Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Published by Guset User, 2022-11-17 03:08:12

Description: 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Search

Read the Text Version

33 хориотой ном Орчуулсан: Б.Оюунчимэг ISBN: 978-99973-40-26-9 © Энэхүү бүтээлийн эрх нь Монгол Улсын Зохиогчийн Эрхийн тухай хуулиар хамгаалагдсан болно. Бүтээлийг цахим хэлбэрээр түгээх эрхийг bookstore.mn цахим хуудас эзэмших бөгөөд зөвшөөрөлгүйгээр бүтнээр нь буюу хэсэгчлэн хувилах болон бусад ямар нэгэн хэлбэрээр олшруулах, ашиглахыг хориглоно. www.bookstore.mn


Талархал “33 хориотой ном” бүтээлийг гаргахад оролцсон, тусалсан, дэмжсэн нийтлэлч Баабар, Б.Болдбаатар, “Тойм” сэтгүүлийн эрхлэгч Д.Батбаяр, Америкийн соёл мэдээллийн төвийн хамт олон, Олуулаа клуб, “Монгол Залуус” ХХК-ийн хамт олон, С.Гоомаргад, С.Марал, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, гитарчин Өөжгий, гэр бүл, найз нөхөд болон бусад бүх дэмжиж, тусалж, урам хайрласан хүмүүст талархал илэрхийлье.


Оршил “Адам, тэр зүгээр л энгийн хүн байсан – үүнд л хамаг утга учир оршиж байна. Тэр зөвхөн алимнаас болж алимыг идэхийг хүсээгүй, алим идэх хориотой байсан учраас л идэхийг хүссэн. Алдаа нь гэвэл могойг хориогүйд байгаа, хэрэв хориотой байсан бол тэр могойг идчих л байсан”. – Марк Твен “ХОРИОТОЙ” зүйлд тэмүүлэх нь гэм биш, зан. Гэхдээ “хориотой ном”-нд учир бий. Түүний санаа хэн нэгний ашиг сонирхолд нийцээгүй тул тэрхүү үзэл санаа, дуу хоолойг боож хаах гэж хориглосон нь гарцаагүй. Зарим тохиолдолд ийнхүү хориглосон нь тухайн бүтээлийг улам ч алдаршуулсан нь бий. Тодорхой нийгэм, цаг үед зохиол бүтээлийг янз бүрийн шалтгаанаар дэлхийн өнцөг булан бүрт хориглож, заримдаа бүр шатаан устгасан гашуун түүх олон. Ном ч гэсэн өөрийн түүхтэй. Зохиогч нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч ном амьдарсаар л байна. Улс төр, шашин шүтлэг, садар самуун агуулга, зүй бус хэллэг агуулсан гээд номыг хорьж, “цензурдэх” шалтгаан түм бум. Тэр бүх саад бэрхшээл, хорио цээрийг даван, хэзээ ч үнэ цэнээ алдаагүй зохиол бүтээлүүдийг толилуулъя. Энэхүү “33 Хориотой ном”-д хориглож, шатааж байсан алдартай зохиол бүтээлүүдээс 33 номыг түүвэрлэн уншигч та бүхэнтэй хуваалцаж, мэдлэг оюуны далайд тань дусал нэмэх гэсэн бөлгөө. “Унших эрх” хүн бүхэнд бий гэж итгэнэм.


#1 Animal Farm Амьтны ферм Зохиолч: Жорж Орвелл (George Orwell) Хэвлэгдсэн он: 1945 Төрөл: Улс төрийн сэдэвт роман Зохиогчийн тухай Жорж Орвелл хэмээх нууц нэрээр олонд танигдсан Английн зохиолч Эрик Артур Блэйр (Eric Arthur Blair) 1903 онд Энэтхэгт төрсөн бөгөөд тухайн үед Британий төрийн албан хаагч байсан эцэг Ричард Валмесли Блэйр нь Энэтхэгийн Бенгалд суурьшиж байжээ. Блэйр нэр хүндтэй сургуулиудад тэтгэлгээр суралцсан ч хожим тэр их сургуулиа орхин, Бирм дэх Энэтхэгийн эзэн хааны армид орсон. Гэвч нэвчсэн империалист үзлийг тэвчиж чадалгүй хэдхэн жилийн дараа албанаасаа чөлөөлөгджээ. Энэ тухай өөрийн анхны “Бирмийн өдрүүд” (Burmese Days, 1934) роман болон “Зааныг буудах” (Shooting an Elephant) зэрэг эссэнүүдэд өгүүлсэн юм. Харин “Парис, Лондонгоор бядан явсан тэмдэглэл”-дээ Бирмийг орхисны дараах өөрийн ядуу зүдүү амьдралаа харуулсан байдаг. “1984” (1949) зөгнөлт роман болон “Амьтны ферм” ёгт тууж нь Орвеллийн хамгийн алдартай бүтээлүүд. Испаний иргэний дайнд оролцсон туршлагадаа тулгуурлан бичсэн “Каталоны магтуу” (Homage to Catalonia, 1938) өндөр үнэлгээ авсан бүтээлийнх нь нэг билээ. Жорж Орвелл 2008 онд The Times cэтгүүлээс тодруулсан “1945 оноос хойшхи Британий хамгийн аугаа 50 зохиолч”-ийн хоёрдугаарт бичигджээ.


Хориг Жорж Орвеллийн “Амьтны ферм” ёгт зохиол 1945 оны 8 дугаар сарын 17-нд Англид хэвлэгдэн гарсан. Орвеллийн өгүүлснээр тус номонд 1917 оны Оросын хувьсгалаас Зөвлөлт Холбоот Улсад Сталины дэглэм тогтох хүртэлх үеийг харуулсан ажээ. Ардчилсан социалист үзэлт зохиолч Иосиф Сталинд нилээд шүүмжлэлтэй ханддаг байсан бөгөөд Дотоод Хэргийн Ардын Комиссариат (НКВД) болон Испаний Иргэний дайны гашуун туршлагаасаа сталинизмийг эсэргүүцэх болжээ. Зохиолч тус бүтээлээ Их Британи улс Зөвлөлт Холбоот Улстай холбоотон болж, ард иргэд болон сэхээтнүүдийн дунд Сталин өндөр нэр хүндтэй байсан тэр үе буюу 1944 оны 11 дүгээр сараас 1945 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд туурвисан байна. Дэлхийн II дайны үед, Зөвлөлтийн эсрэг уран зохиолыг хэвлэлийн газрууд хэвлэхээс эмээж байгаа нь тодорхой болсон бөгөөд түүний бүтээлийг хэвлэдэг Виктор Голланц (Victor Gollancz) хүртэл “Амьтны ферм”-ийг хэвлэхээс татгалзсан гэдэг. Эцэст нь Secker and Warburg эхний хэвлэлийг 1945 онд хэвлэсэн юм. ЗСБНХУ-д 1980-аад оныг хүртэл тус номыг коммунизмын эсрэг хэмээн хориглосон бол, АНУ-д түүний оршил хэсэгт коммунизмын утга санаа бүхий хэсэг орсон гэж хориглож байв. “Амьтны ферм”-ээр сэдэвлэсэн жүжгийг авлигад автсан удирдагч нарыг шүүмжилсэн гэж 1991 онд Кени улсад хориглосон. Сүүлд, 2002 онд Арабын Нэгдсэн Эмират Улсад исламын шашны үнэт зүйлсийн эсрэг зураг болон агуулгатай, нэн ялангуяа хүнтэй төстэй, ярьдаг гахай гардаг гэсэн үндэслэлээр дунд сургуулиудад хориглосон юм. Тус номыг Куба болон Хойд Солонгост мөн хориглосон байдаг.


Номын тухай Эзэмшлийн Фермийн Мажор нэртэй хөгшин бодон бусад амьтдыг цуглуулан хурал хийж, тэдэнд “Английн араатнууд” хэмээх хувьсгалын дуу зааж өгч, хүмүүсийг “шимэгчид” хэмээн ухуулна. Мажорыг нас барахад Сноуболл, Наполеон нэрт хоёр залуу гахай удирдлагыг гартаа авч, бослогод бэлдэхээр болдог. Амьтад бослого гаргаж, архичин, хариуцлагагүй эзэн Жонсыг фермээс хөөх бөгөөд фермийн нэрийг “Амьтны ферм” болгож өөрчилнө. Тэд амьтдын дагаж мөрдөх 7 журмыг гаргах бөгөөд түүнээс хамгийн чухал нь “Бүх амьтад эрх тэгш” байх зарчим аж. Сноуболл амьтдад уншиж, бичихийг заах бөгөөд хоол хүнсээр элбэг дэлбэг байж, фермийн ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Гахайнууд өөрсдийгөө удирдлагын байр сууринд аваачиж, эрүүл мэндэд тустай тусгай хоол хүнс хэрэглэнэ. Наполеон фермийн нохдын гөлгийг авч тэжээн, нууцаар өөрөө сургана. Наполеон, Сноуболл хоёр эрх мэдлийн төлөө тэмцэлдэнэ. Сноуболл салхин тээрэм барих тухай саналаа танилцуулахад, Наполеон үүнийг эсэргүүцэн Сноуболлыг нохдоороо хөөлгөж, өөрөө удирдагч болдог. Наполеон фермийн засаглалын бүтцэд өөрчлөлт оруулж, хурал зөвхөн фермийг удирдах гахайнуудын хорооны бүрэлдэхүүнтэй хуралддаг болов. Наполеон Матаач нэртэй залуу гахайг ашиглан, салхин тээрэм барих санаагаа хэрэгжүүлнэ. Салхин тээрэм барихаар амьдрал нь хөнгөрнө гэсэн итгэлээр амьтад илүү махруу ажиллацгаана. Хүчтэй шуурганы дараа салхин тээрэм эвдрэхэд Наполеон, Матаач хоёр Сноуболл үүнийг сүйтгэсэн хэмээн амьтдыг сэнхрүүлж чадна. Сноуболлыг “хилсээр” буруутгамагцаа, Наполеон фермийг нохдынхоо тусламжтай “дарангуйлан захирч” эхлэх бөгөөд хуучин дайсантай нь үгссэн хэргээр амьтдыг хөнөөнө. “Английн араатнууд” дууны оронд хүний амьдралын хэв маягийг дууриах болсон Наполеоныг магтсан дуу сүлд дуу нь болно. Амьтад хуучин эзэн Жонсын үеийнхээс амьдрал нь хавьгүй дээрдсэн гэж итгэсэн хэвээр. Хөрш фермийн нэгнийх нь эзэн Фредрик дахин сэргээн барьсан салхин тээрмийг нураахаар тэсэрдэг бодис ашиглан амьтдын ферм рүү довтолно. Хэдийгээр амьтад энэ тулаанд ялалт байгуулсан ч энэ ялалт нь маш их үнэ цэнээр олджээ. Олон амьтан, түүн дотроо ажлын морь Боксер шархадсан байлаа. Шархадсан ч гэлээ Боксер урьд өмнөхөөсөө ч илүү хичээнгүйлэн ажиллана. Гэвч тэр салхин тээрмийг босгохоор ажиллаж байгаад хүнд бэртжээ. Наполеон ачааны тэрэг явуулж, түүнийг малын эмчид хүргүүлэхээр болох бөгөөд тэнд Боксерт илүү их анхаарал халамж тавих болно гэлээ. Бусад гахайнуудын нэг адил уншиж чаддаг Бенжамин сармагчин явуулсан тэрэг морь нядлагчийнх болохыг таньж, дэмий л түүнийг аврахаар оролдоно. Матаач түүнд энэ тэргийг эмнэлэг худалдаж авсан, хуучин эзнийх нь нэрийг сольж амжаагүй байгаа юм гэж итгүүллээ. Тэрээр амьтдад Боксерийг эмнэлгийн сайн асаргаанд байж байгаад амьсгал хураасан тухай худал түүхийг ярьж өгөв. Он жил улирсаар, гахайнууд цэх явж суран, ташуур барьж, тэр бүү хэл хувцас өмсдөг болцгоожээ. Долоон журам хасагдсаар “Бүх амьтад эрх тэгш, гэхдээ зарим амьтад бусдаасаа


илүү эрхтэй” гэсэн ганцхан журамтай болов. Наполеон гахайнууд болон нутгийн бусад фермерүүдтэй өөрийн шинэ холбоотон болсныг нь тэмдэглэж үдэшлэг зохионо. Тэр хувьсгалын ажиллагаагаа нэгмөсөн зогсоож, фермээ “Эзэмшлийн ферм” болгон нэрийг нь өөрчилнө. Тэдний яриаг сэм сонссон амьтад гахайнуудын царай өөрчлөгдсөнийг анзаарчээ. Покер тоглох үеэр Наполеон болон Пилкингтон нарын хооронд маргаан дэгдэхэд амьтад гахайнуудын царай хүний царайтай адил болсныг мэдэх ч гэлээ хэн ч энэ тухай хэлж эс чадна.


Зарим дүрийн тухай Гахайнууд • Хөгшин Мажор (Old Major) – Тус номонд Бослого дэгдэхэд түлхэц өгсөн Хөгшин цагаан бодонгийн дүр. Энэ дүрээр коммунизмын үндсийг тавигчдын нэг Карл Маркс болон Оросын хувьсгалын коммунист удирдагч Ленинийг хослуулан ёгтолж харуулсан. • Наполеон (Napoleon) – Том биетэй, ширүүн төрхтэй зөвхөн Беркширийн фермд байдаг Беркширийн бодон бөгөөд уран илтгэгч биш гэлээ ч өөрийн аргаар нэр хүнд олж авч чадсан. Энэхүү дүрээр Иосиф Сталиныг ёгтлон харуулсан бөгөөд зохиолын гол дүр юм. • Сноуболл (Snowball) – Наполеоны өрсөлдөгч бөгөөд Жонсыг хөөсний дараа фермийн анхны удирдагч болсон. Түүгээр үндсэндээ Лев Троцкийг харуулсан ч Лениний төрх шинж бас байдаг. • Матаач (Squealer) – Наполеоны баруун гар болох жижиг тарган цагаан гахай бөгөөд ухуулга суртлын сайд, нэг ёсондоо Молотовтой адилхан албан тушаалтан гэж хэлж болно. Хүмүүс • Ноён Жонс (Mr.Jones) – Фермийн хуучин эзэн Жонс бол архаг архичин. Түүнийг маш их ууж, амьтдаа тэжээж, асарч чадахаа больсноос фермд бослого гардаг. Тэр бол 1917 оны Хоёрдугаар сарын хөрөнгөтний хувьсгалын дараа хаан ширээнээс бууж, 1918 оны 7 сарын 17- нд большевикуудын гарт гэр бүлийн хамт цаазлагдсан Оросын Николай хааны ёгт дүр юм. • Ноён Фредрик (Mr.Frederick) – Жижиг боловч эмх журамтай хөрш зэргэлдээх Пинчфийлд фермийн эзэн бөгөөд хэсэгхэн хугацаанд Наполеоны холбоотон болж байсан. Түүгээр Иосиф Сталинтай холбоотон болчихоод тун удалгүй ЗХУ-руу цөмрөн орсон Адольф Гитлерийг ёгтлон харуулсан.


Бусад илэрхийллүүд • Мосес (Moses) –Ферм дээр үе үе үзэгддэг хөгшин хэрээний дүрээр Оросын үнэн алдартны сүмийг илэрхийлдэг. Мосес амьтдыг шаргуу ажиллах юм бол үхэхдээ үүлсийн цаана байдаг гайхалтай Амтат чихрийн ууланд очно гэж амална. Сүм хааны мэдэлд байсан шиг Мосес нь Жонсын тэжээвэр хэрээ бөгөөд бослогын дараа фермийг орхин явдаг нь Орост шашин хүчгүй болсон үеийг харуулж байгаа юм. Гэхдээ Сталин үнэн алдартны сүмийг эргүүлэн авчирдаг шиг Наполеон хэрээг буцаан авчирдаг. • Амтат чихрийн уул (Sugarcandy Mountain) – Диваажин. Энэ бол Мосес хэрээний амьтдад нас барсныхаа дараа очно гэж итгүүлдэг газар. • Салхин тээрэм – Сталины таван жилийн төлөвлөгөөг үүгээр илэрхийлсэн. Амьтад хөлс хүчээ шавхан Салхин тээрмийг босгохоор зүтгэдэг. Энэ салхин тээрэм хоёр удаа нурж эвдэрдэг нь Сталины төлөвлөгөөний дутагдалтай талыг харуулсан. • Ноён Пилкингтоны эзэмшдэг Фоксвүүд (Foxwood) – Энэ бол Наполеон өөрөө урваж, дараа нь Фредрик түүнээс урвасны дараа тусламж гуйдаг хөрш ферм бөгөөд үүгээр Англи улсыг илэрхийлжээ. Бодит байдал дээр: Орос эхлээд Англиас нүүр буруулсан ч, Герман тэдэн рүү довтлох үед эргээд Англиас тусламж хүсдэг. • Ноён Фредрикийн эзэмшдэг Пинчфийлд (Pinchfield) – Герман улс. • Ноход – Нууц цагдаа. Наполеон гөлөгнүүдийг дөнгөж төрснийх нь дараа авч сурган, Сталин нууц цагдааг ажилчин ангийг цагдан хянадаг байсан шиг амьтдыг айлгахад ашигладаг. • Молли морь (Mollie the horse) – Молли бослогод оролцохгүй бөгөөд зөвхөн хар амиа хичээж, хүмүүс түүний тухай юу гэж бодох бол гэдэгт санаа нь зовох тул Амьтдын фермийг орхин явдаг. Үүгээр Оросын хувьсгалыг огт хайхралгүй, Оросыг орхин явсан хөрөнгөтнүүдийг илэрхийлжээ. • Тагтаанууд – Тагнуулчид.


#2 American Psycho Америк солиотон Зохиолч: Брет Истон Эллис (Bret Easton Ellis) Хэвлэгдсэн он: 1991 Төрөл: Роман Зохиогчийн тухай Брет Истон Эллис 1964 оны 3 дугаар сарын 7-ны өдөр АНУ- ын Калифорни мужийн Лос Анжелос хотод төржээ. Түүний эцэг Роберт Мартин Эллис чинээлэг үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч байсан бөгөөд түүний согтууруулах ундаанд хэт донтсон байдал нь Эллисийн зохиол бүтээлд гүнзгий нөлөөлжээ. Тэрээр дутагдах гачигдах зүйлгүй, хангалуун өсч, зөвхөн кино урлагийн баячуудын хүүхэд суралцдаг Бакли дунд сургуульд суралцаж төгсчээ. Түүнийг 1982 онд ахлах сургуулиа төгсөх жил эцэг эх нь салсан ажээ. 1985 онд коллежид сурч байхдаа тэрээр анхны “Тэгээс бага” (Less than Zero) романаа хэвлүүлсэн нь шүүмжлэгчдийн зүгээс талархал хүлээн, багагүй амжилтад хүрсэн байна. Түүнээс хоёр жилийн дараа уг бүтээлээр нь кино хийсэн ажээ. Түүний хоёр дахь роман “Таталцлын хууль” (Rules of Attrac- tion)-ыг хэтэрхий хувийнхаа амьдралыг харуулсан гэж шүүмжилж байсан ч бусад бүтээл шиг нь анхаарал татаагүй юм. 41 насандаа Эллис шуугиан тарьсан өөрийн гуравдахь роман болох “Америк солиотон” бүтээлээрээ Америкийн “Х” ангиллын бүтээл (зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан) туурвигчдын хамгийн том төлөөлөлд тооцогдох болсон байна.


Хориг Брет Истон Эллисийн “Америк солиотон” роман хэвлэгдэхээсээ өмнө л “хэл аманд” орж байжээ. Өмнөх хоёр романыг нь хэвлэсэн Simon & Schuster хэвлэлийн компаниас түүнд 300000 ам.долларын урьдчилгаа төлсөн байсан ч хэвлэгдэхээс ганцхан сарын өмнө гэрээгээ цуцалж, “ийм асуудалтай бүтээл дээр өөрсдийн нэрийг гаргах нь байж боломгүй алдаа болно” гээд хэвлэхээс татгалзжээ. Гэсэн хэдий ч 1991 оны 3 дугаар сард Random House/Knopf тус бүтээлийг хэвлэсэн юм. Тус бүтээл АНУ-д хэвлэгдсэнээс хэдхэн өдрийн дараа Канадын гааль уг номыг Канадын нутаг дэвсгэрт борлуулахаар импортлох, дараагаар нь хэвлэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Германд, тус номыг “бага насныханд муу нөлөөтэй” гэж үзэн, номыг худалдаалах болон сурталчлахыг 1995 оноос 2000 он хүртэл хатуу хориглож байжээ. Австралид, “Америк солиотон”-ыг гялгар уутаар ороон худалдаалж байсан бөгөөд Үндэсний бичиг зохиолыг хянах хуулийн дагуу “R18” (18-аас доош насныхан уншихыг хориглосон) ангилалд бүртгэж, 18-аас доош насныханд зарахыг хоригложээ. Мөн Австралийн Кюүнсландмужид тус номыг худалдахыг хориглосон байдаг. Шинэ Зеландад, Засгийн газрын харъяа “Кино, утга зохиолын ангиллын алба”-аас тус номыг R18 ангилалд оруулжээ. “Америк солиотон”-ыг 18-аас доош насныханд худалдах, номын санд олгохыг хориглосон байв. Номын дэлгүүрүүдэд ерөнхийдөө зөвхөн гялгар уутаар ороож худалдаалдаг байна.


Номын тухай Тус бүтээл олон нийтийн анхаарлыг татаж байсан ч, дэлхий даяар номын сүлжээ дэлгүүрүүд болон номын худалдаачид “Америк солиотон”-ыг худалдаалахаас татгалзсан байна. “Америк солиотон” АНУ-д худалдаанд гарсныхаа маргааш 100000 хувь зарагдаж, маш амжилттайгаар “шилдэг борлуулалттай ном” болсон хэдий ч The New York Times уг бүтээлийг агуулгаас нь болоод шилдэг борлуулалттай номын жагсаалтаасаа хассан байна. Тухайн цаг үед хэвлэгдсэн “Х” ангиллын бүх бүтээлүүд дотроос АНУ-ын Үндэсний эмэгтэйчүүдийн байгууллага “Америк солиотон”-ыг онцлон сонгож, “хүмүүн бус, харгис хэрцгий хүчирхийллийг бэлгийн дур сонирхлоор халхавчлан гаргасан” гэж мэдэгдэж байсан ба уг номыг тус байгууллагын урьд өмнө үзэж байгаагүй “эмэгтэй хүнийг хамгийн ихээр үзэн ядсан илэрхийлэл” бүхий ном гэжээ. 1991 онд таксины жолооч Вэйд Франкум Австралийн Сиднэй хотын захын дүүргийн нэгэн худалдааны төвд 7 хүнийг буудан хороож, цагдаа нар ирэх үеэр өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарсан юм. Франкумын ганцаар амьдарч байсан байрнаас цагдаа нар хүчирхийллийг харуулсан их хэмжээний ном болон видео олсны дотор “Америк солиотон” байжээ. Хэдийгээр уг ном Франкумыг гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болсон гэсэн баттай нотолгоо байгаагүй ч, сонин хэвлэлүүдээр таагүймэдээллүүд нилээд цацагдсан юм. “Америк солиотон” бүтээлд эмэгтэйчүүдийг балмадаар хөнөөсөн гэмт хэргийг дүрсэлсэн учир “эмэгтэйчүүдийг ихээр үзэн ядсан” утга санаа бүхий хэмээн хориглосон бөгөөд Франкумын хөнөөсөн долоон хохирогчийн тав нь эмэгтэй байсан тул хүмүүст ийнхүү сөрөг таамаг гаргахад хүргэсэн байх талтай. Канадад цуврал алуурчин Паул Бернардод тус ном байсан нь илэрч, тэрээр үүнийг өөрийн “Библи” хэмээн шуугиан тарьсны дараагаар “Америк солиотон”-ыг тойрсон маргаан дахин дэгдсэн юм. Зохиолын үйл явдлыг хураангуйлан өгүүлвээс 1980-аад оны сүүлээр Уолл Стритэд гарсан эдийн засгийн хэт өсөлтийн үеэр Манхэттэнд туурвисан “Америк солиотон” зохиолд баян чинээлэг, залуухан хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Патрик Бейтманы өдөр тутмын амьдралыг өгүүлдэг. Зохиолын гол дүр Бейтман бол догшин хэрцгий, өршөөл энэрэлгүй хүн бөгөөд 1980-аад оны Уолл Стритийн залуусын хамгийн “хөгийн” төлөөлөл. Тэр сэтгэцийн өвчтэй. Бейтман бараг хүн бүрийг л өөрт нь талтай гэж боддог ч тэдний анхаарал, халамжийг огт мэдэрдэггүй, ямагт ганцаар байхыг илүүд үзнэ. Жианни Версачийн хүрмийг тэртээ холоос хараад л шууд таньдаг ч, өөрийн өмсч буй оймсныхоо дизайнерыг ялгаж танихгүй бол гутардаг тансаг хэрэглээнд хэт донтсон нэгэн. Түүх эхлэхэд 30 шүргэж яваа Бейтман Нью-Йорк хотын Уолл Стрит дэх тансаг амьдралаас шөнө болоход аллага үйлдэхээр явдаг тухай өөрийн амьдралын өдөр тутмын үйл явдлыг дүрсэлжээ. Одоо цаг дээр болж буй үйл явдлыг хүүрнэх Бейтман Баасан гаригийн үдшийг


ажлынхантайгаа шөнийн клубт хэрхэн өнгөрүүлдэг, тэд клубт ирж буй хүмүүсийн хувцсыг шүүмжлэн, нэг нэгэндээ загварын талаар зөвлөгөө өгч, мансууруулах бодис хэрэглэдэг тухайгаа өгүүлнэ. Бейтман хамтран зүтгэгч Паул Овэнийг алсныхаа дараа, өөрийн байрыг хохирогч нарыг хороож, хадгалах газар болгоно. Бейтман өөрийн зэрлэг балмад үйлдэлд хяналт тавих нь улам дордоно. Түүний аллага илүү садист, нарийн түвэгтэй болж ирнэ. Түүний хоёрдмол амьдралын зааг замхарч эхэлнэ. Тэр энгийн яриандаа цуврал алуурчдын тухай дурдах бөгөөд заримдаа хамтран ажиллагсаддаа өөрийн үйлдсэн аллагын талаарилэн далангүй ярина. Гэвч тэд яриаг нь хэзээ ч ноцтойгоор хүлээж авч байсангүй. Бейтман хачин жигтэй хий юм үзэж эхлэх бөгөөд энэ нь түүнийг гудамжинд хэд хэдэн хүнийг буудахад хүргэж, нисдэг тэргээр мөшгин хөөх тусгайгийн багаас зугатаж, ажлын өрөөндөө нуугдана. Тэндээс өөрийн өмгөөлөгч Харолд Карнэс рүү залгаж, автомат хариулагчид нь үйлдсэн бүх гэмт хэргээ өчдөг. Хамгийн хачин жигтэй хүчирхийлэлд сэтгэл ханах болсон тэрээр үйлдсэн бусармаг хэргээ түгдрэх ч үгүй нэгд нэггүй ярьсан байжээ. Тэр гэр оронгүй эрийн нүдийг ухан авч, хамтран ажилладаг бизнесийн хамтрагчаа огт сэжиг аваагүй байхад нь сүхээр цохин алсан. Түүний үйлдсэн хэрэг үүгээр дуусахгүй. Эмэгтэйчүүдийг хэрхэн тамлан хороосон тухай өчиг нь аймшигтай бөгөөд жигшмээр ажээ. Зохиолын төгсгөлд, Бейтман өөрийнх нь автомат хариулагчид үлдээсэн яриаг сонсоод мэл гайхаж, түүнийг тоглоом наргиа хийж байна гэж хүлээн авсан Карнэстэй нүүр тулна. Карнэс Бейтманыг ийм гэмт хэрэг үйлдэж чадахааргүй хэтэрхий хулчгар гэж үзжээ. Карнэс түүнийг Овэнийг алсан гэж сэжиглэх нь огт үндэслэлгүй хэрэг, бид хэдэн өдрийн өмнө Лондонд нэг биш, бүр хоёр ч удаа хамтдаа оройн хоол идсэн гэж эрээ цээрээ алдсан Бейтманы талд зогсож, түүнийг хамгаалдаг. Түүх яг эхэлсэн шигээ Бейтман ажлынхантайгаа шинээр нээгдсэн клубт Баасан гаригийн үдшийг олиггүй яриа өрнүүлэн зугаацаж байгаагаар дуусдаг. Олон талаараа Америк мөрөөдлийн бодит биелэл болсон баян чинээлэг, эрх мэдэлтэй, ухаалаг, царайлаг, эрч хүчтэй, амжилттай яваа хэрнээ өөрийн эцэс төгсгөлгүй, хувиа хичээсэн хэрэглээнээс болж таашаал, сэтгэл ханамж, амьдралын утга учрыг мэдрэхгүй болсон “солиотой” алуурчны нүдээр ертөнцийг харж, ертөнц хийгээд мөрөөдөл хоёрын хоосон чанарыг илэрхийлэн гаргасан байна. Садар самуун агуулгатай гэхээсээ илүүтэй “Америк солиотон” нь улс төрийн гүн гүнзгий утга агуулгатай юм. Эллис хэн нэгний эсрэг хүчирхийллийг хэзээ ч магтаж эсхүл өдөөн турхираагүй ч ихэнх шүүмжлэгчдийн энэхүү номын гаргаж ирж магадгүй гэж айж буй хүчирхийллийн хэлбэрүүдээр зогсохгүй бусад нийгмийн асуудлуудыг үл тоомсорлож буйг энэ бүтээлээр гаргасан гэхэд хилсдэхгүй. Эллис 1991 онд “Нью-Йорк Таймс”-т өгсөн ярилцлагадаа “Би зөвхөн нийгмийн гадна байдал, өнгөц зүйлийг бичсэн. Бүх зүйл бол өнгөлөн далдлалт – идэж ууж, эдэлж хэрэглэж буй зүйлс нь ямар хүн болохыг нь тодорхойлохгүй болохыг харуулах гэсэн” хэмээжээ. Зохиолч нэр нь үл мэдэгдэх этгээдээс амь насанд нь заналхийлсэн захидал, сануулга 13 удаа


хүлээн авчээ. Зарим нэгд нь түүний зургийг элдвээр “эрэмдэглэсэн” байж. “Энэ бүхэн бага зэрэг түгшүүртэй. Бейтман мангас болохоос би мангас биш” хэмээн Эллис бухимдлаа илэрхийлсэн байдаг. Гэвч зохиолч болон түүний зохиомол дүр хоёрыг ялгаж салгахгүй байгааг илтгэх тэдгээр заналхийллээс болоод зохиолч олны нүдэнд үзэгдэхээ больсон байжээ. 2000 онд зохиолч Гвиневер Турнер болон найруулагч Мэри Хэррон нар “Америк солиотон” зохиолоор найруулсан инээдмийн киног Lions Gate Films продакшнтай хамтран гаргажээ. Бейтманы дүрд Кристиан Бэйл (Christian Bale), туслах дүрүүдэд Виллем Дафое (Willem Dafoe), Риз Витерспүүн (Reese Witherspoon) нар тогложээ. Зохиолч Эллис энэ тухай “Америк солиотон” бол миний хэзээ ч кино болгох хэрэгтэй гэж төсөөлж ч байгаагүй ном, ингэж кино хэлбэрээр гаргасан нь зохиолыг ямар ч сонирхолгүй болгож байна” гэжээ. 2009 онд, Audible.com сайтаас тус зохиолын аудио хувилбарыг гаргажээ. Номын Унгар хувилбар болох “Будапештын солиотон” (Buda- pesti skizo) бүтээлийг Аттила Хазай (Attila Hazai) 1997 онд гаргасан нь түүний хамгийн алдартай бүтээл болжээ. Гэвч энэ ном англи хэлнээ орчуулагдан гараагүй юм. 2013 онд, Kickstarterкампанит ажлын хүрээнд “Америк солиотон”-ыг мюзикал хэлбэрээр тайзнаа тавихаар бэлтгэж байгаа бөгөөд 2013 оны 12 дугаар сард Лондонгийн Алмейда театрт Дункан Шейк (Duncan Sheik)-ийн үг, аяар тус мюзикалыг тоглохоор зарласан байгаа ажээ.


#3 Alice’s Adventures in Wonderland Алиса гайхамшгийн оронд Зохиолч: Льюис Кэрролл (Lewis Carroll) Хэвлэгдсэн он: 1865 Төрөл: Хүүхдийн зохиол, адал явдалт Зохиогчийн тухай Льюис Кэрролл (1832-1898)-ын жинхэнэ нэр нь Чарльз Дожсон (Charles Dodgson) юм. Тэрээр Оксфордын Их сургуульд математикийн багшаар ажиллаж байжээ. Льюис өөрийн найз Дин Лидделийн гурван охинтой өдрийг өнгөрүүлж, завиар зугаалах дуртай байсан бөгөөд ээлжит нэгэн аяллынхаа үеэр ярьсан түүх нь хожим “Алиса гайхамшгийн оронд” бүтээл болж 1865 онд хэвлэгджээ. Льюис Кэрролл Оксфордод багшилж байхдаа математикийн тухай хэд хэдэн бүтээл туурвисан бөгөөд тэрээр өнөөг хүртэл математикийн хичээлд заасаар байгаа Кэрроллын диаграмм буюу мэдээллийг бүлэглэх аргачлалыг нэвтрүүлсэн юм. Тэрээр түвэгтэй бодлого, тоглоомонд дуртай нэгэн байжээ. Мөн шатар сайн тоглодог байсан бөгөөд түүний бичсэн хүүхдийн зохиолуудад шатар болон бусад тоглоомын талаар нилээд дурдагдсан байдаг.


Хориг 1900 оны эхээр АНУ-ын Нью-Хэмпшир мужийн Хаверхиллийн Вүүдсвил Ахлах сургуульд тус номыг хараалын үг хэллэг агуулсан, гар хангалга, сексийн сэтгэмжийг битүү утгаар илэрхийлсэн, багш нар болон шашны ёслолыг гутаан дүрсэлсэн гэж үзэн сургуулийн хэрэгцээнд ашиглахыг хориглож байжээ. 1931 онд БНХАУ-ын Хунан мужийн захирагч “Амьтад хүний хэлээр ярьдаг байх ёсгүй, амьтдыг хүн төрөлхтөнтэй нэг түвшинд авч үзсэн нь байж боломгүй хэрэг” гэсэн үндэслэлээр “Алиса гайхамшгийн оронд” бүтээлийг хориглосон юм. Дожсоныг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татагч бөгөөд тэрээр уг түүхийг ярьж өгсөн гурван охинд сексийн хувьд татагдсан гэсэн шуугиан дэгдэж байжээ. Түүнийг охидын нүцгэн зургийг авсан гэх яриа ийм хэл ам гарахад хүргэжээ. Юуны өмнө, Викторийн үеийн олон уран бүтээлчид хүмүүсийн, тэр бүү хэл хүүхдийн нүцгэн гэрэл зургийг авах явдал түгээмэл байсан. Тэр ч мөн адил эхийнх нь зөвшөөрөлтэйгээр тэдгээр охидын зургийг авсан гэх бөгөөд нас барсных нь дараа зургуудыг устгах эсхүл охидод буцаан өгөхийг хүсчээ. Зарим эрдэмтэд Дожсоны уг бүтээлээ бичихэд ашигласан олон ёжтой егөөдөл, ёгт санаа нь улс төрийн болон шашны элэглэл гэж үзсэн байдаг бөгөөд тэдгээр далд егөөдлийн цаад агуулгыг хүүхдүүд уншихад анзаарч, ойлгохооргүй байгаа ч “томчууд” залуу уншигчдын далд ухамсарт нөлөөлнө гэсэн түгшүүр төрүүлэхэд хангалттай үндэслэл болж байгаа юм.


Номын тухай I бүлэг – Туулайн нүхэнд Алиса эгчтэйгээ голын эрэгт уйтгарлан сууж байтал гартаа халаасны цаг барьж, хувцас өмссөн Цагаан туулай өнгөрч одохыг харна. Тэр туулайн араас нүхрүү нь ортол гэнэт доош унаж, янз бүрийн хэмжээтэй олон түгжээтэй хаалга бүхий этгээд хачин хонгилд бууж ирнэ. Алиса өөрөө багтаж орохын аргагүй жижиг хаалганы цаана гайхалтай цэцэрлэг байгааг олж хараад тийш орохыг хүсэв. Хаалганы жижиг түлхүүрийг ч олов. Ширээн дээр байсан “Намайг уу” бичигтэй шингэн зүйлийг уухад ширээн дээрх өнөөх түлхүүрийг авч чадахын аргагүй жижигхэн болов. “Намайг ид” гэсэн бялууг идэхэд эргээд том болж, бүр хэт их идсэнээс хонгилын таазанд толгой нь тулж ирнэ. II бүлэг – Нулимсан далай Алиса сэтгэлээр унаж уйлахад түүний нулимс хонгилоор дүүрэв. Санамсаргүй олж авсан дэвүүр нь түүнийг дахиад жижигхэн болгон агшаахад Алиса өөрийн нулимсанд живэхгүйн тулд сэлэхээс аргагүй болно. Сэлж явахдаа мөн л өөртэй нь адил сэлж байгаа Хулганатай таарна. Түүнд энгийн франц хэлээр хулганатай ярилцах санаа төрөх боловч “Миний муур хаана байна?” гэсэн асуулт нь Хулганы дургүйг хүргэж орхино. III бүлэг – Кавказ уралдаан ба урт үлгэр Гэнэт үүссэн нулимсан далай ойр хавийн амьтан, шувуудаар дүүрлээ. Алиса болон бусад амьтад эцэст нь эрэг дээр гарсны дараа тэдэнд дахин хэрхэн хуурай болох тухай асуудал тулгарлаа. Хулгана тэдэнд “Байлдан дагуулагч Уилльям”-ын тухай ямар ч хачир чимэггүй түүх ярьж өгөв. Додо (Dodo) бүгд нэг эгнээнд тойрог үүсгэн гүйх, ямар ч тодорхой ялагчгүй “Кавказ уралдаан” зохиох нь хуурай болох хамгийн сайн арга гэж үзэв. Алиса эцэст нь ямар ч бодлогогүйгээр өөрийн муурны тухай ярьж бүх амьтдыг үргээнэ. IV бүлэг – Туулай Бяцхан Биллийг илгээв Цагаан Туулай Эзэгтэйнхээ бээлий, дэвүүрийг хайж яваад дахин түүнтэй таарна. Алисаг өөрийн үйлчлэгч Мэри Анн байна гэж андуурсан туулай Алисаг байшинд орж, хайж байгаа зүйлсийг нь олж ирэхийг тушаана. Гэтэл Алиса байшинд ороод томорч эхэлнэ. Айж эмээсэн туулай цэцэрлэгч гүрвэл Биллийг дээвэр рүү авирч, яндангаар дотогш орохыг тушаалаа. Алиса гадаа аварга гарыг нь харж алмайрсан амьтдын дууг сонсож байлаа. Үймж бужигнасан амьтад түүн рүү чулуу шидэлж гарав. Гэтэл тэр чулуу нь бялуу болж хувирчээ. Алиса тэднийг идэж, буцаад жижигхэн биетэй болов. V бүлэг – Жаран хөлтийн өгсөн зөвлөгөө Алиса мөөгөн дээгүүр хартал түүн дээр хөх өнгөтэй Жаран хөлт усаар хөргөж татдаг Hookah тамхи татаж байгааг харна. Жаран хөлт түүнээс олон зүйл шалгааж, Алиса түүнд цээжилсэн шүлгээ санаж чадахгүй байгаа гээд учир явдлаа тоочино. Мөлхөж одохын өмнө Жаран хөлт


түүнд мөөгний нэг тал түүнийг өндөр болгож, харин нөгөө тал нь намхан болгоно гэж хэлжээ. Түүний хэлснээр Алиса мөөгнөөс хоёр хэсгийг тасалж авлаа. Нэг хэсэг нь түүнийг урьд байснаас нь ч илүү жижигхэн болгож, харин нөгөө хэсэг нь модны орой шүргэм өндөр болгоход тагтаанууд түүнийг хорт могой байна гэж андуурна. Ийнхүү туршиж үзсээр Алиса өөрийгөө хэвийн хэмжээтэй болно. Цааш явсаар нэгэн жижигхэн байшинд хүрэх бөгөөд Алиса мөөгөө ашиглан өөрийгөө байшинд багтахаар жижиг хэмжээтэй болголоо. VI бүлэг – Гахай ба чинжүү Загасан биетэй хүн Эзэгтэйг гэртээ урихаар Мэлхий биетэй хүнийг явуулна. Алиса үйл явдлыг ажиглан харж байсан бөгөөд мэлхийтэй учир нь үл ойлгогдох яриа өрнүүлсний дараа гэрт нь орох зөвшөөрөл авдаг. Эзэгтэйн тогооч маш их чинжүүтэй шөл хийж байсан тул Алиса, Эзэгтэй болон түүний хүүхэд бүгд чангаар найтааж эхэлнэ. Харин тогооч, Чешир муур хоёр огт найтахгүй байх ажээ. Эзэгтэй Алисад хүүхдээ өгөхөд, хүүхэд нь гахай болж хувирна. Чешир муур модон дээр үзэгдэн, Алисад Галзуу туулайн байшин руу замчилж байв. Муур алга болсон ч байсан газарт нь инээмсэглэл тодорч байсан бөгөөд Алиса муурыг ихэнхдээ инээмсэглэл байхгүйгээр хардаг ч, инээмсэглэлийг муур байхгүйгээр харж байсангүй хэмээн бодож явлаа. VII бүлэг – Галзуу цайны үдэшлэг Алиса Галзуу туулай, Бүрх малгайт болон ядарч туйлдсанаас байнга л зүүрмэглэж байх Унтаахай хулганатай хамт “галзуу” цайны үдэшлэгт зочноор уригдана. Тэд Алисагаар таавар таалгаж, үлгэр ярьж өгдгөөс хамгийн алдартай нь “Хэрээ яагаад бичгийн ширээ шиг вэ?” гэсэн таавар багтдаг. Бүрх малгайт “Цаг хугацаа” түүнийг оройн 6 цаг буюу Цайны цаг хүртэл зогсож байхаар шийтгэсэн тул тэд бүтэн өдөр цай ууж байгааг хэлнэ. Бүх л өдөржин элэг доог болж, оньсого таавраар булуулсан Алиса энэ бүхнээс залхаж орхин явахдаа энэ нь түүний оролцож байсан хамгийн тэнэг цайны үдэшлэг байлаа гэнэ. VIII бүлэг – Хатан хааны бөөрөнцгийн талбай Алиса цайны үдэшлэгээс гарч яваад гурван амьд хөзөр Бундангийн хатныг цагаан сарнайд дургүй тул тэдгээрийг улаан өнгөөр будаж байгаатай таарна. Өөр бусад хөзрүүд, хаан бас хатан, бүр Цагаан туулай бүгд цэцэрлэгт орж ирнэ. Бундын хатны сэтгэлд нийцэх зүйл байдаггүй бөгөөд Алисаг жаахан эвгүй зүйл хэлэхэд л тэр өөрийн амны уншлага болсон “Толгойг нь ав” гэсэн тушаалаа буулгалаа. Алисаг бөөрөнцөг тоглохыг урих бөгөөд удахгүй түүний яриа болон тэрхүү тоглоом хөл толгойгоо алдсан замбараагүй зүйл болж хувирна. Амьд фламинго шувуугаар цохиур хийж, зараагаар бөмбөг хийж тоглоцгоов. Алиса дахин Чешир мууртай таарна. Бундын хатан харин муурын толгойг авахыг тушаана. Гэтэл цаазаар авагчид зөвхөн толгой нь л харагдаж байхад


муурыг цаазална гэдэг бүтэшгүй зүйл хэмээн гомдоллоно. Муур Эзэгтэйн муур тул, Хатан асуудлыг шийдэхийн тулд Эзэгтэйг шоронгоос суллах санаа гаргав. IX бүлэг – Хуурамч яст мэлхийн түүх Алисагийн хүсэлтээр Эзэгтэйг бөөрөнцгийн талбайд авчирна. Бундангийн хатан Алисаг цаазаар авахаа больж, Грифонтой танилцуулах бөгөөд Грифон (Gryphon) түүнийг Хуурамч яст мэлхий (Mock Turtle) дээр авчирдаг.Хуурамч яст мэлхий өөрт нь ямар ч гуниг зовлон тохиолдоогүй атал гунигт автсан байх ажээ. Яст мэлхий түүнд өөрийг нь хэрхэн жинхэнэ яст мэлхий болгож сургуульд явуулсан түүхээ ярихыг хүссэн ч Грифон яриаг нь тасалж тоглоом тоглох санал гаргана. Х бүлэг – Хавчны бүжиг Хуурамч яст мэлхий болон Грифон нар Алисаг “Хавчны дуу хоолой” дууг аялах зуур Хавчны бүжиг бүжиглэнэ. Яст мэлхий тэдэнд “Гайхалтай шөл” нэртэй дууг дуулж өгөх ч Грифон Алисаг цааш чирэн авч явна. XI бүлэг – Хэн жимстэй боов хулгайлав? Алиса Бундын боол хөзрүүдийн Хатан хааны жимстэй боовыг хулгайлсан хэргийг шүүх ажиллагаанд оролцоно. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Билл гүрвэл зэрэг амьтад багтаж байсан бөгөөд Цагаан туулай шүүхийн бүрээчин, харин Шүүгчээр Бундын ноён байв. Шүүх ажиллагааны үеэр, Алиса өөрийгөө огцом томорч байгааг мэднэ. Унтамхай хулгана түүнийг ийм хурдтай томорч, хамаг агаарыг булааж байгаад уурлав. Алиса хүн болгон л өсч томордог учир түүний ийнхүү өөрийг нь буруутгах нь утгагүй зүйл, би үүнд буруугүй гэв. Энэ зуур гэрчүүдийг байцаах ба Галзуу Бүрх малгайт Ноёны асуусан асуултад тэс өөр хариу өгч төөрөлдүүлэн уурыг нь хүргэнэ. XII бүлэг – Алисагийн нотолгоо Алисаг гэрчээр дуудах болов. Тэр санамсаргүйгээр дотор нь амьтад байсан шүүхийн хайрцгийг унагачихав. Бундын Ноён шүүх ажиллагааг үргэлжлүүлэхийн өмнө суудлыг буцааж тавихыг тушаав. Ноён, Хатан хоёр “нэг милээс илүү өндөртэй бол шүүх ажиллагаанд оролцож болохгүй” тухай 42 дугаар дүрмийн дагуу Алисаг шүүх ажиллагааг орхиж явахыг тушаасан боловч Алиса тэдэнтэй маргаж, орхин явахаас татгалзжээ. Алиса Ноён, Хатан хоёртой энэ шүүх ажиллагаа бол утгагүй хэрэг гэж маргалдав. Хатан өнөөх л “Толгойг нь ав” гэсэн тушаалаа өгсөн ч Алиса энэ удаад огтхон ч айсангүй. Харин ч түүн рүү асах хөзрийн цэргүүдийг түүнээс холд хэмээн орилж байв. Яг энэ үед эгч нь нүүрэн дээр нь унасан навчнуудыг авч холдуулан, цайгаа уу гэж сэрээжээ. Алиса түүнд тохиолдсон хачин жигтэй зүйлсийг бодон, эгчийгээ эрэгт орхин явлаа.


#4 Brave New World Гайхалтай шинэ ертөнц Зохиолч: Олдос Хаксли (Aldous Huxley) Хэвлэгдсэн он: 1932 Төрөл: Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол Зохиогчийн тухай Английн зохиолч Олдос Леонард Хаксли (Aldous Leon- ard Huxley) 1894 оны 7 сарын 26-нд шинжлэх ухааны салбарт нэр хүндтэй сэхээтэн гэр бүлд төрж, 1963 оны 11 сарын 22-ны өдөр таалал төгссөн. Тэрээр өөрийн 1931 онд бичиж, 1932 онд хэвлүүлсэн “Гайхалтай шинэ ертөнц” хэмээх тав дахь романаараа алдаршсан. Олдос Хакслиг роман, эссэ бичдгээр нь мэдэх хэдий ч тэрээр богино өгүүллэг, яруу найраг, аяллын ном, мөн кино зохиол хүртэл туурвидаг байжээ. Өөрийн зохиол бүтээлдээ Хаксли тогтсон уламжлал, ёс жаяг, нийгмийн хэм хэмжээг шүүмжлэн буй ажиглагчийн дүрийг бүтээдэг. Хакслиг 14 настайд эх нь өнгөрсөн бөгөөд тэр үеэс хүндээр өвдөж 1911 онд хараа нь ихэд муудаж сохорсон байна. Үүгээр зогссонгүй 1914 онд ах Ноел нь амиа хорложээ. Харааны бэрхшээлээс болоод Хаксли урьд өмнө нь шимтэн сонирхдог байсан шинжлэх ухааны судалгаагаа хийх боломжгүй болжээ. Нэг нүднийх нь хараа сайжирч, томруулдаг шилээр уншиж чадахуйц болоод тэрээр Оксфордын их сургуульд Английн утга зохиол, сэтгэл судлалын чиглэлээр суралцаж, 1915 онд төгсчээ. Тэрээр 1937 оноос амьдралынхаа сүүлийн жилүүдийг АНУ-ын Лос Анжелос хотод өнгөрүүлсэн юм.


Хориг 1932 онд, Ирландад энэ номыг бэлгийн амьдралын элдэв хэв маягийг харуулсан, мөн гэр бүл болон шашны эсрэг утга агуулгатай гэсэн үндэслэлээр хориглосон байна. “Гайхалтай шинэ ертөнц” роман Америкийн номын сангийн холбоо (ALA)-оос 1990-2001 оны хооронд хориглогдсон 100 номын 52 дугаарт, 2010 оны хамгийн “асуудалтай” анхаарал татдаг 10 номын нэгэнд тус тус багтсан. 1980 онд тус номыг Миссури мужийн Миллер хотын дунд сургуулиудад хориглосон.Харин 1993 онд “сөрөг үр дагаварт хүргэх үйл ажиллагааг харуулсан” хэмээн Калифорний дунд сургуулиудад унших номын жагсаалтаас хасах оролдлого хийсэн ч чадаагүй юм. 1967 онд Энэтхэгт Хакслиг “садар самууныг сурталчлагч” гэж буруутган тус бүтээлийг нь хориглосон. АНУ-д сүүлийн жилүүдэд “Гайхалтай шинэ ертөнц”-ийг ямар ч нарийн мэдрэмжгүй, арьс өнгөөр ялгаварласан гэсэн шалтгаанаар хориглож байв. 1999 онд, АНУ-ын Modern Library хэвлэлийн газраас “Гайхалтай шинэ ертөнц” номыг “ХХ зууны англи хэл дээрх 100 шилдэг роман” жагсаалтын тавдугаарт оруулжээ. 2003 онд Зохиолч Роберт МакКрам (Robert McCrum) Британий The Observer сонинд бичсэн нийтлэлдээ тус зохиолыг “бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 роман”-ы 53-т бичсэн бол, BBC-ийн The Big Read судалгаагаар 87 дугаар байрт оржээ.


Номын тухай Зохиолд МЭ 2540 оны (зохиолд Фордын дараах 632 он гэж гардаг) Лондонгийн тухай өгүүлнэ. Дэлхийн хүн амын дийлэнх нь (хүн амын тоог байнга хязгаарлаж хоёр тэрбумаас хэтрүүлэхгүй барьдаг учир) бараа бүтээгдэхүүн, нөөц элбэг дэлбэг, хүн бүр аз жаргалтай байдаг мөнхийн амар амгалан, тогтвортой нийгэм Дэлхийн улсад амьдрах ажээ. Инкубаторын төвийн захирал өөрийн туслахуудын нэг Хенри Фостерийн хамтаар хэсэг хөвүүдэд Лондонгийн Инкубатор, чийрэгжүүлэлтийн төвийг танилцуулж байгаагаар зохиол эхэлдэг. Хөвүүд хоорондоо бараг ялгагдахгүй шахам мянга мянган ургийг Бокановский, Подснапын аргаар Инкубаторт хэрхэн боловсруулдаг тухай мэдэж авна. Жирэмслэлтийн явцад байгаа шилэнд хийсэн ургууд үйлдвэрийн ажиллагааг санагдуулам туузан дамжуургаар дамжин Альфа, Бета, Гамма, Дельта, Эпсилон гэсэн таван кастад хуваарилагдана. Альфа ургууд нь Дэлхийн улсын удирдагч, сэтгэгчид болох хувь заяатай ажээ. Харин бусад кастууд нь бие болон оюун ухааны хөгжлийн хувьд илүү сул дорой байна. Хүчилтөрөгчийн дутагдалд оруулан, химийн эмчилгээ хийж өсөлтийг зогсоон, маанагдуу болгосон Эпсилонууд барлагийн хөдөлмөр эрхлэх учиртай юм. Үйлдвэрийн ажилчин Ленина Кроун халуун орны цаг агаарт зохицох чадвартай болгох вакциныг ургуудад хэрхэн тарьдаг тухайгаа хөвүүдэд тайлбарлаж өгөв. Захирал хөвүүдийг цааш дагуулан явсаар Хүүхэд асрах газарт ирэх бөгөөд тэнд хэдэн Дельта хүүхдийг ном болон цэцгэнд дургүй болгон програмчилж байгааг ажиглав. Ингэх нь Дельта нарыг үгэнд оромтгой, идэвхтэй хэрэглэгч болгоход тусалдаг болохыг захирал тэдэнд тайлбарлалаа. Мөн хүүхдүүдэд Дэлхийн улсын зан заншлыг заахад ашигладаг “нойрсож байхад нь сургах” аргын тухай ярьж өгөв. Хүүхдүүдийн унтаж буй “Ухамсар суулгах анхан шатны анги”-д хичээлээ шивнэн заах нь сонсогдов. Гадна талбайд, захирал хэдэн зуун нүцгэн хүүхдүүд эмх замбараагүй сексийн тоглоом тоглож байгааг тэдэнд харуулав. Дэлхийн 10 захирагчийн нэг Мустафа Монд хөвүүдэд өөрийгөө танилцуулаад, нийгмээс хүчтэй сэтгэл хөдлөл, дур хүсэл болон хүмүүсийн харилцааг хэрхэн үгүй хийсэн тухай Дэлхийн улсын түүхийг ярьж өгөв. Энэ зуур, Инкубаторын ариун цэврийн өрөөнд Ленина Фэнни Кроунтай өөрийн Хенри Фостертой тогтоосон харилцааныхаа талаар яриа өрнүүлж байв. Фэнни түүнийг Хенритэй дөрвөн сар шахам хамт байгаа нь хэтэрхий урт хугацаа хэмээн зэмлэх ажээ. Ленина харин инээдтэй харагддаг ч гэлээ Бернард Маркст татагдаж байгаагаа түүнд хэлнэ. Ажлын дараа Ленина Бернардад Нью-Мексик дэх Бүдүүлгүүдийн нутаг руу хамт явах урилгыг нь хүлээн авч, түүнтэй хамт явах болсондоо баяртай байгаагаа хэлнэ. Хэт баярласан боловч ичиж сандарсан Бернард өөрийн найз Хелмхолц Ватсонтай уулзахаар нисдэг тэрэг хөлөглөн явлаа. Тэд Дэлхийн улсад сэтгэл гонсгор байх болсон тухайгаа ярилцав. Бернард өөрийн кастад хэтэрхий жижиг, бас сул дорой байгаадаа бухимдаж явдаг бол Хелмхолц өөрийгөө нойрсуулан сургах хичээлийг бичих ажлыг хийхэд хэтэрхий ухаалаг тул сэтгэл гонсойж байгаагаа хэлнэ. Хэдэн өдрийн дараа, Бернард өөрийн хянагч захирлаас Бүдүүлгүүдийн нутаг руу явах зөвшөөрөл хүсчээ. Захирал түүнд хорин жилийн өмнө нэг


бүсгүйтэй хамт тийшээ яваад, шуурганы үеэр тэр бүсгүйг алдсан бөгөөд дахин амилуулж чадаагүйээ ярив. Гэвч эцэст нь Бернардад явах зөвшөөрөл өглөө. Бернард, Ленина нар Варденаас дахиж зөвшөөрөл аваад Бүдүүлгүүдийн нутаг руу хөдлөв. Яг явахын өмнө, Бернард Холмц руу залгах бөгөөд захирал түүний зүй бус байдлаас залхаж, эргэн ирмэгц нь Исланд руу цөллөгт явуулах гэж байгааг мэднэ. Бернард үүнд цухалдаж, айсан боловч Бүдүүлгүүдийн нутаг руу хөдлөхөөр шийднэ. Тэнд ирээд Ленина, Бернард хоёр өтөлж хөгширсөн, өвчтэй хүмүүсийг хараад цочролд оржээ. Учир нь Дэлхийн улсад хөгшрөлтийн ямар ч ул мөр байдаггүй юм. Тэд нэгэн залууг ташуурдаж буй шашны зан үйлийг хараад жигшин зэвүүцнэ. Ёслолын дараа тэд тосгоныхондоо ад үзэгдсэн цайвар царайтай тэрхүү Жон гэгч залуутай уулзав. Жон Бернардад өөрийн бага насны тухай, мөн түүний эх Линдаг 20 жилийн өмнө тосгоны иргэд аварсан тухай ярихад Бернард Линдаг захирлын дурсаж байсан эмэгтэй болохыг таньжээ. Линда тосгоны бүх эрчүүдтэй унтах сонирхолтой байсан тул түүнийг нийгмээс тусгаарласан, мөн үүний дүнд Жоныг ч бас тосгоныхон тусгаарласан болохыг ярив. Жон түүнд Линдагийн найз залуу Папын өгсөн “Үр хөврөлийн хөгжлийг химийн болон бактерлогийн аргаар дэмжих”, “Шекспирийн зохиолын эмхэтгэл” номуудын тусламжтай хэрхэн уншиж сурсан тухайгаа хүүрнэв. Жон Бернардад эхийнх нь түүнд ярьж өгдөг байсан “Өөр газар” – “Гайхалтай шинэ ертөнц”-рүү явах хүсэлтэй байгааг хэлэхэд Бернард буцахдаа түүнийг хамт авч явахаар болно. Жон эхийгээ хамт авч явахыг хүснэ. Бүдүүлгүүдийн нутгийг үзээд жигшсэн Ленина өөрийгөө 18 цаг ухаангүй байлгах хэмжээний их “сома” (төгс мэдрэмжийг төрүүлдэг эм) хэрэглэсэн байлаа. Энэ завсар Бернард Санта-Фе рүү нисч, тэндээс Мустафа Монд руу залган Жон болон Линдаг Дэлхийн улсад эргүүлэн авчрах зөвшөөрлийг авна. Ленина уусан эмэндээ хордож, ухаангүй хэвтэж байсан байрны хаалгыг Жон эвдэн орж ирэх бөгөөд түүнтэй хурьцах гэсэн хүслээ арайхийн тогтоон барина. Бернардыг Альфа ажилчдын өмнө цөллөгт явуулахаар хүлээж байгаа Дэлхийн улс руу Бернард, Ленина, Жон болон Линда нар ниснэ. Гэвч Бернард тэдэнд Линда, Жон хоёрыг танилцуулснаар байдал огт өөрөөр эргэв. “Эцэг” байх нэр нүүргүй болж олны элэг доог болсон захирлыг ажлаас нь огцруулснаар Бернард Лондонд чөлөөтэй үлдэх боломжтой болно. Бүдүүлгүүдийн нутаг дахь амьдралд дассан Жон үйлдвэр болон сургуулиудтай танилцсаны дараа түүний үзсэн нийгэм сэтгэлийг нь улам ч түгшээнэ. Жоны Ленинад татагдсан хэвээр байсан бөгөөд энэ нь жирийн нэг хүсэл тачаалаас илүү зүйл болж Жоныг бүр төөрөгдөлд оруулна. Энэ зуур тэр ч мөн Ленинаг төөрөгдөлд оруулах бөгөөд Жон түүнтэй секс хийх хүсэлгүй байгаа нь Ленинад жигтэй санагдана. “Бүдүүлэг”-ийг нээгч, мөн асран хамгаалагчийн хувьд Бернард маш алдартай болжээ. Тэр энэ шинэ байр байдлаа овжноор ашиглан, олон эмэгтэйтэй унтаж, өөрт нь дургүй ч Жоныг харах хүсэлдээ автан ирсэн олон чухал зочдыг урьж үдэшлэг зохиох болов. Маш хүндтэй зочин ирсэн нэг орой Жон зочидтой уулзахаас татгалзаж, Бернардын нийгмийн байр суурь нуран унажээ. Бернард Жон, Хелмхолц нарыг танилцуулсны дараа тэд тун хурдан хэл амаа ололцов. Жон Хелмхолцод “Ромео Жульета”- ийн хэсгээс уншиж өгөхөд Хелмхолц хайр дурлал, гэрлэлт болон эцэг, эхийн тухай мөрүүдийг Дэлхийн улсын соёлд бараг эрээ цээргүйд тооцогдох,


инээдтэй зүйл хэмээн инээдээ барьж чадахгүй хөхөрдөг. Жоны хачин жигтэй зан авирт татагдсан Ленина түүнд улам бүр ойртохыг хичээж, Хенригийн урилгыг ч үл тооно. Тэр хэсэг сома уугаад, Жоныг өөртөө татна гэж найдсаар түүний байрлаж буй Бернардын гэрт очдог. Гэвч түүний энэ байдлыг үл анзаарах Жон түүнд Шекспирийн мөрүүдээс уншиж өгнө. Ленинаг угаалгын өрөө орох завсар Жон Линдагийн эргэж ирснээсээ хойш сомагийн эмчилгээ хийлгэж байгаа эмнэлэг рүү залгаад эхийгээ үхлүүт байгааг олж мэдлээ. Эмнэлэгт тэр эхийгээ амьсгал хураахыг харж зогсох бөгөөд доогуур кастын хэсэг хөвүүд мөн Линдаг ажиглан, яагаад түүнийг сэтгэл татахгүй байгааг гайхан харна. Хөвүүд зүгээр л сониучирхан харж байсан хэдий ч Жон үүнд зэвүүцэн уурлав. Линдаг өнгөрсний дараа Жон хуваарилсан сомагаа хүлээн авч байгаа Дельта колоний хэсэг хүнтэй уулзаж, тэднийг сомагаа цонхоор шидэж, бослого гарга гэж ятгах бөгөөд үнэхээр бослого дэгдэнэ. Бослогын талаар сонссон Бернард, Хелмхолц нар Жонд туслахаар яаран ирцгээнэ. Цагдаа нар сомагийн уур цацан бослогыг дарсны дараагаар Жон, Хелмхолц болон Бернард нарыг баривчлан, Мустафа Мондын ажлын байранд хүргэдэг. Жон, Монд хоёр Дэлхийн улсын бодлогын талаар маргалдах бөгөөд Жон тэднийг Дэлхийн улсын иргэдийг хүн биш болгож байна гэж буруутгав. Хариуд нь Монд урлаг, шинжлэх ухаан, шашныг золиосолж байж нийгмийн тогтвортой байдал бий болдгийг тайлбарлана. Жон үүнтэй санал нийлэхгүй бөгөөд эдгээр зүйлгүйгээр хүний амьдрал ямар ч утга учиргүй гэв. Монд Бернард, Хелмхолц хоёрыг холын арлууд руу цөллөгт явуулах тухай хэлэхэд Бернард галзууртлаа уурласан тул түүнийг өрөөнөөс гаргав. Хелмхолц харин юм бичих боломж гарна гэж бодоод цөллөгт явахад бэлэн байлаа. Түүнийг ч мөн Бернардын араас гаргав. Жон, Монд хоёр яриагаа цааш үргэлжлүүлж, шашин болон сөрөг сэтгэл хөдлөлийг дарахад ашиглаж буй сомагийн хэрэглээний талаар нилээд маргалдав. Жон Хелмхолц, Бернард хоёрыг үдэж гаргалаа. Монд тэдэнтэй хамт аралруу явахыг нь зөвшөөрөөгүй тул, Жон хөдөөний нэгэн гэрэлт цамхагт амьдрах болж, ойр хавийг цэцэрлэгжүүлэн, өөрийгөө ороолгож ариусахыг оролдоно. Түүний энэ жигтэй үйлдэл Дэлхийн улсын иргэдийн анхаарлыг татах бөгөөд сурвалжлагч нар мэдээ бэлтгэхээр гэрэлт цамхагт ирнэ. Хэсэг хүмүүс Жоныг өөрийгөө ороолгохыг хүснэ. Ленина ч мөн тэнд ирж, гараа дэлгэн Жонд ойртоно. Гэвч Жон түүн рүү ташуураа далайн, “Түүнийг ал, түүнийг ал!” хэмээн орилно. Маргааш өглөө нь тэр сэрээд Дэлхийн улсын нийгэмд бухимдсан уур хилэн, гунигаа дарж, өөрийгөө дүүжилсэн байлаа.


#5 Candide Жамаараа яваа ертөнц Зохиолч: Вольтер (Voltaire) Хэвлэгдсэн он: 1759 Төрөл: Гүн ухааны роман, элэглэл Зохиогчийн тухай Вольтер нэрээр алдаршсан Франсуаз-Мари Аруэт (Franзois-Ma- rie Arouet) 1694 оны 11 сарын 21-ний өдөр Францын Парис хотод төрсөн бөгөөд Францын аугаа соён гэгээрүүлэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог зохиолч юм. Тэрээр цэцэн мэргэн үгээр алдаршсан зохиолч, түүхч, гүн ухаантан байсан бөгөөд католик сүм хийдийг эсэргүүцэж, шашны эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон шашин, төрийг салгах үйл хэргийн төлөө тэмцэж байжээ. Вольтер жүжгийн зохиол, яруу найраг, роман, эссэ, түүхийн болон шашны бүтээлүүд гээд уран зохиолын бүхий л төрөл жанраар бүтээл туурвиж байжээ. Тэрээр 20000 гаруй захидал, 2000 гаруй ном, ёгт өгүүлэл туурвисан. Вольтерийг 1715 онд Тулле руу цөллөжээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа 1717 онд Парист эргэн ирэхэд нь баривчилж, Бастилийн шоронд жил шахам хорьсон байна. 1726 онд Англи руу усан онгоцоор зугатахаас нь өмнө дахин Бастилд хорьж байв. 1733 онд тэрээр Лоррэйн рүү дүрвэн гарсан бөгөөд 1759 онд “Жамаараа яваа ертөнц” бүтээлээ туурвижээ. 1778 онд, Вольтер Парист эргэн ирээд тухайн жилийнхээ 5 сарын 30-ны өдөр таалал төгсчээ.


Хориг Вольтер 1768 оныг хүртэл “Жамаараа яваа ертөнц”-ийг туурвиснаа нийтэд мэдэгдэхгүй байсан нь (“Доктор Ральф” нэрээр гаргаж байжээ) түүний бүтээл ихээхэн маргаан дэгдээсэнтэй холбоотой. Тус бүтээл хэвлэгдсэнээс тун удалгүй, төр болон сүм хийдийг элэглэн доромжилсон хэмээн шашны болон шашны бус байгууллагуудын аль алиных нь зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Албан ёсоор тус бүтээлийг хориглож байсан ч “Жамаараа яваа ертөнц”- ийн хүндэтгэлгүй энгийн яриа, тухайлбал “Есүсийнхнийг идэцгээе” гэсэн элэглэл нийтийн дунд түгжээ. 1759 оны 2 дугаар сарын эцсээр, Женевийн Зөвлөл болон Парисын захиргаанаас “Жамаараа яваа ертөнц”-ийг хориглосон шийдвэр гаргаж байжээ. “Жамаараа яваа ертөнц” хорь гаруй удаа хэвлэгдэхдээ оны эцэст 20-30 мянган хувь борлогдож “шилдэг борлуулалттай ном”-нд багтаж байв. 1759 оны 1 сард “Жамаараа яваа ертөнц”-ийг урьд хожид байгаагүй хамгийн хурдан борлогдсон ном гэж байв. 1762 онд, “Жамаараа яваа ертөнц” ромын католик сүмийн хориотой номын жагсаалтад оржээ. “Жамаараа яваа ертөнц”-ийг Барууны утга зохиолын гол үр хөврөл гэж үзсээр ирсэн тул түүнийг хориглосон “хорио” АНУ-д ХХ зууны сүүлээр л эцэс болжээ. Гэхдээ 1929 оны 2 дугаар сард АНУ-ын Бостоны гааль Харвардын франц хэлний ангид илгээсэн “Жамаараа явуу ертөнц”-ийн хэд хэдэн хувийг “ёс журамгүй” хэмээн хилээр нэвтрүүлэхийг хориглож байсан түүхтэй. Наймдугаар сард франц хэлний анги тарсны дараа л оруулахыг зөвшөөрсөн байдаг. Тус бүтээлийг 1990 онд Орчуулагч Т.Төмөрхүлэг монгол хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгосон юм.


Номын тухай Кандид бол Германы бароны хууль ёсны бус зээ хүү нь ажээ. Тэрээр Бароны шилтгээнд эрдэмтэн Панглоссын асрамжинд өсөх бөгөөд Панглосс түүнд энэ дэлхий ертөнц бол “байж болох бүх дэлхий ертөнцөөс хамгийн сайн нь” гэж сургадаг байв. Кандид Бароны бага охин Кунигундатай хайр сэтгэлийн холбоотой болох бөгөөд тэднийг үнсэлцэж байхыг эцэг нь хараад Кандидыг гэрээсээ хөөнө. Кандид анх удаа өөрийн хүсэлтээр Болгарын армид цэрэгт татагджээ. Тэр хуарангаас түр гарч яваад түүнийг “босуул” гэж бодсон цэргүүдэд нэвширтэл зодуулна. Аймшигтай тулааны гэрч болсон тэрээр цэргээс зугатан, Голланд руу гардаг. Голландад Жак нэртэй баптизмыг баримтлагч Кандидыг авч асарна. Кандид үзэшгүй муухай гуйлгачин болох бөгөөд ингэж яваад Панглосстой таарав. Панглосс түүнд тэмбүү туссанаа, мөн Кунигунда эцгийн хамт Болгарын армид зэрлэгээр алагдсан болохыг хэлжээ. Кандид энэ бүхнийг үл хайхран, өөдрөг байдлаа алдсангүй. Жак Панглоссыг ч мөн асрамжиндаа авна. Гурвуул хамтдаа Лисабон руу явах бөгөөд тэднийг Лисабонд хүрэхийн өмнө хөлөг онгоц нь аянганд ниргүүлж, Жак живж амиа алддаг. Кандид, Панглосс хоёр эрэгт хөл тавиад Лисабон газар хөдлөлтөд сүйдэж, Ромын католик сүмийн тэрс үзэлтнүүдийг залхаан цээрлүүлэгч инквизаторуудын хяналтад орсныг мэджээ. Панглоссыг удалгүй тэрс үзэлтэн хэмээн дүүжилнэ. Харин Кандид Панглоссын номлолыг сонсохыг зөвшөөрснийхөө төлөө зодуулдаг. Түүнийг зодуулчихсан байхад нь нэгэн настай эмэгтэй шархыг нь боож, Кунигунда дээр авчирдаг. Кунигунда түүнд болгарууд гэр бүлийнхнийг нь бүгдийг хөнөөсөн ч түүнийг хөнөөлгүй хүчиндсэн. Улмаар ахмад түүнийг Дон Исаахар нэртэй жүүд хүнд худалдсан болохыг ярив. Одоо харин тэр Дон Исаахар, Лисабоны Их инквизатор нарын дундаа хэрэглэдэг секс боол болсон ажээ. Кунигундагийн эзэд ээлж ээлжээр ирэхэд Кандид тэднийг хорооно. Айж эмээсэн Кандид, настай эмэгтэй болон Кунигундагийн хамтаар тэндээс зугатан, Өмнөд Америк руу явж буй хөлөг онгоцонд суув. Аяллын үеэр, настай эмэгтэй өөрийн түүхээ ярих ба өөрийгөө Папын охин болж төрсөн ч, хүчирхийлэл, боолчлол, каннибализмын тухай аймшигтай, золгүй айлтгалуудаас шаналж зовсон тухай өгүүлнэ. Кандид, Кунигунда хоёр гэрлэхээр төлөвлөдөг ч, тэднийг Буэнос-Айрест ирээд удаагүй байхад хотын захирагч Дон Фернандо Кунигундад гэрлэх санал тавина. Өөрийн санхүүгийн байдлыг бодоод тэр энэ саналыг нь хүлээж авдаг. Их инквизаторыг алсан алуурчныг эрж хайсан хүмүүс Португалиас Кандидын араас нэхэн ирдэг. Какамбо нэртэй зарцын хамтаар Кандид Испаний засгийн газрын эсрэг босч буй Христийн нийгэмлэгийн эзэмшлийн газар нутаг руу зугатана. Христийн нийгэмлэгийн коммандлагчтай уулзтал тэр нь Болгаруудаас зугатсан Кунигундагийн ах байдаг. Кандид түүнд Кунигундатай гэрлэхээр төлөвлөж байгаагаа хэлтэл дүүгээ хэзээ ч харц хүнтэй гэрлүүлэхгүй гэв. Уурлаж хорссон Кандид сэлмээ авч барон руу дайрна. Какамбогийн хамтаар дахин зугатаж яваад золтой л Биглагс нэртэй нутгийн омгийнхны хоол болсонгүй. Хэдэн өдөр бядан тэнэсэн Кандид, Какамбо хоёр алт, үнэт эрдэнэс гудамжаар нь хөглөрөн


байх Эльдорадо хэмээх газар ирдэг. Энэ улсад шинжлэх ухаан өндөр хөгжсөн, шашны зөрчил мөргөлдөөн, шүүхийн тогтолцоо байхгүй, алт, үнэт эрдэнэсээр элбэг баян улс ажээ. Гэвч Кунигундаг санагалзсан Кандид нэг сарын дараа үнэлж баршгүй үнэт зүйлс хонин дээр ачин Эльдорадаг орхин явлаа. Суринамын нутагт хүрээд Кандид Какамбод хэсэг эрдэнэс таслан өгч, Буэнос-Айрес руу Кунигундаг Дон Фернандогаас худалдан авч, Венецэд уулзахаар захин явуулна. Увайгүй худалдаачин Вандердендур Кандидын хөрөнгөнөөс нилээд хэсгийг нь хулгайлжээ. Үүнд цухалдсан Кандид өөрийн тусгайлан сонгосон Мартин хэмээх туйлын гутранги үзэлтэй нэгэн эрдэмтнийг дагуулан Францыг орхин явна. Ийнхүү хөлөг онгоцоор аялан явах замд Испаний хөлгийн ахмад Вандердендурын хөлөг онгоцыг живүүлсэн тул тэрээр эрдэнэсээ буцаан олж авна. Кандид энэ хорвоо дээр шударга ёс байдгийг нотоллоо гэхэд, Мартин түүнтэй огт санал нийлэхгүй. Парист Кандид, Мартин хоёр нийгмийн элитүүдтэй нөхөрлөж эхэлнэ. Кандидын хөрөнгө бусдын анхаарлыг татаж эхлэв. Мартины хамт Венец рүү хөдлөх бөгөөд тэндээс Кунигунда, Какамбо хоёрыг газар сайгүй хайх ч эрж олно гэсэн найдвар тун бага байлаа. Гэвч тэд Венецэд сонирхолтой найзуудтай болсны дотор Панглосст тэмбүү өвчин халдаасан ордны шивэгчингээс биеэ үнэлэгч болсон Пакет, мөн тойрон хүрээлэх соёлын үнэт зүйлсээс бүр мөсөн уйдсан Венецийн чинээлэг гүн Пококуранте нар багтаж байв. Эцэст нь Какамбог түлхэн зайлуулагдсан Туркийн эзэн хааны боол болсныг мэднэ. Какамбог худалдан авч боолчлолоос чөлөөлөх бөгөөд тэрээр түүнд Кунигунда настай эмэгтэйн хамт Константинопольд боол болсныг хэлэв. Мартин, Какамбо, Кандид гурав Туркийг орхин явлаа. Кандид үхлээс аврагдан, хүнд хэцүү бэрхшээлийг туулан явсны эцэст Туркэд ирсэн Панглосс, барон хоёртой таарна. Панглосс өөдрөг байдлаа алдаагүй л байлаа. Ихэд баярлаж хөөрсөн Кандид тэднийг худалдан авч, боолчлолоос чөлөөлжээ. Кандид Кунигундаг сүүлчийн удаа харснаас хойш тэр өнгө зүс дордсон байлаа, гэсэн ч Кандид түүнийг чөлөөлж авна. Тэр мөн настай эмэгтэйг чөлөөлөн, Константинополийн гадна нэгэн ферм худалдаж авчээ. Кандид Кунигундатай гэрлэнэ гэсэн олон жилийн амлалтаа биелүүлэх ч дүүгээ харц иргэнтэй гэрлэхийг зөвшөөрч чадахгүй зөрүүдлэх бароныг явуулах болзол тавьсан байлаа. Пакет өөрийн ах Жирофлэгийн хамтаар Кандидын фермд ирэв. Кандид, Кунигунда, Какамбо, Панглосс, настай эмэгтэй, Пакет болон түүний ах Жирофлэ нар фермдээ ая тухтай амьдрах хэдий ч удахгүй нэг нэгнээсээ уйдаж, хэрүүл марган гарч эхэлжээ. Эцэст нь Кандид ёс суртахуунгүй байдал, амралтаас зайлсхийн шургуу хөдөлмөрлөж, эгэл жирийн амьдралаар амьдрах нэгэн фермертэй уулзана. Фермер түүнд “уйтгар гуниг, ёс суртахуунгүй байдал болон ядуурал хэмээх гурван том муу үйл“-ээс зайлсхийхийн тулд дөрвөн хүүгийн хамтаар өөрийн жижигхэн фермдээ борви бохисхийлгүй ажилладаг тухайгаа хэлнэ. Фермерийн ярианд урамшсан Кандид болон түүний нөхөд үржил шимээ өгөх цэцэрлэг байгуулахаар болно. Тэд бүх хөлс хүч, цаг заваа ажилдаа зориулж, хэнд нь ч шинжлэх ухаанд зориулах цаг


гарахгүй. Тэд бүгд сэтгэл ханамжтай, сайхан амьдарцгаана.


#6 The Canterbury Tales Кантерберийн домгууд Зохиолч: Жоеффрэй Чаусер (Joeffrey Chaucer) Хэвлэгдсэн он: XIV зууны сүүл үе Төрөл: Үлгэрийн дээжис Зохиогчийн тухай Жоеффрэй Чаусер 1340 оны орчим Английн Лондон хотод дарсны худалдаа эрхэлдэг чинээлэг гэр бүлд төрсөн. Английн уран зохиолын “Эцэг” гэгддэг тэрээр Дундад зууны үеийн Английн хамгийн аугаа яруу найрагч яах аргагүй мөн. Зохиолч, гүн ухаантан, алхимич, одон оронч хэмээн алдаршсанаас гадна төрийн албанд идэвхтэй зүтгэж байжээ. 1359-1360 онд Чаусер “Зуун жилийн дайн”-д IIIЭдвард хааны хамтаар Франц руу явж тулалдсан бөгөөд Арденнест байхдаа баригдаж, 1360 онд нутагтаа эргэн иржээ. Тэрээр IЛанкастарын гүн Жон Гуантын ирээдүйн эхнэрийн эгчтэй гэрлэж, гүнгийн хишгийг амьдралынхаа туршид хүртсэн. 1367 болон 1378 онд Чаусер хилийн чанадад хэд хэдэн удаа дипломат болон худалдааны элч төлөөлөгчөөр явж байжээ. Тэрээр мөн Парламентад сонгогдож байсан. “Кантерберийн домгууд” түүний хамгийн алдартай бүтээл юм. Тэрээр 1400 оны 10 сарын 25-нд Лондонд нас барсан. Чаусер нь Вестминстерийн сүмийн Яруу найрагчдын буланд оршуулсан анхны яруу найрагч болжээ.


Хориг Энэхүү үлгэрийн дээжис нь 700 жилийн өмнө бичигдсэн эртний бичвэр гэдгээсээ гадна түүхэнд хамгийн их хорьж байсан номуудын нэг гэдгээрээ сонирхол татдаг. “Кантерберийн домгууд”-ыг олон зууны туршид “хорьж байсан”, мөн одоо ч ийнхүү “хорих” асуудал яригдсаар байдаг. Тухайн үед Англид үүнийг сүм хийдийг шүүмжилсэн, мөн сексийн битүү агуулгатай хэмээн хориглож байв. Тус бүтээлд арьс өнгөөр ялгаварласан үлгэр, дүр байдаггүй, харин ч Чаусерын амьдарч байсан үеийн нийгмийг харуулсан юм. Кантерберийн домгуудыг Европ даяар хэвлэхийг хориглож байсан бөгөөд АНУ-д энэ ном өнөөг хүртэл хэвлэхэд асуудалтай байгаа ажээ. Анхны оршин суугчдын давалгаатай хамт эдгээр номууд орж ирэхэд Колоний эрх баригчид тус номыг хүчтэй эсэргүүцэн, хориглож байсан бөгөөд Америк даяар олон сургуулиудад хорьсон байдаг. Жишээ дурдахад, Флорида мужийн Лэйк хотод хориглосон, мөн зарим эцэг эхчүүд сурагчдад “тохиромжгүй” гэсэн гомдол гаргасан тул 1995 онд Иллинойсийн Эврика ахлах сургуульд “сексийн утга агуулгатай” хэмээн коллежийн бэлтгэл ангийн хичээлээс хасч байсан. АНУ-д 1873 оны Comstock Law хуулиар тус номыг АНУ- ын Шуудангийн албанаас шуудангаар илгээхийг олон жилийн туршид хориглож байжээ. Үүний дүнд сүүлийн жилүүдэд зохиолыг “ариусгах”- аар хэд хэдэн удаа хянан засварласан юм. Орчин үеийн ихэнх орчуулга болон хэвлэлүүдэд аливаа зүй бус хэсгийг оруулахаас зайлсхийсэн байдаг. “Кантерберийн домгууд”-ыг хуучиршгүй, үнэ цэнэтэй болгож буй зүйл нь тус зохиолд тухайн үеийн бодит амьдралын дүр зургийг харуулсанд байгаа юм.


Номын тухай XIV зууны сүүл үед бичигдсэн Чаусерийн “Кантерберийн домгууд” нь хэсэг бүлэг мөргөлчид аялан явах замдаа үлгэр хэлэлцэх тэмцээн зохиож ярьсан үлгэрүүдийн цуглуулга юм. Чаусер анх “Кантерберийн домгууд”-ыг бичихдээ нэг хүн Кантербери орох замдаа хоёр, буцах замдаа хоёр нийт дөрвөн үлгэр ярихаар төлөвлөж байжээ. Гэвч тэрээр 120 үлгэрийн оронд, 24 үлгэр бичиж үлдээсэн юм. Ингээд хэсэг үлгэрийг хураангуйлан өгүүлье. Эдлэн газрын захирагчийн үлгэр Эдлэн газрын эзэн Жон, Алайн нэртэй хоёр сурагчийн тухай үлгэр ярина. Хоёр сурагч тээрэмчинд үр тариагаа алдахгүйн тулд хэрхэн ажиллаж байгааг ажиглахаар явна. Зальтай тээрэмчин морио аргамжнаас нь суллаж, сурагчдыг мориных нь араас явах хооронд тэдэнд зориулж тээрэмдсэн гурилаас хулгайлна. Сурагчид морийг барих үед хэдийн харанхуй болсон байсан тул тээрэмчний гэрт хоноглохоор болжээ. Тэр шөнө Алайн тээрэмчний охиныг, харин Жон эхнэрийг нь өдөж хоргооно. Тээрэмчин сэрээд, юу болсныг мэдээд сурагчдыг зодох гэж дайрна. Нөхрийгөө сурагчдын нэгэнтэй андуурсан эхнэр нь тээрэмчнийг толгой дундуур нь цохиж унагана. Харин сурагчид хулгайлсан бараагаа буцаан аваад явж оджээ. Хуульчийн үлгэр Үлгэрт исламын шашинтай Сирийн султан Ромын эзэн хааныг охин Кустансэгээ түүнд өгөхийг ятгаж, гэрлэхийн тулд улсынхаа бүх иргэдийг (өөрөө ч бас) христийн шашинд оруулдаг. Султаны эх болон түүний шивэгчингүүд нууцаар исламын шашиндаа үнэнч хэвээр үлджээ. Эх нь хүүдээ түүнд болон бүх христийн шашинтнуудад зориулан хүлээн авалт хийхийг хүсч байгаагаа хэлнэ. Хүлээн авалтын үеэр, эх нь хүүгээ болон Кустансэгээс бусад бүх христийн шашинтнуудыг алж хөнөөнө. Харин Кустансэг жолоогүй хөлөг онгоцонд суулгаж, урсгал дагуулан явуулна. Олон жил ийнхүү хөвөн явсны эцэст, Кустансэ Нортамберландын эрэгт хүрэх бөгөөд тэнд нэгэн цагдаа, эхнэр Херменгилдын хамт түүнд хоргодох байр гаргаж өгнө. Кустансэ тэднийг христийн шашинд оруулна. Нэгэн шөнө, Сатан залуухан хөлөг баатрыг Херменгилдийн өрөө рүү сэм гэтүүлэн явуулж, хөнөөлгөв. Тэр цустай хутгыг мөн тэр өрөөнд унтаж байсан Кустансэгийн дэргэд орхино. Цагдаа Нортамберландын хаан Аллатай хамт гэртээ эргэж ирээд амь алдсан эхнэрээ олно. Тэр Аллад Кустансэг хэрхэн олсныг хэлэх бөгөөд Алла охиныг ихэд өрөвджээ. Тэр эхнэрийнхээ аллагыг нарийвчлан шалгав. Херменгилдийг хөнөөсөн хөлөг баатар Кустансэг жинхэнэ алуурчин хэмээн андгайлахад гэнэт доош нугдайн унаж, нүд нь сугарчээ. Энэ нь түүнийг Алла болон цугласан олны өмнө буруутайг нь баталж өгөв. Хөлөг баатрыг цаазаар авсан бөгөөд Алла болон бусад цугласан хүмүүс христийн шашинд оржээ. Алла Кустансэтэй гэрлэв. Аллаг Шотланд руу яваад эзгүй байхад Кустансэ Мавриций нэрт хүү төрүүлжээ. Аллагийн эх Донежилд Кустансэгийн Аллад бичсэн захидлыг замаас нь сэм авч, агуулгыг нь өөрчлөн хүүхэд нь тахир дутуу, хорлол хүрсэн гэж бичив. Хүүхэд нь гаж буруу төрхтэй байсан ч


хамаагүй түүнийг өсгөж, хайрлана гэсэн Аллагийн хариу захиаг мөн л замаас нь авч Кустансэг хүүгийнх нь хамт шийтгэн, ирсэн хөлөг онгоцоор нь буцаан явуул хэмээн өөрчлөн бичжээ. Алла гэртээ эргэн ирээд юу болсныг олж мэдээд, эхийгээ хөнөөнө. Хүчинд автах шахаж далайд олон адал явдалтай учирсныхаа эцэст Кустансэ Ромд эргэн ирээд эхийгээ хөнөөсөн гэм нүглээ цайруулахаар мөргөл үйлдэн, бадарчлан яваа Аллатай дахин учирна. Кустансэ хаан эцэгтэйгээ ч уулзана. Алла, Кустансэ хоёр Англид эргэн ирээд нэг жилийн дараа Алла өөд болов. Кустансэ дахин Ром руу буцжээ. Харин Мавриций Ромын дараагийн эзэн хаан болжээ. Худалдаачны үлгэр Найзуудынхаа зөвлөгөөг үл тоон Январь нэртэй хөгшин хөлөг баатар гоо үзэсгэлэнтэй залуухан Мэй бүсгүйтэй гэрлэж гэнэ. Нөхрийнхөө чалханд сэтгэл ханаагүй Мэй газрын эзэн Даментэй явалдаж араар нь тавина. Сохор Январь эхнэртэйгээ загас наадуулахаар цэцэрлэгтээ авчрахад, эхнэр нь түүнд лийр идмээр байна гэжээ. Тэр эхнэрээ түшин лийрийн мод руу авирахад тусална. Харин эхнэр нь лийрийн модон дээр Даментай загас наадуулав. Шидтэнгүүдийн хаан Плутон Январьт хараа оруулахад үйлдэл дээрээ баригдсан Мэй түүнээс сохор хэвээрээ байна гэсэн баталгаа өгөхийг шаардана. Газрын эзний үлгэр Монголын эзэнт гүрний хаан Камбюскан (Cambyuskan гэж эх бичвэрт бичсэн байдаг бөгөөд түүхчдийн үзэж байгаагаар Чингис хааны тухай өгүүлсэн)-ы төрсөн өдрөөр хөлөг баатар нь Араб, Энэтхэгийн хаадын илгээсэн бэлгийг авчирч өгчээ. Хөлөг баатар Камбюскан хаан болон түүний охин Канаке (эх бичвэрт нэрийг нь Канаке/Canacee хэмээн ташаа бичсэн байдаг) нарт шидэт гуулин морь, шидэт толь, мөн Канакед шувуудын хэлийг ойлгоход нь туслах шидэт бөгж, мөн үүсгэсэн шархаа буцаан эдгээх шидтэй сэлмийг авчирчээ. Газрын эзний үлгэрийг Чаусер дуусгаагүй бөгөөд өөрийн хүүгээ газрын эзэн шиг уран цэцэн үгтэй байсан ч болоосой хэмээн үлгэрийг тасалдуулсан Франклиний яриагаар үргэлжлүүлжээ. Франклины үлгэр Баатарлаг Дориген тулаанд ялалт байгуулахаар Английг зорьсон эр нөхөр Арверагусыг хүлээж байв. Нөхрийнх нь сууж явсан хөлөг онгоц далайн эргийн хад цохионд эвдэрч сүйдэх вий хэмээн санаа нь зовнисон тэрээр өөрт нь хайртай болсон залуу Аврелиуст хэрэв далайн эргийн хад цохиог цэвэрлэх юм бол түүнд биеэ тушаахад бэлэн байна гэж ам гарчээ. Аврелиус ид шидэнд мэргэшсэн нэгэн сурагчийг хөлслөн авч хад цохио алга болсон мэт хуурмаг үзэгдлийг бий болгож гэнэ. Арверагус гэртээ эргэн ирээд, эхнэрээ Аврелиуст амласан амлалтаа биелүүлэх ёстой гэв. Арверагусын шударга занд сэтгэл нь хөдөлсөн Аврелиус түүний өгсөн амлалтыг цуцалж гэнэ. Харин хариуд нь шидтэн Аврелиуст өгөөмөр хандаж, өөрт нь өгөх ёстой байсан өрийг цайруулжээ. Санваартны үлгэр Дэн буудлын эзэн санваартнаас аз жаргалтай үлгэр ярьж өгөхийг хүснэ. Бусад мөргөлчид


түүнтэй санал зөрж, сургамжтай үлгэр ярихыг хүсэв. Санваартан нөхөддөө мөнгийг бүх муу үйлийн үндэс гэж сурган ард иргэдээс хэрхэн мөнгө хөрөнгийг нь салган авдаг тухайгаа өгүүлнэ. Түүний үлгэрт Үхлийг алж чадна гэж бодсон, түүнийг хайн яваа гурван залуугийн тухай гардаг. Нэгэн хөгшин өвгөн тэдэнд Үхлийг модон дороос олж чадна гэжээ. Харин тэд оронд нь модны ёроолоос 8 бушель алт олжээ. Тэд харанхуй болмогц тосгон руу нууцаар орохоор ярилцдаг. Хамгийн залуу нь тосгон руу явж хүнс олж ирэх ч бүх алтыг авахаар шунаж хор авчирсан байжээ. Харин нөхөд нь өөрсдийн хувийг өсгөхийн тулд түүнийг хөнөөсний дараа хоол хүнсийг идэж, хорыг уугаад модны дор бүгд үхэж гэнэ. Гэлэнмаа нарын ахлагчийн үлгэр Азийн нэгэн хотын жүүдүүдийн хорооллын захад нэгэн христийн сургууль байрладаг байжээ. Бэлэвсэн эхнэрийн долоон настай сайхан сэтгэлтэй хүү тэр сургуульд сурдаг аж. Тэр маш сүсэг бишрэлтэй нэгэн байсан бөгөөд Аврагч эхийн тухай дуу (Alma Re- demptoris) дуулах дуртай байв. Тэр жүүдүүдийн хорооллоор цуурайттал дуулдаг тул үүнд дургүйлхсэн хэсэг жүүд алуурчин хөлслөн авч түүний хоолойг таслан, цогцсыг нь бие засах газарт хаяж гэнэ. Жүүдүүд бэлэвсэн эхэд хүүг нь хаана байгааг хэлсэнгүй. Гэтэл гайхалтай зүйл болж Аврагч эхийн дуу сонсдов гэнэ. Христийн шашинтнууд түүний цогцсыг олж, шүүгч жүүдүүдийг зэрлэг адуунд чирүүлж алах шийдвэр гаргажээ. Сүмийн хүнсний нярвын үлгэр Түүний үлгэрт Ромын яруу найрагч Овидын “Метаморфоз” болон Арабын “Мянган нэгэн шөний үлгэр”-т гардаг цагаан хэрээний тухай домгийг өгүүлдэг ажээ. Үлгэрт Фибусын ярьдаг цагаан хэрээ түүнд эхнэрийг нь араар тавьж байна гэж хэлдэг. Фибус эхнэрээ хөнөөгөөд хэрээний цагаан өднүүдийг авч, хар болгон хувиргасан байна.


#7 Catch - 22 Урхи - 22 Зохиолч: Жозеф Хеллэр (Joseph Heller) Хэвлэгдсэн он: 1961 Төрөл: Түүхэн дайны тухай зохиол Зохиогчийн тухай Жозеф Хеллэр 1923 оны 5 сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк мужийн Брүүклинд төрсөн. Тэрээр Дэлхийн II дайнд АНУ-ын Агаарын нисэх хүчинд бөмбөгдөгчөөр 60 тулаанд оролцжээ. Хеллэр Нью- Йоркийн их сургуульд бакалавр, 1949 онд Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Фулбрайтын тэтгэлгээр дараагийн хоёр жилд нь Оксфордын их сургуульд суралцжээ. Дайны туршлагадаа тулгуурлан бичсэн Хеллэрийн анхны “Урхи-22” роман нь нилээд амжилт олсон юм. Тус зохиолд галзуу солиотой мэт худал аяглан Дэлхийн II дайнд алба хаахаас зугатах гэсэн Ахмад Жозеф Йоссариан (Joseph Yossarian)-ы тухай өгүүлдэг. 1981 оны 12 дугаар сард Хеллэрийг Гийена-Барре (Guillain-Bar- re)-ийн синдромтой хэмээн оношилжээ. Тэрээр өвчнийхөө улмаас хэсэг хугацаанд саажилттай болсон байна. Тэрээр амьдралынхаа энэ үеийг 1986 онд хэвлүүлсэн “Инээхгүй байх шалтгаан” (No Laughing Matter) хэмээх намтарт өгүүлсэн байдаг. 1984 онд тэр бүрэн эдгэсэн юм. Хеллэр 1999 оны 12 дугаар сарын 12-нд “Настай уран бүтээлчийн хөрөг” (Portrait of an Artist as an Old Man) романаа бичиж дуусгаад удаагүй байхдаа таалал төгссөн ажээ.


Хориг “Урхи-22” 1961 онд хэвлэгдснээс хойш тухайн үеийн өсвөр насныхны дунд нилээд түгжээ. “Урхи -22” Вьетнамын дайнд явсан залуусын мах цусанд нэвт шингэсэн зохиол болсон мэт санагддаг. Тухайн үед коллежийн сурагч бүр энэ номыг авч явдаг гэсэн явган яриа гарсан юм. Зохиолын талаарх шүүмжүүд эхэндээ эерэг байснаа сүүлдээ маш сөрөг хандлагатай болж иржээ. The Nation сэтгүүлд - сүүлийн жилүүдэд гарсан хамгийн шилдэг роман, New York Her- ald Tribune – галзуу, уярмаар, цочирдом, гайхалтай, хурц, толгой эргүүлэм, өөрчлөлт хийсэн бүтээл, The New York Times - уншигчдыг баярлуулахаасаа илүүтэй айлгах гайхалтай бүтээл хэмээн сайшааж байсан. Нөгөөтэйгүүр The New Yorker– үүнийг бичсэн гэхэд хэцүү, цаас руу орилж орхисон мэт сэтгэгдэл төрөхөөр, ганц авууштай зүйл нь гашуун боловч үнэн хатуу элэглэл л байна гэжээ. “Урхи-22” зохиол хэдийгээр нэг ч шагнал аваагүй боловч өнөөг хүртэл хэвлэгдсээр байгаа бөгөөд 1961 онд хэвлэгдсэнээс хойш тус ном 10 сая хувь борлогджээ. Тус бүтээлийг ХХ зууны Америкийн хамгийн шилдэг романуудын нэг гэж үздэг. 1972 онд Охайо мужийн Стонгсвильд тус зохиолыг хориглосон ч 1976 онд АНУ-ын Минарчини дэх Тойргийн шүүхээс сургуулийн зөвлөлийн хоригийг цуцалсан байна. Эмэгтэй хүнийг “биеэ үнэлэгч” гэж олонтаа гутаан доромжилсон хэмээн 1974 онд Техас мужийн Даллас, 1979 онд Вашингтоны Снокуалмид тус тус хориглох шийдвэр гаргаж байв.


Номын тухай “Урхи-22” романы санаа зохиолчийн Дэлхийн II дайнд оролцсон туршлага дээр тулгуурласан байна. Йоссариан болон бусад бөмбөгдөгч онгоцны нисгэгчдийн мэдрэмж, сэтгэгдэл бол түүний алба үүргээ гүйцэтгэх явцад мэдэрсэн мэдрэмж, тулгарсан асуудлууд юм. Хеллэр 1944 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 60 даалгаварт явсан байдаг. Хеллер энэ тухайгаа нэг даалгаварт ногдох нас баралтын хувь хэмжээ 5% байдаг ч тэрээр гурван удаа амиа алдах шахсан хэмээн дурсчээ. Хеллэр дайнаас эсэн мэнд үлдсэн ч түүний амссан бүхэн 1953 онд зохиолоо бичиж эхлэх хүртэл сэтгэлийн там болсоор иржээ. Дайны туршлага нь Хеллэрийг “зовлон үзсэн, хөгжилтэй, маш өвөрмөц хүн” болгосон юм. Дэлхийн II дайны хоёрдугаар хагаст, Йоссариан нэртэй нэгэн цэрэг Газрын дундад тэнгис дэх Италийн эрэг орчимд байх Пианоза арал дээрх Агаарын нисэх хүчний дивизэд алба хааж байжээ. Йоссариан болон түүний нөхөд захиргаадалт, хүчирхийлэл ноёлсон аймшигт, хүнд байдлыг арайхийн тэсвэрлэж байсны зэрэгцээ хэрээс хэтэрсэн амбицтай ахлах офицеруудын нүдэнд огт хүн биш харагддаг байв. Дивиз эмх замбараагүй, харгис тулааны үүр болж, дивизийн албан хаагчдын хувьд бөмбөгдөх ажиллагаа нь байгаа устгахаасаа илүү агаараас дэлбэрэлтийн сайн зураг авах явдал болон хувирчээ. Гэр рүү нь буцаахын өмнө нисэх шаардлагатай даалгаврын тоог хурандаа нар үргэлжлүүлэн нэмсээр байсан тул хэн ч гэртээ харьсангүй. Йоссарианаас өөр хэн ч дайн болж байгааг ойлгож байгаа янзгүй, сая сая хүмүүс түүнийг алахаар улайрч байна гэхэд нь бүгд л өөрийг нь галзуу солиотой гэж бодно. Йоссарианы түүх бол романы гол цөм нь. Йоссариан ямар ч буруугүй атал түүний амьдрал байнгын аюулд байгаад түгшин санаа зовниж байв. Түүнд амьдрах эрмэлзэл асар их байсан бөгөөд нэг бол үхэшгүй мөнх байх эсхүл үхэх гэсэн хоёрхон зам юм.Үр дүнд нь тэр дайнаас зугатаан, янз бүрийн өвчтэй мэт жүжиглэн эмнэлэгт цаг нөгцөөх болжээ. Йоссарианы дайнд оролцох хүслийг үгүй хийсэн нэгэн явдал бол өөрийнх нь гар дээр амиа алдсан цэрэг Снөүдений тухай дурсамж бөгөөд энэ дурсамж нь түүнийг байнга зовоох ажээ. Йоссариан инээдтэй, хөгийн хэр нь эмгэнэлтэй нөхцөл байдалд орох бөгөөд нөхөд нь ар араасаа үхэж, алга болж байгааг, мөн өөрсдийн нэр хүндийг өсгөхийн тулд хамгийн амь өрссөн тулаанд цэрэг дайчдаа сайн дураар илгээж буй офицер, хурандаа, генералуудын уршгаар түүний дивиз бөмбөгдүүлэхийг харжээ. “Урхи-22” бол романд олон аргаар тодорхойлж тайлбарласан нэг ёсны “журам” юм. Эхлээд, Йоссариан галзуу солиотой бол цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой болохыг ойлгоно. Ямагт зугатах арга зам хайж явдаг Йоссариан өөрийгөө галзуу гэж зарласан нь зөвхөн ухаан саруул хүн л бөмбөгдөх даалгавраас зугатахын тулд өөрийгөө галзуу гэж хэлж чадах тул түүнийг ухаан саруул болохыг илт баталж орхино.


Товчхондоо “Урхи-22” бол золиосоо учир нь үл ойлгогдох байдлаар устгах тухай этгээд эргэцүүлэл бөгөөд зөвхөн түүнийг зохиосон хүмүүст л үйлчилдэг. Үүнийг романд тодорхой тайлбарласан мөрүүдээс гадна дүрүүдийн өгүүлэх түүх гээд хаа сайгүй дурдсан байна. Йоссариан амьд үлдэхийн төлөө тэмцэж байхтай зэрэгцээд түүнийг тойрсон бусад түүхүүд өрнөх ажээ. Түүний найз Нэйтли Ромоос ирсэн нэгэн биеэ үнэлэгч бүсгүйд дурлаж, зогсоо зайгүй түүнийг эргүүлнэ. Тэдний дунд асар их ялгаа байх ч эцэстээ бүсгүй Нэйтлид дурлана. Гэвч тун удалгүй дараагийн даалгаварт Нэйтли амиа алдав. Йоссариан найзынхаа амь эрсэдсэн тухай эмгэнэлт мэдээг бүсгүйд дуулгахад бүсгүй түүний үхэлд Йоссарианыг буруутгаж, түүнээс хойш харах тоолондоо үгээр дайрах болжээ. Өөр бас нэгэн түүх бол хар захын хаан гэгддэг дивизийн офицер Мило Миндербиндерийн тухай юм. Мило синдикат байгуулж, Европын хэд хэдэн цэгүүдийн хооронд хүнс зөөвөрлөхөөр цэргийн хөлөг онгоц болон нисгэгч нарыг зээлдэн авах бөгөөд түүгээр асар их ашиг олно. Оролцсон хүн бүрт “хувь өгнө” гэж байсан ч эцэстээ энэ нь хоосон амлалт байсан нь илэрхий болно. Хэдий тийм ч Европ даяар түүнийг бараг тахин шүтэх болсон тул бизнес нь цэцэглэн хөгжсөөр л байв. Нэйтлигийн үхэлд сэтгэл үймэрсэн Йоссариан дахин өөр даалгаварт явахаас татгалзав. Тэрээр Ромын гудмаар хэрэн хэсч, хүчин, өвчин, аллага гээд хүний учирч болох бүхий л аймшигтай нүүр тулна. Тэрээр эцэст нь Ромд паспортгүй байсан хэргээр баривчлагдах бөгөөд ахлах офицерууд хурандаа Каткарт, хурандаа Корн нар түүнд сонголт хийх боломж олгоно. Тэр цэргийн шүүхээр орох эсхүл суллагдаад гэр рүүгээ нэр төртэйгээр буцахын аль нэгийг сонгох ёстой болно. Гэхдээ үүнд нэг болзол байсан нь чөлөөлөгдөхийн тулд Каткарт, Корн нарын тушаалыг биелүүлж, дивизийн нисгэгч бүр 80 даалгаварт явахыг шаардсан бодлогыг нь дагах байв. Хэдийгээр түүнд энэ санал хорхой хүргэм байсан ч Йоссариан тэдний саналыг хүлээж авснаар өөр бусад гэм зэмгүй хүмүүсийн амь нас аюулд орно гэдгийг ойлгож байлаа. Тэр армийг орхин, төвийг сахидаг Швед улс руу зугатан гарах өөр нэгэн замыг сонгов. Ингэснээр тэр цэргийн ‘хүн бус’ болгодог механизмаас нүүр буруулж, Урхи-22 журмаас татгалзан, өөрийн амьдралыг өөрөө жолоодохоор тэмцэх болно. Дайны тухай гашуун туршлагыг гайхалтай харуулсан “Урхи-22” роман одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байгаа билээ. • “Урхи-22” роман Modern Library хэвлэлийн газраас гаргасан ХХ зууны Англи хэл дээрх хамгийн шилдэг романы 7 (шүүмжлэгчдийн үнэлгээгээр) болон 12 дугаар (олон нийтийн үнэлгээгээр) байрт оржээ. • Radcliffe Publishing хэвлэлийн газрын ХХ зууны шилдэг 100 романы 15 дугаарт • The Observer-ийн бүх цагийн үеийн шилдэг 100 романы нэгт • TIME сэтгүүлийн орчин үеийн Англи хэл дээрх 100 шилдэг романы


нэгт • BBC-ийн Big Read вэб санал асуулгаар Их Британичуудын хамгийн дуртай номын 11-т тус тус жагсчээ. novel hv J. r .


#8 The Catcher in the Rye Хөх тариан талбай дунд Зохиолч: Жером Д.Сэлинжер (J.D.Salinger) Хэвлэгдсэн он: 1951 Төрөл: Роман Зохиогчийн тухай Жером Дэвид Сэлинжер (Jerome David Salinger) 1919 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр АНУ-ын Нью-Йоркод төрсөн. Хэдийгээр түүнд зохиол бүтээл багач ХХ зууны Америкийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэгд тооцогддог. Түүний 1948- 59 оны хооронд туурвисан 13 богино хэмжээний өгүүллэг болон хэвлэгдсэн ганц л роман бий. 2010 онд 91 насандаа таалал төгссөн зохиолч Ж.Д.Сэлинжер 1951 онд хэвлэгдсэн даруйдаа шилдэг борлуулалттай ном болсон “Хөх тариан талбайн дунд” романаасаа гадна өөрийн 50 жилийн нууцлаг амьдралаараа алдаршсан нэгэн юм. Хамгаалагч ноход болон өндөр ханаар өөрийгөө ертөнцөөс тусгаарлаж, түүний тухай нийтлэгдсэн хувийн мэдээлэл бүрт саад хийхийг оролддог өмгөөлөгчдийн багаар өөртөө хана хэрэм босгожээ. Тэрээр ярилцлага өгөхөөс татгалзаж, өөрийн номон дахь фото зургаа хүртэл авахыг шаардаж байсан ба алдар нэрд гарахыг эсэргүүцэгч нэгэн байсан. Сэлинжер насан өөд болтлоо зохиол бүтээлээ туурвиж байсан ч хэвлүүлж байгаагүй юм. Зарим эх сурвалжууд түүний гэрт 10 гаруй бүрэн хэмжээний роман байгаа гэж үздэг.


Хориг 1961 оноос 1982 оны хооронд, “Хөх тариан талбай дунд” роман АНУ-д ахлах сургууль болон номын сангуудад хамгийн их хориглож байсан роман юм. 1981 ондтус роман АНУ даяар хамгийн их хориглосон, мөн улсын сургуулиудад хамгийн их хичээлд хэрэглэсэн хоёрдахь номын аль алинаар нь тодорч байв. Америкийн Номын сангийн холбооноос мэдээлснээр, “Хөх тариан талбай дунд” роман 1990- 2000 оны хооронд хамгийн их хориглосон номын 13 дугаарт бичигджээ. 2005 онд мөн хамгийн олон удаа хориглосон 10 номын нэгд багтсан. Хэдийгээр гурван жилийн хугацаанд тус жагсаалтад ороогүй ч 2009 онд дахин жагсаалтад багтжээ. Ийнхүү хориглох шалтгаан нь ерөнхийдөө Холден байнга бүдүүлэг үг хэллэг хэрэглэдгээс гадна бэлгийн амьдрал, бурхныг гутаан доромжилсон, гэр бүлийн үнэ цэнэ болон ёс суртахууныг алдагдуулсан, Холден үлгэр жишээ дүр биш, бослогыг дэмжсэн, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах, худал ярих болон замбараагүй байдлыг дэмжсэн гэсэн үндэслэлүүд юм. Гэхдээ ийнхүү шүүмжлэгчид зохиолын гол утга санааг нь сайн ойлгоогүй гэлтэй. Зөвхөн сүүлийн жилүүдэд хориглож байсан жишээг дурдахад: • 2010 он – Зүй бус үг хэллэг, бэлгийн амьдралыг харуулсан, тодорхой насны бүлэгт тохиромжгүй хэмээн хориглосон. • 2009 он – АНУ-ын Монтана мужийн Миссулагийн Биг Скай ахлах сургуульд хориглосон. • 2006 он - Зүй бус үг хэллэг, бэлгийн амьдралыг харуулсан, тодорхой насны бүлэгт тохиромжгүй хэмээн хориглосон. • 2005 он – АНУ-ын Норт Бервикийн Нобль ахлах сургуульд хориглосон ч, сүүлд цуцалсан. • 2002 он – АНУ-ын Өмнөд Каролинад “зохисгүй, бохир ном” хэмээн, харин Жеоржиа мужид хараалын үг хэллэгтэй учир хориглосон. • 2001 он – Зохиолд секс, хүчирхийлэл болон хараалын үг хэллэг агуулагдсан гэсэн гомдол удаа дараа ирсэн учир хориглосон.


Номын тухай “Хөх тариан талбай дунд” роман ХХ зууны хамгийн шилдэг романы нэгд багтдаг. Тус ном дэлхийн бараг бүх түгээмэл хэрэглэгддэг хэл рүү орчуулагдсан. Жил бүр ойролцоогоор 250000 хувь худалдаанд гарч, нийт 65 сая хувь борлогдсон байна. Роман 2005 онд Time сэтгүүлээс гаргасан 1923 оноос хойшхи англи хэл дээрх 100 шилдэг романы жагсаалт, мөн Modern Library-ын ХХ зууны англи хэл дээрх 100 шилдэг романы нэгд тус тус багтсан. Зохиолын талаарх шүүмжүүд байнга эерэг байсангүй. Романтай холбоотой гэж хэлж болох хэд хэдэн хэрэг гарч байсны дотор 1980 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Марк Дэвид Чайпман Жон Ленноныг хөнөөсөн хэрэг багтдаг бөгөөд түүнийг баривчлах үед биеэс нь “Хөх тариан талбай дунд” роман олджээ. 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдөрт Роберт Жон Бардо Америкийн жүжигчин, загвар өмсөгч Ребекка Шаефферийг хөнөөсөн хэрэг гарчээ. Бардо аллага үйлдэх үед “Хөх тариан талбай дунд” романыг биедээ авч явжээ. Тэрээр номны дотор талд “Хүндэт Холден Каулфийлдэд, Холден Каулфийлдээс. Энэ бол миний тунхаглал” гэж бичсэн байжээ. 1981 онд Ерөнхийлөгч Рональд Рейганыг хөнөөхийг завдсан Жон Хинкли гэгч этгээд тус романд автсан гэж мэдэгдэж байжээ. “Хөх тариан талбай дунд” романд өсвөр насны Холден Каулфийлд хүү Зул сарын өмнөх өдрүүдийг хэрхэн өнгөрүүлсэн тухай өгүүлдэг. Холдений аялал сургуулиудын Зул сарын баярын амралт эхлэхийн өмнөх 12 дугаар сарын нэгэн бямба гаригт эхэлнэ. Түүнийг сургуулиас нь хөөсөн байлаа. Ингэж хөөгдөж байгаа нь анхны тохиолдол биш болохоор эцэг эх нь хэрхэн хүлээж авах бол гэдэгт Холдений санаа зовно. Өрөөнийхөө найз Страдлертай зодолдсон тул дотуур байранд үлдэх аргагүй байв. Холден тэр оройдоо л явахаар шийднэ. Гэхдээ түүний хөөгдсөнийг мэдсэн эцэг эхтэйгээ тэр даруй уулзах бодолгүй байв. Тэгээд тэр Нью-Йоркод хямдхан зочид буудал олж, хоноглохоор шийднэ. Нью-Йорк явах галт тэргэнд, Холден Пенси сургуулийн нэг сурагчийн ээжтэй таарна. Холден тэр сурагчийг “дүүрсэн тэнэг” гэж боддог ч түүний ээжид хүү нь хэр ичимхий, сургуульдаа ямар нэр хүндтэй болох тухай худал түүх зохиож ярив. Тэрээр Пенний зогсоол дээр буумагцаа утасны бүхээг рүү очиж, хэд хэдэн хүн рүү ярихаар явдаг ч зарим шалтгааны улмаас хэн рүү ч залгасангүй. Тэрээр хөлсний унаанд суугаад жолоочид нь Төв паркад цөөрөм хөлдөхөөр галуунуудын цугладаг газарт хүргэж өгөхийг гуйхад жолооч үүнд нь ихэд эгдүүцэв. Холденийг өөр нэг хөлсний тэрэг Эдмонт зочид буудалд хүргэх бөгөөд тэнд хоноглохоор өрөө авчээ. Холден өрөөнөөсөө буудлын эсрэг талын жигүүрийн зарим зочдын өрөөг харж болохоор ажээ. Шилэн оймс, өндөр өсгийтэй гутал, хөхний даруулга, бэлхүүсэвч, даашинз өмссөн нэгэн эрийг тэр ажиглан байв. Мөн уусан юмаа нэгнийхээ нүүр рүү цацчихаад, бахдалтайгаар инээлдэж байгаа эр, эм хоёрыг ч харлаа. Тэр үүнийг уурлуулан өдөөдөг секс тоглоомын нэг хэлбэр байх хэмээн дотроо таамаглав. Хэдэн янжуур угсруулан татсаны дараа, Принцтон дахь танилаасаа дугаарыг нь авсан, өмнө


нь огт уулзаж байгаагүй Кавендиш нэртэй бүсгүй рүү залгав. Холден Кавендишийг өмнө нь тайчигч байсан хэмээн хүмүүсийн ярьж байсныг санаад, түүнийг ятган унтаж чадна гэдэгтээ итгэлтэй байв. Огт танихгүй хүн шөнө дөлөөр залгасанд ундууцсан хэдий ч тэр эцэст нь маргааш өдөр нь уулзах санал гаргав. Холден тийм удаан хүлээхийг хүсэхгүй байлаа. Тэгээд уулзалт товлолгүйгээр утсаа тасалчихав. Холден шатаар доош бууж зочид буудлын Лавендер нэртэй шөнийн клубт орж ширээнд суухад, зөөгч түүнийг насанд хүрээгүй болохыг мэдээд, үйлчлэхээс татгалзжээ. Тэр хөдөөнөөс ирсэн болов уу гэмээр гуч гарсан гурван эмэгтэй рүү сээтэн хаяж суув. Холден тэдэнтэй хамт бүжиглэж, шаргал үстэй хүүхнийг хэр сайн бүжиглэдгийг харсныхаа дараа түүнд бараг л “дурлав”. Нас сүүдрийнхээ талаар хэдэн хошин үг унагасны дараа, тэд түүнийг бүх тооцоог нь төлөг хэмээн орхиод явжээ. Холден лоббигоос гарч ирээд Жэйн Галлахерын тухай, түүнийг хэрхэн таньдаг болсон тухайгаа зэрвэс бодов. Тэд Мэйнд зуны амралтаа хамтдаа өнгөрүүлж, гольф, даам тоглон, хөтлөлцөн кинонд явдаг байжээ. Нэгэн өдөр даам тоглон сууж байтал, тэдний сууж байсан сүүдрэвчинд Жэйний хойд эцэг ирсэн бөгөөд түүнийг явсны дараа Жэйн уйлж эхэлжээ. Холден дэргэд нь суугаад, түүнийг нүүр нүдгүй үнсэж эхэлсэн бөгөөд Жэйн харин уруул дээр нь үнсэхийг огт зөвшөөрөхгүй байжээ. Энэ бол тэдний хамгийн дотно болсон үе аж. Эдмонтын лифтчин Маурис Холдены өрөөрүү 5 долларын биеэ үнэлэгч явуулах санал тавихад тэр зөвшөөрөв. Өөрийгөө Санни хэмээн танилцуулах нэгэн залуухан бүсгүй ирэв. Түүнийг даашинзаа тайлж эхлэхэд Холденд “гаж” санагдсан тул түүнтэй яриа өрнүүлэхийг хичээв. Саяхан нугасны хагалгаа хийлгэсэн учир түүнтэй унтаж чадахгүй, гэхдээ түүнд ямар ч байсан мөнгөө төлнө гэв. Санни өвөр дээр нь суугаад шалиг зүйлс ярьж эхлэхэд Холден түүнд 5 долларыг нь өгөөд, хаалга руу хүргэж өгөв. Гэтэл Санни Маурисыг дагуулан эргэж ирээд, Холденоос дахин 5 доллар төлөхийг шаардав. Холден төлөхөөс татгалзахад, Маурис гэдэс рүү нь цохиж, шалан дээр унагав. Энэ хооронд Санни түүний түрийвчнээс 5 доллар авч амжив. Холден унтахаар хэвтлээ. Ням гаригийн өглөө 10 цагт сэрээд, өмнө нь болзож байсан Салли Хайэс рүү залгалаа. Тэд Броудвэйн тоглолтын өдрийн үзүүлбэрийг үзэхээр болцгоов. Зуушны газар өглөөний цайгаа уучихаад Жэйн Галлахер руу залгатал ээж нь авсан тул харилцуураа тавилаа. Хөлсний тэрэг авч Төв парк орон охин дүү Фибигээ хайлаа. Гэвч тэр тэнд байсангүй. Тэр Фибигийн сургуулийн нэгэн охинд тэшүүрнийхээ үдээсийг үдэхэд нь тусалж, түүнээс дүүгээ Байгалийн түүхийн музейд байж магадгүй болохыг мэдэж авав. Фибигийн анги ням гаригт музейд байхгүйг тэр гадарлаж байсан ч тийшээ явлаа. Гэхдээ ирчихээд дотогш орсонгүй, харин тэрэг авч Билтмор зочид буудал руу Сэллитэй уулзахаар явав. Холден, Сэлли хоёр хамтдаа жүжиг үзэв. Сэллиг танил хөвүүнийхээ талаар ярихад нь Холден уур нь хүрчээ. Сэллигийн санал болгосноор, тэд тэшүүрээр гулгацгаахаар болов. Тэд хоёулаа сайн гулгаж чадахгүй байсан учир ширээнд сууж ярилцав. Холден Сэллид яагаад сургууль түүнд таалагддаггүй тухай тайлбарлаад, түүнийг Массачусетэс эсхүл Вермунт руу хамтдаа зугатаж, тэнд бүхээгт амьдарцгаая гэж шаардах шахам хэлэхэд Сэлли зөвшөөрсөнгүй.


Холденийг хараалын үг урсгахад Сэлли уурлав. Түүний уурласан царайг хараад Холден хөхөрч гэнэ. Сэлли уучлалыг нь хүлээж авалгүй Холденыг хаяж явлаа. Холден ахиад л Жэйн рүү залгалаа. Энэ удаа дуудлаганд нь хариу өгсөнгүй. Холден Вүүтэн сургуульд сурагчдын зөвлөх байсан, одоо Колумбын их сургуулийн оюутан болсон Карл Люс гэгч залуу руу залгав. Люс түүнтэй оройн хоолны дараа юм уухаар болов. Холден энэ хооронд цаг нөгцөөж кино үзэв. Тэр Люстэй Сетон зочид буудлын Викер нэртэй бааранд уулзав. Вүүтэнд байхдаа Люс сургуулийн хэсэг хөвүүдтэй сексийн тухай илэн далангүй ярилцдаг байжээ. Холден түүнтэй дахин тэр сэдвээр ярилцахыг хичээж байв. Холдений ижил хүйстнүүд болон Люсийн Хятад найз охины талаарх хүүхэд шиг ярианд дургүй нь хүрсэн Люс эрт явах хэрэгтэй гээд түүнийг орхин явлаа. Холден үргэжлүүлэн виски уунгаа төгөлдөр хуурч болон дуучны тоглолтыг сонирхон суув. Нилээд халамцсан Холден Сэлли Хайэс руу залгаж, тэдний Шинэ жилийн өмнөх өдрийн төлөвлөгөөний талаар учир нь үл ойлгогдох зүйл ярьжээ. Тэгээд тэр хүүхэд байхдаа ирж галуу хардаг байсан Төв паркын цөөрөм рүү очих гэж нилээд цаг авав. Арайхийн олж очих үед тэр осгох шахсан байлаа. Эцэст нь тэр гэртээ харихаар шийджээ. Холден өөрийг нь хэдийд ч гэрт нь ирж болно гэж байсан Англи хэлний багш байсан ноён Антолини руу залгав. Антолини түүнээс яагаад сургуулиасаа хөөгдсөнийг нь асуугаад, цааш хэрхэх тухай нилээд зөвлөгөө өгөв. Холден нойр нь хүрч байгаагаа нуусангүй. Антолини түүнд буйдан дээр ор засч өгөв. Ноён Антолиниг духанд нь хүрэхэд тэр сэрлээ. Өөрийг нь өдөж хоргоох гэж байна гэж бодсон Холден яаран сандран гэрээс нь гарлаа. Тэгээд гадна урт сандал дээр хэдэн цаг унтав. Холден Фибигийн сургууль руу очиж, гэрээсээ явах гэж байгаа учир музейд цайны цагаар уулзах хэрэгтэй байна гэсэн зурвас түүнд дамжуулав. Фиби ирэхдээ цүнхтэй хувцсыг нь авчирч, өөрийг нь хамт аваад яваач гэж гуйв. Түүнийг уурлан татгалзахад Фиби уйлж, дуугаа хураав. Өөрийг нь дагана гэдгийг мэдэж байсан тул түүнийг паркад морин тойруулган дээр дагуулан ирэв. Холден түүний тоглож байгааг харж зогсов. Гэнэт хүчтэй бороо орж эхэллээ. Холден ширүүн бороог үл тоон дүүгээ морин тойруулган дээр тоглохыг баярлан харж зогсоход нүдэнд нь нулимс цийлэгнэж байлаа. Холдений хүүрнэх түүх энэ хүрээд зогслоо. Тэр хэрхэн гэр рүүгээ харьж, “өвчин” туссан тухайгаа уншигчдад ярихгүй гэжээ. Тэр ирэх намар шинэ сургуульд орохоор төлөвлөсөн бөгөөд ирээдүйнхээ талаар тун ч сэтгэл өөдрөг байлаа.


#9 The Color Purple Нил ягаан өнгө Зохиолч: Элис Уокер (Alice Walker) Хэвлэгдсэн он: 1982 Төрөл: Роман Зохиогчийн тухай АНУ-ын зохиолч, яруу найрагч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бөгөөд нийгмийн зүтгэлтэн Элис Уокер 1944 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тариачны гэр бүлд төржээ. 1960- аад оноос иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнүүдэд оролцох болсон юм. Түүний хамгийн алдартай бүтээл бол “Нил ягаан өнгө” роман бөгөөд Элис тус романаараа Үндэсний номын шагнал (National Book Award) болон Пулицерийн шагнал хүртжээ. Тэрээр нэр хүндтэй Пулицерийн шагналыг хүртсэн анхны Африк гаралтай америк эмэгтэй болсон юм. Түүний “Нил ягаан өнгө” романаар кино туурвисан нь нилээд амжилт олж, Академийн шагнал (Academy Awards)-д 11 төрөлд нэр дэвшсэн байна. Тус кинонд Стивен Спилберг найруулагчаар ажиллаж, дүрүүдэд Вүүпи Голдберг, Опра Уинфри болон Дэнни Глоувер нар тоглосон. Хэдийгээр тэрээр зургаан роман бичсэн ч эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар улс төрд идэвхтэй оролцсоор байна. Элис эмэгтэйчүүдийн хөдөлгөөнөөс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх хөдөлгөөн, цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөн болон хэлүү тайрахын эсрэг хөдөлгөөнүүдэд дуу хоолой болж байжээ. Элис Уокер 1984 онд өөрийн Wild Trees Press хэвлэлийн компанийг байгуулсан. Одоо тэрээр АНУ-ын Калифорни мужид амьдардаг.


Хориг - 1984 онд АНУ-ын Окланд хотын Калифорний ахлах сургуульд тус зохиолыг “бэлгийн болон нийгмийн амьдралыг ил тод харуулсан, арьсны өнгөөр ялгаварласан харилцаа, хүний Бурхантай харилцах харилцаа, Африкийн түүх болон хүний бэлгийн амьдралын талаарх зөрчилтэй санаанууд” гаргасан гэсэн үндэслэлээр судлахыг хориглосон ч Окландын боловсролын зөвлөлөөс есөн сарын дараа тэрхүү хоригийг цуцалжээ. - 1985 онд АНУ-ын Калифорни мужийн Хэйвард сургуулийн зөвлөлөөс “бүдүүлэг үг хэллэг”, “ил тод сексийн дүрслэл”-тэй хэмээн хориглосон. - 1986 онд, АНУ-ын Виржиниа мужийн сургуулийн номын сангаас “хараалын үг, сексийн дүрслэл” агуулсан хэмээн номын сангаас татсан бөгөөд зөвхөн эцэг эхээсээ бичгээр зөвшөөрөл авсан 18- аас дээш насныханд уншихыг зөвшөөрсөн. - 1989 онд АНУ-ын Мичиган мужийн Сагинав хотын нийтийн номын сангуудаас татан авсан. - 1990-ээд онд зохиолын гол дүр хойд эцэгтээ хүчиндүүлдэг хэсгээс болоод Виомингийн дунд сургуулиуд болон Хойд Каролинагийн Нью-Бамд тус тус хориглож байсан бол Пенсилваний Саудертонд бүр мөсөн хориглох шийдвэр гаргасан. - 1995 онд АНУ-ын Коннектикут мужийн Саутбюри дэх Помперауг ахлах сургуульд “ахлах сургуулийн унших хичээлд тохирохгүй” учир хориглосон. Мөн дараа жил нь Орегоны ахлах сургуульд хориглосон. Үүнээс гадна Флоридагийн Гэгээн Жонсын дунд сургууль, Хойд Каролинагийн Нортвест ахлах сургуульд хориглосон ч, хожим хоригийг цуцалсан. - 1997 онд, АНУ-ын Баруун Виржиниагийн Жэксон Каунтид сургуулиудын номын сангуудаас тус романыг бусад 16 номын хамтаар хориглож, хураасан. - 1999 онд, Охайо мужийн Шавнэ сургуульд эцэг эхчүүдийн гомдлын дагуу хориглосон. - 2008 онд мөн л ижил хүйстний амьдрал, бэлгийн хүчирхийлэл, цус холилдох явдлыг тус зохиолд дүрсэлсэн шалтгаанаар Хойд Каролинагийн Моргантауны Бурке сургуульд хориглосон.


Номын тухай 1982 онд хэвлэгдсэн Элис Уокерийн “Нил ягаан өнгө” роман нь 1930-аад оны АНУ-ын Өмнөд хэсэг дэх хар арьстан иргэдийн амьдралыг эмэгтэй хүний өнцгөөс өгүүлсэн түүх юм. Зохиолч өөрийн бүтээлийг бойкот, илчлэх болон хориглох хөдөлгөөний хүрээнд 2012 онд Израйльд хэвлэх саналаас татгалзжээ. Палестины төлөө тууштай тэмцэгч тэрээр Израйлийн Yediot Books хэвлэлийн газарт илгээсэн захидалдаа “Израйль улсад “арьс өнгөөр ялгаварлах” үзэл газар авсан тул түүний бүтээлийг Израйльд хэвлэхийн өмнө бодлогодоо өөрчлөлт оруулах ёстой” гэжээ. Пулицерын шагналт энэхүү зохиолыг өдрийн тэмдэглэл, захидал хэлбэрээр бичсэн ажээ. Сая сая уншигчдын сэтгэлд хүрсэн уярам түүх ижил хүйстний амьдрал, бүдүүлэг үг хэллэг, бэлгийн амьдралыг ил тод харуулсан гэсэн үндэслэлээр хориотой номын жагсаалтад орсон.“Нил ягаан өнгө” романы гол дүр бөгөөд өгүүлэгч Сели бол хөдөө амьдардаг ядуу, боловсролгүй, 14 настай хар арьст охин юм. Хойд эцэг Альфанзо нь түүнийг байнга зодож, хүчирхийлдэг тул Сели Бурханд хандан захидал бичиж эхэлжээ. Альфанзо охиныг аль хэдийн хөл хүнд болгожээ. Селигийн төрүүлсэн охиныг эцэг нь хулгайлж, ойд хөнөөж орхисон байх. Селигийн төрүүлсэн хоёр дахь хүүхэд нь хүү байсан бөгөөд мөн л хойд эцэг нь хулгайлжээ. Селигийн эх нь хүндээр өвдөж, ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Альфанзо шинэ эхнэртэй болсон ч Селиг зовоосон хэвээр. Сели болон түүний царайлаг охин дүү Нетти хоёрын зөвхөн ноёнЖонсон л гэж нэрийг нь мэдэх эр Неттитэй гэрлэхийг хүсч байгааг тэд мэдэв. НоёнЖонсон Селигийн зургийг нь гайхалтай хэмээн боддог бохир заваан нэгээн лаунжийн дуучин бүсгүй Шаг Аверитай амрагийн холбоотой байв. Альфанзо Неттиг гэрлэхийг зөвшөөрсөнгүй, харин оронд нь сүйт бүсгүйд “царай муутай” Селиг санал болгожээ. Ноён Жонсон эцэст нь Селийг хүнд хүчир, баяр хөөргүй гэр бүлийн амьдралд хүчээр оруулах энэ саналыг хүлээн авав. Нетти Альфанзогоос болоод гэрээсээ зугатан, Селигийн гэрт толгой хоргодож байлаа. Ноён Жонсон Неттиг хүсэмжилсэн хэвээр байсан бөгөөд түүнийг хоргоож эхэлсэн тул Нетти мөн гэрээс нь зугатаажээ. Неттигээс сураг тасарсан Сели түүнийг нас барсан гэж итгэх болов. Жонсоны эгч Кэйт Селиг өрөвдөж, Жонсоныг балмад авирлахыг хүлцэхийн оронд түүнтэй тэмцэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Жонсоны хүү Харпо София хэмээх том биетэй, зоригтой охинд хайртай болжээ. София жирэмсэн болж, Харпотой гэрлэнэ. София бүсгүйг Харпо, Жонсон хоёрын дорд үзэх гэсэн оролдлогоос өөрийгөөхамгаалж байгааг Сели гайхан биширдэг байлаа. Эцгээсээ илүү зөөлөн сэтгэлтэй ч Харпо эцгийнхээ зөвлөгөөг дагаж Софияг өөрийнхөө үгээр байлгахын тулд түүнийг зодох гэж үзнэ. Гэвч тэр тоолонд илүү хүчтэй, илүү туршлагатай Софияд ялагддаг байв. Шаг хүндээр өвдөхөд, Жонсон түүнийг гэртээ авчрав. Шаг анхандаа Селитэй бүдүүлэг харьцдаг байсан ч эцэстээ Сели түүнийг асрах болсноор найзууд болцгоожээ. Сели өөрийгөө


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook