарч, гал тогооны өрөөнд оров. Энэ үед аав нь шинэ ажлаасаа тараад гэртээ орж иржээ. Тэр үүссэн нөхцөл байдлыг буруугаар ойлгож, Грегорыг ээж рүүгээ дайрч хэмээн бодсон учир түүн рүү алим шидэж гарав. Гэтэл нэг алим Грегорын нуруу руу орж, тэндээ гацчихаж гэнэ. Грегор арайхийн өрөөндөө буцан орж амжив. Гэвч хүндээр шархаджээ. Грегорын гэрийнхэн үдэш бүр түүний өрөөний хаалгыг нээлттэй орхиж, Грегорт өөрсдийг нь харах боломж олгох болсон байна. Тэр өөрийнх нь хувирлаас болоод гэр бүлийнхэн нь аж байдал хүндхэн болж, улам бүр ядуу зүдүү болж байгааг ажиглав. Грете хүртэл түүнд дургүй болж ирэв. Тэр түүнд хоол өгч, өрөөг нь цэвэрлэх төдий болоод гардаг болжээ. Гэрийн үйлчлэгчээ хүртэл сольж, оронд нь Грегорын төрхөөс айхгүй, түүнтэй хааяа ярилцаж байх настай эмэгтэйг хямд хөлсөөр ажилд авав. Тэд мөн гурван өрөө хөлслөгч авчээ. Шинээр ирсэн хүмүүсийн илүү тавилгыг Грегорын өрөөнд оруулж хураав. Энэ нь түүнд маш түвэгтэй байлаа. Грегор эгчийнхээ авчирдаг хоолны амтанд дургүй болсон байлаа. Тэр бараг юм идэхээ больсон байна. Нэгэн шөнө, цэвэрлэгч эмэгтэй өрөө хөлслөгч хүмүүс зочдын өрөөнд байх үед Грегорын өрөөний хаалгыг хаахаа мартсан байжээ. Энэ үед Гретег тэдэнд хийл тоглож өгөхийг гуйсан байв. Грегор түүний тоглохыг сонсохоор өрөөнөөсөө мөлхөж гарчээ. Хүмүүс эхлээд Гретегийн тоглож буй аязад анхаарал хандуулж байсан ч удалгүй уйдаж эхэлжээ. Харин Грегор хөдөлгөөнгүй зогтуссан байжээ. Нэг нь Грегорыг олж хараад, бусаддаа анхааруулжээ. Грегорын эцэг тэднийг өрөө өрөөндөө эргэн орохыг ятгасан ч тэд эсэргүүцэж, түрээс өгөхгүйгээр нэн даруй нүүнэ гэцгээв. Энэ явдлын дараа Грете эцэг, эхдээ Грегороос салахгүй бол, бид бүгд сүйрч гүйцнэ гэв. Аав нь түүнтэй санал нэг байлаа. Гагцхүү Грегор тэднийг ойлгож, өөрийн хүслээр яваасай хэмээн хүсч байв. Түүнд хэрхэн хэлэх учраа олохгүй байжээ. Грегор үнэндээ бүгдийг ойлгож байлаа. Тэгээд тэр өрөө рүүгээ алгуурхан буцаж орлоо. Түүнийг үгүй болвол гэрийнхэн нь түүнээс салжамрах болно гэж бодон сэтгэл нь аймшигтай шаналж байлаа. Грегор тэр шөнөдөө нас баржээ. Түүний үхсэн байхыг үзээд, гэрийнхэн нь хүнд ачаа аваад хаясан мэт тайвширцгаасан байна.

Эцэг нь бүх хөлсний түрээслэгчдийг хөөн гаргажээ. Мөн цэвэрлэгч эмэгтэйг ажлаас нь халав. Тэд илүү тохь тухтай шинэ байранд нүүн орцгоов. Эцэг эх нь Грете охиноо хэрхэн өсч том болсныг харж, түүнд нөхөр олох тухай бодож суулаа.

#27 Nineteen Eighty-Four (1984) 1984 Зохиолч: Жорж Орвелл (George Orwell) Хэвлэгдсэн он: 1949 Төрөл: Улс төр, нийгэм болон шинжлэх ухааны зөгнөлт зохиол Зохиолын тухай Зохиолч Жорж Орвеллын намтрыг “Амьтны ферм” зохиолын хэсэгт өгүүлсэн учир түүний хамгийн сүүлчийн роман болох “1984” зохиолын тухай товч өгүүлье. Зохиолч 1944 онд тус зохиолоо бичиж эхэлсэн бөгөөд 1947-48 оны хооронд сүрьеэ өвчнөөр өвчилж, бие нь хүнд байсан хэдий ч зохиолоо дуусган 1948 оны 12 дугаар сарын 4-ний өдөр сүүлийн гар бичмэлээ Secker and Warburg хэвлэлийн газарт илгээжээ. Ийнхүү маргаан, хоригийн бай болсон “1984” роман 1949 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хэвлэгдсэн байна. 1989 он гэхэд тус роман 65 хэл рүү орчуулагдаад байсан ба тухайн үед өөр бусад Англи хэл дээрх ямар ч зохиол ийм олон хэлрүү орчуулагдаагүй байсан юм. Улс төрийн зөгнөлт, зохиомол ертөнцийн тухай шинжлэх ухааны зөгнөлт энэхүү зохиол бол агуулга, хэлбэрийн хувьд сонгодог бүтээл яах аргагүй мөн юм. Зохиолд ашигласан нэр томъёо болон ойлголтууд, тухайлбал Том ах (Big Brother), бодлын гэмт хэрэг (thought- crime), ой санамжийн ангал (memory hole) гэх мэт үгүүд нь 1949 онд хэвлэгдсэнээс хойш өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэх болсон байна. 2005 онд Time сэтгүүл тус бүтээлийг 1923 оноос 2005 оныг хүртэлх англи хэл дээрх хамгийн шилдэг романы нэгээр шалгаруулжээ. Мөн Modern Library-ийн Шилдэг 100 романы нэгд багтсан.



Хориг “1984” романыг орос хэлрүү орчуулсан даруйд хуучин ЗСБНХУ-д хориглосон ажээ. Дээхэн үед гарч байсан шүүмжүүдэд тус бүтээлийг Йосиф Сталины цуст “шөнийн цэвэрлэгээ”-ний эсрэг тайлбар гэсэн бол 1981 онд АНУ-ын Флорида мужийн Жэксон каунтигийн хэсэг эцэг эхчүүд үүнийг “коммунизмыг дэмжсэн”, мөн “ил тод бэлгийн харьцааг харуулсан” хэмээн хориглохыг шаардаж байжээ. Нэгэн “инээдтэй хориг тавьсан тохиолдол” гарсан нь номын худалдааны аварга Amazon компани Жорж Орвеллийн “1984”, “Амьтны ферм” романуудыг 2009 онд өөрийн Кindle-ийн мэдээллийн сангаас устгасан явдал юм. Дэлхийн хэвлэлийн агентлагууд Аmazon-ны энэ хоригийг “тэнэг хэрэг” хэмээн шүүмжилж байв. Гэвч нэгэн хэвлэлийн газар хууль бусаар тус бүтээлийг хэвлэн гаргасан байжээ. Уг нь тус номын зохиогчийн эрхийн хугацаа 2020 онд дуусгавар болох ажээ. CNET-д мэдээлснээр Amazonзөвшөөрөлгүй худалдаа хийгдэж байгааг мэдээд тэдгээр бүтээлүүдийг Kindle-ийн сангаас устгаж, хэрэглэгчдэд төлбөрийг нөхөн олгосон гэжээ. Хэрэглэгчид мэдэгдэж, учир байдлыг тайлбарлахгүйгээр ийнхүү шууд устгасан нь алдаа байсан бөгөөд дахин ийм явдал давтагдахгүй гэсэн байна. Тус номыг АНУ-ын дунд сургуулиудад “коммунизмыг дэмжсэн”, бүр зарим тохиолдолд “засгийн газрын эсрэг” хэмээн шүүмжилж, хориглох явдлууд байнга гардаг ажээ. Нэг талаар үүнийг тодорхой засгийн газрын хэлбэр гэж үзэж байхад, нөгөө талаар аль ч засгийн газрыг дэмжсэн утга агуулгагүй гэж байх юм. Аль нь үнэний хувьтайг зөвхөн уншигчид л шүүх биз ээ.

Номын тухай Жорж Орвеллын 1948 онд бичсэн “1984” роман нь энгийн ардын санаа бодлыг цагдан хянах хатуу чанд хяналттай дарангуйллын засаглал тогтсон, мөнхийн дайны байдалд байх 1984 оны тухай түүх юм. Кино, тайз, хамтлаг, хөгжим, уран зохиол, хошин шог, радио, видео тоглоом болон урлагт зохиолын сэдэв, агуулгыг иш татан бүтээл туурвисан байдаг. Нэг жишээ дурдахад “Оддын дайн: Дараагийн үе” цувралын гол санаа нь тус зохиолд тулгуурласан ажээ. Зохиолын гол сэдэв нь үндсэрхэг үзэл, бэлгийн хавчлага, хориг болон хувийн нууцын тухай юм. Зохиолд өгүүлэх олон асуудлууд болон дүр зургууд нь ХХ зууны бодит үйл явдлуудтай зарим талаар дүйж байгаа гэлтэй. Иймийн учир түүний ёжтой хэр нь оновчтой илэрхийллүүд нь Америкийн номын сангийн холбооны хамгийн “асуудалтай” сонгодог бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлэхэд хүргэж буй биз ээ. Орвелл Америк даяар түүний бүтээлийг улс төрийн үзэл санаанд ашиглах вий хэмээн болгоомжилж байжээ. 1965 оноос 1982 оны хооронд, тус роман “ёс суртахуунгүй, коммунизмыг дэмжсэн” гэсэн тодотголтой хамгийн “асуудалтай” бүтээлүүдийн 5 дугаарт, харин Америкийн номын сангийн холбооны хориглосон сонгодог бүтээлүүдийн жагсаалтын 9 дүгээрт жагсаж байгаа ажээ. Зохиолын хураангуй Дэлхий ертөнц тэр үед дайн болон улс төрийн эргэлтээс болоод гурван том улсад хуваагдсан байлаа. Тэдгээр нь Осеана, Зүүн Ази болон Евроази юм.Зохиолын үйл явдал Осеана улсын Лондон хотод өрнөдөг. 1984 оны 4 дүгээр сарын зэврүүн өдрүүдийн нэг. Уинстон ердийнхөөрөө гэр рүүгээ яарав. Тэр хуучирч нурах дөхсөн байранд амьдардаг. Шагайндаа гэмтсэн түүнд шатаар алхах хүнд байлаа. Цахилгаан шат байнга л эвдэрдэг тул тэр ажиллаж байгаа үгүйг нь ч шалгасангүй дээш өгсөв. Давхар бүрт маш том хүний царай, дор нь “ТОМ АХ ТАНЫГ АЖИГЛАЖ БАЙНА” гэсэн бичигтэй зурагт хуудас наасан байхтай таарч байв. Зохиолын гол дүр Уинстон Смит бол “Үнэний яам” хэмээх ёжтой нэртэй байгууллагын албан хаагч бөгөөд хувь хүн, ард иргэдийн оюун санааг хяналтандаа байлгахын тулд Төрийн түүхийг хянан засах ажил эрхэлдэг ажээ. “Үнэний яам”-аас гадна дайныг санхүүжүүлэгч “Энх тайвны яам”, эдийн засгийн хомсдол үүсгэдэг “Элбэг дэлбэг нөөцийн яам”, мөн намын зэвүүцэм ажлыг гүйцэтгэгч хамгийн айдас төрүүлэм “Хайрын яам” гэж байдаг. Тэр Намын доод тушаалтан. Хэдийгээр Уинстон эрх баригч намын гишүүн ч гэлээ түүний амьдрал намын байнгын хатуу хяналтан дор байдаг. Гэрт нь байх цаг ямагт намын суртал, ухаалга нэвтрүүлдэг телевизийн дэлгэцээр дамжуулан Бодлын цагдаа нар түүний үйл хөдлөл бүрийг хянах ажээ.

Хаашаа л харна Намын аугаа удирдагч Том ахын зураг түүнийг харж байдаг. Нам Осеана дахь бүх зүйлийг хянаж, ард иргэдийн түүх болон хэлийг хүртэл хянаж байв. Саяхнаас Нам улс төрийн бослогоос сэргийлэн, үүнтэй холбоотой үгсийг бүгдийг устгасан “Шинэ яриа” хэмээх хэлийг нэвтрүүлж байгаа ажээ. Бослогын тухай бодох хүртэл хууль бус ажээ. “Бодлын гэмт хэрэг” бол үнэндээ бусад бүх гэмт хэргээс хамгийн аюултай нь юм. Уинстон чөлөөтэй бодож сэтгэх, секс болон аливаа хувь хүний үзэл бодлыг хорьдог Намын хавчлага, хатуу хяналтаас болж сэтгэл санаагаар унасан байлаа. Уинстон намд дургүй бөгөөд өөрийн гэмт бодлыг тэмдэглэх өдрийн тэмдэглэлийг нууцаар худалдан авчээ. Тэрээр мөн Намыг авч хаяхын төлөө ажилладаг нууцлаг, домогт Ахан дүүсийн холбооны нууц гишүүн гэж итгэн Обрайн хэмээх Намын гишүүнтэй холбоотой болсон байна. Уинстон хамтран ажиллагч үзэсгэлэнтэй хар үстэй бүсгүй өөрийг нь ширтэн байгааг ажиглах бөгөөд түүнийг мэдээлэгч гэж болгоомжилно. Нэгэн өдөр, Уинстон хар үст бүсгүйгээс “Би чамд хайртай” гэсэн зурвас хүлээн авчээ. Тэр өөрийн нэрийг Жулия гэж танилцуулав. Ингээд тэдний хооронд нууцлаг харилцаа бий болж, Намын хяналтаас гадуур уулзалддаг болов. Эцэст нь тэд Уинстоны өдрийн тэмдэглэл нууцаар худалдан авсан ажилчдын дүүрэгт байх агуулахын дээр нэгэн өрөө хөлслөн авчээ. Энэ харилцаа хэсэг зуур хэвийн үргэлжлэв. Уинстон эрт оройгүй тэднийг барьж, шийтгэнэ гэдгийг мэдэж байлаа. Харин Жулия илүү өөдрөг байх ажээ. Уинстоны Жулиятай харилцах харилцаа ийнхүү өрнөж байх зуур түүний Намыг үзэн ядах байдал улам бүр нэмэгдсээр байлаа. Эцэст нь тэр хүлээж байсан зурвасаа авсан ба Обрайн түүнтэй уулзахыг хүссэн байлаа. Уинстон, Жулия хоёр Обрайны тансаг харш руу явлаа. Обрайн тэр хоёрт өөрийгөө тэдний л адил Намыг үзэн яддаг гээд Ахан дүүсийн холбооны гишүүнийхээ хувьд Намын эсрэг ажиллагаа явуулдаг хэмээв. Тэр Уинстонд Ахан дүүсийн холбооны тунхаг болох Эммануэл Голдстайны номын хувийг өгчээ. Уинстон ХХ зууны нийгмийн онолд тулгуурласан хэд хэдэн анги давхаргын хэлбэрийг дүрсэлсэн номыг Жулиягийн хамтаар агуулахын дээр байх өрөөндөө уншиж байлаа. Гэтэл гэнэтхэн тэднийг цэргүүд бүслэн авчээ. Агуулахын эзэн ноёнЧаррингтон үнэн хэрэгтээ “Бодлын цагдаа”-ийн гишүүн байсныг тэд мэдээгүй байжээ.Уинстоныг Жулиягаас салгаж Хайрын яам хэмээх газарт авчирвал Обрайн мөн тэнд байх ажээ. Тэр Уинстоныг Намын эсрэг бослого гаргах гэж буйг илчлэхээр Ахан дүүсийн холбооны гишүүн гэж дүр эсгэн, үнэндээ түүнийг тагнуулдсан ажээ. Обрайн түүнийг хэдэн сарын турш тамлаж, тархийг нь угааж байв. Гэвч Уинстон эсэргүүцэл үзүүлсээр байсан тул түүнийг Намыг эсэргүүцсэн хэн бүхний сүүлчийн зогсоол “101 дүгээр өрөө”–рүү илгээжээ. Зохиолын турш Уинстон харх зүүдлэн харж дарж байжээ. Обрайн хархаар дүүргэсэн төмөр сав авчран Уинстоны толгойн тушаа тавьж, түүний нүүрийг хархнуудад идүүлэхээр бэлтгэсэн байлаа. Уинстон гэнэт сэхэл авч, Обрайныг энэ зүйлээ

түүнд биш, харин Жулияд хий гэж орилов. Жулияг хаях нь энэ хугацаанд Обрайны Уинстоноос хүсч байсан зүйл байжээ. Түүнийг гадны ертөнцөд суллан гаргажээ. Тэр Жулиятай дахин таарсан боловч түүнд ямар ч сэтгэл хөдлөл илэрсэнгүй. Тэр Намыг хүлээн зөвшөөрч, Том ахыг хайрлах болсон байлаа.

#28 One day in the life of Ivan Denisovich Иван Денисовичийн амьдралын нэг өдөр Зохиолч: Александр Солженицын (Alexander Solzhenitsyn) Хэвлэгдсэн он: 1962 Төрөл: Роман Зохиогчийн тухай (Үргэлжлэл) Солженицын 1953 онд Сталин нас барж, ЗХУ-ын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев төрийн эрхийг авсны дараа 1956 онд цагаатгагдан, суллагдсан байна. Тэрээр Рязаньд ирж суурьшин дунд сургуульд математикийн багш хийхийн хажуугаар зохиолоо бичиж байв. 1962 онд Зөвлөлтийн үеийн утга зохиолын сэтгүүл “Новый мир”-д “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” зохиол хэвлэгдсэнээр алдартай болсон юм. Хөдөө аж ахуйн хамтрал, хөдөлмөрийн лагерийн тухай анх удаа өгүүлсэн Солженицыний бүтээл хэвлэгдсэн нь Зөвлөлтийн утга зохиол болон улс төрийн түүхэнд чухал явдал болсон юм. Арван жилийн өмнө бол тэр энэ бүтээлийнхээ төлөө цаазаар авах ял сонсч мэдэхээр байсан үе. Гэвч тэр үндэсний төдийгүй дэлхийн хэмжээнд алдаршсан юм. Солженицыний энэхүү аз завшаан 1964 онд Хрущев унаснаар төгсгөл болжээ. Эцэст нь “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” зохиолыг цаашид хэвлэхийг хориглов. 1970 онд Солженицын утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн ч тэрээр Шведрүү очиж шагналаа аваагүй бөгөөд хожим эх орноосоо цагаачилсныхаа дараа л авсан байдаг.

Хориг 1962 оны 11 дүгээр сард нэгэн түүх Зөвлөлтийг донсолгосон нь Александр Солженицыний “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” хэмээх Зөвлөлтийн хөдөлмөрийн хорих лагерь – Гулагт амьд үлдэхийн төлөө тэмцэн буй нэгэн хоригдлын тухай зохиол хэвлэгдсэн юм. Тус зохиол одоо ХХ зууны хамгийн гайхалтай зохиолуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байгаагийн зэрэгцээ 1970 онд зохиолчийг Нобелийн шагналд тодорхойлоход энэ зохиолыг иш татсан байдаг. Хэвлэгдсэн даруйдаа 1 сая гаруй хувь борлогдож хоромхон зуур Солженицын утга зохиолын салбарт шуугиан тарьжээ. Солженицын хорих лагерийн хоригдогч Иван Денисович Шуховын нэг өдрийн амьдралыг зохиолдоо дүрсэлсэн юм. Энэ дүр хэдийгээр зохиомол боловч түүн шиг Солженицын шиг сая сая гэм зэмгүй иргэд Йосиф Сталины аллагад хэлмэгдэн хохирч, Гулагруу ачигдсан юм. Хатуу хориг, айдас эдгээр хорих лагерийн тухай үнэнийг өгүүлэхэд саад болж байсан ч энэ түүх хэвлэгдсэн юм. Харамсалтай нь Солженицыний алдар нэр богино настай байжээ. Түүний түүхийг улс төрийн хүрээнд ил тод авч үзсэн ч хэвлэлүүд дээр муугаар бичих нь нэмэгджээ. Тэрээр 1964 онд утга зохиолын төрөлд Лениний одонд нэр дэвшсэн ч, шалгараагүй. Удалгүй энэ бүтээлийг хэвлэхийг хоригложээ. 1974 онд Солженицынийг эх орноосоо урван тэрсэлсэн хэргээр баривчилж, Зөвлөлтийн иргэншлийг нь хасчээ. Солженицыний гэр бүл эцэст нь АНУ-ын Вермунтэд ирж суурьшсан юм. Михайл Горбачев хожим 1990 онд түүний иргэншлийг сэргээж, зохиогч 1994 онд эх нутагтаа эргэн очжээ.

Номын тухай 1951 оны жихүүн өвлийн жавар тачигнасан нэгэн өглөө Сталины хорих лагерьт өглөөний хонхны дуу цуурайтлаа. Хорих лагерийн ялтан Иван Денисович Шуховцагтаа босдог ч энэ өглөө халуурч, өвдсөнөөсөө болоод орондоо хэсэг хэвтэв. 104 дүгээр ангийн нөхөд нь ажилдаа орохоор шуурхайлан бэлдэцгээж байгааг сонстов. Шухов өнөөдөр түүний анги төв байранд үлдэх эсхүл барилгын нүцгэн талбайд ажиллах ээлжтэй эсэхийг нэхэн санахыг хичээн байлаа. Хэрэв талбайд ажиллах өдөр бол тэнд зогсолтгүй газар ухахаас өөр ямар ч дулаацах аргагүй тэсгим хүйтэн ажээ. Иван нэртэй зөөлөн ааштай харуулын ээлж гэж бодоод ийн хэвтсээр байлаа. Хөрш ангийн хэсэг нөхөд тэдэнд хуваарилдаг хүнс дутсан тул өнөө орой бүтэн талх авч чадахгүй болсныг ярилцах ажээ. Үүний зэрэгцээ хэн нэг нь гадаа хасах гучин хэм байна гэх сонсдов. Шухов өнөөдөр өвчтэй гэж хэлэхээр шийдлээ. Харамсалтай нь Иван биш, өөр харуул өнөөдөр ээлжинд гарч таарч, Шуховын хөнжлийг хуу татав. Түүнийг их унтсан гэж тусгаарлах хорих өрөө буюу тэдний нэрлэж заншсанаар “нүх”- нд гурван хоног хийж шийтгэнэ гэв. Удалгүй энэ шийтгэл нь зөвхөн түүнийг айлгах гэсэн хэрэг байсныг мэдэх бөгөөд офицеруудын байрны шалыг угаалгахаар явуулжээ. Мэдээж хэрэг нүхэнд хоригдсоноос хувь илүү шийтгэл байлаа. Шухов гутлаа норгохгүйн тулд тайлж тавиад, өглөөний цайнаас хоцорчихгүйн тулд ажлаа шалавхан хийж гүйцэтгэв. Тэр өөрт нь зутан тавиад хүлээж байсан Фетюковтой уулзав. Өглөөний цайны дараа, Шухов биеийнхээ зовиурыг үзүүлэхээр үзлэгийн хэсэгрүү явлаа. Түүнийг үзээд халуун нь ажлаас чөлөөлөх хэмжээнд өндөр биш байна гэв. Шухов биеэ шалгуулж, тооллогод орохоор хуаранд эргэн ирэв. Тэнд хоригдлуудыг биедээ ямар нэг юм нуусан эсэх, хэн нэгэн зугатасан эсэхийг тоолж шалгадаг ажээ. Нэгжлэгийг аймшигтай зарчимч гэдгээрээ алдартай дэслэгч Волков явуулж байлаа. Тэр хоригдлуудад хувцсаа тайлж, биеэ нэгжүүлэх тушаал өгөв. Шухов Волковыг нэг хоригдлыг суран ташуураар газар унатал нь ороолгож байсныг нэхэн санав. Хоригдол чимээгүйхэн хүзүүнээс нь гарсан цусыг арчин, эгнээндээ орж зогссон юм. Тэр өглөөний цайн дээрээс авсан талхаа гудсан дотор оёж болгоомжлон нуусан байв. Эрчүүдийг хүйтэнд хамаг хувцсыг нь тайлуулан шалгав. Буйновский хэмээх нэгэн хоригдол үслэг даавуун хантааз өмссөн байжээ. Үүнийх нь төлөө түүнийг журмыг зөрчсөн гэж нүхэнд арав хоног хорихоор шийтгэжээ. Шухов өөрт нь ямар нэг хориотой зүйл байхгүй байгаад баяртай байлаа. Түүнд хоол, гэр бүлдээ бичсэн захидлын аль нь ч байхгүй ажээ. Үнэндээ тэр захидал бичдэггүй байв. Нэгжлэг дууссаны дараа Шуховын 104 дүгээр ангид Цахилгаан станц баригдаж буй задгай талбай руу жагсаалаар явах тушаал өгөв. Тэднийг тав таваар нь эгнээ болгон жагсааж, дахин тоолов. Жагсаалаас гарсан хүнийг үг дуугүй буудахыг анхааруулав.

Талбай дээр Шухов боолчлогдож буйдаа баяртай байдаг “улаан” баптист Алёшкатай уулзав. Шухов сайхан сэтгэлт том биетэй ахлагч Тюриний хүндлэлийг хүлээсэн байлаа. Хэдийгээр ингэх нь хориотой боловч тэд цонхоор орох салхийг хааж хар цаасаар битүүлэв. Насанд хүрээгүй хоригдогч Гопчик Шуховаас хэрхэн халбага хийхийг зааж өгөөч гэж гуйх ажээ. Тэд бүгд хэсэг зуур амсхийн сууцгаав. Тэднийг хоол идэх зуур шохойн зуурмагийг хатаах ёстой тул үдийн хоолноос өмнө тоосго өрж эхлэх хэрэгтэй байлаа. Өдрийн хоолны үеэр Шухов наагуур цаагуур гүйж байж арай хийн хоёр аяга зутан олж идэн гэдэс цадав. Анги дахиад л ажлын талбай дээрээ ирцгээв. Замдаа Шухов цасан дундаас төмрийн өөдөс олж, түүгээр дараа нь хутга хийнэ гэж бодоод авч биедээ нуулаа. Хоригдлууд зууханд гал түлэв. Бэлтгэл ажлыг хийх зуур тэд Тюриний эцэг баян тариачин байснаас түүнийг шоронд хийсэн тухай түүхийг сонсч байлаа. Эрчүүд ханыг өрж эхлэв. Ахлагч нарын нэг Павло зуурмаг бэлтгэх багт орохыг зөвшөөрсөн ч тэр албан хаагч учир энэ ажлыг хийх албагүй ажээ. Павлогийн нөхөрсөг байдал эрчүүдийн хүндлэлийг олсон байлаа. Тоосго өрөх ажил эхэллээ. Шухов халуунтай хэр нь ямар ч алдаа гаргахгүй ажилласаар байв. Лагерийн зохицуулагч Тюринийг журам зөрчиж хар цаасаар цонх битүүлсэн гэж хараан загнаснаар ажил тасалдав. Тюринийг шийтгэнэ гэж сүрдүүлэх боловч тэр болиулж чадав. Алёшка харин биеэ үл хайхран ажиллаж байлаа. Цаг ч хурдан өнгөрч тэд хоолны дохио дуугарахыг сонсов. Кильдигс хүртэл ажлаа зогсоочоод байхад Шухов ажилласаар л байв. Тэр өдрийн хоолонд хоцорч байгаагаа мэдсэн ч олж авахад хүндрэлтэй багаж нийвийгээ бусад эрчүүд олохооргүй газар нуухыг хүсчээ. Тэр ангиасаа хоцроод байсан ч тэднийг үзлэгийн газарт хоцорч ороод байхад нь амжиж очив. Өөр нэг ангиас молдав залуу алга болсныг тэд анзаарчээ. Ажлын талбай дээр унтаж хоцорсныг эцэст нь олжээ. Бусад эрс түүнээс болж хоолондоо хоцорч байгаадаа уурлах ажээ. Шухов эхлээд эмнэлгийн буланруу явъя гэж бодсон ч хоолоо идсэн нь дээр гэж шийджээ. Биеэ нэгжүүлэх ээлж болоход түүний биед жижиг гангийн өөдөс байгааг санаад гэнэт цочролд оров. Нүхэнд битгий оруулаарай хэмээн тэр бурханд залбирч байлаа. Аз болоход хамгаалагч нуусан зүйлийг нь ололгүй өнгөрчээ. Шухов өдрийн хоолондоо орохоор явлаа. Тооллогын дараа Шухов унтахаар зэхэв. Унтахын өмнө тэр Бурханд дахин өөр өдөртэй золгуулж байгаад баярласнаа илэрхийлэн залбирч байлаа. Энэ өдөр түүний хувьд бараг л баяр баясгалантай гэж хэлж болохоор өдөр байлаа. Энэ өдөр бол Шуховын ял эдлэх 3653 өдрийн зөвхөн нэг л өдөр нь байлаа. Шуховын түүхийг өгүүлвээс, тэрээр тэртээ 10 жилийн өмнө буюу 1941 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайнд орсон тэр үед гэрээсээ гарсан ажээ. Шухов армид алба хааж байжээ. Гэвч 1942 оны 2 дугаар сард тэр германуудад олзлогдсон юм. Түүнийг арайхийн олзноос зугатан эргэн ирэхэд Зөвлөлтийн эрх баригчид түүний өгүүлсэн түүхэнд итгээгүй ажээ. Түүнийг Германы тагнуул хэмээн эх орноосоо урвасан хэргээр ялласан байна. Түүнийг эх орноосоо урвасан буруугаа хүлээхгүй бол, цаазална

хэмээн сүрдүүлжээ. Шухов тулгасан ялыг нь хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү урвагч нэр зүүж, хорих лагерьт ирсэн байна. Тэр гэр бүлийнхнээсээ холбоо харилцаа бараг тасарсан гэхэд болно. Учир нь түүнд жилд хоёрхон удаа гэр рүүгээ захидал бичих эрх олгосон ажээ. Түүний дурсамжинд гэр бүлийнхнээсээ илүүтэй, хамтран хоригдож буй нөхдийнх нь түүх л илүүтэй үлджээ.

#29 Satanic Verses Сатаны шүлгүүд Зохиолч: Салман Рушди (Salman Rushdie) Хэвлэгдсэн он: 1988 Төрөл: Роман Зохиогчийн тухай Британи-Энэтхэгийн зохиолч Салман Рушди 1947 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Энэтхэгийн Мумбайд төрсөн бөгөөд Англид боловсрол эзэмшсэн. Түүний бүтээлүүд нь “ид шидийн реализм”-ыг түүхтэй хослуулсан байдаг. 1975 онд Рушди анхны романаа (Grimus) хэвлүүлсэн ч төдийлөн амжилт олоогүй юм. Гэвч түүнийг утга зохиолын тэнгэр ивээж 1981 онд хоёр дахь роман буюу “Шөнийн хүүхдүүд” (Midnight’s Children) бүтээлээрээ олон улсад танигдсан ажээ. 1988 онд Рушди хоёр энэтхэг жүжигчний шашин, сүнслэг байдал болон үндэстний сэдэвт маргааныг харуулсан “Сатаны шүлгүүд” хэмээх дөрөв дэх бүтээлээ хэвлүүлж нилээдгүй дуулиан шуугиан тарьсан билээ. 2007 оны 6 дугаар сард, Хатан хаан II Элизабет түүний утга зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлж “хөлөг баатар” цол олгосон. 2008 онд Time сэтгүүлээс Рушдиг 1945 оноос хойшхи Британий шилдэг 50 зохиолчийн 13-т бичжээ.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook