Important Announcement
PubHTML5 Scheduled Server Maintenance on (GMT) Sunday, June 26th, 2:00 am - 8:00 am.
PubHTML5 site will be inoperative during the times indicated!

Home Explore 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Published by Guset User, 2022-11-17 03:08:12

Description: 33 khoriotoi nom - Orch B.Oiuunchimegh

Search

Read the Text Version

Шагт сексийн хувьд татагдаж байгаагаа ойлгоно. Харпогийн дарангуйлах гэсэн оролдлогоос залхсан София хүүгээ аван нүүжээ. Хэдэн сарын дараа Харпо хямдхан зуушийн газар нээсэн бөгөөд Шаг шөнө нь тэнд дуулах болов. Сели Шагийн талаарх бодолдоо улам төөрөлдөнө. Жонсон өөрийг нь байхгүй хойгуур Селид гар хүрдэг болохыг мэдээд Шаг тэднийд үлдэхээр шийдэв. Шаг, Сели нарын харилцаа илүү дотно болжээ. Шаг түүнээс сексийн тухай асуултууд асууж эхэлнэ. София түр эргэн ирэхдээ Харпогийн шинэ найз бүсгүй Скүэйктэй ам муруйж, зодолдоно. Нэгэн өдөр тосгоны даргын эхнэр Милли Софияг гэрт нь үйлчлэгчээр ажиллах санал тавихад София бүдүүлгээр татгалзжээ. Хотын дарга “үг дуугүй захирагдаагүйд” нь эгдүүцэж Софияг алгадахад, София тэр даруйд хариуг нь барьж, хотын даргыг цохиж унагав. Үүнийхээ хариуд София шоронд сууна. Софияг суллуулах гэсэн Скүэйкийн хичээл зүтгэл талаар өнгөрөв. София хугацаанаасаа зургаан сарын өмнө суллагдсан ч түүнд хотын даргын үйлчлэгчээр 12 жил ажиллах ял оноожээ. Шаг дөнгөж гэрлэсэн ч гэлээ Селитэй бэлгийн харилцаанд орж, хамтдаа нэг оронд унтах болсон байна. Нэгэн шөнө Шаг түүнээс дүү охиных нь талаар асуухад Сели түүнийг захидал бичнэ гэж амласан ч огт бичээгүй учир нас барсан байх гэжээ. Шаг Жонсоны олон жилийн турш Селигээс нууж байсан дүүгийнх нь захидлуудыг олж өгч туслав. Сэтгэл хөдлөлдөө хэт автсан Сели Жонсоныг алчихгүй өөрийгөө яаж барихаа бодон, захидлуудыг бүгдийг нь эхнээс нь уншиж дуусгав. Нетти захидалдаа Самуэль, Корринь хэмээх хоёр шашны номлогч хостой найзлан, тэднийг даган номлогчийн ажлаар Африк руу явсан тухай бичжээ. Самуэль, Корринь хоёр Оливия, Адам нэртэй хоёр өргөмөл хүүхэдтэй ажээ. Нетти Корриньтой дотно найзууд болсон ч Корринь өргөж авсан хүүхэд нь Неттитэй адилхан болохыг анзаараад Самуэль тэр хоёрыг урьд өмнө нь нууцлаг харилцаатай байсан гэж боджээ. Энэ сэжиг нь улам нэмэгдсэн Корринь Неттигийн түүний гэр бүл дэх үүрэг ролийг хязгаарлахыг хичээх болсон байна. Нетти Африкчуудыг өөрийнхөөрөө, зөрүүд хүмүүс болохыг мэдээд номлогчийн ажилдаа сэтгэл дундуур байх болжээ. Корринь халуурч өвдөв. Нетти Самуэлээс Оливия, Адам хоёрыг хэрхэн өргөж авсныг асууна. Самуэлийн ярианаас Нетти тэр хоёр хүүхэд (түүний хойд эцэг Альфанзогийн хүчээр булааж авсан) Селигийн төрсөн хүүхдүүд болох, тэднийг амьд байгаа болохыг ойлгоно. Нетти мөн Альфанзо бол Сели тэр хоёрын төрсөн аав биш, хойд эцэг нь болохыг ойлгожээ. Альфанзо ээжийнх нь байшин, эд хөрөнгийг өвлөн авахыг хүсч байсан тул тэдэнд өөрийгөө төрсөн эцэг нь гэж итгүүлсэн байжээ. Нетти Самуэль, Корринь хоёрт өөрийгөө хүүхдүүдийнх нь нагац эгч болохыг хэлэв. Ноцтой өвдсөн Корринь түүнд итгэхийг хүссэнгүй. Хожим Корринь нас барахынхаа өмнөхөн Неттигийн ярьсныг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ хооронд Сели Альфанзотой уулзах бөгөөд тэр өөрийгөө зөвхөн дүүгийнх нь хойд эцэг гэх ч Неттигийн ярьсныг баталж өгнө. Сели зарим талаар Бурханд итгэх итгэлээ алдаж эхлэх ч, Шаг түүнд Бурхныг хөгшин, цагаан сахалтай хүн гэж төсөөлөх хуучны хандлагыг хаяж, өөрийнхөөрөө дүрийг нь дотроо төсөөл гэж ятгаж байв.

Сели Теннеси рүү нүүж, өмдний загвар гарган оёж, өөрийн сонирхлыг ажил хэрэг болгожээ. Тэр гэртээ эргэн ирээд Жонсоныг илүү халамжтай, огт өөр болсныг анзаарах бөгөөд Жонсон түүний хувцас урлах бизнест хүртэл тусалжээ. Жонсон түүнд “бид бие махбодиос гадна, зүрх сэтгэлээрээ” гэрлэх санал тавихад, Сели татгалзана. Тэр мөн өөрийн хойд эцэг Альфанзог нас барсныг дуулав. Сели газраа өв залгамжлан авч, байрандаа эргэн нүүж ирэв. Энэ үеэр, Шаг блюз хамтлагийнхаа лимбэчин 19 настай Жермайн хэмээх залууд дурласан тухай мэдээ Селид хүчтэй цохилт болжээ. Шаг Жермайны хамтаар улс орон даяар, Панама хүртэл аялан явахдаа Селид ил захидал явуулдаг байв. Нөхцөл байдлыг үл хайхран, Сели Шаг өөрийг нь хайрлахаа больсон ч түүнийг хайрлана гэж тангараглажээ. Энэ хооронд Нетти Самуэльтэй гэрлэж, тэд Америк руугаа буцахаар бэлтгэж байв. Тэднийг явахын өмнө, Адам Таши гэгч Африк охинтой гэрлэв. Сели Шаггүйгээр амьдарч чадахаа дөнгөж ойлгоод байтал (гэхдээ Шагийг хайрласан хэвээр байлаа) Шаг эргэн иржээ. Тэр Жермайн коллежид орсон, одоо тэр түүнд хүү, бүр ач хүү шиг нь санагдах болсон гэв. Зохиолын сүүлд Нетти, Самуэль, Оливия, Адам, Таши нар Селигийн гэрт ирэх бөгөөд 30 гаруй жил нэгнийгээ хараагүй Нетти, Сели хоёр тэврэлдэн уулзав. Тэд өөрсдийн гэр бүлийг нэг нэгэндээ танилцуулснаар роман төгсөнө.

#10 The Da Vinci Code Да Винчийн Код Зохиолч: Дэн Браун (Dan Brown) Хэвлэгдсэн он: 2003 Төрөл: Нууцлаг, хуйвалдаантай, детектив зохиол Зохиогчийн тухай 2003 оны хамгийн шилдэг борлуулалттай ном болох “Да Винчийн код” детектив романаараа алдаршсан АНУ-ын зохиолч Дэн Браун1964 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нью- Хэмпширийн Эксетерт төржээ. Тэрээр Филипс эксетерийн академи болон Амхерст коллежид суралцаж төгссөн. Түүний анхны роман нь “Тоон цайз” (Digital Fortess) юм. Дараагийн роман “Албингууд ба сахиусан тэнгэрүүд” (Angels & Demons)-д Браун “тэмдэгт судлаач” Роберт Ландоныг танилцуулсан бөгөөд уг дүр “Да Винчийн код” зохиолд мөн гардаг. 2003 оны 3 дугаар сард хэвлэгдсэн “Да Винчийн код” роман гарсан эхний өдрөө 6000 хувь борлогдсон бөгөөд мөн эхний долоо хоногтоо л New York Times-ын шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтжээ. Тус бүтээл 2012 оны байдлаар 52 хэл рүү орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогдсон ажээ. “Да Винчийн код” болон “Албингууд ба сахиусан тэнгэрүүд” бүтээл нь кино болж, дэлгэцнээ гарсан юм.

Хориг 2003 онд хэвлэгдсэн Дэн Брауны “Да Винчийн код” роман католик шашинтнуудын зүгээс нилээд эсэргүүцэлтэй тулгарсан юм. Зохиолд Есүс Христ болон Мэри Магдален нарыг бэлгийн харилцаатай байсан, тэдний дундаас хүүхэд төрснөөр дүрсэлсэн байдаг. Шашны тэргүүнүүд үүнийг “Есүс Христийг гутаан доромжилсон” гэж үзэж байгаа юм. Хэдийгээр тус роман дэлхийн хэмжээнд алдаршиж, олон сая хувь борлогдоод байгаа ч зохиолын агуулгаас болоод Манила, Энэтхэг, Ватикан зэрэг хэд хэдэн оронд хориглосон байна. Тус зохиолоор Рон Ховардын найруулж, Том Хэнксийн гол дүрд нь тоглосон “Да Винчийн код” кино 2006 онд гарсны дараа хориглосон орнуудын тоо дахин нэмэгдсэн байна. “Да Винчийн код” зохиолоор туурвисан кинотой холбоотой маргаан дэгдсэн орнуудаас дурдвал: Йордан, БНХАУ, Пакистан, Филиппин, Тайланд, Сингапур, Самоа, Энэтхэг, Соломоны арлууд, Шри Ланк болон Ливан. Египетид христийн шашны копт урсгалынхны шахалтаас үүдэн ном, киног аль алиныг нь хориглосон ажээ. Үндсэндээ Туркээс бусад исламын шашинтай бараг бүх оронд энэ бүтээлээр хийсэн киног хориглох талаар маргаан дэгдэж, зарим орнуудад албан ёсоор хориглоод байгаа юм. “Непко” компаниас Дэн Брауны гурамсан зохиол болох “Да Винчийн код” (Орч. Н.Хашбат), “Албингууд ба сахиусан тэнгэрүүд” (Орч. О.Машбат), “Мартагдсан бэлгэ тэмдэг” (Орч. Ч.Батсайхан) бүтээлүүдийг уншигчдын хүртээл болгон гаргасан.

Номын тухай Луврын музейд, Опус Дэй (Католик шашны байгууллага)-ийн Силас (Silas) гэгч нэгэн хувраг Ариун тагш хаана байгааг асуухаар музейн эрхлэгч Жак Сауниер (Jacques Sauniere)-ыг отон хүлээж байлаа. Сауниерээс хүссэн хариултаа авсан Силас түүнийг бууджээ. Үнэн хэрэгтээ Сауниер түүнд Тагшны байршлыг буруу хэлсэн байжээ. Өөрт нь амьдрах хугацаа тун бага байгааг ойлгосон Сауниер чухал нууцаа дамжуулан үлдээхийн тулд цусаараа тэмдэг зурж, үл харагдах бэхээр шалан дээр хоёр мөр текст, тоон код бичиж үлдээв. Цагдаагийн мөрдөн байцаагч Жероме Коллет зохиолын гол дүр тэмдэгт судлаач Роберт Ландоныг Луврт дуудна. Ландон өөрийг нь хэрэгт сэжиглэж байгааг хараахан мэдээгүй байлаа. Сауниерыг алсныхаа дараа, Силас “Багш”-даа Сауниерын хэлснийг дамжуулж, гол түлхүүр Парис дахь Гэгээн Сулписын сүмд байгааг хэлэв. Багш Силасыг тийш илгээв. Сауниер гол түлхүүрийн байршлыг хайж яваад, хууртагдсанаа ойлгоно. Уур хилэндээ шатсан Силас сүмийн харуул бөгөөд Сионы Пайоригийн хамгаалагч Гэлэнмаа Сэндрайн Бейлийг хөнөөв. Ландон мөрдөгч Жероме Коллет, ахмад Безу Фаше нартай Луврт уулзаад, түүнийг хэрэгт сэжиглэж байгааг мэдэв. Криптологийн (нууц бичгийг тайлах) хэлтсийн төлөөлөгч бөгөөд Сауниерын ач охин Софи Нөвү хэргийн газарт хүрэлцэн ирэв. Тэр Ландоныг элчин сайдын яам руу залгах ёстой гэв. Ландон түүний өгсөн дугаар руу залгатал Софигийн автомат хариулагчтай холбогдох бөгөөд тэнд үлдээсэн зурваст Ландоныг аюулд ороод байгааг анхааруулж, Луврын ариун цэврийн өрөөнд Софитой уулз гэсэн байв. Ариун цэврийн өрөөнд Софи ахмад Фаше Ландоны биед байршил тогтоох төхөөрөмж нуусныг харуулаад, цагдаа нарт Ландоныг Лувраас зугатсан гэж харагдуулахын тулд түүнийг авч цонхоор гарган хажуугаар өнгөрч байсан ачааны машин руу шидэв. Ландон Сауниерын үлдээсэн зурвасаас бүх учиг Сионы Пайори хэмээх эртний нууц бүлгэм, мөн Леонарда Да Винчийн уран зургуудтай холбоотой болохыг мэдэв. Цагдаа нар Луврт эргэн ирж, Ландоныг баривчлав. Софи Леонарда Да Винчийн “Хадны агуй дахь Мадонна” хэмээх уран зургийн араас түлхүүрийг олжээ. Софи цагдаа нарыг уран зургаар сүрдүүлэн зэвсгийг нь хаяулаад, Ландонг авч Лувраас гарч зугатав. Тэд түлхүүрэн дээр нэр нь байсан Швейцарын банкруу явах замд Ландон Сионы Прайори болон тэдний зэвсэгт дайчид болох Сүмийн хөлөг баатруудын тухай тайлбарлав. Тэрээр прайоричууд San- greal хэмээх нууц бичээс, Ариун тагшийг хамгаалж байсныг олов. Софи, Ландон хоёрыг банк руу нэвтрэхэд, хамгаалалтын албаны ажилтан оргодлууд болохыг нь таниад, цагдаад мэдэгджээ. Гэвч Сауниерын найз банкны менежер Андре Вернет Софиг таниад, зугатахад нь туслав. Софи, Ландон хоёр Сауниерын цогцосны хажууд байсан дугаарууд бол банкны эд зүйлс хадгалах төмөр шүүгээний дугаар байх хэмээн таамаглаж, шүүгээг олж нээвэл дотор нь Да Винчийн загварын дагуу Сауниерын урласан, зөвхөн нууц

кодоор онгойх нэгэн жижиг хайрцаг (cryptex) байв. Тэд үүнийг Ариун тагшны байршлын талаарх Прайори нарын хадгалж байсан бүх нууцын тайлал – түлхүүр байна гэж үзэв. Тэд хайрцгийг онгойлгоход туслуулахаар түүхч Лэй Тийбингийн гэр рүү явав. Тийбинг тэдэнд Тагшны домгийг ярих бөгөөд Библи Бурханаас шууд дамжин ирээгүй, түүнийг Эзэн хаан Константин засч эмхэтгэсэн гэсэн баримт байгаа хэмээн яриагаа эхлэв. Тэрээр мөн Есүсийг бурханчлан шүтэх эсэхийгНицияд санал хураан шийдсэн баримт байгаа бөгөөд түүнийг эзэн хааны цустай Мэри Магдалентай гэрлэж, хүүхэдтэй болсон тухай өгүүлэв. Тийбинг тэдэнд Леонардо Да Винчийн “Сүүлчийн оройн зоог” зурган дээрх Магдаленыг дүрсэлсэн хэсэгт буй нуугдмал тэмдгийг үзүүлэв. Ариун тагш бол үнэн хэрэгтээ Магдалены бие цогцос бөгөөд тэр бичиг баримт бол Мэригийн цус Есүстэй холбоотой болохыг баталсан баталгаа гээд Тийбинг цааш яриагаа үргэлжлүүлж Сүмийнхэн Прайорийг энэ нууцыг задруулах гэж байна гэж сэжиглэсэн учир Сауниер болон бусад хүмүүс алагдсан гэж бодож байна гэв. Ландон нууц түлхүүрийг гаргахад Силас өрөөнд гэнэт орж ирэн түүний толгой руу цохив. Силас Софи болон Тийбинг хоёр руу буугаа чиглүүлээд, түлхүүрийг түүнд өгөхийг шаардав. Гэтэл Тийбинг Силасруу дайрч, ташаа руу нь цохих ба Софи түүнд тусалж Силасын нүүр рүү нь цохиж муужруулав. Тэд Силасыг хүлэв. Коллет харшид ирэхэд Софи, Ландон, хүлүүлсэн Силас, Тийбинг болон түүний үйлчлэгч Реми нар аль хэдийн зугатаж, Англи руу явахаар Тийбингийн хувийн онгоцонд суусан байлаа. Софи нууц түлхүүрэн дээрх бичгийг толинд харвал уншиж болохоор байгааг ажиглав. Тэд түлхүүр үгийг олж хайрцгийг нээвэл түүн дотроос дахин нэг нууц түлхүүрээр онгойх хайрцаг гарч иржээ. Энэ түлхүүрийн учиг нь папын оршуулсан хөлөг баатрын бунхантай холбоотой байв. Тэд хөлөг баатрын бунханд байх ёстой бөмбөлгийг олох ёстой болов. Фаше Тийбинг болон бусад этгээдүүд бүгд нисэх онгоцонд байгааг мэдээд, Британий цагдаагийн газар руу залгаж, агаарын хүчнийхнийг илгээж тэднийг бүслэхийг хүснэ. Тийбинг өөрөөс нь өөр хүн онгоцонд байхгүй гэж цагдаагийнханд итгүүлж дөнгөв. Тэгээд тэд Папын алсан хөлөг баатрыг оршуулсан Лондоны сүмд ирцгээв. Реми Силасыг суллаж, өөрийгөө Багшийн заавраар ажиллаж байгааг хэлнэ. Силас түлхүүрийг хайхаар сүм рүү орох бөгөөд Ландонаас түлхүүрийг авах гэтэл Ландон түүнийг эвдэлнэ гэж сүрдүүлэв. Реми тэдний дундуур оржТийбингийг барьцаалж, Ландонаас хүчээр түлхүүрийг авна. Энэ хооронд, Коллет багийнхныхаа хамт Тийбингийн гэрт ирэх бөгөөд түүнийг Сауниерт заавар өгч байсныг мэдээд Тийбингийг хэрэгт сэжиглэж эхэлнэ. Багш түлхүүрийг Ремигээр өгч явуул хэмээн Силаст утсаар заавар өгнө. Багш Ремитэй цэцэрлэгт уулзаад, түүнийг алав. Улмаар цагдаа руу залгаж, Силасыг тэдэнд барьж өгчээ. Силас зугатах гэж байгаад буудуулахын зэрэгцээ, санамсаргүйгээр өөрийн шүтээн Хамба лам Арингаросаг буудна. Силас бишоп Арингаросаг эмнэлэгт хүргэж, цэцэрлэг рүү гуйван хүрч, тэндээ нас барна.

Дараагийн өдөр нь эмнэлэгт Аригаронса өөрийгөө Тийбингийн цуст төлөвлөгөөнд тусалж байснаа ойлгож харамсав. Софи, Ландон хоёр Пап Александрын оршуулсан, тэдний хайж байсан хөлөг баатар нь Исаак Ньютон болохыг олж мэдээд, Ньютоныг оршуулсан Вестминстерийн сүм рүү явав. Тийбинг цэцэрлэгт Багшийг олсон хэмээн зурвас үлдээсэн нь урхи байх бөгөөд тэд Тийбинг өөрөө Багш болохыг мэджээ. Тийбинг сүмийнхэн Сауниер нууцыг задруулах аваас Софиг ална хэмээн сүрдүүлсэн байсан тул Сауниер Сионы Прайоригийн нууцыг хадгалахаар шийдсэн гэж таамаглаж байжээ. Үнэн хэрэгтээ Сауниер нууцыг нийтэд задруулахын тулд Тагшийг өөрөө олохоор шийдсэн байв. Хоёр дахь нууц хайрцгаас олсон папирус дээрх бичээс тэднийг Шотланд руу хөтөлнө. Тэнд Софи өөрийн ах болон эмэг эхийг олж уулзах бөгөөд тэд Есүс болон Магдален нарын удам болохыг мэднэ.

#11 The Decameron Декамерон Зохиолч: Жовани Боккачо (Giovanni Boccaccio) Хэвлэгдсэн он: 1350-1358 Төрөл: Дундад зууны үеийн ёгт үлгэр Зохиогчийн тухай Италийн уран зохиолын томоохон төлөөлөгч Жовани Боккачо 1313 онд төрж, 1375 онд нас барсан. Түүний төрсөн газар болон өдөр тодорхой биш ч тэрээр бага насаа Флоренцод өнгөрүүлжээ. Тэрээр хууль болон бизнесийн чиглэлээр суралцаж байсан ч, сонирхол нь түүнийг уран зохиол руу хөтөлжээ. Түүний хамгийн алдартай бүтээлийн нэг Декамерон нь 600 жил өнгөрөхөд ч үнэ цэнэ, нэр хүндээ алдаагүй хэвээр байгаа бөгөөд түүний зохиол бүтээлүүд Франческо Петрарк (Декамероныг латин хэл рүү орчуулсан), Уллиам Шекспир, Жоеффрэй Чаусер зэрэг бусад алдартай зохиолчдод чухал нөлөө үзүүлсэн байдаг. 10 шахам жил бичиж, 1358 онд дуусгасан “Декамерон” бол 1348 онд Флоренцод гарсан тахлын үеэрхотоос гарч, хөдөөний нэгэн тосгонд ирсэн долоон эмэгтэй, гурван эрэгтэйн 10 гаруй хоногийн хугацаанд ярьсан 100 орчим үлгэрийн дээжис юм.

Хориг 1497 онд Италид “Декамерон”-ыг шатааж байсан. 100 үлгэрийн 8 нь эротик үлгэрүүд байсан учир 1559 онд ПапIV Паулын тушаалаар тус номыг “Хориотой номын жагсаалт”-д оруулсан. Тусканы гүн номыг бүр мөсөн хориглохоос сэргийлж хариу арга хэмжээ авснаар Ромын католик сүмээс Леонардо Салвиати (Leonardo Salviati)-г томилж зохиолыг бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц болгон засч, эмхэтгэсэн байна. Салвиати “нүгэлт гэлэнмаа”-г язгууртан эмэгтэй, “шунаг хувраг”-ыг илбэчин, “Гэлэнмаа нарын ахлагч”-ийг гүнгийн авхай болгох зэргээр өөрчилж бичсэн байна. Салвиатигийн зассан хувилбар XVII зууны туршид цорын ганц зөвшөөрөгдсөн хувилбар болж байв. 1600 онд Сорбоны их сургууль болон Францын Парламентаас мөн хориглож байв. АНУ-ын Сангийн яамнаас “Декамерон”-ыг 1926 онд хориглох шийдвэр гарч, тус шийдвэр 1931 он хүртэл хүчин төгөлдөр хэрэгжсэн байна. АНУ-д хориглох арга хэмжээ үүгээр зогссонгүй. 1934 онд Детройтын эрх баригчид “зохисгүй, завхай ном” хэмээн номыг хураан авч байсан бол, 1935 онд Бостонд хориглож, 1954 онд Na- tional Organization of Decent Literature байгууллагаас “хар” дансандаа оруулжээ. АНУ-ын Шуудангийн алба, Америкийн номын сангийн холбоо, Ёс суртахуунгүй байдалтай тэмцэх Нью-Йоркын нийгэмлэг зэрэг байгууллагуудаас мөн хориглож байсан. 1950-аад онд, Англид орон нутгийн шүүгчид “Декамерон”-ыг шатааж устгасан байна. 1954 онд номыг устгах шүүхийн шийдвэр гарсан ч, хожим шийдвэрийг давж заалдсан ажээ.

Номын тухай 1350-аад онд үед бичигдсэн Жованни Боккачогийн “Декамерон” зохиол бүх уран зохиол сонирхогч, судлаачдын заавал унших ёстой номын нэгд тооцогддог. “Декамерон” гэдэг нь грек хэлний “арван өдөр” гэсэн үгний нийлэмж бөгөөд тус зохиолд хар тахлаас зугатан хөдөө ирсэн Флоренцийн арван залуус цаг нөгцөөн үлгэр ярилцдаг. Үлгэрүүдийн агуулгыг ёс суртахуунгүй, бохир заваан гэж үзэж байснаас олон зууны туршид зохиолыг гутаах, хориглох арга хэмжээ авахад хүргэж байв. Тахал Флоренц хотыг нөмөрч, хүмүүс олноор амь үрэгдэж байлаа. Нийгмийн хэв журам, ёс заншил, уламжлал алдагдаж байв. Арван залуу(долоон эмэгтэй – Пампина, Фиамета, Филомена, Эмилия, Лаурета, Нэйфайл, Элиса, гурван эрэгтэй – Панфило, Филострато, Дионо) хотоос дүрвэн, хөдөөний нэгэн эдлэнд орогнох бөгөөд тэд цаг нөгцөөн үлгэр ярьцгаана. Арван өдрийн турш хүн тус бүр нэг үлгэр ярих ёстой байв. Пампинагийн гаргасан дүрмээр эхний өдрийн үлгэрийн сэдэв нээлттэй, ямар ч сэдвээр ярьж болох байв. Энд зөвхөн эхний өдрийн дөрвөн үлгэрийг хураангуйлан хүргэж байна. Эхний үлгэр Сиапеллето хэмээн олонд танигдсэн цуутай нүгэлтэй нэгэн эр ажлаар Бургунд явах бөгөөд тэнд түүнийг таньж мэдэх хүнгүй байлаа. Гэвч тэр тэнд байхдаа маш хүндээр өвдөнө. Түүнийг гэртээ байлгаж байсан Флоренцийн ах дүү хоёр нүглээ наминчилж, эцсийн үгээ хэлэг хэмээн ойролцоох хийдээс нэгэн хувраг залж авчирна. Сиапеллато хуваргад өөрийн амьдралын талаар худал хэлж, өөрийгөө өчүүхэн жаахан нүгэл үйлдэхээс ч айдаг маш цэвэр ариун хүн гэж итгүүлжээ. Үгэнд нь бүрэн итгэсэн хувраг нас барсных нь дараа түүний амьдралын талаар номлол хүртэл айлдахад тосгоны иргэд түүнийг ариун гэгээн хүн байсан гэж итгэн, хожим Сиапеллато гэгээнтэн гэх болжээ. Хоёрдугаар үлгэр Парисын Абрахам нэртэй жүүд эр өөрийг нь олон жилийн туршид христийн шашинд орохыг ятгаж буй Жианното ди Сивигнитэй нөхөрлөдөг байжээ. Нэгэн өдөр Абрахам найздаа христийн шашинд орох эсэхээ шийдэхийн тулд Ром явж Сүмийн тэргүүлэгчидтэй уулзахыг хүсч байгаагаа хэлнэ. Ромын хуврагуудын зугаа цэнгэл хөөсөн, завхарсан байдлыг мэдэх Жианното Абрахамыг Сүмийн тэр ялзарсан байдлыг хараад хэзээ ч христийн шашинд орохыг хүсэхгүй болох вий гэж айж байлаа. Гэвч Абрахам эргэж ирээд христийн шашинд орсон бөгөөд христийн шашны дээд мяндагтнууд авлигад автсан ч цаашид христийн шашин улам тэлэх болно, энэ бол Бурхны үнэн үг байх ёстой гэжээ. Гуравдугаар үлгэр Хүчирхэг султан Саладин өөрийн сан хөмрөг нь шавхагдан дундарч байгааг олж мэдэв.

Мелчизедек хэмээх нэгэн жүүд эрд дутаж буй хөрөнгийг нь нөхөхөөр их хэмжээний хөрөнгө байдаг ажээ. Гэвч Саладин түүнийг өөрт нь шударгаар зээл өгөхөөргүй шунахай гэж бодсон тул Мелчизедекийг аргагүйн эрхэнд хөрөнгөө өгөхөөр занга бодож олов. Тэгээд түүнээс еврейн шашин, христийн шашин болон исламын шашны аль нь Бурханы үнэн шашин болохыг асууж гэнэ. Мелчизедек түүний зангаас бултаж эрдэм чадалтай гурван хүүтэй нэгэн нэгэн худалдаачны тухай үлгэр ярьжээ. Худалдаачин гурван хүүдээ хэнд нь бөгжөө өгнө түүндөөрийн хөрөнгийг хамт өгнө гэж амласан байжээ. Хаан яг хоёр адилхан бөгж хийлгээд, гурван хүүдээ гурвууланд нь нэг нэг бөгж өгсөн байна. Тиймээс хэн нь түүний өмч хөрөнгийн өв залгамжлагч болохыг тогтоох аргагүй болсон ажээ. Үүнтэй нэгэн адил аль шашин нь үнэн болохыг тогтоох боломжгүй юм гэв. Саладин түүний цэцэн ухааныг биширч, түүнтэй шударга байхаар шийджээ. Эцэст нь Саладин түүнээс мөнгө зээлж, эргүүлэн төлөх бөгөөд Мелчизедек түүний хүндэтгэл, талархлыг хүлээнэ. Дөрөвдүгээр үлгэр Сүмийн залуухан хувраг нэгэн эмэгтэйг өдөн хоргоож байгааг насаар бишоп нууцаар ажиглаж байлаа. Түүнийг ийнхүү сэм харж байгааг мэдсэн ч тэр бүсгүйтэй дур хүслээ хангаж гүйцээд, өрөөний түлхүүрийг зориуд бишопод үлдээжээ. Бишоп ч боломжийг ашиглаж бүсгүйтэй уулзах болж. Ийнхүү хоёр хувраг бүсгүйг сүмд байн байн авчрах болжээ. Үлгэрийн эх сурвалж Боккачог бараг бүх үлгэрүүдийнхээ ерөнхий санааг эртний сурвалжуудаас авсан гэж үздэг. Хэдийгээр Боккачи өөрөө франц, итали болон латин эх сурвалжууд ашигласан гэдэг ч зарим үлгэрүүд нь алс холын Энэтхэг, Перс, Испани болон бусад орны эх сурвалжуудаас санаа авсан байдаг ажээ. Түүчлэн хэдэн зууны тэртээ яригдаж байсан хуучны үлгэрүүд ч байдаг. Тухайлбал, хоёрдахь өдрийн 5 дахь үлгэрийн зарим хэсэг нь II зууны үеийн эртний Герегийн Эфэс хотоос гаралтай үлгэр юм. Харин үлгэрийн хүүрнэх хэлбэрийг МЭ 500 оны үед самгарьд хэл дээр бичигдэж, хожим Боккачогийн үед эртний перс, араб, жүүд болон латин хэлээр дамжин ирсэн эртний Энэтхэгийн амьтдын тухай үлгэрийн дээжис “Панчатантра”- аас авсан ажээ. Зарим эрдэмтэд өмнөх эх сурвалж нь тодорхойгүй, гэхдээ Боккачо өөрөө зохиогоогүй гэж үздэг зарим үлгэрүүдийг аман хэлбэрээр дамжин үлдэж, Боккачо түүнийг нь тэмдэглэн үлдээсэн гэж үздэг. Боккачо өөрөө зарим үлгэрүүдийг ам дамжин сонссон тухайгаа өгүүлсэн байдаг. Тухайлбал 7 дахь өдрийн эхний үлгэрийг Боккачо багадаа нэгэн настай эмэгтэйгээс сонсч байсан гэжээ. Хэдийгээр Боккачо “Декамерон”-ы дийлэнх үлгэрийн санааг эртний сурвалжуудаас зээлдсэн

байгаа ч тэдгээрийг шууд л хуулаад биччихсэн хэрэг огт биш. Боккачогийн үлгэрүүдийн үйл явдал гол төлөв XIV зуунд өрнөж буйгаар өгүүлсэн тул уншигч тэдгээрийг хэдэн зууны өмнө бичигдсэн эсхүл гадны соёлоос авсан гэж шууд таних аргагүй болсон гэж хэлж болно. Түүнээс гадна Боккачо ихэнхдээ нэг эсхүл хэд хэдэн хоорондоо холбоо хамааралгүй үлгэрүүдийг нэгтгэн нэг үлгэр болгосон байдаг. Үлгэрүүдийн олон дүрүүд бодит хүмүүс байжээ. Тухайлбал 1166-1189 оны хооронд Сицилийг захирч байсан Сицилийн хаан II Виллиам, Египет болон Сирийн анхны султан Саладин, Италийн алдарт уран зураач Жотто ди Бондоне, мөн Италийн яруу найрагч Кавалканти Гвидо зэрэг бодит дүрүүд олонтаа гардаг. Эрдэмтэд төдийлөн алдартай бус ч тухайн цаг үед амьдарч байсан зарим хүмүүсийг тодорхойлсон байдаг. Мөн Боккачо зохиомол дүрүүдийг ч бодит хүмүүст үндэслэн гаргасан байдаг ажээ. Боккачо зориудаар түүхэн болон газарзүйн баримтуудыг хооронд нь хольж сольсон байдаг. Декамероны үлгэрүүдэд гол дүрүүдийг харилцан яриа болон үйл явдлаар ихэвчлэн тодруулан гаргаснаар дүрийг үнэхээр бодит мэт сэтгэгдэл төрүүлж чадсан хэмээн дүгнэсэн байдаг. Түүний бичлэгийн бас нэг онцлог нь хуучны үлгэрүүдийг илүү нарийн түвэгтэй болгон бичдэг байж. Үүний нэг тод жишээ нь Чаусерын бүтээлд гардаг нэгэн үлгэр анхны франц хувилбараас илүүтэй Боккачогийн хувилбартай илүү төстэй болсон байдаг ажээ.

#12 The Diary of Anne Frank Аннэ Франкын өдрийн тэмдэглэл Зохиолч: Аннэ Франк (Anne Frank) Хэвлэгдсэн он: 1947 Төрөл: Өдрийн тэмдэглэл Зохиогчийн тухай Аннэ Франк 1929 онд Германд еврей гэр бүлд төрсөн бөгөөд 1945 онд 15 настайдаа фашистуудын бөөнөөр хорих лагерьт нас баржээ. 1942 онд Аннэ гэр бүлийн хамт Нидерланд руу дүрвэж, тэнд хоёр жил дээврийн хонгилд нуугдан амьдарч байхдаа бичсэн өдрийн тэмдэглэл нь өдгөө дэлхийн хамгийн алдартай өдрийн тэмдэглэлд тооцогдох болсон юм. 1944 онд мэдээлэгчийн уршгаар илчлэгдсэн Аннэгийн гэр бүл фашистууд еврей нарыг олноор устгасан аймшигт явдлын золиос болж, бөөнөөр хорих лагерьт хоригдсон бөгөөд зөвхөн эцэг Отто Франк нь амьд үлджээ. Тэрээр охиныхоо 13-хан настайдаа бичсэн өдрийн тэмдэглэлийг хожим 1947 онд хэвлүүлсэн бөгөөд дэлхийн 70 гаруй хэлнээ орчуулагдсан ажээ.

Хориг 2010 онд Аннэ Франк охины 1942 оны 6 сарын 12-ны өдрөөс 1944 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд бичсэн өдрийн тэмдэглэлийн “50 жилийн ойн Эцсийн хэвлэл”-ийг АНУ-ын Виржиниа мужийн Кулпепер Каунтийн дунд сургуулиудад хориглосон шийдвэр гарчээ. Учир нь тус хэвлэлд анхны хэвлэлээс хассан хэсгүүдийг нөхөж оруулсан бөгөөд нэмсэн хэсэгт Аннэ охины бэлгийн дур сонирхол, мөн Аннэ охины эх болон бусад хамт амьдарч байсан хүмүүсийн талаарх “нэмэлт хачиргүй” дүрслэлүүд багтсан нь ийнхүү хориглоход хүргэжээ. Энэ асуудлыг дахин хэлэлцсэний дүнд, шинэ хувилбарыг номын санд үлдээж, харин хичээлд хуучин хувилбарыг ашиглах болсон байна. 2009 онд Ливан улсад “Хезболла” зэвсэгт бүлэглэлээс “Аннэ Франкын өдрийн тэмдэглэл”- ийг еврейн “Сионист” үзлийг тунхагласан гэж үзсэн учир дунд сургуулиудад хориглосон байна. Бейрут хотын англи хэлний нэгэн хувийн дунд сургууль тус зохиолыг хичээлийн хөтөлбөртөө оруулснаар хориглох асуудал сөхөгдсөн бөгөөд “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн мэдэгдлийн дараагаар “Аннэ Франкын өдрийн тэмдэглэл”-ээс иш татсан болон агуулсан сурах бичгийг хичээлийн хөтөлбөрөөс хасчээ. Израйльтай үндсэндээ “дайн”-ы харилцаатай Ливан улс еврей үндэстний (Сионист) гэх тодотголтой бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байдаг. Сионист бүтээгдэхүүнийг хориглох хорооны гишүүн Наим Калаани “Ал-Манар” телевизэд өгсөн ярилцлагадаа “тус зохиолыг ашиглах нь Ливаны эрүүгийн хуулийг зөрчсөн явдал” хэмээн мэдэгдэж байжээ.

Номын тухай Энэ онд АНУ-ын Мичиган мужийн Нортвилийн сургуулийн 7 дугаар ангид мөн л “Аннэгийн өөрийн биеийн анатомийг дүрсэлсэн хэсгээс” болж номыг хориглох асуудал сөхөгдсөн байна. “Хорио цээрийн эсрэг үндэсний эвсэл” хөдөлгөөний хүрээнд “Хүүхдийн унших эрх” төсөл, түүнчлэн тэмдэглэлийг хэвлэсэн Bantam Booksхэвлэлийн газар, англи хэлний багш нарын үндэсний холбоо зэрэг хэд хэдэн байгууллагаас сургуулийн захиргаанд тус номыг хориглохгүй байх шаардлага гаргасан бөгөөд шаардлагад “Аннэ Франкын өдрийн тэмдэглэл бол өнөөгийн сурагчдад сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой зохиол... Тус номыг хориглох нь бусад сурагчид болон эцэг эхчүүдийн үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн хэрэг болно. Бид “Аннэ Франкын өдрийн тэмдэглэл”-ийг Нортфилийн сургуулиудад бүрэн эхээр, хянан засварлаагүй хэлбэрээр хэрэглэхийг хүчтэй шаардаж байна” гэжээ. Эцэст нь сургуулийн захиргаа тус зохиолыг хориглохгүй байх шийдвэр гаргажээ. Аннэ Франк өдрийн тэмдэглэлээ гурван бүлэгт хуваасан байжээ. Эхний хэсэг нь 1942 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1942 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх тэмдэглэл юм. Гэтэл хоёр дахь бүлэг нь 1943 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 1944 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл байдаг бөгөөд анхны хувь буюу 1942 оны 12 дугаар сараас 1943 оны 12 дугаар сар хүртэлх тэмдэглэлийг баривчлагдсаныхаа дараа, нацистуудаас нуугдаж байсан газрыг нь нэгжих үед алдагдсан гэж үздэг. Гэсэн хэдий ч алдагдсан үеийг Аннэ нөхөж бичсэн ажээ. Аннэ өдрийн тэмдэглэлээ тогтсон “Хүндэт өдрийн тэмдэглэл минь” эсхүл хэн нэгэнд хандсан захидал хэлбэрээр бус, харин төсөөллийн найз болох “Китти”, “Конни”, “Эмми”, “Поп”, “Мариан” нарт хандаж бичсэн ажээ. 1942 оны 11 дүгээр сар хүртэл буюу түүний анхны дэвтэр дуусах хүртэл Аннэ дээрх хэд хэдэн нэрсийг ашиглаж байжээ. Харин хоёрдахь бүлгийг эхлүүлэхдээ зөвхөн “Китти”-д бичсэн байдаг. Хожим бичвэрээ дахин засахдаа бүх нэрсийг “Китти” болгосон байна. Аннэ дахин бичсэн оршилдоо өөрийн хамгийн гүнзгий мэдрэмж, бодлуудаа хуваалцаж чадах хамгийн итгэлт найздаа өдрийн тэмдэглэлээ зориулж буйгаа илэрхийлсэн байдаг. Аннэгийн уран зохиолын бүтээл туурвихад нөлөөлсөн үйл явдал 1944 оны 3 дугаар сарын 29- ний өдөр болжээ. Тэрээр энэ өдөр цөллөгт явсан Голландын Боловсрол, соёл урлаг болон шинжлэх ухааны сайд Геррит Болкенштейний “Өдрийн тэмдэглэл, захидал зэрэг өдөр тутмын энгийн бичиг харилцаа нацистуудын булаан эзлэлтийн үед энгийн иргэд хэрхэн зовж зүдэрч байсныг илтгэх үнэ цэнэтэй архивын баримт материал болно... “ гэсэн үгсийг радиогоор сонсчээ. Ингээд удалгүй 1944 оны 5 дугаар сарын 20-нд ирээдүйн уншигчдад зориулж өөрийн өдрийн тэмдэглэлийг дахин ноороглож эхэлсэн ажээ. Тэр бичсэн зүйлсээ илүү баяжуулж, нууц найзынхаа нэрсийг бүгдийг нь “Китти”-ээр сольж, нөхцөл байдлыг тодорхой болгон, нууц нэрсийг жагсаалт гаргаж, сонирхол татахгүй эсхүл хэтэрхий хувийн гэж бодсон зүйлсийг хассан байна. Баривчлагдсаных нь дараа нуугдаж байсан газраас нь олдсон түүний уг гар бичмэлийг анхны тэмдэглэлийнх нь хамт эцэгт нь өгсөн ажээ.

Анх “Залуу охины өдрийн тэмдэглэл” нэрээр хэвлэгдэж байсан Аннэгийн өдрийн тэмдэглэл 1942 оны 6 дугаар сарын 12-ны өдөр түүний 13 насны ойн өдөр эхэлж, 15 нас дөнгөж өнгөрөх хүртэл үргэлжилдэг. Тэмдэглэлийнхээ эхэнд, Аннэ бусад охидтой хэрхэн найзалдаг байсан, хөвүүдэд татагдаж байсан тухай, мөн хичээл сурлага гээд бага насны амьдралаа өгүүлсэн байдаг. Семитийн эсрэг хуулиар еврейчүүд тусдаа сургуульд сурах ёстой байсан тул Аннэ эгч Марготын хамт Амстердам дахь Еврей лицейд сурдаг байжээ. Франкын гэр бүлд Дэлхийн II дайн дэгдэхэд германчуудын мөрдлөгөөс зугатан Нидерланд руу нүүсэн юм. 1940 онд Германууд Нидерландад цөмрөн орсны дараа тэд нуугдах шаардлагатай болжээ. Ингээд Дааны гэр бүлийнхэн, ноён Дюссель нарын хамтаар тэд Отто Франкын ажлын байрны дээр байрлах жижигхэн нууц дээврийн хонгилд нуугдан амьдрах болсон бөгөөд тэнд хоол хүнс болон бусад хангамжийн зүйлсийг нөөцөлсөн байжээ. Оттогийн компаний ажилчид тэднийг нуугдахад тусалж, хоол хүнс, эм тариа болон гадна ертөнцийн мэдээллээр хангана. Нууц байрны оршин суугчид радиогоор дайны үйл явц бүрийг чих тавин сонсдог байжээ. Аннэ анхаарлыг нь татсан зарим мэдээг тэмдэглэлдээ бичиж үлдээснээр өөрийн үзэл бодлыг түүхэн үйл явдалтай хослуулан илэрхийлсэн. Томчууд дайн удахгүй төгсөнө гэсэн өөдрөг хандлагатай байсан ч германчуудын давшилт эсхүл Холбоотнуудын ухралт сэтгэл санааны байдалд нь хүндээр тусдаг байжээ. Франкынхны нуугдаж байсан хоёр жилийн хугацаанд Амстердам дайны уршгаар үгүйрэн хоосорсон байлаа. Хоол хүнс хомсдож, дээрэм тонуул ихэссэнээс хотын иргэд бүгд туйлын хүнд нөхцөлд байв. Аннэ ихэвчлэн ганцаардаж байгаа мэдрэмжээ бичсэн байдаг. Тэр нууц байран дахь томчуудтай, нэн ялангуяа ээжтэйгээ ширүүн харьцаатай байсан. Эхийгээ хайр, халамж бага тавьдаг гэсэн бол аавдаа их хайртай байж. Тэр байнга л эхнэр, нөхөр Дааныхан, мөн ноён Дюсельд загнуулж, зэмлүүлдэг байжээ. Аннэ эгчийгээ ухаалаг, хөөрхөн, нийцтэй гэж боддог байсан ч түүний талаар маш бага зүйл бичсэнээс эгчтэйгээ төдийлөн дотно байгаагүй нь харагддаг. Аннэ сүүлд нууц байранд хамт байсан өсвөр насны Петр ван Даантай дотно найзалдаг болно. Гэвч эцэг нь үүнийг зөвшөөрөхгүй байсан учир Аннэгийн хүчтэй шохоорхол аажмаар буурч ирнэ. Аннэ өдрийн тэмдэглэлээ бичих явцад нилээд “ухаан сууж” байгаа нь харагддаг бөгөөд энгийн үйл явдал бичдэг байснаа сүүл рүүгээ хүний мөн чанар болон өөрийн зан байдлын талаар илүү гүн гүнзгий бодлууд бичсэн байдаг. Тэр еврей нарыг онцгойлон шилж, мөрдөж мөшгөөд байгааг ойлгохгүй байна гэжээ. Аннэ өөрийгөө герман хүн, гэхдээ түүний Германы иргэншлийг цуцалсан тухай дурдаад Голландыг өөрийн гэр орон гэж үзэж байгаа ч олон голландууд еврей нарын эсрэг байх болсныг бичжээ. Аннэгийн хоёр жилийн турш бичсэн өдрийн тэмдэглэл 1944 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дараагийн хуудсанд үргэлжилж байгаа мэт сэтгэгдэл үлдээн дууссан байдаг. Төсөөллөөр дүүрэн, нөхөрсөг, заримдаа сэтгэл шимшрүүлэм энгийн нэгэн өсвөр насны охины тэмдэглэл ийнхүү гэнэт, чимээгүйхэн төгссөн юм.

Гэвч Франкын гэр бүлийг фашистуудад илчилснээр тэд 1944 оны 8 дугаар сарын 4-нд баривчлагдан бөөнөөр хорих лагер руу хүргэгджээ. Отто Франк гэр бүлээсээ ганцаар амьд үлдсэн бөгөөд хожим охиныхоо тэмдэглэлийг олж, түүний зохиолч болох хүслийг нь биелүүлж тэмдэглэлийг нь хэвлүүлсэн ажээ. Аннэ Франкын түүх болон түүний өдрийн тэмдэглэл нь өнөө хэр нь залуусын боловсролд хувь нэмрээ оруулсаар байгааг АНУ дахь Аннэ Франкын Төвийн үйл ажиллагаанаас харж болно. Тус төвөөс 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Аннэ Франкын 85 насны ойг тохиолдуулан, бүх төрлийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай тэмцсэн байгууллага эсхүл хувь хүнд Аннэ Франкын нэрэмжит шагналыг олгох ажээ.

#13 Doctor Zhivago Живаго эмч Зохиолч: Борис Пастернак (Boris Pasternak) Хэвлэгдсэн он: 1957 Төрөл: Түүхэн, романтик зохиол Зохиогчийн тухай Оросын яруу найрагч, зохиолч, уран зохиолын орчуулагч Борис Пастернак 1890 онд Москвад урлагийн гэр бүлд төржээ. Эцэг нь Л.Толстойн бүтээл дээр ажиллаж байсан зураач, эх нь алдартай төгөлдөр хуурч байсан.Тэрээр гүн ухаан судлахаар Германы Марбургийн их сургуульд суралцахаар явсан ч дөрвөн сарын дараа Итали руу хийсэн нэгэн аялалынхаа дараа утга зохиол шимтэн сонирхох болж, удалгүй Москвад эргэн иржээ. Дэлхийн I дайны үеэр Пастерник Пермийн ойролцоох Всеволодо-Вильва дахь химийн үйлдвэрт ажиллаж байжээ. Энэ туршлага нь хожим алдарт “Живаго эмч” романаа бичихэд нь хэрэг болсон байдаг. 1917 оны хувьсгалын дараа тэр гэр бүл, дотно найз нараа даган Москваг орхин яваагүй юм. 1921 онд Пастернак анхны уран бүтээл болох “Миний эгч, миний амьдрал” яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. Пастернакыг эх оронд нь алдартай болгосон уг бүтээл Осип Мандельштам, Марина Цветаева болон бусад яруу найрагчдын бүтээлд чухал нөлөө үзүүлсэн юм. Харин олон улсад тэрээр “Живаго эмч” романаараа алдартай.

Хориг Зохиолчид Нобелийн шагнал авчирсан “Живаго эмч” романыг олон хүн хайрын түүх гэж боддог. Гэхдээ хайр дурлалаас илүүтэй 1917 оны Оросын хувьсгал болон түүнээс хойшх 1930-аад он хүртэлх үйл явдал, нийгмийг тод томруун илэрхийлсэн байдаг. Зохиолд өгүүлэх олон дүрүүд марксизм болон марксист удирдагдагчдыг шүүмжилсэн, үйл явдлууд нь тухайн үеийн Оросын амьдралын хамаг хар бараан талыг харуулсан нь тус зохиолыг хориглох үндэс болжээ. Пастернак “Живаго эмч”-г Кремль хорио цээрийн бодлогоо сулруулаад байсан 1953 онд бичсэн хэдий ч Улсын хэвлэлийн газраас “Большевик хувьсгалыг Оросын түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэрэг мэт дүрсэлсэн” хэмээн буруушаажээ. Үүнээс үүдэн Зөвлөлтөд түүний нэр хүнд унажээ. Зохиолч бүтээлээ баруун руу гаргаж, 1957 онд Италид хэвлүүлжээ. 1958 онд АНУ-д хэвлэгдэж, удалгүй дэлхийн 18 хэлнээ орчуулагдсан байна. ЗСБНХУ Пастернакыг Нобелийн шагналаас татгалзахыг албадаж байв. Бүтээлийг нь хориглож, өөрийг нь цөллөгт явуулсан юм. “Живаго эмч” 1988 онд М.Горбачевын нээлттэй бодлогын ачаар анх удаа Орост хэвлэгдэх хүртэл хориотой байв.

Номын тухай Хаант Орос орон. 1903 он. Зохиол Оросын үнэн алдартны шашны оршуулах ёслол, тодруулбал Юрийгийн эх Мария Николаевна Живагог сүүлчийн замд нь үдэж буй үйл явдлаар эхэлнэ. Нас барсан бүсгүйн хүү нүүрээ даран, гашуудаж байв. Түүний авга ах Николай Николаевич Веденяпин (Коля) хүүг авч одлоо. Тэр шөнө маш хүйтэн зэврүүн шөнө байлаа. Юрий цонх тогших чимээнээр цочин сэрээд гарч харвал хэн ч байсангүй. Маргааш нь үүр хаяармагц тэд Волга орох галт тэргэнд суулаа. Москвагийн баян худалдаачин байсан Юрийгийн эцэг Андрей Живаго архидан, завхайрч гэр бүлийнхээ хамаг хөрөнгийг үрэн таран хийж, эцэстээ авлигад автсан өмгөөлөгч Виктор Комаровскийн гайгаар бүрэн хоосорч модоо барьсан ажээ. Комаровскийн гар хөл бологсод Хаант засаг, түүний эсрэг марксистуудын дунд аль алинд нь байлаа. Эхнэрийнхээ үхлийн дараа, Андрей Комаровскийн үнэн төрхийг мэджээ. Тэр түүнтэй галт тэргэнд таарав. Гэвч хэдхэн мөчийн дараа Андрей галт тэрэгнээс үсэрч амиа хорложээ. Асран хамгаалагчгүй болсон Юрий Дуплянкагийн эдлэнд амьдрах болов. Тэнд авга ах Коля нь газрын шинэчлэлийг ухуулсан номон дээрээ ажиллаж байлаа. Орос-Японы дайн ид өрнөж байхад орос гаралтай франц эмэгтэй, Бельгийн инженерийн бэлэвсэн эхнэр Амалиа Карловна Уралаас Москвад нүүн иржээ. Комаровскийн шахалтаар тэр хүү Родионоо цэргийн сургуульд, охин Ларагаа охидын ахлах сургуульд оруулсан байна. Амалиа өөрийн танилуудынхаа тусламжтайгаар Москвагийн ажилчин ангийн хороололд хувцас урлалын цех худалдан авчээ. Амалиатай учир ургуулахын зэрэгцээ Комаровский эхийнх нь ар хударгаар охин Лараг нь эргүүлэх болсон байна. Нөхцөл байдал хэрхэхээс айж байсан ч Ларадтүүний энэ үйлдлийг эсэргүүцэх зүрх байсангүй. Тэд болгоомжтойгоор уулзалдах болжээ. Сэтгэлийн гүнд Комаровскийд дургүй байсан ч, Лара согтуу амрагаа тачаангуй байдлаараа урхидахдаа сурмаг болсон байлаа. Ларад хийсэн зүйлдээ гэмших болсон Комаровский түүнтэй гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Лара үүнд ихээр эгдүүцэж, саналаас нь татгалзав. Айдас, сэжиг нь лавширсаар Амалиа хор ууж, амиа егүүтгэхийг завджээ. Живаго, түүний найз анагаахын сургуулийн оюутан Миша Гордон нар эмчийн хамтаар гэрт нь очиж Амелиагийн амийг аварсан байна. Лара Комаровскийгаас салсандаа сэтгэл амар амьдрах болов. Тэрээр марксист үзэлтэй баян чинээлэг торго үйлдвэрлэгч Лавренти Кологривовын хүүхэд асрагчаар гурван жил ажиллажээ. Нэг өдөр Ларагийн ах Родион Гишар мөрийтэй тоглоомонд алдсан 700 рублэ Комаровскийгаас зээлж өгөхийг гуйжээ. Галзууртлаа уурласан Лара мөнгийг Кологривоваас зээлдэж олж өгөөд, ахтайгаа холбоогоо таслав. Комаровскийг амьдралыг нь бусниулсан гэж үздэг Лара шинэ жилийн үдэшлэг дээр жижиг гар буугаар түүн рүү буудан алахыг завджээ. Гэвч, тэр ахлах прокурорыг шархдуулж орхино. Комаровский нууцаар өөрийн улс төрийн холбоо сүлбээгээ ашиглан Лараг яллагдахаас хамгаална.

Прокурорын шархыг эмчилж байгаад Юрий өөрийн асрагч эх Анна Громекаг нас барсныг дуулав. Оршуулах ёслол дуусаад удаагүй байхад Юрий асрагч эгч Тоня Громекатай сүй тавьжгэрлэнэ. Энэ хооронд Лара төмөр замын ажилчин, большевик үзэлт Паша Антиповтай гэр бүл болсон байлаа. 1914 онд Оросын эзэнт гүрэн Герман болон Австри-Унгарын эзэнт гүрэнтэй дайн зарласан юм. Паша Лараг үнэн сэтгэлээсээ хайрладаг байсан боловч Ларагийн өөрийг нь гэх сэтгэлд эргэлздэг байжээ. Таагүй харилцаанаасаа зугатахын тулд, тэр сайн дураар Оросын эзэнт гүрний армид алба хаахаар оржээ. Гэвч удалгүй түүнийг сураггүй болсон гэж зарласан юм. Тэр Австри-Унгарын армид олзлогдсон байжээ. Антипов олзноос мултарж, шинэ Улаан армид орж цагаантнууд, энгийн иргэдийг ялгалгүй хороодог зартай коммандлагч болжээ. Энэ зуур, Лара нөхрөө хайн тулалдааны талбарт сувилагч хийж байв. 1915 онд Доктор Юрий Живаго, Тоня нар анхны охиноо дөнгөж өлгийдөн аваад байхад түүнийг цэрэгт татжээ. Тулааны үеэр шархадсан Юрийг найз Миша Гордоны хамтаар Ларагийн сувилагч хийж байсан эмнэлэг рүү илгээсэн байлаа. Живаго бүрэн эдгэснийхээ дараа эмнэлэгт эмчээр ажиллахаар үлджээ. Лара, Юрий хоёр нэг нэгэндээ сэтгэлтэй болжээ. Гэвч Юрий Москвад байгаа эхнэр, хүүхэддээ эргэн очихоор шийддэг. Аравдугаар сарын хувсгал, түүний дараа үргэлжилсэн Оросын иргэний дайны дараа Юрий гэр бүлийн хамт Уралын ууланд байх Варикиногийн эдлэн рүүгээ галт тэргээр зугатжээ. Аялалын үеэр, тэр Генерал Стрельниковтай таарчээ. Тэр түүнд Лараг Юратин тосгонд охин дээрээ эргэн ирснийг дуулгажээ. Түүнээс төд удалгүй Лара, Юрий нар уулзаж, хуучин харилцаагаа сэргээв. Юрий Ларатай уулзсан ээлжит уулзалтынхаа дараа харьж яваад “Ойн ахан дүүс” нэртэй Большевик партизаны бүлгийнхэнд баригджээ. Юрий нилээд хэсэг хугацааны дараа зугатаж чадсан ч, түүнийг эзгүй хойгуур гэр бүлийнхэн нь Франц руу дүрвэн гарсан байлаа. Ингээд тэр Комаровскийг дахин гарч ирэх хүртэл хэдэн сарын хугацаанд Лара, охин хоёртой нь хамт амьдарч байлаа. Комаровский өөрийн нөлөөг ашиглан, Сибирь дэх Зөвлөлтийн тоглоомын улс болох Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Хууль зүйн сайдаар томилогдсон байлаа. Тэр Юрий, Лара хоёрыг Зөвлөлтийн нутгаас дүрвэн гарахыг ятгав. Эхэндээ саналыг нь хүлээж авахгүй байсан ч Пашаг эрэн сурвалжилж байгаа тул Ларад аюул заналхийлж байгааг анхааруулсны дараа бодлоо өөрчилжээ. Юрий Лараг түрүүлээд Комаровскийтай хамт явахыг ятгаж, өөрөө араас нь удахгүй очино гэж итгүүлэв. Живаго Москвад ирсний дараа биеийн байдал нь мууджээ. Тэр өөр бүсгүйтэй хамт амьдарч эхэлсэн байна. Түүнээс хоёр хүүхэдтэй болсон юм. Живаго зохиол туурвихаар төлөвлөж байжээ. Ингээд гэр бүл, найз нөхдөө орхин зохиол дээрээ ажиллахаар ганцаар амьдрах болоод удаагүй байхдаа зүрхний шигдээсээр өөд болжээ. Лара Орост эргэн ирээд Юрий Живагогийн оршуулгад оролцжээ. Тэр Юрийгийн эцэг нэгтэй

ахтай уулзаж Юрийгээс нууж байсан, тэдний дундаас төрсөн охиноо хайхад нь туслахыг гуйна. Гэвч охиноо олж чадаагүй байхдаа Лара баривчлагдан, Гулагт нас баржээ. Дэлхийн II дайны үеэр, Живагогийн хуучин андНика Дудоров, Миша Гордон хоёр уулзалддаг бөгөөд яриан дундаасаа тэд Иргэний дайны үеэр өнчирсөн Таня нэртэй нутгийн нэгэн угаагч охиныг Юрий, Лара хоёртой тун адил болохыг хэлэлцээд, тэдний хаясан охин болохыг олж мэднэ. Таня тэдэнд өөрийн хүнд бэрх бага насны тухай, эх нь Комаровскийтай гэрлэхийн тулд түүнийг хаясан болохыг хэлнэ. Зохиолын төгсгөлд хоёр найз Юрий Живагогийн шүлгүүдийн анхны хэвлэл гарахад дахин уулзалдах ажээ.

#14 Fahrenheit 451 Фаренгейт 451 Зохиолч: Рэй Брэдбери (Ray Bradbury) Хэвлэгдсэн он: 1953 Төрөл: Уран зөгнөлт зохиол Зохиогчийн тухай Богино өгүүллэг, эссэ, жүжгийн зохиол, тайзны зохиол, яруу найраггээд олон төрлөөр зохиол бүтээл туурвисан Америкийн зохиолч Рэй Брэдбери 1920 оны 8 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Иллинойст төржээ. Тэрээр 1938 онд Лос Анжелест ахлах сургууль төгссөн. Хэдийгээр түүний албан боловсрол үүгээр дууссан ч тэр 1938-1942 оны хооронд Лос Анжелесын гудманд сонин зарж, шөнийг нийтийн ном санд, өдрийг бичээч хийж явсаар “амьдралын их сургууль”-ийг төгссөн юм. Түүнийг зохиолч хэмээн үнэлүүлсэн анхны бүтээл нь Дэлхийн хүмүүс Ангараг гаригийг эзлэн, колоничлох гэж оролдоод, төлөвлөөгүй олон адал явдалтай учирч буй тухай өгүүлэх 1950 онд хэвлэгдсэн “Ангарагийн товчоон” роман юм. Харин 1953 онд хэвлэгдсэн “Фаренгейт 451” роман Брэдберигийн хамгийн шилдэг бүтээлд тооцогддог. Зохиолч 2007 онд нэр хүндтэй Пулицерын шагналаар шагнуулж байжээ. Тэрээр 2012 оны 6 дугаар сарын 5- ны өдөр таалал төгссөн.

Хориг “Фаренгейт 451” романыг цензурдэж, хориглох гэсэн хачирхалтай оролдлогууд нилээд гарч байжээ. Тэдгээрийн заримаас сонирхуулахад: • 1987 онд, Флорида мужийн Панама хотын Бэй Каунти дунд сургуулийн зөвлөлөөс Леонард Холлын шинээр гаргасан “гурван- эгнээ” ангиллын системийн дагуу “гуравдугаар эгнээнд” хамаарах зохиол гэж үзжээ. Өөрөөр хэлбэл “их хэмжээний зүй бус үг хэллэг” агуулсан учир хичээлээс хасах ёстой болсон байна. Оршин суугчдын зарга, хэвлэл мэдээллийн дуулиан шуугиан, сурагчдын эсэргүүцлийн улмаас сургуулийн зөвлөлөөс тус хорио цээрийн системийг ашиглахыг зогсоож, хичээлд хэрэглэхийг зөвшөөрсөн ажээ. • 1992 онд Калифорний Венадо дунд сургуульд сурагчдад “Фаренгейт 451” романы бүх “бүдүүлэг” үгсийг хараар дарж, олгосон байсныг эцэг эхчүүд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлснээр номын цензурдээгүй хувиудыг дахин хэрэглэх болжээ. • 2006 онд Техасын Монтгомери каунтийн ахлах сургуулийн аравдугаар ангийн нэгэн сурагчийн эцэг эх тус романыг хориглох шаардлага тавьж байв. Охин нь “Фаренгейт 451” зохиолыг “Хориотой номын долоо хоног” арга хэмжээний үеэр авч уншсан боловч зүй бус үг хэллэгтэй, мөн Библийг шатааж буй дүрслэлээс болоод уншихаа больсон гэжээ. Түүнчлэн тэд хүчирхийлэл, христийн шашинтууд болон зохиолд гарч буй гал сөнөөгчдийн дүрслэлийг эсэргүүцсэн байна.

Номын тухай Гай Монтаг бол гал сөнөөгч. Гэхдээ тэр ном шатаадаг нэгэн. Монтагийн амьдардаг ирээдүйн нийгэмд гал сөнөөгчид галыг унтраахаасаа илүүтэй ноцоодог ажил хийх ажээ. Харин тэр ертөнцөд ном уншиж, байгаль дэлхийг харж таашаал авдаг, өөрсдийн хүссэнээр цагийг өнгөрүүлж, хараат бусаар сэтгэж, тэр бүү хэл хэрэгтэй яриа өрнүүлдэг хүн байдаггүй. Хүмүүс хурд хэтрүүлэн давхиж, хэдэн цагаар ч хамаагүй телевиз үзэн, радио сонсож цагийг нөгцөөнө. Монтаг ханцуйн дээрээ саламендар гүрвэлийн эмблемтэй дүрэмт хувцас, 451 дугаартай дуулга өмсдөг ажээ. 451 бол цаас шатах температур юм. Нэгэн өдөр Монтаг ажлаасаа харих замдаа, юунд ч юм сэтгэл нь догдолсон аж. Тэр шинэ хөрштэйгөө таарчээ. 17 настай, сониуч, этгээд зантай Кларисса түүнийг гал сөнөөгч болохыг дүрэмт хувцсаар нь түвэггүй таниад, бүр ч ихээр сонирхов. Кларисса түүнээс ажлынх нь талаар асуухын зэрэгцээ өөрийгөө “ер бусын” гэр бүлээс гаралтай болохоо ч хэлэв. Тэдний гэрийнхэн ном унших дуртай ажээ. Энэ бол хуульд харш зүйл байв. Клариссагийн этгээд байдал түүнийг эвгүйцүүлсэн ч Монтаг түүнд татагдаж байлаа. Түүний бүдүүлэг асуултууд, хачин жигтэй амьдралын хэв маяг, ул суурьтай ажиглалт, “өөрөөрөө байх гайхалтай эрч хүч” аажимдаа түүнд нөлөөлж эхлэв. Тэр түүнд амьдрал нь ямар хоосон болохыг мэдрүүлж, байгаль дэлхий, хүмүүсийг хайрлах сэтгэлийг таниулж байсан юм. Түүнтэй уулзаад удаагүй байхад Монтагт ар араасаа хөвөрсөн асуудлууд гарч иржээ. Эхлээд эхнэр Милдред нь их хэмжээний нойрны эм ууж, амиа хорлохыг завджээ. Дараагаар нь уран зохиолын ном нууцаар хадгалж байсан настай эмэгтэйг илрүүлэхэд, эмэгтэй өөрийг нь номтой нь хамт амьдаар нь шатаахыг хүсч цочирдуулав. Түүнээс хэдэн өдрийн дараа, тэр Клариссаг хурд хэтрүүлсэн авто машинд дайруулж үхснийг сонсов. Монтаг амьдралдаа сэтгэл хангалуун бус байх болж, тавгүй байдал нь улам даамжирч байлаа. Ингээд тэр өөрийн галдан шатаалгүй авч үлдсэн, агааржуулах хоолойд нуусан номуудаасаа гарах гарцыг хайж эхлэв. Тэр ажилдаа явахаа больсон тул ахлах гал сөнөөгч Битти гэрт нь эргэж иржээ. Битти түүнтэй нилээд зүйлийг ярилцжээ. Бүх айл галын дохиололтой болж, галаас найдвартай хамгаалагдсанаар гал сөнөөгчийн ажлын галаас сэргийлэх анхны зорилгыг өөрчилж, шинэ үүрэгтэй болсон нь номуудыг галдан шатаах хэмээн Битти ажлынхаа түүхийг тайлбарлав. Монтаг түүнээс яагаад Кларисса шиг хүмүүс байдгийг асуухад, Битти Клариссагийн гэр бүлийнхнийг гал сөнөөгчид хараандаа аваад байсан бөгөөд тэднийг их олон жил ажиглаж байгаагаа ч хэлжээ. Битти Кларисса үхсэн нь сайн хэрэг хэмээн бодсоноо нуусангүй. Битти түүнийг гал сөнөөгчид дэлхийн амар амгалан байдалд ямар чухал үүрэгтэй болохыг ойлгохгүй байна гэж зэмлэв. Битти ямар учраас номыг галдан шатаадаг болсон тухай өгүүлэв. Түүний хэлснээр, тусгай сонирхлын бүлгүүд болон бусад “цөөнхийн” бүлгүүд өөрсдийг нь

доромжилсон номуудыг эсэргүүцэж эхэлснээр энэ бүх хэрэг явдал эхэлсэн ажээ. Зохиолчид хэн нэгэн рүү дайрсан, доромжилсон гэсэн шүүмжлэлд өртөхөөс зайлсхийх болсноор удалгүй бүх номууд нэг ижил болжээ. Гэсэн ч хэрэг үүгээр дууссангүй. Олон нийт зөрчилтэй санааг зөвшөөрөхийн оронд номыг зүгээр л шатаах шийдвэр гаргасан ажээ. Битти яриагаа цааш гал сөнөөгчид ном сонирхох нь байдаг л зүйл хэмээн үргэлжлүүлэв. Тэр өөрөө хэсэг ном уншиж үзсэн ч номыг ямар ч үр ашиггүй болохыг олж мэдсэн гэжээ. Монтаг түүнээс хэрэв гал сөнөөгч санамсаргүйгээр гэртээ ном авчирсан бол яах вэ хэмээн асуув. Битти хэрэв тийм явдал тохиолдсон бол номыг өөр гал сөнөөгч ирж шатаах хүртэл 24 эсхүл 48 цаг гэртээ хадгалахыг зөвшөөрнө гэжээ. Удалгүй Битти түүнээс ажилдаа ирэх эсэхийг нь асуугаад явахаар суудлаасаа өндийв. Монтаг аль хэдийн хэзээ ч эргэж очихгүй хэмээн шийдсэн байлаа. Биттиг явсны дараа Монтаг эхнэртээ агааржуулах хоолойд нуусан хорь орчим номоо үзүүлжээ. Цочролд орсон Милдред тэднийг шатаах гэхэд Монтаг арайхийн болиулав. Монтаг тэднийг ганц удаа ч болов уншихыг хүсчээ. Эхнэрээсээтусламж хүсэхэд тэр телевиз үзэхийг илүүд үзэв. Түүнийг ийм хориотой зүйл хийж байгаад нь тэр гайхаж байлаа. Монтаг номонд хорхойсон нойроо хугаслах болжээ. Монтаг тэтгэвэртээ гарсан англи хэлний багш Фэйберийг санаад, уншиж байгаа зүйлсээ ойлгоход нь тусална гэж бодов. Тэгээд Фэйберийн гэрт зочилжээ. Хөгшин түүнд туслахыг зөвшөөрчээ. Тэд нийгэмд тогтсон зүйлсийг өөрчлөхөөр маш осолтой төлөвлөгөө боловсруулав. Фэйбер хэвлэгч нартай уулзаж, ном хэвлэхээр болно. Харин Монтаг тэдгээр номыг гал сөнөөгчдийн гэрээр тарааж, мэргэжилдээ дургүй болгох, улмаар хорио цээрийн механизмыг устгах ёстой байлаа. Тэд нууц холбоогоорхоорондоо нууцаар холбогдож байв. Нэгэн орой Монтагийг гэртээ ирээд удаагүй байхад эхнэрийнх нь хоёр найз телевиз үзэхээр ирцгээжээ. Хүүхнүүд гэр бүлийнхнийхээ талаар ярьж, удахгүй зарлагдах гэж буй дайны тухай шивэр авир хийцгээнэ. Тэдний дэмий яриа Монтагийг бухимдуулжээ. Монтаг яруу найргийн зохиол шүүрэн авч, тэдэнд уншиж өгөв. Фэйбер түүнийг дуугүй бол хэмээн холбоогоороо дамжуулан анхааруулсан боловч Монтаг зогссонгүй. Хүүхнүүд түүнийг ном уншсанд машид эгдүүцэв. Тэд Монтагийн эсрэг гомдол гаргажээ. Монтаг гал унтраах анги дээр ирээд Биттид нэг ном өгчээ. Битти номноос иш татан уран зохиол бол хортой, аймшигтай, нарийн түвэгтэй болохыг ухуулж эхлэв. Гэтэл гэнэт түгшүүрийн дохио хангинах нь тэр. Дохио Монтагийн гэрээс ирсэн нь тэр байлаа. Эхнэр нь өөрөөс нь урвасан болохыг Монтаг түвэггүй ойлгожээ. Битти Монтагийг гэрээ өөрөө галдахыг шаардав. Тэр хэлснээр нь хийжээ. Дараа нь Битти

түүнийг баривчлав. Битти түүн рүү үгээр давшилж эхлэхэд, Монтаг гал ноцоох хэрэгслээ аван Биттиг шатаасан байна. Түүнээс зөвхөн үнс л үлджээ. Монтаг бусад гал сөнөөгчдийг цохиж ухаан алдуулаад зугатаав. Монтаг Фэйберийнд хүрч ирнэ. Фэйбер түүнд гол гатлан мөрөө буруулаад хөдөө байгаа номын хорхойтнуудтай нэгдэхийг зөвлөжээ. “Номын хүмүүс” гэж нэрлэсэн тэдгээр сэхээтнүүд уран зохиол, гүн ухааны аугаа бүтээлүүдийг сэргээх зорилготой нэгдсэн бүлэг ажээ. Тэд саяхан зарлагдсан дайн дуусахад зорьсон үйл хэргээ бүтээнэ хэмээн итгэцгээж байгаа ажээ. Тэнгэрт дайсны хөлгүүд үзэгдэж эхлэв. Хотыг бөмбөгдөж, хот бүхэлдээ сүйднэ. Монтаг шинэ нөхдийнхөө хамтаар амьд үлдэгсдийг хайж, хамтдаа соёл иргэншлийг сэргээхийг зорино.

#15 Frankenstein Франкенштейн Зохиолч: Мэри Шелли (Mary Shelley) Хэвлэгдсэн он: 1818 Төрөл: Аймшгийн, шинжлэх ухааны зөгнөлт зохиол Зохиогчийн тухай “Франкенштейн буюу орчин үеийн Прометей” зохиолоороо алдаршсан Английн зохиолч Мэри Шелли 1797 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Лондонд төрж, 1851 оны 2 дугаар сарын 1-ний өдөр таалал төгссөн. Мэри Шеллигийн амьдрал төрсөн цагаасаа эхлээд олны анхааралд байсан. Тэрээр эцэг анархист, улс төр судлаач Виллиам Годвин, эх эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Мэри Воллстонекрафт нарын цорын ганц охин нь байжээ. Түүнийг төрөөд 11 хоногтой байхад эх нь төрөлтийн хүндрэлээс болж нас барсан юм. Эцгийнхээ нөлөөгөөр Мэри уран бүтээлийн гараагаа тун эрт эхэлсэн бөгөөд алдарт “Франкенштейн” зохиолоо 19 настайдаа бичиж дуусгасан байдаг. Тэрээр энэ тухай “Утга зохиолын хоёр алдартай хүний үр удам гэдэг утгаараа надад зохиол бичих санаа маш эртнээс төрсөн юм” гэжээ. Тэрээр “Франкенштейн” зохиолынхоо санааг ирээдүйн нөхөр яруу найрагч, философич Перси Шелли (Percy Shelly)-ийн хамт Швейцарьт амарч явахдаа олсон гэдэг.

Хориг Тус бүтээлийг анх хэвлэгдэн гарахад уншигч, шүүмжлэгчид төдийлөн таатай хүлээж аваагүй юм. Хэд хэдэн хэвлэлийн газар хэвлэхээс татгалзаж байжээ. Мэри бүтээлээ 1818 онд нэргүйгээр хэвлэсний дараагаар сайн, муу шүүмжийн аль алиныг нь сонссон юм. Гэсэн хэдий ч тун удалгүй маш амжилтад хүрч, 1823 онд Ричард Бринсли Пикийн найруулгаар жүжиг тоглогдсоны дараа улам ч алдаршжээ. “Франкенштейн”-ийг 1821 онд франц хэлнээ орчуулан гаргажээ. Готик уран зохиолын гол төлөөлөл болсон энэхүү зохиолыг 1955 онд Өмнөд Африкт Апартейд дэглэмийн үед “агуулга муутай, ёс журамгүй бүдүүлэг” гэсэн шалтгаанаар хориглож байжээ. Үүнээс өмнө, 1910 онд Universal Pictures–ийн бүтээл “Франкенштейн” кино нилээд шүүмжлэлд өртөж, зарим хэсгийг нь хасч байжээ.

Номын тухай Мэри Шелли 19 настайдаа “Франкенштейн”-ийг бичиж, 1818 онд 21 настайдаа Лондонд нэргүйгээр хэвлүүлсэн бөгөөд 1823 онд Францад хэвлэсэн хоёр дахь хэвлэл дээр нэр нь бичигдсэн байдаг. Мэри Женев рүү аяллаар явж, найзууд нэн ялангуяа ирээдүйн нөхөр Перси Шеллитэй цахилгаан эмчилгээ болон бусад нууцлаг зүйлсийн талаар ярилцах явцад энэ тухай зохиол бичих бодол төрсөн гэдэг. Гэвч зохиолын гол санаа Мэригийн амьд хүн бүтээж, сүүлдээ хийсэн бүтээлээсээ айж байгаа эрдэмтний тухай зүүднээс улбаатай бөгөөд улмаар “Франкенштейн”-ийг бичсэн түүхтэй. Мэри тухайн цаг үеийнхээ хамгийн нөлөө бүхий зарим хүмүүстэй танил байжээ. Эцгийнх нь найзууд гол төлөв хүний биеийн анатомийг судалдаг шинжлэх ухааны сод ухаантнууд гэрт нь цугларч сонирхолтой яриа өрнүүлдэг байсан нь Мэрид зохиол бүтээлээ туурвихад нилээн суурь болж өгсөн ажээ. Тэрээр нас барсан хүний биеийг цахилгаан ашиглан амь оруулах тухай шинээр гаргаж ирсэн онолын тухай сонсч дуулсан байснаас гадна Бурханы бүтээлийг өөрчлөх нь шашин шүтлэгтэй хүмүүс болон олон нийтийн ерөнхий төсөөлөлд хэрхэн яаж хүрэх вэ гэдгийг ойлгож байлаа. “Франкенштейн” зохиолыг ахмад Роберт Валтон өөрийн эгч Маргарет Валтонд Хойд туйлын аяллынхаа талаар хүүрнэсэн захидлын хэлбэрээр бичсэн ажээ. Аяллын багийнхан нохойчарга хөлөглөсөн аварга биет явж өнгөрснөөс хэдхэн цагийн дараа ядарч туйлдан, бараг хөлдсөн нэгэн эрийг олсон нь Виктор Франкенштейн байлаа. Франкенштейн Валтоны багийнхны олж харсан аварга хүний араас явж байжээ. Валтон түүнийг усан онгоцон дээр гаргаж, биеийг нь тэнхэртэл асарч сувилсан бөгөөд Франкенштейний бүтээсэн мангасын тухай гайхалтай түүхийг сонсов. Виктор түүхээ бага насныааа тухай яриагаар эхэлнэ. Тэр Женевт нэгэн чинээлэг гэр бүлд төрж, хайртай гэр бүл болон найз нөхдийн хүрээлэлд аюулгүй сайхан орчинд өсч торнисон ажээ. Түүнийг дөрвөн настайд эцэг эх нь Элизабет Лавензаг өргөж авчээ (1818 оны хэвлэлд үеэл дүү байсныг 1823 оны хэвлэлд өргөмөл дүү болгосон). Виктор түүнд хайртай болжээ. Тэрээр мөн Эрнест, Уллиам гэсэн хоёр эрэгтэй дүүтэй байсан. Залуу Виктор байгалийн ухааныг шимтэн судалдаг байсан бөгөөд Германд Инголштад их сургуульд хими болон бусад шинжлэх ухаанд суралцсан байна. Тэнд амьдралын нууцыг нээх хүсэлд автан, олон жилийн судалгаа шинжилгээний дүнд түүнийгээ олсон байна. Эрдэм мэдлэгээр зэвсэглэсэн Виктор үхсэн хүний биеийн хэсгүүдээр хүн бүтээх ажилдаа орж, үүнд хэдэн сарыг зарцуулжээ. Нэгэн шөнө гэрийнхээ нууц өрөөнд бүтээсэн цогцосоо амьдруулахаар авчирч гэнэ. Тэр өөрийн бүтээлээ харахадхарц нь маш аймшигтай санагдаж гэнэ. Түүнийг арайхийн зүүрмэглэж байтал мангасын татганасан дүрс дээгүүр нь үзэгджээ. Тэр цочин сэрж гудамжинд гүйн гараад Хенри найзынх руугаа гүйжээ. Найзыгаа гэртээ дагуулаад эргэн иртэл мангас алга болсон байлаа. Виктор даруй хүндээр өвджээ.

Өөрийн хийсэн аймшигтэй зүйлээс болж өвдсөн Виктор Женев рүү гэрийнхэн рүүгээ буцаж, биеэ тэнхрүүлэхээр бэлтгэж байв. Инголштадаас дөнгөж явахын өмнөхөн тэр дүү Уллиам нь алуулсан тухай захидлыг эцгээсээ хүлээн авав. Уй гашуудаа автсан, Виктор гэртээ яаран буцав. Дүүг нь боож алсан ой дундуур явж байгаад мангасыг олж харсан бөгөөд түүнийг дүүг нь алсан гэдэгт итгэлтэй болов. Харин түүнийг Женевт ирэхэд Франкенштейний гэрийнхний өргөж авсан сайхан сэтгэлт Жастин Мориц охиныг дүүгийнх нь үхэлд сэжиглэн, буруутгаж, улмаар цаазаар авсан байлаа. Өөрийнх нь бүтээсэн мангас түүний хайртай, гэмгүй хоёр хүнийг үхэлд хүргэсэнд өөрийгөө буруутгаж, гуниг зовлон нь улам нэмэгджээ. Уйтгар гунигаа нимгэлнэ гэж найдсан Виктор амралтаа аван уул руу явжээ. Нэгэн өдөр ганцаар том мөсөн гол гатлахаар явж байтал мангас түүнд ойртон иржээ. Мангас Уллиамыг хөнөөснөө хүлээж, түүнийг ойлгохыг гуйв. Ганцаардмал, нуугдмал, хаягдсан нэгэн болохоо ухаарсан учир өөрийн харгис бүтээгчийг гэмтээхийн тулд тэр Уллиам руу дайрсан гэжээ. Мангас Виктороос өөрийнх нь цорын ганц найз болох өөртэй нь адил нэгнийг бүтээж өгөхийг гуйдаг. Эхэндээ Виктор хоёр дахь мангасыг бүтээхээсээ айж, татгалзсан байна. Гэвч эцэстээ Мангас түүнийг ятгасаар байгаад зөвшөөрүүлж гэнэ. Женевт эргэн ирээд, Виктор Хенригийн хамт Английг зорьж, эмэгтэй мангас бүтээхэд шаардлагатай бүхнийг олж авав. Хенриг Шотландад үлдээгээд, нэгэн хүнгүй арал дээр очиж, анхны амжилтаа дахин давтахаар ажиллаж эхлэв. Өөрийн хийж буй зүйлийн зөв бурууд эргэлзэн бодолд автан байсан нэгэн шөнө Виктор цонхоор хальт харахдаа аймшигтай инээмсэглэл тодруулан мангас түүнийг ширтэн байгаатай харц тулгарав. Өөрийн ажлын учруулж болох аймшигтай үр дагаврыг бодоод Виктор бүтээсэн зүйлээ устгаж орхив. Уурлаж хорссон мангас үүний өшөөг Викторын хуримын шөнө авна хэмээн хорсолтойгоор түүнийг занажээ. Маргааш шөнө нь Виктор нууранд завиа гарган тавьж, бүтээхээр зэхсэн байсан хоёр дахь биетийг усанд хаяв. Тэр арлаас явлаа. Өглөө сэртэл нэр нь үл мэдэгдэх нэгэн тосгоны эрэгт ирсэн байв. Түүнийг эрэгт гарангуут нь өнгөрсөн шөнө гарсан гэмт хэрэгт сэжиглэн, баривчилжээ. Виктор ямар ч аллагын талаар мэдэхгүй гэдгээ хэлэв. Түүнд цогцсыг үзүүлэхэд, тэр хайрт найз Хенри Клервал нь байхыг таниад цочирдолд оров. Түүний хүзүүн дээр мангасын хурууны мөр байжээ. Виктор шоронд хүндээр өвджээ. Түүнийг илааршсаны дараа хэргийг нь цагаатгаж суллав. Женевт эцэг дээрээ ирээд, тун удалгүй Элизабеттай гэрлэв. Тэр мангасын хуримынх нь шөнө ална гэсэн заналхийллээс эмээж байлаа. Анхаарал болгоомжтой байхын тулд тэр Элизабетыг холхон өөрийг нь хүлээж бай хэмээн явуулаад, өөрөө мангасыг хүлээн суув. Гэнэт тэр Элизабетын хашхирах дууг сонсчээ. Мангас өөрийнх нь араас бус, түүний сүйт бүсгүйг хөнөөхөөр ирсэн байжээ. Эцэг нь ч мөн удалгүй уй гашуудаа автан нас нөгцөв. Виктор үлдсэн амьдралаа мангасыг олж, өшөөгөө авахад зориулах ам тангараг өгөөд, түүний эрэлд гарсан байжээ.

Виктор мангасыг мөшгисөөр Хойд туйлд ирсэн байсан бөгөөд түүнийг яг барихын даваан дээр мөс хагарч барьж чадаагүй байж. Энэ үед Валтон түүнийг олсон байжээ. Хүндээр өвдөөд удсан Викторын бие улам дордсоор нас баржээ. Валтон хэдэн өдрийн дараа Викторын цогцсыг орхисон өрөөнд эргэн ирээд мангас Викторын хойноос гашуудан уйлж байгаатай таарчээ. Мангас Валтонд өөрийн ганцаардал, зовлон шаналал, үзэн ядалт, харууслын талаар ярьж, одоо түүний бүтээгч нас нөгчсөн тул тэр ч бас өөрийн зовлон шаналалыг эцэс болгож чадна гэжээ. Ингээд мангас өвдөөд удсан өөрийгөө хороохоор амлаж, гүн мөс рүү харанхуйд уусан алга болов.

#16 The Grapes of Wrath Уур хилэнгийн үр жимс Зохиолч: Жон Стейнбек (John Steinbeck) Хэвлэгдсэн он: 1939 Төрөл: Роман Зохиогчийн тухай АНУ-ын зохиолч Жон Стейнбек 1902 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Калифорни мужийн Салинаст төрж, 1968 оны 12 дугаар сарын 20-нд нас барсан. Тэрээр зохиолч болохоос өмнө коллежоос хасагдаж, хар ажил хийдэг байжээ. Түүний хамгийн алдартай “Уур хилэнгийн үр жимс” роман Пулицерын шагнал болон Үндэсний номын шагналыг тус тус хүртсэн юм. Нийт 27 ном бичсэн бөгөөд гол төлөв эдийн засаг, нийгмийн асуудлуудыг хөндсөн зохиол бүтээл туурвисан байдаг. Их хямралын үеэр шинэ ажил, шинэ боломж хайн нэг газраас нөгөөрүү хэрэн хэсэх хоёр барлаг ажилчны тухай өгүүлдэг “Оготно болон хүмүүсийн тухай” (Of Mice and Men) роман түүний алдартай зохиолуудын нэг бөгөөд өнөө хэр нь АНУ-ын дунд сургуулиудад хамгийн ихээр уншигддаг энэ зохиол байнга “цензурчид”-ын бай болдог. Стейнбек 1962 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагнал, 1964 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одон хүртсэн.

Хориг “Уур хилэнгийн үр жимс” роман хэвлэгдсэн даруйдаа л үндэсний хэмжээний асуудал болж, эрх баригчид номыг хориглож, харин иргэд шатааж байв. Мөн энэ талаар үндэсний радиогоор хүртэл авч хэлэлцэж байсан юм. Хэдийгээр түүний роман зохиомол авч, бодит явдалд тулгуурлан бичсэн юм. Ном хэвлэгдэхээс гурван жилийн өмнө зохиолын үйл явдал өрнөдөг газарт ган гачиг болсноос хүмүүс олон зуугаараа Калифорни руу нүүцгээжээ. Мөнгөгүй, гэр оронгүй тэдгээр нүүдэлчдийн дийлэнх нь Керн Каунтид очиж суурьшсан. Харин ном хэвлэгдэх үед, Керн каунтигийн зарим эрх баригчид тэднийг шударга бус байдлаар дүрсэлсэн, тэдний шилжин сууршигчдад тусалсан хүчин чармайлтыг дурдаагүй, “гүжирдсэн, худал” зүйл хэмээн мэдэгдэж байв. Ийнхүү 1939 оны 8 дугаар сард, тэд “Уур хилэнгийн үр жимс” романыг сургууль болон номын сангуудад уншихыг хориглосон шийдвэр гаргасан юм. Номыг Бэйкерсфийлдэд шатаасан байна. Хамгийн хүчтэй эсэргүүцэл Калифорнийн фермерүүдийн нэгдсэн холбооны зүгээс гарсан бөгөөд тэд Стейнбекийн бүтээлийг “худал хуурмаг”, “коммунист уриа лоозон” хэмээн дургүйцлээ илэрхийлж байжээ. Ийнхүү АНУ-ын хэд хэдэн хотод тус зохиолыг “түр хугацаагаар” хориглож байжээ.

Номын тухай “Уур хилэнгийн үр жимс” роман 1939 оны 4 дүгээр сард хэвлэгдэн гарснаас нэг жилийн дотор 429000 хувь зарагдаж, АНУ-ын хамгийн шилдэг борлуулалттай ном болсон. Гарсан жилдээ Америкийн номын худалдааны нийгэмлэгээс тухайн жилийн шилдэг номоор шалгарч, “Үндэсний номын шагнал”-ыг хүртсэн. Түүнээс тун удалгүй Пулицерын шагнал авсан. 1962 онд Нобелийн шагнал олгох хороо “Уур хилэнгийн үр жимс” романыг “аугаа бүтээл” хэмээн онцолж байсан бөгөөд энэ роман Стейнбект уран зохиолын төрөлд “Нобелийн шагнал” хүртээх үндсэн шалтгаануудын нэг байсан нь дамжиггүй. Time сэтгүүлээс тус романыг “1923 оноос 2005 он хүртэлх англи хэл дээрх 100 шилдэг роман”-ы нэгээр шалгаруулж байв. 2009 онд The Daily Telegraph энэ бүтээлийг “Хүн бүрийн заавал унших ёстой 100 роман”-ы нэгээр нэрлэж байв. 1998 онд Modern Library хэвлэлийн газраас тодруулсан “ХХ зууны англи хэл дээрх 100 шилдэг роман” жагсаалтад “Уур хилэнгийн үр жимс” роман 10 дугаарт бичигджээ. Хориглож, шатаалгаж байсны зэрэгцээ, олон шагнал хүртсэн бүх цаг үеийн шилдэг романы нэг “Уур хилэнгийн үр жимс” роман зохиолын гол дүр болох хүн алсан хэрэгт буруутгагдаж, 4 жил шоронд ял эдэлсэний дараа хугацаанаасаа өмнө суллагдаад Оклахома дахь гэр рүүгээ харьж яваа Том Жөүдийн аяллаар эхэлдэг. Замдаа тэр гэрийнхээ ойрхон Саллисаув хэмээх газарт багаасаа мэдэх номлогч Жим Кэйситэй уулзаж, хамтдаа цааш явцгаана. Тэднийг Томын ферм дээр иртэл, тариан талбай бүгд цөлжсөн байхыг харав. Сандарч, будилсан Том, Кэйси хоёр хуучин хөрш Мюли Грэйвстэй уулзаж, тэдний гэрийнхэн зэргэлдээх авга ах Жон Жөүдийнхрүү нүүсэн болохыг мэдэв. Грэйвс мөн тэдэнд банкууд бүх фермерүүдийг газраас нь албадан нүүлгэсэн бөгөөд ихэнх айлууд ажил хайхаар Калифорнийг зорьсон гэв. Дараагийн өглөө нь тэд авга Жоных руу явлаа. Том гэрийнхнийгээ бүх хогшлоо машин дээр ачиж, явахаар зэхэж байгааг харлаа. Ган гачгийн улмаас бүх үр тариа сүйдэж, зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Фермээ эргүүлэн авна гэсэн найдвар өвөрлөсөн Жөүдийнхэн хүн бүрт тараан өгсөн үр жимсээр баян Калифорни, өндөр цалинг сурталчилсан сурталчилгааны хуудаст автан, байгаа бүхнээ аялалд зориулсан байлаа. Хэдийгээр Оклахомаг орхин явахад хүнд байсан ч, Том азаа үзэхээр шийдэв. Кэйсиг ч мөн тэдэнтэй хамт явахыг хүсэв. Яйжигнасан хуучин тэргээр Калифорни орох аялал урт бөгөөд хүнд бэрх байлаа. Газраа орхин явахыг хүсээгүйдээ байнга л гомдоллож явсан ааш муутай өвгөн Жөүд замд гараад удаагүй байхад өнгөрчээ. Эрээвэр хураавар эд зүйлсээ ачсан эвдэрч зогссон машин тэрэг 66 дугаар хурдны зам дээр үе үе таарах нь улс орон даяараа л Калифорнийг зорио юу гэлтэй. Жөүдийнхэн замдаа мөн л

машин нь эвдэрч зогссон Айви, Сэйри Вилсон нарынгэр бүлтэй таарч, тэднийг авч явахаар болно. Сэйри Вилсон хүндээр өвдөж, Калифорний хилд дөхөх үед цааш аялалаа үргэлжлүүлэх тэнхэлгүй болжээ. Калифорни руу дөхөж ирээд, тэд ажлын байрны орон тоо дууссан тухай аймшигт мэдээг сонсчээ. Нэгэн цагаач тэдэнд 800 ажлын орон тоо бүрт 20000 хүн өрсөлдөж байгаа, ажил олдохгүй байгаагаас хүүхдүүд нь өлбөрч үхсэн гэв. Гэсэн хэдий ч тэд цааш явж Калифорни хүрэв. Эхний өдөр эмэг эх Жөүд нас баржээ. Гэр бүлийн үлдсэн гишүүд үгүйрч хоосорсон нэг баазаас нөгөөрүү ажил олно гэсэн горьдлого тээн хэсүүчилж, хоол хүнс арай ядан залгуулж, гэр бүлээ хамтад нь байлгах гэж үнэхээр зовж зүдэрч байлаа. Жөүдийн хамгийн том хүү Ноа гэр бүлийнхнийгээ орхин явлаа. Тун удалгүй түүний араас Томын жирэмсэн эгч Шэронтэй суусан залуу мөрөөдөгч Конни ч бас алга болов. Жөүдийнхэн Калифорнид таагүй харьцаатай алхам тутамд нүүр тулж байлаа. Баазууд нэг нэгэндээ дайсагнасан, өлсгөлөнд нэрвэгдсэн цагаачдаар дүүрсэн байлаа. Нутгийн оршин суугчид шинээр ирж буй хүмүүсээс айж, тэдэнд илт дургүй байв. Ажил олох бараг боломжгүй, олдлоо ч өгөх өчүүхэн цалингаар нь аятайхан хоол ч авч хүрэхээргүй ажээ. Бослого дэгдэхээс айсан, томоохон газрын эзэд нүүдэллэн ирэгсдийг ядуу, тэднээс хамааралтай байлгахын тулд бүхнийг хийж байв. Нурж унах дөхсөн “Хүүвэрвиль” хэмээх баазад түр байрлахдаа, Том хэдэн залуусын хамтаар ажилчид эвсэл байгуулах асуудлаар шерифийн орлогчтой халуухан маргаан дэгдээжээ. Маргаан ширүүсэхэд, Жим Кэйси шерифийг ухаан алдтал нь цохиж, улмаар баривчлагдсан байна. Цагдаагийн ажилтнууд ирж, тэд Хүүвэрвилийг газартай тэгшлэн шатаах бодолтой байгаагаа хэлжээ. Засгийн газрын харъяа баазууд Жөүдийнхэнд илүү найрсаг байгаа нь анзаарагдав. Тэд ч удалгүй найз нөхөдтэй болж, аар саар хийх ажлууд ч олдож байв. Гэтэл нэгэн өдөр шугам тавих ажил дээр ажиллаж байгаад Том цагдаа нар баазад бослого дэгдээх төлөвлөгөөтэй байгааг олж мэдэв. Ингэснээр түүний ажиллаж байсан үйлдвэр хаагдаж мэдэх байв. Баазын бусад залууст энэ тухай анхааруулж, тэднийг нэгтгэн Том аюул ослыг намжаахад гар бие оролцов. Засгийн газрын баазад амьдрахад таатай байсан хэдий ч Жөүдийнхэн байнгын тогтвортой ажилгүйгээр амьдрахад хэцүү байлаа. Ингээд тэд нүүхээр болов. Тэдэнд жимс түүх ажил олдов. Гэвч төд удалгүй тэд ажилчдын бослогыг дарахад хөлслөгдсөн учир л ийнхүү боломжийн цалинтай ажилтай болсныг ойлгоно. Том Жим Кэйсиг шоронгоос суллагдмагц нь олж уулзахаар явлаа. Жим ажилчдыг турхирахад гар бие оролцсон учир газрын эздийн дунд нилээд дайсантай болсон байжээ. Цагдаа нар түүнийг дарж авахын тулд Томын нүдэнд дээр Кэйсиг алав. Том хариуг нь авч, нэгэн цагдааг хөнөөнө. Том нуугдахаас өөр аргагүй болов. Энэ хооронд гэрийнхэн нь хөвөнгийн тариалан дээрх нэгэн бүхээгт амьдрахаар нүүлээ. Нэгэн өдөр Жөүдийн хамгийн бага охин Рути баазын нэгэн охинд ахыгаа хоёр хүн алсан, одоо ойрхон нуугдаж байгаа хэмээн ам нээжээ. Аюулгүй байдалдаа санаа зовнисонэх Жөүд Томыг олж, хол явуулав. Том цагаач ажилчдыг зохион байгуулалтад оруулах Жимийн зорьж байсан хэргийг гүйцэлдүүлэхээр шийднэ. Хөвөнгийн улирал дуусахаар ажил ч мөн дуусах байв. Гурван

сарын турш ямар ч ажил байхгүй гэсэн яриа газар авлаа. Нэгэн ширүүн борооноор үер бууж, Жөүдийн гэр усанд автжээ. Шэрон төрсөн ч хүүхэд нь амьгүй төрөв. Эх Жөүд гэрийнхнийгээ үерээс аврахаар холгүйхэн байх пинд авчирвал тэнд нэгэн хүү өвдөг дээрээ сөхрөн, өлсгөлөнгөөс болж үхэж байгаа эцгийнхээ дээрээс тонгойн байхтай таарав. Тэр олдсон жаахан хүнсийг хүүдээ өгсөөр хэдэн өдөр хэлэн дээрээ юм тавиагүй ажээ. Шэрон үхэж байгаа эрийг аврахаар түүнийг хөхөөрөө хооллоно.

#17 The Great Gatsby Аугаа Гэтсби Зохиолч: Фрэнсис Скотт Фицжеральд (F.Scott Fitzgerald) Хэвлэгдсэн он: 1925 Төрөл: Роман Зохиогчийн тухай Зохиолч Ф.С.Фицжеральд 1896 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Миннесотад төрсөн бөгөөд 1940 оны 12 дугаар сарын 21-нд буюу 44 насандаа зүрхний шигдээсээр нас барсан. Тэрээр өөрийн тодорхойлон гаргасан “Жаазын үе”-ийн гол төлөөлөл болсон зохиолч бөгөөд ХХ зууны Америкийн хамгийн аугаа зохиолчдын нэгд тооцогддог. Жаазын үе буюу 1920-оод он бол түүний амьдралын “алтан” гэж нэрлэж болохоор үе байв. Фицжеральд 1920 онд өөрийн хуучин сүйт бүсгүй Зельдатай гэрлэж, 1922 онд тэд Фрэнсис Скотт хэмээх охинтой болжээ. Харин 1925 онд тэр өөрийн хамгийн алдартай бүтээл “Аугаа Гэтсби” романаа хэвлүүлсэн юм. Түүний амьдралын сүүлийн жилүүд тун эмгэнэлтэй өнгөрчээ. Тэрээр архинд орж, харин эхнэр Зельда нь сэтгэцийн өвчтэй болсон байна. Түүнийг нас барсны дараа л бүтээлүүдийнх нь үнэ цэнэ нэмэгдсэн гэдэг.

Хориг Америкийн уран зохиолын тулгын чулуу гэж хэлж болох энэхүү роман “Америкийнномын сангийн холбоо”-ны “хориглосон сонгодог зохиол”-уудын жагсаалтыг тэргүүлсэн гэхэд итгэх хүн ховор биз ээ. Тус зохиолын үйл явдал АНУ-д согтууруулах ундаа худалдаалахыг хориглосноор хууль бус наймаачид баяжиж, нийгмийн элитүүд маш тансаг амьдарч байсан шуугиант хориод оны үед буюу 1922 онд өрнөдөг. Зугаа цэнгээнт үдэшлэг, согтууруулах ундаа, хууралт, итгэл эвдсэн дүрүүд гээд “хориглох”-ыг шаардсан шалтгаануудыг ар араас нь гарган тавьсаар иржээ. “Аугаа Гэтсби” Америкийн дунд сургуулиудад унших ёстой зохиолын нэг боловч түүнийг эцэг эхчүүдийн зүгээс хориглохыг шаарддаг номуудын нэгд байнга багтдаг. Дунд сургуулиудад унших хувиудыг ахлах сургуулийн сурагчдад “зөвшөөрөгдөхүйц” байдлаар хянан өөрчилсөн байдаг. Бүр коллежийн хэмжээнд хүртэл “насанд хүрсэн” уншигчдын “Аугаа Гэтсби” романыг унших боломжийг хязгаарлаж байв. 1987 онд АНУ-ын Өмнөд Каролина мужийн Чарлестон баптист коллежид хориглох шаардлага тавьж байв. Тус зохиолыг дуурь, ном, телевиз, бүр 2007 оны Солонгосын олон ангит кино, радио, хөгжим, видео тоглоомд хүртэл ашигласан байдаг. Дашрамд дурдахад “Аугаа Гэтсби”-г 2010 онд “Өдөр шөнө” хэвлэлийн газраас Б.Галааридын орчуулснаар хэвлэн гаргаж, монгол уншигчдын хүртээл болгосон ажээ.

Номын тухай Зохиолч Скотт Фицжеральдын “Аугаа Гэтсби” зохиол 1925 онд гарсан даруйдаа төдийлөн нэрд гараагүй ч, 1940 онд зохиолчийг нас барсны дараа алдаршиж 1945, 1953 онуудад дахин хэвлэгдсэн ажээ. Өнөөдөр энэ зохиол “Америкийн хамгийн аугаа роман”-уудын нэгд тооцогдох болсон бөгөөд Modern Library-аас “Аугаа Гэтсби”-г ХХ зууны англи хэл дээрх хамгийн шилдэг романы хоёрдугаарт жагсаажээ. Зохиолыг бичиж дуусгахаас өмнө гаргасан номын нүүр нь Америкийн уран зохиолын түүхэн дэх хамгийн алдартай номын хавтасны загварын нэг болсон. 1940 онд Фицжеральдыг таалал төгсөх үед ном нь дөнгөн данган 25000 хувь борлогдоод байсан. Харин 1960 он гэхэд тус зохиол жилд 50000 борлогддог болсон бөгөөд New York Times сэтгүүлийн эрхлэгч Артур Мизенер “ХХ зууны Америкийн сонгодог зохиол” хэмээн бичиж байв. “Аугаа Гэтсби” дэлхий даяар 25 сая хувь борлогджээ. Тус зохиолоор нийт 6 кино хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2013 онд Баз Лурман найруулж, Леондардо Ди Каприо гол дүрд нь тоглосон кино дэлгэцнээ гараад байгаа юм. Зохиолын гол үйл явдал 1922 оны зун өрнөнө. Үйл явдлыг өгүүлэгч Ник Каррэвэй бол Йелийн их сургуулийг төгсөгч, Дэлхийн I дайнд оролцсон нэгэн бөгөөд Нью-Йоркод бонд худалдах ажлаар ирсэн ажээ. Тэрээр Лонг-Айлэндын Вест-Эгт байшин хөлслөн авч төвхнөв. Язгууртны гэмээр тансаг Ийст-Эггээс ялгаатай нь Вест-Эггт хөлжөөд удаагүй “шинэ баячууд” амьдардаг ажээ. Никийн байшин гайхалтай үдэшлэг зохиодгоороо алдартай нууцлаг саятан Жэй Гэтсбигийн тансаг харшийн дэргэд байрлах ажээ. Ник Вест Эггийн нийгмийн холбоо харилцаа муутай хөршүүдээ бодвол Ийст Эггт олон танилтай ажээ. Нэгэн орой Ник өөрийн үеэл Дэйси Бачанан болон коллежид байхын таних болсон түүний нөхөр Том нарын гэрт оройн хоол идэхээр Ийст-Эггрүү явлаа. Том түүнийг тагтан дээрээсээ угтан авлаа. Дотор Дэйси өөрийн найз гольфчин Жордан Бэйкэртэй буйдан дээр тухлан сууж байв. Том Годдард гэгч эрийн зохиосон “Өнгөт эзэнт гүрний сэргэн мандалт” номын талаар ярьж, бусдыгаа хөгжөөхийг оролдоно. Энэ номд арьс өнгөөр ялгаварлагч, цагаан арьстнуудыг дээгүүрт тавих хандлагын талаар өгүүлсэн нь Томын сонирхлыг татсан гэв. Том, Дэйси нарын номын талаарх маргааныг утасны хонх тасалдуулав. Том өрөөнөөс гарахад, Дэйси яаран араас нь дагав. Энэ зуур Жордан Никэд сая Томын Нью-Йоркод байдаг нууц амраг залгасан байх хэмээн хэлж амжив. Жордан маргааш өдөр нь тэмцээнтэй байсан тул хачин жигтэй оройн зоог тэгсгээд өндөрлөжээ. Ник гэртээ эргэн ирээд залуухан царайлаг эр зүлгэн дээр зогсоод гүнзгий ус руу гараа сунган байхыг харав. Тэрээр анх удаа Гэтсбиг харсан нь энэ байлаа. Ник ус руу харсан боловч алс холд байх ногоон гэрлийн тусгалаас өөр зүйл байсангүй. Ник ногоон гэрэл хаанаас гарч байгааг, энэ нь Гэтсбид ямар утга учиртайг хараахан мэдээгүй

байлаа. Гэтсби түүний хувьд маш нууцлаг нэгэн. Түүний хэрхэн баяжсан, ямар гаралтайг ч мэдэхгүй байв. Никүеэлийнхээ гэрт оройн хоол идэхдээ танилцсан сэтгэл татам гольфчин бүсгүй Жордан Бэйкэртэй хайр сэтгэлийн харилцаатай болжээ. Жордан түүнд Том, Дэйси нарын гэрлэлтийн талаар ярьж, Томыг Миртл Вилсон гэгч “Үнсний хөндий” (Баруун Эгг болон Нью- Йоркын дунд байх үйлдвэрийн хог хаях газар)-д амьдардаг бүсгүйтэй янаг амрагийн холбоотойг хэлнэ. Энэ нууцыг мэдсэнээс төд удалгүй Ник Том, Миртл нартай хамт Нью-Йорк хот дахь тэдний болздог байр руу хамт явав. Тэнд болсон бүдүүлэг, этгээд хачин үдэшлэг Миртл Дэйсигийн талаар хорон ёжилсон үг хэлэхэд уурлаж цухалдсан Том Миртлигийн хамрыг нь хугартал цохисноор өндөрлөв. Зун дундаа орж байтал, Ник Гэтсбигийн домогт үдэшлэгт уригджээ. Тэр үдэшлэг дээр Жордан Бэйкэртэй таарав. Тэд хамтдаа Гэтсбитэй уулзав. Гэвч Гэтсби Жордантай тусдаа уулзахыг хүсчээ. Жорданы хожим өгүүлснээр, Дэйси Томтой гэрлэхээсээ өмнө Кентуки хотын Луисвилийн хамгийн үзэсгэлэнтэй охидын нэг байжээ. Тухайн үед хотод байсан бараг бүх цэргүүд түүнд дурласан гэдэг. Дэйси тэгэхэд хурандаа Жэй Гэтсбитэй танилцаж, тэд нэг нэгэндээ ухаангүй дурлажээ. Гэвч Дэйси Гэтсбиг дайнд явсны дараа Томтой гэрлэхээр шийдсэн байна. Дэйси Гэтсбигээс захидал хүлээн аваад хуримынхаа өмнөх шөнө “мал болтлоо” ууж байжээ. Хэдий тийм ч Дэйси гэрлэж, нөхөртөө үнэнч хэвээр үлджээ. Гэтсби зөвхөн Дэйситэй ойр байхын тулд л Вест-Эггт харш худалдан авч амьдрах болсон ажээ. Түүнийг ингэж хэлэхэд нь Ник Гэтсбитэй анх таарахад ус руу гараа сунгасан байдалтай байхыг хараад, гайхширч байснаа санажээ. Тэр ногоон гэрэл бол Дэйсигийн гэрийн ойролцоох зогсоолын гэрэл ажээ. Гэтсби хэзээ нэгэн өдөр тэдний мөхсөн хайр дахин асна гэж итгэн олон шөнө тэр гэрлийг ширтэж өнгөрүүлж байгаа ажээ. Гэтсбигийн гайхалтай амьдралын хэв маяг, алдартай үдэшлэгүүд нь Дэйсиг хэзээ нэгэн өдөр өөр дээр нь ирнэ гэж итгэн, түүнд сэтгэгдэл төрүүлэх гэсэн оролдлого байжээ. Гэтсби Жорданаар дамжуулан Никийг тэдний хоорондын харилцааг дахин сэргээж өгөхийг хүссэн байлаа. Тэр Дэйси өөрийг нь одоо хэр нь түүнд хайртайг мэдвэл уулзахаас татгалзана гэж айж байв. Ник Гэтсбийн гуйлтыг хүлээн авч, түүнийг дахин Дэйситэй уулзуулах төлөвлөгөө бодон, Дэйсиг гэрт нь цай уухыг урив. Ингэхдээ түүнд Гэтсби гэрт нь хүлээж байгааг хэлсэнгүй. Тэд дахин нэгнээ хараад эхэндээ бишүүрхэнгүй байв. Ник тэднийг өрөөнд үлдээн, хагас цагийн дараа ирэхэд хэн хэнийх нь харц гэрэлтсэн байхыг харжээ. Тэдний дотор байсан хайрын гал дахин ассан нь илт байлаа.

Том удалгүй эхнэрээ Гэтсбитэй харилцаатай байгааг гадарлаж, хардлага нь улам ихсэв. Бачананы гэрт үдийн зоог барих үеэр, Гэтсби Дэйси рүү илэрхий тачаадсан харцаар ширтэж байгааг анзаарсан Том түүнийг эхнэрт нь дурласныг ойлгов. Хэдийгээр Том өөрөө гэр бүлээс гадуур харилцаатай ч, эхнэр нь түүнийг хуурсан гэсэн бодол уур хорслыг нь хөдөлгөж байлаа. Тэд бүгдийг нь Нью-Йорк явахыг хүчээр шахам тулгажээ. Ингээд Том Плаза зочид буудлын өрөөнд Гэтсбитэй нүүр тулав. Том түүнд Дэйси бид хоёрын хооронд чиний хэзээ ч ойлгож чадахгүй түүх бий гэв. Харин эхнэртээ Гэтсбиг хууль бусаар согтууруулах ундаа зарж баяжсан, өөр бусад хууль бус ажиллагаа явуулдаг гэмт хэрэгтэн хэмээн эхнэрээ түүнээс хөндийрүүлэх гэж оролдоно. Дэйси өөрийгөө Томд үнэнч байх ёстой гэж үзнэ. Том эхнэрээрээ тохуурхан, Гэтсбитэй хамт Ийст-Эггрүү буцаав. Ник, Жордан, Том нар үнсний хөндийгөөр өнгөрч яваад Гэтсбигийн машин осол гаргаж, Томын нууц амраг Миртлийг дайрсан байхыг олов. Тэд Лонг-Айланд руу яаран хүрцгээлээ. Тэгээд тэд Дэйси машиныг жолоодож яваад Миртлийг дайрсан, харин Гэтсби бурууг өөр дээрээ авсныг мэдэцгээв. Дараа өдөр нь Том Миртлийн нөхөр Жоржтой уулзан, Гэтсбиг жолоо барьж явсан гэж худал хэлжээ. Миртлийг хөнөөсөн машины жолооч түүний нууц амраг гэсэн дүгнэлтэд хүрсэн байсан Жорж Гэтсбийн гэрт нууцаар орж, түүнийг усан санд байхад нь хорооогоод, өөрийгөө ч мөн буудан хөнөөжээ. Гэтсбиг тойрон хүрээлж байсан “хуурамч” найзууд нь, тэр бүү хэл Том, Дэйси нар ч түүний оршуулган дээр ирээгүй тухай Ник хоёр жилийн дараа Гэтсбийн тухай бичсэн дуртгалдаа тэмдэглэжээ.

#18 The Gulag Archipelago Гулаг олтриг Зохиолч: Александр Солженицын (Aleksandr Solzhenitsyn) Хэвлэгдсэн он: 1973 Төрөл: Роман Зохиогчийн тухай Александр Исаевич Солженицын 1918 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу 1917 оны Оросын коммунист хувьсгалаас нэг жилийн дараа Кисловодск хотод төржээ. Энэ хувьсгалаар ажилчин ангийнхан Оросын II Николай хааны эсрэг бослого гаргаж, амжилт олсон юм. Солженицыны гэр бүлийнхэн сэхээтнүүд байв. Александрыг төрөхөөс өмнө эцэг нь ослоор амь эрсэдсэн ажээ. Александр Солженицын онц сурлагатан байжээ. Тэрээр Ростовын Их сургуульд математикийн ангид суралцахын хажуугаар тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын хамгийн нэр хүндтэй Москвагийн их сургуульд уран зохиолын курст эчнээгээр суралцаж төгсчээ. Их сургуулиа төгсөөд Зөвлөлтийн армид алба хааж, Дэлхийн II дайнд их бууны ангид идэвхтэй тулалдаж байжээ. Гэвч түүний цэргийн карьер удаан үргэлжилсэнгүй. 1945 онд найздаа бичсэн захидалдаа Йосиф Сталиныг шүүмжлэн бичсэний улмаас баривчлагджээ. Солженицын найман жилийн ял авчээ. Тэрээр ял эдэлж байсан хөдөлмөрийн хорих лагериудын талаар өөрийн “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр”, “Гулаг олтриг” романууддаа тодорхой дүрсэлсэн байдаг. (Үргэлжлэл бий...)

Хориг Оросын шоронгийн системийн тухай өгүүлэх “Гулаг олтриг” бүтээлээ Александр Солженицын 1958 оноос 1968 оны хооронд бичиж дуусгасан ч Зөвлөлтөд хэвлэх боломж байгаагүйгээс 1973 онд баруунд гарган хэвлүүлсэн юм. Солженицын гар бичмэлээ анх Зөвлөлтөд хэвлүүлэхийг хүсч байсан ч нөхцөл байдлын улмаас энэ нь боломжгүй байлаа. Гэвч 1973 онд Баруунд хэвлэгдэн гарсан түүний бүтээл олон улсын хэмжээнд шуугиан тарьсан юм. Түүнээс төд удалгүй Солженицынийг цөллөгт явуулжээ. 1968 онд бичиж дуусгасан “Гулаг олтриг” зохиолоо кино хальсанд буулган, Баруун руу нууцаар гаргаж хэвлүүлсэн байжээ. Солженицын уг цуврал бүтээлээ уран зохиол гэхээсээ сэтгүүл зүй, түүхийн зохиол гэж үзэж байснаас хэзээ ч түүнийг тодорхойлох хэмжээнд алдаршина гэж санаагүй юм. “Иван Денисовичийн амьдралын нэг өдөр” зохиолыг эс тооцвол, “Гулаг олтриг” Солженицыний хамгийн шилдэг, мөн хамгийн алдартай зохиол гэж хэлж болно. 1989 он хүртэл 16 жилийн хугацаанд ЗХУ-д хориотой байсан тус зохиолыг 2009 онд Орост дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулсан ажээ. Уг зохиолын хураангуй хувилбар Т.Ариунсанаагийн орчуулснаар 2010 онд Монгол хэл дээр хэвлэгдэн гарсан ажээ.

Номын тухай Тус зохиолыг хэвлүүлсэн түүх зохиол шигээ сонирхолтой юм. 1989 онд Зөвлөлт Холбоот Улсад “Гулаг олтриг”-ийг албан ёсоор хэвлэх хүртэл Зөвлөлтийн уншигчид зөвхөн бичгийн машинаар цохисон гар бичмэлийг дамжуулан уншдаг байжээ. Зөвлөлтийн бөөнөөр хорих лагерийн тогтолцооны талаарх анхны түүхэн бүтээл гэж хэлж болох энэ зохиолыг уншихын тулд уншигчид зөвхөн 24 цагийн хугацаа л олддог байсан бөгөөд өдөржин, шөнөжин уншиж дуусгаад дараагийн хүнд шилжүүлдэг байжээ. Тэр үеийн уншигчид одоо хэр нь зохиолыг хэнээс авч, хэнд дамжуулснаа тодхон санадаг. КГБ-ийнхэн Москвад Солженицыний материалуудыг хураан авсны дараа, 1965-1967 онд “Гулаг олтриг”-ийн нооргийг Эстони дахь найзынхаа гэрт нууцаар гүйцээн бичсэн ажээ. Зохиолч КГБ-ийн Лубянка шоронд хоригдож байхдаа Эстоний боловсролын сайд асан, хуульч Арнольд Суситэй танилцаж нөхөрлөсөн байжээ.Зохиолыг бүрэн дуусгасны дараагаар, Солженицын анхны гар бичмэлээ КГБ-ийнхнээс нууж, Арнольд Сусигийн охин Хели Сусид өгч хадгалуулсан бөгөөд тэрээр уг эх бичмэлийг ЗХУ задран унах хүртэл хадгалж байжээ. КГБ-ийнхэн Солженицыний бичээч Элизавета Воронянскаяг байцааж гурван бичвэрийн зөвхөн нэгийг олж авч чаджээ. Тэрээр КГБ-ийхнээс суллагдаад хэдхэн хоногийн дараа 1973 оны 8 дугаар сарын 3-нд боомилж нас барсан юм. Зөвхөн гар бичмэлийг хадгалснаараа “Зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаа” явуулсан хэргээр шоронгийн ял сонсох эрсдэлтэй байсан учир, Солженицын хэзээ ч гар бичмэл дээрээ бүрэн эхээр нь ажиллаж байгаагүй юм. Байнгын КГБ-ын хяналтанд байсан тэрээр баривчлагдсан тохиолдолд номыг бүрэн эхээр нь илчлэгдэхээс эмээж, номоо хэсэг хэсгээр нь Москва болон түүний ойр орчмын газруудаар өөрийн итгэлт найз нарынхаараа тараан нуусан байжээ. Мөн найзуудынхаараа зочлон очихдоо зохиол дээрээ нууцаар ажилладаг байжээ. Солженицын дэлхийн хэмжээний алдартай хийлч найз Мстислав Ростроповичийн зуслангийн байранд амьдарч байсан ба түүний нэр хүндийн ачаар КГБ-ийн мөрдлөгөөс айх аюулгүй байжээ. “Гулаг олтриг” бол 1929–1953 оны Сталины дэглэмийн үед Засгийн газар гэм зэмгүй олон сая иргэдээ хэрхэн хорьж, тамлан, алсан тухай түүхэн зохиол юм. Александр Солженицын “Гулаг олтриг” зохиолоороо 1970 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Зохиолчийн гол зорилго нь Засгийн газрын нууж байсан үнэнийг илчилж, тэднийг болсон зүйлд ямар ч хариуцлага хүлээхгүй байгааг Зөвлөлтийн иргэдэд харуулах байсан юм. 1918 оноос 1956 он хүртэлх “үл үзэгдэх, үл мэдэгдэх хоригдлуудын амьдрах тэр бие даасан – Гулаг улсын” түүхийг зохиолд өгүүлжээ. Олтриг гэдэг нь нууц цагдаа болон тэдний нууц байгууллагуудын ажиллуулдаг албадан хөдөлмөр эрхлүүлэх лагерийн систем бөгөөд тэнд амьдрах хүмүүсийн тоо 1917 оны хувьсгалын дараагаар огцом өсч 12–15 саяд хүрчээ. Гулаг гэдэг нь тэдгээр лагериудыг хянах төв байгууллагын товчилсон нэр юм.

Солженицыний түүх бол улсын доторх нууц “улс”-ын тухай түүх юм. Тэрээр зохиолоо 1945 оноос 1953 онд хорих лагерьт үзсэн амьдралдаа, мөн бусад 227 хүний өгүүлсэн түүхэд тулгуурлан бичсэн. Тэдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлэг дээрээс албан эх сурвалжийн мэдээлэл, бүр барууны хэвлэлд гарсан зүйлсийг ч нэмж оруулсан байдаг. Солженицын гайхалтай зохиолч, партизан, түүхч, моралистын байр сууринаас Оросын зүйр үг, явган шог, хорих лагерийн бүдүүлэг хэллэгийг ашиглан хүүрнэл хэлбэрээр бичсэн. Зохиолын ёжтой өнгө нь түүний илэрхийлж буй сэдэв болон уур хилэнтэй үнэхээр зохицсон гэлтэй. “Гулаг олтриг” нь бүхэлдээ “олтригийн мянга мянган арлууд руу” хийсэн аяллыг өгүүлэх долоон хэсгээс бүрдэх гурван боть ном юм. Үүнд хохирогчийг хэрхэн баригдаж, шоронд суун, байцаалт өгч, тэгээд цааш бусад шоронгуудаар дамжин явсаар үхлийн галт тэргээр Олтригийн боомтод хүрэх хүртэлх бүхий л үйл явцыг өгүүлжээ. Энэ бол тамлал, цааз, хүчирхийлэл, өлсгөлөн, өвчин гээд байж болох бүхий л муу муухайгаар дүүрсэн булш руугаа, үхэл рүүгээ явж байгаа аялал. Хэдэн сая хүн аяллаас амьд үлдэж байхад, мөн л төдий хэмжээгээр амь үрэгдэх ажээ. Аялал буюу зохиол албадан хөдөлмөр эрхлэх лагерьт хүрээд өндөрлөнө. “Гэхдээ тэнд байдал улам дордох болно...”. Солженицыний илчилсэн түүх ямар ч хүнийг гайхшруулахгүй байхын аргагүй. Хэлмэгдүүлэлт Сталинаас ч өмнө Ленин болон большевикуудын хувьсгалаас эхлэлтэй гэдгийг харуулахын тулд тэр 1918 оноос хойшх улс төрийн цагдаа, эрүүгийн байгууллагууд, эрүүгийн хууль болон улс төрийн үйл явцыг анхааралтай судалсан байна. “Хаягдлыг цэвэрлэх систем”-ийг бий болгосон тэрхүү баривчилгааны “гурван том давалгаа” гарсан бөгөөд 1929-30 онд хамтралын нэрээр тариачдыг, 1930-аад онд Сталины дэглэмийн үед намын болон бусад албан тушаалтнуудыг, харин сүүлд 1944-46 онд нийгмийн цөөнхүүд болон эх орондоо буцан ирсэн Зөвлөлтийн дайны олзлогсдыг тус тус хоморголон баривчилсан тухай өгүүлжээ. Гэм зэмгүй олон сая хүмүүсийг хороосон хэргийг хэрхэн тайлбарлах вэ? Солженицын үүнийг 1929-53 оны Сталиний дэглэмийн үр дагавар гэдгийг эрс няцааж, үүний уг үндэс большевикуудын хувьсгалаас эхлэлтэй гэжээ. Зохиолын үйл явдал Никита Хрущев 1956 оны ЗХУ-ын Коммунист намын ХХ их хурал дээр Сталиныг тахин шүтэх явдал, түүний дарангуйлагч эрх мэдэл болон Сталины үед газар аваад байсан хатуу чанд хяналтын хор холбогдлын талаар хурц илтгэл тавьсан цаг үе хүртэл үргэлжилдэг. Хэдийгээр түүний хэлсэн үгийг ЗХУ-д удаан хугацаанд хэвлэн гаргахгүй байсан ч Солженицыний цаашид дахин сэргэж, тэлэх вий хэмээн айж байсан Гулагийн системийн харгис хэрцгий явдлууд намжсан ажээ. Солженицын болон бусад олон хүмүүс Гулагийн системийн эсрэг тэмцэж байсан ч тэдгээр

лагериуд 1980-аад оныг хүртэл “нууц” байжээ. Хрущев, Коммунист нам болон Баруун дахь Зөвлөлтийн дэмжигчид Гулагийг Сталины дэглэмийн гажуудал гэж үзэж байсан бол, Солженицын үүнийг большевикуудаас эхтэй Зөвлөлтийн улс төрийн соёлын тогтолцооны алдаа гэдэг үүднээс гаргаж тавьсан. Түүний өгүүлснээр Сталин аль хэдийн байсан бөөнөөр хорих лагерийн системийг зөвхөн өргөжүүлсэн гэжээ. Тус бүтээлд баривчилгаанаас эхлээд, “хуурамч” шүүх хурал болон анхны мэдүүлгийн талаар, мөн “олтриг”-руу хэрхэн ачигддаг, хоригдлуудтай яаж харьцдаг, тэдний амьдрах нөхцөл, лагерийн систем, тэнд болдог бослого, ял нь дууссаны дараа хэрхэн цөллөгт явуулдаг тухай тод томруун өгүүлсэн. Гэрчүүдийн мэдүүлэг болон түүний ашигласан баримтуудыг хожим КГБ-ийнхэн ор үндэсгүй болгох гэсэн оролдлогуудыг нилээд хийж байжээ. Үүнээс өмнө Зөвлөлтийн шорон, хорих лагерийн тухай бүтээлүүд гарч байсан, мөн 1930-аад оноос Баруунд энэ талаар мэддэг болсон байсан ч, Александр Солженицынээс өөр хэн ч Гулагийн аймшигт явдлыг нүдний өмнө харагдтал, сэтгэл хирдхийтэл нийтэд гаргаж байгаагүй билээ.

#19 Howl Улиан Зохиолч: Аллен Гинзберг (Allen Ginsberg) Хэвлэгдсэн он: 1956 Төрөл: Шүлэг Зохиогчийн тухай Яруу найрагч Ирвин Аллен Гинзберг 1926 оны 6 дугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Нью-Жерсийн Ньюаркад төрсөн. Тэрээр өөрийн хувьсал хийсэн “Улиан” шүлгээрээ 1950-аад оны “Бийтийн үе” (Beat Generation)-ийн гол төлөөлөл болжээ. 1957 онд хэвлэгдсэн түүний “Улиан” шүлэг АНУ-д бэлгийн гаж харьцааны тухай хуулиар ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцож байсанцаг үед олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Тэрээр бэлгийн хавчлагыг идэвхтэй эсэргүүцэж, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч байсан. “Улиан” шүлэгт Гинзберг өөрийгөө ижил хүйстэн гэдгийг, мөн өөрийн өрөөсөн Петр Орловскийтой тогтоосон харилцаагаа илэн далангуй харуулсан ажээ. Гинзберг Дорнын зан заншил судалдаг байсны зэрэгцээ буддист байжээ. Тэрээр Нью- Йоркийн зүүн захын энгийн орон сууцанд эгэл даруу амьдарч, хуучин хувцасны дэлгүүрээс хувцсаа авдаг байсан гэжээ. Гинзберг Вьетнамын дайнаас эхлээд Мансууруулах бодистой тэмцэх хөдөлгөөн гээд бүхий л хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байв. Тэрээр 1995 онд Cosmopolitan Greetings: Poems 1986-1992 бүтээлээрээ Пулицерын шагнал хүртжээ. Гинзберг 1997 онд 70 насандаа таалал төгссөн юм.

Хориг Өдгөөгөөс 55 жилийн өмнө буюу 1957 онд “Улиан” номыг худалдаалсан номын дэлгүүрийн менежерийг баривчилж, хорих ял оноосон хэрэг гарч байжээ. 1957 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Лондонд хэвлүүлсэн “Улиан” зохиолын 520 хувийг гаалийн ажилтнууд хураан авч, улмаар Сан-Францискогийн цагдаагийн газраас номын дэлгүүрүүдэд худалдаалахыг хориглосон шийдвэр гарчээ. Төд удалгүй 6 дугаар сарын 3-ны өдөр “Сити Лайтс” номын дэлгүүрт “Улиан” номыг худалдаалж, цагдаагийн газрын тушаалыг зөрчсөн хэмээн менежер Шигейоши Мурао (Shigeyoshi Murao), мөн дэлгүүрийн эзэн Лауренс Ферлингетти (Lawrence Ferlinghetti) нарыг баривчилсан байна. Ферлингетти, Мурао нарт 500 ам.долларын торгууль ногдуулж, тус улсын хамгийн чанга дэглэмтэй шоронгуудын нэгд тооцогддог Калифорний шоронд 6 сар хорих ял оноожээ. Зунжин үргэлжилсэн шүүх хуралд, уран зохиолын есөн судлаач оролцсон ажээ. Эцэст нь Калифорни мужийн дээд шүүхэд давж заалдан Ферлингитти ялсан юм. Энэ хэрэг олон нийтийн анхаарлыг нилээд татаж, Time, Life сэтгүүлд нийтлэлүүд гарч байв. “Улиан”-ыг жүжгийн зохиол болгон бичсэнийг хожим яруу найрагч Лауренс Ферлингетти хэвлүүлсэн гэсэн яриа тархсан байсан нь ор үндэслэлгүй юм. Өмнө нь дэлгэрэнгүй өгүүлсэн шүүх хурлын үеэр Ферлингетти өөрийгөө өмгөөлөх үүднээс ингэж хэлсэн гэж зарим сурвалжууд бичсэн байдаг. 2010 онд гарсан “Улиан” кинонд тус шүүх ажиллагааны тухай гардаг.

Номын тухай Америкийн уран зохиолын аугаа бүтээлүүдийн нэгд тооцогддог “Улиан” бүтээл дээр Гинзберг 1954 оны эхэн үеэс ажиллаж эхэлсэн бөгөөд анхны нооргоо мэргэжил нэгтнүүддээ уншиж сонирхуулж байжээ. “Улиан” бүтээлийг туурвин байсан 1955 онд зохиолч Нью- Йоркоос нүүн Калифорни мужийн Берклид амьдарч байжээ. Тэрээр зах зээл судлаачийн туслахын ажлаасаа халагдаад удаагүй байсан үе. Амьдралынхаа энэ үед Гинзберг аль хэдийн олон газраар аялаад ирсэн, цонхон дээр зүй бус зүйл бичсэн учир дунд сургуулиасаа хөөгдсөн, мансууруулах бодис хэрэглэж үзсэн, баривчлагдсан, Колумбын Их сургуулийг утга зохиолын мэргэжлээр төгсчихсөн, мөн ижил хүйстэн гэдгээ мэдсэн, сэтгэл мэдрэлийн эмчилгээнд явсан, сэтгэцийн хувьд тогтворгүй эхтэйгээ хамт амьдарч байсан, тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай яруу найрагчидтай нөхөрлөж байсан гээд нэг ёсондоо амьдралдаа “юм юм үзсэн” байсан нь “Улиан” бүтээлийг туурвихад зохих ёсоор чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Сан Францискогийн “Зургаа” нэртэй галлерейд болсон албан бус арга хэмжээний үеэр Гинзберг “Улиан”-ыг анх удаа олны өмнө чангаар уншсан гэдэг. Түүний шүлгийг маш гайхалтай хүлээн авсан ажээ. Уг арга хэмжээнд 150 гаруй хүн ирж оролцсон бөгөөд Гинзбергийн найз Бийтийн үеийг төлөөлөх зохиолч Жак Керуак ирсэн хүмүүсийг дарсаар дайлж байсан хэмээн эх сурвалжид өгүүлжээ. Арга хэмжээний үеэрх хүмүүсийн шуугиан хожим түүнийг хэвлэсэн Луаренс Ферлингеттийн анхаарлыг татсан гэдэг. “Улиан”-ыг тойрсон маргаан “Бийт” хөдөлгөөнийг олон нийтэд таниулж, улмаар энэ хөдөлгөөн 1960-аад оны соёлын гол үйл явдал болсон юм. Жак Керуакын “Зам дээр” бүтээлийн хамтаар тус зохиол энэ хөдөлгөөнийг үүсгэсэн хамгийн алдартай утга зохиолын бүтээлд тооцогддог ажээ. Өнөөдрийг хүртэл “Улиан” бүтээл хятад, япон, ховрой, Жүд, македон, норвеги, польш гээд нийт 23 орчим хэл дээр орчуулагдсан ажээ. Гурван хэсгээс бүрддэг “Улиан”-ы эхний хэсэг нь хамгийн урт хэсэг нь. Эхний хэсгийн эхний мөрөнд, өгүүлэгч түүний үеийн “сор болсон хүмүүс” мөхөн доройтож байгаагийн гэрч болж байгаа тухай өгүүлжээ. Үлдсэн хэсэгт эдгээр хүмүүсийн тухай, тэд хэн болох, мөн юу хийж бүтээснийг өгүүлнэ. Тэр бидэнд тэднийг яг юу мөхөөж доройтуулж байгааг хэлээгүй ч, маш олон санаануудыг өгсөн байгаа. Шүлгийн мөр “тэр” гэсэн үгээр эхэлж, “тэр хүмүүс тэгсэн, ингэсэн” г.м-ээр тоочжээ. Уншигч үүнээс тэдгээр хүмүүс бол эмч нар, хуульчид болон шинжлэх ухаан судлаачид биш болохыг ойлгоно. Түүний өгүүлэх тэдгээр “сор болсон хүмүүс” нь 1950-аад оны Америкийн сэхээтнүүд гэгдэх дундад ангийнхан ч биш. Гинзбергийн өгүүлж буйгаар тэдгээр нь мансууруулах бодис хэрэглэгчид, сургууль завсардагчид, дэлхийгээр хэрэн хэсэгчид, ажилгүйчүүд, хөгжимчид, улс төрийн тэрс үзэлтнүүд, мөн мэдээж яруу найрагчид ажээ.


Like this book? You can publish your book online for free in a few minutes!
Create your own flipbook